Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Амгаланбаатарын ГАНБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

ФАКТОРИНГИЙН ТУХАЙ (Анхдагч хуулийн төсөл)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь факторингийн үйлчилгээний эрх зүйн үндсийг тогтоох, факторингийн төрөл, факторингийн үйлчилгээнд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлФакторингийн тухай хууль тогтоомж
2.1Факторингийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар факторингийн үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулна.
3.2Аж ахуйн үйл ажиллагааны шинжгүй, нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй Иргэний хуулийн хүрээнд шаардах эрх шилжүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
Тайлбар: Энэ хуульд заасан “аж ахуйн үйл ажиллагаа” гэж ашиг олох зорилгоор тогтвортой эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон бусад эдийн засгийн үйл ажиллагааг ойлгоно. “тогтвортой эрхлэх” гэж тухайн үйл ажиллагаа нь үргэлжилсэн, дахин давтагдах шинжтэй байхыг ойлгоно.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“авлага” гэж үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхийг;
4.1.2“нээлттэй дансны нөхцөл” гэж энэ хуулийн 4.1.1-т заасан авлага үүссэнийг нотлох нэхэмжлэхийг;
4.1.3“факторингийн үйлчилгээ эрхлэгч” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.11-д заасан тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч, факторингийн үйлчилгээ эрхэлж байгаа компанийг;
4.1.4“факторингийн үйлчилгээ” гэж факторингийн үйлчилгээ эрхлэгч нь авлагыг шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгүүлэгчид санхүүжилт олгох болон авлагатай холбогдуулан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийн чадварын талаар мэдээлэл олж авах, дүн шинжилгээ хийх, авлагын бүртгэл, данс хөтлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг;
4.1.5“холбогдох этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан этгээдийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ФАКТОРИНГ
5 дугаар зүйлФакторинг
5.1Факторинг нь буцаан дуудах нөхцөлтэй /баталгаатай/, буцаан дуудах нөхцөлгүй /баталгаагүй/, урвуу факторинг зэрэг хуулиар хориглоогүй бусад төрөлтэй байж болно.
5.2Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн үед факторингийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч авлагыг хугацаандаа төлөхгүй байх эрсдэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна.
5.3Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөх хугацаа нь болсон авлагыг төлж барагдуулахыг факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
5.4Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн харилцаанд үүрэг гүйцэтгэгч авлагатай холбоотой үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өмнө хариуцаж, ийнхүү гүйцэтгэсэн даруй факторингийн үйлчилгээ эрхлэгч нь шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид буцаан шилжүүлнэ.
5.5Факторингийн гэрээнд буцаан дуудах нөхцөлийг тодорхой заагаагүй бол энэ хуулийн 5.6-д заасан буцаан дуудах нөхцөлгүй факторинг гэж үзнэ.
5.6Буцаан дуудах нөхцөлгүй факторингийн үед гэрээгээр шилжүүлсэн авлагыг үүрэг гүйцэтгэгч хугацаандаа төлөхгүй байх эрсдэлийг факторингийн үйлчилгээ эрхлэгч хариуцна.
5.7Буцаан дуудах нөхцөлгүй факторингийн гэрээний дагуу авлага шилжүүлсэн өдрөөс эхлэн тухайн авлагатай холбоотой төлбөр шаардах эрх, түүнтэй холбоотой дагалдах эрхүүд факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжих бөгөөд авлага шилжүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс давхар төлбөр шаардахгүй.
5.8Урвуу факторинг нь факторингийн үйлчилгээ эрхлэгч болон үүрэг гүйцэтгэгч хооронд байгуулсан тусгай гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг түүний даалгавар, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр үүрэг гүйцэтгүүлэгчийг санхүүжүүлсний хариуд факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгүүлэгчээс авлагыг шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэгч факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өмнө төлбөрийн үүргийг хариуцна.
5.9Урвуу факторингийн харилцаанд факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчээс авлагыг шилжүүлэн авахад энэ хуульд заасан бусад төрлийн факторингийн үйлчилгээний зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
5.10Факторингийн үйлчилгээнд ирээдүйд үүсэх авлагыг зөвхөн урьдчилан тодорхойлох бололцоотой, үүрэг гүйцэтгэгч нь тодорхой тохиолдолд ашиглаж болно.
5.11Энэ хуулийн 5.10-т заасан авлага хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгчээс авлага шаардах эрх үүснэ.
6 дугаар зүйлФакторингийн гэрээ
6.1Факторингийн гэрээг факторингийн үйлчилгээ эрхлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хооронд байгуулна.
6.2Энэ хуулийн 6.1-т заасан гэрээнд дараах зүйлсийг тусгана:
6.2.1.үйлчилгээний нөхцөл, гэрээний хугацаа; 6.2.2.талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага; 6.2.3.авлагыг тодорхойлох баримт бичиг; 6.2.4.эрсдэлийг хуваарилах, авлагын мэдэгдэл хүргүүлэх журам, нөхцөл; 6.2.5.авлагын үнийг тооцох, санхүүжилтийг шилжүүлэх арга, хэлбэр; 6.2.6.үйлчилгээний шимтгэл; 6.2.7.гэрээ цуцлах, дуусгавар болох нөхцөл; 6.2.8.мэдээллийн нууцлал, аюулгүй байдал; 6.2.9.давагдашгүй хүчин зүйл; 6.2.10.маргаан шийдвэрлэх арга, хэлбэр;
6.3Урвуу факторингийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч санхүүжилтийн хүсэлт гаргах нөхцөл, журмыг тодорхой тусгасан байна.
6.4Үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хүү төлөхөөр гэрээнд тусгаж болно.
6.5Факторингийн гэрээ байгуулах үед үүрэг гүйцэтгүүлэгч факторингийн үйлчилгээ эрхлэгчид дараах мэдээллийг хүргүүлнэ:
6.5.1авлага үүсэх үндэслэл болсон бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ болон холбогдох нэхэмжлэл;
6.5.2гэрээнд өөрөөр заагаагүй бол, авлагыг факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн тухай үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн мэдэгдлийн хувь.
6.6Энэ хуулийн 6.5-д заасан баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн өдрийг авлага шилжүүлсэн өдөрт тооцно.
6.7Факторингийн гэрээнд гэрээний хүчинтэй хугацааг заагаагүй бол гэрээгээр шилжүүлсэн авлагын төлбөрийг факторингийн үйлчилгээ эрхлэгч бүрэн хүлээн авах хүртэл гэрээний хугацаа үргэлжилнэ.
7 дугаар зүйлАвлага шилжүүлсэн тухай мэдэгдэл
7.1Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь факторингийн гэрээ байгуулсан даруй авлагыг факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн тухайгаа үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
7.2Энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдэл нь факторингийн гэрээгээр шилжүүлсэн нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх авлагыг хамарсан, түүний дотор ирээдүйд үүсэх авлагыг үүрэг гүйцэтгүүлэгчээс факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн талаарх мэдэгдэл байж болно.
7.3Энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдэлд авлага үүсэх үндэслэл болсон бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээг тодорхойлох мэдээлэл, авлагыг шилжүүлэн авсан факторингийн үйлчилгээ эрхлэгчийн мэдээлэл, нэхэмжлэхийн дугаар, авлагын үнийн дүнг тусгасан байна.
7.4Энэ хуулийн 7.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгч өөрчлөгдсөн талаар үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид мэдэгдээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө мөнгөн төлбөрийн үүргийг хариуцна.
8 дугаар зүйлШилжүүлсэн авлагыг барагдуулах
8.1.Энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан үүрэг гүйцэтгэгч мэдэгдэлд заасан факторингийн үйлчилгээ эрхлэгчийн дансанд мөнгөн төлбөрийн үүргийг төлж барагдуулна.
8.2Авлага барагдуулах хугацаа нь бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөр төлөх хугацаагаар тодорхойлогдоно.
8.3Үүрэг гүйцэтгэгч мэдэгдлийг хүлээн авснаас хойш авлагын төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн авсан үнийн дүнг нэн даруй факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлэх үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ
9 дүгээр зүйлФакторингийн үйлчилгээ эрхлэх
9.1Факторингийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ -оос олгосон тусгай зөвшөөрөл авсан компани эрхэлнэ.
9.2Шашны болон улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан хуулийн этгээд факторингийн үйлчилгээ эрхлэх, хувьцаа эзэмшихийг хориглоно.
9.3Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нь хугацаагүй байна.
9.4Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь шаардах эрхийг хүлээн авахдаа үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, зах зээлд өрсөлдөх чадварыг үнэлнэ.
9.5Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн шилжүүлэн авсан авлагын бүртгэлийг үнэн зөв, бүрэн гүйцэд хөтөлнө.
9.6Үүрэг гүйцэтгүүлэгч эрхийн доголдолгүй авлагыг факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлнэ.
9.7Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний шимтгэл, хүүг үндэслэлтэй тогтоож, ил тод мэдээлнэ.
9.8Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
9.9Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17.3-т заасан журмын дагуу авлагын мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.
9.10Факторингийн үйлчилгээ эрхлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нь авлагын төлбөрийг баталгаажуулах зорилгоор барьцаа, батлан даалтын гэрээ байгуулж болно.
9.11Факторингийн гэрээгээр шилжүүлэн авсан авлагын тухай мэдэгдлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 3.2-т заасны дагуу бүртгүүлж болно.
10 дугаар зүйлЗөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага
10.1Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
10.1.1хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь дараах шаардлагыг хангасан байна:
10.1.1.1.а.Хорооноос тогтоосон доод хэмжээг хангасан;
10.1.1.2б.хууль ёсны орлого, түүнийг нотлох дансны хуулга, гэрээ, хэлцэл зэрэг шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн;
10.1.1.3.в.зээл болон түүнтэй ижил төстэй гэрээгээр хүлээн авсан хөрөнгө биш байх;
10.1.1.4г.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнасан байх.
10.1.2хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн банкин дахь хадгаламж, харилцах дансанд төвлөрүүлэх ба мөнгөн хөрөнгийн гарал үүслийг мэдүүлсэн дүнд хүрэлцэхгүй, эсхүл давсан дүнгээр зарлагын гүйлгээ хийхгүй байх;
10.1.3хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан байх;
10.1.4Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-д заасан хөтөлбөртэй байх;
10.1.5эрхлэх үйл ажиллагаатай холбогдох зах зээлийн судалгаа, үзүүлэх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй танилцуулга, компанийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, эрсдэлийн удирдлага зэрэг мэдээллийг агуулсан гурваас доошгүй жилийн бизнес төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр баталсан байх.
11 дүгээр зүйлБүрдүүлэх баримт бичиг
11.1Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуулийн 10.1-т заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримт бичгээс гадна дараах баримт бичгийг зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт Хороонд гаргана:
11.1.1.үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн дүрэм; 11.1.2.эрхлэх үйл ажиллагаа болон үйлчлүүлэгчийн гомдол шийдвэрлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан дотоод журам; 11.1.3.үйлчлүүлэгчтэй байгуулах гэрээний төсөл; 11.1.4.хүний нөөц, ажлын байрны мэдээлэл; 11.1.5.эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл; 11.1.6.эхлэлтийн тайлан, эсхүл аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан.
11.2Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Хороо үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдлага болон бусад шийдвэртэй холбоотой асуудлаар нэмэлт баримт бичиг гаргуулах, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа авч болно.
12 дугаар зүйлЗөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
12.1Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:
12.1.1.Хорооноос өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй; 12.1.2.тайлан, мэдээг тогтоосон хугацаанд хоёр ба түүнээс дээш удаа ирүүлээгүй; 12.1.3.газар дээрх хяналт шалгалтаас санаатай зайлсхийсэн; 12.1.4.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 12.1.5.энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн;
12.2Хорооноос зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан өдрөөс эхлэн зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлээр шинээр аливаа гэрээ, хэлцэл байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
12.3Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
12.3.1.энэ хуулийн 12.1-д заасан түдгэлзүүлэх үндэслэлийг арилгаагүй; 12.3.2.Зөрчлийн тухай хуулийн 11.36-д заасан зөрчлийг нэг жилийн дотор хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан.
12.4Хорооноос факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд олон нийтэд мэдээлнэ.
13 дугаар зүйлЗөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах
13.1Факторингийн үйлчилгээ эрхлэгч дараах асуудлаар шийдвэр гаргасан талаарх холбогдох баримт бичиг, мэдээллийг Хороонд хүргүүлнэ:
13.1.1.оноосон нэр өөрчлөх; 13.1.2.хаяг байршил өөрчлөх; 13.1.3.салбар байгуулах; 13.1.4.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах; 13.1.5.гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах; 13.1.6.эцсийн өмчлөгч өөрчлөх; 13.1.7.өөрчлөн байгуулах, татан буулгах.
13.2Хороо энэ хуулийн 13.1-д заасны дагуу ирүүлсэн шийдвэр нь хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хариуг факторингийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ.
13.3Энэ хуулийн 13.1-д заасан шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж Хороо үзсэн тохиолдолд факторингийн үйлчилгээ эрхлэгч уг шийдвэрийг Улсын бүртгэлд бүртгүүлж, хувьцаа эзэмшигч, үйлчлүүлэгч, олон нийтэд мэдээлнэ.
14 дүгээр зүйлФакторингийн үйлчилгээ эрхлэгчийн нэр
14.1Банкны тухай хуулийн 3.1.1-т заасан банк, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.9-д заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс бусад факторингийн үйлчилгээ эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “факторинг” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
14.2Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээд нь өөрийн оноосон нэртэй хамт “факторинг” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
15 дугаар зүйлҮйл ажиллагаа эрхлэгчид хориглох зүйл
15.1Факторингийн үйлчилгээ эрхлэгчид дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
15.1.1.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс бусад факторингийн үйлчилгээ эрхлэх этгээд нь зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх; 15.1.2.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх; 15.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгийг зээл, түүнтэй адилтгах бусад эх үүсвэрээр бүрдүүлэх; 15.1.4.өөрийн нэрийн данснаас бусад дансаар гүйлгээ хийх; 15.1.5.үйл ажиллагааны үр дүнг худал мэдээлэх; 15.1.6.хүн, хуулийн этгээдийн мэдээллийг хууль бусаар ашиглах, бусдад дамжуулах, хуульд зааснаас бусад тохиолдолд задруулах; 15.1.7.тайлан тэнцэлд тусгаагүй хөрөнгийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах;
15.2Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд нь энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
15.3Факторингийн үйлчилгээ эрхлэгч энэ хууль болон бусад хууль тогтоомж, Хорооноос тогтоосон шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Хороо дор дурдсан арга хэмжээ авна:
15.3.1.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх; 15.3.2.зөвшөөрлийг түдгэлзүүлэх; 15.3.3.зөвшөөрлийг хүчингүй болгох.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ
16 дугаар зүйлФакторингийн үйлчилгээнд тавих хязгаарлалт
16.1Факторингийн үйлчилгээ эрхлэгчээс иргэн, хуулийн этгээдэд олгосон факторингийн санхүүжилтийн нийлбэр дүн нь тухайн факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй байна.
16.2Факторингийн үйлчилгээ эрхлэгчээс холбогдох этгээдэд олгосон факторингийн санхүүжилт дүн нь тухайн факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтрэхгүй байна.
17 дугаар зүйлФакторингийн үйлчилгээнд тавих хяналт зохицуулалт
17.1Факторингийн үйлчилгээг зохицуулах, хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ.
17.2Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор факторингийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах үйл ажиллагааны шаардлага, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, учирч болзошгүй алдагдлаас хамгаалах нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон бусад санхүүгийн зохистой харьцаа үзүүлэлтийг тогтоосон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
17.3Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үзүүлж буй факторингийн үйлчилгээтэй холбогдох баримт бичгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн хадгалах ба Хорооны шаардсанаар гаргаж өгнө.
17.4Факторингийн үйлчилгээ эрхлэгч энэ хууль болон бусад хууль тогтоомж, Хорооноос тогтоосон энэ хуулийн 17.2-д заасан шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Хороо дор дурдсан арга хэмжээ авна:
17.4.1бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
17.4.2зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
17.4.3зөвшөөрлийг хүчингүй болгох.
18 дугаар зүйлҮйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, мэдээллийн ил тод байдлыг хангах
18 .1Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн бодит чадамжид үндэслэн нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээнд үл харшлах санхүүгийн үйлчилгээг харилцан эрх тэгш байх, талуудын чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн үзүүлнэ.
18 .2Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний болон гэрээний нөхцөл, хүү, шимтгэл, үйлчилгээний бодит өртөг, тэдгээрийг тооцсон аргачлалыг танилцуулж, тайлбарласны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх ба мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана.
18 .3Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үйлчлүүлэгчийг гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргах, факторингийн үйлчилгээний гэрээтэй танилцах боломжоор хангана.
18 .4Факторингийн үйлчилгээ эрхлэгч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эсхүл үйлчилгээтэй холбоотой гомдлыг хүлээн авч үндэслэл бүхий тайлбарыг үйлчлүүлэгчид хүргүүлнэ.
18 .5Факторингийн үйлчилгээнд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, нууцлал, аюулгүй байдлыг хуульд заасны дагуу хангаж ажиллана.
18 .6Факторингийн үйлчилгээ эрхлэгч факторингийн үйлчилгээг санал болгохдоо үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийг төөрөгдөлд оруулах, өөртөө давуу байдал бий болгох, хууль ёсны эрх ашигт илт хохирол учруулахуйц үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
18 .7Факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учруулсан нь маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас тогтоогдсон тохиолдолд хохирлыг хариуцна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА
20 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
21.1Энэ хуулийг 202.. оны ... дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(3.Факторинг-Үзэл баримтлал.docx)