Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ухнаагийн ОТГОНБАЯР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 2-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

ДУЛААН ХАНГАМЖИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго, зорилт
1.1Энэ хуулийн зорилго нь дулаан хангамжийн системийг найдвартай, аюулгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх замаар иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангахад оршино.
1.2Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дулаан хангамжийн салбарыг зохицуулах эрх зүйн үндсийг тогтоож, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, хэрэглэх зэрэг оролцогч талуудын эрх үүргийг тодорхойлох, дулаан хангамжийн системийн найдвартай, аюулгүй, үр ашигтай байдлыг хангах, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлДулаан хангамжийн хууль тогтоомж
2.1Дулаан хангамжийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйлДулаан хангамжийн талаар баримтлах зарчим
3.1Төрөөс дулаан хангамжийн талаар баримтлах бодлогыг тодорхойлоход дараах зарчмыг баримтлан ажиллана:
3.1.1тасралтгүй, найдвартай байх;
3.1.2аюулгүй байх;
3.1.3үр ашигтай байх;
3.1.4байгаль орчинд ээлтэй байх;
3.1.5шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтыг ашигласан байх;
3.1.6судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
3.1.7салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хөгжүүлэх;
3.1.8салбарын бие даасан, тогтвортой байдлыг хангах;
3.1.9олон нийтэд хэлэлцүүлж, мэргэжлийн холбоодын саналыг авсан байх;
3.1.10дулааны бодит өртөг хамгийн бага байх;
3.1.11эрэлт, хэрэгцээнд үндэслэсэн байх.
3.2Энэ хуулийн 3.1-т заасан зарчмыг дараах журмаар хэрэгжүүлнэ:
3.2.1өндөр үр ашигтай, дулааны хосолсон болон дан үйлдвэрлэл бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системийг тэргүүлэх чиглэл болгох;
3.2.2орон нутгийн онцлог, хэрэглэгчийн оршин суух байршилд нийцүүлэн дулаан хангамжийн системийг төлөвлөх;
3.2.3дулааны техник, технологи, инженерчлэлийн оновчтой шийдэл, үр ашигт үндэслэсэн бодлого, төлөвлөлтийг хийх;
3.2.4дулаан хангамжийн системийг дулаан хангамжийн хөгжлийн схемд үндэслэн бүсийн хүрээнд оновчтой төлөвлөх;
3.2.5дулаан хангамжийн системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих;
3.2.6өр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
3.2.7байгаль орчны шаардлага, ногоон хөгжлийн бодлогод нийцсэн сэргээгдэх, хүлэмжийн хийн ялгарал багатай эх үүсгүүр болон үр ашгийг дээшлүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг дэмжих.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“бие даасан дулаан хангамжийн систем” гэж төвлөрсөн дулаан хангамжийн системд холбоход төвөгшилтэй бүс, байршилд дулааныг зарж борлуулах зорилгогүйгээр, зөвхөн өөрийн хэрэглээг хангах зориулалтаар барьж байгуулсан хэрэглэгчийн өмчийн дулаан хангамжийн системийг;
4.1.2“дулаан” гэж дулаан зөөгчийн термодинамикийн үзүүлэлтийг өөрчлөх замаар хэрэглэгчийн хэрэгцээнд бий болгосон эрчим хүчийг;
4.1.3“дулаан дамжуулах” гэж дулааны эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн дулааныг дулаан түгээх сүлжээ болон дамжуулах сүлжээнд шууд холбогдсон хэрэглэгчид тээвэрлэн хүргэх үйл явцыг;
4.1.4“дулаан дамжуулах байгууллага” гэж дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
4.1.5“дулаан дамжуулах төв” гэж хоёр ба түүнээс дээш барилгын халаалт, агаар сэлгэлт, халуун ус хангамж, дулаан ашигладаг технологийн тоног төхөөрөмжийг холбоход зориулагдсан байгууламжийг;
4.1.6“дулаан дамжуулах сүлжээ” гэж төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл системийн эх үүсгүүрээс дулаан дамжуулах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
4.1.7.“дулаан зөөгч” гэж дулааныг зөөвөрлөхөд ашигладаг шингэн эсхүл хийн бодис болох ус, уур, агаар болон бусад бодисыг;
4.1.8“дулаан түгээх” гэж дулаан эсхүл дулаан зөөгчийг дулаан дамжуулах сүлжээнээс хэрэглэгчид хүргэх үйл явцыг;
4.1.9“дулаан түгээх байгууллага” гэж дулаан түгээх үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг;
4.1.10“дулаан түгээх сүлжээ” гэж дулаан дамжуулах төв, түүнээс хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгсэл хүртэлх шугам, тоног төхөөрөмжийг;
4.1.11“дулаан үйлдвэрлэх” гэж дулааны анхдагч эх үүсвэрийг ашиглан стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчийг хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж үйлдвэрлэх үйл явцыг;
4.1.12“дулаан үйлдвэрлэх байгууллага” гэж дулааны эх үүсгүүрээр хэрэглэгчийн хэрэгцээнд дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;
4.1.13“дулаан хангамжийн байгууллага” гэж дулаан үйлдвэрлэх, дамжуулах болон түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг;
4.1.14“дулаан хангамжийн бүс” гэж байгаль орчны шаардлагыг хангасан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, үндэслэл бүхий үнэтэй дулаанаар хэрэглэгчийг аюулгүй, найдвартай, үр ашигтай хангах нарийвчилсан төлөвлөгөөний үндсэн дээр тодорхойлсон бүсийг;
4.1.15“дулаан хангамжийн найдвартай байдал” гэж хэрэглэгчдэд чанартай, аюулгүй дулаан хангамжийг тасралтгүй хүргэх дулаан хангамжийн системийн төлөв байдлын үзүүлэлтийг;
4.1.16“дулаан хангамжийн оролцогч талууд” гэж дулаан хангамжийн байгууллага, хэрэглэгчийг;
4.1.17“дулаан хангамжийн систем” гэж барилга, орон сууц, үйлдвэрлэлийн байгууламжид зориулж үйлдвэрлэсэн дулааны эрчим хүч ба уурыг дулааны эх үүсгүүрээс шугам, сүлжээгээр дамжуулан хэрэглэгчийн тоноглол хүртэл хуваарилах систем, түүний иж бүрдлийг;
4.1.18“дулаан хангамжийн хөгжлийн схем” гэж тухайн орон нутаг, бүсийн онцлогийг харгалзан дулааны эрчим хүчний ирээдүйн хэрэгцээг хангах зорилгоор боловсруулж баталсан, дулаан хангамжийн системийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөлт бүхий, техник-эдийн засгийн нарийвчилсан үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.19дулаан хэрэглэгч (цаашид "хэрэглэгч" гэх)” гэж өөрийн хэрэгцээнд дулааны эрчим хүч худалдан авч байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.20“дулаанаар зохицуулалттай хангах” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.17-д заасныг;
4.1.21“дулаанаар хангах” гэж дулаан үйлдвэрлэгчээс шаардлагатай хэмжээний дулааныг худалдан авч, хэрэглэгчид худалдан борлуулах үйл ажиллагааг;
4.1.22“дулаанаар хангах байгууллага” гэж хэрэглэгчид дулааны эрчим хүч борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
4.1.23дулааны барилга байгууламж” гэж дулааны эх үүсгүүр, дулаан дамжуулах, түгээх сүлжээ болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;
4.1.24“дулааны тариф” гэж зохицуулах байгууллага төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагааны бодит өртөг зардалд үндэслэн дулаан хангамжийн байгууллага болон хэрэглэгч мөрдөхөөр тогтоосон үйлчилгээний төлбөр ба тарифыг;
4.1.25“дулааны тоолуур” гэж дулааны эрчим хүчний баланс тооцох болон хэрэглэгчийн хэрэглэсэн дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих зориулалттай хэмжих хэрэгслийг;
4.1.26“дулааны үнэ” гэж хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн өмчлөгч эсхүл эзэмшигч тухайн системд холбогдсон хэрэглэгчтэй харилцан зөвшилцөж, тохиролцсон нэгж дулааны эрчим хүч борлуулах үнийг;
4.1.27“дулааны хоёрдогч эх үүсвэр” гэж үйлдвэрлэлийн процессоос хаягдаж буй ус, ууранд хадгалагдаж буй дулаан болон сүлжээний буцах уснаас ашиглах боломжтой дулааныг;
4.1.28“дулааны хуримтлуур” гэж цахилгаан эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хувиргах болон илүүдэл дулааны эрчим хүчийг нөөцлөх, сүлжээний найдвартай ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх зориулалттай даралтад сав /хадгалах сав/ бүхий иж бүрэн тоног төхөөрөмжийг;
4.1.29“дулааны чадал” гэж дулааны эх үүсгүүр, дамжуулах, түгээх сүлжээ, хэрэглэгчийн түвшинд тодорхойлогдсон нэгж хугацаанд үйлдвэрлэсэн, дамжуулсан, хэрэглэсэн дулааны тоо хэмжээг;
4.1.30“дулааны эрчим хүчний чанар” гэж энэ хуульд заасан дүрэм, норм, стандартын хүрээнд дулаан хангамжийн системийн термодинамикийн үзүүлэлтийн нийцлийг;
4.1.31“дулааны эх үүсгүүр” гэж дулаан үйлдвэрлэх зориулалттай дулааныг дангаар болон цахилгаантай хослон үйлдвэрлэх станц, халаалтын зуух, бусад суурилуулсан тоног төхөөрөмжийн нэгдлийг;
4.1.32“зардал хуваарилах төхөөрөмж” гэж барилгын халаах хэрэгсэл дээр суурилуулсан тухайн халаах хэрэгслийн дулаан ялгаруулалтыг хэмжих зориулалттай төхөөрөмжийг;
4.1.33мэдээллийн нэгдсэн систем” гэж Эрчим хүчний тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан дулаан хангамжийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад байгууллага хоорондын нэгдмэл уялдааг хангах, үйл ажиллагаанд хяналт, дүн шинжилгээ хийх, бодлого төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийх зориулалт бүхий мэдээллийн системийг;
4.1.34нийтийн сүлжээ” гэж хоёр ба түүнээс хэрэглэгчийг хангах зориулалттай төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээний хэсгийг;
4.1.35“оргил ачааллын эх үүсгүүр” гэж дулаан хангамжийн системийн оргил ачааллыг хаах зориулалттай, эх үүсгүүрийн дэргэд болон дулаан дамжуулах, түгээх сүлжээнд тархмал байдлаар холбосон эх үүсгүүрийг;
4.1.36“орон нутгийн төвлөрсөн дулаан хангамжийн систем” гэж хот, тосгон, аймаг, сумын төвийг бүхэлд нь эсхүл тухайн орон нутгийн тодорхой суурьшлын бүсийн дулааны хэрэглээг хангах зориулалттай дулааны эх үүсгүүр, түгээх сүлжээний нэгдлийг;
4.1.37“төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл систем” гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг нэг болон түүнээс дээш эх үүсгүүрээс дулаан дамжуулах нэгдсэн сүлжээгээр диспетчерийн зохицуулалттайгаар хангах үйл ажиллагааг;
4.1.38“тархмал эх үүсгүүр” гэж төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачааллыг оновчтой зохицуулах, үр ашгийг сайжруулах, найдвартай байдлыг хангах зорилгоор нэгдсэн сүлжээний тодорхой байршилд холбосон дулааны нэмэлт эх үүсгүүрийг;
4.1.39“техникийн нөхцөл” гэж дулаан хангамжийн систем, шугам сүлжээг барьж байгуулах, тоног төхөөрөмж суурилуулах техник, технологийн шийдлийг тодорхойлсон эрх бүхий этгээдээс авах зөвшөөрлийг;
4.1.40“түлш” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг;
4.1.41"халаалтын улирал" гэж хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн орон нутгийн олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтэд тулгуурлан тогтоосон барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай хугацааг;
4.1.42“хэсэгчилсэн дулаан хангамжийн систем” гэж төвлөрсөн дулааны сүлжээнд холбох боломжгүй бүс, байршилд дундын эх үүсгүүр ашиглах нэгдмэл ашиг сонирхолтой, эсхүл хоорондоо харилцан зөвшилцсөн этгээдүүд өөрсдийн хувийн орон байр эсхүл барилга байгууламжийг дулаанаар хангах зориулалттайгаар барьж байгуулсан, 10МВт хүртэл суурилагдсан хүчин чадалтай дулаан хангамжийн системийг;
4.1.43“хэрэглэгчийн тоноглол” гэж хэрэглэгчийг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох, түүнийг дулаанаар хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг;
4.1.44“эрчим хүчний анхдагч эх үүсвэр” гэж дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, хий, бусад органик материалыг;
4.1.45“эрчим хүчний эх үүсгүүр” гэж эрчим хүчний анхдагч эх үүсвэрийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДУЛААН ХАНГАМЖИЙН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ НИЙТЛЭГ ҮҮРЭГ
5 дугаар зүйлДулаан хангамжийн талаар Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1Улсын Их Хурал дулаан хангамжийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1дулаан хангамжийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
5.1.2дулаан хангамжийн талаарх төрийн бодлогын үндсэн чиглэлийг улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд тодорхойлох;
5.1.3хуульд заасан бусад бүрэн эрх.
6 дугаар зүйлДулаан хангамжийн талаар Засгийн газрын бүрэн эрх
6 .1Засгийн газар дулаан хангамжийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6 .1.1дулаан хангамжийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
6 .1.2дулаан хангамжийн системд нийтийг хамарсан эрсдэл, аюул үүсэж, дулаан хангамжийн найдвартай, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирсан тохиолдолд аюул, эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авах.
7 дугаар зүйлЭрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
7.1Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дулаан хангамжийн талаар Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1.дулаан хангамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; 7.1.2.дулаан хангамжийн хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, дүрэм, журам, стандартыг боловсруулахад мэргэжлийн холбоотой хамтран ажиллах; 7.1.3.дулаан хангамжийн талаар оролцогч талуудын түншлэл, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах; 7.1.4.дулаан хангамжийн талаар бодлогын судалгаа шинжилгээ хийх, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих; 7.1.5.дулаан хангамжийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх; 7.1.6.дулаан үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлт, борлуулалтын хэмжээ, суурь болон зорилтот түвшний үзүүлэлт, эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх зорилтыг батлах; 7.1.7.дулаан хангамжийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах; 7.1.8.дулаан хангамжийн салбарт мөрдөгдөх норм, техникийн шаардлагыг боловсруулж батлах, холбогдох стандартыг боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулах; 7.1.9.дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх байгууллагын инженер, техникийн ажилтны мэдлэг, мэргэшлийн зэргийг тогтоох, шалгалт авах журам батлах; 7.1.10.дулаан хангамжийн системийн техник, технологи, ашиглалтын найдвартай байдал болон эдийн засгийн хүртээмжтэй байдлыг хянах, үнэлэх журам батлах; 7.1.11.төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл системийн төлөвлөлт, хөгжлийн схемийг боловсруулах, батлах.
7.2Салбарын бодлого нь дулаан хангамжийн хэтийн төлөв, аюулгүй, найдвартай байдлыг хангах, техник, технологийн дэвшлийг бий болгох түүнд шаардлагатай санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, нөөц боломжийг бүрдүүлэх, хүний нөөцийн хөгжлийг дэмжих асуудлын хүрээнд иж бүрэн, оновчтой, харилцан уялдаатай тодорхойлогдсон байна.
8 дугаар зүйлЭрчим хүчний зохицуулах хорооны чиг үүрэг
8.1Эрчим хүчний зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) нь дулаан хангамжийн талаар Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.дулаан хангамжийн системийн нэгдсэн бүртгэлийг ангиллын дагуу гаргах, нийтлэх; 8.1.2.дулаан хангамжийн байгууллагын техник, эдийн засгийн үзүүлэлтийг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр нэгтгэн Эрчим хүчний тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэх; 8.1.3.төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн оролцогч талуудын хооронд байгуулах дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, хангагч хэрэглэгчийн хооронд байгуулах дулааны эрчим хүчээр хангах гэрээний загвар батлах; 8.1.4.холболтын гэрээний загвар батлах; 8.1.5.зардал хуваарилах төхөөрөмжийн хэрэглээ, ашиглалт, хэрэглэгч хооронд зардал хуваарилах, төлбөр тооцох журам батлах.
9 дүгээр зүйлНэгж дэх төрийн удирдлагын чиг үүрэг
9.1.1.тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дулаан хангамжийн хөгжлийн схемийг төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн санал, тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж, нутгийн өөрөө удирдах байгууллагаар батлуулах, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах; 9.1.2.энэ хуулийн 9 дүгээр бүлэгт заасан үндэслэлийн дагуу хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэх; 9.1.3.дулаан хангамжийн системийн техник, технологи, ашиглалтын найдвартай байдал болон эдийн засгийн хүртээмжтэй байдлыг энэ хуулийн 7.1.11-т заасан журмын дагуу хянах, үнэлэх, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх; 9.1.4.дулаан хангамжийн системийн халаалтын улирлын бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний биелэлт, техникийн бэлэн байдлыг шалгах, тайлагнах; 9.1.5.дулааны эх үүсгүүр, сүлжээ, хэрэглэгчийн тоноглолын засвар үйлчилгээ, хэвийн ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх; 9.1.6.зорилтот бүлгийн иргэдэд дулааныг хэмнэх болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой зардлыг нөхөх, нийгмийн тусламж үзүүлэх журмыг боловсруулах; 9.1.7.дулаан хангамжийн системийн төлөв байдлын талаарх энэ хуульд заасан мэдээллийг цуглуулах, шинэчлэх, мэдээллийн нэгдсэн санд оруулах, дамжуулах, нийтлэх; 9.1.8.орон нутгийн дулаан хангамжийн системийн технологийн зөрчлийг бүртгэх, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлэх, зөрчлийг арилгах арга хэмжээ авах; 9.1.9.халаалтын улиралд тасралтгүй, найдвартай ажиллахад зориулж дулаан хангамжийн байгууллагын түлш худалдан авах зардалд татаас олгох эсэх асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллагаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх; 9.1.10.дулаан хангамжийн байгууллагын шугам, тоноглолын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх, сайжруулах, засвар үйлчилгээ хийх зорилгоор төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх; 9.1.11.тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулах дулааны эх үүсгүүрээс ялгарах үнс зайлуулах үнсэн санг байгуулах, газрын эрх олгох зөвшөөрлийг нутгийн өөрөө удирдах байгууллагаар хэлэлцүүлж, олгох; 9.1.12.үнсэн сан болон үнс зайлуулж буй газрын ашиглалтад хяналт тавих, байгаль орчин бохирдуулсан тохиолдолд дулааны эх үүсгүүрийн байгууллагад зөрчлийг арилгах талаар албан шаардлага хүргүүлэх, гаргасан зөрчлийг арилгах хугацаанд дулааны эх үүсгүүрийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх саналыг Зохицуулах хороонд хүргүүлэх; 9.1.13.энэхүү хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
9.2Энэ хуулийн 9.1.1-д заасан баримт бичгийг боловсруулахад аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлөөс санал авна.
9.3Энэ хуулийн 9.1.1-д заасан дулаан хангамжийн хөгжлийн схемийг боловсруулахад дараах нөхцөл, шаардлагыг тооцсон байна:
9.3.1.дулаан хангамжийн системийн хүчин чадал, ачаалал, хэрэглэгчийн бүтэц, сүлжээний хэмжээ, дулааны алдагдал, ашигт үйлийн коэффициент, найдвартай ажиллагаа зэрэг хэмжигдэхүйц тоон болон чанарын үзүүлэлтийг тодорхойлсон байх; 9.3.2.дулаан хангамжийн системийн үр ашиг, найдвартай байдлыг дээшлүүлэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хэрэглэгчид хүртээмжтэй байх зорилтыг хангах тоон болон чанарын хэмжигдэхүйц үзүүлэлтийг тодорхойлсон байх; 9.3.3.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нөхцөл байдал, шинж чанарыг харгалзан дулаан хангамжийн системийн оновчтой төлөвлөлтийг хийсэн байх; 9.3.4.дулаан хангамжийн одоогийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах хувилбарыг харьцуулж, техник, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, оновчтой шийдлийг тодорхойлсон байх; 9.3.5.дулаан хангамжийн хөгжлийн схемийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, технологи, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон байх; 9.3.6.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх; 9.3.7.бүх хэрэглэгчийг дулаанаар хангах эрх тэгш нөхцөл болон дулааны үнэ тарифын өөрчлөлт, чиг хандлага, хэрэглэгчид үзүүлэх нөлөөлөл зэргийг тооцсон байх.
10 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг
10.1Нутгийн өөрөө удирдах байгууллага дулаан хангамжийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.дулаан хангамжийн хөгжлийн схемийг батлах; 10.1.2.дулаан хангамжийн хөгжлийн схемд үндэслэн тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн тайланг хэлэлцэх; 10.1.3.дулаан хангамжийн байгууллагад орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийх, татаас олгох асуудлыг шийдвэрлэх; 10.1.4.зорилтот бүлгийн иргэдэд эрчим хүч хэмнэх болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зардал, дулааны үйлчилгээний төлбөрийг нөхөн олгох, нийгмийн тусламж үзүүлэх журмыг батлах;
11 дүгээр зүйлАймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн бүрэн эрх
11.1Аймаг, нийслэлд дулаан хангамжийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ.
11.2Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл дулаан хангамжийн талаар Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.2.1.төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан дулаан хангамжийн системийг бүртгэх; 11.2.2. Эрчим хүчний тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
12 дугаар зүйлДулаан хангамжийн байгууллага, түүний эрх, үүрэг
12.1Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг дулаан хангамжийн байгууллага эрхлэн явуулна.
12.2Төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хуулийн 12.1.2, 12.1.4, 12.1.7, 12.1.8, 12.1.9, 12.1.11, 12.1.12, 12.1.13-т заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулна.
12.3Бие даасан болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрхлэн явуулна.
12.4Дулаан хангамжийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, сүлжээ нь холбогдох үйлчилгээ үзүүлэх дулаан хангамжийн байгууллагын өмч байна.
12.5Дулаан хангамжийн байгууллага нь гэрээний үндсэн дээр дулааны барилга байгууламж, тоног төхөөрөмж, сүлжээг эзэмшиж, ашиглаж болно.
12.6Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх технологийн үйл явц болон төвлөрсөн дулаан хангамжийн системд ашиглагдаж байгаа дулаан хангамжийн техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж нь салгаж үл болох нэгдмэл объект байна.
12.7Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон дулааны эх үүсгүүр, сүлжээ ба эсхүл тэдгээрийн хэсгийг худалдах, худалдан авах, түрээслэх бол Зохицуулах хороо, харьяа зөвлөлд урьдчилан мэдэгдсэнээр хэрэгжүүлнэ.
13 дугаар зүйлДулаан хангамжийн байгууллагын эрх, үүрэг
13.1Дулаан үйлдвэрлэх байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:
13.1.1.тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, гэрээний үүргийн дагуу дулаан үйлдвэрлэх; 13.1.2.гэрээний үндсэн дээр үйлдвэрийг технологийн уураар хангах; 13.1.3.технологийн халуун зөөх бие уурын конденсатыг буцааж авах, эсхүл худалдах; 13.1.4.нэмэлт усыг техникийн шаардлагын дагуу боловсруулж худалдах; 13.1.5.дулааны эх үүсгүүрийг дамжуулах, түгээх сүлжээнд холбох; 13.1.6.дулаан худалдах үнэ, нөхцөлийг доор дурдсанаас бусад тохиолдолд Зохицуулах хороо болон харьяа зөвлөлөөр хянуулж батлуулах:
13.1.6.а/өөрийн эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд зориулж дулаан үйлдвэрлэх; 13.1.6.б/хэсэгчилсэн дулаан хангамжийн системд гэрээний үнээр харилцан тохиролцсон этгээдэд дулаан худалдах.
13.2Дулаан дамжуулах байгууллага Эрчим хүчний тухай хуулийн 14.2-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна:
13.2.1.дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд диспетчерийн зохицуулалт хийх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, гэрээний үүргийг хангуулах; 13.2.2.дулааны эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн дулааныг түгээх сүлжээнд дамжуулах, дулааны хэрэглээг найдвартай хангах; 13.2.3.дулаан хангамжийн бүсийн хүчин чадлыг тодорхойлох, тухайн бүсэд шинэ хэрэглэгч холбох дулааны нөөц хүчин чадлын тооцооллыг хийх; 13.2.4.дулаан дамжуулах сүлжээнд оргил ачааллын эх үүсгүүр, дулаан хуримтлуур төлөвлөх, холбох.
13.3Дулаан түгээх байгууллага Эрчим хүчний тухай хуулийн 16.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна:
13.3.1.тусгай зөвшөөрөлд заасан дулаан хангамжийн бүсийн хэрэглэгчийг техникийн хүчин чадлын хүрээнд түгээх сүлжээнд тэгш эрхтэйгээр холбогдох нөхцөл бүрдүүлэх; 13.3.2.стандартын шаардлага хангасан хэрэглэгчийн тоноглолыг дулаан түгээх сүлжээнд холбох; 13.3.3. дулаан алдагдлын норм, стандарт хангасан барилга, объектыг түгээх сүлжээнд холбох; 13.3.4.хэрэглэгчийн хэрэгцээнд үйлдвэрлэсэн болон дамжуулсан дулааныг найдвартай түгээх; 13.3.4.дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй болон гэрээнд заасан хугацаанд хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн дулааны хэрэглээг түдгэлзүүлэх, хязгаарлах;
13.4Хэрэглэгчийн дулааны төлбөр тооцох тоолуур нь дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмч байна.
13.5Дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
13.6Дулаанаар хангах байгууллага Эрчим хүчний тухай хуулийн 17.2, 17.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
13.7Дулаан хангамжийн байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 25.1, энэ хуулийн 13.1, 13.2, 13.3, 13.6-д заасан эрх, үүргээс гадна тусгай зөвшөөрлийн төрлөөс үл хамааран дараах нийтлэг үүргийг хүлээнэ:
13.7.1.технологийн үйл ажиллагаа явуулах техникийн ажилтныг батлагдсан жишиг хөтөлбөрийн дагуу дөрвөн жил тутамд мэргэшүүлэх сургалтад хамруулах; 13.7.2.мэдээллийн нэгдсэн санд үйл ажиллагааны статистик мэдээллийг зохих загвар, шаардлагын дагуу тогтоосон хугацаанд хүргүүлэх.
14 дүгээр зүйлДулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ
14.1Дулаан үйлдвэрлэх байгууллага дулаан түгээх, хангах байгууллагатай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулна.
14.2Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг нэг байгууллага хариуцаж байгаа тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан гэрээг байгуулахгүй.
14.3Төвлөрсөн дулаан хангамжийн системээс нийлүүлэх дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ нь энэ хуулийн 8.1.3-т заасан загвар гэрээний үндсэн дээр хийгдэнэ.
14.4Энэ хуулийн 14.1-д заасан гэрээнд дараах зүйлсийг тусгана:
14.4.1.нийлүүлэх дулааны чанар, сард нийлүүлэх захиалгат тоо хэмжээ; 14.4.2.сүлжээний нэмэлт ус, бусад нэмэлт төлбөр тооцоо; 14.4.3.төлбөр тооцооны нөхцөл; 14.4.4.үйлчилгээ үзүүлэх нөхцөл; 14.4.5.талуудын эрх, үүрэг, хариуцлага; 14.4.6.маргаан шийдвэрлэх; 14.4.7.гэрээний хугацаа, дуусгавар болгох нөхцөл; 14.4.8.бусад шаардлагатай нөхцөл.
14.5Энэ хуулийн 14.1-д заасан гэрээг жил бүр дүгнэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМ, АНГИЛАЛ
15 дугаар зүйлДулаан хангамжийн системийн ангилал, төлөвлөлт
15.1Дулаан хангамжийн системийг төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан дулаан хангамжийн систем гэж ангилна.
15.2Дулаан хангамжийн системийн төлөвлөлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж бүрээр тооцож төлөвлөнө.
15.3Нэгж дэх төрийн удирдлагын байгууллага нь дулаан дамжуулах, түгээх байгууллагатай хамтран энэ хуулийн 15.2-т заасан төлөвлөлтийг боловсруулна.
15.4Хотын Захирагч, аймгийн Засаг дарга нь аймаг, хот, нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, энэ хуулийн 15.3-т заасан төлөвлөлтийг дулаан хангамжийн хөгжлийн схемийн төсөлд тусган, нутгийн өөрөө удирдах байгууллагаар батлуулна.
16 дугаар зүйлТөвлөрсөн дулаан хангамжийн систем
16.1Төвлөрсөн дулаан хангамжийн системд төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл систем, орон нутгийн төвлөрсөн дулаан хангамжийн систем хамаарна.
16.2Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь харьяа нутаг дэвсгэртээ амьдарч буй иргэдийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох нөхцөлийг бүрдүүлнэ.
16.3Хот, суурин газрын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох боломжгүй, газар зүйн хувьд төвөгшил ихтэй, алслагдсан байршилд тухайн хот, суурин газрын нийт хэрэглээний цөөнхийг хангах, суурилагдсан хүчин чадал нь 10 МВт-аас бага бол төвлөрсөн дулаан хангамжийн системээр хангахгүй байж болно.
16.4Төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан дулаан хангамжийн байгууллага хэрэгжүүлнэ.
16.5Төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан үйлдвэрлэгч нь үйлдвэрлэсэн дулааныг дамжуулах, түгээх байгууллага эсхүл шууд холбогдсон хэрэглэгчид борлуулна.
16.6Төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл системийн дулаан дамжуулах шугам нь төрийн болон орон нутгийн өмчид бүртгэгдэнэ.
17 дугаар зүйлХэсэгчилсэн дулаан хангамжийн систем
17.1Хэсэгчилсэн дулаан хангамжийн систем барих хүсэлтийг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргах ба дараах мэдээллийг хүсэлтэд тусгасан байна:
17.1.1.дулаан хангамжийн системийн нутаг дэвсгэрийн байршил; 17.1.2.дулаан хангамжийн системд хамаарах хэрэглэгчийн мэдээлэл; 17.1.2.суурилагдсан хүчин чадлын хэмжээ.
17.2Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл энэ хуулийн 17.1-т заасан хүсэлт нь тухайн орон нутгийн дулаан хангамжийн хөгжлийн схемд нийцсэн бол хэсэгчилсэн дулаан хангамжийн систем барих эрх олгоно.
17.3Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл энэ хуулийн 17.2-т зааснаас бусад үндэслэлээр хэсэгчилсэн дулаан хангамжийн системийг барих эрх олгохоос татгалзахгүй.
17.4Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн өмчлөгч буюу түүнээс эрх авсан этгээд нь хэсэгчилсэн дулаан хангамжийн системийг барьж дуусмагц дараах баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлд системийг бүртгүүлнэ:
17.4.1.техник, эдийн засгийн үндэслэл; 17.4.2.улсын комиссын акт; 17.4.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ.
17.5Хэсэгчилсэн дулаан хангамжийн оролцогчийг системийн өмчлөгч эсхүл өмчлөгчөөс эрх авсан этгээд тодорхойлно.
17.6Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн сүлжээнд өмчлөгч эсхүл өмчлөгчөөс эрх авсан этгээдийн зөвшөөрөлгүй холболт хийхийг хориглоно.
17.7Тухайн байршил, нутаг дэвсгэрт дулааны шинэ ачаалал үүсэж, дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал 10 МВт-аас нэмэгдсэн нөхцөлд аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд мэдэгдэж, дулаан хангамжийн системийн ангиллын бүртгэлийг өөрчлүүлнэ.
17.8Энэ хуулийн 17.7-д заасны дагуу дулаан хангамжийн системийн ангилал өөрчлөгдсөн бол тухайн байршил, нутаг дэвгэрт энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан төвлөрсөн дулаан хангамжийн нийтлэг зохицуулалт үйлчилнэ.
18 дугаар зүйлБие даасан дулаан хангамжийн систем
18.1Иргэн, хуулийн этгээд нь бие даасан дулаан хангамжийн систем барих эрхтэй.
18.2Бие даасан дулаан хангамжийн системд суурилуулсан эх үүсгүүр, сүлжээ, тоног төхөөрөмж нь техник технологи болон байгаль орчны шаардлага, норм, стандартыг хангасан байна.
18.3Бие даасан дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал 5 МВт ба түүнээс дээш бол өмчлөгч нь энэ хуулийн 17.4.1, 17.4.2, 17.4.3-т заасан баримт бичгийн хамт уг системийг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд бүртгүүлнэ.
19 дүгээр зүйлТөвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн оролцогчийн эрх
19.1Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн оролцогч дараах нийтлэг эрхтэй:
19.1.1.дулаан хангамжийн системд зөвшөөрөлгүй холболт хийсэн, хууль болон дулааны эрчим хүчээр хангах гэрээнд заасан бол дулааны борлуулалтыг хязгаарлах эсхүл зогсоох; 19.1.2.хэрэглэгчийн тоноглолд болон дулааны тоолуурт үзлэг хийх;
19.2Төвлөрсөн дулаан хангамжийн системийн оролцогч энэ хуулийн 19.1-т зааснаас гадна дараах эрхтэй байна:
19.2.1.тухайн дулаан хангамжийн бүсийн системийн техникийн хүчин чадал хүрэлцээгүй эсхүл өмнө холбогдсон хэрэглэгчийн дулаан хангамжийн аюулгүй, найдвартай байдалд эрсдэл учруулах тохиолдолд шинэ холболт хийхээс татгалзах ба татгалзсан үндэслэл тайлбарыг өгөх; 19.2.2.хэрэглэгчийн тоноглолын доголдлоос үүдэн дулаан хангамжийн технологийн үйл явц тасалдсан тохиолдолд үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах.
19.3Хэсэгчилсэн дулаан хангамжийн системд оролцогч нь харилцан тохиролцож холбогдох, загвар гэрээний дагуу холбох гэрээ байгуулах эрхтэй.
20 дугаар зүйлТөвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн оролцогчийн үүрэг
20.1Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системд оролцогч дараах нийтлэг үүрэгтэй:
20.1.1.зохих чанар, тоо хэмжээгээр дулаанаар хангах; 20.1.2.дулаан хангамжийн чанар, найдвартай байдлыг хангах; 20.1.3.дулааны тоолуурын техникийн хэвийн ажиллагаа, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах; 20.1.4. хууль тогтоомж, байгуулсан гэрээний дагуу хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх; 20.1.5.дулааны тариф өөрчлөгдсөн тохиолдолд хууль тогтоомж, байгуулсан гэрээнд заасан хугацаа, журмын дагуу хэрэглэгчид мэдэгдэх; 20.1.6.хууль тогтоомж, техникийн норм, стандартын дагуу дулаан хангамжийн систем, дулааны барилга байгууламж, дулааны сүлжээ болон бусад эд хөрөнгийг зохих түвшинд, хэвийн ажиллуулах, шаардлагатай засвар, үйлчилгээг хийх; 20.1.7.дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулахад ашиглаж буй эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх, шинэчлэх, сайжруулах, өргөтгөх шаардлагатай байгаа талаар эд хөрөнгийн өмчлөгч болон бусад сонирхогч талуудад цаг тухайд нь мэдэгдэх; 20.1.8.эрчим хүчний мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчид аваар, технологийн зөрчлийн улмаас дулаан хангамж тасалдсан, доголдсон талаар мэдэгдэх; 20.1.9.халаалтын улиралд бэлэн байгаа эсэхийг баталгаажуулах, бэлэн байдлын тайланг төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл системийн хувьд дисперчийн зохицуулалт хийх эрх бүхий этгээдэд, орон нутгийн дулаан хангамжийн системийн хувьд аймаг, нийслэлийн засаг захиргаанд гаргаж өгөх; 20.1.10.мэдээллийн нэгдсэн системийг журмын дагуу ашиглах, шаардлагатай мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, хүргүүлэх; 20.1.11.хууль тогтоомж, гэрээнд өөрөөр заагаагүй бол дулааны үйлдвэрлэлийг тасалдуулахгүй байх; 20.1.12.инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчныг мэдлэг, мэргэшлийн шалгалтад тэнцсэн эсэхийг баталгаажуулсны үндсэн дээр ашиглалт, засвар үйлчилгээ, тохируулга, угсралтын үйл ажиллагаа явуулах, дулааны барилга байгууламж, дулаан дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу шалгах, үзлэг хийх эрх олгох.
20.2Төвлөрсөн дулаан хангамжийн системд оролцогч энэ хуулийн 20.1-д зааснаас гадна дараах үүрэгтэй:
20.2.1.техникийн хүчин чадал хүрэлцээтэй тохиолдолд шинэ хэрэглэгчийг холбох, техникийн нөхцөл олгох; 20.2.2.дамжуулах, түгээх сүлжээний нөөц хүчин чадал, хэрэглэгч шинээр холбох боломжтой цэг, байршил, боломжит хүчин чадлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэх; 20.2.3.шинэ хэрэглэгчийг холбох эрх тэгш нөхцөлийг хангах; 20.2.4.хэрэглэгчид нийлүүлж буй дулааны чанар, тоо хэмжээг бүртгэх, зөрчлийг хянах, түүнээс урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээг цаг тухайд нь авах; 20.2.5.дулаан хангамжийн бүсийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 10,000 МВт.цаг-аас багагүй дулаан хангамжийн байгууллага нь хуанлийн арван дөрөв хоногийн туршид дулааныг үйлдвэрлэхэд хэрэглэх түлшний нөөцтэй байх; 20.2.6.түлш нөөцлөх хэмжээг өмнөх жилийн нэг өдрийн хамгийн их хэрэглээнд үндэслэж тодорхойлох; 20.2.7.аваар, ослын улмаас дутуу нийлүүлсэн дулааны тоо хэмжээ, чадлын зөрчлийн талаар өмчлөгч болон бусад сонирхогч талуудад мэдэгдэх; 20.2.8.мэдлэг, мэргэшлийн сонгон шалгаруулалт, шалгалтад тэнцсэний дараа дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх байгууллагын дарга, ерөнхий инженер болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан даргыг томилох;
20.3Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн оролцогч энэ хуулийн 20.1-д зааснаас гадна дараах үүрэгтэй:
20.3.1хэрэглэгчтэй загвар гэрээний үндсэн дээр гэрээ байгуулах;
21 дүгээр зүйлТөвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн хэрэглэгчийн эрх
21.1Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн хэрэглэгч Эрчим хүчний тухай хуулийн 30.1-д заасан эрхээс гадна дараах нийтлэг эрхтэй:
21.1.1.техникийн боломжийг харгалзан, гэрээний дагуу дулааны хэрэглээг өөрөө тохируулах; 21.1.2.дулаан хангамжийн тоо хэмжээ, чанар, үнэ, тариф, төлбөрийн нөхцөл, дулаан хэрэглээний горим, эх үүсгүүр, тоног төхөөрөмж, дулааны сүлжээ, засвар, шинэчлэл, өргөтгөл, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ зэрэг шаардлагатай мэдээллийг авах; 21.1.3.дулаан хангамжийн чанар, үйлчилгээний талаар холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт, гомдол гаргах, шийдвэрлүүлэх.
21.2Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэрэглэгч энэ хуулийн 21.1-д зааснаас гадна дараах эрхтэй:
21.2.1.төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох техникийн нөхцөл авах; 21.2.2.техникийн нөхцөл, холболтын гэрээний дагуу дулааны сүлжээнд холбогдох.
21.3Хэрэглэгчийн дулаанаар хангагдах байршил нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох боломжгүй тохиолдолд энэ хуулийн 21.2.1-д заасан эрхийг эдлэхгүй.
21.4Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн хэрэглэгч нь системийн өмчлөгч, эсхүл түүний эрх олгосон этгээдтэй загвар гэрээний үндсэн дээр хэлцэл хийж, харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар гэрээ байгуулах эрхтэй.
22 дугаар зүйлТөвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн хэрэглэгчийн үүрэг
22.1Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн хэрэглэгч Эрчим хүчний тухай хуулийн 30.1-д зааснаас гадна дараах нийтлэг үүрэгтэй:
22.1.1.дулаан түгээх байгууллагатай дулаан хангамжийн гэрээ байгуулах; 22.1.2.дулааны тоолуурын хэвийн, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх; 22.1.3.нийтийн орон сууцны дундын өмчлөлд хамаарах хэсэгт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, шаардагдах зардлыг орон сууцны өмчлөгчид хамтран хариуцах; 22.1.4.дулааны сүлжээнд зөвшөөрөлгүй холболт хийхийг хориглоно.
22.2Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэрэглэгч энэ хуулийн 22.1-д зааснаас гадна дараах үүрэгтэй:
22.2.1.дулааны сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийг биелүүлэх; 22.2.2.нийтийн орон сууцны дотор дулааны сүлжээний схемийг өөрчлөх асуудалд санал өгөх; 22.2.3.нийтийн орон сууц эсхүл орон сууцны бус барилгын дулааны дотор системийг өөрчлөх тохиолдолд дулаан түгээх байгууллагатай зураг төслийг урьдчилан зөвшилцөх; 22.2.4.дулааны тоолуур эвдэрсэн болон дулаан хэрэглээний горим зөрчигдсөн талаар дулаан хангамжийн байгууллагад шуурхай мэдээлэх; 22.1.5.гэрээний нөхцөл болон тогтоосон тарифаар дулаан хангамжийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх;
22.3Энэ хуулийн 22.2.2-т заасан санал хураалтын үр дүнд нийт өмчлөгчдийн гуравны хоёр нь зөвшөөрч гарын үсэг зурсан бол дулаан хангамжийн системд холбогдох өөрчлөлт хийгдэнэ.
22.4Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн хэрэглэгч энэ хуулийн 22.1-д зааснаас гадна дараах үүрэгтэй байна:
22.4.1.дулаан хангамжийн байгууллагатай загвар гэрээ байгуулах; 22.4.2.хэрэглэгчийн тоноглол болон тоолуурт дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд нэвтрэх, хянах, шалгах боломжийг бүрдүүлэх; 22.4.3.гэрээний нөхцөл болон харилцан тохиролцсон тарифаар дулааны эрчим хүчний төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх.
ТАВДУГААР БҮЛЭГ
ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ХОЛБОЛТ
23 дугаар зүйлСүлжээнд холбох хүсэлт
23.1Дулаан дамжуулах, түгээх байгууллага нь дулаан хангамжийн найдвартай байдалд эрсдэл учруулахгүй бол техникийн хүчин чадалдаа тулгуурлан хүсэлт гаргасан этгээдийг сүлжээнд холбох үүрэгтэй.
23.2Дулаан дамжуулах, түгээх байгууллага нь сүлжээнд холбох боломжтой хэсэг, хүчин чадлын мэдээллийг ил тод нийтэлсэн байна.
23.3Нийтийн орон сууцны барилгыг дулааны сүлжээнд холбох эсхүл холболтод өөрчлөлт оруулах хүсэлтийг дараах этгээд гаргаж болно:
23.3.1.тухайн барилгын газар эзэмших, ашиглах этгээд; 23.3.2.сууц өмчлөгчдийн холбоо; 23.3.3.дангаараа дулааны сүлжээнд холбогдох техникийн боломжтой этгээд.
23.4Дулаан дамжуулах, түгээх байгууллага энэ хуулийн 23.1-д заасан хүсэлт хүлээн авснаас хойш арван дөрөв хоногийн дотор сүлжээнд холбох техникийн нөхцөл олгоно.
23.5Төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл системд техникийн нөхцөлийг дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутгийн төвлөрсөн дулаан хангамжийн системд үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн нөхцөл олгоно.
23.6Дулаан дамжуулах, түгээх байгууллага нь энэ хуулийн 23.1-д зааснаас өөр үндэслэлээр техникийн нөхцөл олгохоос татгалзахыг хориглоно.
23.7Техникийн нөхцөл нь дараах шаардлагад нийцсэн байна:
23.7.1.ил тод, ойлгомжтой, хоёрдмол утгагүй байх; 23.7.2.ижил нөхцөлд холбогдох хүсэлт гаргагчид эрх тэгш хандах зарчмыг баримтлах; 23.7.3.холболт тус бүр техникийн болон эдийн засгийн нөхцөлд нийцэх; 23.7.4.сүлжээний цаашдын хөгжил, тогтвортой байдлыг хангах; 23.7.5.сүлжээнд холбогдсон бусад хэрэглэгчийн аюулгүй, найдвартай байдлыг хангах; 23.7.6.сүлжээний техникийн хүчин чадлыг харгалзах.
23.8Энэ хуулийн 23.7-д заасан техникийн нөхцөлд дараах мэдээллийг тусгана:
23.8.1.холболтын цэг; 23.8.2.холбох хүчин чадал; 23.8.3.тоолуурын байршил; 23.8.4.шугам, сүлжээний өмчлөл, эзэмшлийн зааг; 23.8.5.тоолуур, хэмжих хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага; 23.8.6.холбогдох хүсэлт гаргагч болон дамжуулах эсхүл түгээх байгууллагын үүрэг; 23.8.7.холболтын төлбөрийн тооцоолол; 23.8.8.холболтын нөхцөлийн хүчинтэй байх хугацаа; 23.8.9.бусад нөхцөл.
23.9Хэрэглэгчийн шугам, тоноглол, түүний аль нэг хэсэг солигдсон эсхүл сүлжээний эзэмшигч өөрчлөгдсөн боловч доор дурдсан нөхцөл нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд холболтын төлбөр авахгүй:
23.9.1.холболтын цэгийн байршил өөрчлөгдөөгүй; 23.9.2.техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлагагүй; 23.9.3.холболтын техникийн нөхцөл хүчинтэй.
23.10Сүлжээд холбох хүсэлтийг цахимаар гаргах боломжтой байна.
24 дүгээр зүйлХолболтын гэрээ
24.1Сүлжээнд холбогдох хүсэлт гаргагч нь дулаан дамжуулах, түгээх байгууллагатай холболтын гэрээг бичгээр байгуулна.
24.2Холболтын гэрээний салшгүй хэсэг нь техникийн нөхцөл байх ба гэрээнд дараах зүйлийг тусгана:
24.2.1.холболтын төлбөр, төлбөрийн нөхцөл; 24.2.2.гэрээний хугацаа; 24.2.3.энэ хуулийн 24.3-т заасан ажлыг хянах ажлын хуваарь; 24.2.4.хувийн сүлжээг нийтийн сүлжээ болгох нөхцөл, нөхөн төлбөр олгох.
24.3Энэ хуулийн 24.1-т заасан хүсэлт гаргагч нь сүлжээнээс салангид хийгдэх шугам, сүлжээ, барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж, сүлжээнд холбогдох нөхцөлийг хангасан байна.
24.4Хүсэлт гаргагч нь дулаан дамжуулах, түгээх байгууллагад холбогдуулан дараах асуудлаар Зохицуулах хороо, харьяа зохицуулах зөвлөлд гомдол гаргаж, асуудлыг шийдвэрлүүлнэ:
24.4.1.техникийн нөхцөлтэй холбоотой; 24.4.2.холболтын гэрээ байгуулахаас татгалзсан; 24.4.3.холболтын төлбөрийн нөхцөл; 24.4.4.гэрээний нөхцөл, шаардлага;
24.5Холболтын гэрээ нь дулаан худалдах, худалдан авах, дулаанаар хангах гэрээ байгуулах үндэслэл болно.
24.6Энэ хуулийн 24.3-т заасан ажлыг дулаан хангамжийн байгууллага гүйцэтгэхийг хориглоно.
25 дугаар зүйлХолболтын төлбөр тооцох
25.1Дулаан дамжуулах, түгээх байгууллага хүсэлт гаргагчийг дулааны сүлжээнд холбох бол холболтын төлбөр авна.
25.2Холболтын төлбөр нь энэ хуульд заасны дагуу тооцсон үндэслэл бүхий төлбөр байна.
25.3Холболтын төлбөрийг тухайн хүсэлт гаргагчийн холбогдож буй дамжуулах, түгээх сүлжээг барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардалд үндэслэж тооцно.
25.4Хүсэлт гаргагчийн төлөх холболтын төлбөр нь сүлжээнд холбогдох хүчин чадал, байршлаас хамаарна.
25.5Холболтын төлбөр тооцох аргачлалыг Эрчим хүчний тухай хуулийн 9.1.13-т заасан журмаар зохицуулна.
25.6Холболтын төлбөр нь сүлжээний тодорхой цэгээр хязгаарлагдана.
25.7Холболтын техникийн нөхцөлийг дулаан дамжуулах, түгээх байгууллагын санаачилгаар өөрчлөх бол холбогдох зардлыг тухайн байгууллага хариуцна.
25.8Хэрэглэгчийн санаачилгаар техникийн нөхцөлд өөрчлөлт орох бол холбогдох зардлыг тухайн хэрэглэгч хариуцаж, холболтын төлбөр дээр нэмж дулаан дамжуулах, түгээх байгууллагад төлнө.
26 дугаар зүйлХувийн ба нийтийн сүлжээ
26.1Төвлөрсөн дулааны сүлжээ нь нийтийн сүлжээ байна.
26.2Төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдоход дулааны сүлжээг шинээр барих шаардлагатай бол хүсэлт гаргагч өөрийн хөрөнгөөр уг сүлжээг барьж болно.
26.3Хувийн хөрөнгө оруулалтаар барьсан сүлжээ нь хувийн сүлжээнд хамаарах ба сүлжээг өмчлөгч нь сүлжээний ашиглалт, үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
26.4Хувийн сүлжээнд тухайн сүлжээг өмчлөгчөөс гадна дараагийн хэрэглэгч холбогдох бол сүлжээ өмчлөгчөөс зөвшөөрөл авна.
26.5Энэ хуулийн 26.4-т заасны дагуу хувийн сүлжээнд нэмэлт хэрэглэгч холбогдсон тохиолдолд уг сүлжээ нь нийтийн сүлжээ болж дулаан түгээх эсхүл дулаан дамжуулах байгууллагын өмчид шилжинэ.
26.6Энэ хуулийн 26.5-д зааснаар хувийн сүлжээ нь нийтийн сүлжээ болсон тохиолдолд шинээр холбогдох хэрэглэгч бүр анхны өмчлөгчийн оруулсан хөрөнгө оруулалтаас өөрийн ашиглах сүлжээний хүчин чадал, ашиглалтын хэмжээнд ногдох зардлыг тооцож, дулаан түгээх эсхүл дулаан дамжуулах байгууллагаар дамжуулан анхны өмчлөгчид нөхөн төлнө.
26.7Нийтийн сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг сүлжээг өмчлөх дулаан түгээх, хангах байгууллага хариуцна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТООЛУУР, ТООЛУУРЫН СИСТЕМ
27 дугаар зүйлТоолуур, хэмжих хэрэгсэл, түүнд тавигдах шаардлага
27.1Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэх үе шат бүрд дулааныг тоолуураар хэмжих ба эх үүсгүүрээс эцсийн хэрэглэгч хүртэл дулааны эрчим хүчний нэгдсэн баланс гаргах боломжтой системийг бүрдүүлнэ.
27.2Тоолуур суурилуулах техникийн боломжгүй тохиолдолд хэрэглэгчийн халаалтын системд зардал хуваарилах төхөөрөмж, түүнтэй адилтгах хэмжих хэрэгсэл суурилуулах замаар дулааны хэрэглээг хэмжиж болно.
27.3Энэ хуулийн 27.1, 27.2-т заасны дагуу ашиглагдах тоолуур, хэмжих хэрэгсэл нь Хэмжил зүйн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан туршилт, баталгаажуулалтад хамрагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, суурилуулах зөвшөөрөл бүхий хэрэгсэл байна.
27.4Дулааны тоолуур, хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага, стандартыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулна.
27.5Дулааны эх үүсгүүрээс дамжуулах, түгээх сүлжээнд нийлүүлж буй дулааны эрчим хүчийг тооцох тоолуур, хэмжих хэрэгсэл суурилуулах зардал, ашиглалтыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
27.6Дамжуулах сүлжээнээс түгээх сүлжээнд нийлүүлж буй дулааны эрчим хүчийг тооцох тоолуур, хэмжих хэрэгслийг суурилуулах зардал, ашиглалтыг дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
27.7Түгээх сүлжээний дотоод энергийн баланс тооцоход шаардлагатай цэгүүдэд дулааны тоолуур, хэмжих хэрэгсэл суурилуулах зардал, ашиглалтыг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
27.8Хэрэглэгчийн хэрэглэсэн дулааны эрчим хүчийг тооцох зориулалттай дулааны тоолуур нь дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмч байна
28 дугаар зүйлТоолуур, хэмжих хэрэгсэл суурилуулах
28.1Дулааны тоолуур, хэмжих хэрэгслийн төрөл, байршил, холболтын схемийг барилгын зураг төсөлд тодорхой тусгаж, холбогдох мэргэжлийн байгууллагаар батлуулсан байна.
28.2Хэрэглэгч техникийн нөхцөлд заасан дулааны тоолуур, хэмжих хэрэгслийн үзүүлэлтэд өөрчлөлт оруулах шаардлага үүсвэл дулаан хангагч байгууллагад хандаж, зөвшөөрөл авна.
28.3Дулаан хангагч байгууллага хэрэглэгчийн энэ хуулийн 28.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан шийдвэр гаргана.
28.4Хэрэглэгчийн дулааны ачаалал нь дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгслийн хязгаар, мэдрэх чадварт нөлөөлөхөөр өөрчлөгдсөн бол техникийн нөхцөлд өөрчлөлт оруулна.
28.5Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох нийтийн орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаас өмнө дулааны эрчим хүчний хэрэглээг тооцох тоолуур, хэмжих хэрэгслийг батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн шаардлагын дагуу бүрэн суурилуулсан байна
28.6Дулааны тоолуур, хэмжих хэрэгслийг суурилуулах этгээд нь Хэмжил зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу үнэлгээ хийлгэсэн байна.
28.7Энэ хуулийн 28.6-д заасан байгууллага нь холбогдох техникийн нөхцөл, стандарт, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн тухайн тоолуур, хэмжих хэрэгслийг суурилуулах ажлыг гүйцэтгэнэ.
28.8Орон сууцны барилгыг ашиглалтад оруулсны дараа барилгын дулааны нийт хэрэглээг тоолох, хэмжих ерөнхий тоолуур болон хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгслийг дулаан түгээх байгууллага нь баланстаа үнэ төлбөргүй бүртгэнэ.
28.9Хэрэглэгчийн дулааны хэрэглээг тооцох тоолуур суурилуулах хөрөнгө оруулалтын зардлыг Эрчим хүчний тухай хуулийн 25.1.9-д заасан төлөвлөгөөнд тусгаж, санхүүжүүлэх, шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 44.1-д заасан дэмжлэгийн хүрээнд санхүүжүүлж болно.
28.10Дулаан дамжуулах, түгээх байгууллага хэрэглэгчийн сүлжээнд зураг төслийн дагуу дулааны тоолуур, хэмжих хэрэгслийг суурилуулна.
28.11Дулааны эрчим хүчээр хангах гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгсэл нь техникийн шаардлага хангахгүй бол дулаан дамжуулах, түгээх байгууллага өөрийн зардлаар солино.
28.12Хэрэглэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тоолуур, хэмжих хэрэгслийн зардлыг хэрэглэгч хариуцаж болно.
28.13Хэрэглэгч тодорхой техникийн шаардлага, үндэслэлээр дулааны шугам, тоноглолын хүчин чадлыг өөрчлөх хүсэлт гаргавал дулаан түгээх байгууллага нь хэрэглэгчийн зардлаар дулааны тоолуур, хэмжих хэрэгслийг солих болон дахин тохируулах ажлыг хийнэ.
28.14Дулаан дамжуулах, түгээх байгууллага нь дулааны эрчим хүчний баланс тооцох болон хэрэглэгчийн хэрэглэсэн дулааны эрчим хүчийг тооцох тоолуур, хэмжих хэрэгслийн мэдээллийг цуглуулж, боловсруулах үүрэгтэй.
28.15Дулааны тоолуур, хэмжих хэрэгслийн ашиглалт, холбогдох зардал, үүрэг, хариуцлагын талаар хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулах дулааны эрчим хүчээр хангах гэрээнд тодорхой тусгасан байна.
29 дүгээр зүйлТоолуурын систем
29.1Дулаан хангамжийн системд ухаалаг тоолуурын системээр дамжуулан хэрэглэгчийн хэрэглээний мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах, дамжуулах, боловсруулах, хянах боломжийг бүрдүүлнэ.
29.2Ухаалаг тоолуурын систем нь дараах шаардлагыг хангасан байна:
29.2.1.хэрэглэгчийн хэрэглээний мэдээллийг цаг хугацааны нарийвчлалтайгаар бүртгэх; 29.2.2.мэдээллийг алсаас унших, дамжуулах боломжтой байх; 29.2.3.эрчим хүчний үр ашиг, балансын дүн шинжилгээ хийх боломжтой байх.
30 дугаар зүйлДулааны зүй бус хэрэглээ
30.1Дараах тохиолдолд дулааны эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн гэж үзнэ:
30.1.1.тоолуур, хэмжих хэрэгслийг гэмтээх, заалтыг өөрчлөх, хэмжүүрийн систем болон хаалт тэдгээрийн эд анги, битүүмжлэлийг алдагдуулах зэргээр зарцуулсан бодит дулааны хэмжээг нуун дарагдуулж, өөрчилсөн; 30.1.2.дулаан дамжуулах, түгээх байгууллагын зөвшөөрөлгүйгээр холбогдсон, хэмжигдээгүй хэрэглээ; 30.1.3.хүчин төгөлдөр гэрээ байгуулалгүйгээр авсан хэрэглээ
30.2Дулаан түгээх байгууллага нь дулааны зүй бус хэрэглээний төлбөрийг 3 дахин нэмэгдүүлэн шаардах эрхтэй.
30.3Дулааны зүй бус хэрэглээг тооцох аргачлалыг Зохицуулах хороо батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ҮНЭ, ТАРИФ
31 дүгээр зүйлДулааны үнэ, тариф тогтоох эрх
31.1Төвлөрсөн дулаан хангамжийн системд дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах болон хэрэглэгчид дулааны эрчим хүч борлуулах тарифыг Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл батална.
31.2Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн нийт хэрэглэгчийн тавиас дээш хувь нь үнийн асуудлаар Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гомдол гаргасан бол Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хүсэлтийг хүлээн авч хянах, үндэслэлгүй үнэ тогтоосон гэж үзсэн тохиолдолд үнийг зохистой хэмжээнд хүртэл бууруулахыг шаардах эрхтэй.
31.3Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн өмчлөгч эсхүл эзэмшигч хэрэглэгчид борлуулах дулааны үнийг үндэслэлгүйгээр нэмэхийг хориглоно.
31.4Энэ хуулийн 31.2-т заасан үнийн талаар гомдол гурваас дээш удаа давтагдаж, асуудал шийдвэрлэгдэхгүй бол Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь тухайн хэсэгчилсэн дулаан хангамжид мөрдөгдөх тарифыг тогтоож болно.
32 дугаар зүйлДулааны тариф тогтоох зарчим
32.1Дулааны тариф нь зүй ёсны монопол аж ахуйн нэгжийг үр ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх, зохистой түвшний ашиг олох боломжийг хангахуйц байна.
32.2Дулааны тарифыг тогтооход дараах зарчмыг баримтална:
32.2.1.дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангахтай холбоотой үйл ажиллагааны бодит өртөг зардлыг нөхөх; 32.2.2.үйл ажиллагааны болон техник, технологийн засвар үйлчилгээ, сайжруулалт, шинэчлэл, өргөтгөлд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх; 32.2.3.байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомжийн шаардлагыг хангах; 32.2.4.чанар, аюулгүй, найдвартай байдлын шаардлагыг хангах; 32.2.5.хөрөнгө оруулалтыг нөхөхүйц байх; 32.2.6.зохистой ашгийн түвшинг хангасан байх.
33 дугаар зүйлТариф тогтоох механизм
33.1Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл дараах аргачлалын дагуу тарифыг тогтооно:
33.1.1.өртгийн арга; 33.1.2.урамшуулалт тарифын арга; 33.1.3.тарифын индексжүүлэлтийн арга; 33.1.4.төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр тохирсон үнэ;
34 дүгээр зүйлӨртгийн аргаар тарифыг тогтоох
34.1Өртгийн аргаар дулаан хангамжийн тарифыг тогтооход үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардал, зохистой ашгийн түвшинд үндэслэнэ.
34.2Энэ хуулийн 34.1-д заасан үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг дараах журмаар тооцно:
34.2.1.зардлын бодит хэрэгцээ, эдийн засгийн үндэслэлийг зардлын нэр төрөл, ангилал бүрээр тодорхойлох; 34.2.2.хүний нөөц, түүнтэй холбогдох зардлыг салбарын хэмжээнд мөрдөгдөх жишиг норм эсхүл техник, технологийн стандартад нийцүүлэн хянах; 34.2.3.зардлыг хянаж, тогтоохдоо холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг үндэслэл болгох; 34.2.4.түлш, түүхий эд материал, тоног төхөөрөмжийн зардлыг гадаад валютын ханш, макро эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн тооцох; 34.2.5.үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар тооцох; 34.2.6.эрх бүхий байгууллагын баталсан хөрөнгө оруулалтын төслийн зардал, эргэн төлөгдөх нөхцөлийг хангах; 34.2.7.урт ба богино хугацаат зээлийн хүүгийн зардлыг гэрээнд үндэслэн тусгах; 34.2.8.салбарын хүний нөөцийн бодлого, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл хооронд байгуулсан хамтын хэлэлцээрт нийцүүлж ажилчны нийгмийн зардлыг тооцож тусгах.
34.3Зохистой ашгийн түвшинг хөрөнгө оруулалтын өгөөжид үндэслэн тооцно.
34.4Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг тухайн жилийн капиталын жигнэсэн дундаж өртгийн аргаар тооцно.
34.5.Тухайн жилийн капиталын жигнэсэн дундаж өртгийн утгыг Зохицуулах хорооны дэргэдэх салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон зөвлөлөөр жил бүр хэлэлцүүлж, өмнөх оны арван хоёрдугаар сард багтаан батлуулах.
34.6Өртгийн аргад үндэслэсэн тарифыг жил бүр тогтооно.
35 дугаар зүйлЗохицуулалттай үйл ажиллагааны аудит
35.1Зохицуулах хороо нь зүй ёсны монопол үйл ажиллагааны бодит өртгийг тодорхойлох, хянах механизмыг бүрдүүлэх хүрээнд зохицуулалттай үйл ажиллагааны дансны нэгдсэн жагсаалтыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарч батлах, мөрдүүлэх эрхтэй.
35.2Зохицуулах хороо зүй ёсны монопол үйл ажиллагаанд хамаарах дулаан хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд хоёр жил тутамд зохицуулалтын аудит хийнэ.
36 дугаар зүйлУрамшуулалт тарифын арга
36.1Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь тав хүртэлх жилийн хугацаагаар доор дурдсан нөхцөл, зорилтот үзүүлэлтийг үндэслэн урамшуулалт тарифыг тогтоож болно:
36.1.1.зохицуулалттай үйлчилгээний чанар, найдвартай байдал; 36.1.2.техник эдийн засгийн үзүүлэлт, үр дүнг сайжруулах;
36.2Энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл, зорилтод үзүүлэлтийг Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл жил бүр дүгнэх ба хоёр жил дараалан дээрх нөхцөл, зорилтот үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд урамшуулалт тарифыг цуцлах эрхтэй.
36.3Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь урамшуулалт тарифын аргаар тариф тогтоох бол Зохицуулах хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авна.
37 дугаар зүйлТарифын индексжүүлэлтийн арга
37.1Тарифын индексжүүлэлтийн аргыг дараах үзүүлэлтээс хамаарч өртөг зардал нэмэгдэх нөхцөлд хэрэгжүүлнэ:
37.1.1.дулаан үйлдвэрлэлийн зориулалтаар нийлүүлж буй нүүрс болон бусад түлш, эх үүсгүүрийн үнийн өөрчлөлт; 37.1.2.инфляцын өөрчлөлт; 37.1.3.гадаад валютын ханшийн өөрчлөлт.
37.2Тарифын индексжүүлэлтийг улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд үндэслэн жил бүр хэрэгжүүлэх ба энэ хуулийн 37.1.1, 37.1.2, 37.1.3-т заасан үзүүлэлтийн аль нэг нь таван хувиас дээш өөрчлөлттэй гарвал тухайн үзүүлэлтэд харгалзах зардлын өөрчлөлтийг тооцож, дулааны тарифыг тухай бүр индексжүүлнэ.
38 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр тохирсон үнэ
38.1Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний төслийг хэлэлцэх үед гэрээний үнийг дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бодит зардал, хөрөнгийн өгөөжийн өртгөөс доогуур тогтоохыг хориглоно.
38.2Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төслөөс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан, дулааны тарифыг тарифын санал хүлээн авч, хянах журмын дагуу Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл тогтооно.
38.3Энэ хуулийн 38.2-т заасан тариф нь түншлэлийн гэрээний үнээс зөрүүтэй тохиолдолд төрийн түншлэгч нь хувийн түншлэгчтэй үнийн зөрүүг шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцож, гэрээнд тусгана.
38.4Үнэ үйлчлэх хугацааг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хугацаанаас хэтрэхгүй байхаар тогтооно.
39 дүгээр зүйлХэрэглэгчид дулааны эрчим хүч борлуулах тариф
39.1Хэрэглэгчид нийлүүлэх дулааны эрчим хүч борлуулах тарифыг дараах зарчмыг үндэслэн тогтооно:
39.1.1.дулааны эрчим хүчийг хэрэглэгчид хүргэх бодит өртөгт үндэслэн, хэрэглэгчийн ангилал бүрээр ялгаатай байх; 39.1.2.дулааны эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэхэд хөшүүрэг болохуйц байх; 39.1.3.тарифыг дулаан хангамжийн бүсээр тогтоох.
40 дүгээр зүйлТариф батлуулах хүсэлт гаргах
40.1Дулаан хангамжийн байгууллага тариф батлуулах хүсэлт, тарифын саналыг эрх бүхий байгууллагад цахимаар дараах баримт бичгийн хамт хүргүүлнэ:
40.1.1.тарифын төсөл, батлагдсан маягтын дагуу гаргасан тооцоолол; 40.1.2.хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл; 40.1.3.хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх засвар, сайжруулалт, шинэчлэл, өргөтгөлийн зураг төсөв; 40.1.4.салбарын норм, дүрэм, стандартад үндэслэсэн хүний нөөцийн тоо хэмжээ, цалингийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын тооцоо; 40.1.5.дулаан үйлдвэрлэхэд ашиглах түлш, түүхий эд, материалын зардлын тооцоо; 40.1.6.дулааны эрчим хүчийг сүлжээгээр дамжуулах, түгээхэд гарах техникийн алдагдлын тооцоо; 40.1.7.техник ашиглалтын дүрэм, холбогдох стандартын дагуу урсгал засварын ажилд хуваарилсан зардлын тооцоо; 40.1.8.Зохицуулах хорооноос баталсан журмын дагуу бусад үйл ажиллагааны зардлын зүйлчилсэн тооцоо; 40.1.9.зохистой түвшин бүхий ашгийн тооцоо; 40.1.10.өмнөх хуанлийн хоёр жилийн санхүүгийн тайлан; 40.1.11.үйл ажиллагааны тайлан; 40.1.12.өмнө батлагдсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад оруулсан үндсэн хөрөнгө, түүнд ногдох үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэлийн тооцоог урт хугацаанд, жилээр нь ангилсан тайлан; 40.1.13.урт ба богино хугацаат зээлийн гэрээ, санхүүжүүлэх болон зээлийн эргэн төлөгдөх хуваарийг нотолсон баримт бичиг; 40.1.14.дулаан хангамжийн байгууллагын үндсэн тоноглолын хүчин чадал, хүчин чадал ашиглалтын талаар мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл;
40.2Энэ хуулийн 40.1.11-т заасан тайланд санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн төлөв байдал, хуанлийн өмнөх хоёр жилийн хөдөлмөрийн хөлсний бүтэц, хуваарилалтын тухай мэдээллийг тусгасан байна.
40.3Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь тариф батлахтай холбоотой асуудлаар шаардлагатай бусад мэдээллийг авах эрхтэй.
40.4Энэ хуулийн 40.1-т заасан тарифын санал, тариф батлуулах хүсэлтийг Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл ирүүлсэн өдрөөс хойш ер хоногийн дотор хянаж, батална.
40.5Дулаан хангамжийн байгууллага нь тарифын саналаа Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4-т заасан журмын дагуу Зохицуулах хороонд хүргүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ
41 дүгээр зүйлДулааны эрчим хүчээр хэрэглэгчийг хангах
41.1Дулаан дамжуулах, түгээх байгууллага хэрэглэгчтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулсны үндсэн дээр дулаан хангамжийн үйлчилгээг үзүүлнэ.
41.2Үйлдвэрлэх байгууламжид шууд холбогдсон хэрэглэгч нь энэ хуулийн 41.1-д заасан гэрээг дулаан үйлдвэрлэгчтэй байгуулна.
41.3Хэрэглэгч энэ хуулийн 41.1, 41.2-т заасан гэрээ байгуулахаас өмнө дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардлагатай тоноглол, тоолуурын суурилуулалтыг хийсэн байна
42 дугаар зүйлДулааны эрчим хүчээр хангах гэрээ
42.1Энэ хуулийн 41.1, 41.2-т заасан гэрээнд дараах зүйлсийг заавал тусгана:
42.1.1.талуудын эрх, үүрэг, хариуцлага; 42.1.2.нийлүүлэх дулааны чанар, тоо хэмжээ; 42.1.3.дулаан нийлүүлэхийг хязгаарлах, зогсоох нөхцөл; 42.1.4.үнэ, тариф; 42.1.5.дулааны төлбөр тооцох, алданги, торгууль ногдуулах нөхцөл; 42.1.6.сүлжээний өмчлөл, эзэмшил, хариуцлагын зааг; 42.1.7.шаардлагатай бол дэд хэрэглэгчдийн талаарх мэдээлэл; 42.1.8.гэрээг дуусгавар болгох нөхцөл; 42.1.9.гэрээ дүгнэх зохицуулалт; 42.1.10.хэрэглэгчийн хэрэглэсэн дулааныг хэмжих, тооцох арга болон тоолуур, хэмжих хэрэгсэлд тавих шаардлага.
42.2Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системд холбогдсон дулаан хангамжийн байгууллага болон хэрэглэгчийн хоорондын харилцааг зохицуулсан гэрээ нь загвар гэрээний үндсэн дээр хийгдэнэ.
42.3Хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн өмчлөгч, эзэмшигч болон хэрэглэгч хоорондын дулааны эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэгчид нийлүүлэх дулааны үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, үндэслэл, баримтлах зарчмыг харилцан тохиролцож тусгана.
42.4Дулаан хангамжийн байгууллага дулааны эрчим хүчээр хангах гэрээг аж ахуй нэгж, байгууллагын хувьд жил бүр, ахуйн хэрэглэгчийн хувьд гэрээнд заасан хугацаагаар дүгнэнэ.
43 дугаар зүйлНийтийн орон сууцанд дулааны эрчим хүчээр хангах гэрээ
43 .1Дулаан хангамжийн байгууллага нь нийтийн орон сууцны хувьд нийт талбайн халаалтын хэрэгцээг хангахаар тооцож дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулна.
43 .2Энэ хуулийн 43.1-д заасан гэрээ нь тухайн барилгыг дулааны сүлжээнд холбогдсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
43 .3Дулаан хангамжийн байгууллага нь орон сууц, талбайн өмчлөгч, хууль ёсны эзэмшигч болон сууц өмчлөгчдийн холбоотой энэ хуулийн 43.1-д заасан гэрээг байгуулна.
43 .4Нийтийн зориулалттай орон сууц нь дулаан хангамжийн системд холбогдсон бол энэ хуулийн 43.3-т заасан хэрэглэгч дулаан хангамжийн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах эрхгүй.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ДУЛААН ХАНГАМЖИЙН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
44 дүгээр зүйлДулааны хангамжийн салбарт үзүүлэх дэмжлэг
44.1Төрөөс дулаан хангамжийн бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дараах дэмжлэгийг үзүүлнэ:
44.1.1дулаан хангамжийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нөөц хүчин чадал бий болгох, дамжуулах сүлжээ барих, өргөтгөхөд төсвөөс санхүүжилт олгох, хөрөнгө оруулалтаар дэмжих;
44.1.2дулааны шинэ эх үүсгүүр, дамжуулах, түгээх сүлжээ барьж байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг дэмжих;
44.1.3сэргээгдэх эрчим хүч болон өндөр үр ашигтай, хүлэмжийн хийн ялгарал багатай дэвшилтэт техник, технологи ашиглан хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн систем бий болгох сонирхлыг татвар, ногоон санхүүжилтийн бодлогоор дэмжиж, төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
44.1.4хэрэглэгчид ирэх өндөр үнийн дарамтыг бууруулах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон тарифыг бууруулах, хэрэгжилтийг хязгаарлах, хязгаарлах нөхцөлд түүнийг нөхөх санхүүгийн дэмжлэгийг төсвөөс олгох;
44.1.5.өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
44.1.6орон нутгийн дулаан хангамжийн онцлог, дулаан хангамжийн хөгжлийн схемд нийцүүлж хэсэгчилсэн, бие даасан дулаан хангамжийн системийг бий болгох бодлого, төлөвлөлийг хэрэгжүүлэх;
44.1.7ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх;
44.1.8дулаан хангамжийн төсөл, хөтөлбөрийг дэмжих;
44.1.9Засгийн газрын баталгаа гаргах;
45 дугаар зүйлДулаан хангамжийн төсөл, хөтөлбөр
45.1Дулаан хангамжийн салбарын төсөл, хөтөлбөр (цаашид “төсөл, хөтөлбөр” гэх)-т одоо байгаа болон шинээр бий болох төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системд дулааны барилга байгууламж барих, өөрчлөх, шинэчлэх, тоног төхөөрөмж суурилуулах, технологи нэвтрүүлэх ажил, үйлчилгээ хамаарна.
45.2Төрөөс бодлогоор дэмжих төсөл, хөтөлбөр дараах шаардлагыг хангасан байна:
45.2.1.дулаан хангамжийн хөгжлийн схемд тодорхойлсон дулаан хангамжийн бүс, байршилд байх; 45.2.2.тухайн дулаан хангамжийн системд тохирсон түлш ашиглах; 45.2.3.дулаан алдагдлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн дараах тоног, төхөөрөмж эх үүсгүүрийн аль нэгийг ашиглах:
45.2.3.а.эрчим хүчний хэмнэлттэй техник, технологи, тоног төхөөрөмж; 45.2.3.б.сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр; 45.2.3.в.бусад хүлэмжийн хийн ялгарал багатай эх үүсгүүр.
45.2.4.дулаан хангамжийн төсөл, хөтөлбөрийг техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь дараах шаардлагыг хангасан байдлыг үнэлж шалгаруулна
45.2.4.а/дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах; 45.2.4.б/дулаан хангамжийн аюулгүй байдлыг хангах; 45.2.4.в/дулааны барилга байгууламжийг ашиглах боломжит хугацаа; 45.2.4.г/агаарт ялгаруулах хорт бодисын түвшин; 45.2.4.д/эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн үзүүлэлт, дулаан алдагдлын түвшин шаардлага хангасан байх; 45.2.4.е/хуульд заасан бусад үзүүлэлт.
46 дугаар зүйлТөсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид үзүүлэх дэмжлэгийн төрөл
46.1Энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах дэмжлэгийг үзүүлж болно:
46.1.1.улс, орон нутгийн төсвийн дэмжлэг; 46.1.2.татварын дэмжлэг; 46.1.3.улс, орон нутгийн төсвөөс тодорхой үйл ажиллагааны чиглэлээр олгох санхүүгийн дэмжлэг, татаас; 46.1.4.төр, хувийн хэвшлийн түншлэл; 46.1.5.хөрөнгө оруулалтыг дулаан хангамжийн тарифаар нөхөх; 46.1.6.гадаад улс, олон улсын байгууллагаас олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж; 46.1.7.ногоон санхүүжилт, зээл.
47 дугаар зүйлХөрөнгө оруулалтыг тарифаар нөхөх
47.1Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг тарифт тусгах замаар дулаан хангамжийн байгууллагын эх үүсгүүр, дамжуулах, түгээх сүлжээнд хийгдэх засвар, шинэчлэлт, өргөтгөлийн ажлыг техникийн шаардлага, норм, стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
47.2Төвлөрсөн дулаан хангамжийн байгууллага ирэх гурваас таван жилд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг эрх бүхий этгээдээр батлуулан Зохицуулах хороо, харьяа аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд жил бүрийн арван нэгдүгээр сард ирүүлэх үүрэгтэй.
47.3Энэ хуулийн 47.2-т заасан төлөвлөгөө нь дараах бүрдлийн шаардлагыг хангасан байна:
47.3.1.хөрөнгө оруулалтын хэмжээ; 47.3.2.хөрөнгө оруулалтын эх үүсвэр; 47.3.3.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэр; 47.3.4.төсөл, хөтөлбөрийн техник эдийн засгийн үр ашгийн үнэлгээ; 47.3.5.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хуваарь; 47.3.6.хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлэх бол зээлийн нөхцөл, эргэн төлөгдөх хуваарь;
47.4Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн үндэслэл, үр ашигтай байдлыг үнэлэх, үр ашиггүй төслийн хөрөнгө оруулалтыг тарифт тусгахаас татгалзах эрхтэй.
47.5Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь дулаан хангамжийн байгууллагын хөрөнгө оруулалтын эргэн төлөх нөхцөлийг хангасан байхаар тооцож тарифыг тогтооно.
48 дугаар зүйлТөсвийн дэмжлэг
48.1Төвлөрсөн дулаан хангамжийн системийг хөгжүүлэх, тогтвортой найдвартай ажиллагааг хангах зорилгоор улс, орон нутгийн төсөвт дараах асуудлыг тусган, санхүүжүүлнэ:
48.1.1.дулаан хангамжийн хөгжлийн схем боловсруулах; 48.1.2.дулаан хангамжийн системийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах; 48.1.3.дулаан дамжуулах сүлжээ барьж байгуулах, өргөтгөх; 48.1.4.хэрэглэгчийг тарифын өсөлт, ачааллаас хамгаалах зорилгоор эх үүсгүүр барьж байгуулах; 48.1.5.дулаан хангамжийн системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад зориулж оргил ачааллын эх үүсгүүр барих;
49 дүгээр зүйлУлс, орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг, татаас олгох
49.1Дулаан хангамжийн салбарыг хөгжүүлэх эдийн засгийн хөшүүрэг болгож дулаан хангамжийн салбарт олгох санхүүгийн дэмжлэг, татаасыг улс, орон нутгийн төсөвт тусгана.
49.2Дулаан хангамжийн системийг барих, шинэчлэх, сайжруулахад дараах чиглэлээр санхүүгийн дэмжлэг, татаас олгож болно:
49.2.1.хэрэглэгчийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тогтоосон тарифыг Засгийн газрын шийдвэрээр бууруулах, мөрдөх хугацааг хойшлуулсантай холбоотой тарифын зөрүүг олгох; 49.2.2.дулаан үйлдвэрлэлийн бодит өртөг хэрэглэгчийн тарифт ачаалал үүсгэсэн бол нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрээр түлшний үнэ, хэрэглэгчийн тарифын зөрүүг олгох;
АРАВДУГААР БҮЛЭГ
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН НОРМ, СТАНДАРТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА
50 дугаар зүйлАшиглалтын техник, технологийн норм, стандарт
50.1Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн барилга байгууламжийн ашиглалтын болон эрчим хүчний үр ашигтай байдлын талаарх техник, технологийн норм, нормативын баримт бичгийг боловсруулж батална.
50.2Энэ хуулийн 50.1-д заасан барилга байгууламжийн стандартыг боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулна.
51 дүгээр зүйлАюулгүй байдлын ерөнхий шаардлага
51.1Дулааны эх үүсгүүр, сүлжээ, тоног төхөөрөмж, хэрэглэгчийн тоноглолыг ашиглах үед авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ нь хүний амь нас, эрүүл мэнд болон байгаль орчны аюулгүй байдлыг хангасан байна.
51.2Техник, технологийн норм, стандартыг дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хэрэглэхэд тус тус дагаж мөрдөнө.
52 дугаар зүйлХамгаалалтын зурвас
52.1Дулааны сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна.
52.2Хамгаалалтын зурвасыг баталгаажуулах, тогтоох харилцааг Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
53 дугаар зүйлТүлшинд тавигдах чанарын шаардлага
53.1Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн дулааны эх үүсгүүрт ашиглах түлшний чанарт тавих шаардлагыг тодорхойлсон техник, технологийн норм, нормативын баримт бичгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллага батална.
54 дүгээр зүйлТүлшний нийлүүлэлт, ашиглалттай холбоотой талуудын үүрэг, хариуцлага
54 .1Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системийн дулааны эх үүсгүүрт түлш нийлүүлэгчийн хүлээх эрх, үүргийг түлш нийлүүлэлтийн гэрээгээр тогтооно.
54 .2Түлш нийлүүлэгч нь түлш нийлүүлэх гэрээний нөхцөл, хуваарийн дагуу шаардлагатай хэмжээний түлшийг тасралтгүй нийлүүлэх үүрэгтэй.
54 .3Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системд дулаан үйлдвэрлэх болон түгээх үйл ажиллагаа хамт эрхэлдэг байгууллага нь түлшний нийлүүлэлтийн хэмжээ, чанар, ашиглалтын талаар хотын Захиргагч, аймгийн Засаг даргад жил бүр тайлагнах үүрэгтэй.
54 .4Хотын Захирагч, аймгийн Засаг дарга нь бие даасан дулаан хангамжийн системд ашиглагдаж буй түлшний төрөл, хэмжээний талаарх мэдээллийг цуглуулна.
54 .5Хотын Захирагч, аймгийн Засаг дарга энэ хуулийн 54.3, 54.4-т заасан түлшний нийлүүлэлтийн хэмжээ, чанар, ашиглалтын талаарх мэдээллийг Эрчим хүчний тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
55 дугаар зүйлДулаан зөөгчийн чанарт тавигдах шаардлага
55 .1Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулааны сүлжээнд усыг дулаан зөөгчөөр ашиглах ба түүнд тавигдах чанарын шаардлагыг энэ хуулийн 50.1-т заасан баримт бичгээр тодорхойлно.
55 .2Дулаан зөөгчийн чанарын шаардлагыг дулаан хангамжийн байгууллага тогтмол хянах үүрэгтэй.
55 .3Дулаан зөөгчийн чанарт хяналт, хэмжилт хийх журмыг дулаан хангамжийн байгууллага дотооддоо баталж мөрдөнө.
56 дугаар зүйлЗураг төсөл, ашиглалтын аюулгүй байдлын шаардлага
56.1Дулааны эх үүсгүүр, сүлжээ, хэрэглэгчийн тоноглолын техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл боловсруулах, тэдгээрийг ашиглахад энэ хууль болон энэ хуулийн 50.1-т заасан норм, стандартыг дагаж мөрдөнө.
56.2Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортоор орж ирсэн дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэхэд ашиглах дулаан-механикийн тоног төхөөрөмж, материал хүний амь нас, эрүүл мэнд болон байгаль орчинд аюулгүй байлгах шаардлагыг хангасан байхаас гадна холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцсэн байна.
56.3Энэ хуулийн 56.2-т заасан нийцлийг хангахгүй техник, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
57 дугаар зүйлДулаан хангамжийн аюулгүй байдлын үзүүлэлтүүд
57.1Дулаан хангамжийн техникийн баримт бичигт дулааны барилга байгууламжийн найдвартай, аюулгүй ажиллагааны хамгийн бага болон төлөвлөгөөт үзүүлэлт бүрийг тооцож, тусгасан байна.
57.2Найдвартай, аюулгүй байдлын хамгийн бага үзүүлэлтэд нийцээгүй дулааны барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.
57.3Төвлөрсөн дулаан хангамжийн системд ажиллаж буй дулаан хангамжийн байгууллага нь дулаан хангамжийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байна.
58 дугаар зүйлХалаалтын улирлын бэлэн байдлыг хангах
58.1Төвлөрсөн дулаан хангамжийн байгууллага халаалтын улирлын бэлэн байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авна:
58.1.1.дулаан хангамжийн шугам тоноглолд хийх засварын ажлын төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулах; 58.1.2.засварын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн явц, тайланг эрх бүхий байгууллагад тухай бүр тайлагнах; 58.1.3.дулааны тоног, төхөөрөмж, шугам сүлжээг халаалтын улиралд бэлтгэх арга хэмжээг авч, туршилт, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж бэлэн болгох; 58.1.4.горим ажиллагаанд нөлөөтэй хэрэглэгчийн дулааны шугам, тоноглолд шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах; 58.1.5.халаалтын улирал эхлэхээс өмнө илэрсэн зөрчлийг арилгах боломжгүй бол нэгж дэх төрийн удирдлагын байгууллагад мэдэгдэж дараах арга хэмжээг авна:
58.1.5.халаалтын улиралд тохиолдож болох гэнэтийн аюулаас сэрэмжлүүлэх, аваарын үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах; 58.1.5.б.шаардлагатай нөөцийг тухайн зөрчилтэй уялдуулан бэлтгэх;
58.2Энэ хуулийн 58.1-д заасан зөрчлийг дараагийн халаалтын улирлаас өмнө арилгана.
58.3Нэгж дэх төрийн удирдлагын байгууллага нь төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн халаалтын улирлын бэлэн байдлыг үнэлж, нэгдсэн тайланг жил бүрийн есдүгээр сарын нэгний дотор эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
58.4Төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээнд халаалтын улирлын бэлэн байдлыг үнэлж, холбогдох дүгнэлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг жил бүрийн есдүгээр сарын арван тавны дотор нэгж дэх төрийн удирдлагын байгууллагад хүргүүлнэ.
58.5Нэгж дэх төрийн удирдлагын байгууллага нь энэ хуулийн 58.4-т заасан дүгнэлт, чиглэлийн дагуу шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж, халаалтын улирлын бэлэн байдлыг хангана.
58.6Төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл системд диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий этгээд нь дулааны эх үүсгүүр, дулаан дамжуулах сүлжээний дулаан түгээх төлөвлөгөөг дулаан үйлдвэрлэгч, дулаан дамжуулагчтай хамтран боловсруулж, жил бүрийн арван нэгдүгээр сард багтаан батална.
58.7Аймаг, суманд дулааны эх үүсгүүр, дулаан түгээх сүлжээний түгээх төлөвлөгөөг нэгж дэх төрийн удирдлагын байгууллага дулаан үйлдвэрлэгч, дулаан түгээгчтэй хамтран боловсруулж, жил бүрийн арван нэгдүгээр сард багтаан батална.
59 дүгээр зүйлТоноглолыг засварлах, ашиглалтаас гаргах
59 .1Дулаан хангамжийн байгууллага төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсгүүр, дамжуулах, түгээх сүлжээг засварлах, ашиглалтаас гаргах мэдэгдлийг харьяаллын дагуу эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл нэгж дэх төрийн удирдлагын байгууллагад бичгээр хүргүүлнэ.
59 .2Дулааны эх үүсгүүрийг ашиглалтаас гаргах мэдэгдлийг таваас доошгүй жилийн өмнө хүргүүлнэ.
59 .3Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нэгж дэх төрийн удирдлагын байгууллага нь энэ хуулийн 59.1-д заасан мэдэгдэл хүлээн авсан даруйд дулаан хангамжийн хөгжлийн схемд үндэслэн дулааны дутагдал үүсэх эрсдэлд дүн шинжилгээ хийж, ашиглалтаас хасагдах дулааны эх үүсгүүрийг орлуулах боломжийг судална.
59 .4Ашиглалтаас гарах дулааны эх үүсгүүрийг орлуулах боломжгүй ба дулааны эрчим хүчний дутагдал үүсэх эрсдэлтэй гэж үзвэл эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нэгж дэх төрийн удирдлагын байгууллага нь дулааны эх үүсгүүрийн ашиглалтын хугацааг сунгах, шаардлагатай засвар үйлчилгээг хийхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар дулаан хангамжийн байгууллагатай зөвшилцөн, шийдвэрлэнэ.
60 дугаар зүйлТөвлөрсөн дулаан хангамжийн системийн технологийн зөрчлийн үед дулаан хангамжийг хязгаарлах болон таслах
60.1Төвлөрсөн дулаан хангамжийн системийн технологийн зөрчлийн үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах шуурхай арга хэмжээ авах зорилгоор дулаан хангамжийн байгууллага нь дулаан хангамжийг хязгаарлах, таслах, хэрэглэгчийн тоноглолыг салгах эрхтэй.
60.2Дулаан хангамжийн байгууллага энэ хуулийн 60.1-д заасан үйл ажиллагааны талаар хэрэглэгч, нэгж дэх төрийн удирдлагын байгууллагад урьдчилан мэдэгдэх ба уг мэдэгдэлд дулаан хангамжийг хязгаарлах, таслах болсон шалтгаан, үргэлжлэх хугацааг тодорхой заасан байна.
60.3Хэрэглэгчийн тасралтгүй үргэлжлэх технологи бүхий тоноглолд гэнэт зогсолт хийх нь хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулж болзошгүй бол дулаан хангамжийн байгууллага тухайн технологийн үйл явцыг дуусгахад шаардагдах дулааны чадлыг хамгийн бага түвшинд хүртэл бууруулах үүрэгтэй.
60.4Онцгой байдлын жагсаалтад багтсан хэрэглэгчийн дулааны хангамжийг хязгаарлаж, таслахгүй.
60.5Технологийн зөрчлөөс сэргийлэх эсхүл арилгах шуурхай арга хэмжээ авах зорилгоор хэрэглэгч өөрийн дулааны тоноглолыг салгах эрхтэй бөгөөд салгалтын шалтгаан болон хугацааг дулаан хангамжийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
60.6Төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан хангамжийн байгууллага нь дулаан хангамжийн хязгаарлалт, салгалт ба онцгой байдлын үеийн хуваарийг жил бүр боловсруулж, холбогдох дулаан хангамжийн бүсийн нэгж дэх төрийн удирдлагын байгууллагатай зөвшилцөж батална.
60.7Энэ хуулийн 60.6-д заасан хуваарийг жил бүр боловсруулж, түлш, дулааны эрчим хүчний болон чадлын дутагдал, эсхүл дулааны сүлжээнд дулаан зөөгчийн нийлүүлэлтэд зөрчил гарах тохиолдолд технологийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах болон хэрэглэгчийг үндэслэлгүй таслахаас сэргийлэх зорилгоор хэрэглэгчдэд танилцуулна.
60.8Дулаан хангамжийн хязгаарлалтын хэмжээ болон дарааллыг тодорхойлохдоо үйлдвэрлэлийн төрөл, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, технологийн онцлогийг харгалзан үзэж, үүсэх хохирол хамгийн бага байхаар боловсруулж, төлөвлөнө.
60.9Энэ хуулийн 60.6-д заасан хуваарьт орохгүй хэрэглэгчдийн жагсаалтыг дулаан хангамжийн байгууллага нэгж дэх төрийн удирдлагын байгууллагатай зөвшилцөн батална.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ
61 дүгээр зүйлМэргэжлийн хяналт шалгалт
61.1Төрөөс дулаан хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
61.2Энэ хуулийн 61.1-д заасан төрийн хяналт шалгалтын хүрээнд дулаан хангамжийн улсын байцаагч нь дараах асуудлаар мэргэжлийн хяналт, шалгалт хийнэ:
61.2.1.дулаан хангамжийн байгууллагын үйл ажиллагааны зорилт, үр дүнг үнэлэх; 61.2.2.дулааны барилга байгууламж, тоног төхөөрөмж нь техник, технологийн норм, стандартын шаардлага, ашиглалтын болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэх; 61.2.3.салбарын мэргэжилтэй ажилтнуудын мэдлэгийн түвшин зохих шаардлагад нийцсэн байдал.
61.3Дулааны салбарт хийгдэх мэргэжлийн хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хяналт шалгалт хийх нийтлэг журмын дагуу хэрэгжүүлнэ.
61.4Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу салбарын мэргэжлийн хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалт гэсэн төрлөөр хэрэгжүүлнэ.
62 дугаар зүйлУрьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх
62.1Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт нь дулаан хангамжийн байгууллага болон түүний барилга байгууламж дээр биечлэн очихгүйгээр, цуглуулсан мэдээлэл, мэдээллийн нэгдсэн систем ашиглан мэдээллийг шинжлэх замаар үйл ажиллагаанд хяналт тавих үйл явц байна.
62.2Энэ хуулийн 62.1-д заасан урьдчилсан хяналт шалгалт хийхэд дараах журмыг баримтална:
62.2.1.хяналт шалгалтын хамрах хүрээ, субъектийг тодорхойлсон байх; 62.2.2.хяналт шалгалтад хамрагдах дулаан хангамжийн байгууллагын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх; 62.2.3.хяналт шалгалтад хамрагдах дулааны барилга байгууламж, тоног төхөөрөмжийн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх; 62.2.4.хяналт шалгалт хийхэд шаардлагатай өгөгдөл, мэдээлэл, түүнийг бүртгэх; 62.2.5.өгөгдөл, мэдээллийг мэдээллийн нэгдсэн сан болон мэдээллийн нэгдсэн системд дамжуулах үйл явц, дараалал, хугацаагаар дүгнэх.
62.3Дулаан хангамжийн байгууллага болон дулааны барилга байгууламж, тоног төхөөрөмжид урьдчилсан хяналт шалгалт хийх ажлыг жилд хоёроос дээшгүй удаа хэрэгжүүлнэ.
62.4Урьдчилсан хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар дараах зөвлөмж, чиглэлийг дулаан хангамжийн байгууллагад хүргүүлнэ:
62.4.1.урьдчилсан хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах зөвлөмж, шаардлага, хэрэгжүүлэх хугацаа; 62.4.2.үндэслэл бүхий тайлан, мэдээллээр илэрсэн зөрчлийг арилгах зөвлөмж, шаардлага гаргах, хэрэгжүүлэх хугацаа; 62.4.3.илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг хянахтай холбоотой мэдээлэл гаргах, мэдээллийн нэгдсэн системд дамжуулах үйл явц, дараалал, хугацаа; 62.4.4.илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээний биелэлтэд хяналт, шалгалт хийх, дүгнэх асуудал.
63 дугаар зүйлТөлөвлөгөөт хяналт шалгалт
63.1Газар дээрх хяналт шалгалт нь төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хэлбэртэй байна.
63.2Төлөвлөгөөт хяналт шалгалт нь эрх бүхий этгээдийн баталсан жилийн хяналт шалгалтын хуваарийн дагуу хийгдэнэ.
63.3Жилийн хяналт шалгалтын хуваарийг өмнөх оны арван хоёрдугаар сарын аравны өдрөөс өмнө баталж, арван хоёрдугаар сарын хорины өдрөөс өмнө эрх бүхий байгууллагын цахим хуудсанд нийтэлнэ.
63.4Жилийн хяналт шалгалтын хуваарийг үндсэн тоног төхөөрөмжийн элэгдлийн зэрэг, технологийн зөрчлийн тоо хэмжээ, ангилал, эрсдэл зэрэг дараах үзүүлэлтэд үндэслэн гаргана:
63.4.1.үндсэн тоног төхөөрөмжийн элэгдлийн зэрэг нь тавин хувь хүртэл бол бага эрсдэлтэй, тавин нэгээс далан таван хувь бол дунд эрсдэлтэй, далан таван хувиас дээш бол өндөр эрсдэлтэй гэж үнэлнэ; 63.4.2.технологийн зөрчлөөр хоёрдугаар түвшний саатал бүртгэгдсэн бол бага эрсдэлтэй, нэг ба хоёрдугаар түвшний саатал бүртгэгдсэн бол дунд эрсдэлтэй, осол, нэг ба хоёрдугаар түвшний саатал зэрэг бүртгэгдсэн бол өндөр эрсдэлтэй гэж үнэлнэ.
63.5Бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бол төлөвлөгөөт хяналт шалгалтыг хоёр жилд нэг удаа, дунд болон өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бол жилд нэг удаа хийнэ.
63.6Энэ хуулийн 63.4-т заасан хуваарийг мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нэгдсэн нэгдсэн системээс боловсруулж гаргана.
63.7Энэ хуулийн 63.6-д заасны дагуу хуваарийг мэдээллийн нэгдсэн систем боловсруулж гаргах боломжгүй бол эрх бүхий этгээд тоног төхөөрөмжийн элэгдлийн зэрэг, технологийн зөрчлийн тоо хэмжээнд үндэслэн хуваарийг боловсруулна.
64 дүгээр зүйлТөлөвлөгөөт бус хяналт шалгалт
64.1Дараах нөхцөл байдлаас хамаарч төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ:
64.1.1.салбарын болон салбарын байгууллагын бодлого, стратегийн зорилт, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт зорилтот хэмжээнд хүрэхгүй байх, доголдох, техник, эдийн засгийн бодитой хохирол, үр дагавар үүсэх; 64.1.2.хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулах; 64.1.3.байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх; 64.1.4.улс орон, нийтийн ашиг сонирхолд аюул учирч болзошгүй нөхцөл бий болох; 64.1.5.хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх;
64.2Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг дараах үндэслэлээр явуулна:
64.2.1.үйлдвэрлэлийн осол, нэгдүгээр зэргийн аваар, саатлын талаар гаргасан дүгнэлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний мөрөөр хяналт шалгалт хийх; 64.2.2.урьдчилсан хяналтын дүгнэлтэд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй, эсхүл зөрчлийг арилгасан тухай мэдээлэл өгөөгүй бол; 64.2.3.хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн, дулаан хангамжийн хууль тогтоомжийг зөрчсөн баримт, нотолгоотой өргөдөл, гомдол; 64.2.4.эрх бүхий байгууллагаас баталсан технологийн зөрчлийн ангиллын дагуу нэгдүгээр зэргийн осол, зөрчлийн тухай албан ёсны эх сурвалжаас ирсэн мэдээлэл; 64.2.6.төлөвлөгөөт шалгалтын үр дүнгээр гарсан зөрчлийг арилгах тухай шийдвэрийн хэрэгжилтийг хянах, хэрэв хяналтын субъект нэгээс олон удаа зөрчлийг арилгасан талаар мэдээлэл өгөөгүй эсхүл зөрчлийг арилгаагүй бол; 64.2.7.прокурорын байгууллагын шаардлагаар хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд учирсан эсхүл учирч болзошгүй аюултай холбогдсон тодорхой баримтын дагуу шалгалт хийх; 64.2.8.төрийн байгууллагаас ирүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд учирсан хохирол, хувь хүн болон хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухай баримт бүхий хүсэлт; 64.2.9.хуульд заасан бусад үндэслэл.
64.3Төлөвлөгөөт бус хяналт шалгалт эхлэхээс хамгийн багадаа хорин дөрвөн цагийн өмнө хяналт шалгалтад хамрагдах байгууллагад мэдэгдсэн байна.
64.4Хуульд заасан онцгой байдал, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн үед энэ хуулийн 64.3-т заасны дагуу мэдэгдэхгүй байж болно.
65 дугаар зүйлДулаан хангамжийн байгууллагын дотоод хяналт шалгалт
65.1Дулаан хангамжийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4, 7.2-т заасан журмыг үндэслэн дараах зорилгоор хэрэгжүүлнэ:
65.1.1.дулаан хангамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах; 65.1.2.дулааны барилга байгууламж, сүлжээ, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хянах; 65.1.3.дулаан хангамжийн чанар, найдвартай байдал, системийн аюулгүй байдлыг хангах; 65.1.4.техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтад тэнцсэн ажилтнаар ажлыг гүйцэтгүүлэх; 65.1.5.дулааны барилга байгууламж, сүлжээ, техник, тоног төхөөрөмжийг үйл ажиллагааны бэлэн байдалд байлгах; 65.1.6.дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх байгууллагын засвар, сэргээн босголтын ажлыг цаг тухайд нь хэрэгжүүлэх; 65.1.7.хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг тодорхойлох; 65.1.8.технологийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
65.2Төрийн өмчийн бус хуулийн этгээдийн дотоод хяналт шалгалтын журмыг тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага баталж мөрдүүлнэ.
65.3Энэ хуулийн 65.1-д заасан хяналт шалгалтыг төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх байгууллагын дулааны барилга байгууламж, тоног төхөөрөмж, объектод хийнэ.
65.4Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нэгж, албан тушаалтныг тухайн дулаан хангамжийн байгууллагын удирдлага томилно.
65.5Энэ хуулийн 65.4-т заасан нэгж, албан тушаалд тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлагыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
65.6Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэгч нэгж, албан тушаалтны үүрэг:
65.6.1.үйлдвэрлэлийн дотоод хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө боловсруулах; 65.6.2.ажилтныг дулаан хангамжийн хууль тогтоомжийн шаардлагыг мөрдүүлэхэд хяналт тавих; 65.6.3.дулааны объект, үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үзлэг зохион байгуулах; 65.6.4.хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, технологийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах; 65.6.5.дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх байгууллагын ажилтанд хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар мэдээлэх; 65.6.6.удирдлагад дараах асуудлаар санал өгөх: 65.6.6.a/аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ; 65.6.6.б/хууль тогтоомж зөрчсөн ажлыг зогсоох; 65.6.6.в/сургалт, дахин сургалтад хамрагдаагүй ажилтныг ажиллуулахгүй. 65.6.7.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх.
65.7Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэгч нэгж, албан тушаалтны эрх:
65.7.1.дулааны объект, түүнд хамаарах барилга байгууламжид хүссэн цагтаа саадгүй нэвтрэх; 65.7.2.өөрийн хамаарах асуудлын хүрээнд цаасан болон цахим хэлбэрийн баримт бичиг, мэдээлэл авах, мэдээллийн нэгдсэн санд хандах эрхтэй.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД
66 дугаар зүйлТөрийн байгууллага, албан тушаалтны хүлээх хариуцлага
66.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
66.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Дулаан_хангамжийн_хуулийн_үзэл_баримтлал.pdf)