Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 7-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Судалгааны их сургуулийг үүсгэн байгуулах, сургуулийн удирдлага, чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйлСудалгааны их сургуулийн зорилго
2.1Монгол Улсын төрийн ивээлд эрдмийн эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновацийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ.
2.2Эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг сайжруулж, мэдлэгт суурилсан нийгмийг манлайлах хүний нөөцийг бэлтгэнэ.
2.3Эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, инновацийн соёлыг бүрдүүлнэ.
3 дугаар зүйлСудалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
3.1Судалгааны их сургуулийн (цаашид сургууль гэх) эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"эрдмийн эрх чөлөө” гэж багш, судлаач, оюутан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хараат бус бие даан эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, үр дүнгээ хэвлэн нийтлэхийг,
4.1.2“мэдлэгт суурилсан эдийн засаг” гэж мэдлэгийг бий болгох, түгээх, ашиглах үйл ажиллагааг эдийн засгийн бүх салбарын өсөлт, хөгжилтийг хангах, баялгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болгон хэрэглэдэг эдийн засгийг;
4.1.3“эрдэм шинжилгээний ажлын үр дүн” гэж шинжлэх ухааны үйл ажиллагааны хүрээнд бий болсон шинэ болон нэмэлт мэдлэг, техник технологийн шийдлийг.
5 дугаар бүлэг
Судалгааны их сургуулийн зарчим
5.1Судалгааны их сургуулийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1төрийн дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх;
5.1.2хамтын удирдлагатай бие даасан хараат бус байх;
5.1.3эрдмийн эрх чөлөөг дээдлэх;
5.1.4санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй байх;
5.1.5шинжлэх ухааны нэгдмэл үнэт зүйлтэй байх;
5.1.6судалгааны ёс зүйтэй байх;
5.1.7инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тэгш эрхтэй, чөлөөтэй оролцуулах;
5.1.8үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх инновацийн үйл ажиллагаа явуулахгүй байх;
5.1.9төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад эрдэм шинжилгээний ажил, түүний шалгаруулалт нь чөлөөт өрсөлдөөнд үндэслэсэн ил тод, шударга, нээлттэй байх;
5.1.10сургалт, судалгааны үр дүн нь үйлдвэрлэгчийг дэмжсэн, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
6 дугаар зүйлСудалгааны их сургуулийн хэлбэр
6.1Сургууль нь эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл, инновацийн байгууллага байна.
6.2Сургууль нь Иргэний хуулийн 25.3-т заасан өмчийн хэлбэртэй байна.
7 дугаар зүйлСудалгааны их сургуулийг бүртгэх
7 .1Судалгааны их сургууль оноосон нэртэй байна.
7 .2Сургуулийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин буй газар гэнэ.
7 .3Сургуулийг оршин байгаа газрын харьяаллын дагуу бүртгүүлнэ.
7 .4Сургуульд тавигдах шаардлага, холбогдох журмыг Дээд боловсролын үндэсний зөвлөл батална.
7 .5Судалгааны сургуулийг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгахтай холбоотой харилцааг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
8 дугаар зүйлСудалгааны их сургуулийн чиг үүрэг
8.1Сургууль нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1олон улс, бүс нутагт өрсөлдөхүйц шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд манлайлан оролцож, бодитой хувь нэмэр оруулна;
8.1.2төрөөс баримталж буй хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдсан шинжлэх ухаан, технологи, инновацийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ;
8.1.3шинэ мэдлэг бүтээх технологи үйлдвэрлэх, инноваци гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацийн эко-системийг бий болгож, шинэ мэдлэг бүтээж, үр өгөөжтэй технологи боловсруулна;
8.1.4шилдэг профессор авьяаслаг оюутныг төвлөрүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай хүний нөөцийг тасралтгүй бэлтгэнэ;
8.1.5үйлдвэрлэлийн болон бусад оролцогчдын оролцоог дэмжсэн судалгааны бааз бүрдүүлэн инновацийн соёлыг хөгжүүлнэ;
8.1.6судалгаанд суурилсан ахисан түвшний сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг интеграцид оруулах, дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлнэ;
8.1.7салбар дундын судалгааг хөгжүүлэх, нээлттэй дундын судалгааны дэд бүтцийг бий болгоно;
8.1.8дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтран ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйлСудалгааны их сургуулийн удирдах зөвлөл
9.1Сургуулийн өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна.
9.2Удирдах зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдэнэ.
9.3Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
9.4Удирдах зөвлөлийн даргыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
10 дугаар зүйлУдирдах зөвлөлийн хурал
10.1Дарга нь удирдах зөвлөлийн хурлыг зарлана.
10.2Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Хурал нь гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэй хуралдаж, олонхын саналаар шийдвэр гаргана.
10.3Удирдах зөвлөлийн бусад харилцааг дүрмээр зохицуулна.
10.4Төрийн бус өмчийн сургуулийн удирдах зөвлөлийн харилцааг дотоод журмаар зохицуулна.
11 дүгээр зүйлУдирдах зөвлөлийн гишүүн
11.1Удирдах зөвлөл нь дарга, 18 гишүүдээс бүрдэнэ.
11.2Удирдах зөвлөл нь дараах төлөөлөлтэй байна:
11.2.1их сургуулийн ректороос санал болгосон 1 гишүүн;
11.2.2Монгол Улсын нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон 4 гишүүн;
11.2.3сургуулийн оршин буй орон нутгийн захиргааны байгууллагаас санал болгосон 1 гишүүн;
11.2.4эрдмийн зөвлөлөөс санал болгосон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, профессорын төлөөлөл 5 гишүүн;
11.2.5Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас санал болгосон бизнесийн байгууллагын төлөөлөл 4 гишүүн;
11.2.6их сургуулийн Үйлдвэрчний Эвлэлээс санал болгосон 1 гишүүн;
11.2.7оюутны төлөөлөл 1 гишүүн;
11.2.8төгсөгчийн төлөөлөл 1 гишүүн;
11.3Энэ хуулийн 11.2.2-т заасан төрийн төлөөллийг Дээд боловсролын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
11.4Энэ хуулийн 11.3-т зааснаас бусад гишүүнийг Удирдах зөвлөлийн баталсан сонгон шалгаруулалтын журмаар сонгоно.
12 дугаар зүйлУдирдах зөвлөлийн чиг үүрэг
12.1Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1удирдах зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах;
12.1.2холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сургуулийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах;
12.1.3бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дүрэм, журмыг батлах;
12.1.4санхүүжилтийн тогтвортой, олон эх үүсвэрийг бүрдүүлэх дүрэм, журмыг батлах;
12.1.5судалгаанд суурилсан ахисан түвшний сургалт, эрдэм судлал, үйлдвэрлэлийг бүсчлэх, дээд боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн түншлэлийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
12.1.6ректорыг томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
12.1.7ректорын ажлын үр дүнг үнэлэх, гэрээ дүгнэх журмыг батлах;
12.1.8сургуулийн бүтэц батлах;
12.1.9тухайн жилийн төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
12.1.10аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавих;
12.1.11сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох;
12.1.12сургуулийн үйл ажиллагааны тайланг жилд 2-оос доошгүй удаа хэлэлцэж дүгнэлт өгөх;
12.1.13удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар үүсгэн байгуулагчид тайлагнах.
12.2Удирдах зөвлөлийн бусад чиг үүргийг дүрмээр зохицуулна.
13 дугаар зүйлАудитор
13.1Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг аудитор, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг аудиторыг санал болгосныг удирдах зөвлөлөөс томилно.
13.2Аудиторын бүрэн эрхийн хугацаа 2 жил байх ба энэ хугацааг өөрчлөхгүй.
13.3Аудитор нь хяналт, шалгалтын үр дүнд илэрсэн зөрчил, хууль бус ажиллагааны талаар Удирдах зөвлөл, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлан хүргүүлж, удирдах зөвлөлийг хуралдах санал гаргана.
13.4Аудитор нь удирдах зөвлөлийн дэргэд ажиллах ба холбогдох харилцааг журмаар зохицуулна.
14 дүгээр зүйлЭрдмийн зөвлөл
14.1Сургуулийн мэргэжлийн ажлын удирдлага нь Эрдмийн зөвлөл байна.
14.2Эрдмийн зөвлөл нь 21-ээс доошгүй гишүүнээс бүрдэнэ.
15 дугаар зүйлЭрдмийн зөвлөлийн чиг үүрэг
15.1Эрдмийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1улс орны, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн урт, дунд, богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны чиглэлийг тогтоох;
15.1.2судалгааны багийг бүрдүүлэх;
15.1.3сургуулийн дэд профессор, профессорын цол олгох;
15.1.4судалгааны бодлого боловсруулах;
15.1.5ахисан түвшний сургалт судалгааны үйл явцыг хянах;
15.1.6судалгааны төслийн нэгдсэн санг бүрдүүлэх;
15.1.7дундын судалгааны лабораторийн баазын хамтын үйл ажиллагааг дэмжих;
15.1.8судалгааны ажлын чанар, үр дүнг тодорхойлох;
15.1.9судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих;
15.1.10дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратегийг боловсруулах;
15.1.11сургалт, судалгааны чанарыг сайжруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах;
15.1.12судалгааны санхүүжилтийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
15.2Эрдмийн зөвлөлийн бусад чиг үүргийг дүрмээр зохицуулна.
16 дугаар зүйлСудалгааны их сургуулийн гүйцэтгэх удирдлага
16.1Сургуулийн гүйцэтгэх удирдлагыг ректор хэрэгжүүлнэ.
16.2Ректорыг 5 жилийн хугацаагаар томилно.
17 дугаар зүйлРекторыг сонгох
17.1Ректорыг сонгон шалгаруулах хорооноос санал болгосон 3-аас доошгүй нэр дэвшигчийн дотроос Удирдах зөвлөл томилно.
17.2Ректорыг сонгон шалгаруулах хороо нь удирдах болон эрдмийн зөвлөлийн 7-оос доошгүй гишүүнээс бүрдэнэ.
17.3Хороог үүсгэн байгуулах, сонгон шалгаруулахтай холбоотой бусад харилцааг дүрмээр зохицуулна.
17.4Ректор нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:
17.4.1хүний эрх, эрх чөлөө, эрхэм оршихуйг хүндэтгэдэг байх;
17.4.2үнэнч, шударга, зарчимч, ёс журмыг сахин биелүүлдэг байх;
17.4.3удирдахуйн арга ухааныг эзэмшсэн манлайлагч байх;
17.4.4шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан, докторын зэрэгтэй байх;
17.4.5олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан байх;
17.4.6дэлхийн шилдэг их сургуульд ажиллаж, туршлага судалсан байх;
17.4.7сургалт судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах менежерийн ур чадвартай байх.
18 дугаар зүйлПроректор
18.1Ректорт дэмжин туслах үүрэг бүхий проректортой байна.
18.2Проректорыг удирдах зөвлөлтэй зөвшилцөж томилно.
18.3Проректорын орон тоо, томилох журам, тавигдах шаардлага, чиг үүргийг дүрмээр зохицуулна.
19 дүгээр зүйлРекторын чиг үүрэг
19.1Ректор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.1.1төрийн бодлогод нийцүүлж сургууль хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, чиглэл, хөтөлбөрийг санаачлан удирдах зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг хангах;
19.1.2сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах;
19.1.3сургуулийн стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний хэрэгжилтийн чанар үр дүнг хариуцах;
19.1.4санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлж, төсвийг төлөвлөх;
19.1.5өндөр мэдлэг, ур чадвар бүхий хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
19.1.6багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бусад ажилтны орон тоог тогтоох, цалингийн сүлжээг батлах;
19.1.7батлагдсан орон тоонд сонгон шалгаруулалтыг чадахуйн болон хөгжихүйн зарчимд үндэслэж томилох.
19.2Ректорын бусад чиг үүргийг дүрмээр зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ
20 дугаар зүйлСудалгааны их сургуулийн санхүүжилтийн эх үүсвэр
20.1Сургууль нь Дээд боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах эх үүсвэрээс санхүүжнэ:
20.1.1гадаад, дотоодын зээл тусламж, хандив;
20.1.2инновацийн грант;
20.1.3эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээс олсон орлого;
20.1.4олон улсын төслийн орлого;
20.1.5хуульд заасан бусад эх үүсвэр.
20.2Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилт тогтвортой, үр дүнд чиглэсэн байна.
20.3Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг Засгийн газрын захиалгаар тогтмол хэрэгжүүлнэ.
21 дүгээр зүйлСудалгааны их сургуулийн санхүүгийн дэмжлэг
21.1Төрөөс судалгааны их сургуульд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
22 дугаар зүйлХөрөнгийн удирдлага
22.1Сургуулийн хөрөнгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.
22.2Төр, орон нутгийн захиргаанаас шилжүүлсэн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
22.3Энэ зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаас бусад хөрөнгийг сургуулийн дүрмээр зохицуулна.
22.4Сургуульд хэрэгжүүлэх судалгааны төсөлд үндсэн зардлаас гадна байгууллагын нэмэгдэх зардлыг гэрээгээр зохицуулна.
22.6Судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төслөөс олсон орлогын тодорхой хэсгийг багш, оюутны судалгаанд зарцуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
23 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
24.1Энэ хуулийг 2021 оны...дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.