Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1.Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас бусад нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хоттой холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын харилцааг тухайлан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хот, тосгон, хотын зэрэглэл
4.1.Хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага, зохион байгуулалт, эдэлбэр газар, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавх бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын шилжүүлсэн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд мөн.
4.2.Тосгон нь 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, логистик, худалдаа зэрэг салбарын аль нэг зонхилон хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын шилжүүлсэн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд мөн.
4.3.Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хэрэгжүүлэх өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг дараах байдлаар ангилна:
4.3.1.нийслэл Улаанбаатар хот;
4.3.2.улсын зэрэглэлтэй хот;
4.3.3.орон нутгийн зэрэглэлтэй хот.
4.4.100000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий хот нь улсын зэрэглэлтэй байна.
4.5.30000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байна.
4.6.Нийслэл Улаанбаатар хот болон улсын зэрэглэлтэй хот дагуул хоттой байж болно.
4.7.Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байна.
4.8.Байнгын ажиллагаатай хилийн боомт бүхий суурин газрыг хот, эсхүл тосгоны хэлбэрээр хөгжүүлж болно.
5 дугаар зүйл.Хот, тосгон байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах
5.1.Хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг дараах шалгуурыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
5.1.1.улс, бүс болон аймгийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдол;
5.1.2.хүн амын байршил, нийгмийн үйлчилгээг хүргэх дэд бүтэц;
5.1.3.зам, харилцаа, инженерийн байгууламж, бусад дэд бүтцийн хөгжил
5.1.4.хүрээлэн байгаа орчин, оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл.
5.2.Хот байгуулах шийдвэрт тэдгээрийн оноосон нэр, эдэлбэр газрын хэмжээ, байршил, зааг болон тухайн хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлэх талаар тусгана.
5.3.Хот байгуулах санаачилгыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дангаараа, эсхүл хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагаар уламжлуулан Засгийн газарт гаргаж болно.
5.4.Хотыг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
5.5.Тосгон байгуулах, өөрчлөн байгуулах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэх бөгөөд шийдвэрт энэ хуулийн 5.2-т заасныг тусгана.
5.6.Тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлэх бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6 дугаар зүйл.Хот, тосгоны удирдлагын зарчим
6.1.Хот, тосгоны өөрийн удирдлага үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна доор дурдсан зарчмыг баримтална:
6.1.1.төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах;
6.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хот, тосгоны өөрийн удирдлагатай хослуулах;
6.1.3.эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, хариуцлага хүлээх;
6.1.4.оршин суугчдын эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах;
6.1.5.асуудлыг шийдвэрлэхэд оршин суугчдын санал, оролцоог нэн тэргүүнд харгалздаг байх;
6.1.6.нийтийн аж ахуйн үйлчилгээг оршин суугчдад тэгш, хүртээмжтэй хүргэх;
6.1.7.тогтвортой хөгжлийг хангах;
6.1.8.ил тод байх, оршин суугчдыг мэдээллээр хангах.
7 дугаар зүйл.Хот, тосгоны засаг захиргааны харьяалал
7.1.Хот нь хуульд өөрөөр заагаагүй бол оршин байгаа тухайн аймаг, эсхүл нийслэлд харьяалагдана.
7.2.Тосгон нь хуульд өөрөөр заагаагүй бол оршин байгаа тухайн сум, дүүрэг, эсхүл хотод харьяалагдана.
7.3.Хот, тосгон нь хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дамнан байрлах бол харьяаллыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл.Хот, тосгоны дүрэм
8.1.Хот, тосгон нь хууль тогтоомжид нийцүүлэн баталсан өөрийн дүрэмтэй байна.
8.2.Нийслэлд харьяалагдахаас бусад хот, тосгоны дүрэмд дараах харилцааг тусгаж болно:
8.2.1.ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;
8.2.2.цэцэрлэгт хүрээлэн /парк/-ийн ашиглалт, хамгаалалт;
8.2.3.тарьж ургуулж болох мод, бут, сөөг;
8.2.4.дуу, чимээний бохирдлын хяналт;
8.2.5.хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүний ашиглалт, тохижилт;
8.2.6.нийтийн зориулалттай эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт;
8.2.7.хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах;
8.2.8.хашаа, хайсны стандарт, түүнийг барих, ашиглах, буулгах;
8.2.9.явган хүний болон дугуйн зам, талбай төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт;
8.2.10.ашиглалтад орсон орон сууц, барилга байгууламжийн нүүр тал /фасад/-д тавих шаардлага, өнгөний шийдэл;
8.2.11.зам дагуух барилга байгууламж, үйлчилгээ эрхлэгчдийн гаднах орчны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ;
8.2.12.барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээ;
8.2.13.ерөнхий боловсролын сургуулийн эргүүл;
8.2.14.хотын оршин суугчийн соёл, хөршийн холбоо;
8.2.15.сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус;
8.2.16.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглалт;
8.2.17.гудамж, талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах;
8.2.18.нийтийн тээврээр үйлчлүүлэх харилцаа;
8.2.19.зар сурталчилгаа, хаягжилт, гудамжны тоноглол;
8.2.20.нийтийн байрны ашиглалт, зохицуулалт;
8.2.21.алдагдсан эд зүйлсийн зохицуулалт;
8.2.22.нүхэн жорлонгийн шаардлага, ашиглалт.
8.3.Хотын дүрмийг Зөвлөл баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.
8.4.Тосгоны дүрмийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.
8.5.Хот, тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь хот, тосгоны дүрмийг дагаж мөрдөнө.
9 дүгээр зүйл.Хот, тосгоны эдэлбэр газар
9.1.Хот, тосгон нь эдэлбэр газартай байна.
9.2.Хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал, тосгоны эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
9.3.Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрийг дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХОТ, ТОСГОНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ
10 дугаар зүйл.Хот, тосгоны удирдлагын тогтолцоо
10.1.Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын удирдлага дараах тогтолцоотой байна:
10.1.1.хотын Зөвлөл;
10.1.2.хотын Захирагч.
10.2.Хотын Зөвлөл, Захирагч нь ажлын албатай байна.
10.3.Тосгоны удирдлагыг тосгоны Захирагч хэрэгжүүлнэ.
10.4.Энэ хуулийн 11.2, 11.3-т заасан хотын хороо нь Захирагч, ажлын албатай байна.
11 дүгээр зүйл.Хот, тосгоны зохион байгуулалт
11.1.Хотын зохион байгуулалтын нэгж нь хотын хороо байна. Хотын хороо оноосон нэртэй байна.
11.2.Улсын зэрэглэлтэй хотын хороог 10000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
11.3.Орон нутгийн зэрэглэлтэй хотын хороог 8000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
11.4.Тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байж болно.
12 дугаар зүйл.Хотын нийтлэг чиг үүрэг
12.1.Хот нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.хууль тогтоомжид заасан хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;
12.1.2.хотын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;
12.1.3.хотын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;
12.1.4.хот байгуулалт, барилга, стандарт, хяналт, зохицуулалт;
12.1.5.хотын аялал жуулчлалын бодлого, менежмент;
12.1.6.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад үзүүлэх дэмжлэг;
12.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, соёл, урлаг, спортын болон бусад арга хэмжээний зохион байгуулалт;
12.1.8.олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;
12.1.9.түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
12.1.10.олон улсын болон орон нутгийн чанартай авто зам барих, түүний арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа;
12.1.11.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалттайгаас бусад авто зам, зогсоолын төлөвлөлт, хяналт, байршил;
12.1.12.хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;
12.1.13.барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт;
12.1.14.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, орчны аюулгүй байдал;
12.1.15.хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, нийтлэг зохицуулалт;
12.1.16.хот, суурин газрын дахин төлөвлөлт;
12.1.17.хотын цахилгаан эрчим хүч, дулааны төвлөрсөн болон төвлөрсөн бус инженерийн хангамж;
12.1.18.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;
12.1.19.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;
12.1.20.ус, дулаан, цахилгаан хангах, түгээх, дамжуулах үйл ажиллагаа;
12.1.21.гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт;
12.1.22.нийтийн тээвэр, такси үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
12.1.23.гадаадын зээл, тусламжаар хотод хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хотын хариуцах хөрөнгө, зээлийн хүүгийн төлбөр;
12.1.24.хотын эдэлбэр газар дахь усны сан бүхий газрын хамгаалалт, тохижилт;
12.1.25.хотын эдэлбэр газар дахь дархан цаазат болон байгалийн цогцолбор, нөөц, дурсгалт газрыг иргэдийн аялах, амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, хамгаалах төсөл, арга хэмжээ;
12.1.26.хотын өөрийн мэдлийн орон сууцны ашиглалт, хуваарилалт;
12.1.27.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангаж, хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
12.1.28.хотын аж ахуйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;
12.1.29.хотын өмч, хотод оршин суугчдын болон хуулийн этгээдийн бүртгэл;
12.1.30.эдэлбэр газрын хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл;
12.1.31.хуульд заасан бусад.
12.2.Хот нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.1, 69.2-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
12.3.Хот нь хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5-д заасан төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэж болно.
12.4.Энэ хуулийн 12.1-д заасан хотын нийтлэг чиг үүргээс хотын хороонд нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
12.5.Хот нь хууль тогтоомжоор тухайлан зохицуулаагүй эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно. Тайлбар: Энэ зүйлд заасан “хот” гэдэгт улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотыг ойлгоно.
13 дугаар зүйл.Тосгоны чиг үүрэг
13.1.Тосгон нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.1.1.хуульд заасны дагуу оршин суугчдад нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх;
13.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар оршин суугчдын нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлыг зохион байгуулах;
13.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд тосгоны бие даан шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;
13.1.4.бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт;
13.1.5.байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил.
13.1.6.тосгоны чанартай санал асуулга, хэлэлцүүлгийн зохицуулалт;
13.1.7.тосгоны удирдлагаар шийдвэрлүүлэхээр тухайн хот, нэгжийн удирдлагаас шилжүүлсэн асуудал;
13.1.8.хууль тогтоомжид заасан бусад.
13.2.Тосгоны нь эдэлбэр газрынхаа хэмжээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.3-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
13.3.Тосгон нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна хууль, гэрээний үндсэн дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5-д заасны дагуу төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэхээр шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ ХОТЫН ЗӨВЛӨЛ
14 дүгээр зүйл.Хотын Зөвлөл
14.1.Хотын өөрийн удирдлагын байгууллага нь хотын Зөвлөл /цаашид “Зөвлөл гэх”/ мөн.
14.2.Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
14.3.Зөвлөл нь гишүүдээс бүрдэнэ.
14.4.Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүнийг оршин суугчдаас сонгох ба гишүүний тоог доор дурдсанаар тогтооно:
14.4.1.оршин суугчийн тоо нь 200 000 хүртэл бол 21;
14.4.2.оршин суугчийн тоо нь 200 001-ээс дээш бол 25.
14.5.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүнийг оршин суугчдаас сонгох ба гишүүний тоог доор дурдсанаар тогтооно:
14.5.1.оршин суугчийн тоо нь 50 000 хүртэл бол 11;
14.5.2.оршин суугчийн тоо нь 50 001-ээс дээш бол 15.
14.6.Зөвлөлийн сонгуулийг холбогдох хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл.Зөвлөлийн бүрэн эрх
15.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.хотын чиг үүрэгт хамаарахаар энэ хуулиар тогтоосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
15.1.2.нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах;
15.1.3.хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хотын төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;
15.1.4.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;
15.1.5.хотын өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;
15.1.6.хотын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
15.1.7.оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, оролцоог хангах үүднээс санал асуулга зохион байгуулах шийдвэр гаргах;
15.1.8.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үнэт цаас гаргах чиг үүргээ шилжүүлсэн тохиолдолд хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгох;
15.1.9.Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
15.1.10.Зөвлөлийн хороо, ажлын хэсэг байгуулах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх;
15.1.11.хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
15.1.12.Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа Захирагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
15.1.13.энэ хуульд заасан үндэслэлээр Захирагчийг чөлөөлөх, огцруулах;
15.1.14.захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;
15.1.15.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15.2.Энэ хуулийн 15.1.8-д заасан бүрэн эрх орон нутгийн зэрэглэлтэй хотын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахгүй.
15.3.Хотын Зөвлөлийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
15.3.1.Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь тухайн Зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсныг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргавал тухайн Зөвлөл өөрөө тарна;
15.3.2.анхдугаар хуралдааныг товлон зарласнаас хойш хотод 15 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж чадаагүй, эсхүл хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60 хоног өнгөрсөн бол улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тараах шийдвэр гаргана.
15.4.Хотын Зөвлөлийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг 30 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу товлон зарлана.
16 дугаар зүйл.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт
16.1.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороо байгуулан ажиллуулж болно.
16.2.Зөвлөлийн хороог түүний бүрэн эрхийн хугацаагаар байгуулах бөгөөд хорооны даргыг тухайн хорооны гишүүдийн дотроос сонгоно.
16.3.Зөвлөлийн хороо нь тухайн Зөвлөлд ажлаа хариуцан тайлагнана.
16.4.Зөвлөл нь тодорхой асуудлаар санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
16.5.Хороо, ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөл тогтооно.
16.6.Зөвлөлийн дэргэд улс төрийн нам, эвслийн болон бусад нэгж байгуулахыг хориглоно.
17 дугаар зүйл.Зөвлөлийн хуралдаан
17.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааны дэгийг Зөвлөл тогтоолоор батална.
17.2.Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор сонгуулийн хороо хотын Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад гишүүн даргална.
17.3.Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Зөвлөлийн дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд Зөвлөлийн даргын санал болгосноор гишүүдийн аль нэг нь удирдана.
17.4.Зөвлөлийн хуралдаанд тухайн Зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
17.5.Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Зөвлөлийн гишүүн хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно.
17.6.Зөвлөлийн ээлжит хуралдааныг сард нэг удаа зохион байгуулна.
17.7.Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар эсхүл Зөвлөлийн дарга, хотын Захирагчийн санаачилгаар хуралдуулна.
17.8.Зөвлөлийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтын асуудлаар хороо, гишүүн асуудал санаачлан Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй байна.
17.9.Энэ хуулийн 17.8-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.
17.10.Улсын болон хот, орон нутгийн шинжтэй асуудлаар гэнэтийн болон хойшлуулшгүй тохиолдолд Зөвлөлийн хуралдаан хуралдах тохиолдолд энэ хуулийн 17.9-д заасан хугацааг баримтлаагүй нь хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.
18 дугаар зүйл.Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн шийдвэр, түүнд хориг тавих
18.1.Зөвлөл хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.
18.2.Төсөв, татвартай холбоотой шийдвэр гаргах тохиолдолд хотын Зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар тухайн шийдвэрийг батална.
18.3.Тогтоолд Зөвлөлийн дарга, Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдааныг даргалагч тус тус гарын үсэг зурна.
18.4.Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар Зөвлөлийн дарга захирамж гаргах эрхтэй.
18.5.Зөвлөл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн, санхүүгийн эх үүсвэргүй шийдвэр гаргасан гэж үзвэл Захирагч тухайн шийдвэрт хориг тавина.
18.6.Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг тодорхой заана.
18.7.Зөвлөл хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх бөгөөд түүнийг гишүүдийн дийлэнх олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
18.8.Зөвлөлийн шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол уг шийдвэрийн үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, хэсэг, заалтын үйлчлэлийг хоригийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.
18.9.Хотын Захирагч Зөвлөлийн дараах шийдвэрт хориг тавихгүй:
18.9.1.тухайн Захирагчийн хориг тавьсан шийдвэрийг хүлээж авах эсэх;
18.9.2.Захирагчийг сонгох сонгуулийн тов тогтоох;
18.9.3.Зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий этгээдийг томилох, чөлөөлөх.
19 дүгээр зүйл.Зөвлөлийн даргын бүрэн эрх
19.1.Зөвлөлийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1.Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;
19.1.2.Зөвлөлийн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
19.1.3.Зөвлөлийн хороо, ажлын хэсэг, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж, удирдлагаар хангах;
19.1.4.эрх бүхий этгээдээс Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гаргасан саналыг хүлээн авах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
19.1.5.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;
19.1.6.Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
19.1.7.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
19.1.8.хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр болон бодлогын баримт бичгийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
19.1.9.оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Зөвлөлд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.
19.2.Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна
20 дугаар зүйл.Зөвлөлийн даргыг сонгох, огцруулах, чөлөөлөх
20.1.Ээлжит сонгуулийн дараах анхдугаар хуралдаанаар Зөвлөлийн даргыг дөрвөн жилийн хугацаагаар гишүүдийн дотроос сонгоно.
20.2.Зөвлөлийн гишүүд Зөвлөлийн даргад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлэх эрхтэй.
20.3.Зөвлөлийн даргыг нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно.
20.4.Энэ хуулийн 20.3-т заасны дагуу нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Зөвлөлийн даргад дахин нэр дэвшүүлнэ.
20.5.Зөвлөлийн гишүүн нь санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй байна.
20.6.Гишүүд Зөвлөлийн даргын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хэлэлцээд хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн бол нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулна.
20.7.Зөвлөлийн даргыг энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх үндэслэл бүрдсэн бол түүнийг хугацаанаас өмнө чөлөөлж болно.
20.8.Зөвлөлийн даргыг хугацаанаас өмнө огцруулсан болон чөлөөлсөн бол шинээр сонгогдсон даргын бүрэн эрх өмнөх даргын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.
21 дүгээр зүйл.Зөвлөлийн гишүүн
21.1.Зөвлөлийн гишүүн нь хотын өөрийн удирдлагын байгууллагад сонгогдсон, оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэгч мөн.
21.2.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
21.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар дуусгавар болно.
21.4.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.
21.5.Зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
21.5.1.санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн хотод шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн оршин суугч байх;
21.5.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй байх;
21.5.3.ялгүй байх.
21.6.Гишүүн нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг Зөвлөл батална.
22 дугаар зүйл.Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
22.1.Зөвлөлийн гишүүн нь дараах эрхтэй байна:
22.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;
22.1.2.Зөвлөлийн хороонд харьяалагдах;
22.1.3.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал гаргах, санал хураалгах;
22.1.4.Зөвлөлийн хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;
22.1.5.Зөвлөлөөс сонгосон, томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх санал гаргах;
22.1.6.Зөвлөлийн шийдвэрийг оршин суугчдад тайлбарлан таниулах;
22.1.7.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангах, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хотын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Захирагчид асуулт, асуулга тавих;
22.1.8.хууль тогтоомжид заасан бусад эрх.
22.2.Зөвлөлийн гишүүн нь дараах үүрэгтэй байна:
22.2.1.оршин суугчидтай тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу хариу өгөх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
22.2.2.гишүүн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзах;
22.2.3.Зөвлөлийн гишүүний хувьд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Зөвлөлийн цахим хуудсаар болон бусад хэлбэрээр оршин суугчдад мэдээлэх;
22.2.4.хууль, Зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг баримтлах.
23 дугаар зүйл.Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйл
23.1.Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
23.1.1.хотын Захирагчийн эрхлэх асуудлын хүрээний болон үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг, түүнээс санхүүжилт авдаг аливаа байгууллага, бүтцийн нэгжид удирдах ажил, албан тушаал эрхлэх;
23.1.2.Зөвлөлийн гишүүний эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах;
23.1.3.хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Зөвлөлийн хуралд зориудаар оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарах;
23.1.4.хууль тогтоомжид заасан бусад.
24 дүгээр зүйл.Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болох
24.1.Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:
24.1.1.нас барсан;
24.1.2.чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
24.1.3.өвчний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;
24.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
24.1.5.тухайн хотоос шилжсэн;
24.1.6.төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;
24.1.7.энэ хуулийн 23.1.1-д заасныг зөрчсөн;
24.1.8.Зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан.
24.2.Зөвлөлийн гишүүнийг энэ зүйлийн 24.1.2, 24.1.3, 24.1.5, 24.1.6-д заасан тохиолдолд чөлөөлөх, 24.1.4, 24.1.7, 24.1.8-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг хотын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
24.3.Энэ зүйлийн 24.1.1-д заасан нөхцөл үүссэн бол гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно.
25 дугаар зүйл.Хотын Зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны баталгаа
25.1.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг тухайн Зөвлөл батална.
25.2.Зөвлөлийн төсөвт гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэргийн зардлыг тусгана.
25.3.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь холбогдох байгууллага, албан тушаалтан дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
25.4.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа албан тушаалтан, улс төрийн нам, бусад байгууллага хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно.
26 дугаар зүйл.Зөвлөлийн ажлын алба
26.1.Зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас баталсан жишгийн дагуу Зөвлөл тогтооно.
26.2.Хотын Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байна.
26.3.Зөвлөлийн ажлын алба тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
27 дугаар зүйл.Зөвлөлийн төсөв
27.1.Зөвлөл төсөвтэй байх бөгөөд төсвийг Зөвлөлийн ажлын албаны дарга захиран зарцуулна.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан төсөв нь Зөвлөлийн үйл ажиллагааны болон ажлын албаны төсвөөс бүрдэнэ.
27.3.Зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХОТ, ТОСГОН, ХОТЫН ХОРООНЫ ЗАХИРАГЧ
28 дугаар зүйл.Хотын Захирагч
28.1.Хотыг өдөр тутамд удирдах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлага нь хотын Захирагч байна.
28.2.Улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, Ерөнхий сайд батламжилна.
28.3.Хуульд өөрөөр заагаагүй бол орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл улсын зэрэглэлтэй хотын Захирагч батламжилна.
28.4.Улсын зэрэглэлтэй хот нь эдэлбэр газрын хэмжээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, Захирагчид чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түр эзгүйд түүний үүргийг гүйцэтгэх дэд Захирагчтай байна.
28.5.Улсын зэрэглэлтэй хотын дэд Захирагчийг тухайн хотын Захирагчийн саналыг үндэслэн Ерөнхий сайд томилно.
28.6.Захирагчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
28.7.Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол шинээр сонгогдох, томилогдох Захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Захирагчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.
28.8.Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.
28.9.Хотын Захирагчийн сонгуулийг холбогдох хуулиар зохицуулна.
29 дүгээр зүйл.Хотын Захирагчийн бүрэн эрх
29.1.Хотын Захирагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1.хотын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг хотын Зөвлөлийн өмнө хариуцаж, танилцуулах;
29.1.2.хотын чиг үүрэгтэй холбогдох тооцоо, судалгаа бүхий шийдвэрийн төсөл боловсруулж, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;
29.1.3.энэ хуулийн 29.1.2-т заасан асуудлаар Зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг хариуцах;
29.1.4.хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Засгийн газраас дэмжлэг хүсэх, санал хүргүүлэх;
29.1.5.хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөлд танилцуулснаар дагуул хотын Захирагчийг томилох, чөлөөлөх;
29.1.6.хотод үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоож, мөрдүүлэх;
29.1.7.дотоод, гадаадад хотыг төлөөлөх;
29.1.8.зөвлөх эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
29.1.9.хотын хороонд хуульд заасан бүрэн эрхээ шилжүүлэх;
29.1.10.хотын замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам батлах;
29.1.11.хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, түүнд хяналт тавих журам батлах;
29.1.12.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөг хууль тогтоомжид заасан журмаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
29.1.13.төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлж, төсвийг захиран зарцуулах;
29.1.14.хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай санхүү, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, нөөцийн болон газар ашиглалтын зэрэг мэдээ, тайланг тухайн хотын холбогдох байгууллага, албан тушаалтнаар гаргуулах;
29.1.15.хотын өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх;
29.1.16.хотын оршин суугчдын ашиг сонирхолд нийцүүлэн хотын өмчийг хувьчлах асуудлыг боловсруулж хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлүүлэх;
29.1.17.оршин суугчдын хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход тусламж дэмжлэг үзүүлэх;
29.1.18.хотын өмчит болон өмч давамгайлсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлагыг нь томилж, чөлөөлөх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;
29.1.19.хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах;
29.1.20.хотын эдэлбэр газарт хуульд тогтоомж, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах;
29.1.21.хотын эдэлбэр газрын харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх;
29.1.22.хотын усны нөөцийг тогтоосон журмын дагуу ашиглуулах;
29.1.23.хотын ариун цэвэр, эрүүл ахуй-халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
29.1.24.хотын хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
29.1.25.хотын эрүүл ахуй, хэм хэмжээ зөрчсөн барилга байгууламжийг барьж ашиглахыг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллагад санал оруулан шийдвэрлүүлэх;
29.1.26.хотын дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
29.1.27.хотын тохижилтын ажилд аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний үндсэн дээр, түүнчлэн оршин суугчдыг зохион байгуулж оролцуулах;
29.1.28.хотын худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоох;
29.1.29.хотын худалдаа, үйлчилгээний газарт эрүүл ахуйн шаардлагыг хангуулах;
29.1.30.хотын худалдаа, үзэсгэлэн болон үйлчилгээний бусад арга хэмжээг зохион байгуулах.
29.1.31.хотын оршин суугчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
29.1.32.хотын боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, халамж, биеийн тамир, спортын үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлж, удирдан зохион байгуулах, хяналт тавих;
29.1.33.хотын оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн амьдрах орчин, үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;
29.1.34.Зөвлөлөөс баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
29.1.35.хотын үйлдвэрлэлийн дэд бүтцийн объектыг барих, засварлахад захиалагчийн үүрэг гүйцэтгэх;
29.1.36.хотын эдэлбэр газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгох талаар санал гарган, ашиглалтад орж байгаа орон сууц, иргэний зориулалттай барилга байгууламжийг хүлээн авах, хяналт тавих;
29.1.37.нийгмийн дэг журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх талаар хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллаж, тэдгээрт туслалцаа үзүүлэх;
29.1.38.оршин суугчдын санал, өргөдөл, гомдол, тэдний ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон асуудлыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хянан шийдвэрлэх;
29.1.39.хотын оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, өмчийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
29.1.40.хотын шагналыг бий болгох санал гаргах;
29.1.41.хотын бэлгэдлийг Зөвлөлөөр батлуулах;
29.1.42.хууль тогтоомжид заасан журмын дагуу бусад улсын хот, тосгонтой харилцаж, хамтран ажиллах;
29.1.43.захирагчийн ажлын албаны даргыг томилж, чөлөөлөх;
29.1.44.хотын хорооны Захирагчийг томилж, чөлөөлөх;
29.1.45.хотын чанартай музей, театр, соёлын төв, хотын сургуулийн өмнөх, бага, дунд, түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, онцгой байдлын асуудал хариуцсан нэгжийн удирдлагыг эрх бүхий этгээдтэй зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлөх;
29.1.46.хотын эдэлбэр газар дахь ургамал, ан амьтан, ус, рашаан, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулах;
29.1.47.хотын түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалж, тэдгээрийн ашиглалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;
29.1.48.хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл цагийн хуваарийг батлан, оршин суугчдад үйлчилж байгаа тээврийн бусад байгууллагын үйл ажиллагаанд болон төмөр зам, нисэх буудалд зорчигчдын үйлчилгээг зохион байгуулж байгаад хяналт тавих;
29.1.49.хотын худалдаа, ахуйн болон орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг зохион байгуулах;
29.1.50.хот замын хөдөлгөөний зохицуулалт, авто зогсоолын байршил тогтоох, арчлалтыг зохион байгуулах;
29.1.51.хотын оршин суугчдаас нийгмийн хамгаалалт, дэмжлэг үзүүлбэл зохих амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай хэсэгт санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх санг зарим ажил, үйлчилгээнээс орсон орлогоос бүрдүүлж зохион байгуулах;
29.1.52.эдэлбэр газрын байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан хотын Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
29.1.53.эдэлбэр газарт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;
29.1.54.эдэлбэр газарт татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд татварын албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
29.1.55.хуульд заасан болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн бусад чиг үүрэг.
29.2.Хотын Захирагчийн үйл ажиллагааны зардлыг тухайн хотод хуваарилсан төсвөөс санхүүжүүлнэ.
29.3.Хотын Захирагч тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг дараа жилийн эхний улиралд багтаан хотын Зөвлөлд тайлагнана.
29.4.Хотын Захирагчийн үйл ажиллагааны тайлан олон нийтэд нээлттэй байна.
29.5.Хотын Захирагч энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
29.6.Хотын Захирагч өөрийн болон түүнд шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлаар гаргасан захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн шийдвэрийг Ерөнхий сайд, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн шийдвэрийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хүчингүй болгоно.
29.7.Хотын Захирагч нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
30 дугаар зүйл.Хотын Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
30.1.Хотын Захирагчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:
30.1.1.нас барсан;
30.1.2.чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
30.1.3.өвчний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;
30.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
30.1.5.өөр ажил, албан тушаалд томилогдсон.
30.2.Хотын Захирагчийг энэ зүйлийн 30.1.2, 30.1.3, 30.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 30.1.4-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг хотын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
30.3.Энэ зүйлийн 30.1.1-д заасан нөхцөл үүссэн бол хотын Захирагчийн бүрэн эрх дуусгавар болсонд тооцно.
30.4.Энэ хуулийн 10.2-т зааснаас бусад хотын Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг 30 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу товлон зарлана.
31 дүгээр зүйл.Хотын Захирагчийг огцруулах
31.1.Дараах үндэслэлийн аль нэг нь бүрдсэн бол хотын Захирагчийг дээд шатны Захирагч, Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд огцруулна:
31.1.1.хот байгуулалтын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж шийдвэр гаргасан;
31.1.2.газар зохион байгуулалтыг хот байгуулалтын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж хийгээгүй;
31.1.3.Төсвийн тухай хуулийн 70.3, 70.4-т заасан үндэслэл бүрдсэн;
31.1.4.татварын орлого бүрдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй;
31.1.5.хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, түүнд хяналт тавих талаар дээд шатны Захирагч, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлээгүй;
31.1.6.хотын Захирагчийг сонгуулийн эрх бүхий оршин суугчдын 30-аас доошгүй хувь нь үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж огцруулах санал гаргасан;
31.1.7.хууль, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг Ерөнхий сайд огцруулах шаардлага тавьсан.
32 дугаар зүйл.Хотын Захирагчийн ажлын алба
32.1.Хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас тогтоосон жишигт нийцүүлэн Захирагч тогтооно. Захирагчийн ажлын алба нь хэлтэс, тасагтай байна.
32.2.Хотын Захирагч өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагатай байх бөгөөд түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг хотын Зөвлөл шийдвэрлэнэ.
32.3.Хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
32.3.1.хотын Захирагчид мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;
32.3.2.хотын Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах;
32.3.3.хотын аж ахуйн асуудлыг судлах, шийдвэрийн төслийг боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
32.3.4.хууль тогтоомж, Засгийн газар, Зөвлөл, Захирагчийн шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
32.3.5.иргэн, хуулийн этгээдэд нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
32.3.6.Захирагчийн бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
32.3.7.хотын удирдлагын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
32.3.8.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
32.3.9.хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
32.3.10.хотын аж ахуйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;
32.3.11.хотын Захирагчийн олгосон эрх хэмжээний хүрээнд хотын аж ахуйн асуудлаар хотын хорооны удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг өгөх;
32.3.12.хуульд заасан бусад.
32.4.Хотын Захирагчийн ажлын албаны дарга нь ажлын албаны ажилтан, албан хаагчийг томилж, чөлөөлнө.
32.5.Хотын Захирагчийн ажлын албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
33 дугаар зүйл.Хотын хорооны Захирагч, бүрэн эрх, бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
33.1.Хотын хорооны Захирагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
33.1.1.хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах хотын Захирагч, Зөвлөлийн шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;
33.1.2.төсвийн шууд захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;
33.1.3.хотын хорооны өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, хотын хорооны өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах захиран зарцуулах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулан хотын Захирагчид оруулж шийдвэрлүүлэх;
33.1.4.төрийн зарим чиг үүргийг хотын хорооны хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
33.1.5.хотын Захирагчаас шилжүүлсэн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх;
33.1.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх
33.1.7.хотын хорооны ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;
33.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
33.2.Хотын хорооны ажлын албаны бүтэц, орон тоог хотын Захирагч батална.
33.3.Хотын хорооны Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох, түүнийг огцруулах асуудлыг энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
34 дүгээр зүйл.Тосгоны Захирагч
34.1.Тосгоны Захирагч нь тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, тосгоны чиг үүргийг хэрэгжүүлнэ.
34.2.Тосгоны Захирагчаар дараах шаардлагыг хангасан иргэнийг тухайн тосгоны оршин байгаа сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч томилно:
34.2.1.удирдах ажлын туршлагатай;
34.2.2.татварын өргүй байх;
34.2.3.ялгүй байх.
34.3.Тосгоны Захирагчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
34.4.Тосгоны Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол шинээр сонгогдох Захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Захирагчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.
34.5.Тосгоны Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас тогтоосон жишигт нийцүүлэн Захирагч тогтооно.
34.6.Тосгоны Захирагч энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
34.7.Тосгоны Захирагч гаргасан захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл оршин байгаа сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч хүчингүй болгоно.
34.8.Тосгоны Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох, түүнийг огцруулах асуудлыг энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
34.9.Захирагч нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
35 дугаар зүйл.Тосгоны Захирагчийн бүрэн эрх
35.1.Тосгоны Захирагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1.тосгоны хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоомжид заасан журмаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
35.1.2.төсвийн шууд захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлж, төсвийг захиран зарцуулах;
35.1.3.тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай санхүү, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, нөөцийн болон газар ашиглалтын зэрэг мэдээ, тайланг тухайн хот, тосгоны холбогдох байгууллага, албан тушаалтнаар гаргуулах;
35.1.4.тосгоны өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх;
35.1.5.оршин суугчдын хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход тусламж дэмжлэг үзүүлэх;
35.1.6.тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, хүнсний болон өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх талаар гэрээ байгуулах;
35.1.7.тосгоны эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөх, төлөвлөгөөг батлуулах;
35.1.8.тосгоны эдэлбэр газарт явуулж буй газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар санал гаргах;
35.1.9.тосгоны усны нөөцийг тогтоосон журмын дагуу ашиглуулах;
35.1.10.тосгоны ариун цэвэр, эрүүл ахуй-халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
35.1.11.тосгооны ногоон бүсийг хамгаалах, сэргээх арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
35.1.12.тосгоны эрүүл ахуй, хэм хэмжээ зөрчсөн барилга байгууламжийг барьж ашиглахыг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллагад санал оруулан шийдвэрлүүлэх;
35.1.13.тосгоны дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
35.1.14.тосгоны тохижилтын ажилд аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний үндсэн дээр, түүнчлэн оршин суугчдыг зохион байгуулж оролцуулах;
35.1.15.тосгоны худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоох, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах;
35.1.16.боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, халамж, биеийн тамир, спортын үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлж, удирдан зохион байгуулах, хяналт тавих;
35.1.17.Зөвлөлөөс баталсан хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу арга хэмжээний төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
35.1.18.тосгоны оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, өмчийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
35.1.19.тосгоны шагналыг бий болгох санал гаргах;
35.1.20.тосгоны бэлгэдлийг харьяалах сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөлөөр батлуулах;
35.1.21.тосгоныг төлөөлөх, бусад улсын хот, тосгонтой холбоо тогтоож харилцах;
35.1.22.захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх;
35.1.23.тосгоны хэсгийн Ахлагчийг томилж, чөлөөлөх;
35.1.24.хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцах;
35.1.25.тосгоны нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл цагийн хуваарийг батлан, түүнчлэн оршин суугчдад үйлчилж байгаа тээврийн бусад байгууллагын үйл ажиллагаанд болон төмөр зам, нисэх буудалд зорчигчдын үйлчилгээг зохион байгуулж байгаад хяналт тавих;
35.1.26.тосгоны Захирагчаар шийдвэрлүүлэхээр хууль, нийтийн эрх зүйн гэрээгээр тусгайлан шилжүүлсэн асуудлыг шийдвэрлэх;
35.1.27.тосгоныг төлөөлөн хуульд заасан болон өөрийн санаачилсан асуудлаар оршин суугчдын нийтлэг санал, хүсэлтийг авах ажлыг зохион байгуулах;
35.1.28.тосгоны үйл ажиллагааны тайланг жил бүр хотын Зөвлөлд тайлагнах;
35.1.29.эдэлбэр газарт татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд татварын албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
35.1.30. хууль тогтоомж, гэрээнд заасан бусад бүрэн эрх.
ТАВДУГААР БҮЛЭГ ХОТ, ТОСГОНЫ ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС
36 дугаар зүйл.Хотын эдийн засгийн үндэс
36.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэнэ.
36.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
37 дугаар зүйл.Хот, тосгоны төсөв
37.1.Хот, тосгон нь Төсвийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдсэн төсөвтэй байна.
37.2.Улсын зэрэглэлтэй хотын хороо нь тухайн хотын, орон нутгийн зэрэглэлтэй хот нь аймаг, нийслэлийн, тосгон нь аймгийн төсвийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг байна.
37.3.Хот, тосгоны төсвийг боловсруулж, батлахдаа оршин суугч иргэдийн санал, оролцоог хуульд заасны дагуу хангасан байна.
37.4.Хот, тосгоны төсвөөр энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
37.5.Хот, тосгонд шилжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх эх үүсвэрийг холбогдох дээд шатны төсөв, улсын төсвөөс хуваарилна.
37.6.Хот, тосгоны төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
38 дугаар зүйл.Хотын татвар
38.1.Хот нь албан татвартай байх бөгөөд хотын албан татварыг хуулиар тогтооно.
39 дүгээр зүйл.Хот, тосгоны өмч
39.1.Хот, тосгон өмчтэй байна.
39.2.Хотын өмчийн өмчлөгчийн эрхийг тухайн хотын Зөвлөл, өмчийн удирдлагыг түүний эрх олгосноор хотын Захирагч төлөөлөн хэрэгжүүлнэ.
39.3.Хот, тосгоны өмчийн харилцааг хуулиар зохицуулна.
40 дүгээр зүйл.Чөлөөт бүс
40.1.Хот нь хуулийн дагуу байгуулсан чөлөөт бүстэй байж болно.
40.2.Хотын чөлөөт бүстэй холбоотой харилцааг хуулиар зохицуулна.
41 дүгээр зүйл.Хотын дэд бүтцийн сан
41.1.Улсын зэрэглэлтэй хот болон нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах хотын дэд бүтцийн сантай байна:
41.1.1.инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх;
41.1.2.дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын барилга байгууламж зэрэг инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
41.1.3.инженерийн дэд бүтцийн судалгаа шинжилгээний ажил хийх, холбогдох норм дүрэм, стандарт боловсруулах, нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх.
41.2.Дэд бүтцийн сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
41.2.1.тухайн хотын төсвийн орлогын 1.5-аас доошгүй хувь;
41.2.2.дулаан, цахилгаан, цэвэр усаар хангах, түгээх, бохир ус татан зайлуулах байгууллагын тухайн жилийн дээрх үйл ажиллагааны орлогын 1.5-аас доошгүй хувь;
41.2.3.гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
41.2.4.ус бохирдуулсны төлбөрийн 50 хувь;
41.2.5.хуулиар хориглоогүй бусад.
41.3.Энэ зүйлийн 41.1-д заасан сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих нийтлэг журмыг Засгийн газар батална. Засгийн газраас баталсан нийтлэг журамд нийцүүлэн хотын Дэд бүтцийн санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг тухайн хотын Зөвлөл баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
41.4.Зөвлөл энэ зүйлийн 41.3-т заасны дагуу баталсан журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.
41.5.Дэд бүтцийн сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх, сангийн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.
42 дугаар зүйл.Хотын хөгжлийн бусад сан
42.1.Хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан Ногоон хөгжлийн сантай байж болно.
42.2.Энэ хуулийн 42.1-д заасан сангийн үйл ажиллагаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Хог хаягдлын тухай хуульд заасныг баримтална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ ХОТ, ТОСГОНЫ УДИРДЛАГА БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА
43 дугаар зүйл.Зөвлөл Засгийн газар, яам агентлагтай харилцах
43.1.Хотын Зөвлөл нь энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ улсын болон нэгжийн ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулна.
43.2.Хотын Зөвлөл нь төрөөс болон орон нутгаас шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн талаар Засгийн газар, холбогдох яам, агентлаг, нэгжийн удирдлагыг мэдээллээр хангаж, хууль, гэрээнд заасан хугацаанд тайлагнана.
44 дүгээр зүйл.Хотын Захирагч Засгийн газартай харилцах
44.1.Улсын зэрэглэлтэй хотын Захирагч Засгийн газартай доор дурдсан журмаар харилцана:
44.1.1.жил бүр үйл ажиллагааныхаа тайланг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг тайланг хуралдаанаараа хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх;
44.1.2.хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, эс дэмжвэл саналаа Ерөнхий сайдад уламжлах;
44.1.3.хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлэх.
45 дугаар зүйл.Хотын Захирагч яам, агентлагтай харилцах
45.1.Улсын зэрэглэлтэй хотын Захирагч яам, агентлагтай доор дурдсан журмаар харилцана:
45.1.1.хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа яам, агентлагтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;
45.1.2.хотын хөгжлийн асуудлаар яамтай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцах;
45.1.3.хотын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах;
45.1.4.хотын эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаар яам, агентлагт санал тавьж шийдвэрлүүлэх.
45.2.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч тухайн хот харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан Засгийн газар, яам, агентлагтай харилцана.
46 дугаар зүйл.Хот, тосгон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй харилцах
46.1.Хот, тосгон болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцаанд дараах зарчмыг баримтална:
46.1.1.энэ хуулиар тодорхойлсон хот, тосгоны өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага оролцож үл болох;
46.1.2.хот, тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлаар тухайн нэгжтэй нийтийн эрх зүйн гэрээ байгуулах;
46.2.Хот, тосгон болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь тодорхой асуудлаар хамтарч ажиллаж болно.
46.3.Хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад хот, тосгоны хооронд үүссэн дараах маргааныг доор дурдсанаар шийдвэрлэнэ:
46.3.1.улсын зэрэглэлтэй хот болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад хот хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайд;
46.3.2.Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх орон нутгийн зэрэглэлтэй хот хооронд, эсхүл тухайн нэгж дэх орон нутгийн зэрэглэлтэй хот болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хооронд үүссэн маргааныг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч;
46.3.3.төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол засаг захиргааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага.
47 дугаар зүйл.Хот, тосгоны Захирагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах
47.1.Хот, тосгоны Захирагч өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагад хот, тосгоны удирдлагын шийдвэрийг биелүүлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг шалгаж болно.
47.2.Хот, тосгоны Захирагч хууль тогтоомжийг биелүүлэх зорилгоор харьяа нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нийтийн эрх зүйн гэрээ байгуулж болно.
ДОЛДУГААР БҮЛЭГ ХОТ, ТОСГОНЫ ОРШИН СУУГЧ
48 дугаар зүйл.Хот, тосгоны оршин суугч
48.1.Энэ хуульд заасан хот, тосгонд байнгын хаягаар бүртгүүлэн 180 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хот, тосгоны байнгын оршин суугч гэнэ.
48.2.Хот, тосгонд 180 хүртэлх хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг түр оршин суугч гэнэ.
49 дүгээр зүйл.Хот, тосгоны оршин суугч хот, тосгоны удирдлагад оролцох
49.1.Иргэн хот, тосгоны оршин суугчийн хувьд хот, тосгоны амьдралын асуудлыг шийдвэрлэхэд шууд болон хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллагаар уламжлан оролцоно.
50 дугаар зүйл.Хот, тосгоны оршин суугч шийдвэр гаргах үйл ажиллагаанд шууд оролцох
50.1.Хот, тосгоны өөрийн удирдлагад дараах хэлбэрээр шууд оролцоно:
50.1.1.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг хот, тосгоны Зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргах;
50.1.2.хот, тосгоны амьдралын тодорхой асуудлаар хуульд зааснаар явуулах зөвлөлдөх санал асуулгад оролцох;
50.1.3.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах. Энэхүү санаачлагыг хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчдын 10-аас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд Зөвлөл хэлэлцэх үүрэгтэй.
50.2.Хот, тосгоны амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар санал асуулга явуулахыг сонгуулийн эрх бүхий оршин суугчид дараах хувиар дэмжиж гарын үсэг зурж хүсэлт гаргана:
50.2.1.30 000 хүртэл оршин суугчтай бол 20 хувь;
50.2.2.30 001-60 000 хүртэл оршин суугчтай бол 15 хувь;
50.2.3.60 001-100 000 хүртэл оршин суугчтай бол 12 хувь;
50.2.4.100 001-ээс дээш оршин суугчтай бол 10 хувь.
50.3.Энэ хуулийн 50.2-т заасны дагуу оршин суугчид хүсэлт гаргасан бол хотын Зөвлөл, тосгоны Захирагч санал асуулгыг заавал зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Захирагч тухайн санал асуулгын зохион байгуулалтыг хариуцаж ажиллана.
50.4.Энэ хуулийн 50.2-т заасан тодорхой асуудлыг шийдвэрлэх санал асуулгыг зохион байгуулах, эрхлэн явуулах, дүнг гаргах журмыг Засгийн газар тогтооно.
51 дүгээр зүйл.Хот, тосгоны оршин суугчийн эрх, үүрэг
51.1.Хот, тосгоны оршин суугч дараах эрхтэй:
51.1.1.сонгуулийн эрх бүхий оршин суугч нь тухайн хот, тосгоны удирдлагыг сонгох, түүнд сонгогдох;
51.1.2.хууль тогтоомжид заасан журмын дагуу хот, тосгоны удирдлагаас мэдээлэл авах, санал өгөх;
51.1.3.хот, тосгоны төсвийг боловсруулж, батлахад санал өгөх
51.1.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.
51.2.Хот, тосгоны оршин суугч дараахь үүрэг хүлээнэ:
51.2.1.хот, тосгоны эдэлбэр газрын хүрээнд хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
51.2.2.хот, тосгоны Зөвлөл болон Захирагчийн шийдвэр, хот, тосгоны дүрэм, стандартыг сахин биелүүлэх;
51.2.3.хотын албан татвар төлөх;
51.2.4.хотын соёл, харилцааны хэм хэмжээг хүндэтгэн сахих;
51.2.5.өөрийн өмчлөл, эзэмшлийн газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ашиглах;
51.2.6.хот, тосгоны хэмжээнд зохиогдож буй тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээнд оролцох;
51.2.7.хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу суурьшлын бүсэд оршин сууж, орчноо цэвэр үзэмжтэй байлгах.
51.3.Хот, тосгонд түр оршин суугч нь амьдарч байх хугацаандаа энэ хуулийн 51.2-д заасан үүргийг хүлээнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
52 дугаар зүйл.Бэлгэ тэмдэг
52.1.Хот, тосгон нь бэлгэ тэмдэгтэй байна.
52.2.Хот, тосгоны бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг хотын Зөвлөл, тосгоны Захирагч батална.
53 дугаар зүйл.Хот, тосгоны нэрэмжит цол, бусад шагнал
53.1.Хот, тосгоны хүндэт иргэний болзол хангасан болон хот, тосгоныг хөгжүүлэх ажилд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүндэт иргэн цол олгох, байгууллага, хамт олон, хүмүүсийг хүндэт тэмдэг, нэрэмжит болон бусад шагналаар шагнах, хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах асуудлыг Захирагч шийдвэрлэнэ.
54 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
54.1.Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(7_Хот,_тосгоны_эрх_зүйн_байдлын_тухай_хуулийн_шинэчилсэн_найруулгын.docx)