Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙД ТУЛГАМДАЖ БУЙ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж
2.1.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хоршооны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах, малчны эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын хоршоог дэмжих харилцаанд үйлчилнэ.
3.2.Малчинд төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг энэ хууль, холбогдох бусад хуулиар зохицуулна.
3.3.Малчин хоршоо байгуулах, хоршоонд нэгдэх үйл ажиллагааг Хоршооны тухай хуулиар зохицуулна
ХОЁРДУГААР БҮЛЭГ УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
4 дүгээр зүйл.Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах, давах туулах арга хэмжээнд баримтлах зарчим
4.1.Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.малчны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэний эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх;
4.1.2.мал аж ахуй, малчны ахуй амьдралд шинжлэх ухаан, технологийн ололт, уламжлалт өв соёл, арга хэвшлийг хослуулах;
4.1.3.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд чиглэх;
4.1.4.малчны санал, санаачилгад тулгуурлах;
4.1.5.ил тод, үр дүнтэй байх;
4.1.6.иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлах.
5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1.Монгол Улсын Их Хурал мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.бүс нутгийн байршил, онцлог, байгаль цаг уурын нөхцөл, бэлчээрийн даацад үндэслэсэн байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох;
5.1.2.малчин орон нутагтаа тогтвор суурьшилтай, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
5.1.3.бэлчээрийн эдэлбэр газрыг улирлын онцлогтой уялдуулан ашиглах, бэлчээр хамгаалах, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, бэлчээрийг сэргээх бодлогыг тодорхойлох.
6 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
6.1.Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч болох гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;
6.1.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх арга хэмжээ авч, гамшгийн эрсдэлийг бууруулах, малчны амьжиргааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг батлах;
6.1.3.малчид нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дурын үндсэн дээр хамтрах, хоршоо байгуулах, малчдын хоршоонд нэгдэх санаачлагыг дэмжих арга хэмжээ авах;
6.1.4.мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хүрээнд малчдын хоршооны хөрөнгө оруулалтад шаардагдах эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх;
6.1.5.бэлчээрийн эдэлбэр газрын тогтвортой байдлыг хамгаалах, малын тоо толгойн зохистой хэмжээг бэлчээрийн даацтай уялдуулах;
6.1.6.байгалийн аюулт үзэгдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлыг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицоход чиглэсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох;
6.1.7.малчид харилцан суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах, малчны залгамж халааг бэлтгэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;
6.1.8.малын тэжээлийн нэр төрөл, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
6.1.9.жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.
6.2.Энэ хуулийн 6.1.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
7 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
7.1.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс тус бүрийн онцлогт тохирсон малчдын хоршооны загварыг тодорхойлж, боловсруулах;
7.1.2.малчдын анхан шатны болон дундын хоршооны үйл ажиллагааны чиглэлд тохирсон дэмжлэгийг бий болгох, хоршоог чадавхижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
7.1.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг малчдад таниулах, сурталчлах;
7.1.4.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадвартай малын үүлдэрээр сүргийг сайжруулахад малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх;
7.1.5.малын өвөлжөө, хашаа, саравч барих, ашиглах нийтлэг стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
8 дугаар зүйл. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа
8.1.Аймгийн Засаг дарга дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
8.1.1.малчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх;
8.1.2.хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх;
8.1.3.байгалийн аюулт үзэгдлийн улмаас малчин, малчин өрх, мал сүрэгт учирсан хор уршгийг арилгах, малчны амьжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвийн хүрээнд хэрэгжүүлэх;
8.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг малчинд таниулах, сурталчлах;
8.1.5.цаг уурын байгууллагаас гаргасан цаг уурын урьдчилсан төлөвт үндэслэн эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ МАЛЧИН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
9 дүгээр зүйл. Малчны эрх, үүрэг
9.1. Малчин дараах эрх, үүрэгтэй:
9.1.1.мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл эрхлэх хүрээнд хоршоо байгуулах, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн малчдын хоршоонд нэгдэх;
9.1.2.малын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлээ өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэх;
9.1.3.өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилыг тогтмол сайжруулах, сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
9.1.4. бэлчээрийн даацыг зохистой ашиглах;
9.1.5. хуулиар хүлээсэн бусад эрх, үүрэг.
10 дугаар зүйл. Малчдын хоршооны үүрэг
10.1.Малчдын хоршоо дараах үүрэгтэй:
10.1.1.банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн үүргээ биелүүлэх;
10.1.2.олон улсын байгууллагын санхүүжилтээр олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт, хяналтыг тухайн орон нутгийн хөдөө, аж ахуйн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төв байгууллагад тайлагнах;
10.1.3.байгальд ээлтэй, хариуцлагатай байх, үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх;
10.1.4.эрх бүхий байгууллагаас гаргасан журам, стандарт, зааврын шаардлагыг мөрдөх;
10.1.5.хуулиар хүлээсэн бусад үүрэг.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
11 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
11.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам
12.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.2 дахь заалтыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
13.1.Энэ хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(МАА-н-Хуулийн-төсөл-20240410.docx)