Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 5-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, нутгийн иргэдийн оролцоог хангах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомж
2.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль , Газрын тухай хууль , Ойн тухай хууль , Усны тухай хууль , Амьтны тухай хууль , Байгалийн ургамлын тухай хууль , Соёлын өвийг хамгаалах тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд үйлчилнэ.
3.2. Тусгай хамгаалалтад авсан дурсгалт газар нутгийг хамгаалахтай холбогдсон харилцааг энэ хуулиар, тухайн газарт байрлах түүх, соёлын дурсгалтай холбогдсон харилцааг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
3.3. Энэ хуульд зааснаас бусад газар, ой, ус, амьтан, ургамалтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “байгалийн цогцолборт газар нутаг” гэж байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийг хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, танин мэдэхүй, соёл болон байгалийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийг;
4.1.2. “байгалийн нөөц газар нутаг” гэж байгалийн тодорхой хэв шинж, нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийг;
4.1.3. “дархан цаазат газар нутаг” гэж байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын хатуу дэглэм тогтоосон газар нутгийг;
4.1.4. “дурсгалт газар нутаг” гэж байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх, хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийг;
4.1.5. “менежментийн төлөвлөгөө” гэж тусгай хамгаалалтад авсан газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөсөн дунд хугацааны баримт бичгийг;
4.1.6. “орчны бүс” гэж тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, ашиглалтын явцад үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тогтоосон бүсийг;
4.1.7. “хамгаалалтын захиргаа” гэж тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагыг;
4.1.8. “экологийн даац” гэж экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр байгалийн нөөцийг ашиглах боломжит дээд хэмжээг;
4.1.9. “экологийн холбоос нутаг” гэж амьтан, ургамлын нүүдэллэх, шилжилт хөдөлгөөн хийх, генетик солилцоо явагдах боломжийг хангах зорилго бүхий байгалийн болон нөхөн сэргээгдсэн орон зайг;
4.1.10. “экосистемд суурилсан нөхөн сэргээлт” гэж доройтсон экосистемийн бүтэц, үйл ажиллагаа, биологийн олон янз байдлыг байгалийн жамаар сэргээх арга хэмжээг.
5 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн харилцаанд баримтлах зарчим
5.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн харилцаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.биологийн олон янз байдлыг хамгаалах; 5.1.2.экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах; 5.1.3.шинжлэх ухаанд суурилсан менежмент хэрэгжүүлэх; 5.1.4.нутгийн иргэдийн оролцоог хангах; 5.1.5.экологийн даацад нийцүүлэн байгалийн нөөцийг ашиглах; 5.1.6.ил тод, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх; 5.1.7.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийн тэсвэрт байдлыг хангах; 5.1.8.экосистемийн үнэ цэнэ, биологийн олон янз байдлын алдагдалгүй байх зарчмыг баримтлах.
5.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын зорилгыг алдагдуулж болзошгүй, алдагдуулсан аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
6 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ
6.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ нь дараах газар нутгаас бүрдэнэ:
6.1.1. улсын тусгай хамгаалалттай газар нутаг;
6.1.2. орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг;
6.1.3. олон улсын байгаль хамгааллын зорилго бүхий ангилалд орсон газар нутаг.
6.2. Энэ хуулийн 6.1.3-т заасан газар нутагт хамгаалалтын бүсийн ой болон усны онцгой хамгаалалтын бүсийн газар хамаарна.
6.3. Энэ хуулийн 6.1-д заасан газар нутгийн мэдээллийг олон улсын холбогдох байгууллагад хүргүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ХАМГААЛАЛТАД АВАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
7 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал
7.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн төрөлтэй байна.
7.2. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь дараах ангилалтай байна:
7.2.1.дархан цаазат газар нутаг; 7.2.2.байгалийн цогцолборт газар нутаг; 7.2.3.байгалийн нөөц газар нутаг; 7.2.4.дурсгалт газар нутаг.
7.3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно.
8 дугаар зүйл. Дархан цаазат газар нутгийн шалгуур үзүүлэлт
8.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:
8.1.1. байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрх, анхдагч шинж чанараа хадгалсан газар нутаг;
8.1.2. дэлхийн болон бүс нутаг, үндэсний хэмжээнд ховор, нэн ховор, устах аюулд орсон, эндемик амьтан, ургамлын төрөл, зүйл, тэдгээрийн нүүдэллэх, нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлсэн экосистемийг хадгалан хамгаалах цөм газар нутаг;
8.1.3. гол мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын болон газрын доорх цэнгэг усны нөөц, цэвдэг, ус намгархаг газар, хүлэрт намаг бүхий газар нутаг;
8.1.4. түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газар нутаг;
8.1.5. уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд биологийн олон янз байдал тэсвэрлэн үлдэх боломжтой газар нутаг.
8.2. Дархан цаазат газар нь биологийн олон янз байдал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг урт хугацаанд хадгалах үндсэн хамгаалалтын цөм газар нутаг байна.
Тайлбар: Энэ зүйлд заасан “эндемик зүйл” гэж хөрс, ус, агаар, уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалан хязгаарлагдмал орон зайд тархсан биологийн зүйлийг ойлгоно.
9 дүгээр зүйл. Байгалийн цогцолборт газар нутгийн шалгуур үзүүлэлт
9.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:
9.1.1. байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө хадгалсан газар нутаг;
9.1.2. экологийн хувьд эмзэг, өвөрмөц экосистемийг хадгалах, амьтан, ургамал сэргээн нутагшуулах боломжтой ач холбогдол бүхий газар нутаг;
9.1.3. байгаль, түүх, соёлын үнэт өв, өвөрмөц, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар нутаг;
9.1.4. биологийн олон янз байдлын тархац газар, амьтан, ургамал нүүдэллэх, нөхөн үржих, сэргээн нутагшуулах боломжтой газар нутаг;
9.1.5. гол мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын болон газрын доорх цэнгэг усны нөөц, цэвдэг, усны сан болон ойн сан бүхий газар нутаг;
9.1.6. уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг биологийн олон янз байдал тэсвэрлэн үлдэх боломжтой газар нутаг;
9.1.7. байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий газар нутаг.
9.2. Байгалийн цогцолборт газар нь хамгаалалт, нөхөн сэргээлт, экологийн боловсрол болон байгалийн аялал жуулчлалыг зохистой хослуулсан менежменттэй байна.
10 дугаар зүйл. Байгалийн нөөц газар нутгийн шалгуур үзүүлэлт
10.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:
10.1.1. байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалсан экосистемийн төлөөлөл бүхий газар, экологийн холбоос нутаг;
10.1.2. ховор амьтан, ургамал, эндемик зүйлийг хамгаалах, тэдгээрийн нүүдэллэх, нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх биологийн нөөц газар;
10.1.3. эртний ургамал, амьтдын олдвор бүхий газар;
10.1.4. байгалийн нөөц, түүний үр шим, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах ач холбогдол бүхий газар нутаг;
10.1.5. өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах геологийн нөөц газар нутаг;
10.1.6. гол, мөрөн, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны болон ойн сан бүхий газар нутаг.
10.2. Байгалийн нөөц газар нутагт экологийн даацад нийцүүлэн байгалийн нөөцийг зохистой ашиглаж болно.
11 дүгээр зүйл. Дурсгалт газар нутгийн шалгуур үзүүлэлт
11.1. Дурсгалт газар нутаг нь байгалийн дурсгалт газар, түүх, соёлын дурсгалт газар, дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар гэсэн төрөлтэй байна.
11.2. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:
11.2.1. үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, эртний ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, хүрхрээ, хавцал, агуй, хад цохио, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, галт уулын тогоо бүхий байгалийн дурсгалт газар нутаг;
11.2.2. эртний хүний оромж, хадны зураг, бичээс, буган болон хүн чулуун хөшөө, булш бунхан, эртний хот суурины үлдэгдэл, тахилга, түүхэн чухал үйл явдал болсон газар бүхий түүх, соёлын дурсгалт газар нутаг.
11.3. Дурсгалт газрын хилийн заагийг тухайн дурсгалт зүйлийн онцлог, хамгаалалтын шаардлагад үндэслэн гурван километр хүртэл зайтай тогтоож болно.
11.4. Дурсгалт газрын хамгаалалтын дэглэм нь тухайн дурсгалт зүйлийн эх төрх, үзэмж, түүхэн үнэ цэнийг хадгалахад чиглэнэ.
12 дугаар зүйл. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн шалгуур үзүүлэлт
12.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно:
12.1.1. гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар болон ус, рашааны нөөц бүхий газар нутаг;
12.1.2. амьтан, ургамлын зүйлийг хамгаалах, нүүдэллэх, нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх экологийн холбоос нутаг;
12.1.3. түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутаг;
12.1.4. нутгийн иргэдийн ахуй, соёл, уламжлал, нүүдлийн соёлыг хадгалах ач холбогдол бүхий газар нутаг;
12.1.5. цөлжилтөд хүчтэй өртсөн, нөхөн сэргээх шаардлагатай газар нутаг;
12.1.6. экосистемийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр байгалийн нөөцийг зохистой ашиглах боломжтой газар нутаг;
12.1.7. аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутаг;
12.1.8. хиймэл нуур, цөөрөм, таримал ой, ногоон байгууламж бүхий газар нутаг.
12.2. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зорилго нь тухайн орон нутгийн тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдал, уламжлалт ахуйг хамгаалах байна.
12.3. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт энэ хуульд заасан бүсчлэл, хамгаалалтын дэглэмийг тухайн газар нутгийн онцлогт нийцүүлэн хэрэглэж болно.
13 дугаар зүйл. Газар нутгийг тусгай хамгаалалтад авахад бүрдүүлэх баримт бичиг
13.1. Газар нутгийг тусгай хамгаалалтад авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
13.1.1.шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа; 13.1.2.хилийн зааг, байршлын зураглал; 13.1.3.экологийн үнэлгээ; 13.1.4.харьяалах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал.
14 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох
14.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг кадастрын зураглал, солбицлоор тогтооно.
14.2. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг Улсын Их Хурал, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
14.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийн мэдээллийг газрын нэгдмэл сангийн цахим системд бүртгэнэ.
15 дугаар зүйл. Улсын хил орчмын болон хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутаг
15.1. Хамгаалалтын захиргаа улсын хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг хил хамгаалах байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
15.2. Хил орчмын тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх хамгаалалтын болон хил орчмын хамтарсан дэглэмийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын хил хамгаалах байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газар батална.
15.3. Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, дэлхийн өв, шим мандлын нөөц газар болон хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох стандартад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БҮС, ДЭГЛЭМ
16 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүс
16.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь дотоод болон орчны бүстэй байна.
17 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс
17.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь дараах дотоод бүстэй байна:
17.1.1.онгон бүс; 17.1.2.онцгой бүс; 17.1.3.хамгаалалтын бүс; 17.1.4.хязгаарлалтын бүс.
18 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг тогтоох, өөрчлөх үндэслэл
18.1. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын онгон, онцгой, хамгаалалтын болон хязгаарлалтын бүсийн хилийн заагийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
18.2. Байгалийн нөөц газар нутаг, дурсгалт газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
18.3. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
18.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг тогтоохдоо шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт, экологийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, олон нийтийн оролцоо, харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэнэ.
18.5. Энэ хуулийн 18.1, 18.2, 18.3, 18.4-т заасны дагуу бүс, түүний хилийн заагийг тогтоохдоо хамгаалалтын түвшинг бууруулах, хилийн заагийг дотогш нь хумьж өөрчлөхийг хориглоно.
19 дүгээр зүйл. Онгон бүсийн дэглэм
19.1. Онгон бүсэд зөвхөн хамгаалалт, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулна.
19.2. Онгон бүсэд байгалийн унаган төрхийг өөрчлөх аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
20 дугаар зүйл. Онцгой бүсийн дэглэм
20.1. Онцгой бүсэд судалгаа, мониторинг, нөхөн сэргээлтийн арга хэмжээ хэрэгжүүлж болно.
21 дүгээр зүйл. Хамгаалалтын бүсийн дэглэм
21.1. Хамгаалалтын бүсэд байгалийн нөөцийг зөвхөн нутгийн иргэдийн ахуйн хэрэглээнд экологийн даацад нийцүүлэн ашиглах, нөхөн сэргээх, байгалийн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж болно.
22 дугаар зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм
22.1. Хязгаарлалтын бүсэд экологийн даац, менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн судалгаа, шинжилгээ, аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуй, өвөлжөө, хаваржаа, хадлан бэлтгэлийн зориулалтаар болон нутгийн иргэний ахуйн хэрэглээний байгалийн ургамал, ойн дагалт баялгийг ашиглаж болно.
22.2. Экологийн холбоос нутгийг тасалдуулах дэд бүтэц, хашаа, байгууламж барих болон тогтоосон зам, маршрут, байршлаас гадуур тээврийн хэрэгслээр зорчих, шинээр зам гаргахыг хориглоно.
22.3. Шаардлагатай тохиолдолд амьтны нүүдэллэх, шилжилт хөдөлгөөнийг хангах гарц, гарам байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
22.4. Тусгай хамгаалалттай газар нутагт энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн хот, суурингийн суурьшлын бүсэд хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоож болно.
22.5. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурал тогтооно.
22.6. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг өргөтгөх, тусгай хамгаалалттай газар нутагт шинээр суурьшлын бүс байгуулахыг хориглоно.
22.7. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоох нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хамгаалалтын зорилго, эрх зүйн байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй.
22.8. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн менежмент, газар ашиглалт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг дараах баримт бичгийг үндэслэн Засгийн газар баталж, хэрэгжүүлнэ:
22.8.1.хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө; 22.8.2.инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төлөвлөгөө; 22.8.3.ус ашиглалт, бохир ус, хог хаягдлын менежментийн төлөвлөгөө.
22.9. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсэд хүн амын нягтаршил, ус ашиглалт, авто тээврийн ачаалал, бохир ус, хог хаягдлын хэмжээ нь экологийн даацаас хэтрэхгүй байна.
22.10. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн газар ашиглалт, барилга байгууламжтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хуулиар зохицуулна.
23 дугаар зүйл. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газар нутагт хориглох үйл ажиллагаа
23.1. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
23.1.1. газар хагалах, газрын хэвлийг ухах, тэсэлгээ хийх, элс, хайрга, чулуу олборлох, байгалийн төлөв байдлыг өөрчлөх;
23.1.2. ашигт малтмал, газрын тос эрэх, хайх, олборлох, ашиглах, баяжуулах;
23.1.3. байгалийн болон түүх, соёлын өвийн дурсгалт зүйлийг эвдэх, сүйтгэх, гэмтээх;
23.1.4. хөрс, ус, агаар орчныг бохирдуулах;
23.1.5. харь зүйлийн амьтан, ургамал нутагшуулах;
23.1.6. экологийн холбоос нутгийг хаах, хязгаарлах;
23.1.7. химийн хорт болон аюултай бодис ашиглах, хаях;
23.1.8. байгалийн унаган төрхийг алдагдуулах барилга байгууламж барих.
23.2. Дархан цаазат газрын онгон болон онцгой бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ, мал бэлчээх, хадлан бэлтгэх, мод, ойн дагалт баялгийг ашиглах, тээврийн хэрэгслээр тогтоосон маршрутаас гадуур зорчихийг хориглоно.
23.3. Байгалийн цогцолборт газар нутгийн онгон болон онцгой бүсэд зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, бартаат замын зориулалттай тээврийн хэрэгслээр зорчих, амьтан үргээх, амьтан, ургамлын өсөлт, үржилтэд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
23.4. Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 23.1.1-23.1.8-д заасан үйл ажиллагаанаас гадна менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагааг хориглоно.
23.5. Хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 23.1.1-23.1.8-д заасан үйл ажиллагаанаас гадна менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламж барих, экологийн даац хэтрүүлэн байгалийн нөөц ашиглах, тогтоосон зам, маршрутаас гадуур тээврийн хэрэгслээр зорчихийг хориглоно.
24 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс
24.1. Тусгай хамгаалалттай газар нутгийг сөрөг нөлөөллөөс хамгаалах, экологийн холбоос, усны эх, амьтан, ургамлын амьдрах орчин, нүүдэллэх болон нөхөн үржих нөхцөлийг хадгалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас гурван километрээс доошгүй байхаар орчны бүсийг тогтоож болно.
24.2. Орчны бүсийн хилийн зааг, дэглэм, ашиглалтын нөхцөлийг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хамгаалалтын зорилго, экологийн даац, газар ашиглалтын онцлог, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, нутгийн иргэдийн уламжлалт ахуй зэргийг харгалзан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
24.3. Орчны бүсийн хилийн заагийг тогтоохдоо шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт, экологийн үнэлгээ, газрын кадастрын мэдээллийг үндэслэн харьяалах Засаг даргын болон нутгийн иргэдийн саналыг харгалзан үзнэ.
24.4. Орчны бүсэд газар болон байгалийн нөөц ашиглалт, аялал жуулчлал, дэд бүтцийн үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын зорилго, экологийн даацад нийцүүлэн зохицуулна.
24.5. Орчны бүсийн менежментэд нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор орчны бүсийн зөвлөлийг байгуулан ажиллана.
24.6. Орчны бүсийн зөвлөлийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан тусгай хамгаалалтын захиргаанаас санаачлан байгуулна.
24.7. Орчны бүс нь жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх бөгөөд төлөвлөгөөнд байгаль хамгаалал, аялал жуулчлал, нутгийн иргэдийн оролцоо, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тусгана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЕНЕЖМЕНТ
25 дугаар зүйл. Судалгаа шинжилгээ
25.1. Хамгаалалтын захиргаа тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчны төлөв байдал, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний судалгаа, мониторингийг тогтмол хийнэ.
25.2. Судалгаа шинжилгээний ажлыг шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж болно.
25.3. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээ хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26 дугаар зүйл. Менежментийн зарчим
26.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент нь дараах зарчимд үндэслэнэ:
26.1.1.шинжлэх ухаанд суурилсан байх; 26.1.2.экологийн даацад нийцсэн байх; 26.1.3.нутгийн иргэдийн оролцоог хангах; 26.1.4.хамтын менежментийг дэмжих; 26.1.5.санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй байх; 26.1.6.ил тод, хариуцлагатай байх; 26.1.7.мониторингийн мэдээлэлд үндэслэсэн байх.
27 дугаар зүйл. Менежментийн төлөвлөгөө
27.1. Тусгай хамгаалалттай газар нутаг бүр орон зайн төлөвлөлт дээр суурилсан менежментийн төлөвлөгөөтэй байна.
27.2. Менежментийн төлөвлөгөө нь 5 жилийн хугацаатай байх бөгөөд дараах асуудлыг тусгана:
27.2.1.хамгаалалтын зорилго; 27.2.2.хамгааллын үнэт зүйл, биологийн олон янз байдлын хамгаалал; 27.2.3.дотоод бүс; 27.2.4.экологийн холбоос; 27.2.5.байгалийн нөөцийн ашиглалт; 27.2.6.аялал жуулчлалын менежмент; 27.2.7.судалгаа шинжилгээ; 27.2.8.санхүүжилтийн эх үүсвэр; 27.2.9.хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт; 27.2.10.нутгийн иргэдийн оролцоо; 27.2.11.нөхөн сэргээлтийн арга хэмжээ; 27.2.12.энэ хуулиар зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаа.
27.3. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгалийн нөөц газар, дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
27.4. Хоёр ба түүнээс дээш аймгийн газар нутгийг дамнан орших байгалийн нөөц болон дурсгалт газар нутгийн менежментийн төлөвлөгөөг харьяалах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна.
27.5. Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
27.6. Хамгаалалтын захиргаа тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.
27.7. Менежментийн төлөвлөгөөг батлахын өмнө нутгийн иргэд, газар ашиглагч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангасан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
27.8. Менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хоёр жил тутам үнэлгээ хийнэ.
27.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх журмыг Засгийн газар батална.
27.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, бүсчлэл, экологийн даац, хамгаалалтын асуудлаар Шинжлэх ухааны зөвлөл ажиллаж болно.
27.11. Шинжлэх ухааны зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28 дугаар зүйл. Менежментийн хэлбэр
28 .1. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
28.1.1.төрийн менежмент; 28.1.2.гэрээгээр хэрэгжүүлэх менежмент; 28.1.3.хамтын менежмент.
28 .2. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн хэрэгжилтийн удирдлага зохион байгуулалтын асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.
28 .3. Хамгаалалтын захиргаа нь өөрийн хариуцсан тусгай хамгаалалттай газар нутагт менежментийг хариуцан хэрэгжүүлнэ.
28 .4. Энэ хуулийн 28.3-т зааснаас гадна хоёр ба түүнээс дээш тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг нэг хамгаалалтын захиргаа хариуцан хэрэгжүүлж болно.
29 дугаар зүйл. Менежментийг гэрээгээр хэрэгжүүлэх
29.1. Байгалийн цогцолборт болон байгалийн нөөц газар нутаг, дурсгалт газар нутгийн менежментийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.
29.2. Менежментийг гэрээгээр хэрэгжүүлэх төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
29.2.1.байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа тогтмол явуулдаг байх; 29.2.2.мэргэжлийн хүний нөөцтэй байх; 29.2.3.санхүүгийн чадавхтай байх.
29.3. Менежментийг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулна.
29.4. Менежментийн гэрээний хугацаа 15 жил байх бөгөөд нэг удаа сунгах хугацаа 15 жилээс доошгүй байна.
29.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг гэрээгээр хэрэгжүүлэгч этгээд нь тайлангаа тухайн жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
29.6. Менежментийн гэрээний загварыг Засгийн газар батална.
29.7. Менежментийн гэрээний хэрэгжилтийг хоёр жил тутам дүгнэх бөгөөд гэрээний нөхцөл хангаагүй тохиолдолд гэрээг цуцалж болно.
29.8. Менежментийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагад гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ.
30 дугаар зүйл. Ойн менежмент, нөхөн сэргээлт, түймрийн хамгаалалт
30.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь ойн сан бүхий газартай давхацсан бол ойн арчилгаа, цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийг дэглэмд нийцүүлэн хуульд заасны дагуу хийнэ.
30.2. Ойн түймэр, ойн хөнөөлт организм, харь зүйлийн ургамлын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үр дагаврыг нь арилгах арга хэмжээг хамгаалалтын захиргаа нь сум, сум дундын ойн ангитай хамтран хэрэгжүүлнэ.
30.3. Доройтсон экосистемд суурилсан нөхөн сэргээлт, унаган зүйлийн ургамал, амьтныг сэргээн нутагшуулалтын арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлж болно.
31 дүгээр зүйл. Нутгийн иргэн болон хамтын менежмент
31.1. Нутгийн иргэн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, менежментэд оролцох эрхтэй.
31.2. Хамгаалалтын захиргаа нутгийн иргэдийн уламжлалт мэдлэг, арга ухааныг хамгаалалт, менежментэд ашиглаж, тэдний оролцоо, ашиг хүртэх нөхцөлийг хангаж ажиллана.
31.3. Байгалийн нөөцийн хамтын менежментийг нутгийн иргэдийн нөхөрлөл, холбоогоор хэрэгжүүлж болно.
31.4. Нутгийн иргэн ойн дагалт баялаг, байгалийн ургамлыг ахуйн хэрэглээнд ашиглаж болно.
31.5. Ахуйн хэрэглээнд ашиглах байгалийн ургамал, ойн дагалт баялгийн төрөл, хэмжээ, улирлын хязгаарыг хамгаалалтын захиргаа экологийн даацад үндэслэн тогтооно.
Тайлбар: Энэ зүйлд заасан “ахуйн хэрэглээ” гэж тухайн өрхийн өдөр тутмын хэрэглээг хангах зорилгоор үйлдвэрлэлийн бус хэмжээнд байгалийн нөөц ашиглахыг ойлгоно.
ТАВДУГААР БҮЛЭГТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
32 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалт
32.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
32.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь менежментийн төлөвлөгөөтэй уялдсан байна.
33 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах зориулалт
33.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд дараах зориулалтаар газрыг гэрээгээр ашиглуулж болно:
33.1.1.аялал жуулчлалын; 33.1.2.судалгаа, шинжилгээний; 33.1.3.өвөлжөө, хаваржааны; 33.1.4.дэд бүтцийн.
33.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18-д заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын болон судалгаа, шинжилгээний зориулалтаар газар ашиглуулах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар Монгол Улсын хуулийн этгээдэд олгоно.
34 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлал
34.1. Тусгай хамгаалалттай газар нутагт экологийн даацад нийцсэн байгалийн аялал жуулчлалыг дэмжинэ.
34.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 34.1-д заасан экологийн даацыг дараах үзүүлэлтээр тогтооно:
34.2.1.нэг өдөр хүлээн авах жуулчны дээд тоо; 34.2.2.тээврийн хэрэгслийн тоо; 34.2.3.отоглох цэг болон жуулчны байр, сууцны багтаамж; 34.2.4.ус ашиглалтын хэмжээ; 34.2.5.хог хаягдлын ачаалал; 34.2.6.хөрсний доройтол; 34.2.7.амьтан, ургамалд үзүүлэх нөлөөлөл; 34.2.8.шаардлагатай бусад.
34.3. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдэд дараах шаардлагыг тавина:
34.3.1. аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах;
34.3.2. стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн отоглох цэгтэй байх;
34.3.3. байгальд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн байгууламжтай байх;
34.3.4. үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;
34.3.5. галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын шаардлагыг сахин биелүүлэх;
34.3.6. хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх;
34.3.7. тогтоосон зам, маршрутын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх;
34.3.8. нутгийн иргэдийн оролцоог хангасан байх.
34.4. Хамгаалалтын захиргаа энэ хуулийн 34.3.3-т заасан шаардлагыг зөрчиж, барилга байгууламж барьсан тохиолдолд түүнийг албадан буулгах хүсэлтийг шүүхэд гаргана.
34.5. Нуур, гол мөрөн дээрх аялал жуулчлалын усан тээврийн хэрэгслийн төрөл, хөдөлгүүрийн хүчин чадал, тоо хэмжээг экологийн даацад үндэслэн тогтооно.
34.6. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах бүс, өндөр, хугацааг Иргэний нисэхийн тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн хамгаалалтын захиргаа тогтооно.
34.7. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн амьтан, ургамлын үржлийн болон эмзэг үед тодорхой бүсэд аялал жуулчлалыг түр хязгаарлаж болно.
34.8. Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулахдаа хоорондын зайг гурван километрээс доошгүй байхаар орон зайн төлөвлөлтийг хийнэ.
35 дугаар зүйл. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар ашиглах
35.1. Тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуй үе дамжин эрхэлж ирсэн малчин өрхөд энэ хуулийн 33.1.3-т заасан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газрыг ашиглуулна.
35.2. Өвөлжөө, хаваржааны зориулалттай газарт гэр, сууц, хашаа хороо, агуулах, пүнз барьж болно.
35.3. Өвөлжөө, хаваржааны доорх газрыг гэр бүлийн өвлөх эрх бүхий нэг этгээд үе дамжин ашиглаж болно.
35.4. Тусгай хамгаалалттай газар нутагт бэлчээр ашиглалт, хадлан бэлтгэлийг экологийн даацад тулгуурлан зөвшөөрч болно.
35.5. Нутгийн иргэд ахуйн хэрэглээнд түлээ, малын хашааны шургааг бэлтгэж болно.
35.6. Бэлчээрийн даац, малын тоо, улирлын ашиглалтын хэмжээг хамгаалалтын захиргаа, харьяалах Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
36 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газрыг ашиглуулах
36.1. Энэ хуулийн 33.1.1, 33.1.2-т заасан зориулалтаар газар ашиглах төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдтэй шийдвэр гаргаснаас хойш 30 хоногт багтаан хамгаалалтын захиргаа гэрээ байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулна.
36.2. Малчин өрх өвөлжөө, хаваржааны газар ашиглах хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд хүсэлтдээ тухайн тусгай хамгаалалттай газар нутагт үе дамжин мал маллаж ирснийг нотлох лавлагааг хавсаргана.
36.3. Энэ хуулийн 33.1.4-т заасан дэд бүтцийн зориулалтын хүрээнд барих эрчим хүч, цахилгаан холбоо, авто зам, усан зогсоол, авто зогсоолын барилга, байгууламжийн доорх газрыг тухайн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад менежментийн төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ашиглуулна.
37 дугаар зүйл. Газар ашиглуулах хугацаа, гэрээ
37.1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээний нийт хугацаа нь 60 жил байна.
37.2. Газар ашиглуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:
37.2.1. ашиглах зориулалт, хугацаа, нөхцөл, хамгаалалтын шаардлага;
37.2.2. тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө;
37.2.3. талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ дүгнэх, сунгах, дуусгавар болох үндэслэл;
37.2.4. гэрээ дуусгавар болсон тохиолдолд уг газрыг нөхөн сэргээх, хүлээлгэн өгөх нөхцөл, журам;
37.2.5. байгаль орчны нарийвчилсан үнэлгээ.
37.3. Газар ашиглуулах гэрээг 15 жил тутамд дүгнэнэ.
37.4. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрээний загварыг Засгийн газар батална.
38 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахад хязгаарлалт тогтоох
38.1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалтад дараах тохиолдолд хязгаарлалт тогтооно:
38.1.1. байгалийн гамшиг, аюулт үзэгдэл үүссэн;
38.1.2. байгалийн нөөц, даац хомсдох, амьтан, ургамлын амьдрах орчин доройтсон;
38.1.3. биологийн олон янз байдал болон экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэсэн нөхцөл бий болсон;
38.1.4. байгалийн унаган төрх, хэв шинж өөрчлөгдөх, экологийн холбоос алдагдахад хүргэхүйц нөхцөл байдал үүссэн.
39 дүгээр зүйл. Гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл
39.1. Газар ашиглуулах гэрээг дараах үндэслэлээр хугацаанаас өмнө нь цуцална:
39.1.1. газрыг өөр зориулалтаар ашигласан, гэрээний нөхцөлийг зөрчсөн;
39.1.2. газрын төлөв байдал, чанарыг доройтуулсан, байгаль орчныг бохирдуулсан нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоогдсон;
39.1.3. стандарт, техникийн зохицуулалтын дагуу хог хаягдал, ариун цэврийн байгууламж барьж ашиглаагүй;
39.1.4. газраа бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь бусдад дамжуулан ашиглуулсан, шилжүүлсэн, барьцаалсан;
39.1.5. тухайн газарт тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн;
39.1.6. газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй;
39.1.7. тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмд зөвшөөрөгдөөгүй болон энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
39.1.8. менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хоёр ба түүнээс дээш удаа хэрэгжүүлээгүй;
39.1.9. хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан.
39.2. Гэрээг цуцалсан, эсхүл гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг нөхөн сэргээж хүлээлгэн өгнө.
ЗУРГАДУГААР БҮЛЭГТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН КАДАСТР, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМ
40 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастр
40.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, мэдээллийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хариуцна.
40.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураглалыг гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
40.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураглал гүйцэтгэсэн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
40.4. Кадастрын зураглалын мэдээлэлд тусгай хамгаалалттай газар нутаг, түүний дотоод болон орчны бүс, экологийн холбоос, хөрс, ус, ургамал, аялал жуулчлалын отоглох цэг, байр, сууц, дэд бүтэц болон хуульд заасан бусад мэдээллийг тусгана.
40.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын мэдээллийн сан нь геодези, зураг зүйн улсын нэгдсэн сангийн дэд сан байна.
40.6. Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын мэдээллийн сан нь газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системтэй уялдсан байна.
40.7. Тусгай хамгаалалттай газар нутаг, түүний бүсийн хилийн заагийн өөрчлөлтийг тухай бүрд бүртгэнэ.
41 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн цахим систем
41.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн цахим системийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
41.2. Мэдээллийн цахим систем нь дараах мэдээллээс бүрдэнэ:
41.2.1.тусгай хамгаалалттай газар нутгийн байршил, хилийн зааг; 41.2.2.менежментийн төлөвлөгөө; 41.2.3.судалгаа, мониторингийн мэдээлэл; 41.2.4.аялал жуулчлалын маршрут, отоглох цэг; 41.2.5.газар ашиглалтын мэдээлэл; 41.2.6.байгалийн нөөцийн ашиглалт; 41.2.7.ой хээргийн түймэр, гамшгийн мэдээлэл; 41.2.8.хиймэл дагуул, зайны тандан судалгааны мэдээлэл; 41.2.9.экологийн холбоос нутаг, амьтан, ургамлын шилжилт хөдөлгөөний мэдээлэл.
41.3. Төрийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.
41.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн цахим сангийн өмчлөгч нь төр байна.
ДОЛДУГААР БҮЛЭГТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
42 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
42 .1. Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
42.1.1.газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах; 42.1.2.ангилал, хилийн заагийг батлах; 42.1.3.төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох; 42.1.4.хуулийн хэрэгжилтэд хяналт тавих.
43 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
43.1. Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
43.1.1. төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
43.1.2. хамгаалалтын захиргаа байгуулах;
43.1.3. санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;
43.1.4. тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг өргөжүүлэх, хөгжүүлэх зорилгоор дотоод болон гадаадын байгууллага, гадаад улсын Засгийн газартай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, хамтран ажиллах;
43.1.5. хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн менежментийг хэрэгжүүлэх, хяналт тавих;
43.1.6. энэ хуульд заасан хүрээнд дотоод бүсчлэл өөрчлөх санал боловсруулах, үнэлэх, хэлэлцүүлэх нийтлэг журмыг батлах.
44 дүгээр зүйл. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
44 .1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
44 .1.1. тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
44 .1.2. дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөг батлах;
44 .1.3. газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах зорилгоор энэ хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэх, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах;
44 .1.4. улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
44 .1.5. тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд ашиглаж болох газар, түүний хэмжээг тогтоох;
44 .1.6. тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын болон судалгаа, шинжилгээний зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг олгох;
44 .1.7. хамгаалалтын захиргааны даргыг томилох, хамгаалалтын захиргааны хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих;
44 .1.8. тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг эрхлэх аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
44 .1.9. тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ болон кадастр, мэдээллийн системийг эрхлэх;
44 .1.10. экологийн даац тогтоох;
44 .1.11. аялал жуулчлалын маршрут батлах;
44 .1.12. судалгаа шинжилгээний аргачлал батлах;
44 .1.13. экологийн даац тооцох аргачлал батлах.
45 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
45.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
45.1.1. нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, түүний хилийн заагийг батлах;
45.1.2. нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх тухай саналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах;
45.1.3. байгалийн нөөц газар, дурсгалт газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг батлах, түүнийг хэрэгжүүлэх төсвийг орон нутгийн төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих;
45.1.4. тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд нутгийн иргэдийн оролцоог хангах.
46 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх
46.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
46.1.1. байгалийн нөөц, дурсгалт болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
46.1.2. орчны бүсийн үйл ажиллагааг зохион байгуулах;
46.1.3. гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хор уршгийг арилгах арга хэмжээг хамгаалалтын захиргаатай хамтран авах;
46.1.4. гамшгийн үед тусгай хамгаалалттай газар нутагт мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх ажлыг хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулах.
47 дугаар зүйл. Хамгаалалтын захиргааны чиг үүрэг
47.1. Хамгаалалтын захиргаа нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд ажиллах бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага мөн.
47.2. Хамгаалалтын захиргаа дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
47.2.1. тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, хамгаалалтын дэглэм, хамгаалалтын горимын биелэлтийг хангах;
47.2.2. менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
47.2.3. тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэх;
47.2.4. хяналт шалгалт хийх;
47.2.5. тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын болон нөхөн сэргээлтийн арга хэмжээг зохион байгуулах;
47.2.6. зөвшөөрөгдсөн бүсэд дэд бүтэц, барилга байгууламжийн ажлыг зохих зөвшөөрлийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих;
47.2.7. аялал жуулчлалын үйл ажиллагаанд зохицуулалт хийх;
47.2.8. шинжилгээ судалгаа хийх, дээж, сорьц авах;
47.2.9. нутгийн иргэдтэй хамтран ажиллах.
47.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагад энэ хуулийн 47.2-т заасан зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр менежментийн гэрээнд тусгаж болно.
48 дугаар зүйл. Байгаль хамгаалагч, улсын байцаагчийн эрх
48.1. Байгаль хамгаалагч, улсын байцаагч дараах эрхтэй байна:
48.1.1.хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих; 48.1.2.зөрчлийг таслан зогсоох; 48.1.3.шаардлага тавих; 48.1.4.зөрчил шалгах; 48.1.5.Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай хэрэгсэл хэрэглэх.
48.2. Байгаль хамгаалагчийг дүрэмт хувцас, холбоо, техник хэрэгсэл, уналгаар хангана.
48.3. Байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг даатгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын баталгаагаар хангана.
48.4. Байгаль хамгаалагчийн хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна.
48.5. Байгаль хамгаалагч нь хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоох, шалгах, хууль бусаар хэрэглэгдэж байгаа багаж, хэрэгслийг түр хураах эрхтэй.
НАЙМДУГААР БҮЛЭГСАНХҮҮЖИЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТ
49 дүгээр зүйл. Менежментийн санхүүжилт
49.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны суурь зардал болон менежментийн төлөвлөгөөнд суурилсан үр дүнгийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
49.2. Энэ хуулийн 49.1-д заасан менежментийн төлөвлөгөөнд суурилсан үр дүнгийн санхүүжилтийг олон улсын байгууллагын хандив, тусламжаар санхүүжүүлж болно.
49.3. Энэ хуулийн 49.1-д заасан санхүүжилт, зардлыг төлөвлөх, тайлагнах, хяналт тавих журам, үр дүнгийн шалгуур үзүүлэлт тооцох аргачлалыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
50 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн нэмэлт орлого
50.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор дараах нэмэлт орлогын эх үүсвэртэй байж болно:
50.1.1.нэвтрэх хураамж; 50.1.2.нүүрстөрөгчийн кредит; 50.1.3.биологийн олон янз байдлын кредит; 50.1.4.хандив, буцалтгүй тусламж; 50.1.5.олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт; 50.1.6.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
50.2. Хамгаалалтын захиргаа энэ хуулийн 50.1-д заасан нэмэлт орлогыг тусгай хамгаалалтын газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд тусгаж дараах арга хэмжээнд зарцуулна:
50.2.1.тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт; 50.2.2.мониторинг, судалгаа, экологийн холбоос нутгийг хамгаалах; 50.2.3.байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөлийг сайжруулах; 50.2.4.экосистемд суурилсан нөхөн сэргээлтийн арга хэмжээ.
50.3. Энэ хуулийн 50.1-д заасан нэмэлт орлого нь тухайн байгууллагын улсын болон орон нутгийн төсөвт татан төвлөрүүлэх, энэ хуульд зааснаас бусад зориулалтаар шилжүүлэн хуваарилж зарцуулахыг хориглоно.
50.4. Энэ хуулийн 50.1.1-д заасан тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох аргачлал болон нэвтрэх хураамж авах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
51 дүгээр зүйл. Хамгаалалтын захиргааны туслах үйл ажиллагааны орлого
51.1. Хамгаалалтын захиргаа нь байгаль хамгаалал, экологийн боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн үйлчилгээ, судалгаа, экосистемийн үйлчилгээтэй холбоотой энэ зүйлд заасан туслах үйл ажиллагаа явуулж, нэмэлт орлого олж болно.
51.2. Хамгаалалтын захиргааны туслах үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын зорилго, экологийн даац, менежментийн төлөвлөгөөнд нийцсэн байна.
51.3. Төсвийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хамгаалалтын захиргаа дараах туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно:
51.3.1.жуулчны мэдээллийн төв; 51.3.2.отоглох цэгийн хураамж; 51.3.3.хөтөч, тайлбарлагчийн үйлчилгээ; 51.3.4.экологийн боловсролын үйлчилгээ; 51.3.5.маршрут, зөвшөөрлийн үйлчилгээ; 51.3.6.судалгаа, мониторингийн үйлчилгээ; 51.3.7.брэнд бүтээгдэхүүн, сурталчилгааны үйлчилгээ; 51.3.8.экосистемийн үйлчилгээний төлбөрт үйлчилгээ; 51.3.9.хуулиар зөвшөөрсөн бусад.
51.4. Хамгаалалтын захиргаа энэ хуулийн 51.3-т заасан туслах үйл ажиллагааны орлогыг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, хяналт, судалгаа, дэд бүтэц, байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөлийг сайжруулахад зарцуулна.
51.5. Хамгаалалтын захиргааны туслах үйл ажиллагааг тодорхойлох, төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
51.6. Хамгаалалтын захиргааны төлбөрт үйлчилгээний орлогын тайланг жил бүр олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
52 дугаар зүйл. Нүүрстөрөгчийн болон биологийн олон янз байдлын кредит
52.1. Тусгай хамгаалалттай газар нутагт нүүрстөрөгчийн болон биологийн олон янз байдлын кредитийн төсөл хэрэгжүүлж болно.
52.2. Кредитийн орлогыг хамгаалалт, нөхөн сэргээлт, менежментэд зарцуулна.
52.3. Нүүрстөрөгчийн болон биологийн олон янз байдлын кредиттэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна.
53 дугаар зүйл. Төсвийн зарцуулалт, ил тод байдал
53.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн мэдээлэл ил тод байх бөгөөд санхүүжилтийн тайланг жил бүр олон нийтэд мэдээлнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
54 дүгээр зүйл. Хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт
54.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд тавих хяналт нь төрийн, олон нийтийн, дотоод хяналт гэсэн төрөлтэй байна.
54.2. Төрийн хяналтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
54.3. Олон нийтийн хяналтыг иргэн, нөхөрлөл, мэргэжлийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
54.4. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа этгээд өөрийн үйл ажиллагаандаа дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.
55 дугаар зүйл. Хилийн заагийн маргаан шийдвэрлэх журам
55 .1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийн маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
56 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
56.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
56.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
56.3. Хууль зөрчсөний улмаас тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
