Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 1-Р САРЫН 9 ӨДӨР
УЛААНБААТАР

Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, суурь бүтэц барих, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлТөмөр замын тээврийн тухай хууль тогтоомж
2.1Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэртэй холбоотой харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.
3.2Метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг барих, ашиглахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“төмөр замын тээвэр” гэж төмөр замын тээвэрлэлт болон түүнд зориулагдсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, бусад байгууламж, тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний технологийн иж бүрдлийг;
4.1.2“төмөр замын тээвэрлэлт” гэж зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэхэд бэлтгэх, тээвэрлэх, тээвэрлэлтийг дуусгахтай холбоотой технологийн харилцан уялдаатай цогц ажил үйлчилгээг;
4.1.3“тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн гэрээний дагуу төмөр замаар зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
4.1.4“төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч” гэж төмөр замын суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.5“төмөр замын тээврийн байгууллага” гэж тээвэрлэгч, төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийг;
4.1.6“төмөр замын суурь бүтэц” гэж төмөр замын дээд, доод бүтэц, гүүр, хоолой, өртөө, зөрлөг, эрчим хүч, усан хангамж, дохиолол, холбоо, мэдээлэл, сүлжээ, техник, технологи бүхий инженерийн байгууламжийг;
4.1.7“нийтийн зориулалттай төмөр зам” гэж төмөр замын суурь бүтэц бүхий нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, нийтэд тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай төмөр замыг;
4.1.8“тусгай зориулалтын төмөр зам” гэж төмөр замын суурь бүтэц бүхий аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд зориулагдсан, гэрээний үндсэн дээр нийтэд тээврийн үйлчилгээ үзүүлэх төмөр замыг;
4.1.9“салбар зам” гэж ачаа ачих, буулгах зам талбай, хүлээн авах, олгох, хадгалах үйлчилгээ үзүүлэх болон бусад зориулалттай байгууламж бүхий төмөр замыг;
4.1.10“хөдлөх бүрэлдэхүүн” гэж тээвэрлэлтэд ашиглаж байгаа зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон, төмөр замаар явагч тусгай зориулалтын техник хэрэгслийг;
4.1.11“хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч” гэж энэ хуулийн 4.1.10-д заасан техник хэрэгслийг эзэмшиж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.12“галт тэрэг” гэж чиглэлийн дугаар, зүтгүүр бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг;
4.1.13"зорчигч" гэж төмөр замаар зорчиж буй зорчих тасалбар, түүнтэй адилтгах баримт бичигтэй хүнийг;
4.1.14“ачаа” гэж вагон, чингэлгээр тээвэрлэхээр зохих журмын дагуу хүлээн авсан эд зүйлсийг;
4.1.15“аюултай ачаа” гэж төмөр замын тээвэрлэлт, ачилт, буулгалт, хадгалалтын явцад хүний эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулах, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл үүсгэх, улмаар тэсэрч, дэлбэрэх, шатах шинж чанартай, үхэл, хордлого, түлэгдэлт, өвчин, осол үүсгэж болзошгүй химийн бодис, бүтээгдэхүүн, эд зүйлсийг;
4.1.16”төмөр замын чиглэл” гэж төмөр замын эхлэл, төгсгөлийг тогтоосон байршлыг;
4.1.17“төмөр замын чиг” гэж төмөр замын чиглэлийн дагуух солбилцлын цэгүүдийг;
4.1.18“төмөр замын цариг” гэж төмөр замын хос зам төмрийн дотор талын ажлын ирмэг хоорондын зайг;
4.1.19“галт тэрэгний хөдөлгөөний зурмаг” гэж галт тэрэгний явах, өнгөрөх, ирэх хугацааг заасан технологийн баримт бичгийг;
4.1.20“төмөр замын объект” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон техник, тоног төхөөрөмжийг;
4.1.21“төмөр замын аюулгүй байдал алдагдах” гэж төмөр замын технологийн горим зөрчигдсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүн, хуулийн этгээдийн өмчид хохирол учруулах осол, зөрчлийг;
4.1.22“төмөр замын өртөө” гэж галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, зорчигчдод үйлчлэх, ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох болон сэлгээний ажлыг хэвийн гүйцэтгэх зам, төхөөрөмж, байгууламж бүхий төмөр замын суурь бүтцийн хэсгийг;
4.1.23“төмөр замын гарам” гэж төмөр зам авто замтай нэг түвшинд огтлолцсон уулзварыг;
4.1.24“тусгай зориулалтын багаж, хэрэгсэл” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах хатуу бүртгэл, дугаар, хяналттай ашиглах багаж, хэрэгслийг;
4.1.25“ачаан тээш” гэж хүн, хуулийн этгээдээс тээшийн вагоноор тээвэрлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн эд зүйлсийг;
4.1.26“ачаан тээш” гэж хүн, хуулийн этгээдээс тээшийн вагоноор тээвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн эд зүйлсийг;
4.1.27“тээш” гэж тээшийн вагоноор тээвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн зорчигчийн эд зүйлсийг.
5 дугаар зүйлТөмөр замын тээвэрт баримтлах зарчим
5.1Төмөр замын тээвэрт дараах зарчмыг баримтална:
5.1.1хөдөлгөөний нэгдсэн зохицуулалттай, тээврийн бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулсан байх;
5.1.2үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангасан, тогтвортой байх;
5.1.3зах зээлийн өрсөлдөөнт нөхцөлийг бий болгож, тэгш оролцоог хангасан байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
6 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
6.1Улсын Их Хурал төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж батлах, түүний биелэлтийг хянан шалгах;
6.1.2төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3нийтийн зориулалттай төмөр замын чиглэл тогтоох;
6.1.4энэ хуулийн 7.1.7-т заасан царигийн асуудлыг шийдвэрлэх.
7 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
7.1Засгийн газар төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, хяналт шалгалт хийх;
7.1.2техник, эдийн засгийн судалгаанд үндэслэн төмөр замын суурь бүтцийн чиг тогтоох;
7.1.3төмөр замын зурвас газрын ашиглах хугацааг тогтоох;
7.1.4төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
7.1.5Монгол Улсын Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
7.1.6тусгай зориулалтын төмөр замын чиглэлийг тогтоох;
7.1.7нийтийн зориулалттай төмөр замын царигийн асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.1.8хууль тогтоомжид заасан бусад эрх.
7.2Энэ хуулийн 7.1.4-т заасан түдгэлзүүлэх, сэргээх эрхээ Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж болно.
8 дугаар зүйлТөмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
8.1.2төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;
8.1.3төмөр замын тээврийн салбар дахь төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөх болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу төрийг төлөөлөн хэрэгжүүлэх;
8.1.4төмөр замын суурь бүтэц, салбар замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбоотой ажлыг зохион байгуулах;
8.1.5энэ хуулийн 14.1.2-14.1.6-д заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
8.1.6төмөр замын осол, зөрчлийг шинжлэн шалгах;
8.1.7улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой зарим төрлийн ачаанд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тээвэрлэлтийн давуу байдал олгох.
9 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
9.1Аймаг, нийслэлийн Засаг дарга төмөр замын тээвэртэй холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1тухайн нутаг дэвсгэрт орших төмөр замын зурвас газар, түүний гадна байрлах төмөр замын байгууламжид нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын тээврийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
9.1.2галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг цэргийн албанд татахаас бусад Дайчилгааны тухай хуулийн 3.1.14-т заасан дайчилгаанд хамруулахгүй байх;
9.1.3төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсаны улмаас учирсан хор уршгийг арилгахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, мод, ус ашиглах зөвшөөрлийг олгох;
9.1.4төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсаны улмаас учирсан хор уршгийг арилгахад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.9-д заасан үйл ажиллагааг зохион байгуулах.
9.1.5төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар олгох, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоожид нийцүүлэн шийдвэрлэх.
10 дугаар зүйлТөмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
10.1Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.
10.2Төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
10.2.1төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт боловсруулах, сурталчлах;
10.2.2төмөр замын техник технологитой холбоотой журам, аргачлал, горим, заавар, техникийн даалгавар, жагсаалт, загвар батлах;
10.2.3төмөр замын суурь бүтцүүдийн хооронд дамжуулах ачааны төрөл, хэмжээг тогтоох, хяналт тавих;
10.2.4галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон нэгдсэн технологийн горим батлах, суурь бүтцүүдийн хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах;
10.2.5төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвийг нэгдсэн удирдлагаар хангах;
10.2.6суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч хооронд болон суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хооронд байгуулсан гэрээг шаардлагатай тохиолдолд хянаж, санал, дүгнэлт гаргаж хэрэгжилтийг хангуулах;
10.2.7төмөр замын тээврийн тарифыг хянах, санал, дүгнэлт гаргах;
10.2.8төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон дүрэм, журам, норм, стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх᠋, хэрэгжилтийг хангуулах;
10.2.9төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийн зэрэг, хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох;
10.2.10төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
10.2.11төмөр замын суурь бүтэц, салбар зам, барилга байгууламжийг барих, өргөтгөх ажиллагаанд хяналт тавих;
10.2.12хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах талаар дүгнэлт гаргах, бүртгэх, дугаар, гэрчилгээ олгох;
10.2.13төмөр замын суурь бүтэц, салбар замын хувийн хэрэг хөтлөх;
10.2.14төмөр замын тээврийн статистик, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагад мэдээлэх;
10.2.15төмөр замын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж хүн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох;
10.2.16төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, гэрчилгээ олгохтой холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах.
10.3Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь энэ хуулийн 10.2.8 дахь заалтад заасан хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
10.4Энэ хуулийн 10.3-т заасан байцаагчийн эрхийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
11 дүгээр зүйлТөмөр замын тээврийн дүрэм, журам
11.1Төмөр замын тээврийн салбарт дараах дүрэм, журам, аргачлал, нормыг баталж мөрдүүлнэ:
11.1.1төмөр замын техник ашиглалтын дүрэм;
11.1.2төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм;
11.1.3төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм;
11.1.4галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам;
11.1.5төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам;
11.1.6төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний журам;
11.1.7төмөр замын осол, зөрчлийг шинжлэн шалгах журам;
11.1.8төмөр замын дохиолол, холбооны журам;
11.1.9галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг зохицуулалтын журам;
11.1.10төмөр замын зориулалттай газарт объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, огтлолцох журам;
11.1.11хөдлөх бүрэлдэхүүн ашиглах журам;
11.1.12Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам;
11.1.13галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нөхцөл, сахилгын тусгай журам;
11.1.14төмөр замын гарам ашиглах журам;
11.1.15төмөр замын тээвэрт тусгай зориулалтын багаж, хэрэгсэл ашиглах журам;
11.1.16төмөр замын тээврийн мэдээлэл бүртгэх, солилцох журам;
11.1.17төмөр замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийн зэрэг болон хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох журам;
11.1.18төмөр замын ажилтан албаны хувцас хэрэглэх журам;
11.1.19төмөр замын суурь бүтэц, салбар замын үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг ашиглах журам;
11.1.20төмөр замын тээврийн тариф тогтоох аргачлал;
11.1.21төмөр замын барилгын ажлын төсвийн суурь норм;
11.1.22тусгай тээвэрлэлтийн журам;
11.1.23төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам;
11.1.24Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зорчих тусгай галт тэрэгний аялах журам;
11.1.25Төмөр замын техник, технологийн баримт бичиг, норм, стандартын сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам;
11.1.26Төмөр замын ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийх журам;
11.1.27Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам.
11.2Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.12, 11.1.14, 11.1.17, 11.1.20, 11.1.21, 11.1.25, 11.1.27-д заасан журмыг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ хуулийн 11.1.6, 11.1.10, 11.1.11, 11.1.13, 11.1.16, 11.1.18, 11.1.19-т заасан журмыг төрийн захиргааны байгууллага тус тус батална.
11.3Төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 11.1.22, 11.1.23-т заасан журмыг тагнуулын байгууллагатай, энэ хуулийн 11.1.24-т заасан журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай, энэ хуулийн 11.1.26-д заасан журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй тус тус хамтран батална.
11.4Энэ хуулийн 11.1.15-д заасан журмыг төрийн захиргааны байгууллага тагнуулын байгууллагатай хамтран батална.
12 дугаар зүйлТөмөр замын стандарт, тохирлын үнэлгээ
12.1Төмөр замын тээврийн стандарт, тохирлын үнэлгээтэй холбоотой харилцааг энэ хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар зохицуулна.
12.2Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахад зориулагдсан хэмжилт, оношлогооны багаж, техник, хэрэгсэлийн баталгаажуулалтыг Хэмжил зүйн тухай хуулиар зохицуулна.
13 дугаар зүйлТөмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартын сан
13.1Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартыг боловсруулах, хэвлэж олшруулах, сурталчлах болон эдгээрийг зохион байгуулах зориулалт бүхий сантай /цаашид “сан” гэх/ байна.
13.2Сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
13.2.1төмөр замын суурь бүтцийг барих, засварлах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлого;
13.2.2төмөр замын техникийн баримт бичиг, норм борлуулсны орлого;
13.2.3төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартыг боловсронгуй болгох зорилгоор өгсөн хандив, тусламж.
13.3Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартын сан бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
14 дүгээр зүйлТөмөр замын тусгай зөвшөөрөл
14.1Төмөр замын тусгай зөвшөөрөл дараахь төрөлтэй байна:
14.1.1төмөр замын суурь бүтэц барих;
14.1.2төмөр замын суурь бүтэц ашиглах;
14.1.3төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;
14.1.4төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх;
14.1.5төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ;
14.1.6төмөр замын техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ.
14.2Зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүний нөөцийн болон техникийн чадвартай эсэх, төмөр замын объект, үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичгийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
14.3Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4, 5.6, 5.7, 5.12, 5.13-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах нөхцөл шаардлагыг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
14.4Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, сунгах өргөдлийг хүлээн авч магадлан шалгах ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлж, шийдвэр гаргуулахаар ажлын 2 өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар зөвшөөрөл олгох, сунгах саналыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэрийг гаргана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЗАР
15 дугаар зүйлТөмөр замын тээврийн зориулалттай газар
15.1Төмөр замын тээврийн зориулалттай газарт тусгай бүс, зурвас газар, хамгаалалтын бүс хамаарна.
15 .2Энэ хуулийн 15.1-д заасан газрын хэмжээг стандартаар тогтооно.
15 .3Төмөр замын тээврийн зориулалттай газарт объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх харилцааг энэ хуулийн 11.1.10-д заасан журмаар зохицуулна.
16 дугаар зүйлТөмөр замын тусгай бүс
16.1Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий дэвсгэр газрыг төмөр замын тусгай бүсэд хамааруулна.
16.2Төмөр замын тусгай бүсэд энэ хуулийн 11.1.10-т заасан журмаар тогтоосон дэглэмээс бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглоно.
17 дугаар зүйлТөмөр замын зурвас газар
17.1Төмөр замын шугамын дагуух технологийн үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах газар нь төмөр замын зурвас газарт хамаарна.
17.2Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна.
17.3Төмөр замын аюулгүй байдалд саад учруулах, үзэгдэх орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол төмөр замын зурвас газрын мод, бут, өвс, ургамлыг шилжүүлэн суулгах, хадах арга хэмжээ авна.
17.4Төмөр замын зурвас газарт төмөр замын тээврийн үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
18 дугаар зүйлТөмөр замын хамгаалалтын бүс
18.1Төмөр замын суурь бүтцийг гадны сөрөг хүчин зүйл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төмөр замын аюулгүй байдал алдагдах, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах зориулалт бүхий газар нь төмөр замын хамгаалалтын бүсэд хамаарна.
18.2Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах болон төмөр замыг өргөтгөх зориулалтаар хамгаалалтын бүсийг нэмэгдүүлж болно.
19 дүгээр зүйлТөмөр замын цариг
19.1Монгол Улсын төмөр замын сүлжээ, түүнд холбогдох буюу огтлолцох төмөр замын цариг ижил байна.
19.2Хил дамнасан төмөр замын царигийн асуудлыг олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн шийдвэрлэнэ.
19.3Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд царигийн асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ, СУУРЬ БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
20 дугаар зүйлТөмөр замын сүлжээ
20.1Тээвэрлэлтийн төлөвлөлт, зохицуулалтын нэгдмэл системтэй, харилцан холбогдсон төмөр замын суурь бүтцүүдийг төмөр замын сүлжээ гэнэ.
20.2Төмөр замын суурь бүтцүүдийг холбоход дараах шаардлагыг хангана:
20.2.1галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт нэгдмэл, төвлөрсөн байх;
20.2.2зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн бичиг баримттай байх;
20.2.3цахим мэдээлэл солилцох нэгдмэл технологи, сүлжээтэй байх;
20.3Төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд дараах хүчин зүйлийг харгалзана:
20.3.1улсын нийгэм, эдийн засаг болон бүс нутгийн хөгжлийн бодлого;
20.3.2хүн амын суурьшил, хот, суурин газрын байршил, ирээдүйн хөгжлийн төлөв;
20.3.3ашигт малтмалын орд газрын байршил, нөөц, түүнийг ашиглах боломж;
20.3.4олон улсын болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв;
20.3.5аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл, аялал жуулчлалын газар, нөөц газар, амралт, сувиллын газрын бүс нутгийн байршил;
20.3.6эрчим хүч, холбоожуулалтын нэгдсэн тогтолцоо, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөв;
20.3.7газрын гадаргын хэв шинж, газар зүйн байршил, бартаажилт, инженер-геологийн нөхцөл;
20.3.8тусгай хамгаалалтай газар нутгийн байршил, ирээдүйн төлөв.
21 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийн зураг төсөл
21.1Төмөр замын суурь бүтцийн зураг төсөл нь төмөр замын суурь бүтцийг барих, засварлахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, геологийн дүгнэлт, ус зүйн судалгаа, геодезийн хэмжилтийн тайлан, археологи, палеонтологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, судалгаа, инженерийн тооцоо, нарийвчилсан зураг, төсөв, техникийн шаардлага зэргээс бүрдэнэ.
21.2Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулах төмөр замын суурь бүтцийн зураг төслийг гадаадын хуулийн этгээд боловсруулах тохиолдолд Монгол Улсын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэнэ.
21.3Төмөр замын суурь бүтцийн зураг төслийг Монгол Улсын эрх бүхий этгээдээр магадлуулсан байна.
21.4Төмөр замын суурь бүтцийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, техник, технологийн хяналт тавихтай холбоотой харилцааг энэ хуулийн 11.1.6-д заасан журмаар зохицуулна.
22 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн барилгын ажил
22.1Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт стандартын дагуу барьж гүйцэтгэнэ.
22.2Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
23 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах
23.1Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах ажиллагааг энэ хуулийн 11.1.5-д заасан журмаар зохицуулна.
23.2Ашиглалтад оруулах төмөр замын суурь бүтэц нь холбогдох хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
23.3Захиалагч нь төмөр замын суурь бүтцийг Улсын комисс ажиллахаас өмнө дараах үүрэг бүхий техникийн комиссыг томилон ажиллуулна:
23.3.1гүйцэтгэлийн зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг шалгах;
23.3.2тухайн төмөр замын суурь бүтэц батлагдсан зураг, төсөл, төсөв болон түүнд оруулсан өөрчлөлтийн дагуу баригдсан, суурилуулагдсан эсэхийг шалгах;
23.3.3төмөр замын суурь бүтэц, түүний бүрдлийг шалгах, турших, акт, баримт, тайлан бүрдүүлж дүгнэлт гаргах.
23.4Захиалагч нь төмөр замын суурь бүцийг ашиглалтад оруулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
23.4.1төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тайлан;
23.4.2барилгын ил, далд ажлын акт;
23.4.3зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
23.4.4захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
23.4.5төмөр замын суурь бүтцийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
23.4.6төмөр замын суурь бүтцэд хийгдсэн хийц, бүтээцийн шинжтэй өөрчлөлтийн зураг төсөл, түүний зохиогчийн зөвшөөрөл, магадлалын дүгнэлт;
23.4.7төмөр замын суурь бүтцийн гүйцэтгэлийн зураг;
23.4.8техникийн комиссын үүрэг даалгаврын биелэлт;
23.4.9төмөр замын суурь бүтцийн бүрдэл хэсгийн тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт;
23.4.10эрх бүхий байгууллагын гүйцэтгэсэн техник ашиглалтын түвшин тогтоох шалгалтын дүгнэлт;
23.4.11бусад холбогдох баримт бичиг.
23.5Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 23.4-т заасан баримт бичиг нь шаардлага хангасан тохиолдолд төмөр замын суурь бүтцийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссыг томилно.
23.6Энэ хуулийн 23.2-т заасан шаардлага хангасан төмөр замын суурь бүтцийг өртөө, зөрлөг хооронд хэсэгчлэн ашиглалтад оруулж болно.
23.7Энэ хуулийн 23.6-д заасан төмөр замын суурь бүтцийг хэсэгчлэн ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг энэ хуулийн 11.1.5-д заасан журмаар зохицуулна.
23.8Ашиглалтад оруулаагүй төмөр замаар хүн тээвэрлэх, зорчигчийн галт тэрэг аялуулахыг хориглоно.
24 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийн өмчлөл
24.1Нийтийн зориулалттай төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байна.
24.2Улсын хилийн боомт чиглэлийн болон хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарна.
24.3Төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг түншлэлийн гэрээнд тусгасан байна.
24.4Тусгай зориулалтын төмөр зам нь өмчийн аль ч хэлбэртэй байж болно.
25 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн үйлчилгээ
25.1Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
25.1.1галт тэрэгний хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах;
25.1.2хөдлөх бүрэлдэхүүнийг сэлгэх, найруулах;
25.1.3хөдлөх бүрэлдэхүүнд зэхэлт /эрчим хүч, түлш, шатахуун, ус, хийгээр хангах/ хийх;
25.1.4хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйлчилгээ хийх;
25.1.5аюултай, овор ихтэй, хамгаалалттай ачаатай хөдлөх бүрэлдэхүүн, хүнд жинтэй болон урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд хяналт тавих;
25.1.6галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцох, хангах;
25.1.7төмөр замын тээврийн ашиглалттай холбоотой дохиолол холбоо, мэдээлэл, сүлжээ, програм хангамжаар хангах.
26 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд тавигдах шаардлага
26.1Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд дараах шаардлага тавигдана
26.1.1Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, техникийн баримт бичиг, стандартын шаардлагад нийцсэн байна.
26.1.2Суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид хоорондоо энэ хуулийн 10.2.6-т заасан галт тэрэг чөлөөтэй нэвтрүүлэхэд чиглэгдсэн тээвэрлэлттэй холбоотой нөхцөлийг тусгасан гэрээ байгуулсан байна.
26.1.3Суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь хөдлөх бүрэлдэхүүний эргэлтийг зохион байгуулах, засвар үйлчилгээ болон тээвэрлэлттэй холбоотой харилцааг зохицуулсан суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулсан байна.
26.1.4энэ хуулийн 26.1.2, 26.1.3-т заасан гэрээний үлгэрчилсэн загварыг энэ хуулийн 11.1.19-т заасан журмаар батална.
26.1.5Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвтэй байна.
26.1.6Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөтгөл, шинэчлэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хөтөлбөрийг агуулсан дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй байна.
26.2Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, нэгдсэн технологийн горимыг энэ хуулийн 11.1.9-т заасан журмаар зохицуулна.
26.3Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь суурь бүтцийн үйлчилгээг тэгш эрхийн зарчмыг баримтлан гэрээний үндсэн дээр нийтэд үзүүлнэ.
26.4Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзах, аливаа этгээдэд давуу байдал олгох, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах, өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглоно.
26.5Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байна.
27 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
27.1Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрхтэй:
27.1.1төмөр замын суурь бүтцийн төлбөртэй үйлчилгээ үзүүлэх;
27.1.2өөрийн төмөр замын суурь бүтэц дэх галт тэрэгний хөдөлгөөний зурмаг батлах, хөдөлгөөний нэгдсэн зурмагт санал өгөх;
27.1.3тээвэрлэгчийн тээвэрлэлтийн технологи, хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлт, техникийн байдал нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахгүй, суурь бүтцийн хүчин чадлаас хэтэрсэн тохиолдолд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
27.1.4энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг баталж мөрдүүлэх;
27.1.5өөрийн төмөр замын суурь бүтцийг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэх зорилгоор галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах, түр хаах эрхтэй.
27.2Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэгтэй:
27.2.1төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, холбогдох бусад хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартыг дагаж мөрдөх;
27.2.2энэ хуулийн 26.1.2, 26.1.3-т заасан гэрээ байгуулах;
27.2.3галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмагт нийцүүлэн зохион байгуулах;
27.2.4салбар зам эзэмшигчтэй гэрээ байгуулж, сэлгээний хөдөлгөөнийг зохион байгуулах;
27.2.5төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;
27.2.6төмөр замын аюулгүй байдал, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах;
27.2.7энэ хуулийн 11.1.16-д заасан журмын дагуу шаардлагатай мэдээ, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
27.2.8энэ хуулийн 27.1.5-т заасан галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан, түр хаасан тохиолдолд нийтэд мэдээлэх;
27.2.9тусгай зориулалтын төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний үндсэн дээр суурь бүтцийн үйлчилгээг нийтэд үзүүлэх.
27.3Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий нэгжтэй байна.
28 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн хувийн хэрэг
28.1Төмөр замын суурь бүтэц нь гүйцэтгэлийн зураг, төсөл, төсөв, барилгын ил, далд ажлын акт, суурь бүтэц барих ажлын явцын баримт бичиг, чанарт холбогдох эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгээс бүрдсэн хувийн хэрэгтэй байна.
28.2Төмөр замын суурь бүтэц өмчлөгч суурь бүтцийн хувийн хэргийг төмөр замын тээврийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.
29 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийн хөдөлгөөнийг хаах, нээх
29.1Төмөр замын суурь бүтцийн хөдөлгөөнийг хаах, нээх асуудлыг энэ хуулийн 11.1.19-д заасан журмаар зохицуулна.
29.2Олон улсын тээвэрт төмөр замын чиглэлийг нээх, хаах асуудлыг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.
30 дугаар зүйлТөмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах
30.1Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
31 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийг бусад дэд бүтэц, байгууламжтай уялдуулах
31.1Төмөр замын суурь бүтцийг шинээр барих, шинэчлэн сайжруулахад авто зам болон бусад төрлийн суурь бүтэцтэй ижил түвшинд огтлолцуулахгүй, ашиглаж буй төмөр замын суурь бүтцийн чиг, хэвгийг өөрчлөхгүй байх зарчим баримтална.
31.2Төмөр замын суурь бүтэц нь бусад дэд бүтэцтэй огтлолцох тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.
31.3Төмөр замын зориулалттай газарт баригдах хий, газрын тос дамжуулах хоолой, инженерийн шугам сүлжээ, авто зам, барилга байгууламж нь төмөр замын сүлжээний төлөвлөлттэй уялдсан байна.
32 дугаар зүйлСалбар зам
32.1Салбар замын үйлчилгээнд ачилт буулгалтын зам, талбайд хөдлөх бүрэлдэхүүн татах, тавих, сэлгээний ажил хийх, ачаа, чингэлэг ачих, буулгах, шилжүүлэх, хадгалах зэрэг үйл ажиллагаа хамаарна.
32.2Салбар замтай холбоотой харилцааг 11.1.19-т заасан журмаар зохицуулна.
32.3Салбар замын холболтын цэгийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
32.4Салбар зам, түүний байгууламж, төхөөрөмж, ачаа ачих, буулгах зам, талбай нь галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага, холбогдох төмөр замын тээврийн дүрэм, журам техникийн баримт бичиг, норм, стандартын шаардлагыг хангасан байна.
32.5Салбар зам эзэмшигч болон төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хоорондын харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
32.6Салбар зам нь зам болон ачих, буулгах тоног төхөөрөмжийн техникийн паспорт, замын дагуу огтлолцлын гүйцэтгэлийн зураг, хиймэл төхөөрөмжийн зураг, эрх бүхий байгууллагын дүгнэлт, байнгын ашиглалтад хүлээж авсан болон ашиглалтын явцын засвар үйлчилгээний талаарх бичиг баримтаас бүрдсэн хувийн хэрэг хөтөлнө.
32.7Салбар зам өмчлөгч, эзэмшигч нь хүн, хуулийн этгээдэд салбар замын үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүй татгалзах, өөрийн салбар замаар дамжин холбогдож байгаа бусад салбар зам эзэмшигчийн үйл ажиллагаанд саад учруулах, давуу байдал олгохыг хориглоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ
33 дугар зүйлТөмөр замын тээвэрлэлтийн төрөл
33.1Төмөр замын тээвэрлэлт дараах төрөлтэй байна:
33.1.1зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэлт;
33.1.2ачаа тээвэрлэлт;
33.1.3тусгай тээвэрлэлт.
33.2Төмөр замаар зорчигч тээвэрлэх харилцааг энэ хуулийн 11.1.3-т заасан, ачаа тээвэрлэх харилцааг энэ хуулийн 11.1.2-т заасан дүрмээр, тусгай тээвэрлэлт хийх харилцааг энэ хуулийн 11.1.22-т заасан журмаар тус тус зохицуулна.
34 дүгээр зүйлТээвэрлэгчид тавигдах шаардлага
34.1Тээвэрлэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
34.1.1төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;
34.1.2зүтгүүртэй байх;
34.1.3вагонтой байх;
34.1.4салбар замтай байх;
34.1.5засвар, үйлчилгээний газартай байх;
34.2Тээвэрлэгч нь энэ хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасныг түрээсийн эсхүл ашиглалтын гэрээгээр хэрэгжүүлж болно.
34.3Тээвэрлэгч нь гэрээний дагуу суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн ашиглах, тээвэрлэлтийг зохион байгуулах эрхтэй.
34.4Тээвэрлэгч нь энэ хуулийн 26.1.3-т заасан суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулах, хөдлөх бүрэлдэхүүний техникийн болон ашиглалтын аюулгүй байдлыг хангах, шударга бус өрсөлдөөнөөс сэргийлэх зорилгоор хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохгүй байх үүрэгтэй.
34.5Тээвэрлэгч нь төмөр замын ачаа эргэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх дунд хугацааны төлөвлөгөөтэй байна.
34.6Тээвэрлэгч нь өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий нэгжтэй байна.
34.7Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа илгээгч, хүлээн авагчийн зөвшөөрөлгүй хаяг солихыг хориглоно.
34.8Тээвэрлэгч нь энэ хууль болон төмөр замын тээврийн дүрэм, журамд зааснаас бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.
34.9Тээвэрлэгч нь ачаа илгээгч, ачаа хүлээн авагч хүн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн вагоныг зөвшөөрөлгүй тээвэрлэлтэд ашиглахыг хориглоно.
35 дугаар зүйлТээвэрлэлтийн явцад үүссэн хохирол барагдуулах
35.1Төмөр замын тээвэрлэлтийн явцад үүссэн хохирол барагдуулах, түүнтэй холбоотой маргааныг Иргэний хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам болон гэрээгээр зохицуулна.
36 дугаар зүйлТээврийн акт тогтоох
36.1Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа дутах, гэмтэх, муудах тохиолдолд ачаа илгээгч, ачаа хүлээн авагчтай хамтран бодит хохирлын хэмжээг тээврийн актаар тогтооно.
36.2Энэ хуулийн 36.1-д зааснаас бусад тохиолдолд тээвэрлэгчийн тээврийн акт тогтоох ажиллагаанд хөндлөнгийн этгээдийг оролцуулж болно.
36.3Тээвэрлэгчийн тээврийн актын загвар, түүнийг үйлдэх зааврыг энэ хуулийн 11.1.2, 11.1.3-т заасан дүрмээр тогтооно.
36.4Тээвэрлэгч дараах нөхцөлд ачаа, тээш, ачаан тээшийг олгох үед тээврийн акт тогтооно:
36.4.1тээвэрлэлтийн бичиг баримтад заасан жин, байрын тоо, нэр зөрсөн;
36.4.2ачаа, тээш, ачаан тээш гэмтсэн, муудсан, үрэгдсэн;
36.4.3бичиг баримтгүй ачаа, тээш, ачаан тээш илэрсэн;
36.4.4ачаа, тээш, ачаан тээшгүй тээвэрлэлтийн бичиг баримт илэрсэн;
36.4.5хулгайлагдсан ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэгчид буцаан өгсөн;
36.4.6хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгээс ачаа олгох бичиг баримт үйлдсэнээс хойш 24 цагийн дотор тээвэрлэгч ачааг буулгалтын замд тавиагүй тохиолдолд ачаа хүлээн авагчийн шаардлагаар.
37 дугаар зүйлТусгай тээвэрлэлт
37.1Тусгай тээвэрлэлтэд цэргийн, онцгой нөхцөл байдлын үеийн тээвэрлэлт хамаарна.
37.2Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэн үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
38 дугаар зүйлАюултай ачааны тээвэрлэлт
38.1Төмөр замаар аюултай ачааг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, тээвэрлэх, буулгах, шилжүүлэх, хадгалах үйл ажиллагааг энэ хуулийн 11.1.23-т заасан журмаар зохицуулна.
38.2Аюултай ачааны ачилт, буулгалт хийх зориулалттай өртөөг сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллага тодорхойлно.
38.3Аюултай ачаа ачиж, буулгах үйл ажиллагааг зориулалтын тоног төхөөрөмж бүхий зам, талбайд стандартын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
38.4Зорчигчийн галт тэргэнд аюултай ачаа биедээ авч явахыг хориглоно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН
39 дүгээр зүйлХөдлөх бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
39.1Хөдлөх бүрэлдэхүүн нь төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, норм, стандартад нийцсэн байна.
39.2Хөдлөх бүрэлдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар, гэрчилгээ авсан байна.
39.3Хөдлөх бүрэлдэхүүн нь технологийн болон хөдөлгөөний хяналтын системд холбогдох боломжоор хангагдсан байна.
39.4Хөдлөх бүрэлдэхүүн нь тогтоосон хугацаанд засвар, үйлчилгээнд хамрагдсан байна.
39.5Хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
39.6Энэ хуулийн 39.5-д заасан эрх бүхий этгээд нь хийсэн засвар, үйлчилгээндээ чанарын баталгаа гаргана.
40 дүгээр зүйлХөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг
40.1Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь хөдлөх бүрэлдэхүүнийг гэрээний үндсэн дээр тээвэрлэгчид ашиглуулах, тээвэрлэлтийн ажлын технологи, төмөр замын суурь бүтцийн техникийн байдал нь хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд сөргөөр нөлөөлөх бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
40.2Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хөдлөх бүрэлдэхүүнд засвар, техникийн үйлчилгээ хийх үүрэгтэй.
40.3Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглаагүй үед байрлуулах өөрийн эзэмшлийн болон түрээсээр ашиглах салбар замтай байна.
41 дүгээр зүйлХөдлөх бүрэлдэхүүний ашиглалт
41.1Хөдлөх бүрэлдэхүүн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хуулийн 11.1.11-т заасан журмаар зохицуулна.
41.2Хөдлөх бүрэлдэхүүний хийц бүтээцийг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй өөрчлөхийг хориглоно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
42 дугаар зүйлТөмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах
42.1Төмөр замын тээврийн аюулгүй байдал нь төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, зорчигч аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ачаа, тээш, ачаан тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
42.2Төрийн захиргааны байгууллага, төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомж, төмөр замын дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартын хэрэгжилт болон төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.
42.3Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь байгалийн гамшиг, төмөр замын аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, суурь бүтцийг сэргээн босгох зориулалтын машин механизм, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, материалын нөөцийг бүрдүүлсэн байна.
42.4Төмөр замын тээврийн байгууллага, салбар зам эзэмшигч нь хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түргэн шуурхай хэрэгжүүлнэ.
42.5Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.
42.6Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
42.6.1зорчигч аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;