Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Балжиннямын БАЯРСАЙХАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

2023 ОНЫ 3-Р САРЫН 16 ӨДӨР
Улаанбаатар

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЦахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж
2.1Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
3.2Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүүхдийн талаарх мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түгээхтэй холбогдсон харилцаанд энэ хууль нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд заасан дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“хүүхэд” гэж Хүүхдийн эрхийн конвенцийн 1 дүгээр зүйлд заасныг;
4.1.2“цахим сүлжээ” гэж мэдээлэлд хандах, нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авах зорилгоор хэрэглэх мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг;
4.1.3“хүүхдэд зориулсан контент” гэж хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон цахим сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг цахим хэлбэрт хувиргасныг;
4.1.4“хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал” гэж хүүхэд түүний эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй мэдээ, мэдээллийн хор хөнөөлөөс хамгаалагдсан байхыг;
4.1.5“цахим заналхийлэл” гэж хүүхдийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар цахим сүлжээнд сүрдүүлэхийг;
4.1.6“цахим дарамт” гэж цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, гадуурхсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг өөрт нь болон бусдад түгээхийг;
4.1.7“цахим сүлжээ ашиглан хүүхдийг садар самуунд уруу татах” гэж хүүхдийг садар самуунд уруу татах зорилгоор цахим сүлжээ ашиглан хүүхэдтэй харилцаа тогтоохыг;
4.1.8“цахим сүлжээний шүүлтийн программ” гэж цахим сүлжээн дэх контентийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт зориулан шүүн ангилах, түгээх цогц үйл ажиллагааг;
4.1.9"хүүхдийн эрхийн ажилтан" гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.7-д заасныг;
4.1.10"цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч" гэж үүрэн телефоны оператор, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим хуудас эрхлэгч, мөн эдгээр үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр эрхлэхийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
5 дугаар зүйлГэр бүлийн орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
5.1Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг цахим сүлжээгээр заналхийлэх, дарамтлах, садар самуунд уруу татах, аливаа гэмт хэрэг, зөрчилд уруу татахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авна:
5.1.1хүүхэд цахим сүлжээг зөв зохистой хэрэглэх талаарх боловсрол, хүмүүжил, төлөвшил олгох;
5.1.2цахим орчны зохистой хэрэглээний талаар мэдлэгтэй байж, хүүхдийн цахим орчны хэрэглээнд хяналт тавих;
5.1.3хүүхэд цахим сүлжээнээс хэт хамааралтай байхаас урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
5.1.4хүүхдийг дарамталсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон, дээрэлхсэн зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллээс хамгаалах;
5.1.5хүүхдийн цахим орчинд нэвтрэхэд хязгаарлалт тогтоох;
5.1.6хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан цахим сүлжээний шүүлтийн программ хэрэглэх.
5.2Энэ хуулийн 5.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн этгээдээс зөвөлгөө, туслалцаа авч болно.
6 дугаар зүйлБоловсрол, сургалтын байгууллага хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
6.1Боловсрол, сургалтын байгууллага цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхдээ цахим сүлжээний шүүлтийн программ хэрэглэнэ.
6.2Боловсрол, сургалтын байгууллага, түүний албан тушаалтан, багш, ажилтан цахим дарамт, заналхийлэлд өртсөн хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авна.
6.3Боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг цахим орчин дахь дарамт, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.3.1боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын цахим дарамт, заналхийлэлд өртсөн эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх;
6.3.2боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчид цахим орчинд нөхөрсөг бус харилцсан, маргаан, зөрчил гаргасныг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
6.3.3цахим сүлжээ ашиглан хүүхдэд хууль бус зар сурталчилгаа түгээхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах.
7 дугаар зүйлЦахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
7.1Цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь цахим сүлжээн дэх контентыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт зориулан шүүн ангилна.
7.2Цахим сүлжээний шүүлтийн программ нь дуу, дүрсний, дуу-дүрсний гэсэн тохиргоотой байна.
7.3Цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.3.1цахим сүлжээний шүүлтийн программ хангамжийг хөгжүүлэх, техник, технологийн нөхцлийг бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, тогтмол сайжруулалт хийх;
7.3.2түгээж байгаа контентыг хүлээн авагч, хэрэглэгчийг таньж мэдэх талаар шаардлагатай арга хэмжээг авах;
7.3.3үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас өмнө хэрэглэгч, түүний орчинд хүүхэд байгаа эсэхийг нягтлан асуух;
7.3.4энэ хуулийн 7.3.3-т заасан асуулгын дүнд тухайн үйлчилгээний хэрэглэгч нь хүүхэд байх боломжтой гэдгийг тодорхойлсон бол цахим сүлжээний шүүлтийн программыг хэрэглэх нөхцөлтэй байх;
7.3.5хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй контентын талаар гомдол, мэдээлэл хүлээн авч, зохих журмын дагуу хязгаарлалт хийх.
8 дугаар зүйлБусад этгээд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
8.1Аливаа этгээд цахим сүлжээнд мэдээ, мэдээлэл нийтлэх, дамжуулахдаа хүүхэд цахим сүлжээний заналхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхал, садар самуун, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
8.2Аливаа этгээд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг цахим сүлжээнд нийтлэх, дамжуулахыг хориглоно.
8.3Хүүхдэд зориулсан үйлчилгээ эрхлэгч нь цахим сүлжээний шүүлтийн программыг хэрэглэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйлЦахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
9.1Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
9.1.2цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам батлаж биелэлтийг хангуулах;
9.1.3хуульд заасан бусад.
10 дугаар зүйлБоловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
10.1Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1цахим орчны аюулгүй байдлын талаарх мэдлэгийг сурагч, эцэг, эх, асран хамгаалагчид мэдлэг олгох ажлыг хариуцан зохион байгуулах;
10.1.2хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн боловсролын хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулсаныг хянан батлах;
10.1.3сургуулийн орчинд интернэтийн хэрэглээнд хяналт тавих цогц хөтөлбөр боловсруулж, бүх түвшний боловсролын байгууллагад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
10.1.4хуульд заасан бусад.
11 дүгээр зүйлХарилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг
11.1Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
11.1.2цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;
11.1.3цахим сүлжээний шүүлтийн программ ашиглах журам боловсруулж, батлах;
11.1.4түгээж байгаа контентыг хүлээн авагч, хэрэглэгчийг таньж мэдэх программ хангамжийг хөгжүүлэх;
11.1.5хуульд заасны дагуу ирүүлсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх;
11.1.6энэ хуулийн ...-д заасан журмыг цахим хөгжил, харилцаа, холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
11.1.7хуульд заасны дагуу ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн энэ хуулийн ...-т заасан контентын хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;
11.1.8хуульд заасан бусад.
12 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
12.1Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон нийтэд чиглэсэн сургалт, судалгааны ажил эрхлэх;
12.1.2хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй контентын шалгуурыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлах;
12.1.3хүүхдийг дарамталсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон, дээрэлхсэн зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг цахим орчин ашиглан илгээх, бусдад түгээх асуудлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах;
12.1.4эцэг, эх, асран хамгаалагчийг хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлж, хяналт тавихад чиглэсэн арга хэмжээ авч, зөвлөмж боловсруулж, таниулах;
12.1.5цахим орчин дахь хүүхдийн эрхийг зөрчлийн нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийх, цахим орчинд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах;
12.1.6хуульд заасан бусад.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
13 дугаар зүйлГомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх
13.1Цахим орчинд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч, цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна.
13.2Энэ зүйлд заасан гомдол, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн утас, цахим шуудан ажиллуулж болно.
13.3Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн гомдол, мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ.
13.4Цахим орчинд хүүхдийн эрх зөрчсөн, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан тухайн мэдээллийг газар дээр нь шалгах, үнэлэх явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул шууд учирсан, эсхүл уг нөхцөл бүрдсэн бол яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
13.5Цахим орчин дахь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийг цагдаагийн байгууллага холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
15.1Энэ хуулийг 2022 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

ТАНИЛЦУУЛГА
(хуулийн төслийн танилцуулга.doc)