Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Лувсанбямбаагийн МӨНХБАЯСГАЛАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

УСНЫ ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь усны нөөц, усны сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, нэгдмэл удирдлагаар хангахтай холбоотой харилцааг зохицуулан усаар хангагдах эрхийг баталгаажуулахад оршино.
2 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
2.1Энэ хуулийн зохицуулалтад дараах харилцаа хамаарна:
2.1.1усны нөөцийг унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах шаардлагыг тодорхойлох, хяналт тавих харилцаа;
2.1.2олон улсын хэлэлцээрийн дагуух хилийн ус, усны нөөцтэй холбоотой олон улсын харилцаа;
2.1.3рашааны нөөц болон орд газрыг олборлох, ашиглах зөвшөөрөл олгох, тусгай хамгаалалт, ашиглалтын дэглэм тогтоох харилцаа;
2.1.4мөстөл, мөсөн гол, цэвдэг, ус, намгархаг газрыг хамгаалах, хяналт, судалгаа, шинжилгээ хийх харилцаа;
2.1.5хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын асуудлыг нөөцөд суурилсан нэгдсэн менежментээр зохицуулах харилцаа;
2.1.6усан сан, хөв, цөөрөм, усны барилга байгууламж барих, ашиглах, хамгаалах харилцаа;
2.1.7Монгол Улсын нутаг дэвсгэрт усан зам, усан тээвэр, усан орчныг ашиглуулах эрх олгох харилцаа;
2.1.8усны нөөц, усны сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой бусад харилцаа.
3 дугаар зүйлУсны тухай хууль тогтоомж
3.1Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3.2Монгол Улсын хилийн усыг хамтран ашиглах, хамгаалах асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу зохицуулна.
4 дүгээр зүйлУсны харилцаанд баримтлах зарчим
4.1Усны харилцаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1усны нөөц, усны экосистемийн тэнцвэрт байдал, үнэ цэнийг хадгалах;
4.1.2баталгаат унд, ахуйн ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг баталгаажуулах;
4.1.3тэгш хүртээмжтэй байх;
4.1.4усны эхийг хамгаалах бүс нутгийн болон олон улсын усны хамтын ажиллагааг бэхжүүлэх;
4.1.5усны нөөцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр ашигтай, хэмнэлттэй, дахин ашиглах;
4.1.6ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлөх, хариуцлага хүлээх;
4.1.7усны нөөцийн менежмент нэгдмэл байх;
4.1.8олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах.
5 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."усны нөөц" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг;
5.1.2“гадаргын ус” гэж газрын гадарга дээр ил орших мөстөл, мөсөн гол, нуур, намаг, гол, мөрөн, горхи, рашаан, булаг шанд, тойром зэрэг байгалийн ус, усан сан, цөөрөм, хөв гэх ус нөөцлүүрт хуримтлуулсан усыг;
5.1.3газрын доорх ус” гэж газрын гадаргаас доош орших хөрсний ус, нүх сүв, ан цавын ус, артезийн ус болон хагас тусгаарлагдмал уст давхарга зэрэг геологийн бүтцэд тогтсон усыг;
5.1.4“хилийн ус” гэж Монгол Улсын хилийг дамжин урсах болон хилийн шугамын дагуу оршдог гол, мөрөн, нуур, газрын доорх усыг;
5.1.5“мөстөл, мөсөн гол” гэж удаан хугацаанд уулсын орой, хажуу, хунх, хөндийд хуримтлагдан тэдгээрээс доош хажуу, хөндий даган аажим шилжих, гулсах, хайлах хур цас, мөсийг;
5.1.6“цэвдэг” гэж хоёр жил буюу түүнээс дээш хугацаанд 0’, түүнээс доош хэмд оршиж байгаа хөрс чулуулгийг;
5.1.7усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, зохицуулах зорилгоор байгуулсан барилга байгууламж, тогтонги ус, хөв,цөөрөм хур тунадасны ус нөөцлүүрийг;
5.1.8“усан орчин” гэж усны амьтан, ургамлын амьдрах орчин, усны сан бүхий газар болон тэдгээртэй харилцан хамааралтай усны экосистем, тэдгээрийн амьд организмын орчныг;
5.1.9"ашиглах боломжит нөөц" гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд усны эх үүсвэрийн тогтоосон нөөцөөс ашиглаж болох усны хэмжээг;
5.1.10"усны сав газар" гэж гадаргын болон газрын доорх усны урсац бүрдэх ус хурах талбай ба түүний ул хөрс, гео-орчин, тэжээгдэлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг;
5.1.11"усны сан бүхий газар" гэж мөстөл, мөсөн гол, нуур, тойром, гол, мөрөн, горхи, булаг, шанд, рашаан, намаг, усан сан, цөөрмийн эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;
5.1.12"гол, мөрний урсац бүрдэлдэх эх" гэж гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;
5.1.13"усны эх үүсвэр" гэж ус хангамжийн зорилгоор ашиглаж байгаа гадаргын болон газрын доорх ус;
5.1.14"рашаан" гэж физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий ба эмчилгээний ач холбогдлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байгалийн ус, шаврыг;
5.1.15"рашааны орд" гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг;
5.1.16"онцгой хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон дотоод зурвас газрыг;
5.1.17"энгийн хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хамгаалах зорилгоор онцгой хамгаалалтын бүсийн гадна тогтоосон зурвас газрыг;
5.1.18"эрүүл ахуйн бүс" гэж ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;
5.1.19"усны барилга байгууламж" гэж усны түрэлт, урсцыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах, усны эрчим хүчийг ашиглах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг;
5.1.20"услалтын систем" гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг;
5.1.21"ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг;
5.1.22"усны нөөцийн менежментийн төлөвлөгөө" гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичгийг;
5.1.23."усны экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
5.1.24"усны нөөцийн хомсдол" гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэн доройтохыг;
5.1.25"усны бохирдол" гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, чанар нь доройтохыг;
5.1.26"усны чанар" гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, биологийн цогц шинж чанарыг;
5.1.27усны чанарын стандарт" гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;
5.1.28"бохирдуулах бодис" гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг;
5.1.29"аюултай бохирдуулах бодис" гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг;
5.1.30"хаягдал ус" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг;
5.1.31"хаягдал усны стандарт" гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;
5.1.32ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт" гэж ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг;
5.1.33"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ усны нөөц, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
5.1.34"ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд усны нөөц, усан орчныг ашигладаг этгээдийг;
5.1.35"ус бохирдуулагч" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
5.1.36"усны тоо, бүртгэл" гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;
5.1.37"ус ашигласны төлбөр" гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг;
5.1.38"ус бохирдуулсны төлбөр" гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;
5.1.39"ус бохирдуулсны нөхөн төлбөр" гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх нэмэгдэл төлбөрийг;
5.1.40."гол, мөрний татам" гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх газар, нугын зурвас бүсийг;
5.1.41"уст цэг" гэж энэ хуулийн 5.1.7, 5.1.11, 5.1.12, 5.1.13, 5.1.14, 5.1.15, 5.1.19, 5.1.20, 5.1.21 дахь заалтад заасан ус, усны эх үүсвэрийг;
5.1.42"ус дахин ашиглах" гэж хаягдал усыг дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, зориулалтын дагуу ашиглахыг;
5.1.43“намаг” гэж байнгын буюу түр хугацаанд ус, чийгийн нөлөөнд оршиж, усны ургамал, замаг давамгайлан ургадаг, хүлэржсэн хөрстэй, намгархаг газрыг;
5.1.44"хөв" гэж хур борооны ус болон хайлсан цасны шар ус урсдаг сайр, гуу жалга, түр зуурын урсацтай сайр-горхины голдирлыг хааж барьсан бага хэмжээний боомт, ус хуримтлуулах, шингээх, газар доорх усыг арвижуулах сан, ус гаргуур, илүүдэл ус хаяур зэргээс бүрдэх инженерийн хийцтэй усны барилга байгууламж бүхий жижиг усан сан, цөөрөм;
5.1.45“цөөрөм” гэж байнгын болон түр урсгал ус ба хур бороо, цасны усны түрэлт болон урсцыг тохируулах, усыг хуримтлуулах, шингээх, газар доорх усыг арвижуулах зорилгоор энгийн ба инженерийн аргаар ухлаганд байгуулсан эсвэл байгалийн тогтцоор өөрөө үүсэж бий болсон 1 га хүртэл хэмжээний тогтоол усыг;
5.1.46“эрэг” гэж усны хөвөөний, байгалийн хашиц газрыг;
5.1.47“ус хагалбарын шугам” сав газрын ус хурах талбайг хүрээлж буй уул, нуруудын орой, хярыг дагасан хилийн шугам
5.1.48“газрын доорх усыг зориудаар арвижуулах” гэж хөв цөөрөм байгуулан цэнгэг усыг газрын доорх уст үе рүү шүүрүүлэн, чөлөөт гадаргатай уст үеийг зохиомлоор тэжээх үйл ажиллагааг;
5.1.49.“томоохон гол” гэж 20 шоо метр ба түүнээс дээш шоо метрийн урсацтай гол, мөрнийг;
5.1.50“экологийн урсац” гэж усны нөөцийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай гол, мөрний хамгийн бага урсцын хэмжээ;
5.1.51“усны кадастр “гэж ус, усны нөөцийн байршил, хэмжээ, чанар, ашиглалтын байдлын нэгдсэн бүртгэлийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УСНЫ НӨӨЦ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
6 дугаар зүйлУсны нөөц
6.1Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг, төрийн нийтийн өмч мөн.
6.2Усны нөөц, усны экосистем нь экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна.
6.3Усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг Усны нөөцийн үндэсний зөвлөл, ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны сав газар бүрээр тогтооно.
6.4Монгол Улсын газрын доорх усны эрэл хайгуулын ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр газрын доорх усны эрэл хайгуулын ажлыг хийж болно.
6.5Усны нөөцийн ноцтой бохирдол, хомсдол, гамшигт үзэгдлийн нөлөөлөлтэй холбогдуулан усны аюулгүй байдлыг хангах зорилгоор гамшгийн онцгой нөхцөл байдлын дэглэм тогтоох асуудлыг Гамшгийн тухай хуульд зааснаар зохицуулна.
7 дугаар зүйлСтратегийн ач холбогдол бүхий усны нөөц
7.1Үндэсний аюулгүй байдал, хүн амын ундны усны хангамж, эдийн засгийн тогтвортой байдал, байгаль орчны болон усны экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор дараах усны нөөцийг стратегийн ач холбогдол бүхийд тооцно:
7.1.1.үндэсний аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдол бүхий томоохон гол мөрөн, нуурын сав газар, газрын доорх томоохон усны орд, нөөц; 7.1.2.хот, суурины хүн амын төвлөрсөн ус хангамжийн гол эх үүсвэр; 7.1.3.хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах усны эх үүсвэр; 7.1.4.экологийн хувьд эмзэг бүс нутгийн усны нөөц; 7.1.5.хил дамнасан гол мөрөн, усны сав газар;
7.2Стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийн жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.
7.3Стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийг ашиглах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
7.4Усны нөөц болон усны сан бүхий газрыг гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглоно.
8 дугаар зүйлУсны нөөцийн нэгдсэн менежмент
8.1Усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг Засгийн газар батална.
8.2Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө нь сав газрын менежментийн төлөвлөгөөний үндэс болно.
8.3Сав газрын менежментийн төлөвлөгөө нь тухайн сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичиг мөн.
8.4Сав газрын менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
8.4.1.усны нөөцийн одоогийн байдлын үнэлгээ; 8.4.2.уур амьсгалын өөрчлөлтийн усны нөөцөд үзүүлэх нөлөө, урьдчилан сэргийлэх, дасан зохицох арга хэмжээ; 8.4.3.усны хайгуул, судалгаа, ашиглах боломжит нөөцийн хэмжээ; 8.4.4.экологийн урсцын шаардлага; 8.4.5.усны эрсдэлийн үнэлгээ; 8.4.6.усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ; 8.4.7.ус ашиглалтын зохицуулалт; 8.4.8.бусад.
8.5Сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа сав газрын талуудын оролцооны зөвлөлөөр дамжуулан олон нийтийн оролцоог хангана.
8.6Сав газрын менежментийн төлөвлөгөөг таван жил тутамд шинэчилж, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйлЭкологийн урсац
9.1Усны экосистемийг хянах, үнэлэх, тэнцвэрт байдлыг хангах зорилгоор усны нөөцийн экологийн урсцыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтоож, усны нөөцийн Үндэсний зөвлөл баталгаажуулна.
9.2Гол, мөрний экологийн урсац тогтоосон хэмжээнээс багассан тохиолдолд урсац бүрэлдэх эх, усны эх үүсвэрийн орчмыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авна.
10 дугаар зүйлУсны эрсдэлийн үнэлгээ
10.1Усны эрсдэлийн үнэлгээнд усны нөөцийн хэмжээ, чанарт нөлөөлж болох байгалийн болон хүний үйл ажиллагааны хүчин зүйлийг тусгана.
10.2Сав газрын усны эрсдэлийн үнэлгээг усны мэргэжлийн байгууллага таван жил тутамд хийнэ.
10.3Усны эрсдэлийн үнэлгээний аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11 дүгээр зүйлУсны мэдээллийн сан, нээлттэй байдал
11.1Усны мэдээллийн сан нь гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, усны кадастр, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулахтай холбогдсон мэдээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт, тухайн сав газарт орж ирэх болон гарч байгаа усны хэмжээг харуулах тооцооны баримт зэрэг эх мэдээнээс бүрдэнэ.
11.2Усны мэдээллийн сангийн журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.3Усны нөөцийн тоо бүртгэлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулна.
11.4Усны мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн улсын усны төлөв байдлын тайланг жил бүр усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.
11.5Усны кадастрыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хийж, таван жил тутам шинэчилнэ.
11.6Ус ашиглагч, хэрэглэгч усны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон сав газрын захиргаанд гаргаж өгөх үүрэгтэй.
11.7Усны мэдээллийн сан нь нийтэд нээлттэй байна.
11.8Стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийн мэдээлэл болон хамгаалалтын бүсийн нарийвчилсан мэдээллийг хуульд заасны дагуу нууцална.
12 дугаар зүйлХилийн усны хамтын ажиллагаа
12.1Монгол Улс нь хилийн усны асуудлаар олон улсын байгууллага болон бусад улстай тогтмол хамтран ажиллана.
12.2Хилийн усны хэлэлцээрээр хилийн усны аюулгүй байдлыг зохицуулахдаа өөрийн орны онцлогийг эрхэмлэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УСНЫ ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
13 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
13.1Улсын Их Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой улсын хэмжээний бодлого, чиглэлийг батлах; 13.1.2.усны нөөц ашигласны болон бохирдуулсан, хомсдуулсны төлбөрийн дээд, доод хязгаарыг хуулиар тогтоох; 13.1.3.стратегийн ач холбогдол бүхий усны нөөц бүхий объектын жагсаалтыг батлах; 13.1.4.томоохон гол мөрний урсцад тохируулга хийх, шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх; 13.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
14.1Засгийн газар усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.усны талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангах; 14.1.2.усны хомсдол, үерийн аюулаас хамгаалах, газрын доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, хөнгөлөлт урамшуулал үзүүлэх; 14.1.3.хилийн усны асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээр байгуулах; 14.1.4.ус ашигласны болон ус бохирдуулсан, хомсдуулсны төлбөрийн хэмжээг Улсын Их Хурлаас баталсан дээд, доод хязгаарт багтаан тогтоох; 14.1.5.усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө батлах; 14.1.6.усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах; 14.1.7.томоохон голоос бусад голын урсцад тохируулга хийж, усны хуримтлал бий болгох, шилжүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх; 14.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
15 дугаар зүйлБайгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
15.1Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлуулах, түүнийг хэрэгжүүлэх бодлого, салбар дундын болон бүс нутгийн зохицуулалтаар хангах; 15.1.2.усны нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх; 15.1.3.усны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой бодлого боловсруулах, холбогдох шийдвэр гаргах; 15.1.4.Монгол Улсын гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн сав газрыг байгуулж, ангилал, хилийн заагийг тогтоон, сав газрын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг батлах;
15.1.5.сав газрын захиргааны даргыг томилох, чөлөөлөх; 15.1.6.хилийн усны талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх; 15.1.7.голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах; 15.1.8.улсын усны мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих; 15.1.9.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам батлах; 15.1.10.ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг батлах; 15.1.11.гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаас бусад усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой судалгаа шинжилгээ явуулах эсэх талаар шийдвэр гаргах; 15.1.12.усны чанарын болон хаягдал усны стандартыг боловсруулах;
15.1.13.усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг батлах; 15.1.14.онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг тогтоох; 15.1.15.рашааны эмчилгээний чанарыг тогтоосон стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж батлуулах; 15.1.16.энэ хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг батлах; 15.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.
16 дугаар зүйлУсны нөөцийн үндэсний зөвлөлийн бүрэн эрх
16.1Усны нөөцийн үндэсний зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар байгуулж, дүрэм, бүрэлдэхүүнийг батална.
16.2Усны нөөцийн үндэсний зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах, мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй байна.
16.3Усны нөөцийн үндэсний зөвлөлийн гишүүнд тавих мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг усны нөөцийн үндэсний зөвлөлийн дүрмээр тогтооно.
16.4Усны нөөцийн үндэсний зөвлөлийн тайланг Улсын Их Хурлын мэргэжлийн байнгын хороо жил бүр хэлэлцэнэ.
16.5Усны нөөцийн үндэсний зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.5.1.усны нөөцийн эрэл хайгуул, судалгааны ажлын тайланг хэлэлцэж, усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах; 16.5.2.нөөц ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл, төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх; 16.5.3.усны нөөцийн эрэл хайгуул, судалгааны ажлын тайлан, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээ, судалгааны тайланг хэлэлцэж санал өгөх; 16.5.4.гол, мөрний урсцын тохиргоо хийх, алсын зайд ус шилжүүлэх, үерийн хамгаалалтын систем, усан сан бүхий газарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөр, судалгааны материалыг хянан хэлэлцэж, усны чанар, аюулгүй байдлыг хангах асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах; 16.5.5.усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнд санал өгөх; 16.5.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
16.6Усны нөөцийн үндэсний зөвлөл нь орон тооны бус мэргэжлийн зөвлөлтэй байна.
16.7Энэ хуулийн 16.6-д заасан мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Усны нөөцийн үндэсний зөвлөл батална.
17 дугаар зүйлУсны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
17.1Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллах бөгөөд тохируулагч агентлагийн статустай байна.
17.2Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1.усны хайгуул, судалгаа хийх зөвшөөрөлтэй холбоотой эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1.3-т заасны дагуу усны мэргэжлийн холбоонд шилжүүлэх; 17.2.2.усны нөөцийн хайгуул судалгааны ажлын даалгаврыг баталж, зохион байгуулах; 17.2.3.ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллага, сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
17.2.4.сав газрын менежментийн төлөвлөгөөг батлах; 17.2.5.улсын усны мэдээллийн нэгдсэн сан, кадастр, тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны төлөв байдлын тайлан гаргах, түүнтэй холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах; 17.2.6.усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах; 17.2.7.усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах; 17.2.8.усны нөөцийн хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих; 17.2.9.усны мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих;
17.2.10.усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг сав газрын хэмжээнд ашиглалтын зориулалт бүрээр тогтоон боловсруулж мөрдүүлэх, хяналт тавих; 17.2.11.усны нөөц, усны экосистемийн экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийж, төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, 17.2.12.усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох; 17.2.13.ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;
17.2.14.энэ хуулийн 40.1-т заасны дагуу гаргасан ус ашиглах дүгнэлт, 40.4-д заасан ус ашиглах зөвшөөрөл, 18.1.15-д заасан гэрээнд хяналт тавих; 17.2.15.голын голдирлыг өөрчлөх, урсцад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах; 17.2.16.стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах; 17.2.17.хуурайшилт, ган, цөлжилтийн үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох; 17.2.18.бэлчээрийн усжуулалт, услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд дүгнэлт гаргах; 17.2.19.бэлчээрийг усжуулах зориулалтаар инженерийн хийцтэй худаг байгуулах, уст цэг тогтоох хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулах; 17.2.20.хуульд заасан бусад бүрэн эрх.
18 дугаар зүйлСав газрын захиргааны бүрэн эрх
18.1Сав газрын захиргаа нь усны сав газарт ажиллах мэргэжлийн байгууллага бөгөөд усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг тухайн сав газартаа хэрэгжүүлнэ:
18.1.1.сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах; 18.1.2.сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хяналт тавих; 18.1.3.бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах; 18.1.4.усны тоо бүртгэлийг жил тутамд сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны байгууллагад тайлагнах;
18.1.5.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах; 18.1.6. ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, худаг гаргах, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 40.1-д заасны дагуу ус ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ-сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах талаар дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх; 18.1.7. энэ хуулийн 40.4-д зааснаар, ус ашиглах дүгнэлтэд үндэслэн ус ашиглах гэрээ байгуулах зөвшөөрөл олгох;
18.1.8.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох; 18.1.9.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох санал гаргах; 18.1.10.ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг тэдгээрээс нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах; 18.1.11.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах; 18.1.12.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах; 18.1.13.гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах; 18.1.14.хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах; 18.1.15.сав газарт ус ашиглах, бохир ус зайлуулах зөвшөөрлийн биелэлтийг хянах; 19.1.16.сав газрын усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх; 18.1.17.сав газрын усны чанар, хэмжээнд хяналт-шинжилгээ хийх; 18.1.18.сав газрын усны нөөцийн тухай мэдээлэл, тайланг усны байгууллагад хүргүүлэх; 18.1.19.хуульд заасан бусад бүрэн эрх.
18.2Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.
18.3Сав газрын захиргааны бүрэлдэхүүн, дүрмийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19 дүгээр зүйлСав газрын талуудын оролцооны зөвлөл
19.1Сав газрын захиргааны дэргэд сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий орон тооны бус усны сав газрын талуудын оролцооны зөвлөл /цаашид “талуудын оролцооны зөвлөл" гэх/-ийг байгуулна.
19.2Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны төлөөлөл, байгаль орчны алба, төрийн бус байгууллага, сум, дүүргийн иргэн, ус ашиглагч, эрдэмтэн, судлаач, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл орсон байна.
19.3Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19.4Сав газрын талуудын оролцооны зөвлөл нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.4.1.сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих; 19.4.2.ус хамгаалах, усны нөөцийг хуримтлуулах, зохистой ашиглуулах, шийдвэр гаргахад иргэдийн саналыг тусгуулах, соён гэгээрүүлэх; 19.4.3.ус ашиглагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хүлээсэн сөрөг нөлөөллийг бууруулах, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээллийг ил тод байх боломжийг бүрдүүлэх; 19.4.4.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих; 19.4.5.урсац бүрэлдэх эх, усны эх үүсвэрийн орчмыг хамгаалах, ойжуулах, тохижуулах, нөхөн сэргээх арга хэмжээг нутгийн иргэдийн дэмжлэг, санаачилга, мэргэжлийн байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулах; 19.4.6.усны барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий байгууллагад гаргах; 19.4.7.ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгох саналыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргах.
20 дугаар зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
20.1Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх; 20.1.2.ус, усан орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах; 20.1.3.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдэлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах; 20.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
21 дүгээр зүйлСум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
21.1Сум, дүүргийн Засаг дарга усны харилцааны чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус, рашаан ашиглуулах зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих; 21.1.2.усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүй ашиглах, дур мэдэн цооног гаргасан үйл ажиллагааг таслан зогсоох; 21.1.3.усны нөөц хомсдох, гол, горхи, нуур, булаг, шанд, рашаан, худгийн ус ширгэх, бохирдох тохиолдолд тухайн эх үүсвэрээс ус ашиглахыг зогсоох, тэдгээрийг нөхөн сэргээх, ойжуулах, ургамалжуулах талаар шийдвэр гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх; 21.1.4.сав газрын захиргааны саналыг үндэслэн нутаг дэвсгэртээ хаягдал ус зайлуулах цэг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих; 21.1.5.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдэлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх; 21.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
22 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
22.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.усны тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх; 22.1.2.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчныг нөхөн сэргээх, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар сав газрын захиргаа, Засаг даргаас оруулсан төсөв, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1.5-д заасан хувь хэмжээгээр орон нутгийн төсөвт тусган батлах; 22.1.3.Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах; 22.1.4.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдэлийн мужийн заагийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох; 22.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
23 дугаар зүйлБаг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх
23.1Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох; 23.1.2.багийн нутаг дэвсгэрт байгаа худаг, усан сан, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг зохицуулах, бэлчээр, хадлан, тариаланг усжуулах зорилгоор худаг гаргах, хөв, усан сан, услалтын систем байгуулах талаар Засаг даргын саналыг хэлэлцэж, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдүүлнэ; 23.1.3.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэ хуулийн 23.1.2-т заасан асуудлаар шийдвэр гаргаагүй тохиолдолд шаардлагатай гэж үзвэл сав газрын захиргаанд хүргүүлнэ; 23.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
24 дүгээр зүйлБаг, хорооны Засаг даргын бүрэн эрх
24.1Баг, хорооны Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, зохистой ашиглах, усны орчныг нөхөн сэргээх тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж хангах; 24.1.2.гол, горхи, булаг, шанд, рашааны эхийг хамгаалах, тохижуулах, мод тарих, ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах, малчин өрх, хот айл, хоршоо, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран ажиллах; 24.1.3.нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд хяналт тавих; 24.1.4.усны онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулах; 24.1.5.хуульд заасан бусад эрх.
25 дугаар зүйлАймаг, нийслэлийн байгаль орчны албаны бүрэн эрх
25.1Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1.усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах; 25.1.2.аймаг, нийслэлийн усны мэдээллийн санг бүрдүүлж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргааг мэдээллээр хангах; 25.1.3.энэ хуулийн 40.4-т заасан сав газрын захиргааны зөвшөөрлийг үндэслэн ус ашиглагчтай гэрээ байгуулах, 40.1-т заасан сав газрын захиргааны дүгнэлтэд үндэслэн ус ашиглах зөвшөөрөл олгох, усны мэдээллийн санд бүртгэх; 25.1.4.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчныг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих; 25.1.5.ус, рашааны тоо бүртгэлийн дүнг нэгтгэж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаанд хүргүүлэх; 25.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
26 дугаар зүйлСум, дүүргийн байгаль хамгаалагчийн бүрэн эрх
26.1Сум, дүүргийн байгаль хамгаалагч усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1.хариуцсан нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах; 26.1.2.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих; 26.1.3.орон нутагтаа ус, рашааныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлэх;
27 дугаар зүйлУсны мэргэжлийн байгууллага
27 .1Усны нөөцийн судалгаа, хайгуул явуулах, цооног өрөмдөх, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
27 .2Усны нөөцийн судалгаа, хайгуулын ажлыг эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.
27 .3Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
27 .4Усны мэргэжлийн байгууллагын эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага таван жилийн хугацаагаар олгох бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд эрхийг нь таван жил тутам сунгана.
27 .5Усны мэргэжлийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ:
27.5.1.усны хайгуул, судалгаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул, судалгаа хийх, газрын доорх усны регионал судалгаа, зураглал хийх, усны сав газрын нөөцийн судалгаа хийх, усны нөөцийн зөвлөлөөр судалгааны тайланг хэлэлцүүлж, нөөцийг баталгаажуулах, хайгуул судалгааны тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; 27.5.2.усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 5.1.19-т заасан усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; 27.5.3.цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах эрх бүхий мэргэжлийн байгууллага унд ахуйн болон үйлдвэрлэлийн ус хангамж, усны нөөцийн эрэл, хайгуул, газрын доорх усны хяналт шинжилгээ, усны түвшин бууруулах, шүүрүүлэх, тэсэлгээ хийх болон бусад зориулалтаар ашиглах цооног өрөмдөх, тоноглох, худгийн барилга барих, сэргээн засварлах, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; 27.5.4.усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 5.1.19-т заасан усны барилга, байгууламжийг барих, сэргээн засварлах, шинэчлэх, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; 27.5.5.усны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага усны нөөцийн ашиглалт, усны нөөцийн төлбөр төлөлт, усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлын гүйцэтгэлд аудит хийх, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх.
27 .6Усны мэргэжлийн байгууллагын эрхийг шинээр авах, сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
27.6.1.аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа; 27.6.2.тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөцийн жагсаалт, нотариатаар баталгаажуулсан диплом, сертификатын хуулбар, ажлын туршлага; 27.6.3.мэргэжлийн хүний нөөцийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; 27.6.4.техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ, түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон техникийн бусад үзүүлэлт, фото зураг; 27.6.5.зураг төслийн эрх авах бол программ хангамжийн танилцуулга; 27.6.6.усны мэргэжлийн байгууллагын эрхээ сунгуулах бол дээрх баримт бичгээс гадна эрх авснаас хойш хийсэн ажлын тайланг жил бүрээр гаргах.
27 .7Усны мэргэшсэн хүний нөөцийн сургалтыг сонгон шалгаруулалт явуулж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, гидрологи, гидрогеологич, гидротехникч инженерт мэргэшсэн зэрэг олгоно.
27 .8Усны мэргэжлийн байгууллага зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татах нь мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах үндэслэл болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УСНЫ НӨӨЦИЙН ХАМГААЛАЛТ
28 дугаар зүйлУсны нөөцийн хамгаалалт
28.1.Усны нөөцийн хамгаалалтыг нь усны нөөц хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар хэрэгжүүлнэ. 28.2.Усны нөөцийг хамгаалах нь усны харилцаанд оролцогчдын нийтлэг үүрэг мөн. 28.3.Гол, мөрний урсац бүрэлдэх эхийг энэ хуулийн 30 дүгээр зүйлд заасан дэглэмээр хамгаална. 28.4.Ус хангамжийн эх үүсвэрт аюул заналхийлсэн, бохирдол үүссэн тохиолдолд мэргэжлийн болон орон нутгийн байгууллага шуурхай арга хэмжээ авна. 28.5.Усны экосистемийн доройтлыг бууруулах, зогсоох болон нөхөн сэргээх арга хэмжээг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тодорхойлж, хэрэгжүүлнэ.
29 дүгээр зүйлУрьдчилан сэргийлэх хамгаалалт
29.1Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт дараах бүс тогтооно:
29.1.1.онцгой хамгаалалтын бүс; 29.1.2.энгийн хамгаалалтын бүс; 29.1.3.эрүүл ахуйн бүс.
29.2Онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, хязгаарлалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
30 дугаар зүйлОнцгой хамгаалалтын бүс
30.1Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.
30.2Онцгой хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно:
30.2.1.аж үйлдвэрийн болон ашигт малтмал хайх, ашиглах; 30.2.2.гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтэц бүхий байгууламжаас бусад барилга, байгууламж барих; 30.2.3.газар тариалан эрхлэх; 30.2.4.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал угаах; 30.2.5.зэгс, шагшуурга, мод огтлох; 30.2.6.элс, хайрга, чулуу олборлох, авах; 30.2.7.байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх; 30.2.8.тухайн хамгаалалтын зориулалтаас өөр зорилгоор газар ашиглах; 30.2.9.химийн бодис хэрэглэх; 30.2.10.хог, хаягдал буулгах, хадгалах.
31 дүгээр зүйлЭнгийн хамгаалалтын бүс
31.1Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно. Энгийн хамгаалалтын бүсэд зохицуулалттай ашиглалтыг зөвшөөрнө.
31.2Энгийн хамгаалалтын бүсэд хаягдал ус, бохирдуулах бодис гаргахыг хориглоно.
32 дугаар зүйлЭрүүл ахуйн хамгаалалтын бүс
32.1Ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд болон хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн эргэн тойронд эрүүл ахуйн бүс тогтооно.
32.2Эрүүл ахуйн бүсийн хилийн зааг, дэглэм, хязгаарлалтыг хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах шаардлагад нийцүүлэн байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
33 дугаар зүйлРашааны хамгаалалт
33.1Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:
33.1.1.рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг; 33.1.2.хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг; 33.1.3.рашааны хязгаарлалтын бүсийг усны мэргэжлийн байгууллага тогтоох.
33.2Рашааны эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.2.1.рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах; 33.2.2.хог хаягдал хаях, химийн бодис хадгалах.
33.3Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.3.1.рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг хаягдал ус цэвэрлэх, зайлуулах байгууламжгүй барих; 33.3.2.газар тариалан эрхлэх, мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх; 33.3.3.хог хаягдал хаях, хадгалах, бохирын цооног байгуулах.
33.4Рашааны хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.4.1.ус, рашаан ашиглахтай холбоогүй барилга байгууламж барих; 33.4.2.хог хаягдлын болон хаягдал ус зайлуулах байгууламж, цэг байрлуулах, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис хадгалах.
33.5Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
33.6Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 33.1-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно.
34 дүгээр зүйлУсан орчны биологийн төрөл зүйлийг хамгаалах
34.1Усан орчны биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ.
34.2Гадаадын инвазив зүйлийг Монгол Улсын усанд нутагшуулахыг хориглоно.
Тайлбар: инвазив гэж тухайн газар нутагт байгалиасаа байдаггүй, гадаадаас орж ирсэн буюу нутагшуулсан амьд организм нь уугуул экосистемд сөрөг нөлөө үзүүлж, хяналтгүй тархах үзэгдлийг хэлнэ.
35 дугаар зүйлХуурайшилт, ган, цөлжилтийн үед усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах
35.1Хуурайшилт, ган, цөлжилтийн үеийн зохицуулалтын журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
35.2Хуурайшилт, ган, цөлжилтийн зэрэглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр тогтооно.
35.3Хуурайшилт, ган, цөлжилтийн үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, бүх шатны Засаг дарга сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна.
35.4Хуурайшилт, ган, цөлжилтийн үед ус ашиглалтыг хүний унд, ахуйн хэрэгцээ, мал аж ахуй, хөдөө аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн эрэмбээр хязгаарлана. Хуурайшилт, ган, цөлжилтийн зэрэглэл тогтоох болон энэ үед мөрдөх усны нөөцийн менежментийн журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
35.5Хуурайшилт, ган, цөлжилтөд нэрвэгдсэн болон усны хомсдолд орсон нутаг дэвсгэрийг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тогтоож, тусгай зохицуулалтын дэглэмд оруулна.
35.6Хомсдолд орсон нутаг дэвсгэрт ус ашиглалтыг хязгаарлах, шинэ зөвшөөрөл олгохоо зогсоох, нөхөн сэргээлтийн арга хэмжээ авах бүрэн эрхийг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
36 дугаар зүйлУсны нөөцийг бохирдохоос хамгаалах
36.1Усны сан бүхий газарт цацраг идэвхт болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник, бохир зүйлс угаахыг хориглоно.
36.2Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоо метрээс их, эсхүл энэ хуулийн 5.1.29-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын дүгнэлтийг үндэслэн усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.
36.3Ус бохирдуулагч нь хаягдал усныхаа тоо хэмжээ, найрлагад хяналт тавих, хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн бохир усыг цэвэрлэж зайлуулах үүрэг хүлээнэ.
36.4.Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ.
36.5Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон журмын дагуу ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулсан байна.
36.6Хаягдал ус зайлуулах зөвшөөрлийг энэ хуулийн 36.2-т заасны дагуу өгч, сав газрын захиргаа усны мэдээллийн санд бүртгэнэ.
36.7Хаягдал ус зайлуулах зөвшөөрөлд заасан хэмжээнээс болон хаягдал усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа хаясан нь ус ашиглах эрхийг цуцлах үндэслэл болно.
36.8Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
УС АШИГЛАЛТ
37 дугаар зүйлУс ашиглах зориулалт, төрөл
37.1Усыг усны нөөц, түүнээс ашиглаж болох дээд хязгаарын дотор дараах байдлаар ашиглана:
37.1.1.иргэн, хуулийн этгээд хууль тогтоомжийн дагуу ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний, хөдөө аж ахуйн зориулалтаар хуульд заасан хугацаа, болзол нөхцөлийн дагуу ашиглана; 37.1.2.ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ус ашиглах тохиолдолд зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр ашиглана.
37.2Иргэн, хуулийн этгээдийг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан дараах байдлаар ангилна:
37.2.1.ус хэрэглэгч; 37.2.2.ус ашиглагч.
38 дугаар зүйлУс ашиглалтын дээд хязгаар
38.1Ус ашиглалтын дээд хязгаарыг тогтооход экологийн урсцын шаардлага, хүн амын ундны ус хэрэгцээ, байгаль орчны тэнцвэрт байдлыг тэргүүлэх ач холбогдолтойд тооцно.
38.2Ус ашиглалтын дээд хязгаарт хүрсэн тохиолдолд тухайн сав газарт шинээр ус ашиглах зөвшөөрөл олгохгүй.
39 дүгээр зүйлУс хэрэглэгчид олгох зөвшөөрөл
39.1Ус хэрэглэгч цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татахдаа сав газрын захиргаанд өргөдөл гаргаж, сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл авна.
39.2Сав газрын захиргаанд гаргах өргөдөлд дараах мэдээллийг тусгана:
39.2.1.ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ; 39.2.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар; 39.2.3.худгийн мэдээлэл.
39.3Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн ус хэрэглэгчид зөвшөөрөл олгож, ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгоно.
39.4Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно.
40 дүгээр зүйлУс ашиглагчид олгох зөвшөөрөл
40.1Ус ашиглагч нь хоногт 100 шоо метрээс их ус ашиглах, эрчим хүч, усан орчин, тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 100 шоо метр хүртэлх ус ашиглуулах, хур тунадасны нөөцлүүрийг хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг сав газрын захиргаа гаргана.
40.2Ус ашиглах зөвшөөрлийн загвар, олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
40.3Энэ хуулийн 40.1-т заасан этгээд ус ашиглах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт гаргана.
40.4Энэ хуулийн 40.1-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоо метрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 100 шоо метрээс бага ус ашиглах тохиолдолд аймаг, нийслэлийн байгаль орчны алба олгоно.
40.5Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авна.
40.6Ус ашиглагч ус ашиглах хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:
40.6.1.ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг; 40.6.2.ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт; 40.6.3.хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт; 40.6.4.барилга байгууламжийн зураг, төсөл; 40.6.5.үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт; 40.6.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт.
40.7Рашаан ашиглах хүсэлт гаргахад энэ хуулийн 40.6-т зааснаас гадна дараах бичиг баримтыг нэмж хавсаргана:
40.7.1.усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг; 40.7.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт; 40.7.3.рашааныг хамгаалах, ашиглах төсөл.
40.8аах тохиолдолд ус ашиглах, хэрэглэх зөвшөөрөл шаардахгүй:
40.8.1.ус хэрэглэгч нь гэр бүл, өрхийн унд, ахуйн хэрэгцээнд ус хэрэглэх; 40.8.2.мал аж ахуйн жижиг хэмжээний ус хэрэглэлд; 40.8.3.гал унтраах, авран хамгаалах болон онцгой байдлын зорилгоор ус ашиглах.
40.9Ус ашиглагчийн газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг төлөөлөхгүй.
40.10Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны нөөцийг гэрээний үндсэн дээр хамтран ашиглаж болно.
40.11Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон усны нөөцийг ашиглах тохиолдолд усны эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлнэ.
40.12Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, ус ашиглах эрхийн бичиг, гэрээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
40.13Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно.
40.14Байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологи бүхий үйлдвэр, үйлчилгээний газарт ус ашиглуулах дүгнэлт гаргахыг хориглоно.
41 дүгээр зүйлУс ашиглах гэрээ
41.1Энэ хуулийн 40.4-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ.
41.2Ус ашиглах зөвшөөрөл авсан этгээд нь энэ хуулийн 41.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулна.
41.3Ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана:
41.3.1.ус ашиглуулах тухай шийдвэр; 41.3.2.ус ашиглах зориулалт, хоногт ашиглах усны хэмжээ, чанар, найрлага; усны эх үүсвэрийн байршил, барилга байгууламжийн зураг, төсөл; 41.3.4.хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага, хаях цэг, байршил зэргийг заасан хаягдал ус зайлуулах зөвшөөрөл; 41.3.5.ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ; 41.3.6.хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ; 41.3.7.усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ; 41.3.8.гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага; 41.3.9.талууд гэрээгээр тохиролцохоор хуульд заасан бусад нөхцөл.
41.4Ус ашиглах гэрээний загвар, байгуулах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
41.5Энэ хуулийн 40.4-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна.
41.6Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан ус ашиглах гэрээг дараах тохиолдолд зөвшөөрөл олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална:
41.6.1.ус ашиглагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй; 41.6.2.байгаль орчныг хамгаалах тухай болон усны тухай хууль тогтоомж зөрчсөн; 41.6.3.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй; 41.6.4.усны эх үүсвэрийг бохирдуулсан; 41.6.5.усны тоолуур болон тохиргооны тоног төхөөрөмж суурилуулаагүй буюу ашигласан усны тооцоог хуурамчаар тооцсон; 41.6.6.сав газрын захиргааны шийдвэрээр.
41.7Хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны эх үүсвэрээс ашиглаж байгаа бусад ус ашиглагчийн эрхийг төр өөрийн санаачилгаар цуцалж болно.
42 дугаар зүйлУс ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлага
42.1Ус ашиглагч дараах үүргийг хүлээнэ:
42.1.1.ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх; 42.1.2.хоногт 50 шоо метрээс их ус ашиглагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.7-д заасны дагуу дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулах; 42.1.3.хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авах, ашиглалтын явцад гарах бохир усыг хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх, эсхүл шууд зайлуулах; 42.1.4.ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах; 42.1.5.ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх.
42.2Рашаан ашиглагч энэ хуулийн 42.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
42.2.1.рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын найрлага, чанарын үнэлгээний үзүүлэлтэд горимын ажиглалт хийлгэн баталгаажуулж, рашаан ашиглалтын бүртгэл хөтөлж, дүн мэдээг сав газрын захиргаанд хүргүүлэх; 42.2.2.үйл ажиллагаанаас гарах хаягдал ус, рашааныг цэвэрлэх байгууламж барьж ашиглах, эсхүл зайлуулах цэг тогтоолгох; 42.2.3.рашааны ордыг бохирдол, хомсдолоос хамгаалах зорилгоор рашааны эрүүл ахуйн болон хориглолтын бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэгжүүлэх, хашиж хамгаалах.
42.3Цацраг идэвхт бодис хэрэглэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал ус цэвэрлэх байгууламж нь түүнийг бүрэн арилгах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
42.4Хот, суурины унд ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам сүлжээг тусгаарлана.
42.5Биологийн нөөц хамгаалах байгууламжгүй болон усыг үргүй зарцуулж ууршуулах, газрын хөрсийг намагжих, давсжих, эвдрэхэд хүргэхээр усны барилга байгууламж, усан сан, далан, суваг байгуулахыг хориглоно.
42.6Уул уурхайн олборлолтод ус ашиглагч ашигт малтмал баяжуулах усаа голын эрэг, голдирлыг үл хөндөх шахуурга, яндан хоолой зэрэг усны нөөцөд сөрөг нөлөө үл үзүүлэх технологи ашиглан авна.
43 дугаар зүйлУс ашиглах зөвшөөрөл шилжүүлэх
43.1Ус ашиглах зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
43.2Ус ашиглагч хуулийн этгээд нь нэгдсэн, хуваагдсан болон бусад хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдсан үед ус ашиглах зөвшөөрлийн хүчинтэй байдлын асуудлыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
44 дүгээр зүйлУс ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох
44.1Дараах тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага ус ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгоно:
44.1.1.ус ашиглагч нь гэрээнд заасан нөхцөлийг удаа дараа зөрчсөн; 44.1.2.ус ашиглагч нь хуурамч баримт бичиг бүрдүүлж зөвшөөрөл авсан нь тогтоогдсон; 44.1.3.гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл бий болох; 44.1.4.ус ашиглагч нь хуульд заасан хариуцлага хүлээхээс зайлсхийсэн; 44.1.5.тухайн сав газарт ус ашиглалтын дээд хязгаарт хүрсэн.
45 дугаар зүйлУсны барилга байгууламж
45.1Усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий барилгын мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
45.2Улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
45.3Усны барилга байгууламжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
45.4Усны барилга байгууламж эзэмших, ашиглах эрхийг тав хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгана.
45.5Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно.
45.6Зохих зөвшөөрлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, сэргээн засварласан усны барилга байгууламж нь тэдгээрийн өмчлөлд байж болох бөгөөд харин усны нөөц нь нийтийн ашиглалтад байна.
45.7Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байна.
45.8Услалтын систем барих, шинэчлэх, засварлах шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
45.9Усны барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр усаар хангана.
45.10Усны аливаа барилга байгууламж нь паспорттай байна.
46 дугаар зүйлХаягдал ус, цэвэрлэх
46.1Хаягдал усыг дараах байдлаар ангилна:
46.1.1.ахуйн хаягдал ус: гэр, орон сууц, нийтийн байгууламжаас гарах бохир ус; 46.1.2.үйлдвэрийн хаягдал ус: үйлдвэрлэл, боловсруулах ажиллагаанаас гарах бохир ус; 46.1.3.хөдөө аж ахуйн хаягдал ус: тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаанаас гарах бохир ус; 46.1.4.уул уурхайн хаягдал ус: уул уурхайн болон геологийн хайгуулын үйл ажиллагаанаас гарах бохир ус.
46.2Ус бохирдуулагч нь хаягдал усыг байгалийн усанд зайлуулахаасаа өмнө хаягдал усны стандартад нийцүүлэн цэвэрлэх үүрэгтэй.
46.346.3.Хаягдал усны стандартад нийцэхгүй усыг байгалийн усанд зайлуулахыг хориглоно.
46.4Бохир ус цэвэрлэх технологийн шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47 дугаар зүйлАюултай бохирдуулах бодис
47.1Аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал усыг байгалийн усанд зайлуулахыг хориглоно.
47.2Аюултай бохирдуулах бодисын жагсаалт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
47.3Аюултай бохирдуулах бодис хэрэглэж байгаа этгээд нь урьдчилан цэвэрлэх байгууламж ажиллуулах үүрэгтэй.
48 дугаар зүйлУул уурхайн ус ашиглалт
48.1Уул уурхайн үйл ажиллагааны явцад усны нөөцөд учирч болзошгүй нөлөөллийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд тусгана.
48.2Уул уурхайн ус ашиглалтын зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан зөвшөөрөлтэй уялдуулан олгоно.
48.3Уул уурхайн ус ашиглалтын зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд ашигт малтмалын зөвшөөрөл олгохгүй.
48.4Уул уурхайн хаягдал усыг зайлуулах болон хадгалах барилга байгууламжийн шаардлагыг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
48.5Уул уурхайн үйл ажиллагаа дуусмагц усны нөөцийг нөхөн сэргээх үүргийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээнэ.
49 дүгээр зүйлҮйлдвэрлэлийн зориулалттай ус ашиглалт
49.1Үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглаж байгаа этгээд нь ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулна.
49.2Үйлдвэрийн хаягдал усыг ариутгах татуургад нийлүүлэхийн өмнө урьдчилан боловсруулж, үйлдвэрлэлийн ус ашиглалтыг дахин ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.
49.3Үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарсан хаягдал усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэхийн өмнө ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартад нийцүүлнэ.
49.4Ариутгах татуургад хаягдал ус нийлүүлэх гэрээ, нөхцөлийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
УСНЫ НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ, УСНЫ ТӨЛБӨР
50 дугаар зүйлУсны нөөцийг нөхөн сэргээх
50.1Усны нөөцийг хамгаалах зорилгоор усны нөөцийг нөхөн сэргээж, усны нөөц ашиглалтын төлбөрийг усны экологи, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх агуулгаар тогтооно.
51 дүгээр зүйлУс хэмнэлтийн эдийн засгийн урамшуулал
51.1Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ус хэмнэх, усны ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа ус ашиглагч, ус хэрэглэгчийг урамшуулна.
51.2Усыг дахин ашигласан, усны нөөцийн хуримтлал бий болгосон иргэнд уур амьсгалын өөрчлөлтийн сангаас урамшуулал олгоно.
51.3Байгаль орчны тухай хуульд заасан хамтын менежментээр усны ашиглалт хэрэгжүүлсэн бол урамшуулал олгоно.
52 дугаар зүйлУсыг хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулахад үзүүлэх дэмжлэг
52.1Дахин ашиглах цэвэрлэсэн усыг ашигладаг ус ашиглагчид татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
52.2Ус ашиглагч хур тунадас, үерийн ус, дээврийн усыг хуримтлуулан ашигласан тохиолдолд хуримтлуулсан усны хэмжээг харгалзан ус ашигласны төлбөрөөс чөлөөлнө.
52.3Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагаа явуулдаг сав газарт хөв цөөрөм байгуулж ус хуримтлуулсан тохиолдолд хуримтлуулсан усны хэмжээгээр ус ашигласны төлбөрөөс хөнгөлнө.
52.4Говь цөл, тал хээрийн бүсэд дээрх хуримтлуулсан усыг шилжүүлэн ашиглавал ус ашигласны төлбөрөөс 50 хүртэлх хувиар чөлөөлнө.
52.5Усыг алсын зайд дамжуулах дэд бүтэц, шугам хоолой, насос станц, эрчим хүчний эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр хийвэл, оруулсан хөрөнгийн хэмжээгээр аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.1-т заасан татварын хөнгөлөлтөд хамруулна.
52.6Татварын болон санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно.
53 дугаар зүйлУс ашигласны төлбөр
53.1Ус ашиглагч нь усны нөөц ашигласны төлбөр төлнө.
53.2Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр төлбөр тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
53.3Ус хэрэглэгч, ашиглагчийн ус ашигласны төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно.
53.4Ус ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт хуваарилна.
53.5Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөлийг хуулиар тогтооно.
54 дугаар зүйлУс бохирдуулсан, хомсдуулсны төлбөр
54.1Ус бохирдуулагч нь ус бохирдуулсны төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
54.2Хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд ус бохирдуулсны нөхөн төлбөрийг нэмж төлнө.
54.3Ус бохирдуулсан, хомсдуулсны нөхөн төлбөрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө.
54.4Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хот, суурин газрын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдэлийн муж, хамгаалалтын бүсэд эзэмшиж ашиглаж байгаа барилга, цардсан талбайн хэмжээгээр, зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан болон үр ашиггүй байдлаар шавхан зайлуулсан, байгалийн төлөв байдлын өөрчилсөн шоо метр тутамд ус хомсдуулсны төлбөр төлнө.
54.5Ус бохирдуулсан, хомсдуулсны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 14.1.4-т заасны дагуу тогтооно.
54.6Ус бохирдуулсан, хомсдуулсны нөхөн төлбөрийн тооцооллын аргачлалыг Засгийн газар тогтооно.
55 дугаар зүйлУсны нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөр
55.1Усны нөөцөд хохирол учруулсан этгээд нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу нөхөн төлбөр төлнө.
55.2Нөхөн төлбөрийн хэмжээг усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн тооцоолно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, АУДИТ
56 дүгээр зүйлУсны хяналт-шинжилгээ
56.1Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын хяналт-шинжилгээ /мониторинг/-г байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журам, аргачлалын дагуу тасралтгүй хийж усны хяналт-шинжилгээний улсын сүлжээг удирдана.
56.2Усны хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ байнгын ажиллагаатай дараах хэсгээс бүрдэнэ:
56.2.1.улсын хяналт-шинжилгээний сүлжээ; 56.2.2.сав газрын хяналт-шинжилгээний нэгж; 56.2.3.аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.
56.3Ус ашиглагч нь ус ашиглалтын хэмжээ, хаягдал усны чанар зэрэг хяналт-шинжилгээнд хамрагдах мэдээллийг тогтмол хүргүүлэх үүрэгтэй.
56.4Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны хяналт-шинжилгээний хөтөлбөр, усны шинжилгээний аргачлалыг баталж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд хяналт-шинжилгээний хөтөлбөрт усны сан бүхий газар, газрын доорх усны ордын нэр, хяналт-шинжилгээний харуул, өртөө, цооногийн тоо, байршил, шинжилгээний төрөл, арга зүй, хариуцан гүйцэтгэгчийг тус тус заана.
56.5Энэ хуулийн 56.2.1, 56.2.2-т заасан сүлжээ, нэгжийг тоног төхөөрөмжөөр хангах болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
56.6Усны хяналт-шинжилгээний дүн мэдээг гүйцэтгэгч улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
57 дугаар зүйлГазарзүйн мэдээллийн систем болон хиймэл дагуулын хяналт
57.1Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны нөөцийн хяналт-шинжилгээнд газарзүйн мэдээллийн систем болон хиймэл дагуулын технологийг ашиглана.
57.2Сав газрын усны нөөцийн орон зайн мэдээллийн санг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлнө.
58 дүгээр зүйлУсны аудит
58.1Усны аудитыг усны мэргэжлийн байгууллага нь усны нөөцийн ашиглалтын үр ашиг, хаягдал усны менежмент, усны нөөцийн төлбөр төлөлт, усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлын гүйцэтгэлд 5 жил тутамд аудит хийж тайланг усны нөөцийн мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
58.2Усны аудит хийх аргачлал, аудиторт тавих шаардлагыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
59 дүгээр зүйлУсны хяналтын лаборатори
59.1Усны чанарын лаборатори нь Монгол Улсын стандартын дагуу итгэмжлэгдсэн байх бөгөөд итгэмжлэлийн нөхцөл, журам, шинжилгээний аргачлал, стандартыг стандартын асуудал эрхэлсэн байгууллага батална.
59.2Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд усны хяналтын төв лаборатори ажиллана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД
60 дугаар зүйлУсны тухай хууль тогтоомж зөрчих
60.1Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуулийн болон Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
60.2Усны тухай хуулийн зөрчилтэй холбоотой иргэний эрх зүйн маргааныг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
61 дүгээр зүйлЭвлэрүүлэн зуучлал
61.1Иргэн хоорондын усны харилцаанд холбогдох маргааныг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасны дагуу эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэж болно.
62 дугаар зүйлНийтийн ашиг сонирхлын нэхэмжлэл
62.1Иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, сум, дүүргийн засаг дарга нь усны нөөцийг бохирдуулсан, хомсдуулсан зөрчилтэй холбогдуулан нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
63 дугаар зүйлӨмнө олгосон зөвшөөрлийн хүчинтэй байдал
63.1Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгогдсон ус ашиглах зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр байх бөгөөд зөвшөөрлийн хугацаа дуусахад энэ хуулийн дагуу шинэчлэн олгоно.
63.2Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ус ашиглах эрх авсан ус ашиглагч нь энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор энэ хуулийн шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авах үүрэгтэй.
64 дүгээр зүйлДүрэм, журам шинэчлэн батлах хугацаа
64.1Энэ хуульд заасан дүрэм, журмыг Засгийн газар болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор батална.
65 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох хугацаа
65.1Энэ хуулийг 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
65.2Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Усны тухай хуулийг хүчингүй болсонд тооцно.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал-20260624.docx)