Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1дүгээр зүйл.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь заалт:
“4.1.20."тэтгэврийн мөнгөн хуримтлал” гэж даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1 хувьтай тэнцэх хөрөнгө, улсын төсвөөс олгосон урамшуулал болон хөрөнгө оруулалтын өгөөжөөс бүрдсэн мөнгөн хөрөнгийг.”
2/7 дугаар зүйлийн 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дахь хэсэг:
“7.11.Энэ хуулийн 7.4.10-т заасан ажилтан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа бол өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна.
7.12.Энэ хуулийн 7.2.1-д заасан даатгуулагч ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажилласан бол энэ хуулийн 7.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно.
7.13.Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийн, их сургууль, коллежид дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрийн 15-22 насны суралцагч өөрөө хүсвэл энэ хуулийн 6.1.4-т зааснаас бусад нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно.
7.14.Даатгуулагч энэ хуулийн 7.13-т заасны дагуу төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ 25 насанд хүрэхээс өмнө өөрөө хариуцан нөхөн төлж болно.
7.15.Энэ хуулийн 7.13-т заасан даатгуулагч шимтгэл нөхөн төлөх хүсэлт гаргасан тохиолдолд шимтгэл төлөх хугацаа, шимтгэл төлөлтийн хэмжээг нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээр тохирно.”
3/13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт:
“13.1.5.Тэтгэврийн мөнгөн хуримтлалын хөрөнгийг энэ хуулийн 29.7-д заасан хөрөнгө оруулалтын бодлогод тусгагдсан санхүүгийн хэрэгсэлд.”
4/13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг:
“13.10.Арилжааны банк нь нийгмийн даатгалын сангийн харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 18.1-д заасны дагуу тогтоосон хэмжээгээр хүү тооцож олгоно.”
5/19 дүгээр зүйлийн 19.5, 19.6, 19.7 дахь хэсэг:
“19.5.Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2028 онд 12 дахин, 2029 онд 11 дахин, 2030 он ба түүнээс хойш 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
19.6.Энэ хуулийн 7.4.10-т заасан гэрээ байгуулсан ажил олгогчийн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь тухайн гэрээ бүрт сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
19.7.Энэ хуулийн 7.14-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр тооцон төлүүлнэ.”
6/21 дүгээр зүйлийн 21.29, 21.30, 21.31, 21.32 дахь хэсэг:
“21.29.Сүүлийн таван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлж, ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж байгаа таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн гурав хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т зааснаас бусад шимтгэлийг 36 сар хүртэлх хугацаанд чөлөөлж болно.
21.30.Энэ зүйлийн 21.29-д заасан ажил олгогчид төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, гадаад улсын, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага хамаарахгүй.
21.31.Энэ зүйлийн 21.29-д заасан нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хүсэлтийг ажил олгогч нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
21.32.Нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар даатгуулж байгаагүй Монгол Улсын иргэн анх удаа энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө. Чөлөөлөх хугацаа 24 сараас ихгүй байна.”
7/23 дугаар зүйлийн 23.1.8 дахь заалт:
“23.1.8.Энэ хуулийн 21.29-д зааснаар ажил олгогчийн шимтгэлээс чөлөөлөгдсөн хугацаа.”
8/24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь заалт:
“24.1.7.Энэ хуулийн 7.13-т заасны дагуу даатгуулсан бол.”
9/30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг:
“30.2.Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг бүртгэх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам, хэрэглэх маягтын загварыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.”
2дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.1 дэх заалтын “санхүүгийн,” гэсний дараа “эрүүл мэндийн магадлалын” гэж, 38.10.2 дахь заалтын “олгох,” гэсний дараа “хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын үндэслэл,” гэж, 38.10.4 дэх заалтын “шимтгэлийн өрийг” гэсний дараа “бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг:
“7.6.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т заасан насанд хүрсэн энэ хуулийн 7.3.4-т заасан тэтгэвэр авагч энэ хуулийн 6.1.1-д заасан нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй.”
2/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:
“12.3.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн төвлөрсөн орлогын харилцах дансанд орсон энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.5, 11.1.7-д заасан орлогыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төвлөрсөн харилцах дансанд төвлөрүүлнэ.”
3/19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг:
“19.4.Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг доор дурдсанаар тогтооно:
19.4.1.энэ хуулийн 7.4.10-т зааснаас бусад албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар;
19.4.2.энэ хуулийн 7.4.10-т заасан даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар;
19.4.3.сайн дураар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар.”
4/27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг:
“27.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага даатгуулагчийн ажил олгогчоос болон өөрөө хариуцан төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг даатгуулагч бүрээр сар бүр бүртгэж, төсвийн жилийн эцэст төлсөн шимтгэлийн нийт дүнг дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан гаргана.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан бүртгэлийг даатгуулагчид мэдээлэл өгөх, тэтгэврийн даатгалын сангийн судалгаа, шинжилгээ, актуар тооцоолол хийх зорилгоор ашиглана.”
5/29 дүгээр зүйл:
“29 дүгээр зүйл.Тэтгэврийн мөнгөн хуримтлал бүрдүүлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх
29.1.Даатгуулагч тэтгэврийн мөнгөн хуримтлал бүрдүүлэх зорилгоор өөрөө хүсвэл энэ хуулийн 18.1, 18.3-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний даатгуулагчийн 1.0 хувийн шимтгэлийн орлогыг хуримтлуулж болно. Тэтгэврийн мөнгөн хуримтлалыг даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос таваас доошгүй жилийн өмнө үүсгэнэ.
29.2.Даатгуулагч энэ хуулийн 29.1-д заасан тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар, эсхүл биечлэн гаргана.
29.3.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тэтгэврийн мөнгөн хуримтлалын хөрөнгийг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан арилжааны банканд төвлөрсөн данс нээж байршуулна.
29.4.Даатгуулагчийн тухайн жилийн тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг жилд нэг удаа төсвийн жилийн нэгдүгээр улиралд багтаан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад улсын төсвөөс шилжүүлнэ. Улсын төсвөөс урамшууллыг хариуцан төлөх хугацаа 120 сараас ихгүй байна.
29.5.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 29.4-т заасан тэтгэврийн мөнгөн хуримтлалыг даатгуулагч бүрээр хуваарилж, бүртгэнэ.
29.6.Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалыг энэ хуулийн 13.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно.
29.7.Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалын хөрөнгө оруулалтын удирдлагыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэх бөгөөд хөрөнгийн тодорхой хэсгийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4.1.11-д заасан хөрөнгө оруулалтын менежментийн компани, мөн хуулийн 43.1-д заасны дагуу Монгол Улсад хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан, түүний охин болон хараат компаниар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Гэрээнд хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлсон байна.
29.8.Энэ хуулийн 29.7-д заасан үйл ажиллагааны зардлыг нийгмийн даатгалын байгууллага болон тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэж буй даатгуулагч хамтран хариуцна.
29.9.Даатгуулагч нас барвал түүний тэтгэврийн мөнгөн хуримтлалын зарцуулагдаагүй үлдэгдлийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ.
29.10.Тэтгэврийн мөнгөн хуримтлалын хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, эрх бүхий мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, өвлүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны саналыг тус тус үндэслэн Засгийн газар батална.”
4 дүгээр зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 хэсгийн “төрөл тус бүр нь” гэснийг “сан нь” гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “үлдэгдлийг” гэснийг “үлдэгдэл болон энэ хуулийн 4.1.20-д заасан тэтгэврийн мөнгөн хуримтлалын хөрөнгийг” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.2, 37 дугаар зүйлийн 37.14.2 дахь заалтын “нийслэлийн” гэснийг “дүүргийн” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/” гэсэн баганын “3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал” хэсгийн “0.5, 1.5, 2.5” гэснийг “0.3, 1.0, 1.5” гэж, “4.Ажилгүйдлийн даатгал” хэсгийн “0.5” гэснийг “0.6” гэж, “Шимтгэлийн дүн” хэсгийн “10.5, 11.5, 12.5” гэснийг “10.4, 11.1, 11.6” гэж, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийн “журмыг” гэснийг “журам, энэ хуулийн 7.15-д заасан гэрээний загварыг” гэж, 21 дүгээр зүйлийн 21.29 дэх хэсгийн дугаарыг “21.33” гэж, мөн зүйлийн 21.30 дахь хэсгийн дугаарыг “21.34” гэж, 27 дугаар зүйлийн гарчгийн “Тэтгэврийн даатгалын нэрийн дансны бүртгэл” гэснийг “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн бүртгэл” гэж, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн “3-аас доошгүй” гэснийг “2-оос доошгүй” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалтын “хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “үнэ тогтоох,” гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйлийн 37.1, мөн зүйлийн 37.5, мөн зүйлийн 37.6, мөн зүйлийн 37.8, 38 дугаар зүйлийн 38.5, 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийн “нийслэл” гэснийг, 37.3 дахь хэсгийн “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь заалтыг, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг, 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5 дахь заалтыг, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг, 21 дүгээр зүйлийн 21.31 дэх хэсгийг, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 27.5, 27.6, 27.7, 27.8, 27.9, 27.10 хэсгийг, 28 дугаар зүйлийг, 37 дугаар зүйлийн 37.9, 37.11, 37.12 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйлЭнэ хуулийн 4 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5.3-т заасны дагуу хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
8 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар нэмсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9 дүгээр зүйлЭнэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(1-1-НДЕХ-нэмэлт-өөрчлөлт-оруулах-тухай-хууль-төсөл-2026-06-12-ЗГХЭГ.docx)