Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жудагийн БАЯРМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

САНАЛ ХУДАЛДАН АВАЛТЫН ЭСРЭГ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь санал худалдан авах болон сонгогчдын саналд хууль бусаар нөлөөлөх бүх хэлбэрийг хориглох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоо, хяналтыг дэмжих, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХууль тогтоомж
2.1Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар сонгуулийн болон сонгуулийн бус үед санал худалдан авахад чиглэсэн бүх хэлбэрийг хориглох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоо, хяналтыг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“Санал худалдан авалт” гэж аливаа этгээд сонгогчийн саналд хууль бусаар нөлөөлөх зорилгоор өөрийн, гуравдагч этгээдийн, эсхүл улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, нөөц, албаны эрх мэдлийг ашиглан иргэн эсхүл сонгогчдын тодорхой бүлэгт мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр эдийн болон эдийн бус ашиг, давуу байдал олгох, амлах үйлдэл, үйл ажиллагааг;
4.1.2“Санал худалдан авах зорилготой гуравдагч этгээд” гэж улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, нэр дэвших сонирхол бүхий этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуулиар хориглосон үйл ажиллагааг санаатайгаар хэрэгжүүлж, зохион байгуулж, зуучилж, эсхүл бодит дэмжлэг үзүүлсэн аливаа этгээдийг;
5 дүгээр зүйлХуулийн үйлчлэлд хамаарах этгээд
5.1Энэ хуулийн үйлчлэлд дор дурдсан хуулийн этгээд, албан тушаалтан, иргэн хамаарна:
5.1.1Монгол Улсын Ерөнхийлөгч;
5.1.2Улсын Их Хурал, Улсын Их хурлын дарга, гишүүн;
5.1.3Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
5.1.4Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдын хурлын дарга, төлөөлөгч, ажлын албаны дарга, бүх шатны Засаг дарга, орлогч, Засаг даргын тамгын газрын дарга.
5.1.5Төрийн улс төр, захиргаа, үйлчилгээ, тусгай албан тушаалд байнга, эсхүл үүрэг гүйцэтгэгч, гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч;
5.1.6Төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан;
5.1.7Улс төрийн нам, эвсэл, харъяа байгууллага, түүний сонгуульт гишүүн;
5.1.8Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч;
6 дугаар зүйлҮйл ажиллагааны зарчим
6.1Санал худалдан авалтын эсрэг үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
6.1.1Иргэн, хуулийн этгээд нь санал худалдан авах хууль бус үйлдлээс ангид байх, түүнийг үл тэвчих, зөрчлийг мэдээлэх;
6.1.2Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээд нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урьдчилан сэргийлэх, зөрчил үүссэн тохиолдолд түүнээс татгалзах;
6.1.3Санал худалдан авах үйлдэл хийсэн, оролцсон этгээдэд хууль зүйн хариуцлага гарцаагүй хүлээлгэх;
6.2Сонгуульд нэр дэвшиж сонгогдсон этгээд санал худалдан авах гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бол түүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох, эгүүлэн татах, огцруулах үндэслэл болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУДАЛДАН АВАЛТЫГ ХОРИГЛОХ
7 дугаар зүйлХориглох зүйл
7.1Энэ хуулийн 5.1-т заасан болон бусад аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулан санал худалдан авах болон сонгогчдын саналд хууль бусаар нөлөөлөх зорилгоор дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
7.1.1Мөнгө, эд зүйл, бараа үнэгүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, эрх олгох, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, эдгээрийг амлах;
7.1.2Нийтийг хамарсан баяр наадам, урлаг, спорт, соёл, олон нийтийн арга хэмжээ, тоглолт, хүлээн авалт, цайллага, хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом, эдгээртэй адилтгах бусад үйл ажиллагаа зохион байгуулах, ивээн тэтгэх, шагнах, урамшуулах, эдгээрийг амлах;
7.1.3Гадаад, дотоодод аялуулах, амралт, сувилалд амруулах, эдгээрийг амлах;
7.1.4Ирээдүйд мөнгө, эд зүйл, бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, амлалт, баталгаа гаргах;
7.1.5Ажлын байрыг нь хадгалах, албан тушаалд томилох, томилуулах, дэвшүүлэх, зуучлах, өөрчлөх, эдгээрийг амлах;
7.1.6Санал худалдан авалтыг нуун дарагдуулах зорилгоор бусдын нэр, данс, төлбөрийн карт, санхүүгийн бусад хэрэгслийг ашиглах;
7.1.7Зээлийн болон бусад өр төлбөрийг тэглэх, хүчингүйд тооцох, хөрвүүлэх, хөнгөлөх, хэлбэрийг өөрчлөх, эдгээрийг амлах;
7.1.8Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгө, нөөц, эрх мэдлийг урвуулан ашиглаж зориулалтын бусаар зарцуулах;
7.1.9Улсын болон орон нутгийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит этгээдийн ажилтан, албан тушаалтан, ажил, үйлчилгээ, эд хөрөнгө, нөөцийг ашиглах,
7.1.10Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг үзүүлэх, үзүүлэхгүй байх, аливаа байдлаар дарамт, шахалт үзүүлэх, нөлөөлөх, хясан боогдуулах;
7.1.11Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн этгээдийн хөрөнгө, нөөцөөр хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, барилга байгууламж, төсөл, арга хэмжээний нээлт, ёслолын арга хэмжээнд оролцох, худалдан авсан машин, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээлгэж өгөх, тууз хайчлах зэргээр далд сурталчилгаа хийх, олон нийтийг төөрөгдүүлэх, нөлөөлөх;
7.1.12Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн этгээдийн төсөв, хөрөнгийг төрийн ажил, үйлчилгээг олон нийтэд хүргэхээс бусад зорилго, байдлаар хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулах;
7.1.13Төрийн болон орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын аливаа шагналыг олгох, тараах, зуучлах, амлах;
7.1.14Хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, тэтгэмж, төсөл, хөтөлбөрт иргэдийг хууль бусаар хамруулах, хамрагдахад дэмжлэг үзүүлэх, зуучлах, амлах;
7.1.15Санал худалдан авалтын талаар мэдээлэл, гомдол гаргасан этгээдэд дарамт шахалт үзүүлэх, нэр хүндэд нь халдаж, илт худал мэдээлэл тараах;
7.1.16Санал худалдан авалтыг аливаа хэлбэрээр дэмжих, зохион байгуулах, зуучлах, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр төлөвлөх, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгүүлэх, хамтран ажиллах;
7.1.17Санал худалдан авалт зохион байгуулах, санхүүжүүлэх, халхавчлах зорилгоор хуулийн этгээд, Төрийн бус байгууллага, сан, хуулийн этгээд байгуулах, ашиглах;
ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
8 дугаар зүйлУлсын Их Хурлын хүлээх үүрэг
8.1Улсын Их Хурал нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ: Үүнд:
8.1.1Улс төрийн хүрээнд санал худалдан авалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар бодлого, зорилт дэвшүүлэн ажиллана;
8.1.2Ээлжит сонгуулийн жилд сонгогчийн тодорхой бүлэгт шууд чиглэсэн, эсхүл нийтэд хамаарах мөнгөн олголт, халамж, тэтгэмж, татаас, хөнгөлөлт, урамшуулал, нэг удаагийн дэмжлэг, зээл болон зээлийн хөнгөлөлт, өр төлбөрийг тэглэх буюу чөлөөлөх арга хэмжээг шинээр бий болгох, арга хэмжээний хэрэгжилтийг эхлүүлэх, дүн, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хууль тогтоомж санаачлах, хэлэлцэх, батлахыг хориглоно.
8.1.3Энэ хуулийн 8.1.2-т заасан арга хэмжээг сонгуулийн жилийн төсөвт шинээр тусгахыг хориглоно.
8.1.4Энэ зүйлийн зохицуулалт нь хуульд урьдчилан заасан болон тогтмол хэрэгжиж байгаа мөнгөн олголт, халамж, тэтгэмж, нийгмийн хамгааллын арга хэмжээний хэвийн хэрэгжилтэд хамаарахгүй.
8.1.5Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээг жил бүр хийх, тайланг сонсох, шаардлагатай арга хэмжээ авах;
9 дүгээр зүйлЗасгийн газар болон түүний харьяа байгууллага, төрийн өмч, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтны хүлээх үүрэг
9.1Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмч, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ:
9.1.1Ээлжит сонгуулийн жилд дараах агуулгатай захиргааны акт, шийдвэрийн төсөл санаачлах, хэлэлцэх, батлах, хэрэгжилт зохион байгуулахыг хориглоно.
9.1.2Сонгогчийн тодорхой бүлэгт шууд чиглэсэн, эсхүл нийтэд хамаарах бэлэн мөнгөн олголт, халамж, тэтгэмж, татаас, хөнгөлөлт, урамшуулал, нэг удаагийн дэмжлэг, зээл, зээлийн хөнгөлөлт, өр төлбөрийг тэглэх буюу чөлөөлөх арга хэмжээг шинээр бий болгох, улсын болон орон нутгийн төсөв, төсвийн тодотголд шинээр тусгахаар санаачлах, нэмэгдүүлэх, арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийг хориглоно.
9.1.3Энэ зүйлийн зохицуулалт нь хуульд урьдчилан заасан болон тогтмол хэрэгжиж байгаа мөнгөн олголт, халамж, тэтгэмж, нийгмийн хамгааллын арга хэмжээний хэвийн хэрэгжилтэд хамаарахгүй.
9.1.4Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулна.
9.1.5Байгууллагын үйл ажиллагааг санал худалдан авалтаас ангид удирдан зохион байгуулж, шийдвэр гаргахдаа санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг мөрдөнө .
9.1.6Төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн санал худалдан авалттай холбоотой мэдээллийг 14 хоногийн дотор эрх бүхий этгээдэд мэдээллэх үүрэгтэй.
10 дугаар зүйлБүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүлээх үүрэг
10.1Бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төлөөлөгч нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ:
10.1.1Орон нутгийн төсөв, хөтөлбөр, бодлогын баримт бичиг, аливаа шийдвэрийн төсөл боловсруулах, төлөвлөхдөө санал худалдан авалтын шинж бүхий ажил, арга хэмжээ тусгахыг хориглоно.
10.1.2Орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, гадаад дотоодын зээл, тусламжийн зарцуулалтыг сонгуулийн саналд нөлөөлөх зорилгогүй, ил тод, санал худалдан авалтаас ангид зохион байгуулна.
10.1.3Санал худалдан авалтыг ямар нэг хэлбэрээр дэмжсэн аливаа шийдвэр гаргах, худалдан авалт хийх, баримт бичиг батлах, хэрэгжүүлэхийг хориглоно.анал худалдан авалттай тэмцэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулна.
11 дүгээр зүйлУлс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, намын гишүүний хүлээх үүрэг
11.1Улс төрийн нам, эвсэл, түүний сонгуульт гишүүн санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүрэг хүлээнэ:
11.1.1Улс төрийн нам, эвсэл, сонгуульт гишүүн нь санал худалдан авалтыг зохион байгуулах, гүйцэтгэх, санхүүжлүүлэх, зуучлах, дэмжихийг хориглоно.
11.1.2Улс төрийн нам, эвсэл нь санал худалдан авалтын эсрэг дотоодын хяналтын тогтолцоог бий болгоно.
11.1.3Улс төрийн нам, эвсэл, сонгуульт гишүүн нь гишүүдийнхээ зохион байгуулах дотоод сонгууль, сургалт, уулзалт болон бусад арга хэмжээг санал худалдан авалтаас ангид зохион байгуулна.
11.1.4Энэ хуулийн 5.1.7-д заасан этгээд нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргана.
12 дүгээр зүйлИргэний үүрэг
12.1Иргэн нь санал худалдан авалтын эсрэг дор дурдсан үүргийг хүлээнэ:
12.1.1Иргэн санал худалдан авах ажиллагаанд оролцох, саналаа худалдах зорилгоор мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр эдийн засгийн ашиг хүртэхийг хориглоно.
12.1.2Иргэн санал худалдан авах ажиллагаанд зуучлах, зохион байгуулах, оролцох, дэмжихийг хориглоно.
12.1.3Иргэн энэ хуулийн 5.1-д заасан этгээдэд банкны данс, картаа ашиглуулахыг хориглоно.
12.1.4Иргэн энэ хуулийн 5.1-д заасан этгээд болон санал худалдан авах зорилготой гуравдагч этгээдэд санал худалдан авалт хийхийг санал болгохыг хориглоно.
12.1.5Иргэн санал худалдан авалттай холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлнэ.
12.1.6Иргэн сонгуулийн үйл ажиллагаанд оролцохдоо санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг мөрдөнө.
13 дугаар зүйлСанал худалдан авалтыг мэдэгдэх, мэдээлэл авах эрх
13.1Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан санал худалдан авалттай холбоотой мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
13.2Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн асуудлаар иргэн, хуулийн этгээд нь гомдол гаргах, аливаа этгээдээс холбоотой баримт бичиг, мэдээллийг гаргуулж авах, мэдэгдэл, байр сууриа илэрхийлэх эрхтэй.
13.3Энэ хуульд заасан санал худалдан авалттай холбоотой асуудлаар иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу тухайн байгууллага, албан тушаалтан холбогдох баримт бичиг, мэдээллийг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв уг мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан, эсхүл үндэслэлгүйгээр саатуулсан бол тухайн этгээд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргах эрхтэй бөгөөд Авлигатай тэмцэх газар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай мэдээллийг гаргуулан шалгана.
13.4Авлигатай тэмцэх газар санал худалдан авалттай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд шалгах ажиллагаа явуулна. Шалгалтын явц, үр дүнгийн талаар хуульд заасан журмын дагуу олон нийтэд мэдээлнэ.
13.5Санал худалдан авалттай холбоотой гомдол, мэдээлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийг дарамт шахалт, заналхийллээс хамгаалах шаардлагатай тохиолдолд Авлигатай тэмцэх газар хуульд заасан арга хэмжээг авч болно.
13.6Санал худалдан авалттай холбоотой мэдээлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдсон тохиолдолд мөнгөн урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ, БОДЛОГО
14 дүгээр зүйлОлон нийтийн зөвлөл
14.1Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөлийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулна.
14.2Олон нийтийн зөвлөл дараах эрх, үүрэгтэй:
14.2.1Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээдийн боловсруулж буй болон баталсан хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, шийдвэр, хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөлд санал, зөвлөмж гаргах;
14.2.2Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийг иргэд, хуулийн этгээдэд таниулах, олон нийтийн хэлэлцүүлэг, сургалт, уулзалт зохион байгуулах;
14.2.3Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр бодлогын санал, зөвлөмж боловсруулах;
14.2.4Санал худалдан авалтын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж гаргах.
14.3Олон нийтийн зөвлөл 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөлөл болох иргэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны томилгооны сонсголоор 4 жилийн хугацаагаар томилно.
14.4Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Төрийн байгуулалтын байнгын хороо батална.
15 дугаар зүйлСанал худалдан авалттай тэмцэх бодлого
15.1Санал худалдан авалтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйлХариуцлага
16.1Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвсэл, түүний сонгуульт гишүүн нь санал худалдан авалт зохион байгуулсан, оролцсон, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн, дэмжсэн бол хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2 Үзэл баримтлал.docx)