Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 12-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР
ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байгаль орчинд ээлтэй ногоон, ухаалаг Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хархорум хотын хууль тогтоомж
2.1.Хархорум хотын хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Хот байгуулалтын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хархорум хот (цаашид “хот” гэх)-ыг бүтээн байгуулах, хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтоохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад хуульд заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргийг хотын удирдлага нэгэн адил хэрэгжүүлнэ.
4 дүгээр зүйл.Хотын бүтээн байгуулах, хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим
4.1.Хотыг бүтээн байгуулах, хөгжлийг дэмжихэд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1.Монгол үндэстэн, угсаатны уламжлалт үнэт зүйл, түүх, соёлын биет болон биет бус өвийг сэргээж орчин үеийн технологитой хослуулсан тогтвортой хөгжилтэй ухаалаг хот байх;
4.1.2.бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах;
4.1.3.хотын бүтээн байгуулалтад хот төлөвлөлтийн баримт бичгийг баримтлах;
4.1.4.түүх, соёлын дурсгалт газар, археологи, соёлын биет болон биет бус өв, байгалийн онцлог, нүүдлийн соёл иргэншилд түшиглэн орчин үеийн олон төрөлт тогтвортой аялал жуулчлалыг дэмжих;
4.1.5.дэвшилтэт технологи, инновацад суурилсан агаар, орчны бохирдолгүй ухаалаг дэд бүтэц бүхий хотыг хөгжүүлэх;
4.1.6.олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх;
4.1.7.ахмад настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй хүн /тусгай хэрэгцээт/, гэрийн тэжээвэр амьтны амьдрах орчныг бүрдүүлсэн, нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх хүмүүнлэг хот байх;
4.1.8.эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг дэмжих;
4.1.9.эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой байх;
4.1.10.хотын бүтээн байгуулалт, үйл ажиллагаа оршин суугчийн нийтлэг эрх, ашиг сонирхолд нийцсэн байх;
4.1.11.орчны аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх;
4.1.12.Улаанбаатар хот болон бусад бүс нутагтай холбогдох зорчигч болон ачаа тээврийн сүлжээ бүхий хотыг хөгжүүлэх;
4.1.13.олон төрөлт нийтийн тээвэр, явган алхалт, унадаг дугуй зэрэг цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дэмжсэн байх;
4.1.14.сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг дэмжих.
5 дугаар зүйл.Хотын эрх зүйн үндэс
5.1.Хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт бүхий, нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх улсын зэрэглэлтэй хот байна.
5.2.Хот нь нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.
5.3.Эрх зүйн харилцаанд хотыг Хотын захирагч төлөөлнө.
5.4.Хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасан дүрэмтэй байх бөгөөд дүрэмдээ тус хуулийн 8.2-т зааснаас гадна дараах асуудлыг тусгана:
5.4.1.хотын Зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны дэг;
5.4.2.хотын Захирагч, түүний ажлын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа;
5.4.3.хотын бэлгэ тэмдэг;
5.4.4.хотын оршин суугчийн оролцоо;
5.4.5.бусад.
6 дугаар зүйл.Хотын байршил, эдэлбэр газрын хэмжээ
6.1.Хот нь эдэлбэр газартай байх бөгөөд эдэлбэр газрын хэмжээг тогтоох, түүнийг өөрчлөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
7 дугаар зүйл.Хот төлөвлөлтийн баримт бичиг
7.1.Хот нь хот төлөвлөлтийн дараах баримт бичигтэй байна:
7.1.1.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал;
7.1.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
7.1.3.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;
7.1.4.төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл;
7.1.5.барилгажилтын төсөл;
7.1.6.тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө.
7.2.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн хуралдаанд танилцуулж, зөвшөөрөл авсан байна.
7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан төлөвлөгөөг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах бөгөөд төлөвлөгөөг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
7.4.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын Захирагчийн саналыг үндэслэн хотын Зөвлөл, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг хотын Захирагч тус тус баталж, олон нийтийн оролцоог хангаж хяналт тавина.
8 дугаар зүйл.Хот төлөвлөлтөд тавигдах шаардлага
8.1.Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуульд заасан болон олон улсын стандартад заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
1.1.бүсчлэлийн зориулалтаас хамааран иргэд оршин суугаа газраасаа 300-800 метр зайд сургууль, цэцэрлэгт явах, нийгэм, соёлын болон эрүүл мэндийн үйлчилгээ авах, амрах, зугаалах, нийтийн тээврийн буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээний газарт хүрэх боломжийг бүрдүүлэх;
8.1.2.ногоон хот байгуулах зорилтын хүрээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлсон хотын суурьшлын бүсийн 50-иас доошгүй хувь нь ногоон байгууламж байх;
8.1.3.амины орон сууцнаас бусад нийтийн орон сууцны зориулалтаар төлөвлөх газрын доод хэмжээ 1 га байх;
8.1.4.орон сууцнаас бусад зориулалтаар төлөвлөх газрын доод хэмжээ 0,2 га байх;
8.1.5.хүн амын нягтралыг 460 хүн/га-аас ихгүй байхаар төлөвлөх;
8.1.6.барилга байгууламжийн зураг төсөл нь энэ хуулийн 7.1-д заасан төлөвлөгөөний шийдэл, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх;
8.1.7.барилга байгууламжийн гадна засал, өнгөний шийдэл нь гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдсан байх;
8.1.8.хотын гол гудамж замыг явган зам, мопед, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийн хамт цогцоор нь төлөвлөсөн байх;
8.1.9.саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах технологид тулгуурлах;
8.1.10.хотын газар доорх орон зайг ашиглан инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний төлөвлөлт, бүтээн байгуулалтад хонгилын системийг стандарт шаардлагыг хангаж нэвтрүүлэх;
8.1.11.нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглах орон зайг бий болгох;
8.1.12.нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулж экосистемийг хамгаалах боломжтой байх;
8.1.13.хөгжлийн бэрхшээлтэй хүн (тусгай хэрэгцээт)-д зориулсан хөтөчтэй явган хүний зам, дуут гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн зогсоол, нийтийн тээврийн хэрэгслийн тоноглол, нийтийн үйлчилгээний барилга, байгууламжид ариун цэврийн өрөө төлөвлөх;
8.1.14.инженерийн бэлтгэл арга хэмжээ, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан болон хийн хангамж, зам, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг дэд бүтэц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж барих ажлыг нэн тэргүүнд зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх;
8.1.15.нийтийн тээврийн хэрэгсэл нь хос болон цахилгаан тэжээлтэй байх;
8.1.16.олон улс, бүс нутаг, хөрш орнуудыг холбосон аялал жуулчлалын коридорыг байгуулах;
8.1.17.усны эх үүсвэр, усан хангамж, эрчим хүч, зам тээвэр, тээврийн хэрэгслийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх.
8.2.Хотын бүтээн байгуулалт, барилга байгууламж, инженерийн дэд бүтцэд ухаалаг шийдэл нэвтрүүлнэ.
9 дүгээр зүйл.Хотын бүсчлэл
9.1.Хотын эдэлбэр газар дараах бүсчлэлтэй байна:
9.1.1.аялал жуулчлалын бүс;
9.1.2.археологи судалгааны бүс;
9.1.3.нийгмийн дэд бүтцийн бүс;
9.1.4.орон сууцны бүс;
9.1.5.олон нийтийн бүс;
9.1.6.амралт, ногоон байгууламжийн бүс;
9.1.7.тээвэр, логистикийн бүс;
9.1.8.үйлдвэрлэлийн бүс;
9.1.9.инженерийн дэд бүтцийн бүс;
9.1.10.тусгай зориулалтын бүс;
9.1.11.хөдөө аж ахуйн бүс;
9.1.12.хамгаалалтын бүс;
9.1.13.холимог ашиглалтын бүс;
9.1.14.нөөц бүс /цагаан газар/.
9.2.Дээрх бүсүүдэд явуулах үйл ажиллагааг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр нарийвчлан тодорхойлно.
9.3.Энэ хуулийн 9.1-д заагаагүй бүсчлэлийг Засгийн газар шинээр тогтоож болно.
10 дугаар зүйл.Хотын газар зохион байгуулалт
10.1.Хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөлд үндэслэх бөгөөд хотын Захирагчийн саналыг үндэслэн хотын Зөвлөл батална.
10.2.Хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлэн газрыг эзэмших, ашиглах эрхийг хотын Захирагч олгоно.
10.3.Хотын эдэлбэр газарт төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээ, улс, хотын төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газар эзэмшүүлэх, ашиглуулахаас бусад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэнэ.
10.4.Бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулах аргаар иргэн, хуулийн этгээдэд газрыг эзэмшүүлж, ашиглуулж болно.
10.5.Газар эзэмших, ашиглах гэрээнд Газрын тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:
10.5.1.Газрыг гэрээнд заасан бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашигласан, эсхүл ашиглахаар барилга угсралтын ажил хийгдэж байгаа бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах;
10.5.2.бүтээн байгуулалтын төслийг гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглах эрх дуусгавар болох.
10.6.Хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн дагуу Засгийн газрын шийдвэрээр улс, хотын төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
10.7.Улсын тусгай хэрэгцээнд авахаас өмнө газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх авсан хуулийн этгээд нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрийн хөрөнгө, хот болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж болох бөгөөд энэ хуулийн 10.6-д заасан нөхцөл үүсэн тохиолдолд Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.
11 дүгээр зүйл.Хотын хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах
11.1.Хот нь оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хот төлөвлөлтийн баримт бичигтэй уялдсан ухаалаг хотын төлөвлөлттэй байна.
11.2.Ухаалаг хотын төлөвлөлтөд инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг ашиглах бөгөөд дараах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ:
11.2.1.эрүүл мэнд, боловсрол, соёлын зэрэг нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх;
11.2.2.их өгөгдөлд суурилан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж, үр дүнг тооцоолох;
11.2.3.мэдээлэл солилцох системийг үүсгэх, түүний тасралтгүй, найдвартай байдал болон кибер аюулгүй байдлыг хангаж, хүний хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийг саадгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх;
11.2.4.хотоос үзүүлэх үйлчилгээг цахим, ухаалаг системээр авах нөхцөлийг бий болгох;
11.2.5.оршин суугч болон иргэдэд мэдээллийг нээлттэй, ил тод хүргэх, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;
11.2.6.хотын инженерийн дэд бүтэц, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээврийн удирдлага, орчны аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, агаарын чанарын болон орчны бохирдол, чийгшил, байгаль орчны стандартыг хэмжих, хянах, мэдээлэх нөхцөлийг бүрдүүлэх;
11.2.7.оршин суугчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах, хотын үйл ажиллагаатай холбоотой санал асуулга зохион байгуулах цахим оролцооны систем ажиллуулах;
11.2.8.харилцаа холбооны сүлжээг сайжруулж хотын интернэт хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
11.2.9.тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих;
11.2.10.оршин суугчийн цахим ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх, цахим орчинд хүүхэд хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан төлөвлөлтөд хотын үйл ажиллагаа, төлөвлөлтийн талаарх олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах этгээд, хүрэх үр дүнг хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тооцож, хотын Захирагч батлах бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулна.
11.4.Хот нь энэ хуулийн 11.2-т заасны дагуу үүсгэх оршин суугчид зориулсан мэдээллийн системийг хөгжлийн бэрхшээлтэй хүн (тусгай хэрэгцээт хүн) саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ ХОТ БАЙГУУЛАЛТЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
12 дугаар зүйл.Хотын чиг үүрэг
12.1.Хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1-д заасан чиг үүргээс гадна өөрийн эдэлбэр газрын хэмжээнд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:
12.1.1.хотын хөгжлийн бодлого, төлөвлөлт;
12.1.2.хотын өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;
12.1.3.хотын төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;
12.1.4.хотын хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, хяналт;
12.1.5.хотын худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;
12.1.6.хотын замын хөдөлгөөний зохицуулалт;
12.1.7.цэвэрлэх байгууламж, үерийн далан, сувгийн байгууламж;
12.1.8.гудамж, зам, талбай, барилга байгууламжийн нэр, хаягжуулалтын зохицуулалт;
12.1.9.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;
12.1.10.хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт;
12.1.11.хотын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт;
12.1.12.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;
12.1.13.оршуулгын газрын нийтлэг зохицуулалт, менежмент.
13 дугаар зүйл.Хотын зохион байгуулалт
13.1.Хот нь зохион байгуулалтын хувьд хороололд хуваагдана. Хороолол нь энэ хуулийн 9.1-д заасан бүсчлэлийн дагуу зохион байгуулагдана.
14 дүгээр зүйл.Хотын удирдлага, түүний тогтолцоо
14.1.Хотын удирдлага дараах тогтолцоотой байна:
14.1.1.хотын Зөвлөл;
14.1.2.хотын Захирагч.
15 дугаар зүйл.Хотын зөвлөл, түүний бүрэн эрх
15.1.Хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг хотын Зөвлөл хэрэгжүүлнэ.
15.2.Хотын Зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
15.3.Хотын Зөвлөлийн 9 гишүүн нь хотын Захирагч болон Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодын төлөөлөл байна.
15.4.Энэ хуулийн 15.3-т заасан гишүүдийн 3-аас доошгүй гишүүн нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
15.5.Энэ хуулийн 15.3-т зааснаас бусад гишүүдийг хотын оршин суугчдаас сонгоно.
15.6.Хотын Зөвлөлийн бүрэн эрхийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.6.1.хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хотын стандарт, дүрэм, журам, заавар батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;
15.6.2.хотын Захирагчийн саналыг үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
15.6.3.хотын шагнал, бэлгэдлийг батлах;
15.6.4.хотын эдэлбэр газрын хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэх журмыг батлах;
15.6.5.хотын өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах.
15.7.Хотын Зөвлөл хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээр баталсан захиргааны хэм хэмжээ агуулсан заавар, стандарт, журам, дүрмийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
15.8.Хотын Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
16 дугаар зүйл.Хотын Захирагч, түүний бүрэн эрх
16.1.Хотын Захирагчийг хотын оршин суугчдаас шууд, чөлөөтэй сонгуулийн үндсэн дээр сонгож, Ерөнхий сайд батламжилна.
16.2.Хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлага нь хотын Захирагч байна.
16.3.Хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
16.4.Хотын Захирагч тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
16.5.Хотын Захирагч ажлын алба болон харьяа газартай байна.
16.6.Хотын Захирагчийн ажлын алба болон харьяа газрын бүтэц, орон тооны хязгаарыг Захирагчийн санал болгосноор Засгийн газар, дүрмийг хотын Захирагч батална.
16.7.Хотын Захирагч нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.7.1.хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
16.7.2.түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, соёлын олон төрөлт үйл ажиллагаа явуулах, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах;
16.7.3.оршин суугч, хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх;
16.7.4.барилга байгууламжийн загвар зургийг батлах;
16.7.5.хот төлөвлөлтийн баримт бичиг, суурь судалгаа боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавих, батлуулах ажлыг зохион байгуулах;
16.7.6.хот төлөвлөлтийн баримт бичиг, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах;
16.7.7.хот төлөвлөлтийн баримт бичигтэй нийцүүлэн барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тэдгээрийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах;
16.7.8.хот төлөвлөлтийн баримт бичигт нийцээгүй барилга, байгууламжийг барих, үргэлжлүүлэх, ашиглахыг зогсоох;
16.7.9.барилга байгууламжийн гадна засал /фасад/, өнгөний шийдэл, хаягжуулалтын загварыг тухайн гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдуулан батлах;
16.7.10.гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, мэдээллийн системд бүртгэх;
16.7.11.хотын бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн техникийн нөхцөлийг батлах;
16.7.12.төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтад захиалагчийн хяналт тавих;
16.7.13.Засгийн газраас баталсан журмын дагуу бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
16.7.14.хот байгуулалтын орон зайн мэдээллийн системийг үүсгэж, түүний баяжуулалт, бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах;
16.7.15.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр гадаадын болон олон улсын байгууллагатай санамж бичиг, гэрээ байгуулах, хуульд заасан бусад арга хэлбэрээр хамтран ажиллах;
16.7.16.хотын өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг нь томилох, чөлөөлөх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;
16.7.17.бүтээн байгуулалтын явцад археологийн олдвор илэрсэн тохиолдолд хотын музейд бүртгэж байршуулах, томоохон байгууламжийн туурь илэрсэн тохиолдолд археологийн бүсэд хамруулах;
16.7.18.энэ хуулийн 10.4, 10.6, 16.7.13-д заасан журмын төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;
16.8.Хотын Захирагч энэ хуулийн 16.7-д заасан бүрэн эрхийг хариуцсан чиглэлийн хүрээнд харьяа газарт шилжүүлж болно.
17 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал
17.1.Хот нь Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаас гадна хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой дараах мэдээллийг өөрийн цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна:
17.1.1.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал;
17.1.2.хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурь судалгаа;
17.1.3.бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл;
17.1.4.барилгажилтын төсөл;
17.1.5.хотын эдэлбэр газарт газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн нэр, нэгж талбар, хаяг байршил, газар эзэмших, ашиглах гэрээ, үнэлгээний талаарх мэдээлэл;
17.1.6.бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл;
17.1.7.хот хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, санхүүжилт, зарцуулалт;
17.1.8.энэ хуулийн 29.1.2-т заасан хуулийн этгээдийн үйл ажиллагаа, төсөв, санхүүгийн мэдээлэл;
17.1.9.төлөвлөлтийн талбайгаас олдсон археологийн олдворын талаарх мэдээлэл.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ
18 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих
18.1.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлах, хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
18.2.Хот дараах чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно:
18.2.1.орчны аюулгүй байдал, агаарын чанарын болон орчны бохирдлыг хэмжих мэдрэгч төхөөрөмж байршуулах, арчлалт, засвар, үйлчилгээ;
18.2.2.хотын авто зам, зогсоолын төлөвлөлт, арчлалт, засвар, үйлчилгээ;
18.2.3.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламж, ашиглалт, засвар, үйлчилгээ;
18.2.4.хотын музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолбор, нийтийн соёл, амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, ашиглалт, засвар, үйлчилгээ;
18.2.5.түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
18.2.6.гудамж, зам, талбай, барилга байгууламжийн нэр, хаягжуулалт;
18.2.7.хотын нийтийн тээвэр, такси үйлчилгээ;
18.2.8.хог хаягдлын менежмент, үйлчилгээ;
18.2.9.орон сууц, тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ;
18.2.10.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, түүнд тавих хяналт;
18.2.11.олон улсын болон орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагаа;
18.2.12.нийгмийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхэд ашиглах системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, түүний засвар, арчлалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах;
18.2.13.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах;
18.2.14.бүх нийтийн цахим ур чадварын түвшинг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
18.2.15.гадна болон явуулын зар сурталчилгааны хяналт, арчлалт, засвар, үйлчилгээ;
18.2.16.оршуулгын газрын менежмент, арчлалт, засвар, үйлчилгээ.
ТАВДУГААР БҮЛЭГ ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС
19 дүгээр зүйл. Хотын эдийн засгийн үндэс
19.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутаг, хотын өөрийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө, хотын өмч, татварын болон татварын бус орлого, төлбөр, хураамж, хот хөгжүүлэх сангийн хөрөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив, тусламж, ногдол ашиг болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлогоос бүрдэнэ.
19.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
20 дугаар зүйл.Орон нутгийн дэмжлэг
20.1.Орон нутаг нь хотын эрчим хүч, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, харилцаа холбоо, инженерийн бэлтгэл арга хэмжээ, хог хаягдалтай холбоотой зөвшөөрөл, үйлчилгээг саадгүй үзүүлнэ.
20.2.Орон нутаг нь хотод дараах дэмжлэгийг үзүүлнэ:
20.2.1.өөрийн мэдлийн өмчийг хотод хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;
20.2.2.төрийн үйлчилгээг шуурхай, нэг цонхоор үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
20.2.3.салбарын хяналт шалгалтыг давхардуулахгүй байх.
21 дүгээр зүйл.Хотын төсөв, татвар
21.1.Хот нь Төсвийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдсэн төсөвтэй байна.
21.2.Энэ хуулийн 13.1-д заасан хороолол нь хотын төсвийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг байна.
21.3.Хотын төсвийг энэ хууль болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хотын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
21.4.Хотын төсвийн харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.
21.5.Хотын албан татварыг холбогдох татварын хуулиар зохицуулна.
22 дугаар зүйл.Хотын өмч
22.1.Хот нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах өмчтэй байна.
22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хотын эдэлбэр газар доорх инженерийн байгууламж, хонгилын систем нь хотын өмчлөлд байна.
22.3.Хотын өмчийн харилцааг хуулиар зохицуулна.
23 дугаар зүйл.Чөлөөт бүс, гаалийн тусгай бүс, үйлдвэр технологийн парк байгуулах
23.1.Хотод өндөр технологи, эрүүл мэнд, аялал жуулчлалын чөлөөт бүс болон үйлдвэр технологийн паркийг холбогдох хуульд заасан журмын дагуу байгуулж болно.
23.2.Хотод хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор гаалийн тусгай бүс байгуулж болно.
24 дүгээр зүйл.Үнэт цаас гаргах
24.1.Хот нь Зөвлөлийн шийдвэрээр Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн үнэт цаас гаргаж болно.
25 дугаар зүйл.Хот хөгжүүлэх сан
25.1.Хот нь хот хөгжүүлэх сантай байх бөгөөд дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
25.1.1.хотын төсвийн орлогын 10 хүртэлх хувь;
25.1.2.гадаад, дотоодын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж;
25.1.3.энэ хуулийн 28.1.2-т заасан хуулийн этгээдийн ногдол ашгийн 10 хүртэлх хувь;
25.1.4.чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн аж ахуйн үйл ажиллагааны орлогын 5 хүртэлх хувь;
25.1.5.дулаан, цахилгаан, цэвэр усаар хангах, түгээх, бохир ус татан зайлуулах байгууллагын тухайн жилийн дээрх үйл ажиллагааны орлогын 1.5-аас доошгүй хувь;
25.1.6.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн 50 хүртэлх хувь;
25.1.7.хуулиар хориглоогүй бусад.
25.2.Сангийн хөрөнгийг доор дурдсан зориулалтаар зарцуулна:
25.2.1.инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх;
25.2.2.түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх;
25.2.3.цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламж.
25.3.Энэ хуулийн 25.1-д заасан санг байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.
25.4.Хот хөгжүүлэх сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх зэргээр сангийн хөрөнгийг энэ хуулийн 25.2-т зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
26 дугаар зүйл.Төрөөс хотын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх
26.1.Хотын бүтээн байгуулалтыг улс, хотын төсөв, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, хандив, тусламж, сангийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр үе шаттай санхүүжүүлнэ.
27 дугаар зүйл.Хөрөнгө оруулалт, түүний тогтвортой байдлыг хангах
27.1.Хотыг бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих болон хотын эдэлбэр газарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг баталгаатай, тогтвортой байлгах нөхцөлийг энэ хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.
27.2.Хөрөнгө оруулагчид тогтворжуулалтын гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл, шаардлага, хугацаа болон энэ хуульд тусгайлан зохицуулаагүйгээс бусад харилцааг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.
27.3.Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нь Компанийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хотын улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
27.4.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрчлөгдөхөөс үл хамаарч хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангана;
28 дугаар зүйл.Тогтворжуулалтын гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, цуцлах
28.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан шалгуурыг хангасан тохиолдолд хөрөнгө оруулагчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн хотын Захирагч доор дурдсан хугацаагаар тогтворжуулалтын гэрчилгээг олгоно:
Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/ Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/ Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа /жилээр/ 5-10 хүртэл 4 2 10-30 хүртэл 6 2 30-50 хүртэл 8 3 50-100 хүртэл 10 4 100-200 хүртэл 12 5 200-300 хүртэл 14 6 300-аас дээш 16 6
28.2.Бүтээн байгуулалтын төсөлд 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын эрх олгосноор хотын Захирагч байгуулж болно.
28.3.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19.1-д заасан болон хөрөнгө оруулалтын гэрээ, газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөлийг ноцтой зөрчсөн, гэрээг цуцлах үндэслэл үүссэн тохиолдолд бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулалтын гэрчилгээ, газар эзэмших, ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг нэг талын санаачилгаар цуцална.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасан үндэслэлээр бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулалтын гэрчилгээ, газар эзэмших, ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалснаас үүдэлтэй хохирлыг хөрөнгө оруулагч тал хариуцна.
28.5.Бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулалтын гэрчилгээ, газар эзэмших, ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч талаас төсөл хэрэгжих талбайд оруулсан хөрөнгө оруулалтыг хөндлөнгийн эрх бүхий этгээдийн хийсэн үнэлгээнд үндэслэн төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа энэ зүйлийн 28.4-т заасан хохирлыг суутгасны дараах үлдэгдлийг хөрөнгө оруулагч талд буцаан олгоно.
28.6.Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрөөр заагаагүй бол хотын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжих төслийн явцад бий болсон Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.1-д заасан оюуны өмчийг өмчлөх эрх хотын захирагчид хадгалагдана.
29 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын хэлбэр
29.1.Хөрөнгө оруулалтыг хотод дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
29.1.1.бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтын үр дүнгээр гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох;
29.1.2.хот нь дангаар, эсхүл хөрөнгө оруулагчтай хамтран бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх зориулалт бүхий хөгжүүлэлт хариуцсан хуулийн этгээд байгуулах;
29.1.3.нээлттэй хувьцаат компани байгуулан нийтэд энгийн болон давуу эрхийн хувьцаа гаргах байдлаар хамтран хөрөнгө оруулалт хийх;
29.1.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу хамтран түншлэлийг хэрэгжүүлэх;
29.1.6.хуулиар хориглоогүй хөрөнгө оруулалтын бусад хэлбэр.
29.2.Энэ зүйлийн 29.1.1-д заасан бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулах журмыг хотын захирагчийн саналыг үндэслэн Засгийн газар батална.
30 дугаар зүйл.Татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг
30.1.Хотод бүртгэлтэй хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна хотод 5 тэрбум төгрөг буюу түүнээс дээш хэмжээний төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ.
30.2.Энэ зүйлд заасан хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын хөрөнгө оруулалтын дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна.
30.3.Хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлнэ:
30.3.2.бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадаас авах ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх;
30.3.3.бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадаас авах ажиллах хүчний хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй сургах;
30.3.4.хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулахад шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах;
30.3.5.хуульд заасан бусад дэмжлэг.
30.4.Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг энэ хууль болон Чөлөөт бүсийн тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Инновацийн тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
30.5.Хот нь хөрөнгө оруулагчид төрийн үйлчилгээний талаар зөвлөх болон бүртгэл, зөвшөөрлийн цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлнэ.
30.6.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.
30.7.Энэ зүйлийн 30.6-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ажиллах журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД
31 дүгээр зүйл.Хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах
31.1.Хотын удирдлага засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, хотын удирдлагатай холбогдох асуудлаар хамтран ажиллаж болно.
32 дугаар зүйл.Хотын өдөр, бэлгэдэл, шагнал
32.1.Хотын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдөр байна.
32.2.Хот нь эртний Хархорум хотын түүх, өв соёл, уламжлалыг илэрхийлсэн “Мөнгөн мод” бүхий бэлгэдэлтэй байна.
32.3.Хотын бэлгэдэл, шагналыг Зөвлөлийн хуралдаанаас батална.
33 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн үүрэг
33.1.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хот төлөвлөлтийн баримт бичиг, хотын стандартыг мөрдөх, хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
34 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
34.1.Үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
34.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
34.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгч нь хотын удирдлагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу шүүх, эсхүл арбитраар шийдвэрлүүлнэ.
34.4.Хотын эдэлбэр газар, инженерийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна. Гэм буруутай этгээд нь бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгч бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
35 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
35.1.Хархорум хотын байнгын оршин суугчийн тоо 15000 хүрснээр Хархорум хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна.
35.2.Энэ хуулийн 35.1-д заасан сонгууль зохион байгуулах хүртэлх хугацаанд энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг Засгийн газраас томилсон Хотын Захирагч хэрэгжүүлнэ..
35.3.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хотын Зөвлөл хуулийн дагуу сонгогдох хүртэлх хугацаанд Зөвлөлийн хуулиар хүлээсэн бүрэн эрхийг дараах 11 /арван нэг/ төлөөллөөс бүрдсэн Зөвлөл хэрэгжүүлнэ:
35.3.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын санал болгосон тус бүр 1 /нэг/ төлөөлөл;
35.3.2.энэ хуулийн 35.2-т заасан этгээд;
35.3.3.хотын Захирагчийн ажлын албанаас санал болгосон хоёр төлөөлөл;
35.3.4.Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас санал болгосон нэг төлөөлөл;
35.3.5.хот төлөвлөлтөд хамрагдсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хариуцсан аймгийн Засаг дарга;
35.3.6.хот төлөвлөлтийн мэргэжлийн холбоодын санал болгосон нэг төлөөлөл;
35.3.7.хүний эрхийн чиглэлийн иргэний нийгмийн байгууллагын нэг төлөөлөл.
35.4.Энэ хуулийн 35.3.4, 35.3.6, 35.3.7-д заасан төлөөллийг нээлттэй нэр дэвшүүлж, тэдгээрээс сонгогдсон гишүүдийг бусад гишүүдийн хамт Засгийн газар томилно.
35.5.“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны төсөв, хөрөнгө, эрх, үүрэг, бүтэц бүрэлдэхүүн хотын Захирагчийн ажлын албанд шилжинэ.
36 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
36.1.Энэ хуулийг … оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
Эцсийн хэлэлцүүлэг -Бусад
Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар
Эцэслэн батлах -Эцэслэн батлуулах төслийн хувилбар