Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Лувсанбямбаагийн МӨНХБАЯСГАЛАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 10-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь усны нөөц, усны сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усыг бохирдохоос сэргийлэх, усны харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, нэгдмэл удирдлагаар хангахтай холбоотой харилцааг зохицуулах замаар усаар хангагдах эрхийг баталгаажуулахад оршино.
2 дугаар зүйл. Усны тухай хууль тогтоомж
2.1. Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын хилийн усыг хамтран ашиглах, хамгаалах асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу зохицуулна.
3 дугаар зүйл. Усны харилцаанд баримтлах зарчим
3.1. Усны харилцаанд дараах зарчмыг баримтална:
3.1.1. усны нөөц, усны экосистемийн тэнцвэрт байдал, аюулгүй байдлыг хангах, үнэ цэнийг хадгалах;
3.1.2. стандартад нийцсэн унд, ахуйн ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг баталгаажуулах;
3.1.3. тэгш хүртээмжтэй байх;
3.1.4. усны нөөцийг хамгаалах талаар бүс нутгийн болон олон улсын усны хамтын ажиллагааг бэхжүүлэх;
3.1.5. усны нөөцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, усыг үр ашигтай, хэмнэлттэй, дахин ашиглах;
3.1.6. ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлөх, хариуцлага хүлээх;
3.1.7. усны нөөцийн менежмент нэгдмэл байх;
3.1.8. олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "усны нөөц" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус, газар доорх ус болон хур тунадсыг;
4.1.2. “гадаргын ус” гэж газрын гадарга дээр ил орших мөстөл, мөсөн гол, нуур, намаг, гол, мөрөн, горхи, рашаан, булаг шанд, тойром зэрэг байгалийн ус, усан сан, хөв, цөөрөм зэрэг ус нөөцлүүрт хуримтлуулсан усыг;
4.1.3. “газар доорх ус” гэж газрын гадаргаас доош хөрс, хурдас, чулуулгийн нүх сүв, ан цав, хөндий болон уст давхаргад хуримтлагдсан, хөдөлгөөнд орших чөлөөт болон даралтат усыг;
4.1.4. “хилийн ус” гэж Монгол Улсын хилийн шугамын дагуу ба хил дамнан оршиж буй гадаргын ба газар доорх усыг;
4.1.5. “мөстөл, мөсөн гол” гэж олон жилийн турш хуримтлагдсан цас нягтарч мөс болон тогтож, уулын орой, хажуу, хунх, хөндийд тархсан бөгөөд таталцлын хүчний нөлөөгөөр аажмаар шилжин хөдөлдөг байгалийн цас, мөсөн хуримтлалыг;
4.1.6. “цэвдэг” гэж хоёр жил буюу түүнээс дээш хугацаанд тэг ба түүнээс доош цельсийн хэмд оршиж байгаа мөс ба хөрс, чулуулгийн орчныг;
4.1.7. “усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, хадгалах, зохицуулах, ашиглах зорилгоор байгуулсан барилга, байгууламж, хөв цөөрөм, хур тунадасны ус нөөцлүүрийг;
4.1.8. “усан орчин” гэж усны сан бүхий газар, түүнтэй харилцан хамаарал бүхий усны экосистем болон усны амьд организмын амьдрах орчныг;
4.1.9. "усны ашиглах боломжит нөөц" гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд усны эх үүсвэрийн тогтоосон нөөцөөс ашиглаж болох усны хэмжээг;
4.1.10. "усны сав газар" гэж гадаргын болон газар доорх усны урсац бүрдэх ус хурах талбай ба түүний ул хөрс, гео-орчин, тэжээгдэлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг;
4.1.11. “усны сан бүхий газар” гэж байнгын болон түр зуурын ус, урсацтай нуур, тойром, гол, мөрөн, горхи, булаг, шанд, рашаан, намаг, ус намгархаг газар, мөстөл, мөсөн гол, татам, байгалийн болон хиймэл усан сан, хөв, цөөрөм, суваг, шуудууны талбайг;
4.1.12. "гол, мөрний урсац бүрэлдэх эх" гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;
4.1.13. "усны эх үүсвэр" гэж ус хангамжийн зорилгоор ашиглаж байгаа гадаргын болон газар доорх усыг;
4.1.14. "рашаан" гэж физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий бөгөөд эмчилгээ, сувилгааны ач холбогдлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байгалийн ус, шаврыг;
4.1.15. "рашааны орд" гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг;
4.1.16. "онцгой хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдох, доройтохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;
4.1.17. "энгийн хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хамгаалах зорилгоор онцгой хамгаалалтын бүсийн гадна тогтоосон зурвас газрыг;
4.1.18. "эрүүл ахуйн бүс" гэж ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;
4.1.19. "усны барилга байгууламж" гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газар доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах, усны эрчим хүчийг ашиглах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг;
4.1.20. "услалтын систем" гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газар доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг;
4.1.21. "ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, ус татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг;
4.1.22. "усны нөөцийн менежментийн төлөвлөгөө" гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичгийг;
4.1.23. "усны экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, экосистем, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
4.1.24. "усны нөөцийн хомсдол" гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэн доройтохыг;
4.1.25. "усны бохирдол" гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйлийн улмаас байгалийн усны найрлага, физик, химийн болон биологийн шинж чанар өөрчлөгдөж, чанар нь доройтохыг;
4.1.26. "усны чанар" гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, биологийн цогц шинж чанарыг;
4.1.27. "усны чанарын стандарт" гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;
4.1.28. "бохирдуулах бодис" гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг;
4.1.29. "аюултай бохирдуулах бодис" гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг;
4.1.30. “хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад үйл ажиллагаанд ашигласны дараа чанар, найрлага нь өөрчлөгдөн зайлуулагдаж буй, эсхүл бохирдуулах бодис агуулсан усыг;
4.1.31. "хаягдал усны стандарт" гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан баримт бичгийг;
4.1.32. "ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт" гэж ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан баримт бичгийг;
4.1.33. "ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ усны нөөц, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
4.1.34. "ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр зөвхөн өрхийн хэрэгцээний унд, ахуй болон мал аж ахуй, газар тариаланд усны нөөц, усан орчныг хэрэглэдэг этгээдийг;
4.1.35. "ус бохирдуулагч" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.36. "усны тоо, бүртгэл" гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэр, усны барилга байгууламжийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;
4.1.37. "ус, рашааны нөөц ашигласны төлбөр" гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах, шавхан зайлуулахад төлөх төлбөрийг;
4.1.38. "ус бохирдуулсны төлбөр" гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;
4.1.39. "ус бохирдуулсны нөхөн төлбөр" гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх нэмэгдэл төлбөрийг;
4.1.40. “татам” гэж их ус, үерийн үед усанд автаж, гадаргын болон газар доорх усны харилцан солилцоо, ус намгархаг газрын экосистемийн үйл ажиллагааг хангадаг голын голдирол, нуурын усны захтай залгаа эргээр хязгаарлагдах байгалийн нам дор орон зайг;
4.1.41. "уст цэг" гэж энэ хуулийн 4.1.7, 4.1.11, 4.1.12, 4.1.13, 4.1.14, 4.1.15, 4.1.19, 4.1.20, 4.1.21 дэх заалтад заасан ус, усны эх үүсвэрийг;
4.1.42. "ус дахин ашиглах" гэж хаягдал усыг дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, зориулалтын дагуу ашиглахыг;
4.1.43. “намаг” гэж байнгын буюу түр хугацаанд ус, чийгийн нөлөөнд оршиж, усны ургамал, замаг давамгайлан ургадаг, ус чийгийн онцгой горим, хүлэржилт бүхий хөрстэй намгархаг газрыг;
4.1.44. "хөв" гэж хур борооны ус болон хайлсан цасны шар ус урсдаг сайр, гуу жалга, түр зуурын урсацтай сайр-горхины голдирлын урсгалыг тосож барьсан бага оврын боомт, ус хуримтлуулах, шингээх, газар доорх усыг зориудаар арвижуулах сан, ус гаргуур, илүүдэл ус хаяур зэргээс бүрдэх инженерийн хийцтэй усны барилга байгууламж бүхий усан санг;
4.1.45. “цөөрөм” гэж байнгын болон түр урсгал ус ба хур бороо, цасны усны түрэлт болон урсацыг тохируулах, усыг хуримтлуулах, шингээх, газар доорх усыг зориудаар арвижуулах зорилгоор энгийн ба инженерийн аргаар ухлаганд байгуулсан эсхүл байгалийн тогтцоор өөрөө үүсэж бий болсон нэг га хүртэлх талбайтай тогтоол усыг;
4.1.46. “эрэг” гэж урсгал ус, нуур, цөөрөм, тойром, усан сангийн хамгийн их устай эсхүл мөстэй байх үеийн татмын ирмэг газрыг;
4.1.47. “ус хагалбарын шугам” гэж сав газрын ус хурах талбайг хүрээлж буй уул, нуруудын орой, хярыг дагасан хилийн шугамыг;
4.1.48. “газар доорх усыг зориудаар арвижуулах” гэж хөв, цөөрөм байгуулан усыг газар доорх уст үе рүү шүүрүүлэн, чөлөөт гадаргатай уст үеийг зохиомлоор тэжээх үйл ажиллагааг;
4.1.49. “томоохон гол” гэж олон жилийн дундаж усны өнгөрөлт нь секундэд 20 шоо метр ба түүнээс дээш гол, мөрнийг;
4.1.50. “экологийн урсац” гэж гол мөрөн, нуурын болон ус намгархаг газрын экосистемийн бүтэц, үйл ажиллагаа, биологийн олон янз байдлыг хадгалахад шаардлагатай усны хэмжээг;
4.1.51. “усны ашиглалтын кадастр” гэж усны сан бүхий газрын байршил, хил зааг, усны нөөц, горим, чанар, ус ашиглалт, хэрэглээ болон усны барилга байгууламжийн талаарх мэдээллийг агуулсан, тогтмол шинэчлэгдэх нэгдсэн бүртгэлийг;
4.1.52. “шүүрлийн ус” гэж газар доорх ус болон гадаргын ус хөрс, хурдас, чулуулгийн нүх сүв, ан цав, ус нэвтрүүлэх үе давхаргаар дамжин байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уурхайн малталт, карьер, барилга байгууламжийн суурь, хонгил, далан, усан сан болон бусад байгууламжид шүүрч орж ирсэн усыг;
4.1.53. “цэнгэг ус” гэж байгалийн гаралтай, нийт эрдэсжилтийн хэмжээ нь литр тутамд 1000 миллиграммаас ихгүй, хүн амын ундны усны чанарын стандартын шаардлагад нийцсэн гадаргын болон газар доорх усыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УСНЫ НӨӨЦ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
5 дугаар зүйл. Усны нөөц
5.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг, төрийн нийтийн өмч мөн.
5.2. Усны нөөц, усны экосистем нь экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна.
5.3. Усны ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны сав газар бүрээр тогтооно.
5.4. Гадаргын болон газар доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлыг улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр газар доорх усны эрэл хайгуулын ажлыг хийж болно.
5.5. Усны нөөцийн ноцтой бохирдол, хомсдол, гамшигт үзэгдлийн нөлөөлөлтэй холбогдуулан усны аюулгүй байдлыг хангах зорилгоор гамшгийн онцгой нөхцөл байдлын дэглэм тогтоох асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар зохицуулна.
6 дугаар зүйл. Стратегийн ач холбогдол бүхий усны нөөц
6.1. Үндэсний аюулгүй байдал, хүн амын ундны усны хангамж, эдийн засгийн тогтвортой байдал, байгаль орчны болон усны экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор дараах усны нөөцийг стратегийн ач холбогдол бүхий усны нөөцөд тооцно:
6.1.1. үндэсний аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдол бүхий томоохон гол мөрөн, нуурын сав газар, газар доорх томоохон усны орд, нөөц;
6.1.2. хот, суурины хүн амын төвлөрсөн ус хангамжийн гол эх үүсвэр;
6.1.3. хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах усны эх үүсвэр;
6.1.4. экологийн хувьд эмзэг бүс нутгийн усны нөөц;
6.1.5. хил дамнасан гол мөрөн, нуур.
6.2. Стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар (цаашид “Засгийн газар” гэх)-ын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурал (цаашид “Улсын Их Хурал” гэх) батална.
6.3. Стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийг ашиглах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
6.4. Усны нөөц болон усны сан бүхий газрыг гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглоно.
6.5. Стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийн мэдээллийг хуульд заасны дагуу нууцална.
7 дугаар зүйл. Усны нөөцийн нэгдсэн менежмент
7.1. Усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлнэ.
7.2. Засгийн газар Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг арван жил тутамд баталж, хэрэгжүүлнэ.
7.3. Усны сав газрын менежментийн төлөвлөгөө нь усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд үндэслэнэ.
7.4. Усны сав газрын менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
7.4.1. усны нөөцийн одоогийн байдлын үнэлгээ;
7.4.2. уур амьсгалын өөрчлөлтийн усны нөөцөд үзүүлэх нөлөө, урьдчилан сэргийлэх, дасан зохицох арга хэмжээ;
7.4.3. усны эрэл, хайгуул, судалгаа, усны ашиглах боломжит нөөцийн хэмжээ;
7.4.4. экологийн урсацын хэмжээ;
7.4.5. усны сав газрын эмзэг байдлын үнэлгээ;
7.4.6. усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ;
7.4.7. усны нөөцийн зохистой хуваарилалт, ашиглалтын зохицуулалт;
7.4.8. усны сан бүхий газар, гол, нуурын татам, онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хил, хамгаалалтын дэглэм мөрдүүлэх, нөхөн сэргээх болон газар ашиглалтыг зохицуулах арга хэмжээ;
7.4.9. бусад.
7.5. Усны сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа усны сав газрын талуудын оролцооны зөвлөлөөр дамжуулан олон нийтийн оролцоог хангана.
7.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны сав газрын менежментийн төлөвлөгөөг таван жил тутамд шинэчилж, батална.
8 дугаар зүйл. Экологийн урсац
8.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага экологийн урсацыг тодорхойлох, хянан үнэлэх, шинэчлэх аргачлалыг батална.
8.2. Экологийн урсацыг энэ хуулийн 8.1-д заасан аргачлалын дагуу усны мэргэжлийн байгууллага тодорхойлж, усны нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
8.3. Баталсан экологийн урсацын хэрэгжилт, экосистемд үзүүлэх үр нөлөөг усны сав газрын менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан хянаж, усны горим, ус ашиглалт, экосистемд өөрчлөлт гарсан тохиолдолд нөхөн сэргээх арга хэмжээг авна.
9 дүгээр зүйл. Усны сав газрын эмзэг байдлын үнэлгээ
9.1. Усны сав газрын эмзэг байдлын үнэлгээнд усны нөөцийн хэмжээ, чанар, усны сан бүхий газрын экосистемд нөлөөлөх байгалийн болон хүний үйл ажиллагааны хүчин зүйлс, тэдгээрийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдэлийг хамруулна.
9.2. Усны мэргэжлийн байгууллага усны сав газрын эмзэг байдлын үнэлгээг усны сав газрын менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан хийнэ.
9.3
9.4. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны сав газрын эмзэг байдлын үнэлгээний аргачлалыг батална.
10 дугаар зүйл. Усны мэдээллийн сан, нээлттэй байдал
10.1. Усны мэдээллийн сан нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, хамгаалалтын бүс, орон зайн өгөгдөл, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит нөөцийн хэмжээ, усны ашиглалтын кадастр, хяналт-шинжилгээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулах, усны экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагч, эрэл хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт, ус ашигласны болон бохирдуулсны төлбөр, хүний нөөцийн бүртгэл зэрэг мэдээллээс бүрдэнэ.
10.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны мэдээллийн сангийн журмыг батална.
10.3. Усны тоо, бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж, усны мэдээллийн санд оруулна.
10.4. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн улсын усны төлөв байдлын тайланг жил бүр гаргаж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
10.5. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны ашиглалтын кадастрыг газрын кадастр, газар зохион байгуулалт, хот байгуулалтын мэдээллийн сантай уялдуулна.
10.6. Ус ашиглагч, хэрэглэгч нь усны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон усны сав газрын захиргаанд гаргаж өгөх үүрэгтэй.
10.7. Төрийн болон албаны нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хязгаарлалттай мэдээллээс бусад усны мэдээллийн сангийн мэдээлэл нээлттэй байна.
11 дүгээр зүйл. Хилийн усны талаарх хамтын ажиллагаа
11.1. Монгол Улс хилийн усны асуудлаар олон улсын байгууллага болон бусад улстай тогтмол хамтран ажиллана.
11.2. Хилийн усны хэлэлцээрээр хилийн усны аюулгүй байдал, ашиглалтыг зохицуулахдаа үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УСНЫ ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН БҮРЭН ЭРХ
12 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
12.1. Улсын Их Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой улсын хэмжээний бодлого батлах;
12.1.2. стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийн жагсаалтыг батлах;
12.1.3. томоохон гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлуулах, шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
12.1.4. усны экологи-эдийн засгийн үнэлгээг батлах;
12.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.
13 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
13.1. Засгийн газар усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. усны талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
13.1.2. усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, шилжүүлэх, ашиглах, нөхөн сэргээх, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эрэл хайгуул, судалгааны ажил, зураг, төсөв боловсруулах арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгуулах;
13.1.3. усны хомсдол, үерийн аюулаас хамгаалах, гадаргын усны хуримтлал бий болгох, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, хөнгөлөлт урамшуулал үзүүлэх;
13.1.4. хилийн усны асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээр байгуулах;
13.1.5. ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг усны экологи-эдийн засгийн үнэлгээний өөрчлөлт, ус ашиглалт, дахин ашиглалтын хувь, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдал, тухайн жилийн хур тундасны хэмжээ, инфляц зэргийг үндэслэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.3-т заасны дагуу жил бүр шинэчлэн тогтоох;
13.1.6. усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө батлах, хяналт тавих;
13.1.7. усны экологи-эдийн засгийн үнэлгээг дөрвөн жил тутам төгрөгийн ханш, инфляц, эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
13.1.8. улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэр гаргах;
13.1.9. томоохон голоос бусад голын урсацад тохируулга хийж, усны хуримтлал бий болгох, шилжүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх;
13.1.10. стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийн жагсаалтын саналыг боловсруулж, батлуулах;
13.1.11. энэ хуульд заасан дүрэм, журам, төлөвлөгөө, аргачлалыг батлах;
13.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйл. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
14.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1. усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг Усны Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газраар батлуулах, түүнийг хэрэгжүүлэх бодлого, салбар дундын болон бүс нутгийн зохицуулалтаар хангах;
14.1.2. усны нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;
14.1.3. усны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой бодлого боловсруулах, холбогдох шийдвэр гаргах;
14.1.4. гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн усны сав газрыг байгуулж, хилийн заагийг тогтоон, усны сав газрын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг батлах;
14.1.5. усны сав газрын захиргааны даргыг томилох, чөлөөлөх;
14.1.6. хилийн усны талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх;
14.1.7. голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах;
14.1.8. усны мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих;
14.1.9. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам батлах;
14.1.10. ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах;
14.1.11. усны чанарын болон хаягдал усны стандартыг боловсруулах;
14.1.12. усны экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг батлах;
14.1.13. усны сан бүхий газрын, гол, нуурын татмын хил тогтоох аргачлал, онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох нийтлэг журам, шалгуур, дэглэмийг батлах;
14.1.14. стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийг ашиглах журмыг боловсруулж, батлуулах;
14.1.15. ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсан, хомсдуулсны төлбөрийн хувь, хэмжээг боловсруулж, батлуулах;
14.1.16. рашааны эмчилгээний чанарыг тогтоосон стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж батлуулах;
14.1.17. энэ хуульд заасан дүрэм, журам, аргачлалыг батлах;
14.1.18. усны сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулах;
14.1.19. усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах;
14.1.20. хаягдал ус хаях, зайлуулах цэг тогтоох журам батлах;
14.1.21. усны хэрэглээний норм тогтоох;
14.1.22. хуульд заасан бусад бүрэн эрх.
15 дугаар зүйл. Усны нөөцийн мэргэжлийн зөвлөл
15.1. Усны нөөцийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.2. Усны нөөцийн мэргэжлийн зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг баталгаажуулах, мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй байна.
15.3. Усны нөөцийн мэргэжлийн зөвлөлийн гишүүнд тавих мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг журмаар тогтооно.
15.4. Усны нөөцийн мэргэжлийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.4.1. усны нөөцийн эрэл хайгуул, судалгааны ажлын тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
15.4.2. усны нөөц ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл, төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
15.4.3. усны ашиглах боломжит нөөцийн хэмжээ, судалгааны тайланг хэлэлцэн дүгнэлт гаргах;
15.4.4. гол, мөрний урсацын тохиргоо хийх, ус хуримтлуулах, эрчим хүч үйлдвэрлэх, алсын зайд ус шилжүүлэх, үерийн хамгаалалтын систем, усны сан бүхий газарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг хянан хэлэлцэж, мэргэжлийн дүгнэлт гаргах;
15.4.5. усны экологи-эдийн засгийн үнэлгээнд санал өгөх;
15.4.6. усны нөөцийн экологийн урсацыг баталгаажуулах;
15.4.7. газар доорх усыг зориудаар арвижуулах талбай, эх үүсвэр, технологийг сонгох, хэрэгжүүлэхтэй холбоотой судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, хөтөлбөрийг хэлэлцэж, гидрогеологийн нөхцөл, усны нөөцийн нөхөн сэргэх боломж, усны чанар, экологийн болон бусад эрсдэлийг үнэлэн дүгнэлт, зөвлөмж өгөх;
15.4.8. усны сан бүхий газрын хил тогтоох судалгаа, зураглалын үр дүнг хянаж мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
15.4.9. усны нөөцийн нэгдсэн менежмент болон сав газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэлэлцэж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
15.4.10. хуульд заасан бусад чиг үүрэг.
15.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны нөөцийн мэргэжлийн зөвлөлийн ажлыг жил бүр Улсын Их Хуралд тайлагнана.
16 дугаар зүйл. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
16.1. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллах бөгөөд тохируулагч агентлаг байна.
16.2. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд усны лаборатори, усны төсөл, эрэл хайгуул, судалгаа шинжилгээний нэгж байна.
16.3. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.3.1. усны хайгуул, судалгаа хийх зөвшөөрөлтэй холбоотой эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1.3-т заасны дагуу усны мэргэжлийн холбоонд шилжүүлэх;
16.3.2. усны нөөцийн хайгуул судалгааны ажлын даалгаврыг баталж, зохион байгуулах;
16.3.3. ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллага, усны сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
16.3.4. усны мэдээллийн нэгдсэн сан, кадастр, тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны төлөв байдлын тайланг жил бүр гаргах, түүнтэй холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах;
16.3.5. усны нөөц, ус ашиглалтын тайланг жил бүр улсын хэмжээнд нэгтгэн гаргах;
16.3.6. усны сан бүхий газар, татмын хил тогтоох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, мэргэжлийн судалгаа, зураглалын үр дүнг хянаж баталгаажуулах, баталгаажсан хилийг улсын усны мэдээллийн сан болон газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх;
16.3.7. онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хил тогтоох саналд мэргэжлийн дүгнэлт гаргах, улсын хэмжээнд хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
16.3.8. усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;
16.3.9. усны нөөцийн хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих;
16.3.10. энэ хуулийн 26.3-д заасны дагуу усны мэргэжлийн байгууллагын эрх олгох, үйл ажиллагаанд хяналт тавих;
16.3.11. усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг сав газрын хэмжээнд ашиглалтын зориулалт бүрээр тогтоон боловсруулж мөрдүүлэх, хяналт тавих;
16.3.12. усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийж, төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;
16.3.13. ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;
16.3.14. энэ хуулийн 40.1-т заасны дагуу гаргасан ус ашиглах дүгнэлт, 40.4-д заасан ус ашиглах зөвшөөрөл, 36.2-т заасны дагуу олгосон хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл, 41.7-д заасан гэрээнд хяналт тавих;
16.3.15. голын голдирлыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах;
16.3.16. стратегийн ач холбогдол бүхий орд газарт усны цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах;
16.3.17. Байгаль орны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосноор хуурайшилт, ган, цөлжилтийн үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хязгаарлах;
16.3.18. бэлчээрийн усжуулалт, услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд дүгнэлт гаргах;
16.3.19. бэлчээрийг усжуулах зориулалтаар инженерийн хийцтэй худаг байгуулах, уст цэг тогтоох хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулах;
16.3.20. усны мэргэшсэн хүний нөөцийг сонгон шалгаруулах, сургалт зохион байгуулах үүргийг усны мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлж, мэргэшсэн зэрэг олгох;
16.3.21. ус ашиглуулах боломжит нөөцийн дүгнэлт гаргах;
16.3.22. хуульд заасан бусад бүрэн эрх.
17 дугаар зүйл. Усны сав газрын захиргаа
17.1. Усны сав газрын захиргаа нь усны сав газарт ажиллах мэргэжлийн байгууллага бөгөөд усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1. усны сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хяналт тавих;
17.1.2. бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг усны нөөц, сав газрын ашиглалт, хамгаалалтын асуудлаар мэргэжлийн зөвлөмжөөр хангах;
17.1.3. усны сав газрын хэмжээнд усны сан бүхий газар, татмын хил тогтоох судалгаа, зураглалын ажлыг зохион байгуулах, хамгаалалтын бүсийн хил тогтоох санал боловсруулж усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
17.1.4. усны сан бүхий газар, татам, хамгаалалтын бүсийн газар ашиглалт, дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил арилгуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
17.1.5. усны сав газрын хэмжээн дэх усны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргатай хамтран жил тутамд зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулах;
17.1.6. сав газрын усны мэдээллийн санг хөтөлж, олон нийтийг мэдээллээр хангах;
17.1.7. ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл олгох, худгийн паспортыг хянан баталгаажуулах, улсын усны мэдээллийн санд бүртгэх;
17.1.8. рашааныг эмчилгээ, сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах хүсэлтийг хянан шийдвэрлэх, нөөц нь тогтоогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн рашааныг ашиглуулах талаар дүгнэлт гаргах, холбогдох мэдээллийг усны мэдээллийн санд бүртгэх;
17.1.9. рашааны нөөц тогтоогдоогүй, эсхүл улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол ашиглах хүсэлт гаргагч нь нөөц, горим, чанар, зориулалтын судалгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, нөөцийг тогтоон бүртгүүлсний дараа ашиглуулах дүгнэлт гаргах;
17.1.10. энэ хуулийн 40.4-д заасны дагуу ус ашиглах гэрээ байгуулах зөвшөөрөл олгох;
17.1.11. ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох;
17.1.12. усны сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус, лаг зайлуулах цэг тогтоох санал гаргах;
17.1.13. ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг тэдгээрээс нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;
17.1.14. усны сав газрын хэмжээнд усны ашиглах боломжит нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах;
17.1.15. усны сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, батлуулах;
17.1.16. гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газар доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах;
17.1.17. хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах;
17.1.18. усны сав газарт ус ашиглах, бохир ус зайлуулах зөвшөөрлийн биелэлтийг хянах;
17.1.19. усны сав газрын усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх;
17.1.20. усны сав газрын усны чанар, хэмжээнд хяналт-шинжилгээ хийх;
17.1.21. услалтын систем барих, шинэчлэх, засварлах ажилд дүгнэлт гаргах;
17.1.22. усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох;
17.1.23. гадаадын иргэн, хуулийн этгээдэд усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой судалгаа шинжилгээ явуулах эсэх талаар шийдвэр гаргах;
17.1.24. хуульд заасан бусад бүрэн эрх.
17.2. Тухайн усны сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны дэмжиж буй эсэх саналыг үндэслэнэ.
17.3. Усны сав газрын захиргааны бүрэлдэхүүн, дүрмийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.4. Энэ хуулийн 17.1.14, 17.1.20-д заасан хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүрэг гүйцэтгүүлнэ.
18 дугаар зүйл. Усны сав газрын талуудын оролцооны зөвлөл
18.1. Усны сав газрын захиргааны дэргэд усны сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий орон тооны бус усны сав газрын талуудын оролцооны зөвлөл (цаашид “талуудын оролцооны зөвлөл" гэх)-ийг байгуулна.
18.2. Талуудын оролцооны зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийн төлөөлөл, байгаль орчны алба, төрийн бус байгууллага, сум, дүүрэгт оршин суугаа иргэн, ус ашиглагч, эрдэмтэн, судлаач, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл орсон байна.
18.3. Талуудын оролцооны зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.4. Талуудын оролцооны зөвлөл нь усны харилцааны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.4.1. усны сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх;
18.4.2. ус хамгаалах, усны нөөцийг хуримтлуулах, зохистой ашиглуулах, шийдвэр гаргахад иргэдийн саналыг тусгуулах;
18.4.3. ус ашиглагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хүлээсэн сөрөг нөлөөллийг бууруулах, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэх мэдээллийг ил тод байлгах боломжийг бүрдүүлэх;
18.5. Талуудын оролцооны зөвлөл орон нутгийн төсөв, хуульд нийцсэн байгаль орчны төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламжаас санхүүжилт авч болно.
18.6. Талуудын оролцооны зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлөх санхүүжилтийг хориглоно.
19 дүгээр. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
19.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1. усны тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаарх тухайн шатны Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
19.1.2. усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчныг нөхөн сэргээх, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар сав газрын захиргаа, тухайн шатны Засаг даргаас оруулсан төсөв, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан хувь хэмжээгээр орон нутгийн төсөвт тусган батлах;
19.1.3. усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдэлийн мужийн заагийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;
19.1.4. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас нутаг дэвсгэртээ байгаа худаг, усан сан, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг зохицуулах, бэлчээр, хадлан, тариаланг усжуулах зорилгоор худаг гаргах, хөв, цөөрөм, усан сан, услалтын систем байгуулах асуудлаар мэдүүлсэн саналыг хэлэлцэж, шийдвэрлэх;
19.1.5. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэ хуулийн 20.1.2-т заасан асуудлаар гаргасан шийдвэрээ харьяа сав газрын захиргаанд хүргүүлэх;
19.1.6. нийтийн эзэмшлийн газарт хөв, цөөрөм, усан сан байгуулах асуудлыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах;
19.1.7. хуульд заасан бусад бүрэн эрх.
20 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх
20.1. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1. нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;
20.1.2. нутаг дэвсгэртээ байгаа худаг, усан сан, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг зохицуулах, бэлчээр, хадлан, тариаланг усжуулах зорилгоор худаг гаргах, хөв, цөөрөм, усан сан, услалтын систем байгуулах, сэргээн засварлах, ашиглах, хамгаалах талаар баг, хорооны Засаг даргын саналыг хэлэлцэж, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдүүлж, шийдвэрлүүлэх;
20.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.
21 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
21.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, хаягдал, бохир усыг цэвэрлэх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос зарцуулах, улсын төсөвт тусгуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;
21.1.2. ус, усан орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах;
21.1.3. усны сан бүхий газар, татмын баталгаажсан хил, онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн зааг, газар доорх усны тэжээгдэлийн мужийг тэмдэгжүүлэх, газар ашиглалтын кадастр болон усны мэдээллийн сантай тулган бүртгэх, хамгаалалтын дэглэмийн хэрэгжилтийг зохион байгуулах;
21.1.4. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд улсын чанартай усны барилга байгууламж барих талаар Засгийн газрын шийдвэрт санал өгөх;
21.1.5. услалтын систем барих, шинэчлэх, засварлах санал гаргах;
21.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
22 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
22.1. Сум, дүүргийн Засаг дарга усны харилцааны чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд ус, рашаан ашиглуулах зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих;
22.1.2. усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүй ашиглах болон дур мэдэн цооног гаргах үйл ажиллагааг таслан зогсоох;
22.1.3. усны нөөц хомсдох, гол, горхи, нуур, булаг, шанд, рашаан, худгийн ус ширгэх, бохирдох тохиолдолд тухайн эх үүсвэрээс ус ашиглахыг зогсоох, тэдгээрийг нөхөн сэргээх, ойжуулах, ургамалжуулах талаар шийдвэр гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
22.1.4. усны сав газрын захиргааны саналыг үндэслэн нутаг дэвсгэртээ хаягдал ус зайлуулах цэг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих;
22.1.5. усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх;
22.1.6. усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох саналыг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулах;
22.1.7. хуульд заасан бусад бүрэн эрх.
23 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
23.1. Баг, хорооны Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1. усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, зохистой ашиглах, усны орчныг нөхөн сэргээх тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж хангах;
23.1.2. гол, горхи, булаг, шанд, рашааны эхийг хамгаалах, тохижуулах, мод тарих, ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах, малчин өрх, хот айл, хоршоо, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах;
23.1.3. нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилд хяналт тавих;
23.1.4. нутаг дэвсгэртээ усны онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулах;
23.1.5. нутаг дэвсгэртээ байгаа худаг, усан сан, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг зохицуулах, бэлчээр, хадлан, тариаланг усжуулах зорилгоор худаг гаргах, хөв, цөөрөм, усан сан, услалтын систем байгуулах саналыг иргэдийн Нийтийн Хуралд оруулж, хэлэлцүүлэх;
23.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
24 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн байгаль орчны алба
24.1. Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1. усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
24.1.2. аймаг, нийслэлийн усны мэдээллийн санг бүрдүүлж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргааг улирал тутам мэдээллээр хангах;
24.1.3. усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчныг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
24.1.4. ус, рашааны тоо бүртгэлийн дүнг нэгтгэж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, усны сав газрын захиргаанд хүргүүлэх;
24.1.5. хуульд заасан бусад эрх, үүрэг.
25 дугаар зүйл. Сум, дүүргийн байгаль хамгаалагчийн эрх, үүрэг
25.1. Сум, дүүргийн байгаль хамгаалагч усны харилцааны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.1.1. хариуцсан нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
25.1.2. ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих;
25.1.3. орон нутагтаа ус, рашааныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлэх;
25.1.4. хуульд заасан бусад чиг үүрэг.
26 дугаар зүйл. Усны мэргэжлийн байгууллага
26.1. Усны нөөцийн судалгаа, хайгуул явуулах, цооног өрөмдөх, сэргээн засварлах, усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит, усны эмзэг байдлын үнэлгээ хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
26.2. Усны нөөцийн судалгаа, хайгуулын ажлыг эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд олгоно.
26.3. Усны мэргэжлийн байгууллагын эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага таван жилийн хугацаагаар олгох бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд эрхийг нь таван жил тутам сунгана.
26.4. Усны мэргэжлийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ:
26.4.1. усны хайгуул, судалгаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул, судалгаа хийх, газар доорх усны регионал судалгаа, зураглал хийх, усны сав газрын нөөцийн судалгаа хийх, усны нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр судалгааны тайланг хэлэлцүүлж, нөөцийг баталгаажуулах, хайгуул судалгааны тайланг усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
26.4.2. усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 4.1.19-т заасан усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
26.4.3. усны цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах эрх бүхий мэргэжлийн байгууллага унд, ахуйн болон үйлдвэрлэлийн ус хангамж, усны нөөцийн эрэл, хайгуул, газар доорх усны хяналт шинжилгээ, усны түвшин бууруулах, шүүрүүлэх, тэсэлгээ хийх болон бусад зориулалтаар ашиглах цооног өрөмдөх, тоноглох, худгийн барилга барих, сэргээн засварлах, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
26.4.4. усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 4.1.19-т заасан усны барилга, байгууламжийг барих, сэргээн засварлах, шинэчлэх, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
26.4.5. усны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага усны нөөцийн ашиглалт, усны нөөцийн төлбөр төлөлт, усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлын гүйцэтгэлд аудит хийх, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх.
26.5. Усны мэргэжлийн байгууллагын эрхийг шинээр авах, сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
26.5.1. хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа;
26.5.2. тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөцийн жагсаалт, диплом, гэрчилгээний хуулбар, ажлын туршлага;
26.5.3. мэргэжлийн хүний нөөцийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ;
26.5.4. техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ, түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон техникийн бусад үзүүлэлт;
26.5.5. зураг төслийн эрх авах бол программ хангамжийн танилцуулга;
26.5.6. усны мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах бол дээрх баримт бичгээс гадна эрх авснаас хойш хийсэн ажлын тайланг жил бүрээр гаргах.
26.6. Усны мэргэжлийн байгууллага зөвшөөрөлгүйгээр усны цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татах нь мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах үндэслэл болно.
27 дугаар зүйл. Олон нийтийн оролцоо
27.1. Иргэн, хуулийн этгээд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахтай холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаанд хуульд заасны дагуу оролцох, мэдээлэл авах, санал гаргах, эрхээ хамгаалуулах эрхтэй.
27.2. Усны нөөцийн төлөв байдал, чанар, ашиглалттай холбоотой төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй байлгаж, усны нөөц, чанарт аюул, эрсдэл учирсан тохиолдолд олон нийтэд шуурхай мэдээлнэ.
27.3. Ус ашиглагчийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, усны аудитын тайланг нийтэд нээлттэй байлгана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УСНЫ НӨӨЦИЙН ХАМГААЛАЛТ
28 дугаар зүйл. Усны нөөцийн хамгаалалт
28.1. Усны нөөцийн хамгаалалтыг усны нөөц хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар хэрэгжүүлнэ.
28.2. Усны нөөцийг хамгаалах нь усны харилцаанд оролцогчдын нийтлэг үүрэг байна.
28.3. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан дэглэмээр хамгаална.
28.4. Ус хангамжийн эх үүсвэрт аюул заналхийлсэн, бохирдол үүссэн тохиолдолд мэргэжлийн болон орон нутгийн байгууллага шуурхай арга хэмжээ авна.
28.5. Усны экосистемийн доройтлыг бууруулах, зогсоох болон нөхөн сэргээх арга хэмжээг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тодорхойлж, хэрэгжүүлнэ.
29 дүгээр зүйл. Урьдчилан сэргийлэх хамгаалалт
29.1. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт дараах бүс тогтооно:
29.1.1. онцгой хамгаалалтын бүс;
29.1.2. энгийн хамгаалалтын бүс;
29.1.3. эрүүл ахуйн бүс.
29.2. Усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, хязгаарлалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
29.3. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30 дугаар зүйл. Онцгой хамгаалалтын бүс
30.1. Усны сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.
30.2. Онцгой хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно:
30.2.1. аж үйлдвэрлэл эрхлэх, ашигт малтмал хайх, ашиглах;
30.2.2. гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтэц бүхий байгууламжаас бусад барилга, байгууламж барих;
30.2.3. газар тариалан эрхлэх;
30.2.4. хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал угаах;
30.2.5. зэгс, шагшуурга, мод огтлох;
30.2.6. элс, хайрга, чулуу олборлох, авах;
30.2.7. байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;
30.2.8. тухайн хамгаалалтын бүсийн дэглэмд зөвшөөрснөөс бусад зорилгоор газар ашиглах;
30.2.9. химийн бодис хэрэглэх;
30.2.10. хог, хаягдал буулгах, хадгалах.
31 дүгээр зүйл. Энгийн хамгаалалтын бүс
31.1. Онцгой хамгаалалтын бүсээс гадагш 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно.
31.2. Энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа болон хаягдал ус, бохирдуулах бодис нийлүүлэхийг хориглоно.
32 дугаар зүйл. Эрүүл ахуйн хамгаалалтын бүс
32.1. Ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд болон хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн эргэн тойронд эрүүл ахуйн бүс тогтооно.
32.2. Эрүүл ахуйн бүсийн хилийн зааг, дэглэм, хязгаарлалтыг хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах шаардлагад нийцүүлэн байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
33 дугаар зүйл. Рашааны хамгаалалт
33.1. Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:
33.1.1. рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг;
33.1.2. хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг;
33.1.3. рашааны хязгаарлалтын бүсийг усны мэргэжлийн байгууллага тодорхойлох.
33.2. Рашааны эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.2.1. рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах;
33.2.2. хог хаягдал хаях, химийн бодис хадгалах.
33.3. Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.3.1. рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг хаягдал ус цэвэрлэх, зайлуулах байгууламжгүй барих;
33.3.2. газар тариалан эрхлэх, мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх;
33.3.3. хог хаягдал хаях, хадгалах, бохирын цооног байгуулах.
33.4. Рашааны хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.4.1. ус, рашаан ашиглахтай холбоогүй барилга байгууламж барих;
33.4.2. хог хаягдлын болон хаягдал ус зайлуулах байгууламж, цэг байрлуулах, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис хадгалах.
33.5. Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
33.6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 33.5-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно.
34 дүгээр зүйл. Усан орчны биологийн төрөл зүйлийг хамгаалах
34.1. Усан орчны биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
34.2. Харь зүйлийг усны сан бүхий газарт тарих, нутагшуулахыг хориглоно.
35 дугаар зүйл. Хуурайшилт, ган, цөлжилтийн үед усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах
35.1. Хуурайшилт, ган, цөлжилтийн зэрэглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр тогтооно.
35.2. Хуурайшилт, ган, цөлжилтийн үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, хуулийн этгээдийн санаачилгыг дэмжиж, бүх шатны Засаг дарга усны сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна.
35.3. Хуурайшилт, ган, цөлжилтийн үед ус ашиглалтыг үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүний унд, ахуйн хэрэгцээ гэсэн эрэмбээр хязгаарлана. Хуурайшилт, ган, цөлжилтийн зэрэглэл тогтоох болон энэ үед мөрдөх усны нөөцийн менежментийн журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
35.4. Хуурайшилт, ган, цөлжилтөд нэрвэгдсэн болон усны хомсдолд орсон нутаг дэвсгэрийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тогтоож, тусгай зохицуулалтын дэглэмд оруулна.
35.5. .Хомсдолд орсон нутаг дэвсгэрт ус ашиглалтыг хязгаарлах, шинэ зөвшөөрөл олгохыг зогсоох, нөхөн сэргээлтийн арга хэмжээ авах бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
36 дугаар зүйл. Усны нөөцийг бохирдохоос хамгаалах
36.1. Усны сан бүхий газарт цацраг идэвхт болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник, бохир зүйлс угаахыг хориглоно.
36.2. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоометрээс их, эсхүл энэ хуулийн 4.1.29-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометр болон түүнээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.
36.3. Ус бохирдуулагч нь хаягдал усны тоо хэмжээ, найрлагад хяналт тавих, хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн бохир усыг цэвэрлэж зайлуулах үүрэг хүлээнэ.
36.4. Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад нэн даруй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ.
36.5. Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон журмын дагуу ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулсан байна.
36.6. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг энэ хуулийн 36.2-т заасны дагуу олгож, усны сав газрын захиргаа усны мэдээллийн санд бүртгэнэ.
36.7. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөлд заасан хэмжээнээс болон хаягдал усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа хаясан нь ус ашиглах эрхийг цуцлах үндэслэл болно.
36.8. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
УС АШИГЛАЛТ
37 дугаар зүйл. Ус ашиглах зориулалт, төрөл
37.1. Усыг усны нөөц, түүнээс ашиглаж болох дээд хязгаарын дотор дараах байдлаар ашиглана:
37.1.1. иргэн, хуулийн этгээд хууль тогтоомжийн дагуу ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн зориулалтаар хуульд заасан хугацаа, болзол нөхцөлийн дагуу ашиглах;
37.1.2. унд, ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ус ашиглах тохиолдолд зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр ашиглах.
37.2. Иргэн, хуулийн этгээдийг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан дараах байдлаар ангилна:
37.2.1. ус хэрэглэгч;
37.2.2. ус ашиглагч.
38 дугаар зүйл. Ус ашиглалтын дээд хязгаар
38.1. Ус ашиглалтын дээд хязгаарыг тогтооход экологийн урсацын шаардлага, хүн амын ундны усны хэрэгцээ, байгаль орчны тэнцвэрт байдлыг тэргүүлэх ач холбогдолтойд тооцно.
38.2. Ус ашиглалтын дээд хязгаарт хүрсэн тохиолдолд тухайн сав газарт шинээр ус ашиглах зөвшөөрөл олгохгүй.
39 дүгээр зүйл. Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл
39.1. Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг, шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн Сав газрын захиргаа ус хэрэглэгчид олгоно.
39.2. Ус хэрэглэгч усны сав газрын захиргаанд хүсэлт гаргахдаа дараах мэдээллийг тусгана:
39.2.1. ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ;
39.2.2. газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар;
39.2.3. худгийн мэдээлэл.
39.3. Сав газрын захиргаа ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн цахим паспорт олгоно.
39.4. Ус хэрэглэгч зөвшөөрлийн зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг, шуудуу татахыг хориглоно.
40 дүгээр зүйл. Ус ашиглагчид олгох зөвшөөрөл
40.1. Ус ашиглагч нь усны нөөцийн дүгнэлтийг үндэслэн хоногт 100 шоометрээс их ус ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 100 болон түүнээс доош шоометр хүртэлх ус ашиглуулах, хур тунадасны нөөцлүүрийг хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг усны сав газрын захиргаа гаргана.
40.2. Ус ашиглах зөвшөөрлийн загвар, олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
40.3. Энэ хуулийн 40.1-т заасан этгээд ус ашиглах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт гаргана.
40.4. Энэ хуулийн 40.1-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хоногт 100 болон түүнээс доош шоометр ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа олгоно.
40.5. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагад ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгож, гэрээ байгуулна.
40.6. Ус ашиглах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
40.6.1. ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;
40.6.2. ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт;
40.6.3. хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;
40.6.4. барилга байгууламжийн зураг, төсөл;
40.6.5. үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;
40.6.6. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт.
40.7. Рашаан ашиглах хүсэлт гаргахад энэ хуулийн 40.6-т зааснаас гадна дараах баримт бичгийг нэмж хавсаргана:
40.7.1. усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, усны нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг;
40.7.2. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;
40.7.3. гал унтраах, авран хамгаалах болон онцгой байдлын зорилгоор ус ашиглах.
40.8. Дараах тохиолдолд ус ашиглах, хэрэглэх зөвшөөрөл шаардахгүй:
40.8.1. уламжлалт мал аж ахуйн ус хэрэглээ;
40.8.2. гал унтраах, авран хамгаалах болон онцгой байдлын зорилгоор ус ашиглах.
40.9. Ус ашиглагчийн газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг илэрхийлэхгүй.
40.10. Иргэн, хуулийн этгээд усны нөөцийг гэрээний үндсэн дээр хамтран ашиглаж болно.
40.11. Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон усны нөөцийг ашиглах тохиолдолд усны эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлнэ.
40.12. Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, цооног гаргах, худаг ухахыг хориглоно.
40.13. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологи бүхий үйлдвэр, үйлчилгээний газарт ус ашиглуулах дүгнэлт гаргахыг хориглоно.
40.14. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг харгалзан ус ашиглагчийн эрхийг тухай бүр тав хүртэл жилээр сунгана.
41 дүгээр зүйл. Ус ашиглах гэрээ
41.1. Энэ хуулийн 40.4-д заасан зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулснаар иргэн, хуулийн этгээдийн ус ашиглах эрх үүснэ.
41.2. Ус ашиглах зөвшөөрөл авсан этгээд нь энэ хуулийн 41.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулна.
41.3. Ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана:
41.3.1. ус ашиглуулах тухай дүгнэлт, зөвшөөрөл;
41.3.2. ус ашиглах зориулалт, хоногт ашиглах усны хэмжээ, чанар, найрлага;
41.3.3. усны эх үүсвэрийн байршил, барилга байгууламжийн зураг, төсөл;
41.3.4. хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага, хаях цэг, байршил зэргийг заасан хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл;
41.3.5. ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ;
41.3.6. хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ;
41.3.7. усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ;
41.3.8. гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага;
41.3.9. талууд гэрээгээр тохиролцохоор хуульд заасан бусад нөхцөл.
41.4. Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, гэрээ байгуулах журам, гэрээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
41.5. Энэ хуулийн 40.4-д заасан зөвшөөрлийг үндэслэн дараах этгээд байгуулна:
41.5.1. хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага;
41.5.2. төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай хоногт 100 шоометрээс их тохиолдолд тухайн сав газрын захиргаа гэрээ, хоногт 100 болон түүнээс доош шоомерт тохиолдолд аймаг, нийслэлийн байгаль орчны алба.
41.6. Иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан ус ашиглах гэрээг дараах тохиолдолд зөвшөөрөл олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална:
41.6.1. ус ашиглагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;
41.6.2. байгаль орчныг хамгаалах тухай болон усны тухай хууль тогтоомж зөрчсөн;
41.6.3. ус ашигласны, бохирдуулсны болон хомсдуулсны төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй;
41.6.4. усны эх үүсвэрийг бохирдуулсан;
41.6.5. усны тоолуур болон тохиргооны тоног төхөөрөмж суурилуулаагүй буюу ашигласан усны тооцоог хуурамчаар гаргасан;
41.6.6. сав газрын захиргааны шийдвэрээр.
41.7. Ус ашиглуулах гэрээг энэ хуулийн 41.5-д заасан байгууллага жил бүр дүгнэж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнана.
41.8. Энэ хуулийн 41.7-д зааснаар ус ашиглуулах гэрээг дүгнүүлээгүй тохиолдолд энэ хуулийн 44.1.6-д зааснаар зөвшөөрлийг хүчингүй болгоно.
41.9. Хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны эх үүсвэрээс ашиглаж байгаа бусад ус ашиглагчийн зөвшөөрлийг зөвшөөрөл олгосон этгээд өөрийн санаачилгаар цуцалж болно.
42 дугаар зүйл. Ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлага
42.1. Ус ашиглагч дараах үүргийг хүлээнэ:
42.1.1. ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх;
42.1.2. хоногт 50 шоометрээс их ус ашигладаг этгээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7 дахь хэсэгт заасны дагуу дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба ашиглаж буй эх үүсвэрийн усны мэргэжилтэн болон тухайн мэргэжлийн менежер ажиллуулах;
42.1.3. хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авах, ашиглалтын явцад гарах хаягдал усыг энэ хуулийн 4.1.32-т заасан стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх, эсхүл хүрээлэн буй орчинд хаягдал ус нийлүүлэх стандартад нийцүүлэн цэвэрлэж хүрээлэнд буй орчинд нийлүүлэх;
42.1.4. ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах;
42.1.5. ус, рашааны нөөц ашигласны, ус бохирдуулсны болон хомсдуулсны төлбөр төлөх.
42.2. Рашаан ашиглагч энэ хуулийн 42.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
42.2.1. рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын найрлага, чанарын үнэлгээний үзүүлэлтэд горимын ажиглалт хийлгэн баталгаажуулж, рашаан ашиглалтын бүртгэл хөтөлж, дүн мэдээг сав газрын захиргаанд хүргүүлэх;
42.2.2. үйл ажиллагаанаас гарах хаягдал ус, рашааныг цэвэрлэх байгууламж барьж ашиглах;
42.2.3. рашааны ордыг бохирдол, хомсдолоос хамгаалах зорилгоор рашааны эрүүл ахуйн болон хориглолтын бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэгжүүлэх, хашиж хамгаалах.
42.2.4
42.3. Цацраг идэвхт бодис хэрэглэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал ус цэвэрлэх байгууламж нь түүнийг бүрэн арилгах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
42.4. Хот, суурины унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам сүлжээг тусгаарлана.
42.5. Биологийн нөөц хамгаалах байгууламжгүй болон усыг үргүй зарцуулж ууршуулах, газрын хөрсийг намагжих, давсжих, эвдрэхэд хүргэхээр усны барилга байгууламж, усан сан, далан, суваг байгуулахыг хориглоно.
42.6. Уул уурхайн олборлолтод ус ашиглагч ашигт малтмал баяжуулах усаа голын эрэг, голдирлыг үл хөндөх шахуурга, яндан хоолой зэрэг усны нөөцөд сөрөг нөлөө үл үзүүлэх технологи ашиглан авна.
43 дугаар зүйл. Ус ашиглах зөвшөөрөл шилжүүлэх
43.1. Ус ашиглах зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
43.2. Ус ашиглагч хуулийн этгээд нь нэгдсэн, хуваагдсан болон бусад хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдсан үед ус ашиглах зөвшөөрлийн хүчинтэй байдлын асуудлыг зөвшөөрөл олгосон этгээдээр шийдвэрлүүлнэ.
44 дүгээр зүйл. Ус ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох
44.1. Дараах тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага ус ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгоно:
44.1.1. ус ашиглагч нь ус ашиглах гэрээнд заасан нөхцөлийг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн;
44.1.2. ус ашиглагч нь хуурамч баримт бичиг бүрдүүлж зөвшөөрөл авсан нь тогтоогдсон;
44.1.3. гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл бий болох;
44.1.4. ус ашиглагч нь хуульд заасан хариуцлага хүлээхээс зайлсхийсэн;
44.1.5. тухайн сав газарт ус ашиглалтын дээд хязгаарт хүрсэн;
44.1.6. ус ашиглуулах гэрээг хуульд заасан хугацаанд дүгнүүлээгүй.
45 дугаар зүйл. Усны барилга байгууламж
45.1. Усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
45.2. Улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
45.3. Усны барилга байгууламжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
45.4. Усны барилга байгууламж эзэмших, ашиглах эрхийг тав хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгана.
45.5. Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно.
45.6. Зохих зөвшөөрлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, сэргээн засварласан усны барилга байгууламж нь тэдгээрийн өмчлөлд байж болох бөгөөд харин усны нөөц нь нийтийн ашиглалтад байна.
45.7. Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн болон орон нутгийн өмчид байна.
45.8. Услалтын систем барих, шинэчлэх, засварлах шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
45.9. Усны барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр усаар хангана.
45.10. Усны аливаа барилга байгууламж нь цахим паспорттай байх бөгөөд цахим паспортыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
46 дугаар зүйл. Хаягдал ус, түүнийг цэвэрлэх
46.1. Хаягдал усыг дараах байдлаар ангилна:
46.1.1. ахуйн хаягдал ус: гэр, орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас гарах бохир ус;
46.1.2. үйлдвэрийн хаягдал ус: үйлдвэрлэл, боловсруулах ажиллагаанаас гарах бохир ус;
46.1.3. хөдөө аж ахуйн хаягдал ус: тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаанаас гарах бохир ус;
46.1.4. уул уурхайн хаягдал ус: уул уурхайн болон геологийн хайгуулын үйл ажиллагаанаас гарах бохир ус;
46.1.5. үйлчилгээнээс гарах хаягдал ус: нийтийн хоол, үсчин, хими цэвэрлэгээ, хувцас угаалгын газар, автомашин угаалгын газар, үзвэр үйлчилгээний газар, жуулчны бааз, ажилчдын тосгоноос гарах бохир ус.
46.2. Ус бохирдуулагч нь хаягдал усыг байгалийн усанд зайлуулахаасаа өмнө хаягдал усны стандартад нийцүүлэн цэвэрлэх үүрэгтэй.
46.3. Хаягдал усны стандартад нийцэхгүй усыг байгалийн усанд зайлуулахыг хориглоно.
46.4. Бохир ус цэвэрлэх технологийн шаардлагыг байгаль орчны болон хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, батлуулна.
47 дугаар зүйл. Аюултай бохирдуулах бодис
47.1. Аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал усыг байгалийн усанд зайлуулахыг хориглоно.
47.2. Аюултай бохирдуулах бодис хэрэглэж байгаа этгээд нь урьдчилан цэвэрлэх байгууламж ажиллуулах үүрэгтэй.
48 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах
48.1. Үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглаж байгаа этгээд нь энэ хуулийн 40.4-д зааснаар ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулна.
48.2. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласны дараах усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэхийн өмнө урьдчилан цэвэрлэж, дахин ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.
48.3. Үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарсан хаягдал усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэхийн өмнө ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартад нийцүүлнэ.
48.4. Ариутгах татуургын сүлжээнд хаягдал ус нийлүүлэх дүгнэлт, гэрээ, нөхцөлийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
48.5. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16-д заасан зөвшөөрлийг авахын өмнө ус ашиглуулах боломжит нөөцийн дүгнэлтийг авсан байна.
48.6. Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагаанд газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглоно. Баяжуулах үйлдвэрт зөвхөн энэ хуулийн 4.1.42-т заасан усыг ашиглана.
48.7. Уул уурхайн шүүрлийн болон хаягдал усыг зайлуулах, хадгалах усны барилга байгууламжийн шаардлагыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
48.8. Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, хүчингүй болсон, цуцлагдсан аль ч тохиолдолд зөвшөөрөл эзэмшигч усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас заасан байршилд усан сан байгуулах эсхүл газар доорх усыг зориудаар арвижуулах, дүйцүүлэн хамгаалах, усны сан бүхийг газрын усны нөөцийг нөхөн сэргээх үүрэг хүлээнэ.
48.9. Газар тариалангийн зориулалтаар услалтын систем ашиглах этгээд нь усны зарцуулалт, услалтын технологийн үр ашгийг тогтмол сайжруулах, ус хэмнэх дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх үүрэгтэй.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
УСНЫ НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ, УСНЫ ТӨЛБӨР
49 дүгээр зүйл. Усны нөөцийг нөхөн сэргээх
49.1. Усны нөөцийг хамгаалах зорилгоор усны нөөцийг нөхөн сэргээж, усны нөөц ашиглалтын төлбөрийг усны экологи, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх агуулгаар тогтооно.
49.2. Усны нөөцийг нөхөн сэргээж нэмэгдүүлсэн хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлнө.
50 дугаар зүйл. Ус хэмнэлтийн эдийн засгийн урамшуулал
50.1. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ус хэмнэх, усны ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа ус ашиглагч, ус хэрэглэгчийг урамшуулна.
50.2. Усыг дахин ашигласан, усны нөөцийн хуримтлал бий болгосон иргэнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сангаас урамшуулал олгоно.
50.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан хамтын менежментээр ус ашиглалтыг хэрэгжүүлсэн бол урамшуулал олгоно.
51 дүгээр зүйл. Усыг хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулахад үзүүлэх дэмжлэг
51.1. Дахин ашиглах цэвэрлэсэн усыг ашигладаг ус ашиглагчид Засгийн газраас тогтоосон нөхцөл, журмын дагуу татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
51.2. Ус ашиглагч хур тунадас, үерийн ус, дээврийн усыг хуримтлуулан ашигласан тохиолдолд хуримтлуулсан усны хэмжээг харгалзан ус ашигласны төлбөрөөс чөлөөлнө.
51.3. Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагаа явуулдаг сав газарт хөв, цөөрөм байгуулж ус хуримтлуулж, усны нөөцийг нэмэгдүүлсэн тохиолдолд хуримтлуулсан усны хэмжээгээр ус ашигласны төлбөрөөс хөнгөлнө. Энэ хөнгөлөлт нь зохих журмын дагуу хөв, цөөрөм байгуулсан иргэнд нэгэн адил хамаарна.
51.4. Говь, цөл, тал хээрийн бүсэд энэ хуулийн 51.3-т заасан хуримтлуулсан усыг шилжүүлэн ашиглавал ус ашигласны төлбөрөөс 50 хүртэлх хувиар хөнгөлнө.
51.5. Аж ахуйн нэгж усыг алсын зайд дамжуулах дэд бүтэц, шугам хоолой, насосын станц, судалгаа, газар доорх усыг зориудаар арвижуулах, эрчим хүчний эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр хийвэл оруулсан хөрөнгийн хэмжээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.16 дахь хэсэгт заасан татварын хөнгөлөлтөд хамруулна.
51.6. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуульд заасан ногоон таксономын шалгуур ангилалд хамаарах ус ашиглагчийн үйл ажиллагааг ногоон санхүүжилтэд хамааруулж, тус хуулиар зохицуулна.
52 дугаар зүйл. Ус ашигласны төлбөр
52.1. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу тогтооно.
52.2. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг шатлан өсгөж тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
52.3. Ус ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт хуваарилна. Хуваарилсан төсвөөс усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, усны нөөцийг сэргээх арга хэмжээнд зарцуулах хувийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар тогтооно.
53 дугаар зүйл. Ус бохирдуулсан, хомсдуулсны төлбөр
53.1. Ус бохирдуулагч нь ус бохирдуулсны төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
53.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хот, суурин газрын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдэлийн муж, хамгаалалтын бүсэд эзэмшиж ашиглаж байгаа барилга, цардсан талбайн хэмжээгээр, зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан болон үр ашиггүй байдлаар шавхан зайлуулсан, байгалийн төлөв байдлын өөрчилсөн шоометр тутамд ус хомсдуулсны төлбөр төлнө.
53.3. Ус бохирдуулсан, хомсдуулсны төлбөрийн хэмжээг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасны дагуу тогтооно.
53.4. Ус бохирдуулагч бохирдуулах бодисыг хаягдал усны стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаа ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг хоёроос тав дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж, бохирдуулах бодис бүрээр тогтооно.
53.5. Ус бохирдуулсан, хомсдуулсны нөхөн төлбөрийн тооцооллын аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
53.6. Ус бохирдуулсан, хомсдуулсны нөхөн төлбөрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн санд төвлөрүүлнэ.
53.7. Ус бохирдуулсан болон хомсдуулсны төлбөр, нөхөн төлбөрөөс усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, цэвэрлэх, хяналт-шинжилгээ хийх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
54 дүгээр зүйл. Усны нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөр
54.1. Усны нөөцөд хохирол учруулсан этгээд нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу нөхөн төлбөр төлнө.
54.2. Нөхөн төлбөрийн хэмжээг усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн тооцоолно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, АУДИТ
55 дугаар зүйл. Усны хяналт-шинжилгээ
55.1. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын хяналт-шинжилгээг /мониторинг/ байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журам, аргачлалын дагуу тасралтгүй хийж усны хяналт-шинжилгээний улсын сүлжээг удирдана.
55.2. Усны хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ байнгын ажиллагаатай дараах хэсгээс бүрдэнэ:
55.2.1. улсын хяналт-шинжилгээний сүлжээ;
55.2.2. сав газрын хяналт-шинжилгээний нэгж;
55.2.3. аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.
55.3. Ус ашиглагч нь ус ашиглалтын хэмжээ, хаягдал усны чанар зэрэг хяналт-шинжилгээнд хамрагдах мэдээллийг тогтмол хүргүүлэх үүрэгтэй.
55.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны хяналт-шинжилгээний хөтөлбөр, усны шинжилгээний аргачлалыг баталж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд хяналт-шинжилгээний хөтөлбөрт усны сан бүхий газар, газар доорх усны ордын нэр, хяналт-шинжилгээний харуул, өртөө, цооногийн тоо, байршил, шинжилгээний төрөл, арга зүй, хариуцан гүйцэтгэгчийг тус тус заана.
55.5. Энэ хуулийн 55.2.1, 55.2.2-т заасан сүлжээ, нэгжийг тоног төхөөрөмжөөр хангах болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
55.6. Усны хяналт-шинжилгээний дүн мэдээг гүйцэтгэгч улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
56 дугаар зүйл. Газарзүйн мэдээллийн систем болон хиймэл дагуулын хяналт
56.1. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны нөөцийн хяналт-шинжилгээнд газарзүйн мэдээллийн систем болон хиймэл дагуулын технологийг ашиглана.
56.2. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сав газрын усны нөөцийн орон зайн мэдээллийг газарзүйн мэдээллийн системд бүртгүүлж, бүртгэлийн хөтлөх үүрэгтэй.
57 дугаар зүйл. Усны аудит
57.1. Усны мэргэжлийн байгууллага усны нөөцийн ашиглалтын үр ашиг, хаягдал усны менежмент, усны нөөцийн төлбөр төлөлт, усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлын гүйцэтгэлд таван жил тутамд аудит хийж, тайланг усны нөөцийн мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
57.2. Усны аудит хийх аргачлал, аудиторт тавих шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
58 дугаар зүйл. Усны хяналтын лаборатори
58.1. Усны чанарын лаборатори нь Монгол Улсын стандартын дагуу итгэмжлэгдсэн байх бөгөөд итгэмжлэлийн нөхцөл, журам, шинжилгээний аргачлал, стандартыг стандартын асуудал эрхэлсэн байгууллага батална.
58.2. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд усны хяналтын төв лаборатори ажиллана.
58.3. Усны чанарын лаборатори усны эрүүл, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргахдаа энэ хуулийн 3.1.2-т заасан зарчмыг баримтална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
59 дүгээр зүйл. Усны тухай хууль тогтоомж зөрчих
59.1. Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
59.2. Усны тухай хуулийн зөрчилтэй холбоотой иргэний эрх зүйн маргааныг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
60 дугаар зүйл. Нийтийн ашиг сонирхлын нэхэмжлэл
60.1. Иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, сум, дүүргийн Засаг дарга нь усны нөөцийг бохирдуулсан, хомсдуулсан зөрчилтэй холбогдуулан нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
61 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
61.1. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
(Дагах_хууль_20261020.doc)
Усны тухай хуулийн үр нөлөөний үнэлгээний тайлан
(Үр нөлөөний үнэлгээний тайлан.pdf)