Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2020 ОНЫ 5-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР

Төмөр замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн дэд бүтцийг шинээр барих, хөгжүүлэх, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, төмөр замын ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлТөмөр замын тээврийн тухай хууль тогтоомж
2.1Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэртэй холбоотой бүх төрлийн харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“төмөр замын тээвэр” гэж иргэн, хуулийн этгээдэд төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахад зориулагдсан дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, бусад байгууламж, тоног төхөөрөмж бүхий тээврийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний технологийн иж бүрдлийг;
4.1.2“төмөр замын тээвэрлэлт” гэж ачаа, зорчигчийг явуулах өртөөнөөс хүрэх өртөө хүртэл тээвэрлэх технологит үйл ажиллагааг;
4.1.3“төмөр замын өртөө” гэж галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, зорчигчдод үйлчлэх, ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох болон сэлгээний ажлыг тасралтгүй, хэвийн гүйцэтгэх зам, төхөөрөмж, байгууламж бүхий төмөр замын дэд бүтцийн хэсгийг;
4.1.4“хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэж Монгол Улсын төмөр замын нийт дэд бүтцийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан, зохицуулах төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.5“дэд бүтэц дэх хөдөлгөөний зурмаг” гэж дэд бүтцийн хүрээнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг цагийн сүлжээгээр илэрхийлэх төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.6“галт тэрэг” гэж тээвэрлэлт гүйцэтгэх, сүүлийн дохио бүхий зүтгүүртэй хөдлөх бүрэлдэхүүнийг;
4.1.7“ачаа” гэж төмөр замын тээвэрт хүлээн авч, бүртгэн түүний хүргэлт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг төмөр замын байгууллага энэ хуулийн хүрээнд хариуцан тээвэрлэх эдлэхүүн, бүтээгдэхүүн, эд зүйлсийг;
4.1.8“ачаан тээш” гэж ачаа илгээгч тээвэрлэлтийн гэрээний дагуу шуудан, тээшийн вагоноор тээвэрлүүлэх ачааг;
4.1.9“тээш” гэж вагоноор зорчигчтой хамт тээвэрлэх ачааг;
4.1.10“аюултай ачаа” гэж тээвэрлэлт, ачилт, буулгалт, хадгалалтын явцад хүний эрүүл мэнд, мал, амьтанд хор хөнөөл учруулах, хүрээлэн буй орчин, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл үүсгэх, улмаар тэсэрч, дэлбэрэх, шатах шинж чанартай, үхэл, хордлого, түлэгдэлт, өвчин, ослыг үүсгэж болзошгүй химийн бодис, бүтээгдэхүүн, эд зүйлс түүний хаягдлыг;
4.1.11“төмөр замын дэд бүтэц” гэж төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой, инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, салбар зам, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол, холбоо, мэдээлэл, сүлжээний барилга байгууламж, техник, технологийн иж бүрдлийг;
4.1.12“төмөр замын чиг” гэж техник, эдийн засгийн үндэслэлээр тогтоосон чиглэлийн дагуух төмөр замын шугамыг;
4.1.13”төмөр замын шугам” гэж төмөр замын өртөө хоорондын зам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэлийг;
4.1.14“төмөр замын чиглэл” гэж төмөр замын эхлэх, дайран өнгөрөх, төгсөх цэгийн шугамыг ерөнхийлөн заасныг;
4.1.15“төмөр замын цариг” гэж төмөр замын хоёр зам төмрийн доторх ажлын ирмэг хоорондын зайг;
4.1.16“нийтийн хэрэглээний зам” гэж галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах болон сэлгээний ажил гүйцэтгэх, зорчигч болон ачаа, ачаан тээш ачих, буулгах, хүлээн авах, олгох зориулалттай нийтэд үйлчлэх замыг;
4.1.17“нийтийн бус хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, ачилт, буулгалт хийхэд зориулагдсан замыг;
4.1.18“нийтийн хэрэглээний талбай” гэж ачаа, ачаан тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах, ашиглахад зориулагдсан техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тусгайлан бэлтгэсэн талбайг;
4.1.19“нийтийн бус хэрэглээний талбай” гэж эзэмшигчийн өөрийн, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх агуулах, талбайг;
4.1.20”төмөр замын дэд бүтэц өмчлөгч” гэж төмөр замын дэд бүтцийг захиран зарцуулах эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.21“төмөр замын дэд бүтэц эзэмшигч” гэж төмөр замын дэд бүтцийг тодорхой хугацаанд гэрээний дагуу эзэмшиж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.22“төмөр замын дэд бүтэц ашиглагч” гэж төмөр замын дэд бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, хуулийн этгээдийг;
4.1.23“төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч” гэж төмөр замын дэд бүтцээр ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.24“салбар зам” гэж өртөөний замаас салбарласан, ачаа илгээгч болон хүлээн авагчид үйлчлэх зориулалт бүхий замыг;
4.1.25“салбар зам эзэмшигч” гэж салбар зам, төхөөрөмж, байгууламжийг тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр өөрийн мэдэлд байлгаж, түүний аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа этгээдийг;
4.1.26“төмөр замын гарам” гэж гэж нэг түвшинд огтлолцсон авто зам, төмөр замын уулзварыг;
4.1.27“төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачих, буулгах ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг;
4.1.28“төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангасан зурвас газрыг;
4.1.29“төмөр замын тээврийн байгууллага” гэж төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, засварлах, техникийн үзлэг хийх тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.30“тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор, тээвэр зууч, ачаа тээвэрлүүлэгч, нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай эзэмшигч, иргэн, хуулийн этгээдийг;
4.1.31“тээвэр зуучлагч” гэж ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгч хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.32“хөдлөх бүрэлдэхүүн” гэж тээвэрлэлтэд ашиглаж байгаа зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон, төмөр замаар явдаг тусгай зориулалтын техникийг;
4.1.33“хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор” гэж хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг өмчлөгчөөс хууль, гэрээний дагуу эзэмшүүлэх, ашиглуулах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцуулах үйлчилгээ үзүүлэгчийг;
4.1.34“төмөр замын зураг төсөл” гэж төмөр замын дэд бүтцийг шинээр болон шинэчлэн барьж байгуулах, засварлахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, өртөг зардлын тооцооны нэгдсэн баримт бичгийг;
4.1.35“төмөр замын зураг төслийн магадлал” гэж төмөр зам, төмөр замын дэд бүтэц, барилга байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт, тээврийн болон техникийн аюулгүй байдал нь техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
4.1.36”овор” гэж галт тэрэгний хөдөлгөөн, хөдөлмөрийн, техникийн аюулгүй байдлыг хангах, ачааг бүрэн бүтэн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачааны байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээг;
4.1.37“хатуу тооцоот багаж, хэрэгсэл” гэж хяналт, бүртгэлгүйгээр ашиглахад төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх багаж, хэрэгслийг;
4.1.38“төмөр замын тээврийн сүйрэл” гэж галт тэрэг өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, бусад техник хэрэгсэл, гадны биетэй мөргөлдөх болон хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас хүний амь нас эрсэдсэн, хөдлөх бүрэлдэхүүн эвдэрч дахин засварлах боломжгүй болсон байгалийн, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмөр замд их хэмжээний хохирол учирсан, тохиолдлыг;
4.1.39“төмөр замын тээврийн осол” гэж галт тэрэг нь өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн, замын байгууламж эвдэрсэн, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас их засварт орохоор эвдэрсэн, хүний эрүүл мэнд хохирсон тохиолдлыг;
4.1.40“аюулгүй байдал алдагдсан” гэж Төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг.
5 дугаар зүйлТөмөр замын тээвэрт баримтлах зарчим
5.1Төмөр замын тээвэрт дараах зарчмыг баримтална:
5.1.1хөдөлгөөний нэгдсэн зурмагтай байх;
5.1.2тээврийн үйл ажиллагаа тасралтгүй байх;
5.1.3тээврийн аюулгүй байдлыг хангасан байх;
5.1.4байнгын хяналттай байх;
5.1.5үйлчилгээний чанар, хүртээмжийг хангасан байх;
5.1.6тээвэрлэлтэд тэгш оролцоог хангах, үл ялгаварлах;
5.1.7эдийн засгийн үр ашигтай байх;
5.1.8зорчигчийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй байх
5.1.9төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа тээврийн бусад салбартай уялдаатай байх;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
6 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
6.1Улсын Их Хурал төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт, шалгалт хийх;
6.1.2төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3энэ хуулийн 18.1-т зааснаас бусад тохиолдолд төмөр замын царигийн сонголтыг шийдвэрлэх;
6.1.4төмөр замын зурвас газарт төмөр замын тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмшиж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг чөлөөлөх асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх;
7 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
7.1Засгийн газар төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батлах;
7.1.2төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, төмөр замын тээврийн хөгжлийн болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах;
7.1.3төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах;
7.1.4энэ хуулийн 6.1.3-т заасан царигийн сонголтын асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
7.1.5төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэлд тусгагдсан төмөр замын чигийг батлах;
7.1.6төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах шаардлагад үндэслэн нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлах;
7.1.7төмөр замаар тээвэрлэх нийгэм, эдийн засгийн, стратегийн ач холбогдол бүхий ачааны жагсаалтыг батлах;
7.1.8төмөр замын зурвас газрыг эзэмших, ашиглах журмыг холбогдох хуульд нийцүүлэн батлах;
7.1.9төмөр замын тээврийн байгууллагын ашиглах төмөр замын зурвас газрын хэмжээ, хугацааг тогтоох;
7.1.10төмөр замын зурвас газар эзэмшигч, ашиглагч хуулийн этгээдийн газрын төлбөрийг хөнгөлөх асуудлыг Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх;
7.1.11төмөр замын дэд бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;
7.1.12хилийн боомтын бүсэд төмөр замын дэд бүтцийг барих, ашиглахтай асуудлыг шийдвэрлэх;
7.1.13хууль тогтоомжид заасан бусад эрх.
8 дугаар зүйлТөмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
8.1.2олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах, хилийн төмөр замуудын зөвлөгөөнд оролцох, санал, зөвлөмжийг дэвшүүлэх;
8.1.3төмөр замын тээврийн салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн хяналт-шинжилгээг 2 жил, хөндлөнгийн үнэлгээг 4 жил тутамд зохион байгуулж, тайланг Засгийн газарт хүргүүлэх;
8.1.4төмөр замын тээврийн салбар дахь төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөх болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу төрийг төлөөлөн хэрэгжүүлэх;
8.1.5төмөр замын дэд бүтцийг ашиглалтад оруулахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;
8.1.6төмөр замын тээврийн салбарт мөрдөх дүрэм, журам, норм, заавар, технологийн горим, аргачлал, техникийн даалгаврыг батлах;
8.1.7төмөр замын тээврийн салбарын техникийн зохицуулалт, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;
8.1.8төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.9төмөр замын дэд бүтцийн эд анги, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;
8.1.10төмөр замын тээврийн салбарын статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хөтлөх журмыг батлах;
8.1.11тусгай тээвэрлэлтийн журмыг эрх бүхий байгууллагатай хамтран батлах;
8.1.12төмөр замын гармыг нээх, хаах, ашиглах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмж суурилуулах, тоноглох, засварлах, арчлах журмыг нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагатай хамтран батлах;
8.1.13төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, сургах, давтан сургах чиглэлийн бодлогоор хангах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журам батлах;
8.1.14төмөр замын тээврийн салбарын ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
8.1.15төмөр замын дэд бүтцийн магадлашгүй ажлын зардлыг тооцож, ажил гүйцэтгэгч байгууллагад олгох журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
8.1.16төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн дэглэмийг батлах;
8.1.17төмөр замын тээврийн салбарт заавал баталгаажуулах бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг боловсруулж, холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;
8.1.18галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд ба шууд бус холбоотой ажилтны ажил мэргэжлийн жагсаалт, тодорхойлолтыг батлах;
8.1.19төмөр замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгчээс тарифын өөрчлөлтийн талаар ирүүлсэн саналыг хянан үзэж, дүгнэлт гаргах;
8.1.20төмөр замын дэд бүтцийн төсөвт өртөг, жишиг үнэ, үнэлгээг батлах.
8.2Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага ажиллана.
8.3Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллуулж, зөвлөлийн ажиллах журмыг батална.
8.4Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
8.5Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журмыг Тагнуулын ерөнхий газартай хамтран батална.
8.6Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зорчих тусгай галт тэрэгний аялах журмыг Тагнуулын ерөнхий газартай зөвшилцөн батална.
8.7Төмөр замаар дахин экспорт \реэкспорт\ хийх журмыг Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
8.8Төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг ашиглахтай холбоотой бүртгэл, гэрчилгээжүүлэлт, оношлогоо, засвар, үйлчилгээний тарифыг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
8.9Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа төмөр замын тээврийн дэд бүтэц, барилга, байгууламж, хөдлөх бүрэлдэхүүнд нэвтрэх, холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээ, судалгаа, тайлан гаргуулах эрхтэй.
9 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
9.1Аймаг, нийслэлийн Засаг дарга төмөр замын тээвэртэй холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1аймаг, нийслэлийн зорчигч тээвэрт зорчигчийн галт тэрэг, метро болон эдгээртэй адилтгах төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах;
9.1.2тухайн нутаг дэвсгэрт орших төмөр замын зурвас газар, түүний гадна байрлах төмөр замын байгууламжид нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын тээврийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
9.1.3хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, сэргээн босгох үйл ажиллагаа болон цэргийн албанд татах, цэргийн дайчилгаанаас бусад дайчилгаанд хамруулахгүй байх;
9.1.4байгалийн гамшиг, сүйрэл, ослын улмаас төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд учирсан хор уршгийг арилгахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, мод, ус ашиглах зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай олгох;
9.1.5төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, төмөр замын сүйрэл, ослын улмаас учирсан хор уршгийг арилгахад тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа техник, тоног төхөөрөмжийг нөхөн олговортойгоор дайчлах, хүн хүчний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
9.1.6төмөр замын шугам, гүүр, хоолойн хоёр талаас тодорхой зайд худаг, усан сан, далан, суваг, хайрга олборлох ажил нь төмөр замын хиймэл байгууламжийн тогтвортой аюулгүй байдалд нөлөөлсөн бол төмөр замын тээврийн байгууллагатай хамтран үүнийг албадан зогсоох арга хэмжээ авч, тодорхой хугацаанд буруутай этгээдээр нөхөн сэргээх, анхны байдалд нь оруулах арга хэмжээ авна.
9.1.7төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэхийн тулд ижил бус түвшний байгууламжийг барьж ашиглах;
9.1.8төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар олгох, чөлөөлөх асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах;
9.1.9төмөр замын аюултай бүсийн дэглэмийг төмөр замын тээврийн байгууллагатай хамтран мөрдүүлэх.
10 дугаар зүйлТөмөр замын тээвэр дэх төрийн захиргааны хяналт
10.1Төмөр замын тээвэрт тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд тавих захиргааны хяналтыг Төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааны хяналтын алба хэрэгжүүлнэ.
10.2Хяналтын алба нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
10.3Хяналтын алба нь ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагчтай байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно.
10.4Байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.4.1төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
10.4.2төмөр замын тээвэрт ашиглаж байгаа дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажил, үйлчилгээ, технологийн горим нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, техникийн зохицуулалт, төмөр замын тээврийн дүрэм, журам, стандарт, техникийн нормын шаардлагад нийцэж байгаа эсэхийг өмчийн хэлбэр, байршил харгалзахгүйгээр шалгах;
10.4.3шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл, гэрчилгээг олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, сэргээх талаар холбогдох байгууллагад санал гаргах;
10.4.4зорчигч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, ачаа, ачаан тээш, тээштэй холбоотой баримт бичиг, бодит мэдээллийг шалгах;
10.4.5хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
10.5Хяналтын албаны байцаагч зөвхөн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа төмөр замын тээвэрт ашиглаж байгаа барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүнд саадгүй нэвтрэх, зорчих эрхтэй.
11 дүгээр зүйлТөмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага
11.1Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг уялдуулах, төмөр замын сүлжээний хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмагийг боловсруулж батлах, судалгаа-шинжилгээ, сургалт, техникийн зохицуулалт, төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
11.2Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.2.1төмөр замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
11.2.2төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосны дагуу олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах;
11.2.3төмөр замын тээврийн салбарт мөрдөх техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийг боловсруулах, сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
11.2.4төмөр замын сүлжээн дэх галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг боловсруулах, батлах, гүйцэтгэлд хяналт тавих, шинжилгээ хийх;
11.2.5төмөр замын дэд бүтэц эзэмшигч хооронд ачаа солилцох гэрээг бүртгэх, технологийн нэгдмэл бодлогоор хангах;
11.2.6төмөр замын зангилаа, өртөөдийн технологийн нэгдсэн горимыг баталж, техникийн нормативын биелэлтэд хяналт тавих;
11.2.7хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, дугаар, гэрчилгээ олгох, баталгаажуулах;
11.2.8төмөр замын дэд бүтэц, салбар замын хувийн хэрэг хөтлөх, төмөр замын тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
11.2.9төмөр замын тээврийн статистик тайлан, мэдээг улсын хэмжээнд нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгуулагад мэдээлэх;
11.2.10холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төмөр замын дэд бүтцийн дохиолол холбоо, сүлжээний радио зурвасыг ашиглах, хуваарилах;
11.2.11төмөр замын тээврийн зарим бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар эрх бүхий байгууллагад санал оруулах;
11.2.12Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төмөр замын дэд бүтцийн төсөвт өртөг, жишиг үнэ, үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй уялдуулан жил бүр боловсруулах, мөрдүүлэх;
11.2.13төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;
11.2.14төмөр замын тээврийн ачааны акт, гомдлын талаарх асуудлыг хариуцан ажиллах;
11.3Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь Сургалт, судалгаа-шинжилгээ болон оношилгоо, хэмжил зүйн нэгжтэй байна.
11.4Сургалт, судалгаа-шинжилгээ болон оношилгоо, хэмжил зүйн нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.4.1төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
11.4.2төмөр замын тээврийн салбарын мэргэжлийн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
11.4.3төмөр замын тээврийн салбарын оношилгоо, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
11.5Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах албатай байна.
11.6Төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.6.1шинжлэн шалгах ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;
11.6.2энэ хуулийн 12.2.8-д заасан дүрэм, 12.3.18-д заасан журмыг удирдлага болгон ажиллах;
11.6.3төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах ажлыг үр дүнтэй, шуурхай явуулахын тулд дэвшилтэт технологи ашиглах, мэргэжлийн лабораторид шинжилгээ хийлгэх;
11.6.4шинжлэн шалгах ажиллагааг бие даасан, хараат бусаар гүйцэтгэж, мэдээллийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх;
11.6.5төмөр замын тээвэрт гарсан сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан шалтгааныг шинжлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоож, шинжээчийн дүгнэлт, зөвлөмж гаргах;
11.6.6төмөр замын тээвэрт сүйрэл, осол гарах, аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах.
11.7Шинжлэн шалгах алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг, туслалцааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн үзүүлэх үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
12 дугаар зүйлТөмөр замын тээврийн дүрэм, журам
12.1Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батална.
12.2Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд дараах дүрмийг мөрдөнө:
12.2.1төмөр замын техник ашиглалтын дүрэм;
12.2.2төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм;
12.2.3төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм;
12.2.4галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг зохицуулалтын дүрэм;
12.2.5төмөр замын өртөө, зөрлөг шинээр барих, өргөтгөх ажлыг төсөллөх дүрэм;
12.2.6төмөр замын доод, дээд бүтэц, инженерийн хиймэл байгууламж, төхөөрөмжийг шинээр барих, шинэчлэх дүрэм;
12.2.7төмөр замын дохиолол, холбооны дүрэм;
12.2.8Төмөр замын тээврийн салбарт гарсан сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан шалтгааныг шинжлэн шалгах дүрэм.
12.3Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд дараах журмыг мөрдөнө:
12.3.1галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам;
12.3.2төмөр замын өртөөг ангилах түүнд зэрэглэл тогтоох, нээх, хаах, журам;
12.3.3төмөр замын дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийж, дүгнэлт гаргах журам;
12.3.4төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам;
12.3.5төмөр замын дэд бүтцийн хөдөлгөөнийг нээх, хаах, ашиглах, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх, шинэчлэх, засварлах журам;
12.3.6Төмөр замын дэд бүтцийг ашиглалтад оруулсны дараа олон улсын болон орон нутгийн харилцаанд нээх, хаах, зарлах журам;
12.3.7төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсэд тавигдах шаардлага, аюултай байгууламж байрлуулах зай, огтлолцол, байршил, нөхцөлийг тодорхойлох журам;
12.3.8төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах журам;
12.3.9төмөр замын дэд бүтэц ашиглуулах журам;
12.3.10төмөр замын тээвэрлэлт, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн ашиглалтын тарифыг тогтоох журам;
12.3.11төмөр замын аюултай бүс, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам;
12.3.12төмөр замын гарам ашиглах журам;
12.3.13төмөр замын тээвэрт хатуу тооцоот багаж ашиглах журам;
12.3.14Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг нэвтрүүлэх, бүртгэх журам;
12.3.15төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэгийг ашиглах, үйлдвэрлэх, засварлах, оношилгоо хийх эдгээрийн үйлчилгээний тооцоолол, тарифыг тогтоох журам;
12.3.16төмөр замын тээврийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сорилт, баталгаажуулалтад хамруулахад тавигдах шаардлага, хэмжих хэрэгслийг ашиглах журам;
12.3.17төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол, аюулгүй байдлыг судалж, бүртгэх журам;
12.3.18төмөр замын тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох журам;
12.3.19төмөр замын тээвэрлэлттэй холбоотой ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнд гэрчилгээ, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх журам;
12.3.20төмөр замын тээврийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам;
12.3.21төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам;
12.3.22аймаг, нийслэл, хотын дотор метро, хөнгөн галт тэрэг болон тэдгээртэй адилтгах төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнээр зорчигч тээвэрлэлт хийх, хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах журам;
12.3.23төмөр замын ажилтны хөдөлмөрийн нөхцөл, сахилгын тусгай журам;
12.3.24төмөр замын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, шалгалт авах журам;
12.3.25төмөр замын ажилтан албаны тусгай хувцас хэрэглэх журам;
12.3.26төмөр замын барилгын ажлын төсвийн жишиг норм;
12.3.27төмөр замын тээврийн хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм, техник хэрэгслийг ашиглах төсвийн жишиг үнэлгээ.
13 дугаар зүйлТөмөр замын тээвэр дэх тохирлын үнэлгээ
13.1Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой төмөр замын тээврийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тохирлын үнэлгээнд хамруулна.
13.2Төмөр замын тээврийн салбарт ашиглагдах дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний иж бүрдлийг үйлдвэрлэх, угсрах, засварлах эд анги, материал, техник, тоног төхөөрөмж нь гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн батламжтай байна.
13.3Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нь төмөр замын тээврийн холбогдох дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцэх эсэхийг төмөр замын тээврийн салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэгдсэн нэгж, эрх бүхий байгууллагатай хамтран баталгаажуулсан байна.
13.4Төмөр замын тээврийн салбарын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд хэмжил зүй, оношлогоо, чанарын баталгаажуулалт хариуцах нэгж нь тухайн ажил үйлчилгээний чадавхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгож итгэмжлэл авсан байна.
13.5Төмөр замын тээврийн тохирлын үнэлгээтэй холбоотой харилцааг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар зохицуулна.
13.6Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хянах, шинжлэх үйл ажиллагаанд ашиглах хэмжилт, оношлогооны багаж, техник, хэрэгсэлийн баталгаажуулалтыг Хэмжил зүйн тухай хуулиар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ ТАВИХ ШААРДЛАГА
14 дүгээр зүйлТөмөр замын тээврийн зориулалттай газарт үйл ажиллагаа явуулах
14.1Төмөр замын дэд бүтэц, салбар зам, ачилт, буулгалтын талбай, ачааны агуулах, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах болон төмөр замын байгууламжийг барих, ашиглах, хэвийн үйл ажиллагааг хангах зориулалт бүхий төмөр замын зурвас газар, аюултай бүс нь төмөр замын тээврийн зориулалттай газарт хамаарна.
14.2Төмөр замын тээврийн зориулалттай газрыг Газрын тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана.
14.3Төмөр замын шугамыг шинээр барих, өргөтгөх газрын асуудлыг аймаг, нийслэл, хотын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгана.
14.4Төмөр замын тээврийн зориулалттай газарт төмөр замын байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгж байрлах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, эд зүйлс байрлуулах, төмөр замын үйл ажиллагаанаас бусад байгууламжийг барихыг хориглоно.
15 дугаар зүйлТөмөр замын зурвас газар, түүний өмчлөл, эзэмшил, ашиглалт
15.1Төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг төмөр замын зурвас газарт хамаарна.
15.2Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна.
15.3Төмөр замын зурвас газрыг үндсэн зурвас газар, хамгаалалтын нэмэлт зурвас газар гэж ангилах ба зурвас газрын хэмжээг стандартаар тогтооно.
15.4Төмөр замын зурвас газрыг эзэмших, ашиглах харилцааг энэ хуулийн 7.1.8-д заасан журмаар зохицуулна.
15.5Төмөр замын тээврийн аюулгүй байдалд саад учруулах, үзэгдэх орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол төмөр замын зурвас газрын мод, бут, өвс, ургамлыг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох, хадах арга хэмжээ авна.
15.6Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах болон төмөр замыг өргөтгөх зориулалтаар төмөр замын зурвас газрыг нэмэгдүүлж болно.
15.7Төмөр замын зурвас газарт эрчим хүч, дохиолол, холбооны шон, цамхаг, газар доорх инженерийн шугам, кабелийн сүлжээг холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын дагуу байрлуулж болно.
15.8Төмөр замын зурвас газар дахь төмөр замын эрчим хүч, дохиолол холбооны хээрийн байгууламжийн агаарын шугамын багана болон газар доорх инженерийн шугам бусад аймаг, нийслэл, хотын кабелийн сүлжээ, инженерийн шугам сүлжээ огтлолцох тохиолдолд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.
15.9Төмөр замын зурвас газарт төмөр замын тээвэрлэлттэй холбоогүй ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
16 дугаар зүйлТөмөр замын хамгаалалтын бүс
16.1Төмөр замын дэд бүтцийг гадны сөрөг хүчин зүйл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төмөр замын тээврийн сүйрэл, осол гарах, аюулгүй байдал алдагдах, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх, аюулгүй байдал зөрчигдөхөөс хамгаалах зориулалт бүхий газар нь төмөр замын хамгаалалтын бүсэд хамаарна.
16.2Төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсэд үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах, түүнд байрлах байгууламжид тавигдах шаардлагыг энэ хуулийн 8.1.17-т заасан дэглэмээр зохицуулна.
16.3Нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн онц чухал гүүр, хонгил, зам, гарц, гармыг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад байна.
17 дугаар зүйлУлсын хилийн бүс дэх төмөр замын тээврийн зохицуулалт
17.1Улсын хилийн бүс дэх төмөр замаар галт тэрэгний хөдөлгөөн, зорчигч болон ачаа тээвэрлэлт, ачаа коммерийн ажлыг зохион байгуулах, хилээр нэвтрүүлэх, хөдлөх бүрэлдэхүүн солилцох, тэргэнцэр солих, ачааг шилжүүлэх, хилийн хяналтын үзлэг, шалгалт хийх горимоор тогтоох үйл ажиллагааг хоёр улсын төмөр замын тээврийн талаар байгуулсан хэлэлцээр, түүний протоколыг үндэслэн зохицуулна.
17.2Хил залгаа улстай шинээр нээх төмөр замын боомтын зэрэглэлийн асуудлыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
18 дугаар зүйлТөмөр замын цариг
18.1Төмөр замын царигийн сонголтыг энэ хуулийн 6.1.3-д зааснаар шийдвэрлэнэ.
18.2Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, хүн ам, нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн хэмжээ ижил байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
19 дүгээр зүйлТөмөр замын сүлжээ
19.1Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан холбогдож, ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг нэгдсэн зурмагаар үзүүлж байгаа төмөр замын дэд бүтэц бүхий төлөвлөлт, техник, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын нэгдмэл системийг төмөр замын сүлжээ гэнэ.
19.2Төмөр замын сүлжээ нь нийтийн ба нийтийн бус хэрэглээний төмөр замын дэд бүтэцтэй, төмөр замын шугам, технологийн иж бүрдлийг хангасан нэгдсэн удирдлага, зохицуулалттай байна.
19.3төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
19.3.1галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт нэгдмэл, төвлөрсөн байх;
19.3.2зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн бичиг баримттай байх;
19.3.3цахим мэдээлэл, баримт бичиг солилцох нэгдмэл технологи, сүлжээтэй байх;
19.4Төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд дараах хүчин зүйлийг харгалзана:
19.4.1хүн амын суурьшил, хот, суурин газрын байршил, ирээдүйн хөгжлийн төлөв;
19.4.2ашигт малтмалын орд газрын байршил, нөөц, түүнийг ашиглах боломж;
19.4.3олон улсын болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв;
19.4.4аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл, аялал жуулчлалын газар, нөөц газар, амралт, сувиллын газрын бүс нутгийн байршил;
19.4.5эрчим хүч, холбоожуулалтын нэгдсэн тогтолцоо, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөв;
19.4.6газрын гадаргын хэв шинж, газар зүйн байршил, бартаажилт, инженер-геологийн нөхцөл;
19.4.7тусгай хамгаалалтай газар нутгийн байршил, ирээдүйн төлөв;
20 дугаар зүйлТөмөр замын дэд бүтцийн зураг төсөл
20.1Төмөр замын дэд бүтцийн зураг төслийг энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, ажлын даалгавар, норм нормативын баримт бичигт нийцүүлэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
20.2Төмөр замын дэд бүтцийн зураг төслийг энэ хууль болон холбогдох бусад төмөр замын дүрэм, журмыг үндэслэн боловсруулахдаа газрын хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулж, геодезийн хэмжилт, техникийн нөхцөлд тулгуурлан дараах үе шаттайгаар гүйцэтгэнэ:
20.2.1төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл;
20.2.2техникийн шийдэл, нөхцөл, ажлын зураг, төсөв.
20.3Салбар замын зураг төслийг нэг үе шаттай ажлын зургаар хийж болно.
20.4Төмөр замын дэд бүтцийн зураг төслийг боловсруулахдаа инженер, хайгуул, геологийн судалгааны ажил, түүний магадлалын дүгнэлт, нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл байгаль, орчны үнэлгээ, археологи, палеонтлогийн судалгаа, зэрлэг мал, ан амьтан нүүдэл, хөдөлгөөн хийхэд зориулсан гарц, тунель, хонгилын техникийн шийдлийн судалгааг хийсэн байна.
20.5Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулах төмөр замын дэд бүтцийн зураг төслийг гадаадын болон олон улсын байгууллага боловсруулах тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
20.6Төмөр замын дэд бүтцийн зураг төсөлд Монгол Улсын эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулж баталгаажуулсан байна.
20.7Төмөр замын дэд бүтцийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, учирсан хохирлыг барагдуулна.
20.8Энэ хуулийн 20.6-д заасан зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна.
21 дүгээр зүйлТөмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт
21.1Нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах шаардлагад нийцүүлэн төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
21.2Нийтийн бус хэрэглээний төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, төлөвлөлттэй уялдсан байх бөгөөд төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй гүйцэтгэнэ.
21.3Аймаг, нийслэл, хот төлөвлөлтийн бүс доторх төмөр замын шугам, өртөө, зангилаа болон бусад байгууламжийн төлөвлөлт нь тэдгээрийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байна.
21.4Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт стандартын дагуу барьж гүйцэтгэнэ.
21.5Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын техник, технологийн хараат бус хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, захиалагч, гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
21.6Захиалагч нь төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг, геодезийн цэгүүдийг хүлээлгэн өгсөн акт, газар эзэмших зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч төмөр замын дэд бүтцийн барилгын ажил гүйцэтгэх талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.
21.7Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын явц, техник, технологи болон гүйцэтгэлийн хяналтын ажлыг энэ хуулийн 12.3.4-т заасан журмаар зохицуулна.
21.8Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын төсөвт магадлашгүй ажлын зардал, гэрээгээр гүйцэтгэх хараат бус хяналтын ажлын зардлыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан норм норматив, техникийн даалгаврыг үндэслэн хувь хэмжээгээр тогтооно.
21.9Төмөр замын дэд бүтцийн магадлашгүй ажлын зардлыг энэ хуулийн 8.1.16-д заасан журмын дагуу тооцож олгоно.
21.10Техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг тухайн төмөр замын дэд бүтцийн төсөвт тусгана.
21.11Төрийн захиргааны холбогдох байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг саадгүй, хэвийн явуулахад дэмжлэг үзүүлнэ.
21.12Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг магадлан баталгаажуулсан зураг төсөл, төсөв болон техник, технологийн хараат бус хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
22 дугаар зүйлТөмөр замын дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах, нийтэд зарлах
22.1Төмөр замын дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ажиллагааг энэ хуулийн 12.3.5-т заасан журмаар зохицуулна.
22.2Ашиглалтад хүлээн авах төмөр замын дэд бүтэц нь холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан байна.
22.3Захиалагч нь төмөр замын дэд бүтцийн барилга угсралтын ажил дуусч Улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө барилга угсралтын ажил дууссан тухай гүйцэтгэгчийн албан ёсны мэдэгдлийн дагуу дараах үүрэг бүхий техникийн комиссыг томилон ажиллуулна:
22.3.1гүйцэтгэлийн зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг шалгах;
22.3.2тухайн төмөр замын дэд бүтэц батлагдсан зураг, төсөл, төсөв болон түүнд оруулсан өөрчлөлтийн дагуу баригдсан, суурилуулагдсан эсэхийг шалгах;
22.3.3төмөр замын дэд бүтэц, түүний бүрдлийг шалгах, турших, акт, баримт, тайлан бүрдүүлж дүгнэлт гаргах.
22.4Захиалагч нь төмөр замын дэд бүцийг ашиглалтад оруулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
22.4.1төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тайлан;
22.4.2барилгын ил, далд ажлын акт;
22.4.3зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
22.4.4захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
22.4.5төмөр замын дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
22.4.6барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;
22.4.7төмөр замын дэд бүтцэд хийгдсэн хийц, бүтээцийн шинжтэй өөрчлөлтийн зураг төсөл, түүний зохиогчийн зөвшөөрөл, магадлалын дүгнэлт;
22.4.8төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэлийн зураг;
22.4.9техникийн комиссын үүрэг даалгаврын биелэлт;
22.4.10төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийн тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.
22.5Тодорхой чиглэлийн төмөр замыг төмөр замын дэд бүтцийн зураг, төслийн дагуу аль нэг өртөөгөөр хэсэгчлэн хүлээн авч, байнгын ашиглалтад оруулж болно.
22.6Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.4-т заасан баримт бичиг нь шаардлага хангасан тохиолдолд Төмөр замын дэд бүтцийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссыг томилно.
22.7Төмөр замын дэд бүтцийг шинээр барих явцад төмөр замын тээврийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах зорилгоор замын чигжээсийг нягтаршуулах, тогтворжуулах түр ашиглалтад оруулж болно.
22.8Төмөр замын дэд бүтцийг түр ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг энэ хуулийн 12.3.5-д заасан журмаар зохицуулна.
22.9Төмөр замын дэд бүтцийг дараах тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана:
22.9.1энэ хуулийн 22.4-д заасан баримт бичиг дутуу;
22.9.2холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын нөхцөл, шаардлагыг зөрчсөн.
23 дугаар зүйлТөмөр замын дэд бүтцийн хувийн хэрэг
23.1Төмөр замын дэд бүтцэд төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэлийн зураг, төсөл, төсөв, барилгын ил, далд ажлын акт, дэд бүтэц барих ажлын явцын баримт бичиг, чанарт холбогдох эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгээс бүрдсэн хувийн хэрэгтэй байна.
23.2Төмөр замын дэд бүтэц өмчлөгч дэд бүтцийн хувийн хэргийг төмөр замын тээврийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.
24 дүгээр зүйлТөмөр замын дэд бүтцийн төсөв
24.1Төмөр замын дэд бүтэц шинээр барих, шинэчлэн сайжруулах, түүнд засвар, үйлчилгээ хийх ажлын санхүүжилт нь хувийн хэвшил, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж, мөн хуулиар хориглоогүй бусад эх үүсвэртэй байна.
24.2Төмөр замын дэд бүтцийн төсөв нь дараах шаардлагыг хангасан байна:
24.2.1төмөр замын чиг, байгаль, цаг уурын нөхцөл, зурвас газартай холбоотой тооцоо, зардлыг холбогдох жишиг нормын дагуу боловсруулсан байх
24.2.2улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн хийгдэх бол тухайн төслийг дуустал жил бүрийн төсөвт тусгах;
24.2.3магадлалд орсон байх;
24.3Төмөр замын дэд бүтцийн үнэ бүрдэл, төсөвтэй холбоотой төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийг удирдлага болгосон байна.
24.4Төмөр замын дэд бүтцийн төсвийг техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу урьдчилан тогтооно.
24.5Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төмөр замын дэд бүтцийн төсвийг эрх бүхий мэргэшсэн төсөвчнөөр хийлгэсэн байна.
24.6Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төмөр замын дэд бүтцийн материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран төмөр замын дэд бүтцийн төсвийн өөрчлөлтийг шинэчлэн боловсруулна.
24.7Энэ хуулийн 24.6-д заасан шинэчлэгдсэн төсвийг санхүү, төсвийн болон төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
24.8Холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын гүйцэтгэлийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.
25 дугаар зүйлТөмөр замын дэд бүтцэд тавигдах шаардлага
25.1Төмөр замын дэд бүтэц нь нийтийн ба нийтийн бус хэрэглээний гэсэн төрөлтэй байна.
25.2Төмөр замын нийтийн хэрэглээний дэд бүтцэд төрийн өмчийн оролцоотой байгуулагдсан, нийтэд зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай төмөр замыг хамааруулна.
25.3Төмөр замын нийтийн бус хэрэглээний дэд бүтцэд аж ахуйн нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулж тээвэр хийдэг төмөр замын дэд бүтцийг хамааруулна.
25.4Төмөр замын нийтийн болон нийтийн бус хэрэглээний дэд бүтцийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн нэрээр бүртгүүлсэн байна.
25.5Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцийг чиг үүрэг, хүчин чадлыг нь харгалзан дараах байдлаар ангилна:
25.5.1улсын эдийн засаг нийгмийн ач холбогдол бүхий нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтэц;
25.5.2бүс нутгийн зориулалт бүхий нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтэц.
25.6Улсын эдийн засаг, нийгэм болон бүс нутгийн ач холбогдолтой нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн ангиллыг Засгийн газар тогтооно.
25.7Төмөр замын дэд бүтэц нь энэ хуулийн 4.1.11-д зааснаас гадна бүс нутгийн онцлогоос хамааран дараах бүрдэл хэсэгтэй байна:
25.7.1мал, амьтны нүүдлийг саадгүй нэвтрүүлэх гарц, гарам;
25.7.2хориг хашаа, ус зайлуулах суваг шуудуу, голдирол чиглүүлэх далан, нурангийн хамгаалалтын хана, элсний нүүдлээс хамгаалах ногоон байгууламж, хот, суурин газарт аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс хамгаалах хашаа;
25.7.3төмөр замын дэд бүтцийн үйлдвэрлэл, ашиглалт, засварын зориулалттай барилга байгууламж.
25.8Төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийг өөрчлөхийг хориглоно.
26 дугаар зүйлТөмөр замын дэд бүтцийн өмчлөл, эзэмшил
26.1Улсын эдийн засаг нийгэмд стратегийн ач холбогдолтой төмөр замын дэд бүтцийг төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшинэ.
26.2Дэд бүтэц эзэмших хуулийн этгээдийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
26.3Төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд стратегийн ач холбогдолтой дэд бүтцээс бусад төмөр замын барилга байгууламж, салбар зам болон нийтийн бус хэрэглээний дэд бүтэц нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно.
26.4Нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтэц төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байна.
26.5Энэ хуулийн 26.4-т зааснаас бусад төмөр замын дэд бүтэц барих, ашиглах, шилжүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн төмөр замын дэд бүтцийн өмчлөлийн харилцааг Концессын тухай хуулиар зохицуулна.
26.6Концессоор хэрэгжүүлэх нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг тусгай зөвшөөрөлд тусгасан байна.
27 дугаар зүйлТөмөр замын дэд бүтцийн үйлчилгээ
27.1Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцсэн байна.
27.2Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээг тэгш эрхийн зарчмыг баримтлан, гэрээний үндсэн дээр үзүүлнэ.
27.3Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь тухайн дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлт, сайжруулалтын суурь судалгаа бүхий хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байх ба төлөвлөгөө нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдсан байна.