Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2022 ОНЫ 12-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, гэрээ байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.2. Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.3. Энэ хууль бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой дараах харилцааг зохицуулахад хамаарахгүй:
3.3.1. хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авах ажиллагаа;
3.3.2. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд тусгайлан заасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой үнэт цаас, валют худалдан авах, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, хадгалуулах, тээвэрлэх, гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдуулан гадаад валют, алт худалдан авах, цэвэршүүлэх, тээвэрлэх, банкны хяналт, шалгалтын хүрээнд зөвлөх үйлчилгээ авах, үндэсний төлбөрийн системийн программ хангамж, түүний тоног төхөөрөмж, эрдэнэсийн нөөц санг бүрдүүлэхэд хамаарах худалдан авах ажиллагаа;
3.3.3. Засгийн газар, төрийн өмчит эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
3.3.4. Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамж болон харилцаа холбооны үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
3.3.5. Монгол Улсын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын хэрэгцээнд гадаад улсад худалдан авах ажиллагаа;
3.3.6. Засгийн газраас Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, гадаад улсаас соёлын биет өв болон түүний хуулбарыг өмчлөгчтэй тохиролцон худалдан авах ажиллагаа.
3.4. Энэ хуулийн 3.3.1-д заасан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журмыг тагнуулын байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “ажил” гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг;
4.1.2. “аж ахуй эрхлэгч” гэж хуулийн этгээд, хүнийг;
4.1.3. “ашиглалтын хугацааны өртөг” гэж харьцуулах үнэ дээр ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцсон тоон утгыг;
4.1.4. “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдах, солилцох, түрээслэх боломжтой эд юмс, бэлэн шийдэл бүхий биет бус хөрөнгө болон тухайн барааг дагалдан үзүүлэх ажил, үйлчилгээг;
4.1.5. “бэлэн шийдэл” гэж зах зээлд бэлэн байгаа бөгөөд өөрчлөлт оруулахгүйгээр захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой шийдлийг;
4.1.6. “гадаадын этгээд” гэж гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд, гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүнийг;
4.1.7. “дотоодын бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрийг өөрчилж шинээр бүтээсэн барааг;
4.1.8. “ерөнхий гэрээний арга” гэж захиалагчийн тодорхой хугацаанд давтамжтай худалдан авдаг, эсхүл байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг тогтоосон ерөнхий гэрээг нэг ба түүнээс дээш оролцогчтой байгуулж, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахыг;
4.1.9. “захиалагч” гэж:
4.1.9.1. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
4.1.9.2. 50 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
4.1.9.3. Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч;
4.1.9.4. худалдан авах ажиллагааг энэ хуулийн дагуу зохион байгуулахаар хуульд заасан бусад этгээд.
4.1.10. “захиалагчаас хараат этгээд” гэж дараах нөхцөлийн аль нэгд хамаарах этгээдийг:
4.1.10.1. тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнийг захиалагч томилж, чөлөөлдөг;
4.1.10.2. захиалагч нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлдог, эсхүл тодорхойлоход оролцдог.
4.1.11. “зарлал” гэж тендер шалгаруулалт явуулах тухай цахим систем дэх мэдээллийг;
4.1.12. “оролцогч” гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.13. “өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ” гэж захиалагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардагдах бараа, ажил, үйлчилгээг;
4.1.14. “сонирхогч этгээд” гэж тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар оролцох сонирхлоо илэрхийлсэн, эсхүл энэ хуульд заасан урилга хүлээн авсан аж ахуй эрхлэгчийг;
4.1.15. “тендер” гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг;
4.1.16. “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг;
4.1.17. “тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.18. “техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;
4.1.19. “түншлэл” гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.20. “үйлчилгээ” гэж энэ зүйлийн 4.1.1-д заасан ажил гүйцэтгэхэд хамаарахгүй угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын, эсхүл тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйл ажиллагааг;
4.1.21. “урилга” гэж захиалагчаас аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцохыг урьсан баримт бичгийг;
4.1.22. “харьцуулах үнэ” гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг;
4.1.23. “худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг;
4.1.24. “цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.25. “цахим каталог” гэж бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг ангилж тодорхойлсон цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.26. “цахим систем” гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг.
5 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны зарчим
5.1. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
6 дугаар зүйл. Оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч
6.1. Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно.
6.2. Түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг тендерийн үнийн 20 хувиас дээш байна.
6.3. Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ:
6.3.1. гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх;
6.3.2. худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах эрх бүхий нэг гишүүнийг томилсон байх.
6.4. Оролцогч тендерийн үнийн 20 хүртэл хувийг нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдээр туслан гүйцэтгүүлэхээр санал ирүүлж болно.
7 дугаар зүйл. Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах
7.1. Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:
7.1.1. төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;
7.1.2. Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй;
7.1.3. Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийн оролцсон тендер шалгаруулалт, түүний багцад тендер ирүүлсэн;
7.1.4. тухайн тендер шалгаруулалтад оролцохдоо бусад оролцогчтой өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцсон;
7.1.5. энэ хуулийн 4.1.10-т заасан этгээд;
7.1.6. дараах этгээдийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон:
7.1.6.1. оролцогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд;
7.1.6.2. оролцогчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгч;
7.1.6.3. оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан.
7.1.7. тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай;
7.1.8. тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн хугацаа дуусаагүй;
7.1.9. энэ хуулийн 56.5.3-56.5.5-д заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн эцсийн өмчлөгчийн үүсгэн байгуулсан, эсхүл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд.
7.2. Оролцогч энэ зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана.
7.3. Энэ зүйлийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбоотой баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ.
7.4. Түншлэлийн гишүүн тус бүр ерөнхий шаардлага хангасан байх бөгөөд холбогдох мэдэгдэл, баримт бичгийг энэ зүйлийн 7.2, 7.3-т зааснаар ирүүлнэ.
8 дугаар зүйл. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давуу эрх тооцох
8.1. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрээс худалдан авахаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
8.2. Энэ зүйлийн 8.1-д заасан барааны нэр, төрлийн жагсаалтыг эдийн засаг, хөгжлийн болон хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, Засгийн газар батална.
8.3. Захиалагч ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно.
8.4. Оролцогч энэ зүйлийн 8.2-т зааснаас бусад дараах нөхцөлийн аль нэгийг хангасан дотоодын бараа санал болговол давуу эрх олгоно:
8.4.1. хог хаягдлыг дахин боловсруулсан;
8.4.2. хэрэглээний хог хаягдлыг дахин ашиглах эсхүл боловсруулахаар эргүүлэн авах санал ирүүлсэн;
8.4.3. нийслэл, дүүрэг болон улсын зэрэглэлтэй хотод хамаарахгүй орон нутагт үйлдвэрлэсэн түүхий эд, бараа, материалыг ашиглан үйлдвэрлэсэн;
8.4.4. Инновацийн тухай хуулийн 3.1.4-т заасан инновацийн бүтээгдэхүүн;
8.4.5. ажиллах хүчний 30 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн эзэлдэг, 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй эрхлэгч үйлдвэрлэсэн.
8.5. Оролцогч ажил гүйцэтгэхэд дотоодын бараа ашиглахаар санал болговол давуу эрх олгоно.
8.6. Энэ зүйлийн 8.4, 8.5-д зааснаар давуу эрх олгоход дотоодын барааны хэсгийн үнийн 10 хувиар, энэ зүйлийн 8.4-т заасан оролцогч нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол дотоодын барааны хэсгийн үнийн 15 хувиар тендерийн үнээс хийсвэрээр бууруулж тооцно.
8.7. Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад дараах давуу эрхийн аль нэгийг олгож, тендерийн үнийг хийсвэрээр бууруулж тооцно:
8.7.1. нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотод хамаарахгүй орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зарласан тендер шалгаруулалтын оролцогч сүүлийн хоёроос доошгүй жилийн хугацаанд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон бол түүний тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн таван хувиар;
8.7.2. эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч энэ зүйлийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр, эсхүл гэрээний үүргийн 50-аас доошгүй хувийг гүйцэтгэж энэ хуулийн 6.3.2-т заасан эрх эдлэх түншлэлийн гишүүний хувиар гүйцэтгэхээр санал ирүүлсэн бол тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн 7.5 хувиар.
8.8. Энэ зүйлийн 8.1-д заасан бараа худалдан авах болон бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад давуу эрх олгохгүй.
8.9. Энэ хуульд зааснаар давуу эрх тооцоход шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
9 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагааны цахим систем
9.1. Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ.
9.2. Цахим системд мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр хадгална.
9.3. Худалдан авах ажиллагаанд холбогдох баримт бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно.
9.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмыг баталж, цахим системээр тендер илгээхэд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно.
9.5. Цахим системийн үйл ажиллагаанаас шалтгаалан тендер шалгаруулалт тасалдсан эсхүл тасалдах нөхцөл байдал байгаа гэж үзсэн бол худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ тухай захиалагчид мэдэгдэж, тендер шалгаруулалтад холбогдох хугацааг сунгана.
ХОЁРДУГААР БҮЛЭГТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
10 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зохион байгуулалт
10.1. Захиалагч тендер шалгаруулалтыг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан аргад үндэслэн зохион байгуулна.
10.2. Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно.
10.3. Захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
10.4. Бараа худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулахад энэ хуулийн 8.2-т заасан барааг бусад бараанаас тусад нь багцална.
10.5. Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар багцалж болно.
10.6. Оролцогч тендер шалгаруулалтын хэдэн багцад тендер ирүүлэхийг захиалагч хязгаарлахгүй.
10.7. Энэ хуулийн 4.1.8-д заасан ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.
10.8. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, хил хамгаалах, онцгой байдлын байгууллага, цагдаа, дотоодын цэрэг, хорих байгууллагын тусгай хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээг тухайн салбарын төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх, эсхүл хорих байгууллагын өөрийн хэрэгцээний ажлыг холбогдох хуулийн дагуу гүйцэтгүүлэх нь үр ашигтай гэж захиалагч үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэхгүй байж болно.
10.9. Захиалагч энэ хуулийн 12.7-д заасан тусгайлсан шаардлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургах, нийгмийн амьдралд оролцуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээр гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
10.10. Засгийн газрын бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэхэд шаардлагатай хэвлэл мэдээллийн үйлчилгээ, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний үнэт зүйл, соёлын өвийг таниулсан соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, урлагийн бүтээлийг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэхгүй байж болно.
10.11. Энэ хуулийн 31.2-т өөрөөр заагаагүй бол захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоох нөхцөлтэй тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
10.12. Энэ зүйлийн 10.2, энэ хуулийн 34.1-д заасан төсөвт өргийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.
10.13. Хэрэглээний үнийн индекс 10-аас дээш хувиар өөрчлөгдөх тухай бүр энэ зүйлийн 10.12-т заасан төсөвт өргийн дээд хязгаарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шинэчлэн тогтооно.
11 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын баримт бичиг
11.1. Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.
11.2. Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.
11.3. Энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэлээр бэлтгэж болно.
11.4. Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:
11.4.1. харьцуулах үнэ;
11.4.2. ашиглалтын хугацааны өртөг.
11.5. Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан дараах шалгуур үзүүлэлтээс аль тохирохыг мөнгөөр илэрхийлэн харьцуулах үнэ дээр хийсвэрээр нэмж тооцохоор тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно:
11.5.1. бараа хүргэх, ажил, үйлчилгээ дуусгах хугацаа;
11.5.2. гэрээний гүйцэтгэлийн дараах үйлчилгээ;
11.5.3. байгаль орчинд нөлөөлөх байдал;
11.5.4. энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.
11.6. Энэ зүйлийн 11.5-д заасан шалгуур үзүүлэлт нь зөвхөн санал болгох бараа, ажил, үйлчилгээнд хамаарна.
11.7. Бараа, ажил, үйлчилгээний үр дүнд бий болох оюуны өмчийн эрхийг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.8. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөх бол энэ тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.9. Захиалагч гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийг тохируулах бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.10. Тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай бүр цахим системийн холбогдох хэсэгт өөрчлөлтийг тусгана.
11.11. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрөөр заагаагүй бол тендерийн үнийг тус хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.12. Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгах гэрээний жишиг нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 дугаар зүйл. Техникийн тодорхойлолт
12.1. Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.
12.2. Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.
12.3. Техникийн тодорхойлолтод хүний эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалд нөлөөлөх нөлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байх шалгуур үзүүлэлтийг тусгаж болно.
12.4. Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно.
12.5. Техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ зүйлийн 12.4-т заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох ба энэ тохиолдолд “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэнэ.
12.6. Барилга байгууламж, дэд бүтэцтэй холбогдох техникийн тодорхойлолтод хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүн, түгээмэл загварыг тусгана.
12.7. Барааг үйлдвэрлэх, нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх явцад баримтлах тусгайлсан шаардлагыг техникийн тодорхойлолтод тусгаж болно.
12.8. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт бэлтгэхэд өрсөлдөөнийг хязгаарлахгүй зөвлөгөөг тухайн салбарын иргэний нийгмийн байгууллага, аж ахуй эрхлэгчээс авч болно.
12.9. Техникийн тодорхойлолтыг хүрээлэн буй орчинд ээлтэй хэлбэрээр боловсруулах аргачлал, зааврыг байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
13 дугаар зүйл. Техникийн тодорхойлолтод нийцэхийг нотлох баримт, загвар, дээж
13.1. Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.
13.2. Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ зүйлийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно.
13.3. Энэ зүйлийн 13.2-т заасан тохиолдолд шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангана.
13.4. Захиалагч хүлээн авсан загвар, дээжийг шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулж тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.
13.5. Гэрээ байгуулах эрх авсан оролцогчоос бусад оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг тендер шалгаруулалтын эцсийн шийдвэр гарснаас хойш оролцогчдод буцаан олгоно.
13.6. Гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг гэрээгээр ажил хүлээлцэх үед буцаан олгох эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлд оролцуулан тооцож болно.
14 дүгээр зүйл. Тендерийн баталгаа
14.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана:
14.1.1. багцгүй тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол;
14.1.2. багцтай тендер шалгаруулалтын тухайн багцын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол.
14.2. Захиалагч тендерийн баталгааг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтооно.
14.3. Оролцогч тендерийн баталгааг банкны, эсхүл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны баталгаагаар, эсхүл Монгол Улсын даатгагчаас гаргасан баталгаагаар гаргана.
14.4. Тендерийн баталгааны дүнг гадаад валютаар илэрхийлсэн тохиолдолд баталгааг хөрвүүлэх ханшийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.
14.5. Гадаадын этгээд гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах тохиолдолд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан журмын дагуу тендерийн баталгааг хүргүүлнэ.
14.6. Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно:
14.6.1. оролцогч тендерийг нээсний дараа тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзсан;
14.6.2. гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй,
14.6.3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
14.7. Энэ зүйлийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно.
14.8. Тендерийн баталгаа гэрээ байгуулах хүртэл эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байна.
15 дугаар зүйл. Чадавхын болон туршлагын шаардлага тавих үндэслэл
15.1. Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.2. Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.
15.3. Энэ зүйлийн 15.2 дахь хэсэг гадаадын этгээдийн гадаад улсаас бүрдүүлэх баримт бичигт хамаарахгүй.
15.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно.
15.5. Гэрээний үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл эсхүл гэрчилгээ шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.6. Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
16 дугаар зүйл. Санхүүгийн чадавхын шаардлага
16.1. Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.
16.2. Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:
16.2.1. харилцагч банкны мэдэгдэл;
16.2.2. сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан;
16.2.3. сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл.
16.3. Захиалагч энэ зүйлийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
16.4. Хуулийн дагуу санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчоос санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг шаардаж болно.
16.5. Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна.
16.6. Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17 дугаар зүйл. Техникийн чадавх болон туршлагын шаардлага
17.1. Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.
17.2. Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:
17.2.1. ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;
17.2.2. бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;
17.2.3. гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл;
17.2.4. гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл;
17.2.5. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, дээж.
17.3. Захиалагч энэ зүйлийн 17.2-т зааснаас аль шаардлагатайг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.4. Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна.
17.5. Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.6. Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхэд энэ хуулийн 15.5-д зааснаар зөвшөөрөл эсхүл гэрчилгээ шаардах бол туслан гүйцэтгэгч энэ шаардлагыг хангасан байна.
18 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зарлал
18.1. Захиалагч энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгөөс дээш тендер шалгаруулалтын зарлалыг тендер шалгаруулалтын баримт бичгийн хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана.
18.2. Энэ хуулийн 11.3-т заасан тохиолдолд тендер шалгаруулалтын зарлалыг цахим системээс гадна гадаад улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болно.
18.3. Тендер шалгаруулалтын зарлалд дараах мэдээллийг тусгана:
18.3.1. захиалагчийн нэр, хаяг;
18.3.2. тендер шалгаруулалтын нэр, дугаар, төсөвт өртөг;
18.3.3. тендер шалгаруулалтын арга;
18.3.4. тендер хүлээн авах эцсийн хугацаа;
18.3.5. тендер нээх хугацаа;
18.3.6. тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх;
18.3.7. гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх;
18.3.8. тендерийн баталгаа шаардах эсэх;
18.3.9. тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол багцын мэдээлэл.
19 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах
19.1. Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.
19.2. Захиалагч тодруулга авах хүсэлт хүлээн авснаас хойш тодруулгыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр гаргана.
19.3. Тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно.
19.4. Захиалагч тендер ирүүлэхийн өмнө сонирхогч этгээд, түүний төлөөлөлтэй тендер бэлтгэхтэй холбоотой асуултад хариулт өгөх уулзалт зохион байгуулах, эсхүл ажлын талбайтай танилцуулах бол энэ тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
20 дугаар зүйл. Тендер хүлээн авах хугацаа
20.1. Захиалагч сонирхогч этгээдэд тендер бэлтгэж ирүүлэх ижил хугацаа олгож, тендер хүлээн авах эцсийн хугацааг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт тусгайлан зааснаас багагүй хугацаагаар тогтооно.
20.2. Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбайтай танилцах шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг энэ зүйлийн 20.1-д заасан хугацаанд оруулан тооцно.
20.3. Тендер хүлээн авах эцсийн хугацааг зарлал нийтэлсэн өдрөөс эхлэн тоолно.
20.4. Оролцогч тендерийг энэ зүйлийн 20.1-д заасан хугацааны дотор ирүүлэх ба уг хугацаанаас өмнө тендерийг өөрчлөх эсхүл буцаах эрхтэй.
20.5. Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно.
20.6. Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана.
20.7. Энэ зүйлийн 20.6-д заасан тендер нээх хугацаа тухайн нэмэлт, өөрчлөлтийг цахим системд нийтэлсэн өдрөөс хойш ажлын таваас дээш өдөр бол тендер нээх хугацааг сунгахгүй байж болно.
21 дүгээр зүйл. Тендер бэлтгэх
21.1. Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна:
21.1.1. тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах;
21.1.2. тендерийг хянан үзэх, үнэлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулах, холбогдох этгээдээс лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн байх;
21.1.3. тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх.
21.2. Сонирхогч этгээд болон оролцогч тендер бэлтгэх, илгээх, тендер шалгаруулалтад оролцохтой холбогдох зардлыг бүрэн хариуцна.
21.3. Энэ зүйлийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална.
21.4. Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хувилбарт саналыг үндсэн тендерийн хамт ирүүлж болно.
21.5. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ.
22 дугаар зүйл. Тендер илгээх
22.1. Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ.
22.2. Оролцогч тендер шалгаруулалтад нэг тендер ирүүлнэ.
22.3. Энэ хуулийн 11.8, 21.4-т зааснаар тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлсэн нь энэ зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
22.4. Энэ хуулийн 8.3-т заасан тендер шалгаруулалтад оролцох гадаадын этгээд Монгол Улсад тоон гарын үсгийн гэрчилгээгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаад улсын тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглаж болно.
22.5. Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нууцалж, бусад хэсгийг ил болгохоор илгээнэ.
22.6. Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ:
22.6.1. энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасныг нотлох баримт бичиг;
22.6.2. тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл;
22.6.3. энэ зүйлийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл;
22.6.4. тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг.
22.7. Оролцогч тендерийн баталгааг цахим системээр дамжуулан хүргүүлж, тендер илгээнэ.
22.8. Энэ хуулийн 54.6-д зааснаар цахим системд баталгаажуулж, бүртгэсэн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн мэдээллийг сонгон илгээх ба тухайн мэдээллийг нотлох баримт илгээх шаардлагагүй.
22.9. Захиалагч шалгалт, туршилт зохион байгуулах тохиолдолд оролцогч өөрийн санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээнд холбогдох загвар, дээжийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүргүүлнэ.
22.10. Оролцогч цахим системээр тендер илгээхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон үйлчилгээний хураамжийг төлнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГЗАХИАЛАГЧ ШИЙДВЭР ГАРГАХ
23 дугаар зүйл. Тендер нээх
23.1. Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ.
23.2. Тендерийг нээж, дараах мэдээллийг цахим системээр зарлана:
23.2.1. оролцогчийн нэр;
23.2.2. тендерийн үнэ;
23.2.3. санал болгосон үнийн хөнгөлөлт;
23.2.4. хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ;
23.2.5. тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад тендерийн баталгаа ирүүлсэн эсэх.
23.3. Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.7-д зааснаар ирүүлээгүй нь тендер нээхээс татгалзах үндэслэл болно.
24 дүгээр зүйл. Захиалагч шийдвэр гаргах хугацаа
24.1. Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.
24.2. Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана.
24.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.10-т заасан шийдвэр гаргасан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч энэ зүйлийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно.
24.4. Захиалагч энэ зүйлийн 24.1-д заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа дахин зохион байгуулахыг хориглоно.
24.5. Тендер шалгаруулалтад нэг ч тендер ирээгүй бол захиалагч тендер ирээгүй шалтгааныг судалж, худалдан авах ажиллагаа дахин зохион байгуулах эсэхийг шийдвэрлэнэ.
25 дугаар зүйл. Тендерийн талаар тодруулга авах
25.1. Захиалагч тендерийн тодорхойгүй эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.
25.2. Захиалагч энэ зүйлийн 25.1-д заасан мэдээллийг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар эсхүл албан бичгээр тодруулж болно.
25.3. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй.
25.4. Захиалагч энэ хуулийн 27.3-т заасан арифметик алдааг залруулснаас бусад тохиолдолд тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй.
25.5. Тендерийн талаар тодруулга авах захиалагчийн хүсэлтэд заасан хугацааны дотор оролцогч хариу ирүүлээгүй нь хянан үзэх, үнэлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй.
25.6. Энэ зүйлийн 25.1, 25.2-т заасан захиалагчийн хүсэлт, түүний хариуг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.
26 дугаар зүйл. Тендер хянан үзэх
26.1. Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.
26.2. Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.
26.3. Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.
26.4. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:
26.4.1. энэ хуулийн 15-17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлага хангасан байх;
26.4.2. санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;
26.4.3. захиалагчаас тогтоосон эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх;
26.4.4. тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.
26.5. Оролцогчийн чадавхын болон туршлагын мэдээлэл төрийн эрх бүхий байгууллагад тайлагнаж баталгаажсан санхүү, нийгмийн даатгалын тайлангийн мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно.
26.6. Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.
26.7. Захиалагч тендерийг энэ зүйлийн 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд хэрэв дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ:
26.7.1. бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй;
26.7.2. захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулаагүй;
26.7.3. захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх.
26.8. Энэ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр эсхүл бусад зохих хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ.
26.9. Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.
26.10. Энэ зүйлийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:
26.10.1. тендерийн үнэ төсөвт өртгөөс эсхүл энэ хуулийн 10.11-д заасан болон ерөнхий гэрээний нэгж дээд үнээс хэтэрсэн;
26.10.2. энэ хуулийн 8.1-д заасны дагуу зохион байгуулсан дотоодын барааны багцад импортын бараа санал болгосон;
26.10.3. тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй эсхүл мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй;
26.10.4. бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд энэ хуулийн 21.5-д заасан холбогдох тайлбар ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн.
27 дугаар зүйл. Тендер үнэлэх
27.1. Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ.
27.2. Тендерийн нээлтэд зарлагдсан тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно:
27.2.1. үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох;
27.2.2. тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар гадаад валютаар ирүүлсэн тендерийн үнийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тооцож хөрвүүлэх;
27.2.3. давуу эрх олгож харьцуулах үнийг хийсвэрээр бууруулах;
27.2.4. энэ хуулийн 11.5-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт хэрэглэхээр тусгасан бол мөнгөөр илэрхийлж, харьцуулах үнийг хийсвэрээр нэмэгдүүлэх.
27.3. Үнэлж буй тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар залруулж, энэ тухай оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана.
27.4. Оролцогч энэ зүйлийн 27.3-т заасан мэдэгдлийн дагуу арифметик алдааг хүлээн зөвшөөрсөн бол залруулсан үнийг энэ зүйлийн 27.2-т зааснаар үнэлнэ.
27.5. Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.
27.6. Хоёр ба түүнээс дээш тооны тендерийн харьцуулах үнэ тэнцүү бол хугацааны хувьд цахим системд түрүүлж ирсэн тендерийг эхэнд эрэмбэлнэ.
27.7. Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хамгийн сайн тендерийн хувилбарт саналыг хянан үзэж, уг саналын харьцуулах үнэ тендерийн харьцуулах үнээс ихгүй бол сонгож болно.
27.8. Багцтай тендер шалгаруулалтын багц тус бүрд үнэлгээ хийх ба оролцогч хоёр ба түүнээс дээш багцад хамгийн сайн тендер ирүүлсэн бол оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадална.
27.9. Хэд хэдэн багцад шалгарсан оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадлахад аль нэг багцад шаардлага хангахгүй бол түүний чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгоно.
27.10. Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчдод ерөнхий гэрээ байгуулах эрх олгоно.
27.11. Захиалагч тендерийн харьцуулах үнийг хийсвэрээр тооцсон нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.
27.12. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлөөр гэрээний үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай татвар, даатгал, тээвэрлэлтийн болон бусад бүх зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ.
27.13. Оролцогч чадавхын болон туршлагын шаардлагыг давуулан хангах нь түүний тендерт давуу байдал олгох үндэслэл болохгүй.
27.14. Энэ хуулийн 10.11-д заасан тендер шалгаруулалт болон ерөнхий гэрээний аргаар худалдан авахад энэ зүйлийн 27.2-т заасныг баримтлахгүй.
27.15. Тендер үнэлэх, давуу эрх олгох, ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28 дугаар зүйл. Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх
28.1. Захиалагч тендер тус бүрд дараахаас аль тохирох шийдвэрийг гаргана:
28.1.1. хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;
28.1.2. шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай;
28.1.3. шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.
28.2. Энэ зүйлийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ, түүний тендер шалгараагүй эсхүл татгалзсан үндэслэлийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.
28.3. Захиалагч энэ зүйлийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.
28.4. Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах эсэх мэдээллийг энэ зүйлийн 28.1.3-т заасан шийдвэрт заана.
28.5. Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах тохиолдолд энэ хуулийн 59.1-д зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн тендер нээхийг хориглоно.
28.6. Энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
28.7. Захиалагч хамгийн сайн тендерийн үнийг залруулсан, үнийн хөнгөлөлт тооцсон, нэг валютад хөрвүүлсэн бол уг үнийг гэрээний үнээр тогтоож, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрт заана.
28.8. Захиалагч шийдвэр гаргах эсхүл гэрээ байгуулах хүртэл хугацаанд оролцогчийг тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж болох ба оролцогч хугацааг сунгах бол захиалагчид бичгээр мэдэгдэнэ.
28.9. Оролцогч тендер хүчинтэй байх хугацааг сунгаагүй нь түүний тендерийн баталгааг улсын орлого болгох үндэслэл болохгүй.
29 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын мэдээллийг оролцогчид ил болгох
29.1. Хуульд өөрөөр заагаагүй бол тендер хянан үзэх, үнэлэх үйл явц, тендерийн мэдээлэл, баримт бичгийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргах хүртэл хугацаанд задруулахгүй.
29.2. Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын таван өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно.
29.3. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна.
29.4. Оролцогч, түүний төлөөлөгч шалгарсан тендерийг аливаа хэлбэрээр хуулбарлах, түгээхийг хориглоно.
30 дугаар зүйл. Гэрээ байгуулах
30.1. Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.
30.2. Захиалагч доор дурдсан тохиолдолд энэ зүйлийн 30.1-д заасан ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа гэрээ байгуулах хугацааг баримтлахгүй байж болно:
30.2.1. тендер шалгаруулалтад нэг оролцогч тендер ирүүлж шалгарсан;
30.2.2. энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах;
30.2.3. ерөнхий гэрээ байгуулах, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах.
30.3. Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна:
30.3.1. энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн;
30.3.2. энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон.
30.4. Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.12-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах бол ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно.
30.5. Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ зүйлийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй.
30.6. Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ зүйлийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно.
30.7. Энэ хуульд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулсан бол холбогдох зээл, тусламжийн гэрээ байгуулагдах хүртэл худалдан авах гэрээ байгуулахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН АРГА
31 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын арга
31.1. Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна:
31.1.1. нээлттэй;