Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Ерөнхийлөгч
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 5-Р САРЫН 27 ӨДӨР
УЛААНБААТАР

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
2. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлж, дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр
а/хөнгөн үйлдвэрлэлд хамаарах салбар, оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
б/үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчинг бүрдүүлж, үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
в/малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх;
г/хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
д/малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж байгаа урамшууллыг дүгнэж, үр дүнд суурилсан, зах зээлийн зарчимд нийцүүлэхэд чиглүүлэх;
е/дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулахтай холбоотой зайлшгүй шаардлагатай стандарт, техникийн зохицуулалтыг батлан хэрэгжүүлэх;
2/Түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих чиглэлээр
а/малыг эрүүлжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт технологи бүхий дотоодын вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, мал вакцинжуулах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, тогтолцоог сайжруулах;
б/улсын болон аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудын үйл ажиллагааг уялдуулан, стандартын шаардлага хангасан өндөр хүчин чадалтай бүсийн мал эмнэлгийн лабораториудыг байгуулж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах;
в/бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилсан хөдөө аж ахуйн тэргүүлэх бүсүүдэд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын тайван бүсийн үзүүлэлтүүдийг тогтоож, тогтвортой хадгалах;
г/малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжаалах, түүхий эд бэлтгэлийн нэг цэгийн зохион байгуулалтыг бий болгох замаар нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
д/түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцооны цахим санг хөгжүүлж, гарал үүсэл, чанар нь баталгаaжсан түүхий эдийг үндэсний үйлдвэрт нийлүүлэх, экспортод гаргахыг дэмжих;
е/түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг стандартын дагуу түүхий эд бэлтгэхэд чадавхжуулах, мэргэшүүлэх.
3/үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх чиглэлээр:
а/түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд татвар, зээлийн хүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлэх;
б/олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг бүсийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахад чиглүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг улсын төсөв тусган хэрэгжүүлэх;
в/эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн бодлогоор дэмжиж, үндэсний үйлдвэрүүдийг олон улсын томоохон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцоход дэмжлэг үзүүлэх,
г/байгаль орчин, мал амьтанд ээлтэй, тохирлын баталгаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;
д/нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй шинэ, дэвшилтэд технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчинд эерэг нөлөөтэй, зохистой дадал, стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг ногоон санхүүжилтэд хамруулах, арга туршлагыг нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулах;
е/үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, байгаль орчинд ээлтэй тогтолцооны болон зохистой дадлын стандартын хэрэгжүүлэлт, баталгаажуулалт зэрэг үйлдвэрлэлийн хөгжил дэвшлийн талаар мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
ж/“Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийг түүхий эдийн нөөцийн зохистой харьцааг хангасан нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэлд түлхүү чиглүүлэх;
з/Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг газар зүйн заалтаар тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай бараа, бүтээгдэхүүнийг гадаад улсын газар зүйн заалтад бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх.
4/Салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, дэмжих чиглэлээр:
а/үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08) болон сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг салбарын холбоодтой хамтран зохион байгуулах;
б/гадаадын өндөр хөгжилтэй оронд инженер техникийн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрт хамруулах;
в/бүсийн үйлдвэрлэлийн чиглэлтэй уялдуулан салбарын хүний нөөцийг коллеж болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургах, нарийн мэргэжлийн ажилтнуудыг гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;
г/Улаанбаатар хотоос орон нутагт хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллахаар шилжин суурьшиж байгаа иргэдийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах;
д/үндэсний ажил мэргэжлийн стандарт ба цалин хөлсний бодлогыг боловсруулах, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, хүн төвтэй зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх Тарифын хэлэлцээр боловсруулах, хэрэгжүүлэх.
3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтийг "Цагаан алт" хөдөлгөөний хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээтэй уялдуулан ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээг жил бүрийн хөгжлийн төлөвлөгөө, улсын төсөвт тусган хэрэгжүүлж, хэрэгжилт, үр дүнг жил бүр Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ж.Батжаргал/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Г.Ганболд/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны .... дугаар сарын .....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга-дэлгэрэнгүй
(8. Taniltsuulga дэлгэрэнгүй.docx)
Танилцуулга
(2. Taniltsuulga 05.02.docx)