Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Даваасамбуугийн ГАНМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1 дүгээр зүйл.1Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах зорилгоор эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд хүн-төвтэй, нэгдмэл, тасралтгүй, зохистой, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж
2.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Эрүүл мэндийн тухай хууль , Эрүүл мэндийн даатгалын тухай хууль , Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль , Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“алсын зайн анагаах ухаан” гэж эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийг дэмжих зорилгоор, газар нутгийн байршлаас шалтгаалан тусламж, үйлчилгээг бие даан хүргэх боломжгүй нөхцөлд өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн мэдээллийг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан зайнаас тусламж, үйлчилгээ хүргэх хэлбэрийг;
3.1.2“амбулаторийн тусламж, үйлчилгээ” гэж эмчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг;
3.1.3“анхан шатлалын тусламж, үйлчилгээ” гэж хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан, тусламж, үйлчилгээг хамгийн ойр, эхэнд хүргэх, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээх, эргэх холбоо тогтоох замаар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, сэргээн засах мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.4“багийн эмч” гэж сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт харьяалагдаж, багийн хүн амд анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, шаардлагатай тохиолдолд шатлал хооронд зохицуулалт хийх чиг үүрэг бүхий эмнэлгийн мэргэжилтнийг;
3.1.5“гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ” гэж анхан болон хоёрдогч шатлалд эмнэл зүйн шийдвэр гаргах боломжгүй, өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээний технологи шаардсан мэргэшсэн тусламж, үйлчилгээг хүргэх цогц үйл ажиллагааг;
3.1.6“өвчний цахим түүх” гэж эмчлүүлэгчид үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нууцлал ба аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цахим хэлбэрээр бүртгэх, хадгалах, боловсруулах, дамжуулах зориулалт бүхий баримт бичгийн нэгдсэн цогцыг;
3.1.7өдрийн эмчилгээ” гэж эмчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр тухайн өдөрт нь үнэлгээ, оношилгоо, эмчилгээ, мэс засал болон бусад ажилбар хийх үйл ажиллагааг;
3.1.8өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн бие дааж, эсхүл багаар хүргэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах, сэргээн засах, хөнгөвчлөх, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээх, эргэх холбоо тогтооход чиглэсэн ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээг;
3.1.9."сувилах" гэж эмчлүүлэгчийн биеийн болон сэтгэл зүйн байдалд үндэслэн түүний хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн хүргэх мэргэжлийн, сувилахуйн цогц үйл ажиллагааг;
3.1.10“сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэж өвчин, эмгэг, осол, гэмтэл болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын үр дагаврыг бууруулах, сэргээх, хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг;
3.1.11хаалга барих зохицуулалт” гэж хүн амд анхан шатлалд үзүүлбэл зохих тусламж, үйлчилгээг бүрэн хүргэж, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээх, санхүүжилттэй уялдсан тусламж, үйлчилгээний зохицуулалтын арга хэмжээг;
3.1.12“хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ” гэж эмнэл зүйн хувьд анхан шатлалд оношлох, эмчлэх, шийдвэрлэх боломжгүй тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.2-т заасан мэргэжилтний хүргэх, шаардлагатай тохиолдолд гуравдагч шатлалд илгээх, эргэх холбоо тогтоох, бусад шатлалын тусламж, үйлчилгээтэй нэгдмэл байх цогц үйл ажиллагааг;
3.1.13“хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” гэж өвчин, эмгэг нь илаарьших боломжгүй эмчлүүлэгчийн зовуурийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор өвдөлт намдаах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон нийгмийн халамжийн бусад үйлчилгээтэй уялдуулан хүргэх мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.14“хэрэгцээний үнэлгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөл, нас баралт, эрсдэлт хүчин зүйл, хүртээмж ба нөөцийн мэдээлэлд тулгуурлан эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээг системтэйгээр тодорхойлох үйл явцыг;
3.1.15“хэвтүүлэн эмчлүүлэх” гэж эмчлүүлэгчийг 24 цагаас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэн хүргэх шаардлагатай тусламж, үйлчилгээг;
3.1.16“төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.23-т заасан мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн мэргэжилтний оношлох, эмчлэх, хянах мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.17“төлбөрийн арга” гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д заасныг;
3.1.18“тусламж, үйлчилгээ үзүүлэгч” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн ба хуулийн этгээдийг;
3.1.19тусламж, үйлчилгээний чанар” гэж анагаах ухааны нотолгоо, эмнэл зүйн стандарт, удирдамжид нийцсэн, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээ, хүлээлтэд тохирсон, цаг алдалгүй, тасралтгүй, үр дүнтэй хүргэж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний үр дүнг;
3.1.20тусламж, үйлчилгээний хүртээмж” гэж эрүүл мэндийн хэрэгцээ үүссэн үед хувь хүний хэрэгцээ, сонголт, онцлогт нийцүүлэн, хаана байгаагаас үл хамааран, санхүүгийн эрсдэлд орохгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломжийг;
3.1.21“тусламж, үйлчилгээний шаардлага” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, шатлал, хүргэх байгууллага, бүтэц зохион байгуулалт, үр дүн, нөөц, эмнэл зүй, чанар, аюулгүй байдал, хүртээмж болон эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, дадалд тавигдах шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;
3.1.22“түргэн тусламжийн үйлчилгээ” гэж гэнэтийн осол, гэмтэл, өвчний улмаас хүний амь насанд аюул учирсан буюу учрах эрсдэл үүссэн үед анхан болон лавшруулсан тусламжийг газар дээр нь шуурхай үзүүлэх, шаардлагатай бол хамгийн ойр эмнэлэг рүү тээвэрлэх цогц үйл ажиллагааг;
3.1.23“уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ” гэж өвчин, эмгэгийг үнэлэх, оношлох, эмчлэхдээ идээ ундаа, явдал мөр, уламжлалт эм болон засал эмчилгээний аргыг цогцоор нь ашиглах уламжлалт анагаах ухааны онол арга зүйд суурилсан тусламж, үйлчилгээг;
3.1.24"урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж архаг өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл, насжилтаас шалтгаалан өдөр тутмын амьдралын үндсэн үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломжгүй болсон хүнд сувилахуйн болон сэргээн засахын тусламж, үйлчилгээг нэг сар ба түүнээс дээш хугацаанд үзүүлэх мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.25“үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.22-т заасан мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн мэргэжилтний урьдчилан сэргийлэх, үнэлэх, оношлох, эмчлэх, хянах тусламж, үйлчилгээг анхан болон хоёрдогч шатлалд үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг;
3.1.26“эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах, сэргээн засах болон хөнгөвчлөх чиглэлээр үзүүлэх мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.27“эмнэл зүйн засаглал” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үр дүнг тасралтгүй сайжруулах зорилготой удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог;
3.1.28“эмчлүүлэгч” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, эсхүл тусламж, үйлчилгээ авч байгаа болон авах шаардлагатай хүнийг;
3.1.29“эмчлүүлэгчийн аюулгүй байдал” гэж оношилгоо, эмчилгээ, эмийн хэрэглээ, асаргаа сувилгаа, эмнэлгийн орчин, халдварын сэргийлэлт ба хяналттай холбоотой сэргийлэх боломжтой эрсдэл, хор нөлөөг хамгийн бага түвшинд байлгах нөхцөлийг хангасан тусламж, үйлчилгээг;
3.1.30“эх барих" гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.31“эрүүл мэндийн чанарын удирдлагын тогтолцоо” гэж тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилготой эмчлүүлэгчийн хэрэгцээ, хууль ёсны шаардлагыг хангахад чиглэсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бодлого, дүрэм, журам, үйл явц, гүйцэтгэлийн үнэлгээний нэгдмэл тогтолцоог;
3.1.32.“эрүүл мэндийн технологийн үнэлгээ” гэж санхүүгийн нөөцийг үр ашигтай хуваарилах, тусламж, үйлчилгээний багцтай холбоотой бодлогын шийдвэр гаргах зорилгоор эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний арга, эмнэл зүйн үр дүн, үр нөлөө, өртөг-зардлын үр ашиг, эрсдэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар үнэлэхийг;
3.1.33“яаралтай тусламж” гэж хүний амь нас болон эрүүл мэндэд аюул учирсан, эсхүл учрах эрсдэлтэй үед зохих мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, цаг алдалгүй үзүүлэх үйл ажиллагааг.
4дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх зарчим
4.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлага, эрх, сонголтод суурилсан, хүний нэр төрийг хүндэтгэн, нас, хүйс, нийгмийн байдал, соёлын онцлогийг харгалзах хүн төвтэй байх зарчим;
4.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээг шатлал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалт, санхүүжилт, мэдээллийн тогтолцооны хүрээнд уялдуулан хүргэх нэгдмэл байх зарчим;
4.1.3газар зүйн байршлаас үл хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээг саадгүй, ялгаварлан гадуурхалгүй, санхүүгийн болон бусад хүндрэлгүйгээр хүргэх тэгш, хүртээмжтэй байх зарчим;
4.1.4шинжлэх ухаанд суурилж, нотолгоонд тулгуурлан, хүний эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн хүргэх зохистой байх зарчим;
4.1.5олон улсад болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн стандарт, удирдамж, заавар, технологийн шаардлагыг хангаж, бодит үр дүн, эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн чанартай байх зарчим;
4.1.6эмчилгээ, оношилгоо, асаргаа, сувилгааны явцад эмчлүүлэгчид учирч болох хор нөлөө, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах аюулгүй байх зарчим;
4.1.7эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг хугацаа, шатлал хооронд эмнэл зүйн хувьд уялдаа, залгамж холбоотой, цогц байдлаар хүргэх тасралтгүй байх зарчим;
4.1.8эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх байгууллага нь засаглал, удирдлага, үйл ажиллагааны хувьд бие даасан, хариуцлагатай байх зарчим.
5дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
5.1Энэ хууль дараах харилцааг зохицуулахад үйлчилнэ:
5.1.1эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал доторх болон шатлал хоорондын зохицуулалт, тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлага, мэдээллийн нэгдсэн сангийн удирдлагатай холбогдох харилцаа;
5.1.2эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх засаглал, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдал, хяналт, гүйцэтгэлийн үнэлгээ, хариуцлагатай холбоотой үүсэх харилцаа;
5.1.3энэ хуульд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэхтэй холбоотой өмчийн бүх хэлбэрийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмчлүүлэгчийн хооронд үүсэх харилцаа;
5.1.4эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэлтэй холбоотой харилцаа;
5.1.5эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн аргыг тодорхойлохтой холбоотой харилцаа;
5.1.6эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх эмнэл зүйн үйл ажиллагаатай холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг, хариуцлага, хөндлөнгийн үнэлгээтэй холбоотой харилцаа.
5.2Энэ хууль дараах харилцааг зохицуулахад үйлчлэхгүй:
5.2.1эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалттай холбоотой харилцаа;
5.2.2эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаа;
5.2.3эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн өмчлөгчийн эрх болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлэх төрийн хяналт шалгалттай холбоотой харилцаа;
5.2.4эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдалтай холбоотой харилцаа;
5.2.5эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биобэлдмэл, вакцин, урвалж оношлуурын бүртгэл, үйлдвэрлэл, импорт, худалдан авалт, чанар, аюулгүй байдлын хяналт, зохицуулалттай холбоотой харилцаа;
5.2.6энэ хуульд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан болон улсын төсвөөс төлөх төлбөрийн аргаас бусад эрүүл мэндийн санхүүжилт, даатгалтай холбоотой харилцаа.
6дугаар зүйл.Эмчлүүлэгч
6.1Эмчлүүлэгч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой харилцаанд дараах эрхтэй байна:
6.1.1өөрийн онош, эмчилгээний арга, эрсдэл, үр дагавар, сонголтын талаар ойлгомжтой мэдээлэл авах, өөрт хийгдэх тусламж, үйлчилгээнд зөвшөөрөл өгөх;
6.1.2мэдээлэлд үндэслэн сонголт хийх ба эмчилгээ, шинжилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг зөвшөөрөх, эсхүл татгалзах;
6.1.3хувийн болон эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах;
6.1.4анагаах ухааны нотолгоонд суурилсан чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээ авах;
6.1.5эрх бүхий байгууллагаар алдаатай болох нь тогтоогдсон эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
6.1.6эрхээ хамгаалуулах зорилгоор тусламж, үйлчилгээний талаар гомдол гаргах, шийдвэрлүүлэх;
6.1.7өөрт нь үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх шийдвэр гаргах үйл явцад оролцох;
6.1.8хуульд заасан журмын дагуу өөрийн өвчний цахим түүх дэх өвчний талаарх мэдээлэлтэй танилцах, баталгаажуулах, тусламж, үйлчилгээг үнэлэх, холбогдох мэдээллийг хуулбарлан авах, бусад эрүүл мэндийн байгууллагад мэдээллийг ашиглах зөвшөөрөл олгох;
6.1.9хуульд заасан бусад эрх.
6.2Эмчлүүлэгч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой харилцаанд дараах үүрэгтэй байна:
6.2.1өөрийн эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх;
6.2.2эмнэлгийн мэргэжилтний эмчилгээ, асаргаа, сувилгаа, хяналттай холбоотой заавар, зөвлөмжийг биелүүлэх;
6.2.3эмнэлгийн дотоод журмыг сахих;
6.2.4бусад эмчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтны эрхийг хүндэтгэх;
6.2.5хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг төлөх;
6.2.6эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийхгүй байх;
6.2.7хуульд заасан бусад үүрэг.
6.3Эмчлүүлэгчийн нас, эрүүл мэндийн байдлаас хамааран тусламж, үйлчилгээ авахтай холбоотой харилцаанд түүний зарим эрх, үүргийг хууль ёсны асран хамгаалагч нь хэрэгжүүлнэ.
7дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүртгэл
7.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эмчлүүлэгч бүрд хүргэсэн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг багтаасан бүртгэл хөтөлж, Эрүүл мэндийн тухай хуулийн 421 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан болон энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан санд тухай бүр илгээнэ.
7.2Энэ хуулийн 7.1-д заасан бүртгэл нь эмчлүүлэгч түүнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээлэл, шинжилгээ оношилгооны хариу, дүгнэлт, эмчилгээ, эмийн жор, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хүний эрүүл мэндийн талаарх бусад мэдээллийг өвчний олон улсын ангилал, кодын дагуу түүхчилсэн бүртгэлээс бүрдэх өвчний цахим түүх байна.
7.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь өвчний цахим түүхийг үнэн зөв хөтлөх, уг мэдээллийг эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд нийлүүлэх, цахим түүхийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, архивын цахим мэдээллийн сангийн найдвартай байдлыг хангаж, техникийн болон сүлжээний доголдлоос үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
7.4Өвчний цахим түүх дэх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулах, хуульд өөрөөр заагаагүй бол устгахыг хориглоно.
7.5Энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, их өгөгдлийг цуглуулах, боловсруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага хариуцаж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
8дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал
8.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан, зохистой, үр дүнтэй шатлалын зохион байгуулалтаар дамжуулан хүргэнэ.
8.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын зохицуулалт нь тусламж, үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй байдлыг хангах, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байна.
8.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээг дараах шатлалаар хүргэнэ:
8.3.1анхан шатлалын тусламж, үйлчилгээ;
8.3.2хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ;
8.3.3гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ.
8.4Анхан шатлалын тусламж, үйлчилгээг газар зүйн байршлын хувьд хүн амд ойр, тэгш, хүртээмжтэй байдлаар хүргэх бөгөөд хүн бүр оршин суугаа газартаа чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах нөхцөлийг хангасан байна.
8.5Хүн байнга оршин суугаа газраас өөр газарт байх үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хэрэгцээ үүссэн тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байрлах анхан шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс сонгон тусламж, үйлчилгээг авна.
8.6Хоёрдогч болон гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ нь анхан шатлалын тусламж, үйлчилгээтэй уялдсан байх бөгөөд хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан байдлаар зохион байгуулагдана.
8.7Эмнэлгийн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 8.3-т заасан шатлалын дарааллаар хүргэнэ.
8.8Дараах тохиолдолд шатлал алгасаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэж болно:
8.8.1яаралтай тусламж шаардлагатай;
8.8.2амь насанд аюул учирч болзошгүй эрсдэл үүссэн;
8.8.3гамшиг, халдварт өвчний дэгдэлт;
8.8.4тухайн өвчин, эмгэгийн онцлогоос шалтгаалан тухайн шатлалд тусламж, үйлчилгээг хүргэх боломжгүй;
8.8.5хоёрдогч, гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж эмнэлгийн мэргэжилтэн дүгнэсэн.
8.9Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын зохицуулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
8.9.1эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндийн хэрэгцээг нэн тэргүүнд харгалзах;
8.9.2эмчлүүлэгчийг шатлал хооронд үндэслэлтэй шилжүүлэх ба хүндрэл үүсгэхгүй байх;
8.9.3тусламж, үйлчилгээ шатлал дотроо цогц, шатлал хооронд нэгдмэл, тасралтгүй, чанар, аюулгүй байдлыг хангах;
8.9.4эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан мэдээлэл солилцох;
8.9.5анхан шатлалын тусламж, үйлчилгээний хаалга барих зохицуулалтыг хангах.
8.10Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүн-төвтэй, нэгдмэл байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор алсын зайн анагаах ухаанд суурилсан зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг шатлал дотроо болон шатлал хооронд хүргэж болно. Алсын зайн анагаах ухаанд суурилсан зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг хүргэхтэй холбоотой журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
9дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл
9.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
9.1.1үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээ;
9.1.2төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ;
9.1.3яаралтай тусламж, үйлчилгээ;
9.1.4түргэн тусламжийн үйлчилгээ;
9.1.5уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ;
9.1.6сэргээн засах тусламж, үйлчилгээ;
9.1.7урт хугацааны тусламж, үйлчилгээ;
9.1.8сувилахуйн тусламж, үйлчилгээ.
10дугаар зүйл.Үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ
10.1Үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.22, 3.1.23-т заасан мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн анхан болон хоёрдогч шатлалд хүргэнэ.
10.2Төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.23-т заасан мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн хоёрдогч болон гуравдагч шатлалд хүргэнэ.
11дүгээр зүйл.Яаралтай тусламж, үйлчилгээ
11.1Яаралтай тусламж, үйлчилгээ нь төрлөөс хамааран дараах гурван түвшинтэй байна:
11.1.1эмнэлэг хүртэлх тусламж;
11.1.2эмнэлгийн яаралтай тусламжийн нэгжид үзүүлэх тусламж;
11.1.3эмчлүүлэгчийг эмнэлэг хооронд тээвэрлэх яаралтай тусламж.
11.2Энэ хуулийн 11.1.1-д заасан тусламжийг байршлаас нь үл хамааран дараах ангиллын дагуу хүргэнэ:
11.2.1анхны тусламж;
11.2.2түргэн тусламж;
11.2.3гамшгийн үеийн аврах ажиллагаа.
11.3Энэ хуулийн 11.2.1-д заасан анхны тусламж нь дараах төрөлтэй байна:
11.3.1амилуулах суурь тусламж;
11.3.2амилуулах лавшруулсан тусламж.
11.4Энэ хуулийн 11.3.1-д заасан тусламжийг эмнэлгийн мэргэжилтнээс гадна хувь хүн, гэр бүлийн гишүүн, олон нийтийн ажилтан үзүүлж болох бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтнуудаа амь аврах суурь тусламжийн зохих хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулна. Энэ зүйлд заасан тусламжийг үзүүлэхэд зориулалтын бүтэц, нэгжтэй байхыг шаардахгүй.
11.5Энэ хуулийн 11.3.2-т заасан тусламжийг дефибрилятор бүхий тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар эмнэлэг хүртэл болон эмнэлэгт шаардлагатай нөөцөөр хангагдсан мэргэжилтний баг, парамедик, эсхүл эмнэлгийн бусад мэргэжилтэн үзүүлнэ.
11.6Энэ хуулийн 11.2.2-т заасан түргэн тусламжийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.
11.7Энэ хуулийн 19.2.2, 19.2.3, 19.2.11, 19.2.12, 19.2.13, 19.2.14-т заасан байгууллага нь хүний амь нас болон эрүүл мэндэд аюул учирсан, эсхүл учрах эрсдэлтэй үед амь насыг нь аврах анхны суурь болон амилуулах лавшруулсан тусламжийг эмчлүүлэгчид цаг алдалгүй үзүүлж өөрт хамгийн ойр байрлах яаралтай тусламжийн нэгж бүхий энэ хуулийн 19.2.1, 19.2.4, 19.2.5, 19.2.6, 19.2.7, 19.2.8, 19.2.9, 19.2.10-т заасан байгууллага руу тээвэрлэнэ.
11.8Энэ хуулийн 11.1.2-т заасан яаралтай тусламжийг тухайн иргэний оршин суугаа газарт хамгийн ойр байрлах яаралтай тусламжийн нэгж бүхий энэ хуулийн 19.2.1, 19.2.4, 19.2.5, 19.2.6, 19.2.7, 19.2.8, 19.2.9, 19.2.10-т заасан байгууллага шатлал, харьяалал харгалзахгүйгээр цаг алдалгүй, мэргэжлийн түвшинд чанартай хүргэнэ.
11.9Яаралтай тусламжийн нэгдмэл зохион байгуулалт бүхий үндэсний төвтэй байх бөгөөд дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12дугаар зүйл.Түргэн тусламжийн үйлчилгээ
12.1Түргэн тусламжийн үйлчилгээг энэ хуулийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.2.5, 19.2.6, 19.2.7, 19.2.8, 19.2.9, 19.2.10-т заасан байгууллага хүргэнэ.
12.2Түргэн тусламжийн дуудлагыг хүний амь насны эрсдэл, биеийн байдал, цаг хугацаа, орон зай, газар зүйн байршил, тээвэрлэх боломж, нөөцийн хүртээмж, олон нийтэд учруулах эрсдлийг харгалзан ялгаатай нөөцөөр хүргэнэ.
12.3Түргэн тусламжийн үйлчилгээг хүргэх зохицуулалт, үйлчлэх хүрээг хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн газар зүйн байршил, орон нутгийн алслагдмал байдал, суурин газрын зам, дэд бүтцийн онцлогийг харгалзан энэ хуулийн 25.1-д заасан байгууллага тогтооно.
12.4Түргэн тусламжийн нэгдмэл зохион байгуулалт бүхий яаралтай, түргэн тусламжийн нэгдсэн дуудлагын сүлжээ байх бөгөөд сүлжээний зохион байгуулалтын журмыг энэ хуулийн 12.3-т заасныг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
12.5Түргэн тусламжийн нэгдмэл зохион байгуулалт бүхий яаралтай, түргэн тусламжийн нэгдсэн дуудлагын сүлжээ нь хүн амд хүргэх түргэн тусламжийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулж, мэргэжил, арга зүйгээр хангана.
12.6Түргэн тусламжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн байгууллага аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр түргэн тусламжийн үйлчилгээг хүргэж болно.
12.7Түргэн тусламжийн хүртээмж, эмчлүүлэгчийн биеийн байдал, газар зүйн байршлаас хамааран агаарын тээврийн хэрэгсэл ашиглаж болно.
13дугаар зүйл.Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
13.1Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг Монголын уламжлалт анагаах ухааны онол, эх сурвалж, туршлага, нотолгоонд суурилсан эмнэл зүйн удирдамж, заавар, журмыг баримтлан хүргэнэ.
13.2Энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь өөрийн хүргэх тусламж, үйлчилгээг уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээтэй хавсран хүргэж болно.
13.3Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь хоёрдогч болон гуравдагч шатлалын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг дагнасан хэлбэрээр хүргэнэ.
13.4Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр мэргэшсэн уламжлалт анагаах ухааны их, бага эмч, сувилагч, засалч хүргэнэ.
13.5Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх багцыг уламжлалт анагаах ухааны өвчний ангилалд нийцүүлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллага тогтоож, уг багцад хамрагдах тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна.
14дүгээр зүйл.Сэргээн засах тусламж, үйлчилгээ
14.1Сэргээн засах тусламж, үйлчилгээ шаардлагатай, эрхтний үйл ажиллагааны хязгаарлалттай, хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээг бусад мэргэжлийн тусламж, үйлчилгээтэй уялдуулан, эрт үеэс нь эхлэн цогц, тасралтгүй байдлаар, эсхүл дагнасан хэлбэрээр хүргэнэ.
14.2Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
14.2.1эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ;
14.2.2намжмал үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ;
14.2.3урт хугацааны сэргээн засах тусламж, үйлчилгээ.
14.3Эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг эмчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн болон амбулаториор эмчлүүлж буй хугацаанд бусад мэргэжлийн тусламж, үйлчилгээтэй хамт, цогц байдлаар хүргэнэ.
14.4Намжмал үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээтэй хамт, цогц байдлаар, эсхүл сэргээн засах төвд дагнасан хэлбэрээр хүргэнэ.
14.5Урт хугацааны сэргээн засах тусламж, үйлчилгээг дагнасан хэлбэрээр, гэр бүл, олон нийтийн оролцоонд тулгуурлан нийгмийн халамжийн үйлчилгээтэй хавсран зохион байгуулна.
14.6Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын их эмч, сувилагч, хөдөлгөөн, хөдөлмөр, хэл болон сэтгэл засалч, хиймэл эрхтэн, согог заслын мэргэжилтэн, нийгмийн ажилтнаас бүрдсэн багаар хүргэнэ.
15дугаар зүйл.Урт хугацааны тусламж, үйлчилгээ
15.1Урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хавсран хүргэнэ.
15.2Урт хугацааны тусламж, үйлчилгээг хүргэх байгууллагын бүтэц, үйл ажиллагааны журмыг эрүүл мэндийн болон гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
16дугаар зүйл.Лабораторийн тусламж, үйлчилгээ
16.1Лабораторийн тусламж, үйлчилгээг дараах байдлаар хүргэнэ:
16.1.1сорьц цуглуулах цэг;
16.1.2бие даасан лаборатори;
16.1.3энэ хуулийн 19.2.14-д зааснаас бусад эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх байгууллагын дэргэдэх лаборатори;
16.1.4лавлагаа лаборатори;
16.1.5үндэсний лавлагаа лаборатори.
16.2Энэ хуулийн 16.1.4-т заасан лавлагаа лаборатори нь үндэсний лавлагаа лабораторийн нэгдсэн тогтолцоонд хамаарах бөгөөд бусад лабораторид хийх боломжгүй нарийвчилсан, өндөр түвшний шинжилгээг гүйцэтгэх, шинжилгээний үр дүнг баталгаажуулах, чанарыг зохих стандартын дагуу хянах, мэргэжил, арга зүйгээр хангана.
16.3Лавлагаа лабораторид тавигдах чанарын үндэсний болон олон улсын шаардлагыг хангасан өмчийн бүх хэлбэрийн лаборатори нь энэ хуулийн 16.2-т заасан үйл ажиллагааг эрхэлнэ.
16.4Энэ хуулийн 16.1.2-т заасан бие даасан лаборатори нь тодорхой чиглэлээр дагнасан байж болно.
16.5Өрхийн эрүүл мэндийн төв нь сорьц цуглуулах цэгтэй байна. Лабораторийн шинжилгээг гэрээний үндсэн дээр лавлагаа болон эрх бүхий итгэмжлэгдсэн лабораториор гүйцэтгүүлнэ. Гурав болон түүнээс дээш өрхийн эрүүл мэндийн төв нэгдмэл байдлаар дундаа нэг лабораторитой байж болно.
16.6Энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь лабораторийн шинжилгээг гэрээний үндсэн дээр лавлагаа болон эрх бүхий итгэмжлэгдсэн лабораториор гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд сорьц цуглуулах цэгтэй байна.
16.7Эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан гэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй эмчлүүлэгчид лабораторийн шинжилгээ хийх шаардлага үүссэн тохиолдолд сорьцыг гэрт нь авч, гэрээний үндсэн дээр лавлагаа болон эрх бүхий итгэмжлэгдсэн бусад лабораторид хүргүүлнэ.
16.8Энэ хуулийн 16.7-д заасан шинжилгээний хариу нь тухайн шинжилгээнд тогтоосон стандартыг хангасан тохиолдолд оношлогооны үндэслэл болно.
16.9Алслагдмал бүс нутгийн багийн түвшинд, түргэн тусламжийн явцад хийх лабораторийн шинжилгээ болон шинжилгээнд ашиглах зөөврийн, хурдавчилсан оношилгооны тоног төхөөрөмжийн жагсаалтыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага тогтооно.
16.10Сорьц цуглуулах, тээвэрлэх, хадгалах, хамгаалах үйл ажиллагааны журмыг чанарын олон улсын стандартад нийцүүлэн энэ хуулийн 25.1-д заасан байгууллага боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
16.11Чанарын олон улсын болон үндэсний стандартын дагуу итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд харилцан хүлээн зөвшөөрнө.
16.12Эмнэл зүйн шаардлагаас бусад тохиолдолд хүчинтэй хугацаа нь дуусаагүй шинжилгээг давтан хийхийг санхүүжилтийн төлбөрийн аргатай уялдуулан зохицуулна.
16.13Энэ хуулийн 16.1.2, 16.1.3-т заасан лаборатори нь олон улсын болон үндэсний чанарын удирдлагын стандартын шаардлагыг хангаж, магадлан итгэмжлэгдсэн байна.
16.14Лабораторийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь хөндлөнгийн чанарын хяналтад жилд хоёроос доошгүй удаа хамрагдсан байх бөгөөд энэхүү шаардлага нь энэ хуулийн 36.1.1-д заасан эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн урьдчилсан нөхцөл болно.
17дугаар зүйл.Дүрс оношилгооны тусламж, үйлчилгээ
17.1Дүрс оношилгооны тусламж, үйлчилгээг дараах байдлаар хүргэнэ:
17.1.1эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хавсарсан байдлаар;
17.1.2дагнасан байдлаар.
17.2Дүрс оношилгооны тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь дүрслэл болон дүгнэлтийг дүрсийг хадгалах үндэсний нэгдсэн санд олон улсын дүрс оношилгооны стандартын дагуу байршуулна.
17.3Дүрс оношилгооны тусламж, үйлчилгээг хүргэх бодлого, дүрсийг хадгалах үндэсний нэгдсэн санг удирдах, зайнаас оношлох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах журмыг эрүүл мэндийн асуудал төрийн захиргааны төв байгууллага батална.
17.4Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал харгалзахгүйгээр дүрс оношилгооны дүрслэлийг зайнаас уншиж, дүгнэлт гаргахыг тусламж, үйлчилгээний бие даасан хэлбэр гэж үзнэ.
17.5Энэ хуулийн 17.2-т заасан орон нутгийн байгууллагуудын дүрс оношилгооны техникчийн авсан дүрслэл болон зургийг гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн дүрс оношилгооны нэгж, эсхүл дагнасан дүрс оношилгооны төвийн дүрс оношилгооны эмч зайнаас уншиж, дүгнэлт гаргаж болно.
17.6Энэ хуулийн 19.2.7, 19.2.8, 19.2.9, 19.2.10, 19.2.11-д заасан байгууллага нь анхан болон хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн дүрс оношилгооны дүрслэлийг зайнаас давхар хянаж, зөвлөмж өгч болох ба энэхүү үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
17.7Дүрс оношилгооны тусламж, үйлчилгээний дүгнэлтэд хиймэл оюунд суурилсан программ хангамжийг дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрнө.
17.8Хиймэл оюунд суурилсан программ хангамжийг ашиглан гаргасан дүгнэлтийг дүрс оношилгооны мэргэжлийн эмч хянаж, баталгаажуулсны дараа албан ёсны дүгнэлт гэж үзнэ.
17.9Хиймэл оюунд суурилсан тооцооллын аргачлалыг оношилгоонд ашиглахад эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагатай холбоотой журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
17.10Дүрс оношилгооны тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь ионжуулагч цацраг үүсгэгч тоног төхөөрөмж ашиглах тохиолдолд Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох цөмийн аюулгүй байдлын стандартыг мөрдөнө.
17.11Дүрс оношилгооны тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь дүрс оношилгооны дүрслэлийн чанар, дүрс оношилгооны тоног төхөөрөмжийн тохируулгад тогтмол хөндлөнгийн хяналт хийлгэж ажиллана.
18дугаар зүйл.Шүд, эрүү нүүрний тусламж, үйлчилгээ
18.1Шүд, эрүү нүүрний тусламж, үйлчилгээ нь анхан шатлалын тусламж, үйлчилгээтэй уялдсан, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, тусламж, үйлчилгээний тогтолцоотой нэгдмэл байдлаар төлөвлөгдөн, шатлал хоорондын залгамж холбоог хангасан байна.
18.2Шүд, эрүү нүүрний тусламж, үйлчилгээг өмчийн хэлбэр үл харгалзан эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан шаардлагын дагуу хүргэнэ.
18.3Шүд, эрүү нүүрний тусламж, үйлчилгээ хүргэх байгууллага нь дараах төрөлтэй байна:
18.3.1аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд холбогдох шаардлагыг хангасан шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх, энгийн эмчилгээ хийх зориулалт бүхий шүдний кабинет;
18.3.2шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээг үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр цогцоор нь хүргэх шүдний клиник;
18.3.3шүд, эрүү нүүрний гуравдагч шатлалын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд хүргэж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, анхан болон хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ хүргэх байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах шүд, эрүү нүүрний төрөлжсөн мэргэшлийн төв;
18.3.4шүдний согог болон гажиг заслын аппарат, хиймэл шүд, бусад холбогдох хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр дагнан ажиллах шүдний лаборатори.
18.4Энэ хуулийн 18.3.3-т заасан байгууллага нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 12.1-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиг үүргийг өөрийн мэргэжлийн чиглэлээр хэрэгжүүлнэ.
18.5Энэ хуулийн 18.3.4-т заасан шүдний лаборатори нь энэ хуулийн 19.2-т заасан байгууллагын бүтцэд нэгж хэлбэрээр, эсхүл бие даасан зохион байгууллалттайгаар ажиллаж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ ЗОХИЦУУЛАЛТ
19дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх байгууллага
19.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан хүргэнэ.
19.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх байгууллага нь дараах төрөлтэй байна:
19.2.1сум, тосгоны эрүүл мэндийн төв;
19.2.2өрхийн эрүүл мэндийн төв;
19.2.3дүүргийн эрүүл мэндийн төв.
19.2.4сум дундын эмнэлэг;
19.2.5эмнэлэг;
19.2.6нэгдсэн эмнэлэг;
19.2.7төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг;
19.2.8төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг;
19.2.9их сургуулийн эмнэлэг;
19.2.10тусгай эмнэлэг;
19.2.11төв;
19.2.12клиник;
19.2.13лаборатори;
19.2.14сувилал.
19.3Энэ хуулийн 19.2-т заасан байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
19.4Клиник нь тусламж, үйлчилгээг тодорхой мэргэжлийн чиглэлээр амбулаториор хүргэнэ.
19.5Энэ хуулийн 19.2.5, 19.2.6, 19.2.11, 19.2.12, 19.2.13, 19.2.14-т заасан байгууллагад энэ хуульд заасан шатлалын зохицуулалт хамаарахгүй.
19.6Өмчийн хэлбэрээс үл хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан тусламж, үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй байдлыг хангах талаар дараах үүргийг хүлээнэ:
19.6.1эмчлүүлэгчийг шатлал дотроо болон шатлал хооронд шилжүүлэхтэй холбоотой журам, шалгуурыг хангаж ажиллах;
19.6.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийг эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан журмын дагуу бүртгэх, солилцох;
19.6.3эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаарх үнэлгээ, тайлан, хяналтын үйл ажиллагаанд хамрагдах;
19.6.4яаралтай тусламж шаардлагатай эмчлүүлэгчид хууль тогтоомжид заасны дагуу тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх;
19.6.5эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах тусламж, үйлчилгээг хүргэж байгаа тохиолдолд энэ хуульд заасан нэгдмэл тусламж, үйлчилгээний шаардлага, санхүүжилтийн нөхцөлийг хангаж ажиллах.
20дугаар зүйл.Анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх зохицуулалт
20.1Анхан шатлалын тусламж, үйлчилгээг анхан шатны засаг захиргааны нэгжид оршин суугаа хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг харгалзан энэ хуулийн 19.2.1, 19.2.2-т заасан байгууллага хүргэнэ.
20.2Арван мянгаас дээш хүн амтай сум, эсхүл хүн амын хэрэгцээ, тусламж, үйлчилгээний хүртээмжийг харгалзан ойролцоо байрлах хэд хэдэн сумын дунд аймгийн Засаг даргын захирамжаар сум дундын эмнэлэг нь анхан шатлалын зарим тусламж, үйлчилгээг амбулаториор, хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн хэлбэрээр хүн амд хүргэнэ.
20.3Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь бусад шатлалын тусламж, үйлчилгээг чиглүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд эмчлүүлэгчийг хоёрдогч, гуравдагч шатлалд шилжүүлж, эргэх холбоо тогтоож хянана.
20.4Энэ хуулийн 21.7, 22.3, 22.4-т заасан тусламж, үйлчилгээний шаардлага, дээд шатлалд илгээх шалгуурыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага боловсруулж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21дүгээр зүйл.Өрхийн эрүүл мэндийн төвөөс анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх зохицуулалт
21.1Өрхийн эрүүл мэндийн төв нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид хүн амд үзүүлэх анхан шатлалын тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий хувийн хэвшлийн байгууллага байна.
21.2Өрхийн эрүүл мэндийн төв нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах, сэргээн засах, хөнгөвчлөх, анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээн, эргэх холбоо тогтоож, хаалга баригчийн үүргийг гүйцэтгэнэ.
21.3Өрхийн эрүүл мэндийн төвд ногдох иргэний тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, насны бүтэц, эрүүл мэндийн хэрэгцээ, өвчлөлийн түвшин, орон нутгийн онцлогт нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн орон нутгийн иргэдийн саналыг харгалзан, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
21.4Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, тусламж, үйлчилгээний хүн-төвтэй, нэгдмэл байдлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.5Өрхийн эрүүл мэндийн төвөөс хүргэх тусламж, үйлчилгээг хүн байнга, эсхүл түр оршин суугаа газраа сонгон авах боломжтой байна.
21.6Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 21.3-т заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн харьяалах хүн амын иргэний бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авна.
21.7Өрхийн эрүүл мэндийн төв нь дараах анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэнэ:
21.7.1эрүүл мэндийг үнэлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг амбулаториор;
21.7.2жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээг амбулаториор;
21.7.3өдрийн эмчилгээ;
21.7.4зарим сэргээн засах тусламж, үйлчилгээ;
21.7.5гэрээр хүргэх тусламж, үйлчилгээ;
21.7.6анхан шатлалд хийх боломжтой оношилгоо, шинжилгээ;
21.7.7жороор олгохоор заасан эмийн жор бичих.
21.8Өрхийн эрүүл мэндийн төв нь хаалга барих зохицуулалтын хүрээнд зарим төрлийн анхан шатлалын тусламж, үйлчилгээг өөрийн нөөц, чадавх, эдийн засгийн үр ашгийг харгалзан бусад төвүүдтэйгээ хамтран зохион байгуулж болно.
22дугаар зүйл.Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгээс анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх зохицуулалт
22.1Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг нь баг дээр анхан шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх нэгжтэй байна.
22.2Энэ хуулийн 22.1-д заасан нэгжид багийн бага эмч ажиллах ба ажиллах нөхцөлөөр хангагдсан байна.
22.3Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь дараах анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэнэ:
22.3.1эрүүл мэндийг үнэлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг амбулаториор;
22.3.2жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээг амбулаториор болон өдрөөр;
22.3.3хэвтүүлэн эмчлэх зарим тусламж, үйлчилгээ;
22.3.4яаралтай тусламж, үйлчилгээ;
22.3.5түргэн тусламжийн үйлчилгээ;
22.3.6хүүхдийн шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тусламж, үйлчилгээг амбулаториор;
22.3.7сүрьеэ өвчний хяналтыг амбулаториор;
22.3.8эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг амбулаториор;
22.3.9өдрийн эмчилгээ;
22.3.10зарим сэргээн засах тусламж, үйлчилгээ;
22.3.11гэрээр хүргэх тусламж, үйлчилгээ;
22.3.12анхан шатлалд хийх боломжтой оношилгоо, шинжилгээ;
22.3.13жороор олгохоор заасан эмийн жор бичих.
22.4Сум дундын эмнэлэг нь зарим төрлийн анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх ба эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах анхан шатлалын тусламж, үйлчилгээний багцыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллага тогтоож, санхүүжүүлнэ.
22.5Сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг тогтоохдоо анхан шатлалын тусламж, үйлчилгээг хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээтэй холимог байдлаар хүргэдэг онцлогийг харгалзан, тусламж, үйлчилгээг хүн-төвтэй, нэгдмэл, тасралтгүй байх зарчмыг баримтлан, энэ хуулийн 25.1-д заасан байгууллага боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
23дугаар зүйл.Хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх зохицуулалт
23.1Хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг энэ хуулийн 19.2.3, 19.2.4, 19.2.5, 19.2.6, 19.2.10-т заасан байгууллага хүргэнэ.
23.2Энэ хуулийн 19.2.7-д заасан байгууллага хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг хүргэж болно.
23.3Дүүргийн эрүүл мэндийн төв нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 11.1.2-т заасан байгууллага байх бөгөөд тус хуульд заасан чиг үүргээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амбулаторийн тусламж, үйлчилгээг дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, сүрьеэ, хавдар, бэлгийн замаар дамжих халдвар, сэтгэц, уламжлалтын үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр хүн амд хүргэнэ.
23.4Энэ хуулийн 19.2.10-т заасан тусгай эмнэлэг нь батлан хамгаалах, хууль сахиулах албаны албан хаагч, ялтан, гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан иргэнд анхан, хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр, сэргээн засах тусламж, үйлчилгээг өдрийн эмчилгээгээр хүргэж, яаралтай тусламж, оношилгоо шинжилгээний нэгжтэй байна.
23.5Энэ хуулийн 19.2.5-т заасан эмнэлэг нь өмчийн хэлбэрээс үл хамааран хоёрдогч шатлалын тусламжийг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр, амбулаторийн тусламж, үйлчилгээг үндсэн мэргэжлийн чиглэлээр, лабораторийн тусламж, үйлчилгээг өөрөө, эсхүл гэрээгээр гүйцэтгүүлэх ба өдрийн эмчилгээ, дүрс оношилгооны нэгж бүхий бүтэцтэйгээр хүргэнэ. Нэмэлтээр сэргээн засах болон хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг амбулаториор болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр хүргэж болно.
23.6Энэ хуулийн 19.2.6-д заасан нэгдсэн эмнэлэг нь өмчийн хэлбэрээс үл хамааран хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр, амбулаторийн тусламж, үйлчилгээг үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр, мэс засал, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг өдрийн хэлбэрээр, яаралтай тусламж, дүрс оношилгоо, лабораторийн нэгж бүхий бүтэцтэйгээр хүргэнэ. Сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлж болно.
24дүгээр зүйл.Гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх зохицуулалт
24.1Энэ хуулийн 19.2.8, 19.2.9-д заасан байгууллага нь гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэнэ.
24.2Энэ хуулийн 19.2.5, 19.2.6, 19.2.7, 19.2.10-т заасан байгууллага нь гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг хүргэж болно.
24.3Гуравдагч шатлалын эмнэлэг нь дараах тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд хүргэнэ:
24.3.1хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ;
24.3.2эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, дүрс оношилгоо, лаборатори, судас дотуурх оношилгооны нэгжээр дамжуулан хүргэх тусламж, үйлчилгээ;
24.3.3сэргээн засах болон хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
24.3.4алсын зайн анагаах ухаанд суурилсан зөвлөгөө, оношилгоо, эмчилгээ.
24.4Энэ хуулийн 24.3-т заасан байгууллага нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, доод шатлалын эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.
24.5Энэ хуулийн 19.2.7-д заасан төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тодорхой мэргэжлийн чиглэлээр гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг дагнан хүргэнэ.
24.6Энэ хуулийн 19.2.8-т заасан төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13.3-т заасан байгууллага байх бөгөөд гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр, амбулаторийн тусламж, үйлчилгээг үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр, сэргээн засах болон хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг өдрийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр цогц байдлаар хүргэнэ. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн нэгж, төрөлжсөн мэргэжлийн төв, эмнэл зүйн болон эмгэг судлалын лавлагаа лаборатори, судас дотуурх оношилгоо, дүрс оношилгоо, алсын зайн оношилгоо, цусны банктай байна.
24.7Энэ хуулийн 19.2.9-т заасан их сургуулийн эмнэлэг нь өмчийн хэлбэрээс үл хамааран анагаах ухааны их сургуулийн дэргэд байгуулагдсан байх бөгөөд энэ хуулийн 8.3.3-т заасан гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр, амбулаторийн тусламжийг үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр, сэргээн засах болон хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг өдрийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр улсын хэмжээнд хүргэнэ. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн нэгж, төрөлжсөн мэргэжлийн төв, эмнэл зүйн болон эмгэг судлалын лавлагаа лаборатори, судас дотуурх оношилгоо, дүрс оношилгоо, алсын зайн оношилгоо, цусны банктай байна.
24.8Энэ хуулийн 24.6-т заасан байгууллага нь гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс гадна Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 12.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
25дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах зохицуулалт
25.1Энэ хуульд хүн амд хүргэхээр заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг шатлал дотроо, шатлал хооронд нэгдмэл, тасралтгүй хүргэх үйл ажиллагааны зохицуулалтыг эрүүл мэндийн нэгдмэл зохицуулалтын байгууллага хангана.
25.2Энэ хуулийн 25.1-д заасан төрийн захиргааны байгууллага нь тусламж, үйлчилгээний хүн-төвтэй, нэгдмэл байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.2.1хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг үнэлэх, хэрэгцээтэй уялдуулан тусламж, үйлчилгээний зохицуулалт хийх;
25.2.2тусламж, үйлчилгээ нэгдмэл байх шаардлага, эмчлүүлэгчийг шатлал дотроо, шатлал хооронд шилжүүлэх шалгуурыг тогтоох;
25.2.3тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоох, энэ хуульд заасан магадлан итгэмжлэлийн үнэлгээг удирдлага, зохион байгуулалтаар хангах
25.2.4тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоох, гүйцэтгэлийн үнэлгээний нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх;
25.2.5энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан мэдээллийн сангийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах;
25.2.6салбарын мэргэжлийн хүний нөөцийн хангамжийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, мэргэшүүлэх болон чадавхжуулах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
25.2.7хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хөндлөнгийн үнэлгээ хийх, тусламж, үйлчилгээний талаар ирүүлсэн гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;
25.2.8энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу анагаах ухааны нотолгоонд суурилсан, эмнэл зүйн удирдамж, зааврыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
25.2.9хуульд заасан бусад чиг үүрэг.
25.3Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.3.1хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг өвчлөл, нас баралт, архаг өвчний тархалт, нийгэм, эдийн засгийн нөхцөл, газар зүйн байршил, тусламж, үйлчилгээний хүртээмж, хүний нөөцийн чадавхтай уялдуулан дөрвөн жил тутам гүйцэтгэж, тусламж, үйлчилгээний бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах;
25.3.2тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах;
25.3.3эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээг аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран үнэлж, үнэлгээний үр дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг хоёр жил тутам боловсруулж, бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах;
25.3.4эрүүл мэндийн технологийн үнэлгээний аргачлал, эмнэл зүйн удирдамжийн үндэсний бодлогыг тодорхойлох;
25.3.5эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, тооцооллыг газар зүйн байршил, алслагдмал байдлын онцлогыг харгалзан улсын хэмжээнд тогтмол хийж, бүх өмчийн хэлбэрийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн хүний нөөцийн хангамж, хөдөлмөрийн бүтээмж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн хүний нөөцийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулах;
25.3.6хуульд заасан бусад бүрэн эрх.
25.4Энэ хуулийн 25.3.5-д заасан хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн үнэлгээг тусламж, үйлчилгээний хэрэгцээ, хүртээмж, эмчлүүлэгчийн урсгалыг эмнэлгийн мэргэжилтний ажлын ачаалалтай уялдуулан жил бүр хийж үр дүнг нээлттэй мэдээлнэ.
25.5Энэ хуулийн 25.1-д заасан байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭХ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
26дугаар зүйл.Тусламж, үйлчилгээ хүргэхтэй холбоотой эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
26.1Тусламж, үйлчилгээ хүргэхтэй холбоотой харилцаанд их эмч, бага эмч, сувилагч, эх баригч нь дараах нийтлэг эрх эдэлнэ:
26.1.1тусламж, үйлчилгээг мэргэжлийн хүрээнд бие даан үзүүлэх;
26.1.2мэдлэг, ур чадвараа баталгаажуулах, мэргэжил дээшлүүлэх, чадавхжих, судалгаа хийх, инновац нэвтрүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах;
26.1.3тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөөцөөр хангагдах;
26.1.4халдварын сэргийлэлт ба хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуй, орчны аюулгүй байдал хангагдсан, ажлын байрны дарамтгүй орчинд ажиллах;
26.1.5өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах;
26.1.6хуульд заасан бусад эрх.
26.2Тусламж, үйлчилгээ хүргэхтэй холбоотой харилцаанд их эмч, бага эмч, сувилагч, эх баригч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
26.2.1эмчлүүлэгчид нотолгоонд суурилсан, тусламж, үйлчилгээг аюулгүй, чанартай хүргэх;
26.2.2эмчилгээтэй холбоотой шийдвэр гаргахад эмчлүүлэгчийг оролцуулах, эмчилгээнээс гарч болзошгүй үр дагаврыг таниулах, зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох;
26.2.3эмчлүүлэгчийн эрүүл мэндийн болон хувийн нууцыг хадгалах;
26.2.4эмчлүүлэгчид хүндэтгэлтэй хандах, мэргэжлийн ёс зүйг баримтлах, өргөсөн тангарагтаа үнэнч байх;
26.2.5хүний эрхийг дээдлэх, эмчлүүлэгчийг ялгаварлан гадуурхахгүй байх;
26.2.6эмнэл зүйн стандарт, удирдамж, заавар болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөх;
26.2.7тусламж, үйлчилгээний үйл явцыг баримтжуулах, өвчний цахим түүх болон холбогдох бүртгэлийг хөтлөх;
26.2.8.эмнэлгийн дотоод журам, тусламж, үйлчилгээтэй холбогдох дүрэм, журмыг мөрдөх;
26.2.9эмнэл зүйн багийн бусад гишүүдтэй хамтран ажиллах;
26.2.10хуульд заасан бусад үүрэг.
26.3Тусламж, үйлчилгээ хүргэхтэй холбоотой харилцаанд их эмч нь энэ хуулийн 26.1, 26.2-т зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
26.3.1оношилгоо, эмчилгээний аргыг сонгох, эмчилгээ хийх;
26.3.2өөрийн шууд хяналт, удирдлагад ажиллах резидент эмчийг мэргэжил, арга зүйгээр хангах, сургалтын үнэлгээг тогтмол хийх, хариуцлага хүлээх;
26.3.3оношлох, эмчлэх зорилгоор эмчлүүлэгчид үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх ажлыг резидент эмчээр гүйцэтгүүлсэн тохиолдолд зөвшөөрөл олгох, энэ талаар өвчний цахим түүхэд баримтжуулах, хяналт тавих;
26.3.4өөрийн хүргэсэн тусламж, үйлчилгээний эмнэл зүйн үр дүнг хариуцах, гүйцэтгэлээ үнэлүүлэх, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
26.3.5эмчлүүлэгчид хор учруулахгүй байх, тусламж, үйлчилгээний хүсээгүй үр дүн гарсан тохиолдолд холбогдох зохицуулалтад заасны дагуу мэдээлэх, хариу үйлдэл хийх, эргэх холбоо тогтоох, хариуцлага хүлээх;
26.3.6Эмчлүүлэгчид жороор олгох эм зөвлөсөн тохиолдолд эмийн жор бичих.
26.4Тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор сувилагч нь энэ хуулийн 26.1, 26.2-т зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
26.4.1багаар ажиллах, эмчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээний талаарх санал санаачлага гаргах;
26.4.2эмчлүүлэгч болон түүний ар гэрийнхэнд сувилахуйн мэргэжлийн зөвлөгөө өгөх;
26.4.3сувилахуйн журамд заагдсан түгээмэл, үйлдэл, ажилбарыг бие даан гүйцэтгэх;
26.4.4эмчийн зааврыг биелүүлэх;
26.4.5эмнэл зүйн багийн ажиллагааг хангах, үр дүнтэй хамтран ажиллах;
26.4.6шаардлагатай тохиолдолд анхан шатны амилуулах суурь тусламжийг үзүүлэх, амь аврах арга хэмжээг шуурхай авах.
26.5Тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаанд бага эмч нь энэ хуулийн 26.1, 26.2-т зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
26.5.1шаардлагатай тохиолдолд хоёрдогч, гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээний бүтцийг ашиглан зөвлөгөө авах;
26.5.2анхан шатлалын түвшинд энгийн оношилгоо хийх, түргэн тусламж үзүүлэх, хөнгөн өвчнийг эмчлэх, архаг өвчний хяналт хийх, шаардлагатай тохиолдолд сум, тосгоны эрүүл мэндийн төв, сумын дундын эмнэлэгт, эсхүл хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэгт шатлал хоорондын зохицуулалтын дагуу илгээх;
26.5.3гэрийн эргэлтээр нярай, эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, байнгын хяналтад байдаг эмчлүүлэгчийг хянах, үзүүлсэн тусламж, үйлчилгээг баримтжуулах, анхан шатны маягтыг хөтлөх.
26.6Тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаанд эх баригч нь энэ хуулийн 26.1, 26.2-т зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
26.6.1эх барихын тусламж, үйлчилгээг үндэсний болон олон улсын удирдамж, зааврын дагуу бие даан үзүүлэх, шаардлагатай тохиолдолд эмчид шилжүүлэх;
26.6.2жирэмсний явцад эрсдэл илрүүлэх, зөвлөгөө өгөх, эрт үеийн тусламж үзүүлэх;
26.6.3төрсний дараах асаргаа, сувилгааг хийх, хяналт тавих;
26.6.4нярайд анхан шатны тусламж үзүүлэх;
26.6.5эх барих явцад хүндрэл үүссэн тохиолдолд эх барихын эмчид мэдээлэх, хамтарч ажиллах, шаардлагатай тохиолдолд өөр шатлалд шилжүүлэх, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах;
26.6.6эсрэг хүйсийн эмчид үзүүлэхийг хүсэхгүй байгаа эмчлүүлэгчийн хүсэлтийг хүндэтгэн, шаардлагатай тохиолдолд эмчийг солих.
27дугаар зүйл.Нотолгоонд суурилсан эх сурвалжийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах
27.1Эмнэлгийн мэргэжилтэн нь эмчлүүлэгчид хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нотолгоонд суурилсан, үндэсний болон олон улсын эмнэл зүйн удирдамж, зааврыг ашиглах бөгөөд энэ нь эмнэл зүйн чанар, аюулгүй байдлыг хангах үндэс болно.
27.2Энэ хуулийн 27.1-д заасан удирдамж, зааврыг үндэслэлгүйгээр мөрдөөгүй, эсхүл зохих ёсоор ашиглаагүй тохиолдолд тухайн эмнэлгийн мэргэжилтэнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.3Энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь эмнэл зүйн засаглалын хүрээнд эмнэл зүйн практикт нотолгоонд суурилсан эх сурвалжийг ашиглахтай холбоотой нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэл зүйн удирдамж, зааврыг мөрдүүлэх үүргийг хүлээнэ.
27.4Энэ хуулийн 27.1-д заасан эмнэл зүйн удирдамж, зааврыг боловсруулах, шинэчлэхэд шаардлагатай нөөц, чадавхыг бүрдүүлсний үндсэн дээр үндэсний хэмжээнд мөрдөх нотолгоонд суурилсан эх сурвалжийг тодорхойлох, эмнэл зүйн практикт ашиглах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн удирдамжийн жагсаалтыг гаргаж, ашиглах нөхцөлийг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага бүрдүүлж ажиллана.
27.5Эмнэл зүйн удирдамж, зааврын нэвтрүүлэлт, ашиглалтын үнэлгээг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага хоёр жил тутам хөндлөнгийн мэргэжлийн бие даасан байгууллага, нийгэмлэг, холбоогоор гүйцэтгүүлнэ.
28дугаар зүйл.Эмчилгээ, оношилгооны шинэ арга, технологи нэвтрүүлэх
28.1Дараах шаардлагыг хангасан эмчилгээ, оношилгооны шинэ арга, технологийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ:
28.1.1эрүүл мэндийн технологийн үнэлгээний дүгнэлт гарсан;
28.1.2олон улсын болон үндэсний зохицуулалтын байгууллагаар үр нөлөө, аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй нь баталгаажсан;
28.2Эмчилгээ, оношилгооны шинэ арга, технологийн үнэлгээг эрүүл мэндийн үр дүн, эдийн засгийн үр ашиг, хүн-төвтэй байх зарчмыг баримтлан хөндлөнгийн шинжээчээр гүйцэтгүүлнэ.
28.3Эмчилгээ, оношилгооны шинэ арга, технологи нэвтрүүлэх, үнэлэх, зөвшөөрөх, тайлагнах, хяналт тавих журмыг олон улсын эрүүл мэндийн технологийн үнэлгээний байгууллагын зөвлөмжийг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
29дүгээр зүйл.Эрүүл мэндийн технологийн үнэлгээ
29.1Эрүүл мэндийн технологийн үнэлгээг шинжлэх ухааны нотолгоо, өгөгдөлд суурилсан, талуудын оролцоог тэгш хангасан, олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай байдлаар хараат бус, мэргэшсэн шинжээч гүйцэтгэж, эрүүл мэндийн технологийн үнэлгээний үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх) дүгнэлт гаргана.
29.2Энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь энэ хуулийн 29.1-т заасан хөндлөнгийн шинжээчийг сонгон шалгаруулж үнэлгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Шинжээчийг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
29.3Эрүүл мэндийн технологийн үнэлгээг дараах зорилгоор хийнэ:
29.3.1Монгол Улсад эмнэл зүйн практикт шинээр нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний арга, технологийн эмнэл зүйн үр дүн, аюулгүй байдал, өртөг, үр ашгийг үнэлэх;
29.3.2эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, өртөг, тариф, санхүүжилтийн шийдвэр гаргах;
29.3.3эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлого, зохицуулалтын шийдвэр гаргах;
29.3.4анагаах ухааны нотолгоонд суурилсан олон улсын болон үндэсний удирдамж, зөвлөмж боловсруулах;
29.3.5олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай хамтарсан үнэлгээ, мэдээлэл солилцоo хийх.
29.4Эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх аргачлалыг олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн энэ хуулийн 25.1-д заасан байгууллага боловсруулж Үндэсний зөвлөл батална.
29.5Үндэсний зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ба дараах бүрэлдэхүүнтэй байна:
29.5.1эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;
29.5.2эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл;
29.5.3эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл;
29.5.4энэ хуулийн 19.2.8-д заасан байгууллагын эмчийн төлөөлөл;
29.5.5энэ хуулийн 19.2.9-д заасан байгууллагын эмчийн төлөөлөл;
29.5.6гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн өмчийн байгууллагын эмчийн төлөөлөл;
29.5.7эрүүл мэндийн судалгаа, шинжилгээ, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл;
29.5.8.эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэй хөндлөнгийн шинжээч;
29.5.9эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлийн хөндлөнгийн шинжээч.
29.6Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журам болон үйл ажиллагааны дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
29.7Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой гарах зардлыг энэ хуулийн 28.2-т заасны дагуу зөвшөөрөл хүсэгч байгууллага хариуцах бөгөөд зардлын хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
29.8Эрүүл мэндийн технологийн үнэлгээний ашиг сонирхлын зөрчлийг дараах байдлаар зохицуулна:
29.8.1энэ хуулийн 29.1-т заасан шинжээч ашиг сонирхлын мэдүүлэг гаргасан байх;
29.8.2эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, багаж хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, технологи эзэмшигч, тэдгээрийн шууд хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой, эсхүл санхүүжилтийн дэмжлэг авсан этгээд үнэлгээнд оролцохыг хориглох;
29.8.3ашиг сонирхлын зөрчил илэрвэл тухайн этгээдийг үнэлгээнээс чөлөөлөх.
29.9Эрүүл мэндийн технологийн үнэлгээний үр дүн, үнэлгээний арга зүй, дүгнэлт, зөвлөмжийг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага өөрийн цахим хуудсанд олон нийтэд ил тод, нээлттэй байршуулна.
30дугаар зүйл.Эмнэлгийн дүгнэлт гаргах
30.1Хувь хүн, байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь эмчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, онош, эмчилгээний явц, үр дүн, цаашид авах арга хэмжээг мэргэжлийн үүднээс дүгнэсэн, эсхүл хөдөлмөрийн чадвар алдалтын зэргийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтийг гаргана.
30.2Эмнэлгийн дүгнэлтийг эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу дараах этгээд гаргана:
30.2.1эмчлэгч эмч;
30.2.2тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн эмчилгээний шийдвэр гаргах эрх бүхий баг, хороо, зөвлөл, комисс;
30.2.3хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэх комисс;
30.2.4хуульд заасан тохиолдолд шүүхийн шинжилгээний байгууллага.
30.3Эмнэлгийн дүгнэлтийг эмчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх бодит мэдээлэлд үндэслэн гаргана. Дүгнэлтийг хуурамчаар үйлдэхийг хориглоно.
30.4Энэ хуулийн 30.1-д заасан дүгнэлтийг эмчлүүлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн зөвлөлд хандаж давтан дүгнэлт гаргуулах эрхтэй.
30.5Эмнэлгийн дүгнэлт гаргах, бүртгэх, хадгалах, тайлагнах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
31дүгээр зүйл.Эмнэлгийн магадалгаа, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ олгох
31.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс эмчлүүлэгчийг тусламж, үйлчилгээг авч байгаа болон авсан болохыг тодорхойлох эмнэлгийн магадалгаа, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас тогтоосон загварын дагуу олгоно.
31.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь дараах асуудлаар эмнэлгийн магадалгаа гаргана:
31.2.1хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, амаржих, хиймэл эрхтэн суулгах, сэргээн засах эмчилгээ хийлгэх болон хөл хориот өвчний үеийн хязгаарлалтад орсон;
31.2.2эмчлүүлэгчийг асрах болон эрүүл мэндтэй холбоотой бусад асуудлаар.
31.2.3Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу олгоно.
32дугаар зүйл.Эмнэлэгт нас барагчийн цогцост задлан шинжилгээ хийх
32.1Эмнэлэгт нас барагчийн цогцост нас баралтын шалтгааныг үнэн зөв тогтоох, эмнэл зүйн үр дүнг үнэлэх, сургалт, судалгаа, бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмгэг судлалын задлан шинжилгээг тогтмол хийж, үр дүнг эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
32.2Эмнэлэгт нас барсан тохиолдолд эмгэг судлалын задлан шинжилгээ хийхдээ нас барагчийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авна.
32.3Эмгэг судлалын задлан шинжилгээний явцад авсан эд, эрхтний дээжийг онош тодруулах зорилгоор холбогдох хуульд заасны дагуу хадгалж ашиглана.
32.4Эмгэг судлалын задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтийг хуанлийн гурав хоногийн дотор, бүрэн дэлгэрэнгүй тайланг хуанлийн 14 хоногийн дотор эмчлэгч эмч, нас барагчийн хууль ёсны төлөөлөгчид хүргүүлнэ. Дүгнэлт, тайланд дараах мэдээллийг тусгана:
32.4.1өвчний олон улсын ангиллын дагуу тодорхойлсон нас баралтын шалтгаан;
32.4.2үндсэн өвчний явц, үүссэн хүндрэл;
32.4.3эмчийн тавьсан онош, хийсэн эмчилгээтэй холбоотой үнэлгээ;
32.4.4оношлох, эмчлэх үйл явцтай холбоотой мэргэжлийн зөвлөмж.
32.5Эмнэлэгт нас барагчийн цогцост эмгэг судлалын задлан шинжилгээ хийх үйл ажиллагааг зохицуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
33дугаар зүйл.Эмнэл зүйн туршилт
33.1Энэхүү зохицуулалт нь эмчлүүлэгч тусламж, үйлчилгээ авах явцад хамаарах эмнэл зүйн туршилттай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд эмнэлгээс гадуурх эмнэл зүйн туршилтад хамаарахгүй.
33.2Эмнэл зүйн туршилтыг дараах нөхцөлийг хангасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч гүйцэтгэнэ:
33.2.1эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;
33.2.2эмнэл зүйн туршилтыг зохицуулах чиг үүрэг бүхий ёс зүйн хорооны болон бусад эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй;
33.2.3эмнэл зүйн туршилтыг зохион байгуулахад шаардлагатай нөөц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дэд бүтцийн чадамжтай.
33.3Туршилтын зорилго, арга зүй, хүлээгдэх үр нөлөө, болзошгүй эрсдэлийн талаар бүрэн, хангалттай мэдээллийг өгсний үндсэн дээр тухайн хүний сайн дураараа, эх хэл дээрээ, бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу эмнэл зүйн туршилтад хамруулна.
33.4Эмчлүүлэгч нь эмнэл зүйн туршилтаас туршилтын аль ч үед татгалзах эрхтэй бөгөөд энэ нь түүний тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлах, өмнө нь авч байсан тусламж, үйлчилгээг тасалдуулах үндэслэл болохгүй.
33.5Эмнэл зүйн туршилтаас шалтгаалж эмчлүүлэгчид учирсан эрсдэл, хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
33.6Эмнэл зүйн туршилт хийх зөвшөөрөл олгох Ёс зүйн хороо нь анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний туршлага бүхий эрдэмтэн, судлаач, эмнэлгийн мэргэжилтэн, хуульч, шашин, иргэний төлөөллөөс бүрдэх хараат бус, бие даасан 13 гишүүнтгэйгээр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
33.7Ёс зүйн хорооны дүрмийг олон улсын анагаахын ёс зүйн дүрэмд нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ
34дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт
34.1Тусламж, үйлчилгээний санхүүжилт нь эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх бодлогын нэг хэсэг ба тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, нэгдмэл, үр дүнтэй байдлаар хүргэх, хүн амыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн үр ашигтай, уялдаатай, давхардалгүй үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.
34.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
34.2.1хүн амын эрүүл мэндийн бодит хэрэгцээнд суурилж, улсын төсвийн эх үүсвэр давамгайлсан байдлаар санхүүжүүлэх;
34.2.2тусламж, үйлчилгээг шатлал бүрд тус тусын үүрэг, зорилттойгоор, хүн-төвтэй, нэгдмэл байдлаар давхардалгүйгээр хүргэхийг санхүүжилтээр дэмжих;
34.2.3эмчлүүлэгч тусламж, үйлчилгээг шатлалын дагуу авахыг урамшуулах, шатлал хоорондын зохистой шилжилт, тасралтгүй, нэгдмэл байдлыг хангах;
34.2.4тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан санхүүжилтийг дэмжих, үр дүнгүй, зохиомол нийлүүлэлтийг хязгаарлах;
34.2.5шатлал бүрд тохирсон чадавхыг бүрдүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг хангах чадамжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг санхүүжилт, тарифын бодлогоор дэмжих;
34.2.6хүн амд хүргэх тэгш, хүртээмжтэй, чанартай, аюулгүй, үр дүнтэй тусламж, үйлчилгээг санхүүгийн арга, хөшүүргээр дэмжих, санхүүжилтийн орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах;
34.2.7санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, аюулгүй байдал, хариуцлагатай уялдуулах;
34.2.8хүн амын эрүүл мэндийн бодит хэрэгцээнд үндэслэн нийлүүлэлтийг тооцох, түүнд үндэслэн санхүүжүүлэх, салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, шатлал тус бүрд хамаарах оношилгоо, шинжилгээг давхардуулан хийхгүй байх, давхардуулсан санхүүжилт олгохгүй байх;
34.2.9өөрийн орны онцлогт тохируулах, санхүүжилтийн бодлогод талуудын оролцоог тэгш хангах, ил тод, нээлттэй байх.
34.3Амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээл, архаг өвчин, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний хэрэгцээг харгалзан иргэн, өрхийг тусламж, үйлчилгээний төлбөрөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах арга хэмжээг эрүүл мэндийн даатгалын сангийн болон улсын төсвийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ.
34.4Энэ хуулийн дагуу санхүүгийн хамгаалалт шаардлагатай иргэн, өрхийн шалгуур, үнэлгээ, мэдээлэл солилцох журмыг эрүүл мэндийн, санхүү, төсвийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
35дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
35.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 24.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
35.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг худалдан авагчийн зарчмаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллага стратегийн худалдан авалтыг хэрэгжүүлнэ.
Тайлбар:Энэ хуулийн 35.2-т заасан “нэг худалдан авагчийн зарчим” гэдэгт улсын төсвийн болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.6-д заасан санд төвлөрүүлж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эх үүсвэртэй нэгтгэн тусламж, үйлчилгээг нэгдмэл байдлаар худалдан авахыг ойлгоно.
35.3Өртөг өндөртэй технологи, шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл ашиглах тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх шийдвэрийг эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141.1-д заасан байгууллага гаргана.
35.4Энэ хуульд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд дараах төлбөрийн аргыг хэрэглэнэ:
35.4.1тухайн багцад хамаарах анхан шатлалын тусламж, үйлчилгээнд хамрагдах нэг хүнд ногдох зардлыг урьдчилан тооцож санхүүжүүлэх нэг иргэнээр тооцох арга;
35.4.2эмнэлгийн тусламж, үйлчилгээг эмнэл зүйн болон зардлын хувьд ойролцоо байдлаар нь нэгтгэн багцалж, тарифыг урьдчилан тогтоож, тусламж, үйлчилгээ хүргэсэн тохиолдол бүрээр оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн арга;
35.4.3тусламж, үйлчилгээний замналын хүрээнд хэрэгжих эмнэл зүйн үйл явцын нэг буюу иж бүрэн мөчлөгт хамаарах тусламж, үйлчилгээг багцлан нэгтгэж, урьдчилан тогтоосон тарифаар санхүүжүүлэх багцалсан төлбөрийн арга;
ТайлбарТусламж, үйлчилгээний замнал” гэдэг нь тодорхой өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, хянах, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг тасралтгүй байдлаар тодорхой хугацаанд нэг буюу хэд хэдэн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нэгдмэл байдлаар хүргэх үйл явцыг хэлнэ.
35.4.4тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тухайн жилд хүргэх нийт тусламж, үйлчилгээний тоо, хэмжээг харгалзан төсвийг урьдчилан тогтоож, гүйцэтгэлээс үл хамааран тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжүүлэх нийт төсвийн арга;
35.4.5тусламж, үйлчилгээг хүргэх орцод үндэслэн зардлын хэмжээг тогтоож, урьдчилан хуваарилалт хийж зардлын эдийн засгийн ангилалаар санхүүжүүлэх төлбөрийн арга;
35.4.6тодорхой тусламж, үйлчилгээний зардлыг урьдчилан тогтоож тохиолдлоор нь санхүүжүүлэх төлбөрийн арга;
35.4.7тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоож, гүйцэтгэлд суурилж санхүүжүүлэх төлбөрийн арга.
35.5Энэ хуулийн 35.4.4-т заасан нийт төсвийн аргаар санхүүжүүлэх тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь батлагдсан санхүүжилтийн дотор зардлын бүтцийг бие даан зохицуулах, санхүүжүүлэх байгууллага нь эдийн засгийн ангиллын хооронд санхүүжилтийг зохицуулах эрхтэй байна.
35.6Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллага нь энэ хуульд заасан тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх багцыг тогтоохдоо энэ хуулийн 25.2.2-т заасан шалгуурт нийцүүлнэ.
35.7Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллага нь энэ хуулийн 25.2.2-т шалгуурт суурилж тооцсон норматив өртөгт үндэслэн энэ хуульд заасан тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх багцын хэмжээг /тариф/ тогтооно. Норматив өртгийн жишгийг тогтмол хугацаанд шинэчилнэ.
35.8Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний нөхцөл нь энэ хуулийн 25.2.2-т заасантай нийцсэн байна.
35.9Энэ хуулийн 19.2.1, 19.2.2-т заасан байгууллагын хүргэх анхан шатлалын тусламж, үйлчилгээг дараах аргаар санхүүжүүлнэ:
35.9.1харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг үнэлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах тусламж, үйлчилгээ болон дархлаажуулалтыг нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар;
35.9.2зарим төрлийн сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээг тохиолдлоор нь санхүүжүүлэх төлбөрийн аргаар;
35.9.3анхдагч даралт ихсэх, уушгины архаг бөглөрөлт өвчин, чихрийн шижин, сүрьеэ өвчний хяналт, жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барих болон томуугийн дэгдэлтийн үеийн хүүхдийн тусламж, үйлчилгээний зардлыг багцалсан төлбөрийн аргаар;
35.10Энэ хуулийн 19.2.4-т заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн хүргэх тусламж, үйлчилгээг дараах аргаар санхүүжүүлнэ:
35.10.1оношилгоо, шинжилгээнээс бусад амбулаторийн тусламж, үйлчилгээ, яаралтай, түргэн тусламж, халдварт, сэтгэцийн өвчний хяналтыг нийт төсвийн төлбөрийн аргаар;
35.10.2энэ хуулийн 35.10.1-д зааснаас бусад тусламж, үйлчилгээг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар;
35.10.3анхдагч даралт ихсэх, уушгины архаг бөглөрөлт өвчин, чихрийн шижин, сүрьеэ өвчний хяналт, жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барих болон томуугийн дэгдэлтийн үеийн хүүхдийн тусламж, үйлчилгээний зардлыг багцалсан төлбөрийн аргаар;
35.11Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагын хүргэх хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг дараах аргаар санхүүжүүлнэ.
35.11.1дүүргийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээг нийт төсвийн төлбөрийн аргаар;
35.11.2энэ хуулийн 35.11.1-д зааснаас бусад хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар;
35.11.3энэ хуулийн 35.11.1-д зааснаас бусад хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн халдварт, сэтгэцийн өвчин эмгэг, амбулаторийн оношилгоо, шинжилгээнээс бусад тусламж, үйлчилгээг нийт төсвийн төлбөрийн аргаар.
35.12Энэ хуулийн 35.9.3-т заасан багцалсан төлбөрийн аргаар санхүүжих тусламж, үйлчилгээний тохиолдлыг хоёрдогч шатлалд шилжүүлсэн бол тухайн тусламж, үйлчилгээний зардлыг анхан болон хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчид өөрийн хүргэсэн тусламж, үйлчилгээний хэсэгт ногдох санхүүжилтийг хуваалцана.
35.13Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн хүргэх гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг дараах аргаар санхүүжүүлнэ:
35.13.1амбулаторийн оношилгоо, шинжилгээнээс бусад тусламж, үйлчилгээ, халдварт өвчин болон сэтгэцийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийт төсвийн аргаар;
35.13.2түнх, өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээг багцалсан төлбөрийн аргаар;
35.13.3энэ хуулийн 35.13.1, 35.13.2-т зааснаас бусад тусламж, үйлчилгээг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар.
35.14Энэ хуулийн 35.10.3-т заасан багцалсан төлбөрийн аргаар санхүүжих тусламж, үйлчилгээний тохиолдлыг гуравдагч шатлалд шилжүүлсэн бол тухайн тусламж, үйлчилгээний зардлыг хоёрдогч болон гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн хүргэсэн тусламж, үйлчилгээний хэсэгт ногдох санхүүжилтийг хуваалцана.
35.15Гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээний болон нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаа, арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллаар санхүүжүүлэх төлбөрийн аргаар санхүүжүүлнэ.
35.16Халдварт өвчнөөс сэргийлэх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг эдийн засгийн ангиллаар санхүүжүүлэх төлбөрийн аргаар санхүүжүүлнэ.
35.17Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.7-д заасан эмийн зардлыг тохиолдлоор нь санхүүжүүлнэ.
35.18Сувилахуйн төв, сувиллаас хүргэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
35.19Хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн хүргэсэн тусламж, үйлчилгээг энэ хуульд заасан шатлалыг харгалзан санхүүжүүлэх бөгөөд санхүүжүүлэх төлбөрийн аргыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
35.20Энэ хуулийн 35.9, 35.10, 35.11, 35.13-т заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний жагсаалтад ороогүй үйлчилгээг эмчлүүлэгчийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.4, 19.2.6, 19.2.7, 19.2.8, 19.2.10, 19.2.11-т заасан байгууллага хүргэж болох бөгөөд төлбөртэй тусламж, үйлчилгээний журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
35.21Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бодлогын хүрээнд амь насанд аюул учруулж болзошгүй яаралтай тохиолдлоос бусад үед энэ хуульд заасан тусламж, үйлчилгээний шатлалыг эмчлүүлэгч өөрөө алгассан тохиолдолд төлбөр хуваалцах санхүүгийн хөшүүргийг ашиглаж салбарын нөөцийг үр дүнтэй удирдана.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ
36дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөндлөнгийн үнэлгээ
36.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг хэмжих, сайжруулах зорилготой хөндлөнгийн үнэлгээ нь дараах төрөлтэй байна:
36.1.1эрүүл мэндийн магадлан итгэмжлэл;
36.1.2эмнэл зүйн аудит;
36.1.3гүйцэтгэлийн үнэлгээ;
36.1.4хэрэглэгчийн үнэлгээ.
37дугаар зүйл.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл
37.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг үнэлж, баталгаажуулах зорилгоор эрүүл мэндийн магадлан итгэмжлэл (цаашид “магадлан итгэмжлэл” гэх) хийнэ.
37.2Магадлан итгэмжлэлийн бодлогыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл хэрэгжүүлнэ.
37.3Магадлан итгэмжлэлийн шалгуурыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага боловсруулан магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
37.4Магадлан итгэмжлэлд энэ хуулийн 19.2-т заасан байгууллага сайн дурын үндсэн дээр хамрагдана.
37.5Магадлан итгэмжлэлийн үнэлгээ нь мэргэжлийн, хараат бус, бие даасан, ашиг сонирхлоос ангид, шат дамжлага цөөн, олон нийтэд ил тод, нээлттэй, тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ.
37.6Магадлан итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдаж шалгуурыг хангасан эрүүл мэндийн байгууллагыг гурван жилийн хугацаагаар магадлан итгэмжлэх бөгөөд тус хугацаанд явцын үнэлгээнд хамрагдана.
38дугаар зүйл.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл
38.1Энэ хуулийн 37.2-т заасан магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл нь дараах байгууллагыг төлөөлөх есөн гишүүнтэй ажиллана:
38.1.1эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
38.1.2магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах байгууллага;
38.1.3эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд дэх эмнэлгийн чанар, аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөл;
38.1.4эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч байгууллага;
38.1.5төрийн болон орон нутгийн өмчийн эмнэлгийн төлөөлөл;
38.1.6хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл;
38.1.7анагаах ухааны боловсрол олгох байгууллагын төлөөлөл.
38.1.8халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр мэргэшсэн төлөөлөл;
38.1.9иргэний эрх ашгийг хамгаалах, эсхүл чанарын хөндлөнгийн үнэлгээний чиглэлийн төрийн бус байгууллага.
38.2Энэ хуулийн 38.1.5-38.1.9-д заасан төлөөллийг сонгон шалгаруулах журам, үндэсний зөвлөлийн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, энэ хуулийн 25.1-д заасан байгууллага сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
38.3Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
38.3.1магадлан итгэмжлэлийг хөгжүүлэх бодлого, магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийх журмыг батлах;
38.3.2магадлан итгэмжлэлийн үнэлгээчнийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт, үнэлгээчний ёс зүйн дүрмийг батлах;
38.3.3магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх шинжээч, зөвлөхөд тавигдах шаардлага, ажиллах журмыг батлах;
38.3.4магадлан итгэмжлэлийн талаар байгууллага, иргэнээс ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргах;
38.3.5магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд жилд нэг удаа хяналт шинжилгээ, үнэлгээг хөндлөнгийн хараат бус багаар хийлгэх ба үнэлгээний тайланд үнэлгээ дүгнэлт өгөх;
38.3.7магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж буй байгууллагын ажлын тайланг жил бүр хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
38.3.8магадлан итгэмжлэлийн үнэлгээний үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын талаарх асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
38.4Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны гүйцэтгэлд дараах хүрээний дагуу дөрвөн жилд нэг удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:
38.4.1эрх зүйн орчин, бодлого, зохицуулалт;
38.4.2засаглал, удирдлага, зохион байгуулалт;
38.4.3үнэлгээний арга хэрэгсэл;
38.4.4магадлан итгэмжлэлийн шалгуур;
38.4.5үнэлгээчний чадавх, ёс зүй;
38.4.6цахим мэдээллийн сан.
39дүгээр зүйл.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн удирдлага, зохион байгуулалт
39.1Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь удирдлага, зохион байгуулалтаар хангана.
39.2Энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаатай холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
39.2.1магадлан итгэмжлэлийн үнэлгээг зохион байгуулах, үнэлгээчнийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;
39.2.2магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журам, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр баримт бичиг боловсруулах;
39.2.3магадлан итгэмжлэлийн үнэлгээтэй холбоотой журам, заавар, гарын авлага, аргачлал боловсруулах;
39.2.4магадлан итгэмжлэлийн шалгуурыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, байнгын сайжруулалт хийх;
39.2.5магадлан итгэмжлэлийн үнэлгээчнийг сонгон шалгаруулах, гэрээний үлгэрчилсэн загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хариуцлага хүлээлгэх журмыг боловсруулах, хэрэгжүүлэх;
39.2.6магадлан итгэмжлэлийн үнэлгээчний баримтлах ёс зүйн дүрмийг батлах, зөрчсөн тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэх, гэрээг цуцлах;
39.2.7магадлан итгэмжлэлийн үнэлгээний арга хэрэгсэл, аргачлал, заавар, мэдээллээр холбогдох талуудыг хангах, үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
39.2.8чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийх, холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг авах, дүгнэлт гаргах, мэдээллээр хангах;
39.2.9магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх;
39.2.10чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх;
39.2.11магадлан итгэмжлэлийн үнэлгээний тайлан, дүгнэлт, шийдвэрийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, олон нийтэд ил тод мэдээлэх.
39.3Магадлан итгэмжлэлийн үнэлгээчний үнэлгээтэй холбоотой гомдол гарсан тохиолдолд хөндлөнгийн үнэлгээ хийх орон тооны бус техникийн хороо энэ хуулийн 25.1-д заасан байгууллагын дэргэд ажиллана. Техникийн хороо нь дараах чиглэлээр мэргэшсэн шинжээчдээс бүрэлдэнэ:
39.3.1эрүүл мэндийн магадлан итгэмжлэл, чанарын удирдлага, аюулгүй байдал;
39.3.2хөндлөнгийн үнэлгээ, аудит;
39.3.3эмнэлгийн удирдлага, менежмент;
39.3.4эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналт;
39.3.5эмнэлгийн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдал;
39.3.6эмнэл зүй;
39.3.7мэдээллийн технологи;
39.3.8сувилахуй;
39.3.9эмнэлгийн хүний нөөц.
39.4Энэ хуулийн 39.3-т заасан техникийн хорооны гишүүдийг сонгон шалгаруулах журмыг энэ хуулийн магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл баталж, энэ хуулийн 25.1-д заасан байгууллага сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
40дүгээр зүйл.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шалгуур
40.1Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шалгуур нь дараах төрөлтэй байна:
40.1.1эмнэлгийн;
40.1.2анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын;
40.1.3клиникийн;
40.1.4шүдний клиникийн;
40.1.5лабораторийн;
40.1.6дүрс оношилгооны;
40.1.7яаралтай, түргэн тусламжийн төвийн;
40.1.8сэргээн засах төвийн;
40.1.9сувиллын;
40.1.10урт хугацааны сувилахуйн төвийн;
40.1.11эмчлүүлэгчийг тээвэрлэх тусламжийн;
40.1.12их сургуулийн эмнэлгийн;
40.1.13эмнэлгүүдийн нэгдлийн.
40.2Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шалгуур нь эмчлүүлэгчийн аюулгүй байдал, халдвар хамгаалалт, сэргийлэлтийг хангах, эмнэл зүйн үр дүнг дэмжих, аюулгүй орчин, хүний нөөцийн чадавх болон мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чанарыг тасралтгүй сайжруулах тогтолцоог бий болгох агуулгын хүрээнд боловсруулагдана.
40.3Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн үндэсний хэмжээний шалгуурыг хангасан эрүүл мэндийн байгууллага нь олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдаж болно.
40.4Олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлд хамрагдах санаачилгыг төрөөс бодлогоор дэмжих бөгөөд төсвийн үр дүнд суурилсан санхүүжилтийн урамшууллын зохицуулалттай уялдуулна.
41дүгээр зүйл.Эмнэл зүйн аудит
41.1Эмнэл зүйн үр дүнг үнэлэх зорилгоор эмнэл зүйн аудитыг хийнэ.
41.2Эмнэл зүйн аудитыг мэргэшсэн, хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй, бие даасан эмнэл зүйн аудитын шинжээч, шинжээчийн баг гүйцэтгэнэ.
41.3Эмнэл зүйн аудитын шинжээч нь анагаах ухааны нотолгоо, олон улсын эмнэл зүйн стандарт, удирдамж, зааварт суурилсан үнэлгээний арга зүйг үнэлгээндээ ашиглан, дүгнэлтээ бие даан гаргана.
41.4Эмнэл зүйн аудитын шинжээчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулах журам, ёс зүйн дүрэм, эмнэл зүйн аудитын журмыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага батална.
41.5Энэ хуулийн 41.4-т заасны дагуу эмнэл зүйн аудитын шинжээчийг сонгон шалгаруулж, шинжээчийн нөөцийг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага бүрдүүлж ажиллана.
41.6Энэ хуулийн 19.2.1-19.2.12-т заасан байгууллага эмнэл зүйн үр дүнд хөндлөнгийн үнэлгээ хийх зорилгоор эмнэл зүйн аудит хийлгэх хүсэлтийг энэ хуулийн 25.1-д байгууллагад гаргаж болох ба аудиттай холбоотой гарах зардлыг хүсэлт гаргагч хариуцна.
41.7Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллага нь эмчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оношилгоо, эмчилгээ, эмнэл зүйн үр дүнтэй холбоотой гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн 41.5-д заасан шинжээчээр хөндлөнгийн эмнэл зүйн аудит хийлгүүлж болно.
42дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн үнэлгээ
42.1Энэ хуулийн 19.2.1-19.2.12-т заасан байгууллага бүр өөрт хамаарах тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоож, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллана.
42.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлийг дараах үндсэн хэмжээсний хүрээнд тогтоосон шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
42.2.1хүн-төвтэй байдал;
42.2.2нэгдмэл, цогц, тасралтгүй байдал;
42.2.3чанар, аюулгүй байдал;
42.2.4хүртээмж, тэгш байдал;
42.2.5үр ашигтай байдал;
42.2.6үр дүнтэй байдал;
42.2.7хэрэглэгчийн үнэлгээ, ажиллагсдын сэтгэл ханамж.
42.3Энэ хуулийн 42.1-д заасан нөхцөл нь эрүүл мэндийн магадлан итгэмжлэлд хамрагдах урьдчилсан нөхцөл болно.
42.4Энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь энэ хуулийн 19.2.1-19.2.12-т заасан төрийн өмчит байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үр дүнг нэгтгэсэн мэдээллийн санд суурилан чанарын тасралтгүй хяналт шинжилгээг хэрэгжүүлж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
42.5Энэ хуулийн 42.4-т заасан нэгдсэн хяналтын үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх ба гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн нь магадлан итгэмжлэл, санхүүжилт, урамшуулал болон хариуцлагын тогтолцоотой уялдсан байна.
42.6Төрийн захиргааны байгууллагын холбогдох хуульд заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал, журамд заасан шалгуур үзүүлэлт нь энэ хуулийн 42.2-т заасан шалгуур үзүүлэлтийг орлохгүй.
43дугаар зүйл.Хэрэглэгчийн үнэлгээ
43.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор эмчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс тусламж, үйлчилгээний явц, үр дүн, харилцаа хандлагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээг (цаашид “Хэрэглэгчийн үнэлгээ” гэх) тогтмол авч, үйл ажиллагаандаа тусгана.
43.2Хэрэглэгчийн үнэлгээг эмчлүүлэгч нь энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сангаар дамжуулан өгөх ба зохион байгуулалтыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага хариуцан хэрэгжүүлнэ. Хэрэглэгчийн үнэлгээний нэгдсэн аргачлал, асуулгын загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
43.3Хэрэглэгчийн үнэлгээ нь эмчлүүлэгчийн нэр төрийг хүндэтгэх, түүний хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах бөгөөд үнэлгээ өгсөнтэй нь холбогдуулан тухайн эмчлүүлэгчид тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, ялгаварлан гадуурхахыг хориглоно.
43.4Хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланд тусгаж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
43.5Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний гүйцэтгэлийг үнэлэхдээ тухайн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлт болон энэ хуулийн 43.1-д заасан хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг харгалзана.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН
44дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийн систем
44.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан (цаашид "мэдээллийн сан" гэх) нь Эрүүл мэндийн тухай хуулийн 421.1-д заасан эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүн, төрөлжсөн сан бөгөөд эмчлүүлэгчид хүргэсэн тусламж, үйлчилгээний болон бусад мэдээллийг хадгалж, эмчлүүлэгч, тусламж, үйлчилгээ үзүүлэгч болон холбогдох бусад талуудын хооронд мэдээлэл солилцох зорилгоор ашиглагдана.
44.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээний программ хангамжаас эмчлүүлэгч болон түүний хууль ёсны асран хамгаалагч нь эрүүл мэндийн мэдээлэл, дүгнэлтэй танилцах, тусламж, үйлчилгээний цаг товлох, шинжилгээ, оношилгооны хариу авах, эмч, эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой байна.
44.3Мэдээллийн сангийн мэдээлэлд эмчлүүлэгч өөрөө, эсхүл түүний хууль ёсны асран хамгаалагч болон зохих журмын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эрүүл мэндийн ажилтан хамгийн бага шаардлагатай мэдээллийн түвшинд ханддаг байх эрхийн тохируулга, өгөгдлийн маск бүхий программ хангамжийг тусламж, үйлчилгээ үзүүлэгч ашиглана.
44.4Энэ хуулийн 19.2-т заасан байгууллагын цахим программ хангамж нь эрүүл мэндийн салбарын мэдээллийн нэгдсэн сан руу мэдээллийг саадгүй дамжуулах, мэдээлэл солилцох техникийн нөхцөлийг хангасан байна.
44.5Мэдээллийн сангийн тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, хөгжүүлэлтийг энэ хуулийн 25.1-д заасан байгууллага хариуцна.
44.6Эмчлүүлэгчийн эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөнө.
45дугаар зүйл.Мэдээлэл боловсруулах эрх ба үүрэг
45.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь тусламж, үйлчилгээ хүргэсэн эмчлүүлэгч бүрээр өвчний цахим түүх үүсгэж, мэдээллийг тухай бүр энэ хуулийн 44.1-д заасан цахим санд илгээнэ.
45.2Эмнэлгийн цахим мэдээллийн системд хандах эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэн нь эмчлүүлэгчийн хувийн мэдээлэл болон эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээллийг чандлан нууцлах үүрэгтэй. Энэхүү үүрэг нь тухайн мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд хэвээр хадгалагдана.
46дугаар зүйл.Эмчлүүлэгчийн мэдээлэлд нэвтрэх
46.1Эмчлүүлэгч тусламж, үйлчилгээ үзүүлэгч хооронд шилжиж байгаа тохиолдолд нэгдсэн сан дахь эрүүл мэндийн мэдээллийг эмчлүүлэгчийн зөвшөөрснөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч танилцана.
46.2Эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд яаралтай тусламжийн эмч иргэний амь насыг аврах зорилгоор түүний эрүүл мэндийн мэдээлэлд хандах эрхтэй байна.
46.3Энэ хуулийн 46.2-т заасан үндэслэлээр мэдээлэлд хандсан тохиолдлыг эрх бүхий байгууллага бүртгэж, хяналт тавих, эмчлүүлэгч, эсхүл түүний хууль ёсны асран хамгаалагч танилцах боломжтой байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭХ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
47дугаар зүйл.Анхан шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт
47.1Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сумын дундын эмнэлгийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, байршил, үйлчлэх хүрээг тогтоох шийдвэрийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, иргэдийн санал хүсэлт, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуллагын саналыг харгалзан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.
47.2Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сумын дундын эмнэлгийн удирдлагыг аймгийн эрүүл мэндийн газраас сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилсон дарга хэрэгжүүлнэ.
47.3Энэ хуулийн 47.2-т заасан эрүүл мэндийн байгууллагын дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлага хангасан байна:
47.3.1их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ анхан шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гурваас доошгүй жил ажилласан туршлагатай;
47.3.2эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
47.3.3бусад эрүүл мэндийн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй байх.
47.4Энэ хуулийн 47.2-т заасан этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаа нь дараах үе шаттай байна:
47.4.1нэр дэвшигчийн бичиг баримтын үнэлгээ;
47.4.2удирдахуйн мэдлэг, ур чадварын үнэлгээ.
47.5Энэ хуулийн 47.4-т заасан үе шатанд тэнцсэн нэр дэвшигч нь байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна. Танилцуулах үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд нээлттэйгээр зохион байгуулна. Сонгон шалгаруулалтыг тухайн шатны Засаг даргын тамгын газар зохион байгуулна.
47.6Энэ хуулийн 47.4-т заасан сонгон шалгаруулалтын үнэлгээний аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47.7Энэ хуулийн 47.5-д заасан үнэлгээнд хамгийн өндөр оноотой тэнцсэн нэр дэвшигчийн материалыг хурлын тэмдэглэлийн хамт хурал болсноос хойш ажлын тав хоногийн дотор харьяа эрүүл мэндийн газарт хүргүүлнэ. Аймгийн эрүүл мэндийн газрын дарга 30 хоногийн дотор томилно.
47.8Энэ хуулийн 47.7-д заасны дагуу томилогдсон эрүүл мэндийн байгууллагын удирдлага нь тухайн шатны Засаг даргатай гүйцэтгэлийн гэрээг байгуулж, үр дүнг жилээр үнэлүүлж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
47.9Энэ хуулийн 47.8-д заасан гүйцэтгэлийн гэрээ нь “хангалтгүй” гэж үнэлэгдсэн тохиолдолд Засаг дарга нь уг этгээдэд хариуцлага тооцуулах саналыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
47.10Энэ хуулийн 47.8-д заасан гүйцэтгэлийн гэрээний загвар, тусламж, үйлчилгээний хүртээмж, тэгш, тасралтгүй, хүн-төвтэй болон аюулгүй байдал, санхүүгийн хамгаалалтыг тоон хэмжигдэхүүнээр илэрхийлсэн гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
47.11Энэ хуулийн 47.2-т заасан сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн дарга нь хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
47.11.1байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах;
47.11.2байгууллагыг хөгжүүлэх стратегийг тодорхойлох, стратегийн хүрээнд байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;
47.11.3хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах;
47.11.4ажилтны нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах.
48
48дугаар зүйл.Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалт
48.1Өрхийн эрүүл мэндийн төв нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхэлнэ. Сонгон шалгаруулалтад өрхийн анагаах ухаан болон бусад холбогдох мэргэжлээр мэргэшсэн гурваас доошгүй эмч нарыг багтаасан баг оролцоно. Багийн бүрэлдэхүүний 70-аас багагүй хувь нь их эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөллөөс бүрдсэн байна.
48.2Энэ хуулийн 48.1-д заасан баг нь дараах шаардлага хангасан байна:
48.2.1их эмч нь өрхийн анагаах ухаан, эсхүл үндсэн мэргэжлийн байх;
48.2.2эмнэлгийн мэргэжилтэн нь зохих мэргэжлийг эзэмшсэн байх;
48.2.3тухайн төвтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
48.2.4улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй байх;
48.2.5бусад эрүүл мэндийн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй, хөрөнгө оруулалт хийгээгүй байх.
48.3Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар зохион байгуулна.
48.4Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад тэнцсэн баг нь сонгон шалгаруулалтын шийдвэр гарснаас хойш ажлын 14 хоногт багтаан багийн гишүүд дотроос энэ хуулийн 47.3.1-47.3.3-т заасан шаардлагыг хангасан хүнийг төвийн даргаар сонгоно.
48.5Өрхийн эрүүл мэндийн төв нь тухайн шатны Засаг дарга болон аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвтэй тухайн нутаг дэвсгэрийн хүн амд анхан шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх гурвалсан гэрээг байгуулж, гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн дагуу жилээр үнэлүүлж, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
48.6Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь 47.11-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
48.7Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үнэлэхэд энэ хуулийн 47.10-т заасан журмыг баримтална.
49дүгээр зүйл.Анхан шатлалын тусламж, үйлчилгээ хүргэх байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зохицуулалт
49.1Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
49.1.1салбарын бодлого болон тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй анхан шатлалын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
49.1.2төсвийн хязгаарт нийцүүлэн орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох;
49.1.3энэ хуулийн 19.2.1, 19.2.4-т заасан байгууллагын даргыг энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх;
49.1.4энэ хуулийн 19.2.1, 19.2.4-т заасан байгууллагын санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэж, тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
49.1.5шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 19.2.1, 19.2.4-т заасан байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
49.1.6энэ хуулийн 19.2.1, 19.2.4-т заасан байгууллагын хөгжлийн болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
49.1.7сумын Засаг дарга, тосгоны Захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар холбогдох хууль, журмын дагуу энэ хуулийн 19.2.1, 19.2.4-т заасан байгууллагын даргад хариуцлага хүлээлгэх;
49.1.8өөрийн харьяа анхан шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тусламж, үйлчилгээний үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх.
49.2Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь өрхийн эрүүл мэндийн төвийг мэргэжил, арга зүйгээр хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
49.2.1салбарын бодлого болон тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй анхан шатлалын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
49.2.2өөрийн харьяа анхан шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тусламж, үйлчилгээний үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх;
49.2.3энэ хуулийн 48.5-д заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд эрх бүхий байгууллагаас дараагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, багийг томилох хүртэл харьяа аймаг, дүүргийн Засаг даргатай хамтран өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллах;
49.2.4энэ хуулийн 48.5-д заасан гэрээ цуцлагдсан тохиолдолд 30 хоногт багтаан тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах.
50дугаар зүйл.Хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, зохион байгуулалт
50.1Нийслэлийн дүүрэг бүрд дүүргийн эрүүл мэндийн төв, орон нутгийн өмчит дүүргийн нэгдсэн эмнэлэг, аймаг бүрд аймгийн нэгдсэн эмнэлэг байна.
50.2Энэ хуулийн 19.2.3, 19.2.6-д заасан хоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх орон нутгийн өмчит байгууллагыг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах шийдвэрийг хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон тухайн орон нутгийн иргэдийн саналыг харгалзан аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.
50.3Энэ хуулийн 50.1-д заасан байгууллагын захирлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно
50.4Энэ хуулийн 50.3-т заасан захиралд дараах шаардлага тавигдана:
50.4.1эрүүл мэндийн салбарт наймаас доошгүй жил ажилласан байх;
50.4.2эрүүл мэндийн байгууллагад гурваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
50.4.3хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, хувьцаа эзэмшдэггүй байх;
50.4.4бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх.
50.5Энэ хуулийн 50.4-т заасан шаардлагыг хангасан этгээд сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт өргөдөл гаргана. Нэр дэвшүүлэх болон өрсөлдөх үйл явц нь олон нийтэд нээлттэй, тэгш боломжийг хангасан байдлаар явагдана.
50.6Энэ хуулийн 47.4-т заасан үе шатанд тэнцсэн нэр дэвшигч нь байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг тухайн байгууллагын хамт олонд танилцуулах сонсголыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулах ба хамт олны сонсголд оролцогсдын дийлэнх олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга сонгон шалгаруулалтын дүн гарснаас хойш 30 хоногийн дотор томилно.
50.7Энэ хуулийн 50.3-т заасан этгээдийн сонгон шалгаруулалтыг энэ хуулийн 47.4-т заасан үе шатаар, 47.6-д заасан аргачлалын дагуу зохион байгуулна
50.8Энэ хуулийн 50.3-т заасан захирал нь энэ хуулийн 47.11-д зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
50.8.1байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоож, үр дүнг үнэлж ажиллах;
50.8.2байгууллагын эрсдэлийг тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх;
50.8.3эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн, тасралтгүй байдлыг хангах, уялдаа холбоог сайжруулах;
50.8.4чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, нөөцийг оновчтой удирдах;
50.8.5эмнэлгийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, эд хөрөнгийг зохистой удирдах.
51дүгээр зүйл.Хоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
51.1Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ хуулийн 50.1-д заасан хоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх байгуулагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар энэ хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
51.1.1салбарын бодлого, тухайн нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн хүн-төвтэй, чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээний төлөвлөлтийн саналыг энэ хуулийн 25.1-д заасан байгууллагад хүргүүлэх, хэрэглэгчийн үнэлгээг харгалзан хэрэгжилтийг жил бүр үнэлэх, олон нийтэд мэдээлэх;
51.1.2санхүү, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх, тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих, холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэх;
51.1.3хуульд заасан тохиолдолд эх барих, хүүхдийн тусламж, үйлчилгээ хүргэх байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
51.1.4энэ хуулийн 50.1-д заасан байгууллагын захирлын аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан гэрээг дүгнэх, хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх, гэрээг цуцлах, түдгэлзүүлэх санал гаргах.
52дугаар зүйл.Гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, зохион байгуулалт
52.1Энэхүү зохицуулалт нь энэ хуулийн 19.2.7, 19.2.8-д заасан байгууллагын удирдлага, зохион байгуулалтад хамаарна.
52.2Энэ хуулийн 52.1-д заасан гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх байгууллагыг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах шийдвэрийг хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн, иргэдийн санал хүсэлтийг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
52.3Энэ хуулийн 52.1-д заасан байгууллагын удирдлагын үүргийг захирал хэрэгжүүлэх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол захирлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
52.4Энэ хуулийн 52.1-д заасан байгууллага нь энэ хуулийн 55.1-д заасан төлөөлөн удирдах зөвлөлтэй, эсхүл энэ хуулийн 58.1-д заасны дагуу тухайн эмнэлгийн удирдлагыг менежментийн баг гүйцэтгэж байгаа бол захирлыг төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл менежментийн багаас томилно.
52.5.Энэ хуулийн 52.1-д заасан байгууллагын захирал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
52.5.1эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс 10-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байх;
52.5.2анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх;
52.5.3эмнэлгийн удирдлага, стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны удирдлага, гүйцэтгэлийн удирдлага, чанарын удирдлага, эрсдэлийн удирдлага, хүний нөөц болон байгууллагын хөгжлийн аль нэг чиглэлээр зургаагаас доошгүй сарын мэргэжлийн сургалтад амжилттай хамрагдсан байх;
52.5.4хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй, бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулаагүй, хувьцаа эзэмшдэггүй, харилцан хамааралгүй байх;
52.6Энэ хуулийн 52.1-д заасан захирал нь энэ хуулийн 47.11-д зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
52.6.1дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох, эмнэлгийн ажиллагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах;
52.6.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэн хэмжигдэхүйц байдлаар тогтоох, гүйцэтгэлийг үнэлж олон нийтэд мэдээлэх;
52.6.3эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн-төвтэй, хүртээмжтэй, тасралтгүй, чанартай, аюулгүй, үр дүнтэй хүргэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чанарыг сайжруулах;
52.6.4байгууллагын үйл ажиллагааг удирдах, холбогдох журмыг батлах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн байдлыг хангах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээ авах, нөөцийг оновчтой, зүй зохистой хуваарилах, санхүүг үр ашигтай удирдах;
52.6.5сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулах.
53дугаар зүйл.Гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын захирлыг сонгох, томилох зохицуулалт
53.1Энэ хуулийн 52.5-д заасан шаардлагыг хангасан этгээд нь энэ хуулийн 52.1-д заасан захирлын сул орон тоо гарсан тохиолдолд өөрийн нэрийг дэвшүүлэх хүсэлтээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргаж, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчмаар зохион байгуулагдах сонгон шалгаруулалтад оролцоно.
53.2Энэ хуулийн 53.1-д заасан сонгон шалгаруулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулах бөгөөд энэ хуулийн 47.4-т заасан үе шатын дагуу, 47.6-д заасан аргачлалаар үнэлнэ.
53.3Энэ хуулийн 47.4-т заасан үе шатанд тэнцсэн нэр дэвшигч нь байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг тухайн эмнэлгийн хамт олонд танилцуулах сонсголыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
53.4Энэ хуулийн 53.3-т заасан хамт олны сонсголд оролцогсдын дийлэнх олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүн гарснаас хойш 30 хоногийн дотор томилно.
53.5Энэ хуулийн 53.4-т заасны дагуу томилогдсон захирал нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гэрээний шалгуур үзүүлэлтийн дагуу жил бүр гүйцэтгэлээ үнэлүүлнэ. Гүйцэтгэл нь “хангалтгүй” үнэлэгдсэн тохиолдолд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлнө.
53.6Энэ хуулийн 53.5-д заасан захирлын гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар болон шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
53.7Энэ хуулийн 53.6-д заасан гүйцэтгэлийн гэрээний шалгуур үзүүлэлтийг тусламж, үйлчилгээний хүн-төвтэй, хүртээмжтэй, тэгш, тасралтгүй, чанар, аюулгүй байдал, санхүүгийн үр ашгийг тоон үзүүлэлтээр хэмжих боломжтойгоор тогтоосон байна.
54дүгээр зүйл.Гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх төрийн болон орон нутгийн өмчит байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
54.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн болон орон нутгийн өмчит гуравдагч шатлалын эмнэлгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
54.1.1салбарын бодлого болон хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэн гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг анхан, хоёрдогч шатлалтай нэгдмэл байхаар чиглүүлж хэрэглэгчийн үнэлгээг харгалзан хэрэгжилтийг жил бүр үнэлэх;
54.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлж, шалгуур үзүүлэлтээр үнэлэх, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх;
54.1.3санхүүгийн болон төсвийн гүйцэтгэл, аудитын тайланг хэлэлцэж, тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавьж, үр дүнг олон нийтэд мэдээлэх;
54.1.4шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, хараат бус, бие даасан шинжээчийн багаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
54.1.5эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх.
55дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах
55.1Гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13.3-т заасан төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэгт төлөөлөн удирдах зөвлөлийг дараах нөхцөлийг хоёр жил дараалан нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд байгуулна:
55.1.1эрх бүхий байгууллагаас тогтоосон чанарын шалгуур үзүүлэлтийн 90 хувь нь хангагдсан;
55.1.2эрх бүхий байгууллагаас тогтоосон үр ашиг, бүтээмжийн шалгуур үзүүлэлтийн 90 хувь нь хангагдсан;
55.1.3хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн хэрэглэгчийн үнэлгээ 80 ба түүнээс дээш хувьтай үнэлэгдсэн;
55.1.4тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг шалгуур үзүүлэлтээр үнэлэх үнэлгээний тогтолцоог бүрдүүлж, цахим өгөгдөлд суурилсан хяналтын тогтолцоо бүрэн нэвтэрсэн.
55.2Энэ хуулийн 55.1-д заасан нөхцөл хангагдсан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 19.2.8-д заасан төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулна.
55.3Энэ хуулийн 55.2-т заасны дагуу хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан үнэлгээг хийж эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
55.4Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 55.3-т заасан дүгнэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулна.
55.5Төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх хоёр, хамт олныг төлөөлөх дөрөв болон олон нийтийг төлөөлөх гурав, нийт есөн гишүүнтэй байна.
55.6Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
55.6.1анагаах ухаан, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, эсхүл эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
55.6.2улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй байх;
55.6.3эм, урвалж, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагыг өмчилдөг эсхүл шууд болон шууд бусаар хувьцаа эзэмшдэггүй байх;
55.6.4ашиг сонирхлын зөрчилгүй байх.
55.7Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ:
55.7.1санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр нэг албан тушаалтан өмчлөгчийг төлөөлүүлэн нэр дэвшүүлснээр;
55.7.2эмнэлгийн хамт олныг төлөөлөх дөрвөн гишүүнийг эмч, сувилагч, эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтний төлөөлөл тус бүрээс нэг хүнийг тухайн хамт олны ил тод, нээлттэй саналаар;
55.7.3олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг энэ хуулийн 55.9-д заасан байгууллагуудаас тус бүр нэг хүнийг сонгон шалгаруулснаар.
55.8Энэ хуулийн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нээлттэй сонгон шалгаруулна.
55.9Энэ хуулийн 55.8-д заасан олон нийтийн төлөөллийг хоёр ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, олон нийтэд үйлчилдэг дараах төрийн бус, олон нийтийн байгууллагаас тэнцүү тоогоор сонгоно:
55.9.1иргэн, даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл;
55.9.2эрүүл мэндийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл;
55.9.3эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөлөл.
55.10Энэ хуулийн 55.8-д заасан сонгон шалгаруулалтын журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
56дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүрэг
56.1Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
56.1.1эмнэлгийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг энэ хууль болон эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, олон улсын чанарын удирдлагын стандартад нийцүүлэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
56.1.2эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг батлах тухайн эмнэлгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
56.1.3төсвийн орлогын хязгаарт нийцүүлэн орон тоо, цалингийн санг ажлын ачаалал, үр дүнгийн үнэлгээг хөдөлмөрийн зах зээлийн жишигт нийцүүлэн тогтоох, хяналт тавих;
56.1.4тусламж, үйлчилгээний шинэ төрөл, технологийг нэвтрүүлэх талаар гүйцэтгэх удирдлагад чиглэл өгөх;
56.1.5эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, үр дүнгийн гэрээ байгуулаx;
56.1.6захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр дүгнэх, урамшуулал олгох болон хариуцлага тооцох, гэрээг цуцлах;
56.1.7тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
56.1.8тухайн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг үнэлэх, хяналт тавих, гүйцэтгэх удирдлагад ажил сайжруулах чиглэл өгөх;
56.1.9эмнэлгийн жилийн төсвийг батлах, санхүүгийн тайланг хэлэлцэх, их хэмжээний хөрөнгө оруулалт, худалдан авалтын шийдвэрийг гаргах;
56.1.10магадлан итгэмжлэлд хамрагдах, тусламж, үйлчилгээнд, хөндлөнгийн хяналт хийлгэх, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх этгээдийг сонгох, эмнэлгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;
56.1.11тусламж, үйлчилгээний чанар, үр дүнгийн гүйцэтгэлийг хэлэлцэх, шалгуур үзүүлэлтийн суурь түвшинг олон улсын суурь үзүүлэлтэд ойртуулах чиглэлийг гүйцэтгэх удирдлагад өгөх;
56.1.12аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс хандив, тусламж авах шийдвэрийг гаргах, зарцуулалтад хяналт тавих.
56.2Төлөөлөн удирдах зөвлөл нь үйл ажиллагааны тайланг жил бүр эмнэлгийн нийт ажиллагсад болон олон нийтэд ил тод байдлаар тайлагнаж мэдээлнэ.
57дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын зохион байгуулалт
57.1Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
57.2Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон, хуульд заасан бусад үндэслэлээр орон гарсан тохиолдолд тухайн гишүүнийг нөхөх сонгон шалгаруулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 30 хоногийн дотор зохион байгуулна.
57.3Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдээс нэр дэвшүүлэн уг хуралд биечлэн оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно.
57.4Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 18 сар байна.
57.5Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нас барсан, эсхүл түүнийг энэ хуулийн 57.14-т зааснаар чөлөөлсөн бол насаар хамгийн ахмад гишүүн шинэ даргыг сонгох хүртэл үүргийг нь гүйцэтгэх ба шинэ даргыг 30 хоногт багтаан сонгоно.
57.6Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, санал болгоогүй тохиолдолд насаар хамгийн ахмад гишүүн орлоно.
57.7Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга, эсхүл таваас доошгүй гишүүний санал болгосноор 10 хоногт багтаан зарлан хуралдуулна.
57.8Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүдийн дийлэнх олонх биечлэн оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болох ба хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
57.9Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн, санал хураалтаар шийдвэрлэсэн, санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийн тухай тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж, тогтоолыг удирдах зөвлөлийн дарга баталгаажуулна.
57.10Төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
57.11Төлөөлөн удирдах зөвлөл нь ажлын албыг хариуцаж ажиллах орон тооны нэг ажилтантай байх ба түүнийг тухайн эмнэлгийн төсвөөс цалинжуулна.
57.12Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг тухайн эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардал, урамшуулалтай холбоотой тайлан мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.
57.13Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын жишиг хэмжээ, олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
57.14Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлнө:
57.14.1өлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
57.14.2гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
57.14.3өөр ажилд шилжсэн, улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
57.14.4өмчлөгчийг төлөөлөх гишүүний албан тушаал өөрчлөгдсөн;
57.14.5хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд дараалан гурав ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй;
57.14.6байгууллагын нууцыг задруулсан нь тогтоогдсон.
57.15Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 57.14-т зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөхийг хориглоно.
57.16Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
57.16.1хууль тогтоомжид заасан урамшууллаас гадна албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шууд буюу шууд бусаар бэлэг, үйлчилгээ, мөнгөн орлого, зээл, тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
57.16.2төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад нэгдмэл сонирхолтой этгээдийг санал болгох, захиалгын нийлүүлэгчээс ашиг авах;
57.16.3гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, өдөр тутмын хэрэгжилт, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох.
58дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ, татан буулгах зохицуулалт
58.1Төлөөлөн удирдах зөвлөл нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй гүйцэтгэлийн гэрээг жил бүр байгуулах ба шалгуур үзүүлэлтийн дагуу үр дүн, ажлын гүйцэтгэлийг үнэлж цаашид гэрээг сунгах, цуцлах эсэхийг шийдвэрлэнэ.
58.2Энэ хуулийн 58.1-д заасан гэрээний гүйцэтгэлийг “хангалтгүй” гэж үнэлсэн тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгах шийдвэрийг үнэлгээ хийснээс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба төлөөлөн удирдах зөвлөлийг энэ хуульд заасны дагуу дахин зохион байгуулна.
58.3Энэ хуулийн 58.2-т заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгахаар шийдвэрлэсэн бол уг төлөөлөн удирдах зөвлөл нь дараагийн төлөөлөн удирдах зөвлөл томилогдох хүртэл үйл ажиллагаа явуулна.
58.4Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлал, хариуцлага тооцох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
59дүгээр зүйл.Гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах менежментийн баг
59.1Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлгийн үйл ажиллагаанд дараах нөхцөл нэгэн зэрэг хоёр жил дараалан үүссэн тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн байгууллагын удирдлагыг менежментийн багийг сонгон шалгаруулж, гүйцэтгүүлнэ:
59.1.1он дамнасан өр үүссэн;
59.1.2төлөвлөсөн орлого бүрдээгүй, урсгал зардлаа санхүүжүүлэх боломжгүй болсон;
59.1.3хүний нөөцийн дутагдлаас үүдэн тусламж, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүссэн;
59.1.4тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал хоёр жил дарааллан алдагдсан нь шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдсон;
59.1.5иргэдийн зүгээс тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын талаар ирүүлж буй гомдлын тоо хоёр жил дараалан суурь түвшнээс хоёр дахин нэмэгдсэн.
59.2Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 59.1-д заасан менежментийн багтай Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан гэрээ байгуулж, гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр үнэлж, гэрээг дүгнэнэ.
59.3Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь менежментийн багийн үйл ажиллагаанд хагас жил тутам хөндлөнгийн аудит, үнэлгээ хийх бөгөөд дүнг харгалзан менежментийн багийг урамшуулах, эсхүл хариуцлага тооцох асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.
59.4Менежментийн баг дараах чиглэлийг хариуцах гишүүдээс бүрдэнэ:
59.4.1эмнэлгийн менежмент;
59.4.2стратеги, эрсдэлийн удирдлага;
59.4.3санхүү, төсөв, ханган нийлүүлэлтийн удирдлага;
59.4.4хүний нөөцийн удирдлага;
59.4.5мэдээллийн систем удирдлага, гүйцэтгэлийн удирдлага;
59.4.6хууль, эрх зүй.
59.5Менежментийн багийн гишүүдэд дараах шаардлага тавигдана:
59.5.1анагаах ухаан, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн, бизнес, санхүү, эрх зүй, мэдээллийн технологи, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
59.5.2мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
59.5.3эмнэлгийн удирдлага, байгууллагын хөгжил, чанарын менежмент, өөрчлөлтийн удирдлагын чиглэлээр удирдах түвшинд ажилласан туршлага, чадавхтай байх;
59.5.4мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, байгууллагаас сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байх;
59.5.5авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийтгэгдэж байгаагүй байх;
59.5.6тухайн байгууллагаас шууд хамаарал бүхий хувийн ашиг сонирхолгүй байх.
59.6Энэ хуулийн 59.1-д заасан менежментийн багийг сонгон шалгаруулах журам, энэ хуулийн 59.2-т заасан гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
59.7Менежментийн баг нь эмнэлгийг хувьчлах, хөрөнгийг нь завших, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашиглахыг хориглох ба холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
59.8Менежментийн багийн гишүүд дундаас энэ хуулийн 52.5-д заасан шаардлагыг хангасан гишүүнийг байгууллагын захирлаар томилно.
59.9Энэ хуульд зааснаар томилогдсон менежментийн багийн үйл ажиллагаанд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглох ба талууд бүтээлчээр хамтарч ажиллана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
60дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
60.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
60.2Энэ хуулийг зөрчсөн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд тооцогдохоор бол тухайн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
60.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
61дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
61.1Энэ хуулийн 23.3 дахь хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
61.2Энэ хуулийн 19.2.8-д заасан гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13.3-т заасан төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтыг 2027 онд 06 дугаар сард багтаан энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу зохион байгуулна.
61.3Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 2027 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор энэ хуулийн 21.2-т заасан хаалга барих зохицуулалтыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, зохион байгуулна.
62дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
62.1Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(dagah 26.05.28.docx)