Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 3-Р САРЫН 31 ӨДӨР
УЛААНБААТАР

ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь цусны донорын үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлого, зохицуулалт, баримтлах зарчим, тэдгээрийг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндэс, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний нийтлэг эрх, үүрэг, цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын цалин, хөлс, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2дугаар зүйл.Цусны донорын тухай хууль тогтоомж
2.1Цусны донорын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Эрүүл мэндийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3дугаар зүйл.Хуулийн нэр томьёо
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“цусны донорын үйл ажиллагаа” гэж цусны донорын сургалт, сурталчилгаа, элсүүлэлт, цусны донор сонгох, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх болон цусны аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц үйл ажиллагааг;
3.1.2.“цусны донорын үйл ажиллагааны тогтолцоо” гэж цусны донорын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт, оролцоо, байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоог;
3.1.3“цусны донор" гэж бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сайн дураараа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн хүнийг;
3.1.4“цус, цусны бүрэлдэхүүн хэсэг" гэж цус, цусны сийвэн, улаан эс, ялтаст эсийг;
3.1.5“цусны ховор бүлэг” гэж хүн амын дунд цөөн тохиолддог цусны бүлгийг;
3.1.6цус, цусан бүтээгдэхүүн" гэж цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг;
3.1.7“сэлбүүлэгч" гэж амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг;
3.1.8“цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулах" гэж батлагдсан стандарт, зааврын дагуу бэлтгэхийг;
3.1.9“цусны аюулгүй байдал" гэж цусны донорт элсүүлэх, цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, улсын хилээр нэвтрүүлэх ажиллагаанд хууль, журам, стандартын шаардлага бүрэн хангагдсан байдлыг;
3.1.10“хөдөлгөөнт иж бүрдэл” гэж цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах зориулалтаар тоноглосон тээврийн хэрэгслийг;
3.1.11“цусны биобэлдмэл" гэж цусны сийвэнгээс гаргаж авсан эмчилгээний бэлдмэлийг;
4дүгээр зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1Цусны донорын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1хууль, хүний эрхийг дээдлэх;
4.1.2сайн дурын, авлагагүй байх;
4.1.3аюулгүй, чанарын баталгаатай байх;
4.1.4цусны донор, сэлбүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах;
4.1.5хүний эмзэг мэдээллийг хамгаалах;
4.1.6цусны донорыг алдаршуулж, урамшуулах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТОЛЦОО
5 дугаар зүйлЦусны донорын үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалт, хяналт
5.1Цусны донорын үйл ажиллагааны төрийн зохицуулалт нь сайн дурын, авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг идэвхижүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах, цусны донорын үйл ажиллагааг зохицуулахад чиглэнэ.
5.2Цус, сэлбэлт судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цусны биобэлдмэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
5.3Цусны донорын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдал болон цусны донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай холбоотой хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
6 дугаар зүйлЦусны донорын үйл ажиллагааны талаархи Засгийн газрын бүрэн эрх
6.1Цусны донорын үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлын талаар баримтлах төрийн бодлогыг Улсын Их Хурлаар батлуулах, биелэлтийг хангах;
6.1.2Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
6.1.3цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх;
6.1.4гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;
6.1.5Засгийн газрын шагнал Цусны хүндэт донор хүндэт тэмдгээр шагнах, тэдэнд дэмжлэг үзүүлэх журам батлах;
6.1.6цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын нэмэгдэл цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ хэрэгжүүлэх;
6.1.7Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлын үзүүлэлтийг гаргах шалгуур үзүүлэлтэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэн байдлыг тусган дүгнэх;
6.1.8хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч байгууллага
7.1Цусны донороос цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэхтэй холбоотой асуудлаар дараах байгууллага хамтран ажиллана:
7.1.1эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
7.1.2цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, цусны төв;
7.1.3цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны боловсрол олгодог боловсролын байгууллага;
7.1.4төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
7.1.5Монголын улаан загалмайн нийгэмлэг, бусад төрийн бус байгууллага;
7.1.6аж ахуйн нэгж, байгууллага.
8дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
8.1Цусны донорын үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүрэгтэй:
8.1.1цусны донорын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
8.1.2цусны донорын үйл ажиллагаанд төрийн хяналт хэрэгжүүлэх;
8.1.3цусны чанар, аюулгүй байдлыг хангах, цусны донорын үйл ажиллагаатай холбоотой журам, зааврыг батлах;
8.1.4цусны биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохицуулах журам, техник, технологийн чиглэлээр баримтлах чиглэлийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.5цусны донорт олгох илчлэг нөхөх хоол, хүнсний бүтээгдэхүүний орц, илчлэгийн жишиг хэмжээг батлах;
8.1.6цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын нэмэгдэл цалингийн хэмжээ, нийгмийн баталгааг хангах санал боловсруулах;
8.1.7цус сэлбэлт судлалын чиглэлээр улсад төгсөлтийн дараах гадаад сургалт, дадлагад хамруулах;
8.1.8хуульд заасан бусад эрх, үүрэг.
9дүгээр зүйл. Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага, түүний эрх, үүрэг
9.1Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.12-д заасан тусгай мэргэжлийн төв байна.
9.2Цус, сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд Цусны төв ажиллана. Цусны төвийн бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.3Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16.15-д заасан эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй:
9.3.1Цусны донорын үйл ажиллагаа, цусны чанар, аюулгүй байдал, цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цусны сонор сэрэмжийн тогтолцоог үндэсний хэмжээнд удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах;
9.3.2цусны донорын сургалт, сурталчилгааны ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулах, цусны донор элсүүлэх;
9.3.3цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах, шинжлэх, цусны бүлэг тодорхойлох, бүтээгдэхүүний чанарын хяналтын болон бусад шинжилгээ хийх;
9.3.4цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулах;
9.3.5цусны биобэлдмэл үйлдвэрлэх;
9.3.6цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангах;
9.3.7цусаа өгсөн талаарх магадлагаа олгох;
9.3.8цусны донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулах;
9.3.9олон удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн цусны донорыг шагнах, Засгийн газрын болон төрийн шагналд нэр дэвшүүлэх;
9.3.10цусны донорын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, өөрчлөлт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах талаар хууль, тогтоомжоор тогтоосон үүргийг хэрэгжүүлэх;
9.3.11цусны донорын үйл ажиллагааны мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэх, холбогдох байгууллагад хүргүүлэх;
9.3.12цусны донороос авсан цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг гагцхүү энэ хуульд заасан хэрэгцээ, шаардлагын дагуу ашиглахад хяналт тавьж, донорын эмзэг мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
9.4Цусны төв нь хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр энэ хуулийн 9.3.2, 9.3.3, 9.3.4, 9.3.6, 9.3.7, 9.3.8, 9.3.10, 9.3.12 -т заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
10дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч бусад эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг
10.1Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.10, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан болон энэ хуульд заасан үйл ажиллагаанд оролцогч тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллага байна.
10.2Энэ зүйлийн 10.1-д заасан эрүүл мэндийн байгууллага нь дараах эрх, үүрэгтэй:
10.2.1цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, цус сэлбэлтийн өмнөх шинжилгээ хийх, сэлбэх, цусны чанар, аюулгүй байдлыг хангах;
10.2.2цус, цусан бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх ;
10.2.3цус, цусны бүрэлдэхүүн хэсэг өгсөнтэй холбоотой донорт илрэх сөрөг хариу урвалын үед яаралтай болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх;
10.2.4цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ болон холбогдох бусад мэдээ, тайланг цус, сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвд хүргүүлэх.
11дүгээр зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх, үүрэг
11.1Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дараах эрх, үүрэгтэй:
11.1.1цусны донорын үйлсийг сурталчлах, донор элсүүлэх, цусны донорыг алдаршуулах, урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
11.1.2харьяа эрүүл мэндийн байгууллагад гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх.
11.2Энэ зүйлийн 11.1-д заасан үйл ажиллагааг Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд оруулан тооцно.
12дугаар зүйл. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, ажил олгогчийн эрх, үүрэг
12.1Төрийн байгууллагын албан тушаалтан ажил олгогч нь дараах үүрэгтэй:
12.1.1цусны донорын үйлсийг сурталчлах, донор элсүүлэх үйл ажиллагааг дэмжих;
12.1.2цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан олговор олгох;
12.1.3Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 -т хамаарах төрийн тусгай албан тушаалд ажилладаг цусны донорыг цусаа өгсөн өдөр нь энэ хуулийн 9.3.7, 17.1.6 -д заасан магадлагааг үндэслэн харуул, манаа, тусгай бэлтгэл сургуулилтаас чөлөөлөх;
12.2Аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, ажил олгогч нь дараах үүрэгтэй:
12.2.1цусны донорын үйл ажиллагааг дэмжих;
12.2.2хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь цусны донорын талаар нийгэмд чиглэсэн ашгийн бус сурталчилгаа явуулах;
12.2.3цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт энэ хуулийн 9.3.7, 17.1.4-т -д заасан магадлагааг үндэслэн чөлөө, Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан олговор олгох.
12.3Анагаах ухааны боловсрол олгох боловсролын байгууллага нь сургалтын хөтөлбөртөө цус сэлбэлт судлалын сургалтын агуулгыг тусгана.
13дугаар зүйл.Санхүүжилтийн тогтолцоо
13.1Цусны донорын үйл ажиллагааны санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгал, өөрийн орлого, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
13.2Энэ хуулийн 13.1-д заасан бусад эх үүсвэрт Эрүүл мэндийн тухай хуулийн 24.5 дахь хэсэгт заасан эх үүсвэрийг ойлгоно.
13.3Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын өөрийн орлогоор Төсвийн тухай хуулийн 18.7-д заасны дагуу эргэлтийн сан байгуулах бөгөөд уг сангийн хөрөнгийг дараах зорилгоор ашиглаж болно.
13.3.1цусны донорын үйлсийг сурталчлах, донорт элсүүлэх;
13.3.2цусны донорыг алдаршуулах, урамшуулах;
13.3.3цусны донорт хоол, илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүн олгоход дутагдсан зардал;
13.3.4ажилтны нэмэгдэл цалин, урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
13.3.5эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн засвар, шинэчлэл хийх;
13.3.6цус, сэлбэлт судлалын чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалт, дадлагад хамруулах.
13.4Эргэлтийн сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.
13.5Цус, цусан бүтээгдэхүүний төлбөрийн жишиг хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
13.6Цус, сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, Цусны төвийн ажилтнуудад Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд заасан нэмэгдлээс гадна сар бүр цусны албаны нэмэгдэл цалин олгоно.
13.7Цусны албаны нэмэгдэл цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОР, СЭЛБҮҮЛЭГЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
14дүгээр зүйл.Цусны донорт тавигдах шаардлага
14.1Хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах, зорилгоор цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ сайн дураараа, авлагагүйгээр өгөх, цусны донорт тавигдах шалгуур үзүүлэлтийг хангасан хүн цусны донор болж болно.
14.2Цусны донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
14.3цусны донор сонгох асуумжтай танилцаж, өөрийн эрүүл мэндийн байдлыг үнэн зөвөөр мэдэгдэж, зөвшөөрсөн байна.
14.4цусны донорт тавигдах эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
15дугаар зүйл.Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгчид тавигдах шаардлага
15.1Иргэн амь насаа аврах, эрүүл мэндийн байдлаа сайжруулах, эмчилгээний зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж болно.
15.2Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрлийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай сэлбүүлэгч өөрөө, хүүхэд болон эрх зүйн бүрэн чадамжгүй иргэний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч бичгээр өгсөн байна.
15.3Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхийг зөвшөөрөөгүй болон сэлбүүлэгч зөвшөөрөл өгөх, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдээлэх боломжгүй тохиолдолд холбогдох хууль, эмчилгээний зааврыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1-д заасны дагуу мэргэжлийн баг шийдвэр гаргана.
16дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаа болон цусны биобэлдмэлийн үйлдвэрлэлд оролцогч эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага
16.1Цусны донорт үзлэг хийх, цус, цусны бүрэлдэхүүн хэсэг авах, боловсруулах, хадгалах үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, цус, сэлбэлт судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн гүйцэтгэнэ.
16.2Цуглуулсан цусанд шинжилгээ хийх үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмч, анагаах ухааны боловсрол олгодог боловсролын сургууль төгссөн эмнэлэгийн мэргэжилтэн гүйцэтгэнэ.
16.3Цусны биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмч, анагаах ухааны боловсрол олгодог боловсролын сургууль төгссөн эмнэлэгийн мэргэжилтэн гүйцэтгэнэ.
17дугаар зүйл.Цусны донорын эрх, үүрэг
17.1Цусны донорын үүрэг гүйцэтгэж байгаа иргэн дараах эрх эдэлнэ:
17.1.1цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ сайн дураараа өгөх;
17.1.2өөрийн эрүүл мэндэд учирч болох үр дагаварын талаар мэдээлэл авах, эрүүл мэндээ хамгаалуулах, сөрөг хариу урвал үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж авах;
17.1.3өөрийн шинжилгээний хариуг авах;
17.1.4цусны донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах;
17.1.5цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх ажилд сайн дураараа оролцох;
17.1.6төрийн тусгай албан хаагч цусны донорын хувьд энэ хуулийн 12.1.3 -т заасан эрх эдлэх;
17.1.7энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон дэмжлэг хүртэх.
17.2Цусны донорын үүрэг гүйцэтгэж байгаа иргэн дараах үүрэгтэй:
17.2.1иргэний үнэмлэх болон хувийн байдал тогтоох боломжтой бичиг баримтаа шалгуулах;
17.2.2өөрийн эрүүл мэндийн талаар болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөвөгөх;
17.2.3цус өгөхийн өмнө хийгдэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдах;
17.2.4эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг мөрдөх.
17.3Цусны донорын үүрэг гүйцэтгэх үедээ мэдэж байсан эрүүл мэндтэй холбоотой мэдээллээ нуусан, худал мэдээлснээс сэлбүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулсан, аюул учрах нөхцөл бий болгосон бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
18дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаатай холбоотой эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
18.1Эмнэлгийн мэргэжилтэн дараах эрх эдэлнэ:
18.1.1иргэн, байгууллага, албан тушаалтанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, шаардлага тавих;
18.1.2цусны донорыг танин тодруулах;
18.1.3цусны донорт тэнцэх эсэх шийдвэр гаргах, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.3-д заасан тохиолдолд үйлчлэхээс татгалзах;
18.1.4цусны донорын үүргээ гүйцэтгэсэн тухай магадлагаа олгох;
18.1.5хууль тогтоомжид заасан бусад эрх.
18.2Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэгтэй:
18.2.1цусны донорын сургалт, суртцусны донорын сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэх;
18.2.2цусны донорт учирч болзошгүй үр дагаварын талаар мэдээлэл өгөх;
18.2.3цусны донор хүссэн тохиолдолд шинжилгээний хариутай холбоотой зөвлөгөө өгөх;
18.2.4цус, цусны бүрэлдэхүүн хэсэг өгсөнтэй холбоотой урвал, хүндрэл үүссэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, яаралтай болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай бол бусад эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх;
18.2.5Цусны донорын мэдээллийг сэлбүүлэгчид, сэлбүүлэгчийн мэдээллийг цусны донорт мэдээлэхгүй байх, хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах;
18.2.6хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОРЫН ҮЙЛСИЙГ СУРТАЛЧЛАХ, ДЭМЖИХ
19дүгээр зүйл.Цусны донорын үйлсийг сурталчлах, элсүүлэх
19.1Сайн дурын, авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, сурталчлах ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран зохион байгуулна.
19.2Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн нь цусны донорын сургалт, сурталчилгаа хийх,донор элсүүлэхэд цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
19.3Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь, цусны донорын талаарх ойлголт, ач холбогдлыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгана.
19.4Орон нутгийн төсөвт цусны донорын сургалт, сурталчилгаа, цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхтэй холбоотой зардлыг тусгана.
19.5Цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаанд сайн дурын ажилтныг оролцуулж болно.
20дугаар зүйл.Цусны донорыг алдаршуулах, урамшуулах
20.1Цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 50 болон түүнээс дээш, цусаа 35 болон түүнээс дээш, ховор бүлгийн цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 25 болон түүнээс дээш удаа өгсөн цусны донорыг Монгол Улсын Засгийн газрын шагнал Цусны хүндэт донор хүндэт тэмдгээр шагнаж, алдаршуулна.
20.2Цусны донорыг алдаршуулах, урамшуулах зорилгоор эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламжийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага үзүүлж болно.
21дүгээр зүйл.Цусны донорт үзүүлэх дэмжлэг
21.1Цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хоолоор үйлчилнэ.
21.1.1
21.2Энэ зүйлийн 21.1-д заасан дэмжлэг үзүүлэх боломжгүй бол энэ хуулийн 8.1.5-д заасан жишиг хэмжээтэй адил хэмжээний мөнгөн дэмжлэг олгоно.
21.3Засгийн газрын шагнал Цусны Хүндэт донор тэмдгээр шагнагдсан донорт дараах дэмжлэг үзүүлнэ:
21.3.1нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих;
21.3.2эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах;
21.3.3магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах;
21.3.4шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх.
21.4Энэ хуулийн 21.3-т заасан дэмжлэгийг Ахмад настны тухай хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон дэмжлэгтэй давхардуулан олгохгүй.
21.5Цусны байнгын донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
21.6БНМАУ-ын Хүндэт донор, МУЗН-ийн Хүндэт донор энгэрийн тэмдэгтэй иргэдэд дээрх дэмжлэг мөн адил хамаарна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ДОНОРООС ЦУС, ЦУСНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ЦУГЛУУЛАХ, ШИНЖЛЭХ, БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХЭРЭГЛЭХ
22дугаар зүйл.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх
22.1Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.
22.2Энэ зүйлийн 22.1-д заасан тусгай мэргэжлийн төв хөдөлгөөнт иж бүрдэлтэй байна.
22.3Цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж болно.
22.4Алслагдсан сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд, эрх бүхий байгууллагаас тогтоосон шаардлагын дагуу цус цуглуулж, шинжилж, сэлбэж болно.
22.5Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага эмчилгээний зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэнэ.
22.6Энэ зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан байгууллага нь цус, цусан бүтээгдэхүүн сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэл үүссэн тохиолдлыг цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвд мэдээлнэ.
22.7Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны боловсрол олгох боловсролын байгууллагын эмнэлэг цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг судалгаа, шинжилгээний зорилгоор хэрэглэнэ.
22.8Цус, цусны бүрэлдэхүүн хэсэг, цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээний бус зорилгоор хэрэглэхийг хориглоно.
23дугаар зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, биобэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэх
23.1Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу чанар, аюулгүй байдлын хувьд баталгаажсан цус, цусан бүтээгдэхүүн, биобэлдмэлийг экспортлож, импортлож болно.
23.2Цус, цусан бүтээгдэхүүн, биобэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГАМШИГ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАА
24дүгээр зүйл.Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн зохицуулалт
24.1Гамшиг, аюулт үзэгдэл, осол, цар тахал болон бусад онцгой байдлын үед цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах зохион байгуулалтыг улсын хэмжээнд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба, тодорхой нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах зохион байгуулалтыг орон нутгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу хийнэ.
24.2Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөх боломжтой хүн амын дунд сурталчилгаа явуулах, тэднээс цус цуглуулах үйл ажиллагаатай холбоотой зохион байгуулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.
24.3Энэ хуулийн 12.3-т заасан хөтөлбөрт бүрэн хамрагдсан оюутан, цус сэлбэлт судлалын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн, нийг энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд цусны донорын үйл ажиллагаанд татан оролцуулж, ажиллуулж болно.
24.4Энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн, болон бусад төрийн албан хаагчдаас цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж болно.
24.5Энэ хуулийн 24.4-т заасан үйл ажиллагаанд хамрагдсан цусны донорт өгөх илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнийг тухайн цусны донорын харьяалагдах байгууллага олгоно.
24.6Энэ хуулийн 24.1, 24.3, 24.5-д заасантай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОРЫН МЭДЭЭЛЛИЙН САН
25дугаар зүйл.Цусны донорын мэдээллийн сан
25.1Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, түүнд хяналт тавих зорилгоор цусны донорын мэдээллийн санг үүсгэж, баяжуулна.
25.2Цусны донорын мэдээллийн сангийн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
25.3Энэ зүйлийн 25.1-д заасан мэдээллийг төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авч болно.
25.4Цусны донорын мэдээллийн сан төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр цусны төв, цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгч эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдсон байна.
25.5Энэ хуулийн 25.1-д заасан мэдээллийг судалгааны зорилгоор ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод журмыг цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага батлан мөрдүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА
26дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
26.1Цусны донорын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон холбогдох бусад байгууллага хяналт тавина.
27дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагааны журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
27.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.2Энэ хуулийг зөрчсөнөөс хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, учрах нөхцөл бүрдүүлсэн бол холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
28дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
28.1Энэ хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө аймгийн нэгдсэн эмнэлэгт харьяалагдаж байсан цусны салбар төв, ниймийн эрүүл мэндийн асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд байсан цусны биобэлдмэл үйлдвэрлэх нэгжийг орон тоо, төсөв, хөрөнгийн хамт цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд тус тус шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
28.2Энэ хуулийн 28.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулагдаж дуусах хүртэл хугацаанд урьд хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийг дагаж мөрдөнө.
29дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
29.1Энэ хуулийг 2025 оны ... дүгээр сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
(8_Аж_ахуйн_нэгжийн_орлогын_албан_татварын_тухай_хуульд_нэмэлт.docx)
Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
(Зөрчлийн_тухай_хуульд_нэмэлт_оруулах_тухай.docx)
Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
(Эрүүгийн-хуульд-нэмэлт.docx)