Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Сандагийн БЯМБАЦОГТ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 10-Р САРЫН 30 ӨДӨР
УЛААНБААТАР

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХОХИРОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь цахим орчин болон харилцаа холбооны сүлжээн дэх залилангаас урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлийг илрүүлэх, залилангийн үйл ажиллагааг шуурхай таслан зогсоох, хохирогчийн хөрөнгийг хамгаалах, буцаан олгох, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчид туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
2 дугаар зүйл. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж
2.1. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль үйлчилгээ үзүүлэгчийн байгуулагдсан, бүртгүүлсэн болон мэдээллийн систем, серверийн байрлаж байгаа газраас үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж байгаа, эсхүл Монгол Улсад оршин суугаа хүн, Монгол Улсад байгуулагдсан хуулийн этгээдэд чиглүүлсэн үйлчилгээ санал болгож, үзүүлж байгаа үйл ажиллагаанд хамаарна.
3.2. Энэ хуулийн 3.1-д заасан үйлчилгээг Монгол Улсад чиглүүлсэн эсэхийг тухайн үйлчилгээтэй холбоотой дараах нөхцөлийн аль нэг бүрдсэн эсэхээр тодорхойлно:
3.2.1. Монгол Улсад байгаа хэрэглэгчийг зориуд сонгон зар сурталчилгаа түгээсэн, үйлчилгээ санал болгосон;
3.2.2. үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчийн бүртгэл, төлбөр хүлээн авах, бараа хүргэх, үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтаар Монгол Улсад байгаа хэрэглэгчид үйлчлэхээр тохируулсан;
3.2.3. Монгол Улсад үйлчилгээ борлуулах, хэрэглэгчид дэмжлэг үзүүлэх төлөөлөгч, гэрээт этгээд ажиллуулсан.
3.3. Интернет, цахим шуудан, цахим платформ, программ хангамж, харилцаа холбооны сүлжээ, утасны дуудлага, зурвас, дуу, дүрс дамжуулах болон эдгээртэй адил зориулалттай бусад технологи ашиглан үйлдсэн залилан, түүнтэй холбоотой хууртагдан зөвшөөрсөн шилжүүлэг болон зөвшөөрөлгүй гүйлгээнд энэ хууль үйлчилнэ.
3.4. Гадаадаас үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэл хүргүүлэх, түүнээс мэдээлэл авах, хил дамнасан арга хэмжээ хэрэгжүүлэхэд энэ хуулийн 16, 26, 54 дүгээр зүйл болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмыг баримтална.
3.5. Цахим залилангийн шинжгүй, зөвхөн бараа, ажил, үйлчилгээний чанар, үнэ, хүргэлт, төлбөр зэрэг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг энэ хуулиар зохицуулахгүй бөгөөд гэрээ, хэлцэл байгуулсан нь цахим залилангийн шинжтэй үйлдлийг энэ хуулийн үйлчлэлээс хасах үндэслэл болохгүй.
3.6. Энэ хуульд заасан үйлчилгээг зөвшөөрөл, бүртгэлгүйгээр эрхэлсэн нь энэ хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
3.7. Энэ хуульд заасан мэдээлэл хүлээн авах, эрсдэлийг шалгах, хохирогчид туслалцаа үзүүлэх, шуурхай хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн, эсхүл хохирогчоор тогтоосон шийдвэр гаргасан байхыг урьдчилсан нөхцөл болгохгүй.
3.8. Гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх, гэм бурууг тогтоох, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэх харилцааг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
3.9. Энэ хуульд заасан урьдчилан сэргийлэх болон шуурхай хамгаалах арга хэмжээ нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг орлохгүй.
3.10. Энэ хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулиар хамгаалсан нууц, хүний хувийн мэдээлэлтэй холбогдсон хуулийн шаардлагыг хангана.
3.11. Энэ хуульд заасан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрийн эрх зүйн шинж, хэрэг маргааны харьяалалд нийцүүлэн Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон энэ хуулийн 3.8-д заасан холбогдох хуулиар шийдвэрлэнэ.
3.12. Энэ хуулиар олгосон хамгаалалт, мэдээлэл, гомдол гаргах, хохирол нөхөн төлүүлэхийг шаардах эрхээс хэрэглэгчийг гэрээ, үйлчилгээний нөхцөлөөр урьдчилан татгалзуулахыг хориглоно.
3.13. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэг, гүйлгээг түдгэлзүүлэх ажиллагааг тухайн хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгжүүлнэ.
3.14. Энэ хуульд заасан цахим залилан гэсэн нэр томьёог энэ хуульд заасан урьдчилан сэргийлэх, шуурхай хамгаалах арга хэмжээ авах, хохирогчийн эрхийг шуурхай хамгаалах ажиллагааны хүрээнд хэрэглэх бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм бурууг тогтоох асуудлыг энэ тодорхойлолтоор шийдвэрлэхгүй.
3.15. Энэ хуульд заасан “сэжигтэй гүйлгээ” гэсэн нэр томьёо Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу гүйлгээг үнэлэх, мэдээлэх үндэслэл, шалгуурыг орлохгүй.
3.16. Энэ хуульд заасан хохирогч гэсэн нэр томьёо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчоор тогтоох ажиллагаа, оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлохгүй.
4 дүгээр зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “зөвшөөрөлгүй гүйлгээ” гэж данс, төлбөрийн хэрэгсэл, хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд, эсхүл түүний эрх бүхий төлөөлөгчийн тухайн гүйлгээг хийх зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн, гүйцэтгэсэн гүйлгээг;
4.1.2. “мөнгө дамжуулагчийн данс” гэж данс эзэмшигчээс өөр этгээдийн заавар, хяналтаар, эсхүл цахим залилангаар олсон хөрөнгийг тухайн этгээдийн ашиг сонирхлын төлөө хүлээн авах, дамжуулах, хөрвүүлэх, гаргахад ашигласан банкны дансыг;
4.1.3. “санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч” гэж банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, банк бус санхүүгийн байгууллага болон хуульд заасан санхүүгийн бусад үйлчилгээг эрхэлж байгаа этгээдийг;
4.1.4. “сэжигтэй гүйлгээ” гэж энэ хуулийн зорилгын хүрээнд цахим залилантай холбоотой байж болзошгүй гэж үзэх тодорхой эрсдэлийн дохио, баримт, мэдээлэл бүхий гүйлгээг;
4.1.5. “сэжигтэй данс” гэж цахим залиланд ашигласан байж болзошгүйг илэрхийлэх тодорхой эрсдэлийн дохио, баримт, мэдээлэл байгаа боловч энэ хуулийн 4.1.15-д заасан шалгалтаар баталгаажаагүй банкны дансыг;
4.1.6. “үйлчилгээ үзүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.7, 4.1.17-д заасан этгээд болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг;
4.1.7. “харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч” гэж харилцаа холбооны сүлжээ ашиглан утасны дуудлага, зурвас, өгөгдөл, интернэт холболтын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг;
4.1.8. “хохирогч” гэж цахим залилангийн улмаас хөрөнгө, хөрөнгийн эрхэд нь хохирол учирсан хүн, хуулийн этгээдийг;
4.1.9. “хөрөнгө буцаан олгох” гэж цахим залилангийн улмаас шилжсэн хөрөнгөөс хуульд заасан үндэслэл, журмаар шаардах эрхтэй этгээдэд буцаан шилжүүлэх ажиллагааг;
4.1.10. “хууртагдан зөвшөөрсөн шилжүүлэг” гэж төлбөр шилжүүлэгчийг хүлээн авагчийн хэн болох, шилжүүлгийн зорилго, агуулга, эсхүл бусад чухал нөхцөлийн талаар хуурч төөрөгдүүлсний улмаас тухайн шилжүүлгийг өөрөөр нь эхлүүлсэн, эсхүл зөвшөөрүүлсэн шилжүүлгийг;
4.1.11. “хэрэглэгч” гэж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээг авах, эсхүл түүнээс санал болгосон үйлчилгээнд хамрагдсан хүн, хуулийн этгээдийг;
4.1.12. “цахим залилан” гэж цахим орчин, харилцаа холбооны сүлжээнд энэ хуулийн 3.3-т заасан технологи ашиглан бусдыг хуурах, луйвардах, бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдал бий болгох, бусдын нэр, дүр төрх, бүртгэл, мэдээллийг ашиглан төөрөгдүүлэх, эсхүл итгэлийг нь урвуулан ашиглах замаар хөрөнгө, хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө, эсхүл бусдад шилжүүлэн авахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг;
4.1.13. “цахим залилангийн эрсдэл” гэж цахим орчин, харилцаа холбооны сүлжээнд залилан хийх, үргэлжлэх болон түүнээс хохирол учрах, нэмэгдэх магадлал, түүний болзошгүй үр дагаврыг;
4.1.14. “цахим залилангийн мэдээлэл” гэж цахим залилан, түүний эрсдэл, агуулга, гүйлгээ, данс, утасны дугаар, цахим шуудан, цахим хаяг, учирсан хохирол, авсан арга хэмжээний талаар энэ хуульд заасан үндэслэлээр цуглуулсан мэдээллийг;
4.1.15. “цахим залиланд ашигласан данс” гэж энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан шалгалтаар цахим залилантай холбоотой хөрөнгө хүлээн авах, хадгалах, дамжуулах, хөрвүүлэх, гаргахад ашигласан нь баримтаар баталгаажсан банкны дансыг;
4.1.16. “цахим платформ” гэж мэдээлэл, зар сурталчилгаа байршуулах, нийтэд түгээх, мэдээлэл хайх, эсхүл бараа, ажил, үйлчилгээ санал болгох, хэлцэл хийх, тэдгээрт зуучлах зориулалттай цахим системийг;
4.1.17. “цахим үйлчилгээ үзүүлэгч” гэж цахим платформ ажиллуулах, бусдын мэдээлэл, зар сурталчилгаа байршуулах серверийн үйлчилгээ үзүүлэх, домэйн нэр бүртгэх, удирдах, хэрэглээний программ түгээх үйл ажиллагааг тус тус эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.18. “шуурхай мэдэгдэл” гэж залилангийн улмаас хөрөнгө шилжих, цааш дамжих, хохирол нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор холбогдох үйлчилгээ үзүүлэгч, эрх бүхий байгууллагад энэ хуулийн 15.1-д заасан сувгаар нэн даруй хүргүүлсэн, эрсдэлийг шалгахад шаардлагатай мэдээлэл бүхий мэдэгдлийг;
4.1.19. “шуурхай хамгаалах арга хэмжээ” гэж залилангийн хохирол учрах, нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор энэ хуульд тусгайлан заасан үндэслэл, эрх хэмжээ, хугацааны хүрээнд гүйлгээ, хөрөнгийн зарцуулалт, утасны дугаарын үйлчилгээ, цахим хаягийн үйлдэл, тодорхой агуулгын тархалтыг түр хязгаарлах арга хэмжээг;
4.1.20. “эрсдэлийн дохио” гэж тодорхой гүйлгээ, данс, утасны дугаар, цахим хаяг, агуулга, үйл ажиллагаа цахим залилантай холбоотой байж болзошгүйг илэрхийлсэн болон эх сурвалж, илэрсэн хугацаа, холбогдох нөхцөлөөр нь шалгах боломжтой мэдээлэл, техникийн шинж тэмдгийг;
4.1.21. “төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч”, “төлбөрийн үйлчилгээ”, “цахим мөнгө” гэсэн нэр томьёог Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.14, 5.1.16, 5.1.25-д заасан тус тус утгаар;
4.1.22. “виртуал хөрөнгө”, “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэсэн нэр томьёог Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т заасан тус тус утгаар;
4.1.23. “мэдээллийн эзэн”, “хүний хувийн мэдээлэл” гэсэн нэр томьёог Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.11-д заасан тус тус утгаар.
4.2. Нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код, эсхүл баталгаажуулах бусад хэрэгсэл ашигласан нь гүйлгээг эрх бүхий этгээд зөвшөөрсөн, цахим залилангийн нөлөөгүй байсан, эсхүл үйлчилгээ үзүүлэгч үүргээ зохих ёсоор биелүүлснийг дангаар нотлохгүй.
5 дугаар зүйл. Цахим залилангаас урьдчилан сэргийлэхэд баримтлах зарчим
5.1. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
5.1.2. эрсдэлийн шинж, түвшин, болзошгүй хохирол, үйлчилгээний онцлог, түүнийг хянах бодит боломжид үндэслэн арга хэмжээг сонгох;
5.1.3. шуурхай хамгаалах арга хэмжээг хуульд заасан зорилгод хүрэхэд зайлшгүй шаардлагатай, тохирсон хэмжээнд хэрэгжүүлж, ижил үр дүнд хүрэх боломжтой бол эрхийг хамгийн бага хязгаарлах аргыг сонгох;
5.1.4. эрсдэлийн мэдээллийг шуурхай шалгаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх болон хамгаалах ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулахгүй байх;
5.1.5. мэдээллийг хууль ёсны, тодорхой зорилгоор, шаардлагатай хэмжээнд цуглуулах, ашиглах;
5.1.6. мэдээллийн үнэн зөв, шинэчлэгдсэн, аюулгүй байдлыг хангах;
5.1.7. хэрэглэгчийг ялгаварлан гадуурхахгүй, хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, дахин хохирохоос хамгаалах;
5.1.8. цахим залилангаас сэргийлэхэд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хамгаалалт шаардлагатай бусад хүний нөхцөлд тохирсон хүртээмжтэй туслалцаа үзүүлэх;
5.1.9. үйлчилгээ үзүүлэгч бүр энэ хуульд заасан үүргээ өөрийн үйл ажиллагааны хүрээнд хариуцан биелүүлж хамтран ажиллах;
5.1.10. хохирогчийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын харьяаллын маргаанаар саад учруулахгүй байх;
5.1.11. шийдвэрийн үндэслэл, хэрэгжилтийг баримтжуулах, алдаатай мэдээлэл, шийдвэрийг засах, эрхийг сэргээх, гомдол гаргах болон хараат бус хяналтаар хянуулах боломжийг хангах;
5.1.12. шуурхай хамгаалах арга хэмжээг зөвхөн хуульд тусгайлан заасан үндэслэл, эрх хэмжээ, хугацааны хүрээнд хэрэгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТОГТОЛЦОО
6 дугаар зүйл. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах ажлын зохион байгуулалт
6.1. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар (цаашид Засгийн газар гэх), энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгч хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд харилцан уялдаатай хэрэгжүүлнэ.
6.2. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шуурхай арга хэмжээний нэгж нь цахим залилангийн тухай мэдэгдлийг хүлээн авах, бүртгэх, шуурхай хамгаалах арга хэмжээний хэрэгцээг үнэлж, холбогдох мэдээллийг эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй хүргүүлэх, тэдгээрийн мэдээлэл солилцоо, шуурхай хамгаалах арга хэмжээний харилцан уялдааг хангах ажиллагааг зохион байгуулна.
6.3. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны Салбар зөвлөл Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд уялдуулан зохицуулах бөгөөд эдгээр зөвлөл нь эрх хэмжээнийхээ хүрээнд энэ хуулийн 7.1.1-д заасан төлөвлөгөөнд тусгах цахим залилангаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний санал боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавина.
6.4. Эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн арга хэмжээний хууль зүйн үндэслэл, хугацааны хэрэгжилт, цуглуулсан, боловсруулсан, ашигласан, дамжуулсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хуульд заасан үүргийн хүрээнд тус тус хариуцна.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээтэй уялдуулан энэ хуулийг хэрэгжүүлэх салбар хоорондын арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;
7.1.2. энэ хуулийн 7.1.1-д заасан төлөвлөгөөнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах болон хамтран оролцох байгууллага, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах зардал, санхүүжилтийн эх үүсвэр, хүрэх үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусгах;
7.1.3. энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шуурхай арга хэмжээний нэгж, 15 дугаар зүйлд заасан шуурхай суваг, 17 дугаар зүйлд заасан мэдээллийн нэгдсэн сангийн ажиллагааны зардлыг төсвийн хууль тогтоомжид нийцүүлэн төсвийн төсөлд тусгаж, батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх;
7.1.4. энэ хуулийг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангах, чиг үүргийн давхардал, хэрэгжилтийн саатлыг арилгах, хүний нөөц, техникийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг өөрийн бүрэн эрхийн хүрээнд авах;
7.1.5. энэ хуулийн 67.4-т заасан нэгдсэн тайланг жил бүр хэлэлцэж, хэрэгжилтийн доголдлыг арилгах, төлөвлөгөө, санхүүжилт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг хариуцах байгууллага, хэрэгжүүлэх хугацааны хамт шийдвэрлэх.
8 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. энэ хуулийн 6.3-т заасан зөвлөл, холбогдох төрийн байгууллагын санал, 66 дугаар зүйлд заасан судалгаа, статистик болон 67 дугаар зүйлд заасан тайланд үндэслэн энэ хуулийн 7.1.1-д заасан төлөвлөгөөний төслийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газраар батлуулах;
8.1.2. энэ хуулийн 7.1.1-д заасан төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд үүссэн хүндрэл, хэрэгжилтийн доголдлыг арилгах саналыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
8.1.3. цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн уялдаа, давхардал, хийдэл, хэрэгжилтийн үр нөлөөг судалж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
8.1.4. энэ хуулийн 67.2-т заасны дагуу ирүүлсэн тайланг нэгтгэн, 66 дугаар зүйлд заасан судалгаа, статистикт үндэслэн хэрэгжилтийн үр дүнг дүгнэж, нэгдсэн тайланг 67.4-т заасан хугацаанд Засгийн газарт танилцуулж, нийтэд мэдээлэх;
8.1.5. энэ хуулийн 6.3-т заасан зохицуулалттай уялдуулан 62–65 дугаар зүйлд заасан олон нийтийг соён гэгээрүүлэх, эрсдэлд илүү өртөж болзошгүй хэрэглэгчийг хамгаалах, хохирогчид туслалцаа үзүүлэх, дахин хохирохоос сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх байгууллагын хамтын ажиллагааг зохион байгуулах;
8.1.6. энэ хуулийн 15.5-д заасан журмын төслийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагатай хамтран боловсруулж, 14.4-д заасан үнэлгээ хийж, санал авах ажиллагааг зохион байгуулж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;
8.1.7. хууль сахиулах байгууллага, холбогдох сургалтын байгууллагатай хамтран цахим залилангаас урьдчилан сэргийлэх, цахим баримтыг хамгаалах, хохирогчийн эрхийг хангах чиглэлээр алба хаагчийг мэргэшүүлэх сургалт, арга зүйн дэмжлэгийг зохион байгуулах;
8.1.8. энэ хуулийн 66.2-т заасан судалгааг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, үр дүнг төлөвлөлт, сургалт, урьдчилан сэргийлэх болон хохирогчид туслалцаа үзүүлэх арга хэмжээг боловсронгуй болгоход ашиглах.
8.2. Энэ хуулийн 8.1.4-т заасан нэгдсэн тайланд 34.5-д заасан үзүүлэлтээс гадна цахим залилангийн улмаас учирсан хохирол, шуурхай хамгаалах арга хэмжээний үр дүн, хамгаалсан болон буцаан олгосон хөрөнгө, төлсөн нөхөн төлбөр, арга хэмжээ авахад зарцуулсан хугацаа, алдаатай хязгаарлалт, эрх сэргээсэн байдал, гомдлын шийдвэрлэлт, мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хамгаалах шаардлагын зөрчил, тэдгээрийг арилгасан үр дүнг нэгтгэн тусгана.
9 дүгээр зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
9.1. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. энэ хуулийг хэрэгжүүлэх мэдээллийн системийн харилцан ажиллагаа, цахим баталгаажуулалт, мэдээллийн болон кибер аюулгүй байдлын бодлого, техникийн шийдлийн уялдааг хангах;
9.1.2. энэ хуулийн 15.5-д заасан журмын төслийн мэдээлэл солилцох хэлбэр, цахим баталгаажуулалт, хүлээн авалтын баталгаа, нөөц суваг, мэдээллийн аюулгүй байдалд хамаарах техникийн шаардлагын талаарх саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
9.1.3. энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шуурхай суваг, 17 дугаар зүйлд заасан мэдээллийн нэгдсэн сан, тэдгээртэй холбогдох мэдээллийн системийн тасралтгүй ажиллагаа, нөөцлөлт, саатлын үед сэргээн ажиллуулах бэлэн байдлыг хангахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
9.1.4. энэ хуулийн 17.3-т заасан мэдээллийн системийн холболт, харилцан ажиллагааг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагад техникийн дэмжлэг үзүүлэх;
9.1.5. кибер халдлага, зөрчилтэй холбоотой цахим залилангийн үед шуурхай арга хэмжээний нэгж болон кибер халдлага, зөрчилтэй тэмцэх эрх бүхий байгууллагын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулах;
9.1.6. энэ хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан сургалт, мэдээллийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж, цахим хэрэглээний мэдлэг, аюулгүй байдлын дадлыг дээшлүүлэх сургалтын агуулга, хүртээмжтэй цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх.
10 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын бүрэн эрх
10.1. Цагдаагийн төв байгууллага цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1. цахим залилангийн тухай мэдэгдлийг хүлээн авах, бүртгэх, шуурхай хамгаалах арга хэмжээний мэдээлэл солилцоо, байгууллага хоорондын харилцан ажиллагааг зохион байгуулах байнгын ажиллагаатай нэгж /цаашид “шуурхай арга хэмжээний нэгж” гэх/ ажиллуулах;
10.1.2. энэ хуулийн 66.1-д заасан нэгтгэсэн статистикийг гаргаж, нийтлэх, 67.2-т заасан тайланг нэгтгэн тогтоосон хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
10.1.3. энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан гадаад улсын хууль сахиулах байгууллагатай мэдээлэл солилцох, хөрөнгө болон цахим баримтыг хамгаалах талаар хамтран ажиллах ажиллагааг эрх бүхий сувгаар зохион байгуулах;
10.1.4. энэ хуулийн 62–65 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх, хохирогчид мэдээлэл, туслалцаа үзүүлэх ажлыг цагдаагийн байгууллагын чиг үүргийн хүрээнд зохион байгуулж, харьяа байгууллага, нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
10.1.5. хуульд заасан бусад чиг үүрэг.
10.2. Цагдаагийн төв байгууллага өөрийн бүтцэд шуурхай арга хэмжээний нэгжийг долоо хоногийн бүх өдөр, хоногийн 24 цаг тасралтгүй ажиллах хүний нөөц, техникийн болон зохион байгуулалтын нөхцөлөөр хангана.
10.3. Шуурхай арга хэмжээний нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.3.1. энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шуурхай сувгийг эрхлэн ажиллуулж, 17 дугаар зүйлд заасан цахим залилангийн мэдээллийн нэгдсэн сангийн өдөр тутмын ажиллагаа, бүртгэлийн бүрдэл, давхардал, төлөвийн хяналтыг хариуцах;
10.3.2. цахим залилангийн тухай мэдэгдэл, мэдээллийг хүлээн авч, энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлийн нэгдсэн дугаар олгох, өмнө бүртгэгдсэн тохиолдолд холбогдох мэдээллийг тухайн бүртгэлд нэгтгэх;
10.3.3. хүлээн авсан мэдэгдэл, мэдээлэлд үндэслэн шуурхай хамгаалах арга хэмжээний хэрэгцээ, мэдээлэл хүргүүлэх хүлээн авагчийг тодорхойлж, энэ хуулийн 15, 18, 22 дугаар зүйлд заасан журмаар нэн даруй хүргүүлэх;
10.3.4. шуурхай мэдэгдэл, шийдвэрийн хүргэлт, хүлээн авалтын баталгаа, хариу, хэрэгжилтийн мэдээллийг бүртгэж, хуульд заасан хугацааны биелэлтийг хянах, саатал, татгалзлын шалтгааныг тодруулж, үүргийн зөрчлийг харьяалах хяналтын байгууллагад хүргүүлэх;
10.3.5. цахим баримтыг хамгаалах, бэхжүүлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг тогтооход шаардлагатай мэдээллийг эрх бүхий алба хаагч, байгууллагад шуурхай хүргүүлж, хамтын ажиллагааг зохион байгуулах;
10.3.6. энэ хуулийн 19.4, 33.8-д заасан мэдээлэл залруулах ажиллагааг зохион байгуулж, залруулгыг мэдээлэл хүлээн авсан этгээдэд хүргэсэн, холбогдох бүртгэлд тусгасан эсэхийг хянах;
10.3.7. цахим залилангийн шинэ арга, давтагдах шинж, эрсдэлийн талаарх мэдээллийг шалгаж, хуулиар хамгаалсан мэдээллийг задруулахгүйгээр холбогдох байгууллага, үйлчилгээ үзүүлэгч, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргүүлэх;
10.3.8. мэдэгдэл гаргагчид бүртгэлийн дугаар, мэдээллийг шилжүүлсэн байгууллага, үйлчилгээ үзүүлэгч, явцыг лавлах суваг, авах боломжтой туслалцаа, хүсэлт, гомдол гаргах журмыг мэдээлж, энэ хуулийн 64, 65 дугаар зүйлд заасан туслалцааг өөрийн чиг үүргийн хүрээнд үзүүлэх;
10.3.9. энэ хуулийн 29.1-д заасан тохиолдолд холбогдох үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллийг тулгаж, хохирогчдод мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг уялдуулах;
10.3.10. энэ хуулийн 24.4-т заасан мэдээллийг хүлээн авмагц мөрдөн шалгах харьяаллын дагуу нэн даруй шилжүүлж, хариуцсан мөрдөгчид түр хязгаарлалтын дуусах хугацааг мэдэгдэх, 23.6-д заасан шийдвэрийн хүргэлт, хүлээн авалтыг бүртгэх, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог тасралтгүй зохион байгуулах.
10.4. Энэ хуулийн 10.3.2-т заасан бүртгэлийн нэгдсэн дугаарыг тухайн тохиолдолд хамаарах гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэг болон үйлчилгээ үзүүлэгчийн дотоод бүртгэлийн дугаартай холбон бүртгэнэ.
10.5. Шуурхай арга хэмжээний нэгж нь гүйлгээ, данс, хөрөнгөтэй холбоотой мэдэгдэл, хүсэлтийг холбогдох санхүүгийн болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, харилцаа холбооны болон цахим үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл, хүсэлтийг тухайн үйлчилгээ үзүүлэгчид шуурхай сувгаар хүргүүлнэ.
10.6. Цагдаагийн төв байгууллага энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан цахим залилангийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл хариуцагч байна. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хадгалах, залруулах, устгах, хандалтын эрх тогтоох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад энэ хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
11 дүгээр зүйл. Банк, санхүүгийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүрэг
11.1. Монголбанк нь банк, үндэсний төлбөрийн системийн оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуульд заасан үүргийн хэрэгжилтэд хуулиар тогтоосон харьяаллынхаа хүрээнд хяналт тавина.
11.2. Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн хяналтын харьяалалд хамаарах банкнаас бусад санхүүгийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуульд заасан үүргийн хэрэгжилтэд хяналт тавина.
11.3. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тус тусын харьяалах үйлчилгээний хүрээнд дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.3.1. үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн дөрөв, тав, зургаадугаар бүлэгт заасан эрсдэлийг илрүүлэх, шалгах, хэрэглэгчийг баталгаажуулах, анхааруулах, шуурхай хамгаалах арга хэмжээ авах, баримт хадгалах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
11.3.2. энэ хуулийн 34, 70 дугаар зүйлд заасны дагуу шаардлагатай тайлан, мэдээлэл, баримтыг гаргуулан авч, үүргийн биелэлтийг шалгах, илэрсэн зөрчлийг 69 дүгээр зүйлд заасан журмаар арилгуулах;
11.3.3. энэ хуулийн 30.7-д заасан эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналт, тайлагналын зохион байгуулалт болон 35–43 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх техникийн болон зохион байгуулалтын шаардлага, тайлангийн маягтыг энэ хуульд заасны дагуу батлах;
11.3.4. шуурхай арга хэмжээний нэгжтэй хамтран гүйлгээ илгээгч, хүлээн авагч талын үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлэл солилцоо, хөрөнгө хамгаалах, буцаан олгох ажиллагаанд үүссэн тогтолцооны доголдлыг тогтоож, арилгуулах;
11.3.5. үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 57–61 дүгээр зүйлд заасан хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хохирол нөхөн төлөх үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, өөрийн бүрэн эрхэд хамаарах гомдлыг хуульд заасан журмаар шийдвэрлэх;
11.3.6. энэ хуулийн 34.5-д заасан тайланг хяналт шалгалт, зөрчил арилгуулсан үр дүнгийн хамт нэгтгэж, 67.1-д заасан хугацаа, шаардлагын дагуу цагдаагийн төв байгууллагад хүргүүлэх;
11.3.7. цахим залилангийн нийтлэг эрсдэл, хяналт шалгалтын нэгтгэсэн үр дүнгийн талаар хуулиар хамгаалсан мэдээллийг задруулахгүйгээр холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож, үйлчилгээ үзүүлэгчид арга зүйн дэмжлэг үзүүлэх.
11.4. Хяналтын харьяалал тодруулах, байгууллага хооронд мэдээлэл солилцох, зөвшилцөх нь үйлчилгээ үзүүлэгчийн шуурхай хамгаалах арга хэмжээ авах, мэдэгдэх, баримт хадгалах, хүсэлт, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлэхийг саатуулах үндэслэл болохгүй.
12 дугаар зүйл. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
12.1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны болон цахим үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн долоо, наймдугаар бүлэгт заасан үүрэг, түүнчлэн тэдгээрт хамаарах нийтлэг үүргийн хэрэгжилтэд хяналт тавина.
12.2. Харилцаа холбооны зохицуулах хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1. энэ хуулийн 30–34, 44–56 дугаар зүйлд заасан эрсдэлийг илрүүлэх, шалгах, хэрэглэгчийг баталгаажуулах, анхааруулах, шуурхай мэдэгдэл хүлээн авах, хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх, баримт хадгалах үүргийн биелэлтийг шалгах;
12.2.2. утасны дугаар, зурвас илгээгчийн нэрийг хуурамчаар ашиглах, цахим хаяг булаах, хуурамч хаяг, зар сурталчилгаа ашиглан цахим залилан үйлдэхээс сэргийлэх талаар үйлчилгээ үзүүлэгчийн хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
12.2.3. энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан гадаадын цахим үйлчилгээ үзүүлэгчийн холбоо барих этгээдийн мэдээллийг бүртгэж, шинэчлэх, мэдэгдэл, шийдвэр хүлээн авах, хариу өгөх нөхцөл бүрдүүлсэн эсэхийг хянах;
12.2.4. энэ хуулийн 30.7-д заасан эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналт, тайлагналын зохион байгуулалт болон 44–56 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх техникийн болон зохион байгуулалтын шаардлага, тайлангийн маягтыг энэ хуульд заасны дагуу батлах;
12.2.5. энэ хуулийн 15, 18 дугаар зүйлд заасан мэдээлэл солилцооны хүрээнд үйлчилгээ үзүүлэгчийн үүргийн биелэлтэд хяналт тавих;
12.2.6. энэ хуулийн 34, 70 дугаар зүйлд заасны дагуу шаардлагатай тайлан, мэдээлэл, баримтыг гаргуулан авч, хяналтын харьяалалд хамаарах зөрчлийг 69 дүгээр зүйлд заасан журмаар арилгуулах, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг харьяаллын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
12.2.7. үйлчилгээ үзүүлэгчийн хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, алдаатай түр хязгаарлалтыг залруулах, үйлчилгээг сэргээх үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, өөрийн бүрэн эрхэд хамаарах гомдлыг хуульд заасан журмаар шийдвэрлэх;
12.2.8. энэ хуулийн 34.5-д заасан тайланг хяналт шалгалт, зөрчил арилгуулсан үр дүнгийн хамт нэгтгэж, 67.1-д заасны дагуу цагдаагийн төв байгууллагад хүргүүлэх;
12.2.9. энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу гадаадын ижил чиг үүрэгтэй байгууллагатай хамтран ажиллаж, 54 дүгээр зүйлд заасан холбоо барих этгээдээр дамжуулан гадаадын үйлчилгээ үзүүлэгчтэй харилцах.
12.3. Энэ хуулийн 12.2.4-т заасан шаардлага, маягт 15.5-д заасан журамд нийцүүлсэн байна.
13 дугаар зүйл. Санхүүгийн мэдээллийн албаны оролцоо
13.1. Энэ хуульд заасан шуурхай мэдэгдэл хүргүүлсэн нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүргийг орлохгүй бөгөөд Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл хүргүүлсэн нь энэ хуульд заасан шуурхай хамгаалах арга хэмжээ авах, мэдэгдэх үүргээ биелүүлэхийг саатуулах үндэслэл болохгүй.
13.2. Цахим залилантай холбоотой, хийгдэхээр хүлээгдэж байгаа гүйлгээг түдгэлзүүлэх асуудлыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. Энэ хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан арга хэмжээ болон уг түдгэлзүүлэлтийн үндэслэл, шийдвэр, хугацааг тус тусад нь баримтжуулах бөгөөд аль нэг арга хэмжээний хугацаа дууссан нь нөгөөг хэрэглэх бие даасан үндэслэл болохгүй.
14 дүгээр зүйл. Хүний эрх, хэрэглэгчийн эрхийн хамгаалалтад тавих хяналт
14.1. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /цаашид “Комисс” гэх/ энэ хуулийг хэрэгжүүлэх явцад хүний эрх, эрх чөлөө, хүний хувийн мэдээлэл хамгаалах шаардлагын хэрэгжилтэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хараат бус хяналт тавьж, харьяалах гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэнэ.
14.2. Энэ хуулийг хэрэгжүүлэх байгууллага, үйлчилгээ үзүүлэгч нь Комисс, түүний гишүүн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримтыг гаргаж өгөх, хяналт шалгалт явуулах нөхцөлөөр хангах, шаардлага, зөвлөмжийг холбогдох хуульд заасан журмаар шийдвэрлэж, хариу хүргүүлэх үүрэгтэй.
14.3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчид өгөх мэдээллийн үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байдал, хүсэлт, гомдол шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянана.
14.4. Энэ хуульд заасны дагуу батлах журам, техникийн шаардлага, маягтын төслийг боловсруулах байгууллага нь хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалт, хэрэглэгчид үзүүлэх нөлөөллийг үнэлж, Комисс, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрхийг төлөөлөх болон иргэний нийгмийн байгууллагаас санал авна.
14.5. Комисс энэ хуулийн 19, 20, 21 дүгээр зүйлд заасан хүний оролцоогүй мэдээлэл боловсруулалт, хувийн мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, мэдээллийн эзний эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл. Шуурхай мэдэгдэл, мэдээлэл солилцох ажиллагаа
15.1. Эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгч энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдэл, хүсэлт, шийдвэрийг хууль ёсны зорилго, хүлээн авагчийн эрх хэмжээнд нийцсэн хүрээнд, аюулгүй холболт бүхий шуурхай суваг /цаашид “шуурхай суваг” гэх/ -аар солилцоно.
15.2. Шуурхай арга хэмжээний нэгж шуурхай сувгийг эрхлэн ажиллуулах бөгөөд системийн саатлын үед баталгаажуулалт, бүртгэл, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага хангасан нөөц суваг ашиглана.
15.3. Энэ хуульд заасан шуурхай мэдэгдэл, шийдвэр хүлээн авах, хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох ажиллагааг хоногийн 24 цаг тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүлээн авалт, хариу, гүйцэтгэлийг энэ хуулийн 18 дугаар зүйл болон тухайн арга хэмжээнд тогтоосон хугацаанд баталгаажуулж мэдээлнэ.
15.4. Мэдээлэл солилцохдоо илгээгч, хүлээн авагчийн эрх, шийдвэрийн хүчинтэй байдлыг баталгаажуулж, дамжуулалт, хандалт, гүйцэтгэлийг бүртгэнэ.
15.5. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шуурхай суваг болон мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл солилцоо, бүртгэл, цахим баталгаажуулалт, хандалтын эрх, нөөц ажиллагаа, аюулгүй байдлын техникийн журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн энэ хуульд нийцүүлэн батална.
15.6. Үйлчилгээ үзүүлэгч мэдээлэл хүлээн авах, бүртгэх, дамжуулах болон техникийн дэмжлэгийн ажиллагааг гэрээт гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно.
16 дугаар зүйл. Хил дамнасан хамтын ажиллагаа
16.1. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг тогтоох, баримт хамгаалах, хохирлыг барагдуулах зорилгоор гадаад улсын эрх бүхий байгууллага, олон улсын байгууллага, гадаадын үйлчилгээ үзүүлэгчтэй Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд нийцүүлэн хамтран ажиллана.
16.2. Гадаадын үйлчилгээ үзүүлэгчтэй түүний албан ёсны сувгаар, эсхүл энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан холбоо барих этгээдээр дамжуулан харилцана.
16.3. Гадаад улсаас ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, шийдвэр нь Монгол Улсад хөрөнгө, үйлчилгээ, цахим агуулгыг хязгаарлах, хөрөнгө буцаан олгох бие даасан үндэслэл болохгүй бөгөөд холбогдох арга хэмжээ авах, гадаадын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх асуудлыг Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.
16.4. Монгол Улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг гадаад улсад хэрэгжүүлэхэд тухайн улсын хууль, холбогдох олон улсын гэрээнд заасан журмыг баримтална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОО
17 дугаар зүйл. Цахим залилангийн мэдээллийн нэгдсэн сан
17.1. Цагдаагийн төв байгууллага цахим залилангийн эрсдэлийг шалгах, шуурхай хамгаалах арга хэмжээг уялдуулах, хохирогчийн эрхийг хамгаалах зориулалттай цахим залилангийн мэдээллийн нэгдсэн сантай байна.
17.2. Эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгч энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ цуглуулсан тухайн тохиолдлыг шалгах, арга хэмжээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай дараах мэдээллийг цахим залилангийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ:
17.2.1. цахим залиланд холбогдох данс, гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, утасны дугаар, цахим шуудан, цахим хаяг, домэйн нэр, холбоос, хэрэглээний программ, виртуал хөрөнгийн хаягийг ялган тогтоох мэдээлэл;
17.2.2. цахим залилангийн гүйлгээний дүн, валют, огноо, цаг, хөрөнгийн шилжилт, учирсан хохирлын мэдээлэл;
17.2.3. цахим залилантай холбоотой мэдэгдэл, эрсдэлийн дохио, тэдгээрийн эх сурвалж, шалгалтын үндэслэл, үр дүн;
17.2.4. гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ, мэдээлэл залруулсан, үйлчилгээ сэргээсэн, хөрөнгө буцаан олгосон болон гомдол шийдвэрлэсэн мэдээлэл.
17.3. Цахим залилангийн мэдээллийн нэгдсэн санг шуурхай суваг, холбогдох байгууллагын мэдээллийн системтэй холбон ажиллуулах бөгөөд мэдээлэл солилцоонд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системийг ашиглах шаардлагыг баримтална.
17.4. Энэ хуулийн 17.2-т заасан бүртгэлд цахим залилангийн тохиолдлын дугаар, мэдээлсэн болон шалгасан этгээд, цаг, мэдээллийн хүчинтэй байх хугацаа, “мэдэгдсэн”, “шалгаж байгаа”, “баталгаажсан”, “залруулсан”, “хүчингүй болсон” зэргээр бодит төлөвийг ялгаж тэмдэглэх бөгөөд үйлчилгээ үзүүлэгч ирүүлсэн мэдээллийн үнэн зөв, хууль ёсны байдлыг хариуцаж, өөрчлөлтийг нэн даруй, тухай бүр шинэчилнэ.
17.5. Шуурхай арга хэмжээний нэгж энэ хуулийн 17.2-т заасан бүртгэлийн бүрдэл, давхардал, төлөвийг бодит цагийн горимоор хянана.
17.6. Энэ хуулийн 34.1-д заасан үүргийн биелэлт, гомдол, маргааныг шалгахад шаардлагатай баримт болон мэдээлэл солилцооны бүртгэлийг тухайн ажиллагаа дууссанаас хойш таван жил хадгална. Идэвхтэй эрсдэлийн мэдээллийг нотолгооны зориулалтаар хадгалсан бүртгэлээс тусгаарлана.
17.7. Эрсдэлийн дохиог мэдээлсэн байгууллага, үйлчилгээ үзүүлэгч түүний эх сурвалж, баримт, хүчинтэй байдлыг гуч хоног тутам болон өөрчлөлт илэрсэн тухай бүр дахин шалгана. Үндэслэл арилсан, хугацаа дууссан, эсхүл хугацаанд нь дахин шалгаагүй мэдээллийг идэвхтэй эрсдэлийн мэдээллээс хасаж, анхааруулга болон эрх хязгаарлах үндэслэлд ашиглахыг зогсооно.
18 дугаар зүйл. Шуурхай мэдэгдэл, мэдээлэл дамжуулах, хариу өгөх ажиллагаа
18.1. Эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгч шуурхай сувгаар мэдэгдэл, мэдээлэл, шийдвэр солилцохдоо дараах журмыг баримтална:
18.1.1. цахим залилангийн улмаас хөрөнгө шилжих, цааш дамжих, хохирол учрах, нэмэгдэх бодит эрсдэлийн талаарх мэдээллийг хүлээн авсан, эсхүл өөрөө илрүүлсэн бол өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгаж, шуурхай хамгаалах арга хэмжээ авахад шаардлагатай мэдээллийг шуурхай арга хэмжээний нэгж болон холбогдох эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй хүргүүлэх;
18.1.2. шуурхай арга хэмжээний нэгж нь хүлээн авсан мэдэгдлийг арга хэмжээ авах эрх бүхий хүлээн авагчид нэн даруй хүргүүлж, хүргэлт, хүлээн авалт, хариу, гүйцэтгэлийн мэдээллийг бүртгэж хянах бөгөөд холбогдох гүйлгээ, хөрөнгө, үйлчилгээ, цахим хаяг, агуулгыг тодорхойлох боломжтой бол нэмэлт баримт бүрдүүлэх, бүртгэлийн нэгдсэн дугаар олгох, мэдээллийн сангийн бүртгэлийг гүйцээхийг хүлээж мэдээлэл дамжуулах, эрсдэлийг шалгах ажиллагааг саатуулахгүй;
18.1.3. шуурхай мэдэгдэл хүлээн авагч нь хүлээн авснаас хойш 30 минутын дотор хүлээн авсан огноо, цаг, бүртгэлийн дугаар бүхий баталгааг илгээгчид хүргүүлэх;
18.1.4. энэ хуульд богино хугацаа заагаагүй бол мэдэгдэл хүлээн авснаас хойш хоёр цагийн дотор шалгалтын явц, авсан арга хэмжээ, цааш хэрэгжүүлэх ажиллагаа, эсхүл арга хэмжээ аваагүй үндэслэлийг тусгасан эхний хариуг хүргүүлэх;
18.1.5. мэдэгдэл хүлээн авагч нь өөрийн эрх хэмжээ, хууль ёсны хандалтын хүрээнд эрсдэлийг нэн даруй шалгаж, хуульд заасан үндэслэл бүрдвэл шуурхай хамгаалах арга хэмжээ авах;
18.1.6. шуурхай хамгаалах арга хэмжээ авсан шийдвэр өөрчлөгдсөн, хүчингүй болсон тухай мэдээллийг шийдвэр гаргасан эрх бүхий этгээд, хүчинтэй хугацаа дууссан тухай мэдээллийг шийдвэр хэрэгжүүлэгч нэн даруй хүргүүлэх;
18.1.7. мэдээлэл, хүсэлт, шийдвэр дамжуулахдаа илгээгч, хүлээн авагч, холбогдох тохиолдлын дугаар, хууль зүйн үндэслэл, шаардлагатай арга хэмжээ, хамрах хүрээ, хугацаа, илгээсэн, хүлээн авсан болон хариу өгсөн огноо, цагийг бүртгэх.
18.1.8. мэдээлэлд хандах эрхийг тухайн этгээдийн чиг үүрэг, зайлшгүй хэрэгцээгээр хязгаарлаж, мэдээлэл үзсэн, хуулбарласан, дамжуулсан үйлдэл, түүний зорилго, үндэслэл, ажилтан, хугацааг бүртгэх.
18.2. Шуурхай арга хэмжээний нэгж нь мэдээлэл дамжуулах, хариу өгөх, шийдвэр хэрэгжүүлэхэд гарсан саатал, татгалзлын шалтгаан, хариуцсан этгээд, авсан арга хэмжээг бүртгэнэ.
18.3. Энэ зүйлд заасан мэдээлэл солилцоо, бүртгэл, баталгаажуулалт, хандалт, залруулга, хадгалалт, устгалын техникийн ажиллагааг энэ хуулийн 15.5-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.
18.4. Энэ хуулийн 17.2, 26.1, 35.1.9, 40.2, 41.2, 48.3-т заасан мэдээллийг тухайн тохиолдол, гүйлгээнд оролцсон үйлчилгээ үзүүлэгч, шуурхай арга хэмжээний нэгж болон хуульд заасан эрх бүхий байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хүрээнд цуглуулж, боловсруулж, солилцоно. Дамжуулсан банкны нууц болон хүний хувийн мэдээллийн хамгаалалт хэвээр хадгалагдах бөгөөд хүлээн авагч өөр зорилгоор ашиглах, хуульд зааснаас бусад этгээдэд дамжуулахыг хориглоно.
19 дүгээр зүйл. Программ хангамжаар эрсдэл үнэлэх, хүний хяналтыг хангах
19.1. Эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгч нь хууль ёсоор цуглуулсан мэдээлэлд үндэслэн эрсдэлийн дохиог илрүүлэх, тулган шалгах, шуурхай мэдэгдэл, мэдээллийг эрэмбэлэхэд программ хангамж ашиглаж болно. Ашигласан мэдээллийн эх сурвалж, шинэчлэл, шалгуур, үр дүнг дахин шалгах боломжтой бүртгэж, алдаатай илрүүлэлт, ялгаварлах нөлөөг энэ хуулийн 31.4-т заасны дагуу үнэлнэ.
19.2. Программ хангамжийн үнэлгээ, эрсдэлийн түвшин, мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлтэй тохирсон үр дүнг дангаар нь эрх түр хязгаарлах, хязгаарлалтыг үргэлжлүүлэх, хөрөнгө буцаан олгохоос болон хохирол нөхөн төлөхөөс эцэслэн татгалзах үндэслэл болгохгүй. Эрх бүхий ажилтан баримт, мэдээллийн хүчинтэй байдал, холбогдох этгээдийн тайлбарыг бодитоор шалгаж, шийдвэрийн үндэслэлийг тэмдэглэнэ.
19.3. Шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд тухайн шийдвэрт программ хангамжийн үнэлгээ ашигласан эсэх, шийдвэрт нөлөөлсөн гол нөхцөл, баримтын талаар ойлгомжтой тайлбар авах, нэмэлт тайлбар, баримт гаргах, шийдвэрийг эрх бүхий этгээдээр дахин хянуулах эрхтэй.
19.4. Программ хангамжийн үнэлгээнд ашигласан мэдээлэл, үнэлгээний үр дүн алдаатай болох нь тогтоогдвол холбогдох байгууллага, үйлчилгээ үзүүлэгч түүнийг залруулж, уг үр дүнд үндэслэсэн шийдвэр, арга хэмжээг дахин хянах ажиллагааг өөрийн эрх хэмжээний хүрээнд нэн даруй хэрэгжүүлнэ.
19.5. Хүний оролцоогүй цахим боловсруулалтад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдвэл тухайн хуульд заасан үнэлгээ хийж, Комиссын зөвлөмж гаргуулсны үндсэн дээр ашиглана.
20 дугаар зүйл. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах
20.1. Цагдаагийн төв байгууллага нь цахим залилангийн мэдээллийн нэгдсэн сан, шуурхай сувгийн аюулгүй байдлыг, тэдгээрт холбогдсон байгууллага, үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн мэдээллийн систем, холболт, хандалт болон боловсруулж байгаа мэдээллийн аюулгүй байдлыг тус тус хариуцна.
20.2. Мэдээлэл дамжуулах, хадгалах үед шифрлэх, хандалтыг баталгаажуулах, эрхийг чиг үүрэг, зайлшгүй хэрэгцээгээр хязгаарлах, шаардлагагүй эрхийг хаах, үйлдлийн бүртгэлийг өөрчлөхөөс хамгаалах, нөөцлөх, сэргээх арга хэмжээг холбогдох хууль болон энэ хуулийн 15.5-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
20.3. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрвэл холбогдох байгууллага, үйлчилгээ үзүүлэгч өртсөн хандалт, холболтыг хязгаарлаж, баримтыг хамгаалан, мэдээлэл хариуцагч болон шуурхай арга хэмжээний нэгжид нэн даруй мэдэгдэнэ.
20.4. Кибер халдлага, зөрчлийг Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан журмаар мэдээлж, хүний хувийн мэдээллийн зөрчлийн мэдэгдэл, бүртгэл, тайланг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлнэ.
20.5. Зөрчлийн шалтгаан, хамрах хүрээ, илэрсэн болон мэдэгдсэн цаг, авсан арга хэмжээг бүртгэж, мэдээллийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг шалгасны дараа холболтыг сэргээнэ.
21 дүгээр зүйл. Мэдээллийн эзний эрх ба хөндлөнгийн хяналт
21.1. Мэдээллийн эзэн өөрт хамаарах мэдээлэл, түүнийг цуглуулсан эх сурвалж, хууль зүйн үндэслэл, зорилго, ашигласан болон дамжуулсан этгээд, хадгалах хугацааг мэдэх, хуулбар авах, алдаатай, дутуу мэдээллийг залруулах, хуульд заасан үндэслэлээр ашиглалтыг зогсоолгох, устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
21.2. Мэдээлэл хариуцагч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдэгдэл даруй хүргүүлнэ. Мэдээлэл өгөх, мэдэгдэхийг зөвхөн хуульд тусгайлан заасан үндэслэлээр хойшлуулах бөгөөд хэрэглэсэн хуулийн заалт, шийдвэр гаргасан этгээд, хойшлуулсан мэдээллийн хүрээ, хугацааг баримтжуулна. Үндэслэл арилмагц мэдээллийг өгч, мэдэгдлийг хүргүүлнэ.
21.3. Комисс нь энэ хуулийн 14 дүгээр зүйл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хадгалах, устгах, программ хангамжаар эрсдэл үнэлэх ажиллагаа, мэдээллийн эзний эрхийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавина.
21.4. Мэдээлэл хариуцагч хүсэлт гаргагчийн хэн болох, төлөөлөх эрхийг шаардлагатай хэмжээнд баталгаажуулж, энэ хуулийн 21.1-д заасан хүсэлтийг ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
21.5. Үргэлжилж байгаа түр хязгаарлалтын үндэслэл болсон мэдээллийг залруулах хүсэлтийг хүлээн авснаас хойш дөрвөн цагийн дотор шалгана. Алдаа тогтоогдвол энэ хуулийн 17.8-д заасан ажиллагааг нэн даруй хэрэгжүүлж, татгалзвал үндэслэл, гомдол гаргах журмыг мэдэгдэнэ.
21.6. Мэдээлэл өгөхдөө бусдад хамаарах хувийн мэдээлэл, хуулиар хамгаалсан нууцыг тусгаарлах бөгөөд мэдээллийн зарим хэсгийг өгөх боломжгүй нь бусад хэсгийг өгөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХОХИРОГЧИЙН ХӨРӨНГИЙГ ШУУРХАЙ ХАМГААЛАХ, БУЦААН ОЛГОХ АЖИЛЛАГАА
22 дугаар зүйл. Эрсдэлд өртсөн хэрэглэгч, хохирогчийн мэдээлэл бүртгэх ба шуурхай шалгалт
22.1. Цахим залилангийн эрсдэлд өртсөн хэрэглэгч, хохирогч болон бусад этгээдийн мэдээллийг дараах байдлаар бүртгэж шуурхай шалгалт явуулна:
22.1.1. үйлчилгээ үзүүлэгч нь ирсэн мэдээллийг энэ хуулийн 32.4-т заасан сувгаар хүлээн авч, хүлээн авсан огноо, цаг, мэдээллийн эх сурвалжийг бүртгэнэ;
22.1.2. шуурхай арга хэмжээний нэгж энэ хуулийн 22.1.1-д заасан тохиолдолд бүртгэлийн нэгдсэн дугаар олгож, өмнө бүртгэгдсэн бол холбогдох мэдээллийг уг дугаарт нэгтгэх бөгөөд нэгдсэн дугаар олгохыг хүлээх нь арга хэмжээ авахыг хойшлуулах үндэслэл болохгүй;
22.1.3. үйлчилгээ үзүүлэгч мэдээлэл гаргагчийн холбоо барих мэдээлэл, мэдэгдэж байгаа гүйлгээний огноо, цаг, дүн, илгээгч, хүлээн авагч, цахим залилангийн шинжийг тодруулж, өөрт байгаа мэдээлэлтэй тулган шалгана;
22.1.4. хэрэв мэдээллийг төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрхийг баталгаажуулах ба нэмэлт баримт бүрдүүлэх ажиллагаа нь шуурхай мэдэгдэл хүргүүлэх, эрсдэлийг шалгах ажиллагааг саатуулахгүй.
22.2. Гүйлгээ хийгдсэнээс хойш хугацаа өнгөрсөн, баримт бүрдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээгүй, хохирогчоор тогтоосон шийдвэр гараагүй гэх үндэслэлээр мэдээллийг хүлээн авах, шуурхай шалгалт хийхээс татгалзахгүй.
22.3. Үйлчилгээ үзүүлэгч мэдээллийг бүртгэх, шуурхай хамгаалах арга хэмжээ авах хүсэлтийг шалгахад төлбөр авахгүй
22.4. Хөрөнгө шилжих, цааш дамжих эрсдэлтэй бол холбогдох үйлчилгээ үзүүлэгчид шуурхай сувгаар нэн даруй мэдэгдэх бөгөөд мэдээлэл дамжуулах, хүлээн авснаа баталгаажуулах, эхний хариу өгөхөд энэ хуулийн 40 дүгээр зүйл, 18.1-д заасан хугацааны холбогдох заалтыг мөрдөнө.
22.5. Үйлчилгээ үзүүлэгч мэдээлэл гаргагчид бүртгэлийн дугаар, хариуцан ажиллах байгууллага, явцыг лавлах суваг, нэмж өгөх шаардлагатай мэдээллийг мэдэгдэнэ.
23 дугаар зүйл. Шийдвэрийн үндэслэл ба тусгах мэдээлэл
23.1. Энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан шуурхай хамгаалах арга хэмжээ авах шийдвэрийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 30.5.1-д заасан эрх бүхий ажилтан, энэ хуулийн 43.4-т заасан хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий ажилтан гаргах бөгөөд шийдвэрийг бичгээр, эсхүл баталгаажсан цахим хэлбэрээр үйлдэж, дараах мэдээллийг тусгана:
23.1.1. шийдвэрийн дугаар, огноо, цаг, шийдвэр гаргасан байгууллага, ажилтны нэр, албан тушаал;
23.1.2. хууль зүйн үндэслэл, шалгасан баримт, мэдээлэл, тогтоосон эрсдэл;
23.1.3. хамрах гүйлгээ, данс, эсхүл хөрөнгийг ялган тодорхойлох мэдээлэл, дүн, валют, виртуал хөрөнгийн төрөл, тоо хэмжээ;
23.1.4. хязгаарлах үйлдэл, эхлэх, дуусах огноо, цаг, хязгаарлалтад хамаарахгүй хөрөнгө, үйлдлийн хүрээ;
23.1.5. шийдвэрийг хэрэгжүүлэх, дахин хянах хариуцлагатай этгээд, мэдэгдэх журам, гомдол гаргах суваг.
23.2. Шийдвэр гаргах эрх бүхий этгээд тухайн гүйлгээ, хөрөнгө цахим залилантай холбоотой гэж үзэх тодорхой баримт, эрсдэлийн дохио, хохирол учрах буюу нэмэгдэх бодит эрсдэл, арга хэмжээний зайлшгүй шаардлага, хамрах хүрээг шалгана. Зөвхөн гомдол гарсан, данс эрсдэлийн бүртгэлд орсон, эсхүл программ хангамж эрсдэлтэй гэж үнэлсэн нь дангаараа шийдвэр гаргах хангалттай үндэслэл болохгүй.
23.3. Шийдвэрийг хэрэгжүүлмэгц эрх нь хязгаарлагдсан этгээдэд үндэслэл, хэмжээ, хугацаа, тайлбар гаргах болон хянуулах журмыг мэдэгдэнэ. Мэдэгдэхийг зөвхөн хуульд тусгайлан заасан үндэслэлээр хойшлуулж, үндэслэл, хүрээ, хугацааг бүртгэн, үндэслэл арилмагц мэдэгдэнэ.
23.4. Энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан хугацааг арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн мөчөөс тасралтгүй тоолно. Ижил гүйлгээ, хөрөнгийн талаар дахин мэдэгдэл ирсэн, бүртгэлийн дугаар өөрчлөгдсөн, хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргасан нь хугацааг шинээр тоолох, сунгах үндэслэл болохгүй.
23.5. Энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэл арилсан, эсхүл хугацаа дууссан бол түр хязгаарлалтыг нэн даруй цуцална.
23.6. Энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан хугацаа дууссаны дараа гүйлгээ, хөрөнгийн түр хязгаарлалтыг цааш үргэлжлүүлэх тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тухайн хугацаа дуусахаас өмнө дараах шийдвэрийн аль нэгийг хуульд заасан журмаар хүлээн авсан байна:
23.6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын зөвшөөрөлд үндэслэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн шийдвэр;
23.6.2. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн бол гүйлгээг түдгэлзүүлэх тухай Санхүүгийн мэдээллийн албаны даргын, эсхүл уг хугацааг сунгах тухай шүүхийн шийдвэр;
23.6.3. хуульд заасан бусад үндэслэлээр тухайн гүйлгээ, хөрөнгийг түр хязгаарлах тухай шүүх, прокурор, эсхүл хуулиар тусгайлан эрх олгосон албан тушаалтны шийдвэр.
23.7. Түр хязгаарлалт алдаатай, эсхүл үндэслэл нь арилсан тухай эрх нь хязгаарлагдсан этгээдийн хүсэлтийг шийдвэр гаргахад оролцоогүй эрх бүхий ажилтан дөрвөн цагийн дотор хянана. Алдаа тогтоогдвол нэн даруй засаж, энэ хуулийн 33.8-д зааснаар залруулгыг хүргүүлнэ.
23.8. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 43.4-т заасан хүрээнд өөрийн хяналтад байгаа хөрөнгийн төрөл, тоо хэмжээ, сүлжээ, хэтэвчийн хаяг, гүйлгээний таних мэдээллийг тогтоож, энэ бүлэгт заасан ажиллагааг хэрэгжүүлнэ.
23.9. Энэ хуулийн 23.6-д заасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийн үндэслэл болсон хуульд заасан хамрах хүрээ, хугацаа, хяналт, гомдол гаргах журмыг мөрдөж, өмнөх бүртгэлтэй холбоно.
24 дүгээр зүйл. Гүйцэтгээгүй гүйлгээг түр саатуулах
24.1. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гүйцэтгээгүй гүйлгээ нь зөвшөөрөлгүй гүйлгээ, эсхүл хууртагдан зөвшөөрсөн шилжүүлэг гэж үзэх энэ хуулийн 23.2-т заасан үндэслэлтэй бөгөөд гүйлгээг гүйцэтгэснээр хохирол учрах, нэмэгдэх бодит эрсдэлтэй бол энэ хуулийн 23.1-д заасан эрх бүхий ажилтны шийдвэрээр тухайн гүйлгээг хорин дөрвөн цагаас илүүгүй хугацаагаар түр саатуулна.
24.2. Гүйлгээг түр саатуулах шуурхай хамгаалах арга хэмжээ авахад дараах шаардлагыг баримтална:
24.2.1. тухайн төлбөрийн даалгавар, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгөөр хязгаарлаж, хэрэглэгчийн бусад хөрөнгө, гүйлгээ, үйлчилгээг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй байх;
24.2.2. шийдвэрийн үндэслэл, хамрах хүрээ, эхлэх, дуусах огноо, цагийг энэ хуулийн 23.1-д заасны дагуу бүртгэж, хэрэглэгчид 23.3-т заасан журмаар мэдэгдэх;
24.2.3. хугацааг гүйлгээг бодитоор саатуулсан мөчөөс энэ хуулийн 23.4-д заасны дагуу тоолох бөгөөд шалгалт, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа нь хугацааг сунгах үндэслэл болохгүй байх;
24.2.4. төлбөр тооцоо эцэслэсэн гүйлгээнд энэ зүйлд заасан түр саатуулах арга хэмжээ хэрэглэхгүй бөгөөд холбогдох хөрөнгийг хамгаалах, буцаан олгоход энэ хуулийн 25–29 дүгээр зүйлийг баримтлах.
24.3. Үйлчилгээ үзүүлэгч гүйлгээг түр саатуулсан хугацаанд дараах ажиллагааг нэн даруй явуулна:
24.3.1. хэрэглэгчтэй баталгаажсан, аюулгүй сувгаар холбогдож, төлбөрийн даалгаврыг өөрөө өгсөн эсэх, хүлээн авагч, гүйлгээний зорилго, хууртагдсан буюу дарамтад орсон нөхцөл байгаа эсэхийг шалгах;
24.3.2. энэ хуулийн 35–37 дугаар зүйлд заасан баталгаажуулалт, анхааруулга, туслалцааг үзүүлж, хэрэглэгчид тайлбар, нэмэлт баримт гаргах боломж олгох;
24.3.3. шаардлагатай мэдээллийг энэ хуулийн 15, 18 дугаар зүйлд заасан журмаар холбогдох үйлчилгээ үзүүлэгчээс авч, гүйлгээний мэдээлэлтэй тулган шалгах;
24.3.4. шалгасан баримт, хэрэглэгчийн тайлбар, авсан арга хэмжээ, шалгалтын үр дүнг бүртгэж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу хадгалах.
24.4. Үйлчилгээ үзүүлэгч гэмт хэргийн шинж илрүүлсэн бол шалгасан баримт, мэдээлэл, гүйлгээний таних мэдээлэл, дүн, түр саатуулах хугацааны эхлэх, дуусах огноо, цагийг шуурхай арга хэмжээний нэгжид нэн даруй хүргүүлнэ. Шуурхай арга хэмжээний нэгж мэдээллийг энэ хуулийн 10.3.10-т заасны дагуу шилжүүлнэ.
24.5. Үйлчилгээ үзүүлэгч шалгалтын үр дүн, хэрэглэгчийн хүсэлт болон хугацаа дууссаныг үндэслэн дараах шийдвэрийн аль тохирохыг гаргаж, хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ:
24.5.1. хэрэглэгч төлбөрийн даалгаврыг хууль, гэрээнд заасан буцаах боломжтой хугацаанд цуцлах хүсэлт гаргасан бол даалгаврыг цуцалж, өөр хууль ёсны хязгаарлалтгүй хөрөнгийг чөлөөлөх;
24.5.2. түр саатуулах үндэслэл арилсан бөгөөд төлбөрийн даалгавар хүчинтэй, гүйлгээг гүйцэтгэх хууль ёсны нөхцөл бүрдсэн бол хугацаа дуусахыг хүлээлгүйгээр гүйлгээг үргэлжлүүлэх;
24.5.3. түр саатуулах хугацаа дууссан бөгөөд энэ хуулийн 23.6-д заасан шийдвэр хүлээн аваагүй бол түр саатуулах арга хэмжээг цуцалж, хууль ёсны нөхцөл бүрдсэн гүйлгээг гүйцэтгэх;
24.5.4. гүйлгээг гүйцэтгэхээс татгалзах хуульд заасан үндэслэлтэй бол татгалзсан үндэслэл, гомдол гаргах журмыг мэдэгдэж, өөр хууль ёсны хязгаарлалтгүй хөрөнгийг чөлөөлөх.
25 дугаар зүйл. Хүлээн авсан гүйлгээний зарцуулалтыг түр хязгаарлах
25.1. Гүйлгээ хүлээн авагчид үйлчилгээ үзүүлж байгаа санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн хяналтад байгаа хөрөнгө цахим залилангийн улмаас шилжсэн гэж үзэх энэ хуулийн 23.2-т заасан үндэслэлтэй бөгөөд уг хөрөнгө цааш шилжих, бэлнээр гарах, хөрвөх замаар хохирол нэмэгдэх бодит эрсдэлтэй бол энэ хуулийн 23.1-д заасан эрх бүхий ажилтны шийдвэрээр данс эзэмшигчийн зөвшөөрөл шаардахгүйгээр холбогдох хөрөнгийн зарцуулалтыг хорин дөрвөн цагаас илүүгүй хугацаагаар түр хязгаарлана.
25.2. Зарцуулалтыг түр хязгаарлах хөрөнгийн хэмжээ, хамрах хүрээг дараах байдлаар тогтооно:
25.2.1. холбогдох гүйлгээний дүн болон тухайн гүйлгээнээс үлдсэн гэж баримтаар тогтоосон, үйлчилгээ үзүүлэгчийн хяналтад байгаа хөрөнгийн аль бага хэмжээгээр хязгаарлах;
25.2.2. хөрөнгө бусад хөрөнгөтэй холилдсон бол гүйлгээний дараалал, дүн, үлдэгдэл болон холбогдох баримтыг тулган цахим залилантай холбоотой хэсгийг тодорхойлж, тооцооны үндэслэлийг бүртгэх;
25.2.3. түр хязгаарласан хөрөнгийг тусад нь бүртгэж, цахим залилантай холбоогүй хөрөнгө, гүйлгээ, үйлчилгээг ашиглах боломжийг хэвээр хангах;
25.2.4. тухайн дансанд дараа нь орсон хөрөнгийг цахим залилантай холбоотой гэж үзэх бие даасан үндэслэл, хуульд заасан шийдвэргүйгээр хязгаарлалтад нэмж хамруулахгүй байх.
25.3. Үйлчилгээ үзүүлэгч зарцуулалтыг түр хязгаарласан даруй дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:
25.3.1. шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасны дагуу үйлдэж, данс эзэмшигчид 23.3-т заасан журмаар мэдэгдэх;
25.3.2. данс эзэмшигчид гүйлгээний үндэслэл, хөрөнгийн эх үүсвэр, холбогдох нөхцөл байдлын талаар тайлбар, баримт гаргах боломж олгож, тэдгээрийг тулган шалгах;
25.3.3. түр хязгаарласан хэмжээ, эхлэх, дуусах огноо, цаг, үлдэгдэл хүрэлцээгүй эсэх, цааш дамжсан гүйлгээний мэдээллийг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд шуурхай сувгаар хүргүүлэх;
25.3.4. хөрөнгө цааш дамжсан бол энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг нэн даруй хэрэгжүүлэх;
25.3.5. гэмт хэргийн шинж илэрсэн бол энэ хуулийн 24.4-т заасан ажиллагааг хэрэгжүүлэх.
25.4. Зарцуулалтыг түр хязгаарласан хөрөнгийг шилжүүлэх, бэлнээр гаргах, хөрвүүлэх, барьцаалах, үйлчилгээ үзүүлэгч өөрийн авлагад суутгахыг хориглоно. Энэ хориг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмаар хөрөнгө буцаан олгоход хамаарахгүй.
25.5. Түр хязгаарлалт алдаатай, эсхүл үндэслэл нь бүхэлдээ буюу хэсэгчлэн арилсан нь тогтоогдвол үйлчилгээ үзүүлэгч хязгаарлалтыг бүхэлд нь буюу холбогдох хэсгээр нэн даруй цуцална. Хугацаа дуусахад энэ хуулийн 23.6-д заасан хүчинтэй шийдвэр хүлээн аваагүй бол хязгаарлалтыг цуцалж, хөрөнгийг ашиглах боломжийг сэргээх бөгөөд энэ тухай данс эзэмшигч, шуурхай арга хэмжээний нэгж болон холбогдох үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэж, шаардлагатай залруулгыг энэ хуулийн 33.8-д заасны дагуу хүргүүлнэ.
25.6. Түр хязгаарлалтыг хянуулах хүсэлтийг энэ хуулийн 23.7-д заасан журмаар шийдвэрлэнэ.
26 дугаар зүйл. Дамжин шилжсэн ба хил давсан хөрөнгийг хамгаалах ажиллагаа
26.1. Цахим залилантай холбоотой гэж үзэх энэ хуулийн 23.2-т заасан үндэслэл бүхий хөрөнгө өөр данс, үйлчилгээ үзүүлэгчид дамжин шилжсэн бол тухайн шилжүүлгийн мэдээлэл байгаа үйлчилгээ үзүүлэгч гүйлгээний эх үүсвэр, таних дугаар, огноо, цаг, дүн, валют, хүлээн авагч, хөрөнгийн хөдөлгөөн болон авсан арга хэмжээний талаарх өөрт байгаа мэдээллийг энэ хуулийн 15, 18, 40 дүгээр зүйлд заасан журмаар дараагийн үйлчилгээ үзүүлэгч болон шуурхай арга хэмжээний нэгжид нэн даруй хүргүүлнэ.
26.2. Мэдээлэл хүлээн авсан үйлчилгээ үзүүлэгч тухайн хөрөнгө өөрийн хяналтад байгаа эсэх, гүйлгээний холбоо, хязгаарлах үндэслэл, хамрах хүрээг шалгаж, энэ хуулийн 23–25 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. Өмнөх үйлчилгээ үзүүлэгчийн мэдэгдэл, хүсэлт нь хүлээн авсан үйлчилгээ үзүүлэгчийн шийдвэрийг орлохгүй.
26.3. Үйлчилгээ үзүүлэгч бүр авсан арга хэмжээ, хамрах хөрөнгийн хэмжээ, эхлэх, дуусах огноо, цаг, цааш дамжсан хөрөнгийн мэдээллийг тохиолдлын бүртгэлийн нэгдсэн дугаартай холбон бүртгэж, шуурхай арга хэмжээний нэгжид хүргүүлнэ. Тухайн үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн хяналтад байгаа хөрөнгөд шинээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хугацааг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн мөчөөс тоолох бөгөөд өмнө хэрэгжүүлсэн арга хэмжээний хугацааг сунгахгүй.
26.4. Шуурхай арга хэмжээний нэгж дамжин шилжсэн, түр хязгаарласан, чөлөөлсөн болон буцаан олгосон хөрөнгийн мэдээллийг тулган, нэг тохиолдолд хамаарах хөрөнгийг давхар буюу шаардлагатай хэмжээнээс илүү хязгаарласан эсэхийг хянана. Давхардал, илүү хязгаарлалт тогтоогдвол холбогдох шийдвэр гаргагчид нэн даруй мэдэгдэж, шийдвэрийг дахин хянуулна.
26.5. Хөрөнгө гадаад улсад шилжсэн бол эрх бүхий байгууллага, үйлчилгээ үзүүлэгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн 16 дугаар зүйл, холбогдох хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмаар хөрөнгийн байршил, хөдөлгөөнийг тогтоох, баримт хадгалуулах, хөрөнгө хамгаалах болон буцаан олгуулах хүсэлтийг нэн даруй хүргүүлнэ.
26.6. Гадаад улсаас ирүүлсэн хүсэлт, мэдээлэл, шийдвэрийг хүлээн авах, шалгахад холбогдох хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмыг баримтална.
27 дугаар зүйл. Хөрөнгө буцаан олгох шаардлагыг шалгах
27.1. Цахим залилангийн улмаас хөрөнгөө шилжүүлсэн, эсхүл зөвшөөрөлгүй гүйлгээгээр хөрөнгөө алдсан гэж үзэж байгаа этгээд, түүний эрх бүхий төлөөлөгч хөрөнгө буцаан олгох шаардлагыг өөрт нь үйлчилгээ үзүүлсэн, эсхүл хөрөнгө хүлээн авагчид үйлчилгээ үзүүлж байгаа этгээдэд гаргаж болох бөгөөд шаардлага хүлээн авахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоосон шийдвэрийг заавал шаардахгүй.
27.2. Энэ хуулийн 27.1-д заасан шаардлага хүлээн авсан үйлчилгээ үзүүлэгч түүнийг нэн даруй бүртгэж, хүлээн авсан огноо, цаг, бүртгэлийн дугаар, явцыг лавлах сувгийг шаардлага гаргагчид мэдэгдэнэ.
27.3. Хөрөнгө өөр үйлчилгээ үзүүлэгчийн хяналтад байгаа бол энэ хуулийн 41.2-т заасан мэдээлэл, өөрт байгаа баримтыг нэгтгэн, 41.3-т заасан журмаар тухайн үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлнэ. Үйлчилгээ үзүүлэгч өөрт байгаа буюу хуульд заасан журмаар бусад үйлчилгээ үзүүлэгчээс авах боломжтой мэдээллийг шаардлага гаргагчаас давтан шаардахгүй.
27.4. Хөрөнгө байгаа үйлчилгээ үзүүлэгч шаардлагыг шалгахдаа дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:
27.4.1. шаардлага гаргагчийн хэн болох, төлөөлөх эрх, гүйлгээ цахим залилантай холбоотой эсэх, хөрөнгийн хөдөлгөөн, буцаан олгохыг шаардах үндэслэл, хэмжээ, өмнө буцаан авсан хөрөнгө болон нөхөн төлүүлсэн хохирлыг тулган шалгах;
27.4.2. шаардлагыг энэ хуулийн 27.1-д заасан үйлчилгээ үзүүлэгч анх хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шалгаж, үр дүнг шаардлага гаргагчид хүргүүлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай нэмэлт баримт авах бол анхны хугацаа дуусахаас өмнө шалтгаан, авах баримт, хариуцах этгээд, шийдвэрлэх хугацааг мэдэгдэж, нэг удаа ажлын тав хүртэл өдрөөр сунгаж болно;
27.4.3. шалгалтын явцад данс эзэмшигч болон эрх нь хөндөгдөх нь тогтоогдсон бусад этгээдэд шаардлагын өөрт нь хамаарах агуулгыг мэдэгдэж, тайлбар, баримт гаргах бодит боломж олгох;
27.4.4. тухайн хөрөнгөтэй холбоотой бусдын өмчлөх болон шаардах эрх, барьцаа, битүүмжлэл, хязгаарлалт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, бусад хохирогчийн шаардлага байгаа эсэхийг шалгаж, олон хохирогчтой бол энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан ажиллагаанд шилжүүлэх;
27.4.5. шалгалтын дүнд буцаан олгох боломжтой хөрөнгө, хэмжээ, маргаантай буюу үндэслэл нь тогтоогдоогүй хэсэг, хөрөнгө хүрэлцээгүй эсэх, цааш хэрэгжүүлэх ажиллагаа, гомдол гаргах журмыг тодорхой тусгаж, холбогдох этгээдэд өөрт нь хамаарах хүрээнд мэдэгдэх.
27.5. Шалгалтын дүнг үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий ажилтан энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хянаж баталгаажуулна.
27.6. Шаардлагыг шалгах, нэмэлт баримт авах, тайлбар хүлээн авах болон энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулах хугацаа нь хөрөнгө түр хязгаарлах хугацааг сунгах үндэслэл болохгүй.
28 дугаар зүйл. Маргаангүй болон маргаантай хөрөнгийг буцаан олгох ажиллагаа
28.1. Хөрөнгө байгаа үйлчилгээ үзүүлэгч дараах үндэслэлийн аль нэг бүрдсэн бол хөрөнгийг буцаан олгоно:
28.1.1. энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шалгалтаар буцаан олгох шаардлагын үндэслэл, хэмжээ баталгаажсан, хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд тухайн хөрөнгө, хэмжээ, хүлээн авагчийг тодорхой зааж бичгээр, эсхүл баталгаажсан цахим хэлбэрээр зөвшөөрсөн бөгөөд буцаан олгох хэсэгт бусдын эрхийн тогтоогдсон зөрчил, шийдвэрлэгдээгүй шаардлага, шилжүүлэхийг хориглосон хүчинтэй шийдвэр байхгүй;
28.1.2. шүүхийн гүйцэтгэвэл зохих шийдвэр, эсхүл хөрөнгө буцаан олгох асуудлыг шийдвэрлэх эрхийг хуулиар тусгайлан олгосон байгууллага, албан тушаалтны хүчинтэй шийдвэр гарсан.
28.2. Энэ хуулийн 28.1.1-д заасан зөвшөөрөл нь тухайн шилжүүлэгт хамаарах, сайн дурын, агуулга болон зөвшөөрөл өгсөн этгээдийг баталгаажуулах боломжтой байх бөгөөд үйлчилгээ үзүүлэгч зөвшөөрөл өгсөн этгээдийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шалгана. Хариу өгөөгүй, эсэргүүцээгүй, үйлчилгээний ерөнхий нөхцөлийг зөвшөөрсөн, эсхүл мэдэгдэл хүлээн авснаа баталгаажуулсан үйлдлийг хөрөнгө буцаан олгох зөвшөөрөлд тооцохгүй.
28.3. Үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 28.1.1-д заасан нөхцөл бүрдсэнээс хойш ажлын нэг өдрийн дотор гүйлгээг гүйцэтгэх бөгөөд хуулийн 28.1.2-т заасан шийдвэрийг гүйцэтгэхэд холбогдох хууль болон шийдвэрт заасан журам, хугацааг мөрдөнө. Хөрөнгө буцаан олгохдоо дараах шаардлагыг хангана:
28.3.1. энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авагч, данс, гүйлгээний таних мэдээлэл, буцаан олгох дүн, валют, виртуал хөрөнгийн төрөл, тоо хэмжээ болон давхар олголт үүсэх эсэхийг шалгах;
28.3.2. буцаан олголтыг анхны гүйлгээтэй холбосон тусдаа гүйлгээгээр бүртгэж, буцаан олгосон хэмжээ, үлдсэн шаардлага, хууль ёсоор тооцсон шимтгэл болон хөрвүүлэлтийн зөрүүг тус тус тодорхой тусгах;
28.3.3. гүйцэтгэлийн мэдээллийг шаардлага гаргагч, хөрөнгө шилжүүлсэн этгээд болон холбогдох үйлчилгээ үзүүлэгчид өөрт нь хамаарах хүрээнд мэдэгдэж, шуурхай арга хэмжээний нэгжид бүртгэлийн шинэчлэлийг хүргүүлэх;
28.3.4. энэ хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасан хохирол нөхөн төлөх ажиллагаатай мэдээллийг тулган, нэг хохирлыг давхар төлөхөөс сэргийлэх.
28.4. Хөрөнгийн өмчлөл, шаардах эрх, хэмжээ, эсхүл бусдын эрхийн талаар маргаан гарсан бөгөөд талууд хуульд нийцсэн тохиролцоонд хүрээгүй бол тухайн маргаантай хэсгийг холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхээр шийдвэрлүүлнэ.
28.5. Үйлчилгээ үзүүлэгч маргааны үндэслэл, шүүхэд хандах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүсэх боломж, холбогдох баримт авах журмыг талуудад тайлбарлана.
28.6. Тусгаарлан тогтоох боломжтой, бусдын эрх болон энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуваарилалтыг хөндөхгүй маргаангүй хэсгийг 28.1-д заасан үндэслэлээр буцаан олгоно.
28.7. Энэ хуулийн 28.1.1-д заасан нөхцөл бүрдсэн хөрөнгийг буцаахад гэм бурууг эцэслэн тогтоосон шийдвэр шаардахгүй.
29 дүгээр зүйл. Олон хохирогчтой тохиолдолд хөрөнгө буцаан олгох ажиллагаа
29.1. Хуульд заасан шийдвэрээр хязгаарласан нэг эх үүсвэрийн хөрөнгөөс хэд хэдэн хохирогч шаардлага гаргасан, эсхүл бусад хохирогч байгаа нь баримтаар тогтоогдсон бол хөрөнгө байгаа үйлчилгээ үзүүлэгч шаардлагыг нэгтгэн бүртгэж, энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шалгана.
29.2. Үйлчилгээ үзүүлэгч тогтоогдсон хохирогч бүрд мэдэгдэж, шаардлага гаргах суваг, бүрдүүлэх баримт, хугацааг заасан зарыг хуулиар хамгаалсан мэдээлэл задруулахгүйгээр цахим хуудсандаа нийтэлнэ.
29.3. Шаардлагыг зар нийтэлснээс хойш гуч хоногийн хугацаанд хүлээн авах бөгөөд хуваарилалтын шийдвэр гарахаас өмнө ирсэн шаардлагыг хамтатган шалгах бөгөөд энэ хугацаа нь шаардах эрхийг дуусгавар болгох, хөөн хэлэлцэх болон хөрөнгө түр хязгаарлах хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй.
29.4. Үйлчилгээ үзүүлэгч хуваарилалтын санал гаргахдаа дараах журмыг баримтална:
29.4.1. тодорхой хохирогчид хамаарахыг тогтоосон хөрөнгө болон бусдын хууль ёсны хөрөнгийг нийтлэг үлдэгдлээс тусгаарлах;
29.4.2. өмнө буцаан олгосон хөрөнгө, нөхөн төлсөн хохирлыг тооцож, хохирогч бүрийн төлөгдөөгүй шаардлагын хэмжээг тогтоох;
29.4.3. хуулиар тогтоосон төлбөрийн дарааллыг баримталж, нийтлэг үлдэгдэл хүрэлцэхгүй бол ижил дараалалд хамаарах хохирогчдын баталгаажсан, төлөгдөөгүй шаардлагад хувь тэнцүүлэн хуваарилах ба түрүүлж шаардлага гаргасан нь давуу эрх үүсгэхгүй.
29.5. Хуваарилалтын санал, тооцооны аргачлал, өөрт нь хамаарах дүнг эрх нь хөндөгдөх этгээд бүрд хүргүүлж, хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор санал, эсэргүүцэл, нэмэлт баримт гаргах боломж олгоно. Өөр өөр валют, виртуал хөрөнгийг нэг дүнгээр тооцох шаардлагатай бол үнэлгээний огноо, эх сурвалж, хөрвүүлэх нөхцөлийг талуудын тохиролцоо, эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтооно.
29.6. Хуваарилалтын санал нь хөрөнгө шилжүүлэх бие даасан үндэслэл болохгүй. Хөрөнгийг эрх нь хөндөгдөх этгээдүүдийн энэ хуулийн 28.2-т заасан шаардлагыг хангасан зөвшөөрөл, эсхүл 28.1.2-т заасан шийдвэрийн үндсэн дээр буцаан олгоно.
29.7. Маргаантай болон маргаангүй хэсгийг шийдвэрлэхэд энэ хуулийн 28.4–28.6-д заасныг баримтална. Хуваарилалтын дараа ирсэн шаардлагыг үлдсэн хөрөнгө болон хуульд заасан бусад журмаар шийдвэрлүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН НИЙТЛЭГ ҮҮРЭГ
30 дугаар зүйл. Эрсдэлийн үнэлгээ, удирдлага, дотоод хяналт
30.1. Үйлчилгээ үзүүлэгч өөрийн үйлчилгээ, мэдээллийн технологийн систем, борлуулалт, үйлчилгээ хүргэх сувгийн цахим залилангийн эрсдэлийг үнэлж, уг эрсдэлийг бууруулах бодлого, дотоод журам, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.
30.2. Цахим залилангийн эрсдэлийн үнэлгээнд дараах нөхцөлийг хамруулна:
30.2.1. үйлчилгээний зориулалт, ашиглах арга, гүйлгээ, мэдээлэл, үйлчилгээ дамжих хурд, цар хүрээ, хил дамнасан шинж;
30.2.2. хэрэглэгчийн бүлэг, үйлчилгээ авах нөхцөл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон залиланд өртөх эрсдэлтэй бусад хэрэглэгчид учрах болзошгүй хохирол;
30.2.3. хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, таньж баталгаажуулах, нэвтрэх эрх сэргээх, эрх шилжүүлэх, гүйлгээ хийх, зар сурталчилгаа байршуулах үеийн эмзэг байдал;
30.2.4. өөрийн үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл, гомдол, өмнө гарсан залилан, давтагдах шинж, эрх бүхий байгууллага болон бусад үйлчилгээ үзүүлэгчээс хуульд нийцүүлэн ирүүлсэн эрсдэлийн мэдээлэл;
30.2.5. төлөөлөгч, борлуулагч, гэрээт гүйцэтгэгч, программ хангамж болон дэд бүтцийн нийлүүлэгчийн оролцоо, тэдгээрийн хандалтын эрх, хамгаалалтын сул тал;
30.2.6. хэрэгжүүлж байгаа хамгаалалтын үр нөлөө, эрсдэлийн дохио, алдаатай илрүүлэлт, хууль ёсны үйлчилгээнд учрах саад, мэдээллийн хамгаалалт болон хүний эрхэд үзүүлэх нөлөө;
30.2.7. эрсдэлийн эх үүсвэр, үүсэх магадлал, болзошгүй хохирол, хэрэгжүүлэх хамгаалалт, хамгаалалтын дараа үлдэх эрсдэл.
30.3. Цахим залилангийн эрсдэлийн үнэлгээг шинэ үйлчилгээ анх нэвтрүүлэхийн өмнө, цаашид жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Үйлчилгээний ажиллагаа, баталгаажуулалт, гүйлгээний нөхцөлд эрсдэлд нөлөөлөх өөрчлөлт оруулахын өмнө, шинэ төрлийн залилан илэрсэн, хамгаалалтын ноцтой доголдол гарсан тухай бүр эрсдэлийн үнэлгээний холбогдох хэсгийг шинэчилнэ.
30.4. Арга хэмжээний төлөвлөгөөнд хариуцах ажилтан, шаардагдах нөөц, хэрэгжүүлэх хугацаа, үр дүнг шалгах үзүүлэлтийн хамт тусгана.
30.5. Үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулийн 30.1-д заасан бодлого, дотоод журамд дараах зохицуулалтыг тусгана:
30.5.1. цахим залилангаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах ажилтан, түүнийг орлох ажилтныг томилох, мэдээлэл, шуурхай мэдэгдэл авах, шуурхай шийдвэрийг эрх бүхий ажилтнаар гаргуулах, удирдлагад шууд мэдээлэх эрх, үүрэг. Анхны шийдвэр гаргаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй ажилтан хуульд заасан хугацаанд дахин хянах бэлэн байдлыг хангана;
30.5.2. ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, тасралтгүй ажиллагааг алдагдуулахгүй байх;
30.5.3. эрсдэлийн дохиог шалгах, хэрэглэгчид анхааруулах, шуурхай мэдэгдэл хүлээн авах, шуурхай сувгаар мэдээлэх, хуульд заасан шийдвэрийг хэрэгжүүлэх, баримт хамгаалах, гомдол шийдвэрлэх, алдаатай арга хэмжээг залруулах ажилтны эрх, үүрэг, ажиллагааны дараалал;
30.5.4. эрх нь тодорхойгүй, эсхүл хариуцсан ажилтан эзгүй гэсэн үндэслэлээр шуурхай ажиллагааг саатуулахгүй байх зохицуулалт;
30.5.5. шаардлагатай бусад асуудал.
30.6. Үйлчилгээ үзүүлэгч энэ хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, мэдээллийн технологи, техникийн шийдлийг үйлчилгээний цар хүрээ, цахим залилангийн эрсдэл, эрсдэлийн дохиог харгалзан тохируулна.
30.7. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо цахим залилангийн эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналт, тайлагналын зохион байгуулалт, техникийн шаардлага, маягтыг харьяалах үйлчилгээний хүрээнд энэ хуульд нийцүүлэн батална.
31 дүгээр зүйл. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба цахим залиланг илрүүлэх нөхцөл бүрдүүлэх үүрэг
31.1. Үйлчилгээ үзүүлэгч цахим залилангийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өөрийн үйлчилгээний хүрээнд цахим залилан үйлдэх, үргэлжлүүлэх, хохирол учрах, нэмэгдэх эрсдэлийг бууруулах мэдээллийн технологи, техник, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
31.2. Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний онцлогт нийцүүлэн дараах нөхцөлийг бүрдүүлнэ:
31.2.1. таньж баталгаажуулах ажиллагааг найдвартай гүйцэтгэх, хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэх болон үйлчилгээ ашиглах эрхийг хууль бусаар эзэмших, өөрчлөхөөс хамгаалах;
31.2.2. өөрийн хууль ёсоор боловсруулж байгаа мэдээлэлд үндэслэн хэвийн бус үйлдэл, цахим залилангийн давтагдах шинж, хоорондоо холбоотой эрсдэлийн дохиог илрүүлэх, шалгах чиг үүрэг бүхий ажилтанд тогтмол хүргэх, хариу арга хэмжээ авах;
31.2.3. эрх бүхий байгууллага, бусад үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл, мэдэгдэл, гомдлыг холбогдох үйлчилгээ, гүйлгээ, дугаар, цахим хаяг, агуулгатай нэн даруй тулган шалгах;
31.2.4. эрсдэлийн дохионы эх сурвалж, огноо, холбогдох нөхцөл, найдвартай байдлыг ялгаж тэмдэглэх, хуучирсан болон алдаатай дохиог залруулах;
31.2.5. цахим залилангийн эрсдэлд өртсөн буюу өртөж болзошгүй хэрэглэгчийг өөрийн хууль ёсоор ашиглах боломжтой мэдээллийн хүрээнд тогтоож, тогтмол анхааруулах, хамгаалах ажиллагаанд хамруулах;
31.2.6. хамгаалалтын ажиллагааг турших, доголдлыг илрүүлэн засах, аливаа систем тасалдсан үед мэдэгдэл хүлээн авах, шуурхай хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх нөөц ажиллагаатай байх.
31.3. Эрсдэлийн дохиог хохирол учрах, нэмэгдэх ойр байдал, хөрөнгө цааш шилжих боломж, хамрах хэрэглэгчийн тоо, баримт устах эрсдэлээр эрэмбэлж шалгах бөгөөд үргэлжилж байгаа залилан, хөрөнгө цааш шилжих, цахим хаяг булаан ашиглах тухай шуурхай мэдэгдэл, мэдээллийг нэн тэргүүнд шалгана.
31.4. Эрсдэлийн дохиог программ хангамжаар илрүүлэх журам, загварын үнэн зөв байдал, алдаатай түр хязгаарлалт, хэрэглэгчийн бүлэгт үзүүлэх ялгаатай нөлөөг нэвтрүүлэхийн өмнө болон өөрчилсөн тухай бүр, ашиглалтын явцад тогтмол шалгаж, үр дүнг баримтжуулна.
31.5. Үйлчилгээ үзүүлэгч шуурхай хамгаалах арга хэмжээний үр нөлөөг илрүүлсэн, хязгаарласан үйлдлийн тоо болон хохирол буурсан байдал, шуурхай ажиллагааны хугацаа, залруулсан алдаа, хэрэглэгчийн гомдлын үр дүнг хамтад нь үнэлж, хамгаалалтыг тогтмол шинэчилнэ.
32 дугаар зүйл. Хэрэглэгчид анхааруулах ба мэдээлэл хүлээн авах шугам ажиллуулах үүрэг
32.1. Үйлчилгээ үзүүлэгч өөрийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн дохио илэрсэн үед тухайн хэрэглэгчид учирч болзошгүй хохирол, авах шуурхай хамгаалалтын арга хэмжээ, туслалцаа авах албан ёсны сувгийг ойлгомжтой хэлбэрээр нэн даруй мэдээлнэ.
32.2. Хэрэглэгчид анхааруулгыг хүргэхэд дараах шаардлагыг хангасан байна:
32.2.1. үйлдэл хийхийн өмнө анхааруулах боломжтой бол хэрэглэгч шийдвэрээ өөрчлөх бодит боломжтой үед анхааруулгыг хүргэх;
32.2.2. анхааруулга нь тухайн эрсдэлийн шинжид тохирсон, товч, унших, сонсох, ойлгох боломжтой байх;
32.2.3. анхааруулгыг зар сурталчилгаа, үйлчилгээний ерөнхий нөхцөлд далдлах, зөвхөн хариуцлагаас чөлөөлөгдөх тухай мэдэгдлээр орлуулахгүй байх;
32.2.4. анхааруулга, туслалцааг монгол хэлээр болон шаардлагатай бусад хэлээр хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл цахим үйлчилгээг бие даан ашиглахад хүндрэлтэй хэрэглэгчид хүртээмжтэй хэлбэрээр авах боломж бүрдүүлэх.
32.3. Хэрэглэгч анхааруулга хүлээн авсан, зөвшөөрсөн тэмдэглэгээ хийсэн, нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код ашигласан нь үйлчилгээ үзүүлэгч үүргээ бүрэн биелүүлсэн, эсхүл хохирогч нөхөн төлбөр авах эрхгүйг дангаараа нотлохгүй.
32.4. Үйлчилгээ үзүүлэгч цахим залилангийн тухай мэдээллийг долоо хоногийн бүх өдөр, хоногийн 24 цаг хүлээн авах цахим суваг болон эрх бүхий ажилтантай шуурхай холбогдох боломжтой шугамыг өөрөө, эсхүл энэ хуулийн 15.6-д заасан хэлбэрээр ажиллуулах бөгөөд дараах шаардлагыг хангана:
32.4.1. цахим сувгийн хаяг, ашиглах зааврыг үйлчилгээний цахим хуудас, хэрэглээний программ болон хэрэглэгчтэй харилцах цэгт ил тод байршуулах;
32.4.2. мэдээлэл өгөхөд үйлчилгээ үзүүлэгч төлбөр, шимтгэл авахгүй бөгөөд мэдээлэл хүргүүлэхийг зөвхөн өөрийн цахим хаягт нэвтрэх нөхцөлөөр хязгаарлахгүй байх;
32.4.3. хохирогч, түүний төлөөлөгч, залилангийн шинж илрүүлсэн бусад этгээдийн мэдээллийг хүлээн авч, хүлээн авсан цаг, мэдээллийн агуулга, холбогдох үйлчилгээг бүртгэх;
32.4.4. холбоо барих боломжтой мэдээлэгчид бүртгэлийн дугаар, яаралтай авах хамгаалалтын зөвлөмжийг нэн даруй хүргүүлэх;
32.4.5. мэдээлэлд холбогдох гүйлгээ, данс, утасны дугаар, цахим хаяг, холбоос, үйлдлийн хугацаа болон өөрт байгаа баримтыг тусгах боломж олгох;
32.4.6. бүх баримт бүрдээгүй, хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй, эсхүл эрүүгийн хэрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр мэдээлэл хүлээн авах, эрсдэлийн анхан шатны шалгалт эхлүүлэхээс татгалзахгүй байх;
32.4.7. хүний хувийн мэдээлэл өгөх, бүртгэлийн эрх сэргээх, хөрөнгө буцаан олгох шаардлагыг шийдвэрлэхийн өмнө мэдээлэгчийн хэн болох, төлөөлөх эрхийг тухайн ажиллагаанд шаардлагатай хэмжээнд баталгаажуулах бөгөөд мэдээлэл хүлээн авч эрсдэлийг шалгах ажиллагааг энэхүү баталгаажуулалт дуусах хүртэл хойшлуулахгүй байх;
32.4.8. хуульд заасан бусад шаардлага.
32.5. Өөрийн үйлчилгээтэй холбоотой хөрөнгө цааш шилжих, хохирол нэмэгдэх бодит эрсдэл бүхий мэдээллийг хүлээн авсан, эсхүл тийм эрсдэлийг өөрөө илрүүлсэн үйлчилгээ үзүүлэгч нь шуурхай арга хэмжээний нэгжид, мөн шуурхай хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай нь тогтоогдсон холбогдох бусад үйлчилгээ үзүүлэгчид шуурхай сувгаар нэн даруй мэдэгдэнэ.
32.6. Мэдээлэл өөр үйлчилгээ үзүүлэгчид хамаарах нь тодорхой бол түүнийг тухайн үйлчилгээ үзүүлэгчид, хүлээн авагч тодорхойгүй боловч шуурхай хамгаалах арга хэмжээ шаардлагатай бол шуурхай арга хэмжээний нэгжид хүргүүлж, мэдээлэгчид мэдэгдэнэ.
33 дугаар зүйл.. Таслан зогсоох ба хариу арга хэмжээ авах
33.1. Үйлчилгээ үзүүлэгч нь эрсдэлийн дохио, шуурхай мэдэгдлийг хүлээн авмагц холбогдох үйлчилгээ, үйлдэл, гүйлгээ, агуулгыг өөрийн хууль ёсны хандалтын хүрээнд шалгаж, хохирол учрах, нэмэгдэхээс сэргийлэх ажиллагааг цаг алдахгүй нэн даруй эхлүүлнэ.
33.2. Хариу арга хэмжээний хүрээнд дараах ажиллагааг харилцан уялдуулан хэрэгжүүлнэ:
33.2.1. эрсдэлийн эх сурвалж, холбогдох үйлдэл, хамрах хүрээг шалгаж, хэрэглэгчид энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан анхааруулга, туслалцааг хүргэх;
33.2.2. холбогдох баримт, үйлдлийн бүртгэлийг устах, өөрчлөгдөхөөс хамгаалах;
33.2.3. шуурхай арга хэмжээний нэгж болон холбогдох бусад үйлчилгээ үзүүлэгчид энэ хуулийн 32.5-д заасан мэдэгдэл хүргүүлэх;
33.2.4. энэ хуульд заасан үндэслэл бүрдсэн бол өөрт олгосон эрхийн хүрээнд энэ хуульд заасны дагуу шуурхай хамгаалах арга хэмжээ авах, эрх бүхий этгээдийн хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлэх;
33.2.5. хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, хэрэгжүүлэх боломжгүй болсон шалтгааныг шийдвэр гаргасан этгээдэд болон мэдээлэл илгээсэн үйлчилгээ үзүүлэгчид шуурхай сувгаар мэдээлэх;
33.2.6. эрсдэл үргэлжилж байгаа эсэхийг шалгах, шуурхай хамгаалах арга хэмжээг хуульд заасан үндэслэлээр цуцлах, алдаатай арга хэмжээг залруулж, үйлчилгээг сэргээх.
33.3. Шуурхай мэдэгдэл болон заавал биелүүлэх шийдвэрийг ялгаж, шийдвэрийг хэрэгжүүлэхийн өмнө шийдвэр гаргагчийн эрх хэмжээ, баталгаажуулалт, хамрах үйлдэл, дүн, хугацааг нягтална.
33.4. Шуурхай хамгаалах арга хэмжээг холбогдох гүйлгээ, хөрөнгийн дүн, утасны дугаар, цахим хаяг, агуулга, үйлдлээр хязгаарлаж, хууль ёсны бусад үйлчилгээ, гуравдагч этгээдийн эрхэд учрах нөлөөг хамгийн бага байлгана.
33.5. Техникийн боломжгүй гэх шалтгаанаар шуурхай хамгаалах арга хэмжээний хамрах хүрээг дур мэдэн өргөжүүлэхийг хориглох бөгөөд боломжгүй болсон нөхцөл, хэрэгжүүлж болох хувилбарыг шийдвэр гаргасан этгээдэд нэн даруй мэдээлнэ.
33.6. Эрх нь хөндөгдсөн хэрэглэгчид шуурхай хамгаалах арга хэмжээний үндэслэл, хамрах хүрээ, хугацаа, дахин хянуулах болон гомдол гаргах сувгийг хуульд заасан хүрээнд мэдэгдэнэ.
33.7. Үйлчилгээ үзүүлэгч нь шуурхай хамгаалах арга хэмжээний хугацааг хянах ажиллагаатай байх бөгөөд хугацаа дууссан, үндэслэл арилсан, шийдвэр хүчингүй болсон тохиолдолд хуульд заасан өөр хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бол хязгаарлалтыг нэн даруй цуцалж, үйлчилгээг сэргээнэ.
33.8. Алдаатай мэдээлэл, арга хэмжээг илрүүлсэн үйлчилгээ үзүүлэгч өөрийн бүртгэлийг залруулж, өөрчлөлтийг шуурхай арга хэмжээний нэгж болон уг мэдээллийг өмнө хүргүүлсэн этгээдэд нэн даруй мэдэгдэнэ. Хүлээн авагч бүртгэлээ шинэчилж, холбогдох арга хэмжээг дахин хянаж, алдааг залруулсан тухай эрх нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэнэ.
34 дүгээр зүйл. Баримт, мэдээлэл хадгалалт ба дотоод хяналтын тайлан
34.1. Үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан үүргийн биелэлтийг шалгах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэг маргаан шийдвэрлэхэд шаардлагатай дараах баримт, мэдээллийг хадгалж бүрдүүлнэ:
34.1.1. эрсдэлийн үнэлгээ, түүний шинэчлэл, бодлого, дотоод журам, төлөвлөгөө, хэрэгжилт болон сургалт, хяналтын баримт;
34.1.2. хүлээн авсан мэдэгдэл, гомдол, эрсдэлийн дохионы эх сурвалж, хүлээн авсан цаг, бүртгэлийн дугаар, шалгалтын үр дүн;
34.1.3. хэрэглэгчид хүргэсэн анхааруулгын тухайн үед хэрэглэсэн агуулга, хүргэсэн суваг, цаг, хүлээн авсан эсэх талаарх өөрт байгаа бүртгэл;
34.1.4. шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэл, гаргасан ба хэрэгжүүлсэн ажилтан, хамрах хүрээ, эхэлсэн, өөрчилсөн, дууссан хугацаа;
34.1.5. шуурхай сувгаар мэдээлэл дамжуулсан болон хүлээн авсан этгээд, цаг, баталгаажуулалт, дамжуулсан мэдээллийн хүрээ, гүйцэтгэлийн хариу;
34.1.6. шуурхай хамгаалах арга хэмжээ цуцалсан, мэдээлэл залруулсан, үйлчилгээ сэргээсэн, хөрөнгө буцаасан, нөхөн төлбөр олгосон болон гомдол шийдвэрлэсэн баримт.
34.2. Энэ хуулийн 34.1-д заасан баримт, мэдээллийн эх сурвалж, үүссэн цаг, бүрэн бүтэн байдал, хэн хандсан, өөрчилсөн, хуулбарласан, шилжүүлсэн түүхийг тогтоох боломжтой байдлаар хадгална.
34.3. Хэрэглэгч өөрийн мэдэгдэл, түүнд хамаарах анхааруулга, шийдвэр, гомдлын шийдвэрлэлтийн хуулбар, явцын мэдээллийг хуульд заасан хүрээнд үнэ төлбөргүй авах боломжтой байна.
34.4. Үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан үүргийн хэрэгжилтэд жилд нэгээс доошгүй удаа дотоод хяналт хийнэ.
34.5. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үзүүлэлт бүхий жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор энэ хуулийн 30.7-д заасан харьяалах хяналтын байгууллагад хүргүүлнэ:
34.5.1. мэдэгдэл, гомдол, тогтоогдсон цахим залилангийн тоо, хэлбэр, учирсан хохирол, хамгаалсан, буцаасан хөрөнгийн хэмжээ, төлсөн нөхөн төлбөрийн дүн;
34.5.2. мэдэгдэл хүлээн авахаас шалгалт эхлүүлэх, шуурхай мэдэгдэл хүргүүлэх, шийдвэр хэрэгжүүлэх хүртэл зарцуулсан хугацааны үзүүлэлт;
34.5.3. түр хязгаарласан, цуцалсан, алдаатай болох нь тогтоогдсон арга хэмжээ, гомдлын шийдвэрлэлт, үйлчилгээ сэргээсэн байдал;
34.5.4. мэдээллийн болон системийн аюулгүй байдлын зөрчил, хамгаалалтын доголдол, тэдгээрийг арилгасан арга хэмжээ;
34.5.5. эрсдэлийн үнэлгээ, сургалт, дотоод хяналтын гол үр дүн, биелээгүй арга хэмжээ, түүний шалтгаан, засах хугацаа.
34.6. Энэ хуулийн 34.5-д заасан тайланг ижил агуулгатай бусад тайлантай нэгтгэн цахимаар гаргаж болно. Хэд хэдэн зохицуулагчийн харьяалалд хамаарах үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагааны төрлөөр ялгасан нэг тайлан хүргүүлэх боломжтой байх бөгөөд зохицуулагчид өөрт хамаарах мэдээллийг солилцож, давхардуулахгүйгээр энэ хуулийн 67.1-д заасны дагуу нэгтгэнэ.
34.7. Энэ хуулийн 34.1-д заасан баримтыг хадгалах, ашиглалтыг хязгаарлах, устгахад 17.6–17.8-д заасан шаардлагыг мөрдөнө. Энэ нь бусад хуульд заасан баримт хадгалах хугацаа, хэрэг маргааны нотлох баримтыг хамгаалах үүргийг өөрчлөхгүй.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ
35 дугаар зүйл. Хэрэглэгчийг таньж баталгаажуулах, дансны аюулгүй байдлыг хангах
35.1. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэгчийн нийтлэг үүргээс гадна хэрэглэгчийг таньж баталгаажуулах талаар дараах үүргийг хэрэгжүүлнэ:
35.1.1. хэрэглэгчийн данс, үйлчилгээний бүртгэл үүсгэх, түүнийг захиран зарцуулах эрх олгох, өөрчлөх, нэмэлт төхөөрөмж бүртгэх, нэвтрэх болон гүйлгээ хийх эрх сэргээх, холбоо барих мэдээлэл өөрчлөх, зээл олгох үед хэрэглэгчийн хэн болох, төлөөлөх эрх, тухайн үйлдлийг хийх хүсэл зоригийг үйлчилгээний онцлог, цахим залилангийн эрсдэлд нийцүүлэн баталгаажуулах;
35.1.2. энэ хуулийн 35.1.1-д заасан ажиллагааг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх ажиллагаатай уялдуулах;
35.1.3. хууль ёсоор авсан, хүчинтэй, үнэн зөв мэдээллийг ашиглах боломжтой бол хэрэглэгчээс дахин шаардахгүй байх;
35.1.4. зайнаас таньж баталгаажуулах ажиллагаанд хуурамч болон бусдын баримт бичиг, дүрс, дуу хоолой, хууль бусаар олж авсан мэдээлэл ашиглаж байгаа эсэхийг шалгах хамгаалалт хэрэглэх;
35.1.5. биометрик мэдээллийг зөвхөн хуульд заасан үндэслэл, нөхцөлөөр боловсруулж, түүнийг ашиглах боломжгүй хэрэглэгчид хуульд нийцсэн өөр аргаар баталгаажуулах боломж олгох;
35.1.6. энэ хуулийн 35.1.1-д заасан эрх, төхөөрөмж, холбоо барих мэдээллийн өөрчлөлтийг өмнө нь баталгаажуулсан, тухайн өөрчлөлтөөр шууд солигдоогүй сувгаар хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх;
35.1.7. энэ хуулийн 35.1.6-д заасан мэдэгдэлд өөрчлөлтийг зөвшөөрөөгүй бол үйлдлийг зогсоох хүсэлт гаргах аргыг заах буюу тухайн суваг бусдын хяналтад орсон эрсдэлийн дохио байгаа бол өөр найдвартай суваг ашиглах;
35.1.8. нэвтрэх болон гүйлгээ хийх эрхийг зориулалтаар нь ялгах, шаардлагагүй эрхийг хаах, нууц үг болон баталгаажуулалтын хэрэгслийг хамгаалах, эрх өөрчилсөн үйлдлийн бүртгэл хөтлөх нөхцөл бүрдүүлэх;
35.1.9. дотоодын данс хоорондын мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг гүйцэтгэхийн өмнө гүйлгээ илгээх санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн оруулсан хүлээн авагчийн нэр, дансны дугаарын нийцлийг хүлээн авах санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн баталгаатай бүртгэлтэй тулган шалгах, үр дүнг хэрэглэгчид харуулах нөхцөл бүрдүүлэх;
35.1.10. энэ хуулийн 35.1.9-д заасан шалгалтын хариуг нэр, дансны мэдээлэл нийцсэн, хэсэгчлэн нийцсэн, нийцээгүй, эсхүл шалгах боломжгүй гэсэн төлөвөөр ялгаж, үсгийн зөрүү, галиг, хуулийн этгээдийн бүртгэлтэй нэрийг шалгах боломж бүрдүүлж, хэрэглэгч мэдээллээ засах, дахин шалгуулах, гүйлгээнээс татгалзах боломжтой байх;
35.1.11. нэр, дансны мэдээлэл нийцсэн нь тухайн гүйлгээнд залилангийн эрсдэл байхгүйг баталсан дүгнэлт болохгүй бөгөөд нийцээгүй буюу шалгах боломжгүй үр дүнг амжилттай шалгасан мэт харуулахгүй байх;
35.1.12. эрсдэлийн дохио байгаа бол энэ хуулийн 36–38 дугаар зүйлд заасан арга хэмжээг авах.
35.2. Монголбанк энэ хуулийн 35.1.9–35.1.10-т заасан шалгалтын мэдээллийн формат, баталгаажуулалт, нэрийн нийцлийг боловсруулах, алдааг залруулах, систем тасалдсан үед ажиллах техникийн шаардлагыг энэ хуульд нийцүүлэн батална.
36 дугаар зүйл. Цахим залилангийн эрсдэл өндөртэй гүйлгээний нэмэлт баталгаажуулалт
36.1. Цахим залилангийн эрсдэл өндөртэй гүйлгээний нэмэлт баталгаажуулалт нь хэрэглэгчийн мэдэх мэдээлэл, эзэмших хэрэгсэл, хуульд нийцүүлэн ашиглах биеийн давтагдашгүй шинж гэсэн өөр өөр ангилалд хамаарах, хоорондоо хараат бус хоёроос доошгүй хүчин зүйлд тулгуурлана. Биометрик мэдээлэл ашиглахад энэ хуулийн 35.1.5-д заасан шаардлагыг хангана.
36.2. Нэмэлт баталгаажуулалтын нэг хүчин зүйл алдагдсан нь нөгөөг шууд ашиглах боломж бүрдүүлэхгүй байна.
36.3. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гүйлгээний дүн, давтамж, хүлээн авагч, хэрэглэгчийн өмнөх хэрэглээ, төхөөрөмж болон эрхийн өөрчлөлт, холбогдох эрсдэлийн дохиог хамтад нь үнэлж, цахим залилангийн эрсдэл өндөртэй гүйлгээнд энэ хуулийн 36.1, 36.2-т заасны дагуу нэмэлт баталгаажуулалт хийнэ.
36.4. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч дараах нөхцөл илэрсэн бол хэрэгцээ шаардлагыг нэн даруй үнэлж нэмэлт баталгаажуулалт хийнэ:
36.4.1. шинэ төхөөрөмж бүртгэсэн, нэвтрэх эрх сэргээсэн, холбоо барих мэдээлэл өөрчилсний дараа хэвийн бус гүйлгээ хийхээр оролдсон;
36.4.2. шинэ хүлээн авагчид хэрэглэгчийн өмнөх хэрэглээнээс мэдэгдэхүйц зөрүүтэй дүнгээр, давтамжаар хөрөнгө шилжүүлэх, эсхүл гүйлгээний дээд хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан;
36.4.3. хүлээн авагчийн нэр, дансны мэдээлэл нийцээгүй бөгөөд бусад эрсдэлийн дохиотой давхацсан;
36.4.4. гүйлгээтэй холбоотой сэжигтэй данс, цахим залиланд ашигласан данс, мөнгө дамжуулагчийн дансны мэдээлэл хууль ёсны эх сурвалжаар ирсэн;
36.4.5. хэрэглэгчийг гуравдагч этгээд зааварчилж, дарамталж байгаа, төхөөрөмжийг нь зайнаас удирдаж байгаа, эсхүл баталгаажуулалтын мэдээлэл алдагдсан байж болзошгүй эрсдэлийн дохио илэрсэн.
36.5. Утасны дугаар, төхөөрөмж, бүртгэл бусдын хяналтад орсон эрсдэлийн дохио байхад зөвхөн тухайн дугаар, төхөөрөмжид хүргэсэн нэг удаагийн кодоор нэмэлт баталгаажуулалтыг хангасанд тооцохгүй.
36.6. Хууртагдан зөвшөөрсөн шилжүүлгийн эрсдэлийг зөвхөн хэрэглэгчийн хэн болохыг баталгаажуулснаар арилсанд тооцохгүй бөгөөд эрсдэлийн дохио үргэлжилж байгаа бол эрх бүхий ажилтан хэрэглэгчтэй аюулгүй сувгаар холбогдож, шилжүүлгийн зорилго, хүлээн авагчтай холбоо тогтоосон нөхцөл, дарамт, хуурамч заавар байгаа эсэхийг шаардлагатай хэмжээнд тодруулна.
36.7. Нэмэлт баталгаажуулалт нэрээр хөрөнгийн зарцуулалтыг хугацаагүй хязгаарлахгүй.
36.8. Баталгаажуулалтын арга, шалгасан эрсдэлийн дохио, хэрэглэгчид харуулсан гүйлгээний мэдээлэл, үр дүн, шийдвэр гаргасан ажилтны мэдээллийг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу хадгална.
37 дугаар зүйл. Гүйлгээ хийхээс өмнө хэрэглэгчид анхааруулах
37.1. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гүйлгээ хийхээс өмнө хэрэглэгчид хүлээн авагчийн нэр, дансны буюу тухайн үйлчилгээнд хэрэглэдэг таних дугаар, шилжүүлэх дүн, валют, шимтгэл, нэрийн нийцлийн шалгалтын үр дүнг ойлгомжтой харуулж, мэдээллээ засах, гүйлгээнээс татгалзах боломж олгоно.
37.2. Эрсдэлийн дохио илэрсэн бол энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагаас гадна тухайн гүйлгээний онцлогт тохирсон дараах мэдээлэл бүхий анхааруулгыг гүйлгээ гүйцэтгэхээс өмнө хэрэглэгчид хүргэнэ:
37.2.1. хүлээн авагч, гүйлгээ, санал болгосон үйл ажиллагаанд илэрсэн эрсдэлийн шинжийг хэрэглэгч ойлгох хэмжээнд тайлбарласан мэдээлэл;
37.2.2. шилжүүлсний дараа хөрөнгө буцаан олгох боломж хязгаарлагдаж болох тухай мэдээлэл;
37.2.3. гүйлгээг цуцлах, түр азнах, хүлээн авагчийн мэдээллийг бие даасан найдвартай эх сурвалжаар шалгах, эрх бүхий ажилтантай холбогдох арга.
37.3. Анхааруулгын агуулга, хүргэсэн цаг, суваг, хэрэглэгчийн сонголтыг бүртгэнэ.
37.4. Анхааруулгыг урьдчилан сонгосон зөвшөөрлийн тэмдэглэгээ, үйлчилгээний ерөнхий нөхцөл, эсхүл гүйлгээ гүйцэтгэсний дараах мэдэгдлээр орлуулахгүй бөгөөд хэрэглэгч анхааруулгыг ойлгож, шийдвэрээ өөрчлөх боломжтой байдлаар хүргэнэ.
38 дугаар зүйл. Сэжигтэй гүйлгээг бодит цагийн горимоор илрүүлэх, түр саатуулах
38.1. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч сэжигтэй гүйлгээг илрүүлэх зорилгоор гүйлгээ гүйцэтгэхээс өмнө болон гүйцэтгэсэн хөрөнгө цааш шилжих үед дараах эрсдэлийн шинжид хяналт тавина:
38.1.1.гүйлгээний хэвийн бус дүн, давтамж; 38.1.2.гүйлгээний хурд, цар хүрээ; 38.1.3.богино хугацаанд олон эх үүсвэрээс хөрөнгө хүлээн авч цааш шилжүүлэх, бэлнээр гаргах, хөрвүүлэх; 38.1.4.шинэ болон удаан ашиглаагүй дансны идэвхжил; 38.1.5.дансны эрх, төхөөрөмжийн өөрчлөлт; 38.1.6.хууль ёсоор авсан бусад эрсдэлийн дохио.
38.2. Сэжигтэй гүйлгээг илрүүлэхэд энэ хуулийн 38.1-д заасан нэг шинж, хэрэглэгчийн нас, оршин суугаа газрыг дангаар харгалзахгүй.
38.3. Сэжигтэй гүйлгээг илрүүлсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч эрсдэлийн дохионы эх сурвалж, хүчинтэй байдал, холбогдох гүйлгээг шалгаж дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна:
38.3.1.энэ хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан арга хэмжээ; 38.3.2.хохирол учрах, нэмэгдэх бодит эрсдэлтэй бол энэ хуулийн 32.5-д заасан шуурхай мэдэгдлийг хүргэх.
38.4. Энэ хуулийн 23.1-д заасан эрх бүхий ажилтан өөрийн илрүүлсэн болон шуурхай мэдэгдлээр ирсэн мэдээллийг шалгаж, дараах арга хэмжээг авна:
38.4.1. энэ хуулийн 23.2-т заасан үндэслэл бүрдвэл гүйцэтгээгүй гүйлгээг 24 дүгээр зүйлд заасны дагуу түр саатуулах шийдвэр гаргах;
38.4.2. шийдвэрийг өөрийн байгууллагын гүйцэтгэх нэгж, ажилтанд нэн даруй хүргүүлж хэрэгжүүлэх, холбогдох мэдэгдэл болон гүйцэтгэлийн бүртгэлийг энэ хуулийн 18, 23 дугаар зүйлд заасны дагуу үйлдэх.
38.5. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гүйлгээг түр саатуулах шийдвэр хэрэгжих хугацаанд шаардлагатай шалгалтыг тасралтгүй хийж, хэрэглэгчийн тайлбар болон нэмэлт мэдээллийг үнэлэх бөгөөд гүйлгээг түр саатуулах үндэслэл арилсан, эсхүл хугацаа дууссан бол түр хязгаарлалтыг нэн даруй цуцална.
39 дүгээр зүйл. Сэжигтэй данс, залиланд ашигласан данс, мөнгө дамжуулагчийн данстай холбоотой арга хэмжээ
39.1. Банк сэжигтэй данс, залиланд ашигласан данс, мөнгө дамжуулагчийн дансны мэдээллийг энэ хуулийн 4.1.5, 4.1.15, 4.1.2-т заасан утгаар тус тус ангилж, эх сурвалж, холбогдох гүйлгээ, шалгасан баримт, бүртгэсэн болон дахин хянасан цаг, шийдвэр гаргасан ажилтныг тэмдэглэнэ.
39.2. Дансны мэдээллийг ангилахдаа хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдээллийг өөрийн хууль ёсоор ашиглаж байгаа бүртгэлтэй тулган шалгана.
39.3. Энэ хуулийн 4.1.5, 4.1.15, 4.1.2-т заасан дансанд орсон хөрөнгийн эх үүсвэр, шилжилтийн дараалал, үлдэгдэл, гаргах болон хөрвүүлэх үйлдлийг шалгаж, энэ хуулийн 23–26 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд холбогдох хөрөнгийн зарцуулалтад шуурхай хамгаалах арга хэмжээ авна.
39.4. Шуурхай хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн гүйлгээтэй холбоотой дүн, үйлдлийг тодорхойлж, хууль ёсны бусад хөрөнгө, гүйлгээнд учрах нөлөөг хамгийн бага байлгана.
39.5. Банк данс эзэмшигчид өөрт хамаарах буруу мэдээллийг залруулах, тайлбар, баримт гаргах, хязгаарлалтыг дахин хянуулах боломж олгоно.
39.6. Холбогдох хөрөнгийн түр хязгаарлах үндэслэл арилсан, мэдээлэл алдаатай болох нь тогтоогдсон, эсхүл хугацаа дууссан бол энэ хуулийн 33.7, 33.8-д заасан ажиллагааг нэн даруй хэрэгжүүлнэ.
40 дүгээр зүйл. Гүйлгээ хүлээн авах санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
40.1. Гүйлгээ хүлээн авах санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь гүйлгээ илгээх санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс арга хэмжээ авахыг хүлээхгүйгээр өөрийн илрүүлсэн эрсдэлийн дохиог шалгаж, энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлнэ.
40.2. Шуурхай мэдэгдэл хүлээн авмагц гүйлгээ хүлээн авах санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч дараах ажиллагааг зэрэг эхлүүлнэ:
40.2.1. мэдэгдлийн эх сурвалжийг баталгаажуулах, гүйлгээний дугаар, дүн, валют, огноо, хүлээн авагчийн мэдээллийг өөрийн бүртгэлтэй тулгах;
40.2.2. гүйлгээ хүлээн авсан эсэх, холбогдох хөрөнгийн үлдэгдэл, цааш шилжүүлсэн, хөрвүүлсэн, эсхүл бэлнээр гаргасан эсэхийг тогтоох;
40.2.3. холбогдох баримт, үйлдлийн бүртгэлийг устах, өөрчлөгдөхөөс хамгаалах;
40.2.4. энэ хуулийн 23, 25 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн бол холбогдох хөрөнгийн зарцуулалтыг түр хязгаарлах;
40.2.5. хөрөнгө цааш шилжсэн бол энэ хуулийн 26 дугаар зүйлийн дагуу дараагийн хүлээн авах санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид болон шуурхай арга хэмжээний нэгжид шуурхай мэдэгдэл хүргүүлэх.
40.3. Гүйлгээ хүлээн авах санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч шуурхай мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 минутын дотор хүлээн авсан цаг, бүртгэлийн дугаар бүхий баталгаа болон шалгалтын явц, гүйлгээний төлөв, авсан арга хэмжээ, цааш хийх ажиллагааны эхний хариуг илгээгчид хүргэнэ. Баталгаа, эхний хариуг тусад нь хүргүүлсэн ч хугацааг мэдэгдэл анх хүлээн авсан нэг мөчөөс тоолно.
40.4. Холбогдох хөрөнгө үлдээгүй нь баримт хадгалах, шилжилтийн мөр тогтоох, дараагийн хүлээн авагчид шуурхай мэдэгдэл хүргүүлэх, хохирогчид туслалцаа үзүүлэх үүргээс чөлөөлөхгүй.
41 дүгээр зүйл. Хөрөнгө буцаан олгох хүсэлт ба санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын хамтын ажиллагаа
41.1. Гүйлгээ илгээсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн хүсэлт, эсхүл өөрийн илрүүлсэн эрсдэлийн дохионд үндэслэн холбогдох гүйлгээг шалгаж, хөрөнгө хамгаалах шаардлагатай бол шуурхай мэдэгдэл, хөрөнгө буцаан олгох хүсэлтийг гүйлгээ хүлээн авсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй хүргүүлнэ.
41.2. Хөрөнгө буцаан олгох хүсэлтэд илгээгч болон хүлээн авагчийн мэдээлэл, тохиолдлын бүртгэлийн дугаар, гүйлгээний таних дугаар, огноо, цаг, дүн, валют, банкны дансны дугаар буюу тухайн үйлчилгээний таних мэдээлэл, хүсэлтийн үндэслэл, хэрэглэгчийн гаргасан шаардлага, байгаа баримт, хариу хүлээн авах баталгаатай сувгийг тусгана. Нэгдсэн дугаар олгогдоогүй бол дотоод бүртгэлийн дугаараар хүргүүлж, нэгдсэн дугаар олгогдмогц холбон бүртгэнэ.
41.3. Хөрөнгө буцаан олгох хүсэлтийг энэ хуулийн 15, 18 дугаар зүйлд заасан аюулгүй сувгаар хүргэж, хүлээн авсныг баталгаажуулна.
41.4. Хүлээн авсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хүсэлтийг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд бүртгэж, эхний хариуг хүргэх бөгөөд хөрөнгө буцаан олгох эсэхийг энэ хуулийн 27–29 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмаар шийдвэрлэнэ.
41.5. Гүйлгээ илгээсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчид хүсэлтийн явц, гарсан шийдвэр, буцаан олгосон хөрөнгийн дүн, үлдсэн шаардлагаа шийдвэрлүүлэх журмыг хуульд зөвшөөрсөн хүрээнд мэдээлнэ. Буцаан олгох ажиллагааг үйлчилгээ үзүүлэгч хоорондын зардал, хариуцлага хуваарилах маргаанаас шалтгаалан саатуулахгүй.
41.6. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо харьяалах үйлчилгээний хүрээнд хөрөнгө буцаан олгох хүсэлт, хариуны нэгдсэн талбар, төлөвийн тэмдэглэгээ, дамжуулалтын баталгаа, давхардал шалгах болон бусад шаардлагатай ажиллагааны журмыг энэ хуульд нийцүүлэн батална.
42 дугаар зүйл. Хэрэглэгчийн мэдээллийн дагуу шуурхай хамгаалах арга хэмжээ авах
42.1. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь цахим залилангийн талаарх хэрэглэгчийн хүсэлт, мэдээлэлтэй холбогдуулан дараах арга хэмжээ авна:
42.1.1. хэрэглэгч өөрийн төлбөрийн хэрэгслийн ашиглалт, цахим нэвтрэх болон гүйлгээ хийх эрхийг түр зогсоох хүсэлтийг шуурхай гаргах боломжийг бүрдүүлэх;
42.1.2. хэрэглэгчийн хүсэлтийг тухайн ажиллагаанд тохирсон аргаар баталгаажуулж, хэрэглэгчийн сонгосон эрх, хэрэгслийн хүрээнд нэн даруй хэрэгжүүлэх;
42.1.3. хэрэглэгчээс зөвшөөрөлгүй гүйлгээ, хууртагдан зөвшөөрсөн шилжүүлэг, данс болон үйлчилгээний бүртгэл бусдын хяналтад орсон тухай мэдээлэл хүлээн авмагц энэ хуулийн 22, 32, 33 дугаар зүйлд заасан бүртгэл, шалгалт, хамгаалах ажиллагааг эхлүүлэх;
42.1.4. энэ зүйлийн 42.1.3-т заасан мэдээлэлд хамаарах гүйлгээний төлөвийг шалгаж, гүйцэтгээгүй бол энэ хуулийн 38 дугаар зүйл, гүйцэтгэсэн бол 40, 41 дүгээр зүйл, цааш буюу хил дамжин шилжсэн бол 26 дугаар зүйлд заасан ажиллагааг нэн даруй хэрэгжүүлэх;
42.1.5. бусдын хяналтад орсон байж болзошгүй нэвтрэх эрхийг аюулгүй болгохдоо идэвхтэй холболтыг таслах, зөвшөөрөлгүй нэмсэн төхөөрөмжийг хасах, баталгаажуулалтын хэрэгслийг шинэчлэх, холбогдох бүртгэлийг хамгаалах арга хэмжээг хэрэглэгчтэй хамтран хэрэгжүүлэх;
42.1.6. хүсэлт, мэдээллийн бүртгэлийн дугаар, авах арга хэмжээ, хэрэглэгчийн хийх шаардлагатай үйлдэл, явцын мэдээлэл авах сувгийг хэрэглэгчид нэн даруй өгөх;
42.1.7. хэрэглэгчийн хүсэлт, мэдээллийг хүлээн авснаас хойш нэн даруй эхлүүлсэн ажиллагааны талаар эхний мэдээллийг хүргэх, цаашид шийдвэр, чухал өөрчлөлтийг тухай бүр мэдээлэх;
42.1.8. эрхийг түр зогсоосныг сэргээх хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авмагц хэрэглэгчийн хэн болох, эрхийг шалган, аюулгүй байдлыг хангаж эрхийг сэргээх.
42.2. Хэрэглэгчийн хүсэлт, мэдээлэл, авсан тайлбар, хүргэсэн анхааруулга, үйлчилгээний эрхийн өөрчлөлтийн бүртгэл, шуурхай мэдэгдэл, шийдвэр, гүйцэтгэлийн баримтыг энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу хадгална.
43 дугаар зүйл. Бусад санхүүгийн үйлчилгээ, виртуал хөрөнгийн үйлчилгээний онцлог
43.1. Банк бус санхүүгийн байгууллага, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон хуульд заасан санхүүгийн бусад үйлчилгээг эрхэлж байгаа этгээд энэ бүлэгт заасан үүргийг өөрийн гүйцэтгэж байгаа таньж баталгаажуулах, төлбөр эхлүүлэх, хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хөрвүүлэх, зээл олгох үйл ажиллагаанд хамаарах хүрээнд хэрэгжүүлнэ.
43.2. Цахим мөнгө болон бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн бүртгэл, үлдэгдэл, шилжүүлгийг тус тус ялган тогтоох боломжтой нөхцөл бүрдүүлж, сэжигтэй гүйлгээтэй холбоотой хөрөнгийн хөдөлгөөнийг өөрийн систем болон холбогдох банкны гүйлгээтэй тулгах үүрэгтэй.
43.3. Цахимаар зээл олгох санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь цахим залилангаас сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авна:
43.3.1. зээл хүсэгчийн хэн болох, төлөөлөх эрх, зээл авах хүсэл зориг, хөрөнгө хүлээн авах этгээдийг зээл олгохоос өмнө тохиромжтой хэрэгслээр шалгах;
43.3.2. зээлийн хөрөнгийг шинэ буюу гуравдагч этгээдийн дансанд шилжүүлэх, олгосон даруй цааш дамжуулахтай холбоотой эрсдэлийн дохиог үнэлэх;
43.3.3. эрсдэлийн дохионы үнэлгээнд үндэслэн энэ хуулийн 36–38 дугаар зүйлд заасан арга хэмжээг авах;
43.3.4. бусдын нэрээр зээл авсан байж болзошгүй мэдээллийг нэн даруй шалгах бөгөөд тухайн этгээдийн хүсэл зориг, баталгаажуулалт, гэрээ байгуулах болон хөрөнгө шилжүүлэх баримтыг хадгалах.
43.4. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь цахим залилангаас сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авна:
43.4.1. энэ хуулийн 35.1.1–35.1.8-д болон 36–38, 40–42 дугаар зүйлд заасан үүргийг өөрийн хянаж байгаа бүртгэл, виртуал хөрөнгө, гүйлгээний хүрээнд хэрэгжүүлэх;
43.4.2. гүйлгээ илгээх буюу хүлээн авах санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид тогтоосон үүргийг виртуал хөрөнгө илгээх буюу хүлээн авах үйл ажиллагаанд хэрэгжүүлэх;
43.4.3. виртуал хөрөнгийг шилжүүлэхээс өмнө хүлээн авах данс /хаяг/, ашиглах сүлжээ, виртуал хөрөнгийн төрөл, хэмжээ, шимтгэл, шилжүүлгийг буцаах боломжийн хязгаарыг хэрэглэгчид харуулах;
43.4.4. хуульд заасан хүрээнд шилжүүлэгч, хүлээн авагчийн мэдээллийг шалгаж, сэжигтэй гүйлгээ болон хөрөнгө цааш дамжих эрсдэлийн дохиог тогтмол үнэлэх;
43.4.5. өөрийн хяналтад байгаа хөрөнгийн зарцуулалтад энэ хуулийн 23–26 дугаар зүйлд заасан хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлэх;
43.4.6. хөрөнгийн төрөл, хэмжээ, гүйлгээний таних дугаар, холбогдох данс /хаяг/, хэрэгжүүлсэн ажиллагааг бүртгэх;
43.4.7. олон хэрэглэгчийн хөрөнгийг хамтад нь хадгалж байгаа бол өөрийн дотоод бүртгэлээр холбогдох хөрөнгийг ялган бүртгэх;
43.4.8. виртуал хөрөнгө өөрийн хяналтаас гарсан бол гүйлгээний мөр, дараагийн данс /хаяг/, мэдэгдэж байгаа үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллийг хуульд заасан хүрээнд хамгаалж, шуурхай мэдэгдэл, хүсэлт хүргүүлэх.
43.5. Хөрөнгө оруулалт, үнэт цаасны санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хөрөнгө шилжүүлэх, гаргах, төлбөр хүлээн авах мэдээллийг өөрчлөх үеийн залилангийн эрсдэлийг тогтмол шалгана.
43.6. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо харьяалах үйлчилгээний хүрээнд энэ бүлгийн баталгаажуулалт, гүйлгээний хяналт, хамгаалалтын тохиргоо, бүртгэл, мэдээлэл солилцооны техникийн шаардлагыг уялдуулан баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ
44 дүгээр зүйл. Хэрэглэгчийг таньж баталгаажуулах
44.1. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн тавдугаар бүлэгт заасан нийтлэг үүргээс гадна өөрийн үзүүлж байгаа үйлчилгээ, хянаж байгаа сүлжээний хүрээнд дараах үүргийг хэрэгжүүлнэ:
44.1.1. утасны дугаарын үйлчилгээг идэвхжүүлэхээс өмнө хэрэглэгчийг Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.11-д нийцүүлэн бүртгэж, хэн болох болон төлөөлөх эрхийг баталгаажуулах;
44.1.2. хэрэглэгчийг баталгаажуулаагүй утасны дугаарыг идэвхжүүлэн борлуулахгүй байх;
44.1.3. хэрэглэгчийн таних модулийг буюу симийг солих, сэргээх, шинээр идэвхжүүлэх, дугаар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, дугаартайгаа өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжих үед хүсэлт гаргагчийн эрх, хүсэл зоригийг шалгах;
44.1.4. зөвхөн тухайн утасны дугаарт хүргэсэн нэг удаагийн кодыг хангалттай баталгаажуулалтад тооцохгүй байх шаардлагыг хангаж уг дугаараас үл хамаарах найдвартай аргаар давхар баталгаажуулах;
44.1.5. өөрийн нэрийн өмнөөс бүртгэл, борлуулалт хийдэг этгээдийн хандалтын эрх, гүйцэтгэсэн үйлдлийг бүртгэж, баталгаажуулалтын шаардлага мөрдүүлэх;
44.1.6. хэрэглэгчийг таньж баталгаажуулахад шаардлагатай хэмжээнээс илүү хүний хувийн мэдээлэл цуглуулахгүй байх;
44.1.7. биометрик мэдээллийг зөвхөн хуульд заасан үндэслэл, нөхцөлөөр ашиглаж, уг аргыг ашиглах боломжгүй хэрэглэгчид хуульд нийцсэн өөр арга санал болгох;
44.1.8. хэрэглэгч өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаарын мэдээллийг авах, бүртгэлийн алдаа засуулах, өөрийн зөвшөөрөлгүй бүртгэл, өөрчлөлтийг шалгуулах боломжтой байх;
44.1.9. зөвшөөрөлгүй өөрчлөлт тогтоогдвол хэрэглэгчийн эрхийг баталгаажуулж, утасны дугаарын үйлчилгээг аюулгүй сэргээх.
45 дугаар зүйл. Цахим залилангийн эрсдэлийн талаар хэрэглэгчид анхааруулах
45.1. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч өөрийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн дохио илэрсэн бол энэ хуулийн 32 дугаар зүйлд нийцүүлэн тухайн утасны дуудлага, зурвас, дугаарын өөрчлөлттэй холбоотой анхааруулгыг хэрэглэгчид нэн даруй хүргэнэ. Дуудлага хүлээн авах, зурваст хариу өгөхөөс өмнө анхааруулах техникийн боломжтой бол уг боломжийг ашиглана.
45.2. Энэ хуулийн 44.1.3-т заасан хүсэлтийг хүлээн авсан болон өөрчлөлтийг гүйцэтгэсэн тухай өмнө нь баталгаажуулсан, тухайн өөрчлөлтөөр солигдоогүй сувгаар хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд зөвшөөрөөгүй өөрчлөлтийг зогсоох хүсэлт гаргах аргыг зааж, тухайн суваг бусдын хяналтад орсон эрсдэлийн дохио байгаа бол өөр найдвартай суваг ашиглана.
45.3. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч анхааруулга, энэ хуулийн 32.4-т заасан мэдээлэл өгөх сувгийг үнэ төлбөргүй, хүртээмжтэй байлгах бөгөөд утасны дугаарын үйлчилгээ хязгаарлагдсан, эсхүл нэвтрэх эрх алдагдсан хэрэглэгч өөр дугаар, цахим суваг болон үйлчилгээний цэгээр хүсэлт, мэдээлэл гаргах боломжтой байна.
46 дугаар зүйл. Утасны дуудлагын дугаарыг хуурамчаар харуулахаас сэргийлэх
46.1. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч утасны дуудлага үүсгэх, дамжуулах, хүлээн авахдаа дуудлагын гарал үүсэл, хүлээн авагчид харагдах дугаарын үнэн зөв байдлыг шалгах, холбогдох үйлчилгээ үзүүлэгчтэй тулган баталгаажуулах техникийн нөхцөл бүрдүүлнэ.
46.2. Утасны дуудлага үүсгэх эрхгүй, хуваарилагдаагүй дугаар ашигласан, эсхүл бусдын дугаарыг зөвшөөрөлгүй харуулсан нь техникийн шалгалтаар тогтоогдсон дуудлагыг дамжуулахгүй бөгөөд гадаадаас ирсэн дуудлагыг дотоодоос үүссэн мэт хувиргаж дамжуулахыг хориглоно.
46.3. Хууль ёсоор утасны дугаараа нууцалсан, роуминг ашигласан, эсхүл байгууллагын зөвшөөрөлтэй дугаар харуулсан нь дангаараа дуудлага хаах үндэслэл болохгүй.
46.4. Бусдын утасны дугаарыг хуурамчаар харуулсан үйлдлийн улмаас тухайн дугаарыг хууль ёсоор ашиглаж байгаа хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарлахгүй.
46.5. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч хаасан дуудлагын техникийн үндэслэлийг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу бүртгэх бөгөөд алдаатай хаалтыг дахин хянуулах хүсэлтийг энэ хуулийн 49.5-д заасан хугацаанд шийдвэрлэж, алдааг нэн даруй залруулна.
47 дугаар зүйл.. Утасны зурвас ба илгээгчийн нэрийн хамгаалалт
47.1. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч цахим залилангаас сэргийлэх хүрээнд утасны зурвас, илгээгчийн нэрийн хамгаалалтын талаар дараах үүргийг хэрэгжүүлнэ:
47.1.1. байгууллагын нэр, бусдыг төлөөлсөн тэмдэглэгээгээр зурвас илгээх үйлчилгээ нээхээс өмнө захиалагч хэн болох, тухайн нэр, тэмдэглэгээг ашиглах эрхийг шалгаж бүртгэх;
47.1.2. бүртгэлгүй, эсхүл бусдын нэрийг зөвшөөрөлгүй ашигласан зурвасыг тухайн нэр, тэмдэглэгээгээр дамжуулахгүй байх;
47.1.3. зурвасыг олноор илгээх, зуучлан дамжуулах гэрээт этгээдээр дамжуулсан тохиолдолд захиалагч, илгээгчийн нэр, дамжуулсан сувгийг тогтоох боломжтой байлгах бөгөөд эдгээр этгээдийн баталгаажуулалт, мэдээллийн хамгаалалт, цахим залилангийн мэдээлэлд хариу өгөх ажиллагаанд хяналт тавих;
47.1.4. байгууллагын нэрээр болон олноор илгээх зурваст байгаа дугаар, холбоосыг хууль ёсоор авсан, шалгагдсан цахим залилангийн мэдээлэлтэй тулгаж, цахим залиланд ашиглаж байгаа нь тогтоогдсон дугаар, холбоос бүхий зурвасыг дамжуулахгүй байх.
47.2. Энэ зүйлд заасан шалгалт, хязгаарлалтын үндэслэлийг бүртгэж, алдаатай хаалтыг дахин хянуулах хүсэлтийг энэ хуулийн 49.5-д заасан хугацаанд шийдвэрлэж, 49.6, 33.8-д заасны дагуу залруулж мэдэгдэнэ.
48 дугаар зүйл. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч эрсдэлийн дохио солилцох
48.1. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч нь дугаар хууль бусаар ашигласан, хэрэглэгчийн бүртгэл булаасан, дуудлагын дугаар, зурвас илгээгчийн нэрийг хуурамчаар харуулсан эрсдэлийн дохиог шалгаж, энэ хуулийн 32.5-д заасан нөхцөл бүрдвэл шуурхай мэдэгдэл хүргүүлнэ.
48.2. Эрсдэлийн дохиог шуурхай сувгаар солилцохдоо холбогдох дугаар, илэрсэн цаг, эх сурвалж, техникийн шинж, шалгалтын төлөв, авсан арга хэмжээний мэдээллийг дамжуулна.
48.3. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн хэрэглэгчийн баталгаажуулалт, гүйлгээтэй холбоотой эрсдэлийн дохиог шалгах зорилгоор хүсэлт гаргасан бол харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч тухайн дугаарын хэрэглэгчийн таних модуль сольсон, сэргээсэн, дугаар ашиглах эрх шилжүүлсэн эсэх, эзэмшлийн өөрчлөлтийн цагийг шуурхай сувгаар мэдээлнэ.
48.4. Энэ зүйлд заасан мэдээллийг зөвхөн цахим залилангаас урьдчилан сэргийлэх, шуурхай хамгаалах арга хэмжээ авах зорилгоор ашиглаж, хандалт, хадгалалт, залруулалтад энэ хуулийн гуравдугаар бүлэг болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
49 дүгээр зүйл. Цахим залиланд ашиглаж байгаа утасны дугаарын үйлчилгээг түр хязгаарлах
49.1. Утасны дугаар цахим залиланд ашиглагдаж байгаа нь шалгасан баримт, сүлжээний бүртгэлээр үндэслэлтэй тогтоогдсон бөгөөд хойшлуулбал хохирол учрах, нэмэгдэх бодит эрсдэлтэй бол харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 30.5.1-д заасан эрх бүхий этгээд тухайн дугаарын холбогдох үйлчилгээг 24 цагаас илүүгүй хугацаагаар түр хязгаарлах шийдвэр гаргаж, нэн даруй хэрэгжүүлнэ. Зөвхөн гомдол, автомат үнэлгээ, бүртгэлийн тохирол нь дангаараа ийм шийдвэрийн үндэслэл болохгүй.
49.2. Үйлчилгээ түр хязгаарлах шийдвэрт дараах зүйлийг тусгана:
49.2.1.бодит болон хууль зүйн үндэслэл; 49.2.2.утасны дугаар; 49.2.3.түр хязгаарлах үйлчилгээ, эхлэх, дуусах цаг; 49.2.4.шийдвэр гаргасан ажилтан.
49.3. Үйлчилгээний түр хязгаарлалтыг цахим залиланд ашиглаж байгаа дуудлага хийх, зурвас илгээх үйлдлээр хязгаарлах бөгөөд яаралтай тусламжийн дуудлага хийх боломжийг хадгална.
49.4. Үйлчилгээг түр хязгаарлах шийдвэрийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж гаргах бөгөөд хохирол нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор урьдчилан мэдэгдэлгүй гаргасан бол хэрэгжүүлмэгц хэрэглэгчид энэ хуулийн 33.6-д заасан мэдээллийг хүргэж, шуурхай арга хэмжээний нэгжид мэдэгдэнэ.
49.5. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч нь түр хязгаарлалтыг хянуулах хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш дөрвөн цагийн дотор анхны шийдвэрийг гаргаагүй эрх бүхий ажилтнаар шалгуулж, үндэслэл бүхий хариу өгнө.
49.6. Түр хязгаарлах үндэслэл арилсан, алдаатай болох нь тогтоогдсон, эсхүл хугацаа дууссан бол үйлчилгээг нэн даруй сэргээнэ. Үйлчилгээг цааш хязгаарлах бол хугацаа дуусахаас өмнө тухайн үйлчилгээг хязгаарлах эрхийг хуулиар олгосон этгээдийн хүчинтэй шийдвэр хүлээн авсан байх бөгөөд тухайн хуульд заасан хүрээ, хугацаа, гомдлын журмыг мөрдөнө.
49.7. Хэрэглэгч өөрийн дугаар, хэрэглэгчийн таних модуль бусдын хяналтад орсон тухай мэдэгдэж, үйлчилгээг түр зогсоох хүсэлт гаргасан бол хүсэлт гаргагчийн эрхийг баталгаажуулж, сонгосон хүрээнд нэн даруй хэрэгжүүлнэ. Хэрэглэгч сэргээх хүсэлт гаргавал эрхийг нь баталгаажуулж, аюулгүй байдлыг ханган, өөр хууль ёсны хязгаарлалтгүй үйлчилгээг нэн даруй сэргээнэ.
49.8. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ бүлгийн баталгаажуулалт, дуудлагын дугаарын шалгалт, зурвас илгээгчийн нэрийн бүртгэл, анхааруулга, мэдээлэл солилцоо, үйлчилгээ сэргээх техникийн шаардлагатай холбоотой журмыг энэ хуулийн 12.2.4-т заасны дагуу батална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ
50 дугаар зүйл. Цахим үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
50.1. Цахим үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн тавдугаар бүлэгт заасан нийтлэг үүргээс гадна өөрийн эрхэлж байгаа үйл ажиллагаа, цахим залилангийн эрсдэлийг хянах бодит боломжид нийцүүлэн дараах үүргийг хэрэгжүүлнэ:
50.1.1. зар сурталчилгаа хүлээн авах, түгээх, мэдээлэл хайх, бараа, ажил, үйлчилгээ санал болгох, хэлцэл хийхэд зуучлах үйл ажиллагаандаа энэ хуулийн 51–56 дугаар зүйлд заасан хамгаалалтыг бүрдүүлэх;
50.1.2. серверийн үйлчилгээ үзүүлэх, домэйн нэр бүртгэх, удирдах, хэрэглээний программ түгээх үйл ажиллагаанд холбогдох үйлчилгээ, цахим байршил, хэрэглээний программыг ялган тогтоож, энэ хуулийн 55, 56 дугаар зүйлд заасан ажиллагааг өөрийн хяналтын хүрээнд хэрэгжүүлэх;
50.1.3. эрсдэлийн дохиог шалгах, хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлэх.
50.2. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ бүлгийн баталгаажуулалт, мэдэгдэл, үйлчилгээ сэргээх техникийн болон зохион байгуулалтын шаардлагад холбогдох журмыг энэ хуулийн 12.2.4-т заасны дагуу батална.
51 дүгээр зүйл. Бусдын нэр, дүр төрхийг ашигласан залилан болон цахим хаяг булаан эзэмшихээс хамгаалах арга хэмжээ
51.1. Цахим платформ ажиллуулж байгаа цахим үйлчилгээ үзүүлэгч нь хүн, байгууллагыг төлөөлж байгаа мэт төөрөгдүүлсэн цахим хаяг, хиймлээр үүсгэсэн буюу өөрчилсөн дүрс, дуу хоолой ашигласан мэдээллийн цахим залилангийн эрсдэлийг шалгана.
51.2. Хэрэглэгчийн цахим хаягийн удирдах эрх, нэвтрэх эрх сэргээх болон холбоо барих мэдээллийг өөрчлөх үед эрх, хүсэл зоригийг шалгаж, өмнө нь баталгаажуулсан, тухайн өөрчлөлтөөр солигдоогүй сувгаар мэдэгдэх бөгөөд тухайн суваг бусдын хяналтад орсон эрсдэлийн дохио байгаа бол түүнээс үл хамаарах аргаар баталгаажуулна.
51.3. Цахим хаяг булаан эзэмшсэн тухай мэдээлэл хүлээн авмагц цахим үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн эрхийг аюулгүй аргаар шалгаж, баталгаажсан хүсэлтээр зөвшөөрөлгүй нэвтрэлтийг таслах, нэмсэн эрх, төхөөрөмжийг хасах, нэвтрэх эрх сэргээх ажиллагааг үнэ төлбөргүй хэрэгжүүлнэ.
52 дугаар зүйл. Хуурамч зар сурталчилгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
52.1. Зар сурталчилгааг төлбөртэй түгээх цахим үйлчилгээ үзүүлэгч түгээхээс өмнө зар сурталчилгаа захиалагч, төлбөр төлөгч, холбоо барих мэдээллийг найдвартай эх сурвалжаар шалгаж бүртгэнэ.
52.2. Цахим үйлчилгээ үзүүлэгч зар сурталчилгааны агуулга, холбогдох цахим хаяг, холбоосыг шалгаж, бусдын нэр, дүр төрх, барааны тэмдгийг ашиглан төөрөгдүүлсэн болон цахим залилангийн бусад эрсдэлийн дохиог илрүүлэх нөхцөл бүрдүүлнэ.
52.3. Цахимаар хэлцэл хийхэд зуучилдаг цахим платформ ажиллуулж байгаа цахим үйлчилгээ үзүүлэгч худалдаа эрхлэгчийн нэр, холбоо барих мэдээлэл, хуульд заасан бүртгэл болон төлөөлөх эрхийг үйлчилгээ нээхээс өмнө шалгана.
52.4. Зар сурталчилгааг бусад мэдээллээс ялгах тэмдэглэгээтэй түгээж, захиалагчийн нэр болон түүнээс өөр этгээд төлбөр төлсөн бол төлбөр төлөгчийн нэрийг хэрэглэгчид харагдахуйц мэдээлэх бөгөөд худалдаа эрхлэгчийн нэр, ажил хэргийн холбоо барих мэдээллийг хэлцэл хийхээс өмнө үзэх боломжтой байлгана.
52.5. Зар сурталчилгааны агуулга, захиалагч, төлбөр төлөгч, түгээсэн хугацаа, баталгаажуулалтын баримтыг энэ хуулийн 34 дүгээр зүйл болон Зар сурталчилгааны тухай хуулийн 20 дугаар зүйлд нийцүүлэн хадгална.
53 дугаар зүйл. Санхүүгийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын зар сурталчилгааны нэмэлт шаардлага
53.1. Санхүүгийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, виртуал хөрөнгийн зар сурталчилгааг хүлээн авч түгээх цахим үйлчилгээ үзүүлэгч тухайн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүнийг нийтэд санал болгоход хуулиар шаардсан зөвшөөрөл, бүртгэл хүчинтэй эсэх, зар сурталчилгаа захиалагч тухайн этгээдийг төлөөлөх эрхтэй эсэхийг эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэлтэй тулган шалгана.
53.2. Энэ хуулийн 53.1-д заасан шаардлагыг хангаагүй, эсхүл Зар сурталчилгааны тухай хуулийн 6, 7, 17 дугаар зүйлд заасан хоригийг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон зар сурталчилгааг түгээхгүй.
53.3. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн харьяалах зөвшөөрөл, бүртгэлийн хүчинтэй байдал, хамрах үйл ажиллагаа, өөрчлөлтийг хуульд нийцүүлэн цахимаар шалгах боломж бүрдүүлнэ.
53.4. Цахим үйлчилгээ үзүүлэгч түгээхээс татгалзсан үндэслэл, засах шаардлагыг захиалагчид мэдэгдэх бөгөөд шаардлага хангасан нь баталгаажвал түгээх боломжийг сэргээж, түгээсэн зар сурталчилгаанд цахим залилангийн эрсдэлийн дохио илэрсэн бол энэ хуулийн 55, 56 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлнэ.
54 дүгээр зүйл. Гадаадын цахим үйлчилгээ үзүүлэгчийн холбоо барих этгээд
54.1. Энэ хуулийн 3.1-д хамаарах гадаадын цахим үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын эрх бүхий байгууллагаас мэдэгдэл, шийдвэр хүлээн авах, хариу өгөх, хэрэгжилтийг зохион байгуулах эрх бүхий холбоо барих этгээд (цаашид “холбоо барих этгээд” гэх)-ийг бичгээр томилж, тасралтгүй ажиллах нөхцөл бүрдүүлнэ.
54.2. Холбоо барих этгээдийн нэр, албан хаяг, цахим шуудан, шуурхай холбооны мэдээлэл, олгосон эрхийг үйлчилгээ эхлэхээс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, холбоо барих мэдээллийг нийтэд нээлттэй байршуулна. Өөрчлөлтийг нэн даруй мэдэгдэж шинэчлэх бөгөөд хувийн холбоо барих мэдээллийн оронд ажил хэргийн хаяг, сувгийг нийтэлнэ.
54.3. Холбоо барих этгээд монгол хэлээр ирүүлсэн мэдэгдэл, шийдвэрийг хүлээн авч, энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу баталгаажуулна. Хүлээн авсны баталгаа, эсхүл хүлээн авагчид хүрсэн нь нотлогдох баталгаатай цахим хүргэлтийн бүртгэлд тэмдэглэсэн цагийг хүлээн авсан цагт тооцно.
54.4. Хууль, олон улсын гэрээнд процессын баримт бичиг хүргүүлэх тусгай журам тогтоосон бол түүнийг мөрдөнө.
55 дугаар зүйл. Мэдэгдэл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаа
55.1. Цахим үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 32.4-т заасан сувгаар холбогдох цахим хаяг, холбоос, домэйн нэр, хэрэглээний программыг тодорхойлох мэдээлэл, цахим залилан гэж үзсэн шалтгаан, үйлдлийн хугацаа, байгаа баримтыг хүргүүлэх боломж бүрдүүлнэ.
55.2. Шуурхай мэдэгдлийг хүлээн авмагц шалгаж, нэг цагийн дотор эхлүүлсэн ажиллагаа, авсан арга хэмжээний эхний хариуг илгээгчид хүргэнэ. Бусад мэдэгдлийг 24 цагийн дотор шийдвэрлэнэ. Нэмэлт баримт зайлшгүй шаардлагатай бол уг хугацаанд шалтгаан, хийх ажиллагааг мэдээлж, анх хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд энэ хугацаа нь шуурхай хамгаалах арга хэмжээг хойшлуулах үндэслэл болохгүй.
55.3. Энэ хуулийн 55.2-т заасан шийдвэрт шалгасан агуулга, баримт, арга хэмжээ авсан буюу аваагүй үндэслэл, дахин хянуулах сувгийг тусгаж, холбоо барих боломжтой мэдээлэгчид хүргэнэ.
55.4. Нэг агуулгын талаар олон мэдэгдэл ирснийг нэгтгэн шалгаж болох боловч мэдэгдлийн тоог дангаар нь зөрчил тогтоосон үндэслэл болгохгүй. Зориуд худал мэдээлэл, хуурамч баримт ашиглан хууль ёсны агуулгыг хязгаарлуулах оролдлогыг илрүүлж, баримтжуулна.
56 дугаар зүйл. Агуулгын тархалт, цахим хаягийн үйлдлийг түр хязгаарлах арга хэмжээ
56.1. Тодорхой агуулга, цахим хаягийн үйлдэл цахим залиланд ашиглагдаж байгаа нь шалгасан баримт, бүртгэлээр үндэслэлтэй тогтоогдсон бөгөөд хойшлуулбал хохирол учрах, нэмэгдэх бодит эрсдэлтэй бол цахим үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 30.5.1-д заасан эрх бүхий ажилтан 24 цагаас илүүгүй хугацаагаар түр хязгаарлах шийдвэр гаргаж, нэн даруй хэрэгжүүлнэ. Зөвхөн мэдэгдлийн тоо, автомат үнэлгээ, мэдээллийн сангийн тохиролд үндэслэн түр хязгаарлахгүй.
56.2. Энэ хуулийн 56.1-д заасан түр хязгаарлах шийдвэрт дараах зүйлийг тусгана:
56.2.1. бодит болон хууль зүйн үндэслэл;
56.2.2. холбогдох агуулга
56.2.3. цахим байршил;
56.2.4. түр хязгаарлах үйлдэл, эхлэх, дуусах цаг;
56.2.5. шийдвэр гаргасан ажилтан;
56.2.6. тухайн зар сурталчилгааны түгээлт, агуулгын харагдах байдал, холбоос;
56.2.7. хэрэглээний программын түгээлт, цахим хаягийн холбогдох үйлдэл.
56.3. Түр хязгаарлах шийдвэрийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх бөгөөд хохирол нэмэгдэхээс сэргийлж урьдчилан мэдэгдэлгүй хэрэгжүүлсэн бол хэрэгжүүлмэгц энэ хуулийн 33.6-д заасан мэдээллийг хүргэж, шуурхай арга хэмжээний нэгжид мэдэгдэнэ.
56.4. Түр хязгаарлах шийдвэрт ижил сервер, сүлжээний хаяг, домэйн нэр ашиглаж байгаа хууль ёсны бусад агуулга, үйлчилгээг хамруулан хязгаарлахгүй бөгөөд тодорхой агуулгыг тусгаарлах техникийн боломжгүй бол энэ хуулийн 33.5-д заасан ажиллагааг хэрэгжүүлнэ.
56.5. Холбогдох агуулга, цахим байршил, нийтэлсэн болон өөрчилсөн цаг, шийдвэр, гүйцэтгэлийн баримтыг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу хадгална.
56.6. Цахим үйлчилгээ үзүүлэгч өөрийн хууль ёсоор ашиглаж байгаа мэдээллээр эрсдэлд өртсөн нь тогтоогдсон хэрэглэгчид энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан анхааруулга, туслалцааг нэн даруй хүргэнэ.
56.7. Түр хязгаарлах үндэслэл арилсан, алдаатай болох нь тогтоогдсон, эсхүл хугацаа дууссан бол хязгаарлалтыг нэн даруй цуцална. Цааш үргэлжлүүлэх бол хугацаа дуусахаас өмнө тухайн агуулга, үйлдлийг хязгаарлах эрхийг хуулиар олгосон этгээдийн хүчинтэй шийдвэр хүлээн авсан байх бөгөөд тухайн хуульд заасан хүрээ, хугацаа, гомдлын журмыг мөрдөнө.
56.8. Үргэлжилж байгаа түр хязгаарлалтыг эсэргүүцсэн хэрэглэгчийн хүсэлтийг дөрвөн цагийн дотор, бусад хүсэлтийг ажлын гурван өдрийн дотор анхны шийдвэр гаргаагүй эрх бүхий ажилтан шалгаж, үндэслэл бүхий хариу өгнө. Алдаатай тохиолдолд энэ хуулийн 33.7, 33.8-д зааснаар нэн даруй залруулна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ БА ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛӨХ АЖИЛЛАГАА
57 дугаар зүйл. Шийдвэрт гомдол гаргах
57.1. Энэ хуульд заасан шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн хэрэглэгч, хохирогч, данс эзэмшигч болон бусад этгээд өөрөө, эсхүл эрх бүхий төлөөлөгчөөр дамжуулан гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргахын тулд хохирол учирсан, эрүүгийн хэрэг үүсгэсэн, эсхүл хохирогчоор тогтоосон байхыг шаардахгүй.
57.2. Энэ хуулийн 57.1-д заасан этгээд дараах эрхтэй:
57.2.1. шийдвэр гаргасан этгээд, шийдвэрийн үндэслэл, хамрах хүрээ, хугацаа, гомдол гаргах журмыг ойлгомжтой хэлбэрээр мэдэх, өөрт хамаарах шийдвэр, баримтын хуулбарыг хуульд заасан хүрээнд авах;
57.2.2. тайлбар, баримт гаргах, алдаатай мэдээллийг залруулах, шийдвэрийг дахин хянуулах, гомдлын явцыг үнэ төлбөргүй мэдэх;
57.2.3. хууль бус, үндэслэлгүй, эсхүл хугацаа дууссан шуурхай хамгаалах арга хэмжээг цуцлуулах, үйлчилгээг сэргээх;
57.2.4. хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллага, шүүхэд хандах;
57.2.5. хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах.
57.3. Үйлчилгээ үзүүлэгчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ хуулийн 58 дугаар зүйлээр, иргэний эрх зүйн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэнэ. Захиргааны шийдвэрт холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар, эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шийдвэрт холбогдох гомдлыг тухайн ажиллагааг зохицуулсан хуулиар шийдвэрлэнэ.
57.4. Үргэлжилж байгаа шуурхай хамгаалах арга хэмжээг хянуулах хүсэлтийг энэ хуулийн 23.7, 49.5, 56.8-д заасан хугацаанд, мэдээлэл залруулах хүсэлтийг 21.4-т заасан хугацаанд шийдвэрлэнэ.
58 дугаар зүйл. Үйлчилгээ үзүүлэгч гомдлыг шийдвэрлэх ажиллагаа
58.1. Үйлчилгээ үзүүлэгч гомдол, хохирол нөхөн төлүүлэх шаардлагыг энэ хуулийн 32.4-т заасан хүртээмжтэй сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч бүртгэнэ.
58.2. Гомдол гаргагч өөрийн мэдэж байгаа нөхцөл, шаардлага, өөрт байгаа баримтыг гаргах бөгөөд баримт дутуу тохиолдолд гомдол хүлээн авахгүй байх үндэслэл болгохгүй.
58.3. Гомдлыг анхны шийдвэр гаргахад оролцоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй эрх бүхий ажилтан, эсхүл дээд шатны албан тушаалтан хянана.
58.4. Үйлчилгээ үзүүлэгч гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Зайлшгүй шаардлагатай нэмэлт баримт авах, шалгах бодит шалтгаантай бол хугацааг нэг удаа ажлын 10 хүртэл өдрөөр сунгаж, эхний хугацаа дуусахаас өмнө шалтгаан, хийсэн ажиллагаа, хариу өгөх огноог гомдол гаргагчид мэдэгдэнэ.
58.5. Үйлчилгээ үзүүлэгч шийдвэрээ бичгээр, эсхүл хадгалж, дахин үзэх боломжтой цахим хэлбэрээр хүргүүлж, тогтоосон нөхцөл, баримт, хууль зүйн үндэслэл, шаардлагыг хангасан буюу татгалзсан хэсэг, төлөх дүн ба хугацаа, цааш гомдол гаргах байгууллага, журам, холбогдох хугацааг тусгана.
58.6. Үйлчилгээ үзүүлэгчийн үүргийн хэрэгжилтэд хяналт тавиулах гомдлыг тухайн асуудлыг хариуцсан зохицуулах, хяналтын байгууллагад гаргаж болно.
58.7. Хөрөнгө буцаан олгох анхны шаардлагад энэ хуулийн 27.4.2, шуурхай дахин хяналтад 57.4-т заасан богино хугацааг хэрэглэнэ.
59 дүгээр зүйл. Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх ажиллагаа
59.1. Энэ хуулиас үүссэн иргэний эрх зүйн маргааныг, түүний дотор хэд хэдэн салбарын үйлчилгээ үзүүлэгч холбогдсон маргааныг талуудын зөвшөөрлөөр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан шүүх дэх, эсхүл төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотой шийдвэрлэж болно.
59.2. Хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгч холбогдсон маргааныг тэдгээрийн зөвшөөрлөөр хамтатган хэлэлцэж болно.
59.3. Эвлэрэлд хүрээгүй, ажиллагаанаас татгалзсан нь хуульд заасан журмаар шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй.
60 дугаар зүйл. Үйлчилгээ үзүүлэгч үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол
60.1. Үйлчилгээ үзүүлэгч энэ хуульд заасан үүргээ зөрчсөний улмаас хэрэглэгчид хохирол учирсан, эсхүл нэмэгдсэн бол уг зөрчилтэй шалтгаант холбоотой хохирлыг нөхөн төлөх бөгөөд хохирлын төрөл, хэмжээг Иргэний хуульд нийцүүлэн тогтооно.
60.2. Шалтгаант холбоог тогтоохдоо үйлчилгээ үзүүлэгчийн биелүүлэх ёстой байсан үүрэг, тухайн үед мэдсэн буюу зохих ёсоор шалгасан бол мэдэх боломжтой эрсдэл, арга хэмжээ авах бодит боломж, хугацаа, уг арга хэмжээг авсан бол хохирлоос сэргийлэх буюу түүнийг бууруулах боломжийг хамтатган үнэлнэ.
60.3. Хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгчийн үүргийн зөрчил нэг хохиролтой шалтгаант холбоотой бөгөөд хохирлыг тусгаарлан тогтоох боломжгүй бол тэдгээр нь хамтран хариуцах бөгөөд тусгаарлан тогтоох боломжтой хохирлыг үйлчилгээ үзүүлэгч бүр өөрийн зөрчлөөс шалтгаалсан хэмжээгээр хариуцна.
60.4. Хэрэглэгч нөхөн төлбөр авахын тулд цахим залиланд санаатай хамтран оролцсон, эсхүл бодитоор учраагүй хохирлыг зориуд шаардсан болохыг үйлчилгээ үзүүлэгч нотолсон бол зөвхөн түүнд хамаарах шаардлагаас татгалзаж болно.
60.5. Хэрэглэгчийн хэт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учрах, нэмэгдэхэд нөлөөлсөн болохыг үйлчилгээ үзүүлэгч нотолсон бол уг нөлөөлөлд тохирсон хэмжээгээр нөхөн төлбөрийг багасгаж болно. Нууц үг, нэг удаагийн код ашигласан, бусдад өгсөн, эсхүл анхааруулгад зөвшөөрсөн тэмдэглэгээ хийснийг дангаар нь энэ үндэслэлд тооцохгүй.
60.6. Энэ хуулийн 60.5-д хэрэглэгчийн нас, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, яриа ойлгох боломж, цахим залилангийн арга, анхааруулгын тодорхой байдал, түүнийг ойлгож арга хэмжээ авах бодит боломжийг харгалзана. Үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн үүргийн зөрчил, хохиролд үзүүлсэн нөлөөг хамтад нь үнэлнэ.
60.7. Үйлчилгээ үзүүлэгч өөрийн хяналтад байгаа, энэ хуулийн 34.1-д заасан үүргийн биелэлтийн баримтыг хуульд заасан журмаар гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэглэгч өөрөө олж авах боломжгүй уг баримтыг гаргаагүйг дангаар шаардлагаас татгалзах үндэслэл болгохгүй.
61 дүгээр зүйл. Хохирлын төлбөр олгох
61.1. Үйлчилгээ үзүүлэгч хохирол нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн, эсхүл шүүхийн бус журмаар эвлэрлийн гэрээ байгуулсан бол тухайн өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор төлбөрийг олгоно.
61.2. Нэг хохиролд ногдох төлбөрийг тооцохдоо хөрөнгө буцаан олгох ажиллагаагаар бодитоор авсан хөрөнгө, тухайн хохирлыг нөхөхөөр бодитоор төлөгдсөн даатгалын болон бусад төлбөрийг давхардуулахгүйгээр хасаж, тооцоог төлбөр авагчид хүргүүлнэ. Төлөгдөөгүй үлдэгдэл болон хуульд заасан бусад хохирлыг шаардах эрх хэвээр байна.
61.3. Хохирлыг нөхөн төлсөн үйлчилгээ үзүүлэгчид төлсөн хэмжээгээр цахим залилан үйлдсэн этгээдээс шаардах эрх шилжинэ.
61.4. Хамтран хариуцах үйлчилгээ үзүүлэгч өөрт ногдохоос илүү төлсөн хэсгийг бусад хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
61.5. Энэ хуулиар олгосон гомдол гаргах, хохирол нөхөн төлүүлэхийг шаардах эрхээс урьдчилан татгалзуулсан, үйлчилгээ үзүүлэгчийн хуулиар хүлээх хариуцлагыг урьдчилан хассан буюу багасгасан гэрээ, үйлчилгээний нөхцөлийн заалт хүчин төгөлдөр бус байна.
АРАВДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ
62 дугаар зүйл. Олон нийтийн мэдлэг ба урьдчилан сэргийлэх хөтөлбөр
62.1. Энэ хуулийн 7.1.1-д заасан төлөвлөгөөнд цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон нийтийн боловсролын хөтөлбөр, түүний зорилтот бүлэг, хэрэгжүүлэгч, санхүүжилт, үр дүнг хэмжих үзүүлэлтийг тусгана.
62.2. Боловсролын болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын хөтөлбөрт нас, хөгжлийн онцлогт тохирсон цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг хуульд заасан журмаар тусгана.
62.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн сургалт, мэдээллийн хүртээмжийг хангана.
62.4. Үйлчилгээ үзүүлэгч өөрийн үйлчилгээний цахим залилангийн эрсдэл, хамгаалах арга, мэдээлэх сувгийн талаар хэрэглэгчид тогтмол мэдээлнэ.
62.5. Сургалт, мэдээлэл нь цахим залилангийн түгээмэл арга, таних шинж, харилцагчийг баталгаатай эх сурвалжаар шалгах, нэвтрэх болон баталгаажуулах мэдээллээ хамгаалах, шуурхай мэдэгдэл хүргүүлэх, баримт хадгалах, хөрөнгө буцаан олгох болон хохирол нөхөн төлүүлэх хүсэлт гаргах арга, тусламж авах эрх зэргийг хамарна.
62.6. Хөтөлбөрийн агуулгыг энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан судалгаа, цахим залилангийн шинэ арга, гомдлын шийдвэрлэлтийн үр дүнд үндэслэн жил бүр шинэчилнэ. Үр дүнг зөвхөн оролцогчийн тоогоор бус, эрсдэлийг таних, мэдээлэх, хамгаалалтын арга хэрэглэх мэдлэг, дадлын өөрчлөлтөөр үнэлнэ.
63 дугаар зүйл. Зорилтот бүлгийн хамгаалалт
63.1. Энэ бүлэгт заасан сургалт, мэдээлэл, тусламжийг хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүнчлэн хэл, бичиг үсэг, цахим хэрэглээний чадвар, эрүүл мэндийн зэрэг нөхцөл байдлын улмаас цахим залилангийн эрсдэлд илүү өртөж болзошгүй хүний бодит хэрэгцээнд тохируулан хүргэнэ.
63.2. Үйлчилгээ үзүүлэгч нь ойлгомжтой хэллэг, томруулсан бичвэр, дуу, хадмал, дохионы хэл, дэлгэц унших программд нийцсэн мэдээлэл зэрэг тухайн хүнд шаардлагатай хэлбэр, ажилтантай шууд харилцах боломжийг бүрдүүлнэ.
63.3. Хүүхдэд тусламж үзүүлэхдээ түүний нас, төлөвшилд тохируулан санал бодлыг сонсож, хувийн мэдээлэл, дээд ашиг сонирхлыг хамгаална.
64 дүгээр зүйл. Хохирогчид үзүүлэх тусламж
64.1. Үйлчилгээ үзүүлэгч болон шуурхай арга хэмжээний нэгж өөрийн чиг үүргийн хүрээнд хохирогчид мэдээлэл бүртгүүлэх, баримт хадгалах, хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүсэлтийн явцыг мэдэх, хөрөнгө буцаан олгох болон хохирол нөхөн төлүүлэх хүсэлт, гомдол гаргах талаар анхан шатны мэдээллээр хангаж туслалцаа үзүүлнэ.
64.2. Мэдээлэл, туслалцааг үнэ төлбөргүй, утсаар, цахимаар болон үйлчилгээний цэгээр авах боломжтой байлгана.
64.3. Үйлчилгээ үзүүлэгч хохирогчийн хүсэлтийг хариуцсан холбоо барих ажилтан, сувгийг тодорхой мэдээлж, өөрт байгаа баримтыг дахин шаардахгүйгээр туслалцаа үзүүлнэ.
65 дугаар зүйл. Дахин хохирохоос хамгаалах
65.1. Үйлчилгээ үзүүлэгч хохирогчтой зөвшилцөн өөрийн үйлчилгээний хүрээнд дахин хохирох эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна. Үүнд нэвтрэх болон баталгаажуулах мэдээллийг шинэчлэх, бусдын хууль бус нэвтрэлтийг зогсоох, холбоо барих мэдээллийн аюулгүй байдлыг шалгах, зөвшөөрөлгүй өөрчлөлтийг залруулах ажиллагааг хамруулна.
65.2. Шуурхай арга хэмжээний нэгж тусламж, мэдээлэл авах албан ёсны сувгийг нийтэд нээлттэй, шинэчилсэн байдлаар тухай бүр мэдээлнэ.
66 дугаар зүйл. Судалгаа ба нээлттэй статистик
66.1. Цагдаагийн төв байгууллага энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан мэдээллийн сан, хууль ёсоор хүлээн авсан мэдээлэлд үндэслэн цахим залилангийн хэлбэр, суваг, мэдээлэгдсэн болон шалгалтаар баталгаажсан тохиолдол, хохирол, хамгаалсан болон буцаан олгосон хөрөнгө, төлсөн нөхөн төлбөр, гомдлын шийдвэрлэлт, алдаатай хязгаарлалт, эрх сэргээсэн байдлын нэгтгэсэн статистикийг улирал бүрийн дараа сарын сүүлийн өдрийн дотор нийтэлнэ.
66.2. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагатай хамтран цахим залилангийн шалтгаан, чиг хандлага, урьдчилан сэргийлэх болон хохирогчид үзүүлэх тусламжийн үр нөлөөний судалгааг зохион байгуулна.
66.3. Хамгаалсан хөрөнгө, бодитоор буцаан олгосон хөрөнгө, төлсөн нөхөн төлбөрийг тус тусад нь тайлагнаж, нэг хохирлыг давхар тооцохгүй бөгөөд мэдээлэгдсэн тохиолдлыг гэмт хэрэг эцэслэн тогтоосон тохиолдлоос ялгаж, эх сурвалж, тооцооны арга, хамрах хугацааг тайлбарлана.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
67 дугаар зүйл. Хэрэгжилтийн тайлан
67.1. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 34.5-д заасан тайланг өөрийн хяналт шалгалт, зөрчил арилгуулсан үр дүнгийн хамт нэгтгэн, мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож, хуулиар хамгаалсан нууцыг тусгаарлан, дараа оны 4 дүгээр сарын 1-ний дотор цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.
67.2. Цагдаагийн төв байгууллага энэ хуулийн 67.1-д заасан тайланг өөрийн хэрэгжилтийн мэдээлэлтэй нэгтгэн дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
67.3. Энэ хуулийн 7.1.1-д заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх бусад төрийн байгууллага өөрт хамаарах ажлын тайланг дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
67.4. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн тайланг дараа оны 5 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулж, нийтэд мэдээлнэ. Тайланд энэ хуулийн 8.2, 34.5-д заасан үзүүлэлт, сургалт, тусламжийн хүртээмж, үр дүн, төсвийн зарцуулалт, хэрэгжилтийн доголдол, түүнийг арилгах арга хэмжээ, хариуцагч, хугацааг тусгана. Нийтэд мэдээлэхдээ энэ хуулийн 66.1-д заасан нууцлалын шаардлагыг хангана.
68 дугаар зүйл. Албан тушаалтны хариуцлага ба хууль ёсны ажиллагааны хамгаалалт
68.1. Энэ хуулийг хэрэгжүүлэх албан тушаалтан өөрийн шийдвэр, ажиллагааны хууль зүйн болон бодит үндэслэлийг баримтжуулах үүрэгтэй.
68.2. Үйлчилгээ үзүүлэгч, түүний ажилтан, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шалгах, мэдээлэх үүргээ биелүүлж, тухайн үед байсан баримт, эрсдэлийн дохиог үндэслэлтэй үнэлэн, эрх бүхий хүлээн авагчид шаардлагатай хүрээнд мэдээлэл өгсөн бол уг сэжиг хожим батлагдаагүй нь дангаараа хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
68.3. Энэ хуулийн 68.2-т заасан хамгаалалт нь санаатай худал мэдээлэх, хэтэрхий болгоомжгүй ажиллагаа, хууль бус мэдээлэл ашиглалт, задруулалт, үндэслэлгүй буюу хугацаа хэтэрсэн хязгаарлалт, зөрчлийг мэдсэн атлаа арилгаагүй үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахгүй.
68.4. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг нөхөн төлөх, буруутай албан тушаалтнаас буцаан гаргуулах асуудлыг Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.
69 дүгээр зүйл. Зөрчил арилгуулах арга хэмжээ
69.1. Энэ хуулийн 11, 12, 14 дүгээр зүйлд заасан хяналтын байгууллага зөвхөн өөрийн хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд үйлчилгээ үзүүлэгчийн үүргийн зөрчлийг шалгаж, арилгуулах арга хэмжээ авна.
69.2. Хяналтын байгууллагууд ижил асуудлаар авсан тайлан, баримтыг хуульд заасан хүрээнд солилцож, зөрчилтэй шаардлага, давхардсан шалгалтаас сэргийлнэ.
70 дугаар зүйл. Мэдээлэл гаргуулан авах ажиллагаа
70.1. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан үйлчилгээ үзүүлэгчээс мэдээлэл шаардахдаа хууль зүйн үндэслэл, зорилго, мэдээллийн хүрээ, хүлээн авах хамгаалалттай суваг, хуульд нийцсэн хугацааг тодорхойлно. Үйлчилгээ үзүүлэгч хууль ёсны шаардлагад бүрэн, үнэн зөв, хугацаанд нь хариу өгөх бөгөөд мэдээлэл хүргүүлсэн баримтыг хадгална.
70.2. Хүссэн мэдээллийг хуульд заасан нууц, хамгаалалтын үндэслэлээр өгөх боломжгүй, эсхүл шаардлагын хүрээ тодорхойгүй бол үйлчилгээ үзүүлэгч хугацаа дуусахаас өмнө үндэслэлээ нэн даруй мэдэгдэж, хууль ёсоор өгөх боломжтой хэсгийг хүргүүлнэ.
70.3. Мэдээлэл өгөхөд саад учирсан бол үйлчилгээ үзүүлэгч түүний шалтгаан, эхэлсэн хугацаа, авсан нөөц арга хэмжээ, хүргүүлэх боломжтой мэдээллийг нэн даруй мэдэгдэж, саадыг арилгана. Хариуцлагыг тогтооход саад нь тухайн этгээдийн хяналтаас үл хамаарсан эсэх, урьдчилан сэргийлэх, нөөц ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг хуульд заасан журмаар үнэлнэ.
70.4. Хууль ёсны шаардлагыг үндэслэлгүй биелүүлээгүй, мэдээллийг нуун дарагдуулсан, худал буюу дутуу өгсөн, хугацаа хэтрүүлсэн бол энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авч, хуулиар тогтоосон зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 71 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс учирсан хохирлыг энэ хуулийн 60, 61 дүгээр зүйл болон Иргэний хуульд заасан үндэслэл, журмаар нөхөн төлүүлнэ.
71 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
71.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
71.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг, зөрчилд тооцсон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
72 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
72.1. Энэ хуулийг 2027 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
72.2. Засгийн газар болон энэ хуулиар журам, шаардлага батлах эрх олгогдсон байгууллага хуульд заасан бэлтгэл ажлыг зохион байгуулж, холбогдох журам, шаардлагыг энэ хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батална. Төрийн байгууллага, үйлчилгээ үзүүлэгч энэ хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө ажилтны сургалт, мэдээлэл солилцох болон дотоод бэлтгэл, зохицуулалтыг хангана.
72.3. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан үйлдэл, эс үйлдэхүйн хариуцлага, хохирол нөхөн төлүүлэх шаардлагыг тухайн харилцаанд хэрэглэх хуульд зааснаар шийдвэрлэнэ. Үргэлжилж байгаа хэрэг, маргаан, хязгаарлалтад энэ хууль хүчин төгөлдөр болсон нь хугацааг шинээр эхлүүлэх, хууль ёсны үндэслэлгүйгээр сунгах шалтгаан болохгүй.
72.4. Энэ хуулийг хэрэгжүүлэх журам, шаардлагыг хугацаанд нь батлаагүй нь хуулиар шууд тогтоосон эрх, үүрэг, хамгаалалтыг хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2. Үзэл баримтлал.pdf)