Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ням-Осорын УЧРАЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2020 ОНЫ 5-Р САРЫН 2 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хувийн тэтгэврийн санд шимтгэл төлөх, хувийн тэтгэврийн гэрээ байгуулж данс нээх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, тэтгэвэр олгох болон хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдон үүсэх харилцааг зохицуулах, шимтгэл төлөгч, эрх залгамжлагч, өвлөгчийн эрх ашгийг хамгаалахад оршино.
1.2.Энэ хууль нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 3.2-т заасан даатгалын харилцаанд хамаарахгүй.
1.3.Энэ хууль нь хувийн тэтгэврийн сан үүсгэн байгуулах болон удирдан зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих төрийн эрх бүхий байгууллагын үүрэг оролцоог тодорхойлно.
2 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн тухай хууль тогтоомж
2.1.Хувийн тэтгэврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн хамрах хүрээ
3.1.Хувийн тэтгэвэртэй холбоотой эрх зүйн харилцааг дараах хууль тогтоомжийн хүрээнд зохицуулна:
3.1.1.хувийн тэтгэврийн сан болон шимтгэл төлөгч, түүний эрх залгамжлагч, өвлөгч нарын хооронд үүсэх эрх зүйн харилцааг энэ хууль болон Иргэний хуулиар зохицуулна.
3.1.2.ажилтан болон ажил олгогчоос хувийн тэтгэврийн санд шимтгэл төлөх харилцааг энэ хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
3.1.3.хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж, тэтгэврийн хуримтлал үүсгэж буй шимтгэл төлөгч болон түүний ажил олгогч нарын хооронд үүсэх эрх зүйн харилцааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
3.1.4.кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн харилцаа, хариуцлагатай холбоотой асуудлыг энэ хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хувийн тэтгэвэр
4.1.Ажилтан буюу даатгуулагч хүсэлт гарган Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан Тэтгэврийн даатгалын санд төлөх шимтгэлийн даатгуулагчийн хоёр хувь болон ажил олгогчийн хоёр хувь, нийт дөрвөн хувийг өөрийн сонгосон Хувийн тэтгэврийн санд төлж болно.
4.2.Хувийн тэтгэвэр нь шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын тогтолцоотой байх ба хувийн тэтгэврийн шимтгэл төлөгч нь тэтгэврийн насанд хүрсэн эсхүл хөдөлмөрийн бүрэн чадвараа алдсан үедээ хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах боломжоор хангагдана.
4.3.Ажилтан буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагч өөрийн сонголтоор Хувийн тэтгэврийн санд хамрагдана.
4.4.Хувийн тэтгэврийн санг төрийн зохицуулах байгууллагын хяналт доор байгуулагдсан этгээд эрхэлнэ.
4.5.Хувийн тэтгэврийн санд шимтгэлийг мөнгөн хэлбэрээр төлөх ба тэтгэврийг мөнгөн хэлбэрээр олгоно.
4.6.Хувийн тэтгэврийн санг төрөөс зохицуулах ба тэтгэврийн сангийн удирдлага, үйл ажиллагаа, тайлагнал болон засаглал нь ил тод, нээлттэй болон мэдээллийн тэнцвэртэй байх зарчимд нийцсэн байна.
5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1.”шимтгэл төлөгч” гэж Хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж , хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлж буй Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн эсхүл харьяалалгүй хүнийг;
5.1.2.“ажил олгогч” гэж өөрийн ажилтны өмнөөс хувийн тэтгэврийн санд шимтгэлийг шилжүүлж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-т заасан этгээдийг;
5.1.3.”хувийн тэтгэврийн сан” гэж энэ хуульд заасны дагуу Санхүүгийн Зохицуулах хорооноос Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, Компанийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үүсгэн байгуулагдсан этгээдийг;
5.1.4.“Санхүүгийн зохицуулах хороо” гэж Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-т заасан төрийн байгууллагыг;
5.1.5.“тэтгэвэр” гэж шимтгэл төлөгч нь Хувийн тэтгэврийн сангаас тэтгэврийн гэрээний дагуу авах, эсхүл нас барснаас шалтгаалан өөрийн эрх залгамжлагч, эсхүл өвлөгчид олгуулах мөнгөн хөрөнгийг;
5.1.6.“тэтгэврийн гэрээ” гэж шимтгэл төлөгч нь Хувийн тэтгэврийн сантай байгуулсан Хувийн тэтгэврийн гэрээг;
5.1.7.“тэтгэврийн нас” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тодорхойлсныг;
5.1.8.“тэтгэврийн данс” гэж шимтгэл төлөгчийн нэр дээр төвлөрүүлсэн хувийн тэтгэврийн хуримтлал, түүний орлого, ашиг, алдагдлаас энэ хуульд заасан зардлын хэмжээг хасаж тооцсон мөнгөн хуримтлалыг Хувийн тэтгэврийн сангаас бүртгэх дансыг;
5.1.9.“тэтгэврийн хөрөнгө” гэж шимтгэл төлөгчдийн шимтгэлээр бүрдсэн нийт хөрөнгийг;
5.1.10.“баталгаат өгөөж” гэж тэтгэврийн дансанд тухайн тайлант хугацаанд мөнгөн орлого хэлбэрээр бүртгэгдэх, хувийн тэтгэврийн сангаас баталгаа гаргасан хөрөнгө оруулалтын орлогыг;
5.1.11.“багц дүрэм” гэж Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор Санхүүгийн Зохицуулах хорооноос баталсан багц дүрэм, журмыг;
5.1.12.“кастодиан” гэж тэтгэврийн хөрөнгийг тусгаарлан хадгалах, төлбөр тооцоог гүйцэтгэн тэтгэврийн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх зэрэг үйлчилгээг энэ хууль болон кастодианы үйлчилгээний гэрээний хүрээнд үзүүлэх кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг;
5.1.13.“нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-т заасан этгээдийг;
5.1.14.“нэг удаагийн багц тэтгэвэр” гэж тэтгэврийн насанд хүрсэн шимтгэл төлөгч нь тэтгэврийн хуримтлалаасаа нэг удаа авах мөнгөн хөрөнгийг;
5.1.15.“хуваарьт тэтгэвэр” гэж шимтгэл төлөгч нь тэтгэврийн хуримтлалыг Хувийн тэтгэврийн сантай тодорхой хуваарь тохирон тогтсон дүнгээр тэнцүү авах мөнгөн хөрөнгийг;
5.1.16.“өвлөгч” гэж Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан хувь хүн эсхүл хуулийн этгээдийг;
5.1.17.“үүсмэл санхүүгийн хэрэгсэл” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.7-д заасныг;
5.1.18.“үнэлгээ хийх өдөр” гэж Хувийн тэтгэврийн сангаас тогтоосон тэтгэврийн хөрөнгийн үнэлгээг хийх тогтмол огноог, өдрөөр эсхүл сараар тооцсоныг;
5.1.19.“хамаарал бүхий этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.31-д заасан этгээдийг;
5.1.20.“холбогдох этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан этгээдийг;
5.1.21.“хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах” гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 29.2-т заасны дагуу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосныг;
5.1.22.“хөрөнгө оруулалтын бодлого” гэж хөрөнгө оруулалтын бодлого болон зарчмыг тодорхойлсон, тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулахтай холбоотой шийдвэр гаргахад удирдамж болгон ашиглах, Хувийн тэтгэврийн сангаас баталж Санхүүгийн Зохицуулах хорооноос зөвшөөрсөн баримт бичгийг;
5.1.23.“тэтгэврийн хуримтлал” гэж Хувийн тэтгэврийн сан дахь шимтгэл төлөгчийн тэтгэврийн дансанд хуримтлагдах шимтгэл төлөгчийн болон ажил олгогчийн төлсөн шимтгэл, хөрөнгө оруулалтын орлого зэргээс бүрдэх мөнгөн дүнг;
5.1.24.“эрсдэлийн удирдлагын бодлого” гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос Хувийн тэтгэврийн сангийн эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бодлого ба тэдгээр нь үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын эрсдэлийн үнэлгээг мөн хамарна;
5.1.25.“эрх залгамжлагч” гэж шимтгэл төлөгч нь тэтгэвэр авахаас өмнө нас барсан тохиолдолд тэтгэврийн дансыг хүлээн авахаар шимтгэл төлөгчийн нэрлэсэн хувь хүнийг;
5.1.26.”хувийн тэтгэврийн сангийн зардал” гэж хувийн тэтгэврийн санд бусдаас үзүүлэх хөрөнгө итгэмжлэн удирдах, кастодиан, нягтлан бодох бүртгэл, аудитын болон захиргааны нийт зардлыг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ БОЛОН ТҮҮНИЙ БҮРТГЭЛ
6 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн санд хамрагдах, шимтгэл төлөх
6.1.Хувийн тэтгэврийн хуримтлал нь хугацаагүй байх бөгөөд шимтгэл төлөгч нь хувийн тэтгэврийн сангаас ирээдүйд тэтгэвэр авахад зориулагдсан байна.
6.2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.6-д заасан даатгуулагч хүсэлт гарган мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан Тэтгэврийн даатгалд төлж буй даатгуулагчийн хоёр хувь, ажил олгогчийн хоёр хувь, нийт дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлж, хувийн тэтгэвэрт хамрагдаж болно.
6.3.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу хувийн тэтгэвэрт хамрагдсан иргэн нэмэлтээр, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн сайн дураар хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж, хувийн тэтгэвэрт хамрагдаж болно.
6.4.Энэ зүйлийн 6.2-т заасан шимтгэл төлөгчийн төлөх шимтгэлийг ажил олгогч нь түүний цалин хөлснөөс суутгаж Хувийн тэтгэврийн санд шилжүүлнэ. Ажил олгогч тус шимтгэлийг ажилтны цалин олгосон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор бүрэн шилжүүлсэн байна. Шимтгэл төлөөгүйтэй холбогдох гарах хариуцлагыг ажил олгогч бүрэн хариуцна.
6.5.Энэ зүйлийн 6.3-т заасан шимтгэлийг шимтгэл шимтгэл төлөгч өөрөө хувийн тэтгэврийн санд төлнө.
6.6.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.6-д заасан даатгуулагч нь хувийн тэтгэвэрт хамрагдах хүсэлтээ гаргаж, хувийн тэтгэврийн сантай тэтгэврийн гэрээ байгуулаагүй бол энэ зүйлийн 6.2-т заасны дагуу хувийн тэтгэвэрт хамрагдаагүйд тооцно.
6.7.Шимтгэл төлөгч гэрээ байгуулсан хувийн тэтгэврийн сангаа сольж болно.
6.8.Энэ зүйлийн 6.7 дахь хэсгийн дагуу Хувийн тэтгэврийн сангаа сольж байгаа шимтгэл төлөгч өөрийн ажил олгогчид 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.
6.9.Ажил олгогчийн зүгээс ажилтныг Хувийн тэтгэврийн санд хамрагдахыг шаардаж үл болно.
6.9.Ажил олгогчийн зүгээс ажилтныг Хувийн тэтгэврийн санд хамрагдахыг шаардаж үл болно.
6.11.Ажил олгогч нь тухайн сарын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.3-т заасан тайлангийн хамт дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.
7 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн санд тэтгэврийн данс нээх, хуримтлал үүсгэх
7.1.Дараах этгээд хувийн тэтгэвэрт хамрагдан, тэтгэврийн данс нээж, хуримтлал үүсгэж болно.
7.1.1.Монгол Улсын иргэн;
7.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаад улсын иргэн эсхүл харьяалалгүй хүн.
7.2.Энэ зүйлийн 7.1-д заасан этгээд хүсэлт гарган тэтгэврийн гэрээ байгуулж Хувийн тэтгэврийн санд өөрийн нэр дээр данс нээснээр Хувийн тэтгэврийн сангийн шимтгэл төлөгч болно.
8 дугаар зүйл.Тэтгэврийн гэрээ, гэрээний нөхцөл
8.1.Тэтгэврийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байна.
8.2.Шимтгэл төлөгч Хувийн тэтгэврийн сантай тэтгэврийн гэрээг бичгээр байгуулна.
8.3.Тэтгэврийн гэрээг хугацаагүйгээр байгуулах ба талуудын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахыг хориглоно.
8.4.Тэтгэврийн гэрээнд талууд хувийн тэтгэврийн шимтгэл төлөх, данс нээх, хяналт тавих, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын орлого бүртгэх, хувийн тэтгэврийн сангийн зардал тооцох, тэтгэвэр олгох, эрх залгамжлагч болон өвлөгч тогтоох, хувийн тэтгэврийн санг солих, санал гомдол, маргаан шийдвэрлэх зэрэг харилцааг тусгасан байна.
8.5.Тэтгэврийн гэрээнд шимтгэл төлөгчийн тэтгэврийн хуримтлалд тооцох баталгаат өгөөж болон хөрөнгө оруулалтын ашиг, алдагдлыг хуваарилах хувь, хэмжээг тусгана.
8.6.Тэтгэврийн гэрээнд баталгаат өгөөжийн тохиролцооны талаар дурдах ба баталгаат өгөөжийн хэмжээнээс илүү гарсан хөрөнгө оруулалтын орлогыг Хувийн тэтгэврийн сан хэрхэн хуваарилах талаар мөн тусгана.
8.7.Хувийн тэтгэврийн сан нь тэтгэврийн гэрээний нөхцөлийг нийтэд эрх тэгш санал болгох ба тэтгэврийн журмыг олон нийтэд ил тод танилцуулна.
8.8.Хувийн тэтгэврийн сан нь тэтгэврийн гэрээг байгуулахдаа тодорхой иргэн, хэсэг бүлэг этгээдэд давуу байдал олгохыг хориглоно.
9 дугаар зүйл.Тэтгэврийн данс
9.1.Энэ хуульд заасны дагуу төлөх тэтгэврийн шимтгэл, үүссэн тэтгэврийн хуримтлал, түүний хөрөнгө оруулалтын орлогыг шимтгэл төлөгчийн нэр дээр тэтгэврийн дансанд бүртгэх ба хувийн тэтгэврийн сангийн зардлыг энэ хуулиар зөвшөөрсөн хэмжээнд хасч тооцно.
9.2.Хувийн тэтгэврийн сан нь тэтгэврийн дансыг удирдахтай холбогдон гарах хувийн тэтгэврийн сангийн зардлаас бусад бүх зардлыг тэтгэврийн данснаас тусад нь бүртгэнэ.
9.3.Хувийн тэтгэврийн сантай гэрээ байгуулсан даруйд шимтгэл төлөгчид тэтгэврийн данс нээж, тэтгэврийн дансны гүйлгээ, дансны хуулгыг цахим хэлбэрээр нэвтрэн хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ.
9.4.Хувийн тэтгэврийн дансанд тэтгэврийн хуримтлал болон хөрөнгө оруулалтын орлогыг бүртгэх, тэтгэврийн дансны ашиг, алдагдлыг тооцоолох зэргийг тодорхойлсон багц дүрмийг Санхүүгийн зохицуулах хороо батална.
9.5.Хувийн тэтгэврийн сан нь шимтгэл төлөгчийн нэр дээрх тэтгэврийн дансны хуримтлалын дүнг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан аргачлалын дагуу сар тутам тооцоолно.
9.6.Хувийн тэтгэврийн сангаас баталгаат өгөөж амласан бол шимтгэл төлөгчийн тэтгэврийн дансанд Санхүүгийн зохицуулах хорооны баталсан журмын дагуу сар бүр тооцож төлнө. Хөрөнгө оруулалтын цэвэр ашгийн дүн баталгаат өгөөжийн дүнгээс бага байх нөхцөлд тухайн зөрүүг Хувийн тэтгэврийн сан өөрийн хөрөнгөөр сар бүр тооцож, нөхөж олгоно. Ийнхүү баталгаат өгөөжийн дүнгийн зөрүүг төлөөгүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос Хувийн тэтгэврийн сангийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болно.
9.7.Хувийн тэтгэврийн сан нь тэтгэврийн данс бүрийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.
10 дугаар зүйл.Тэтгэврийн дансан дахь хөрөнгийн эрх
10.1.Тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгө нь шимтгэл төлөгчийн хөрөнгө болно. Тухайн хөрөнгийг захиран зарцуулах үнэмлэхүй эрх нь энэ хуульд зааснаар зөвхөн шимтгэл төлөгч нь тэтгэврийн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, нас барсан эсхүл энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл бий болсон тохиолдолд үүснэ.
10.2.Энэ хуулийн 10.1-т заасан үнэмлэхүй эрх үүсэхээс бусад тохиолдолд шимтгэл төлөгч, түүний эрх залгамжлагч, өвлөгч нь тэтгэврийн хуримтлалыг захиран зарцуулах эрхгүй байна.
10.3.Шимтгэл төлөгч, ажил олгогч, хувийн тэтгэврийн сан, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон бусад этгээдийн эсрэг үүссэн шаардах эрхийг хангах зорилгоор тэтгэврийн хуримтлалыг барьцаалах, битүүмжлэх, шилжүүлэх, эсхүл бусад байдлаар захиран зарцуулах эрхийг хязгаарлахыг хориглоно.
10.4.Тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгө нь шимтгэл төлөгч, хувийн тэтгэврийн сан, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, бусад этгээдтэй холбоотой аливаа шийдвэр гүйцэтгэл, эвлэрэл түүнтэй адилтгах бусад ажиллагаанд хамаарахгүй ба хамааруулсан тохиолдолд хүчингүйд тооцно.
10.5.Шимтгэл төлөгчийн амь насанд өндөр эрсдэлтэй өвчин, гэнэтийн ослын улмаас эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд шимтгэл төлөгч өөрөө, өөрөө гаргах боломжгүй тохиолдолд эрх залгамжлагч эсхүл түүний гэр бүлийн гишүүн тэтгэврийн дансанд хуримтлагдсан тэтгэврийн хөрөнгийн 50 хүртэл хувийг зарцуулах хүсэлт гаргаж болно.
10.6.Шимтгэл төлөгч нь насанд хүрснээсээ хойш анх удаа өөрийн нэр дээр орон сууц худалдан авах бол шимтгэл төлөгч нь өөрөө тэтгэврийн хуримтлалын 30 хүртэл хувийг зарцуулах хүсэлт гаргаж болно.
10.7.Энэ зүйлийн 4, 5 дахь хэсгийн дагуу зарцуулах хөрөнгийг зөвхөн тухайн үйлчилгээ авсан эмнэлэг эсвэл, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН
11 дүгээр зүйл.Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулах
11.1.Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь энэ хууль болон Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байна.
11.2.Хувийн тэтгэврийн санг хэд хэдэн этгээд хувь нийлүүлэн үүсгэн байгуулах ба нэг үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 10 хувиас ихгүй байна.
11.3.Энэ зүйлийн 11.1-д заасан этгээд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
11.4.Хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ 20 тэрбум төгрөгөөс багагүй байна.
11.5.Хувийн тэтгэврийн сангийн тогтвортой байдал, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан өөрийн хөрөнгө болон тэтгэврийн хөрөнгийн зохистой харьцааг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож мөрдүүлнэ.
11.6.Хувийн тэтгэврийн сангийн нэр нь түүний оноосон нэр болон “Хувийн Тэтгэврийн Сан” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ХТС” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
11.7.Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад этгээд тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, хувийн тэтгэврийн сангийн дэлгэрэнгүй болон товчилсон тэмдэглэгээг хэрэглэхийг хориглоно.
12 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулагчид тавих шаардлага
12.1.Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулагч дараах шаардлагыг хангасан байна:
12.1.1.хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулагч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;
12.1.2.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;
12.1.3.санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
12.1.4.хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;
13 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн сангийн дүрэм
13.1.Тэтгэврийн сангийн дүрэмд дараах зүйлсийг тусгана:
13.1.1.компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг;
13.1.2.энэ хуулийн 11.4-т заасан дүрмийн сан, өөрийн хөрөнгийн хэмжээг;
13.1.3.хувийн тэтгэврийн сан нь тодорхой бус хугацаагаар үүсгэн байгуулагдсан тухай;
13.1.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц;
13.1.5.хувийн тэтгэврийн сан нь удирдах зөвлөлтэй байхаар тусгах ба энэ нь Компанийн тухай хуульд заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхээс гадна энэ хуулийн 15.2-т заасан бүрэн эрхтэй байхаар тусгана;
13.1.6.хууль тогтоомжид заасан бусад зүйлс.
14 дүгээр зүйл.Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа
14.1.Хувийн тэтгэврийн сан нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
14.1.1.тэтгэврийн гэрээ байгуулах;
14.1.2.тэтгэврийн дансыг хөтлөх;
14.1.3.тэтгэврийн шимтгэл хүлээн авах;
14.1.4.тэтгэврийн хөрөнгийг удирдах Хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах;
14.1.5.тэтгэврийн хөрөнгийг хадгалах кастодиантай гэрээ байгуулах
14.1.6.тэтгэвэр олгох;
14.1.7.тэтгэврийн гэрээг олон нийтэд санал болгох;
14.1.8.тэтгэврийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа
14.2.Компанийн засаглал
14.2.1.Хувийн тэтгэврийн сан нь эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, дотоод аудит болон шаардлагатай гэж үзвэл аутсорсингийн бодлогыг баталж мөрдүүлэх бөгөөд жил бүр шинэчлэн батална.
14.2.2.Хувийн тэтгэврийн сан нь удирдах зөвлөлийнхөө дэргэд Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан байнгын аудитын хороо, гүйцэтгэх удирдлагын дэргэд дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын албыг тус тус ажиллуулна.
15 дугаар зүйл.Тэтгэврийн сангийн удирдах зөвлөл
15.1.Тэтгэврийн сангийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна:
15.1.1.удирдах зөвлөлийг сонгох, томилох, бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг Тэтгэврийн сангийн дүрэм болон Компанийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ;
15.1.2.удирдах зөвлөлийн бүх гишүүд нь энэ хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг эдэлнэ;
15.1.3.удирдах зөвлөлийн бүх гишүүд нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шалгуурт нийцсэн байна;
15.1.4.удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 буюу 33.3 хувиас доошгүй нь хараат бус гишүүдээс бүрдсэн байна. Хараат бус гишүүдийг шимтгэл төлөгчид дундаас нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулна.
15.1.5.удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улирал тутам, ээлжит бус хурлыг шаардлагатай тохиолдолд хэдийд ч хуралдуулж болно;
15.1.6.удирдах зөвлөл нь 9-өөс доошгүй гишүүнтэй байна.
15.1.7.удирдах зөвлөл нь өөрийн үйл ажиллагаа явуулах журмыг батална.
15.2.Зөвхөн Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.2.1.тэтгэврийн хуримтлал хүлээн авах болон хувийн тэтгэврийн сангийн зардлыг төлөх зорилгоор арилжааны банканд данс нээх зөвшөөрөл олгох;
15.2.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан компанийг сонгох;
15.2.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, аудит, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч болон хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдтэй гэрээ байгуулах зөвшөөрөл олгох;
15.2.4.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, мөн бусад үйлчилгээ үзүүлэгчээс хувийн тэтгэврийн сангийн нэрийн өмнөөс хийсэн бүх хэлцэл болон хувийн тэтгэврийн сангийн эзэмшиж буй хувьцааны санал өгөх эрхийг хэрэгжүүлсэнтэй холбогдох мэдээллийг шалгах;
15.2.5.хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг батлах;
15.2.6.хувийн тэтгэврийн сангийн эрсдэлийн удирдлагын бодлогыг батлах;
15.2.7.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан болон хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдийн үйлчилгээг дуусгавар болгох, өөрчлөх;
15.2.8.гүйцэтгэх удирдлагын бүтцийг тодорхойлох, гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг томилох, бусад ажилтнуудыг сонгох, цалин хөлс олгох журмыг батлах;
15.2.9.тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдуулан хөрөнгийн менежментийн хөлс болон гүйцэтгэлийн үр дүнгийн хөлс, бусад холбогдох зардлыг зохих хэмжээнд тогтоох;
15.2.10.энэ хуульд заасан бусад бүрэн эрх.
16 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн сангийн зардал
16.1.Хувийн тэтгэврийн сангийн зардлыг захиргааны зардал болон хөрөнгө оруулалтын зардал гэж ангилна.
16.2.Хувийн тэтгэврийн сангаас шимтгэл төлөгчийн хуримтлал, түүний хүү, өгөөжид тооцох захиргааны болон хөрөнгө оруулалтын зардлын дээд хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
16.3.Захиргааны зардал болон хөрөнгө оруулалтын зардал нь шимтгэл төлөгчид ил тод байх ба Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнана.
16.4.Тэтгэврийн дансанд тооцогдох зардлыг тооцоолох аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
16.5.Захиргааны зардлыг суутгахдаа хуримтлалын тодорхой хувь, хөрөнгийн хувь, дансны тогтсон дүн, эсхүл эдгээрийг хослуулах замаар урьдчилан тодорхойлсон нөхцөлийг тэтгэврийн гэрээнд Хувийн тэтгэврийн сан нь тусгах замаар тооцно.
16.6.Хөрөнгө оруулалтын зардлыг ил тод тайлагнаж суутгах ба энэ нь удирдаж буй хөрөнгийн тодорхой хувиар тооцсон, хөрөнгө оруулалтын орлоготой уялдсан, эсхүл эдгээрийг хослуулсан байж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭТГЭВРИЙН ХӨРӨНГИЙН КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
17 дугаар зүйл.Кастодиан болон хөрөнгө оруулалтыг тусгаарлах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх
17.1.Хувийн тэтгэврийн сан болон түүний хамаарал бүхий этгээд нь кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж болохгүй.
18 дугаар зүйл.Тэтгэврийн хөрөнгийн кастодиан
18.1.Тэтгэврийн хөрөнгөнд кастодианы үйлчилгээ үзүүлэх этгээдтэй кастодианы үйлчилгээний гэрээ байгуулна.
18.2.Кастодиан нь Хувийн тэтгэврийн сангийн тэтгэврийн хөрөнгийг кастодианы хөрөнгөөс тусгаарласан байна.
18.3.Кастодиан нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгуурт нийцсэн, кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба ямар нэгэн албадлагын арга хэмжээ авагдаагүй, үйл ажиллагааг нь түдгэлзүүлээгүй, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан этгээд байна.
18.4.Хувийн тэтгэврийн сангийн кастодиан, түүний хамаарал бүхий этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
18.4.1.тухайн тэтгэврийн санд хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээ үзүүлж болохгүй;
18.4.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани, хувийн тэтгэврийн сан, түүний хамаарал бүхий этгээдэд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсхүл холбогдох этгээд байхыг хориглоно.
18.5.Кастодиантай байгуулсан гэрээгээр энэ хуульд заасан кастодианы үүрэг хариуцлагыг хязгаарлахыг хориглох ба ийнхүү хязгаарласан заалт нь хүчин төгөлдөр бус байна.
18.6.Кастодианы үйл ажиллагаанд дараах зүйлс хамаарна:
18.6.1.тэтгэврийн хөрөнгийг бүрдүүлэх нийт үнэт цаасны хадгаламжийн бичгийг хадгалах;
18.6.2.хувийн тэтгэврийн санд энэ хуульд заасан үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өдөр тутам цахим хэлбэрээр шаардлагатай бүхий л мэдээллийг өгөх;
18.6.3.хувийн тэтгэврийн сангийн хөрөнгөтэй холбоотой худалдан авах, борлуулах, бусад хэлцэл нь энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогод нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
18.6.4.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн тэтгэврийн сангаас өгсөн зааварчилгааг биелүүлэх;
18.6.5.хувийн тэтгэврийн сангийн хөрөнгөөр энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчил гарсан тохиолдолд кастодианы гэрээнд заасан мэдэгдэл өгөх журмын дагуу хувийн тэтгэврийн санд мэдэгдэх;
18.6.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хувийн тэтгэврийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
18.6.7.кастодианы гэрээнд заасан үүрэг хариуцлага болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангана. Тэдгээр зохицуулалт нь захиалсан хувьцаа эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгө, кастодианы ажилтны туршлага, техникийн эсхүл програм хангамжийн шаардлага эсхүл энэ хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай гэж үзсэн аливаа бусад нөхцөлийг зохицуулж болно.
18.7.Кастодианы гэрээгээр дараах харилцааг зохицуулна:
18.7.1.кастодианы эрх, үүрэг хариуцлага;
18.7.2.үүрэг гүйцэтгэх хугацаа;
18.7.3.кастодианд төлөх хөлсийг тогтоож кастодианы зардал, төлбөрийг тооцох журам;
18.7.4.холбогдох хууль тогтоомжид заасан бусад зүйл.
18.8.Эрх бүхий байгууллагаас кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, кастодиан үйлчилгээний гэрээний үүргийг ноцтой зөрчсөн, кастодиан дампуурсан эсхүл татан буугдсан бол:
18.8.1.хувийн тэтгэврийн сан нь кастодианд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж Санхүүгийн зохицуулах хороонд энэ тухай нэн даруй мэдэгдэнэ;
18.8.2.хувийн тэтгэврийн сан нь энэ хуульд заасан шаардлагын дагуу шинэ кастодианыг яаралтай томилохыг эрмэлзэнэ;
18.8.3.хувийн тэтгэврийн сан нь энэ зүйлийн 18.8.1, 18.8.2-т заасан арга хэмжээг яаралтай аваагүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос кастодианыг өөрчлөхийг зааварчилж болно.
18.9.Санхүүгийн зохицуулах хороо нь кастодианы бүтэц болон санхүүжилтийн ноцтой доголдлын талаар итгэл үнэмшил төрөхүйц аливаа мэдээллийн талаар мэдвэл нэн даруй хувийн тэтгэврийн санд мэдэгдэнэ.
18.10.Кастодианыг өөрчлөхдөө хувийн тэтгэврийн сангийн хөрөнгөтэй холбоотой кастодианы үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхээр тооцож хэрэгжүүлнэ.
18.11.Кастодиантай байгуулсан гэрээ дуусгавар болсон бол кастодиан өөрийн хадгалалт хамгаалалтад байсан үйлчилгээтэй холбоотой хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө болон бүх баримт бичгийг шинээр томилогдсон кастодианд анх байгуулсан кастодианы үйлчилгээний гэрээнд заасан хугацаанд эсхүл талуудын харилцан тохиролцсон хугацааны дотор хүлээлгэн өгнө. Тухайн баримт бичиг болон тэтгэврийн хөрөнгө бүрэн шилжих хүртэл кастодиан үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
18.12.Кастодиан нь энэ хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн эсхүл зөрчих боломжтой гэж үзсэн, эсхүл шимтгэл төлөгчдийн ашиг сонирхолд эрсдэл үүсгэсэн гэж үзсэн аливаа үйлдэл, эс үйлдлийн талаар хувийн тэтгэврийн санд нэн даруй мэдэгдэнэ.
18.13.Энэ хуульд заасны дагуу кастодиан үйлчилгээнд байршуулсан хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө нь кастодианы хөрөнгөнд тооцогдохгүй бөгөөд кастодиантай холбоотой шийдвэр гүйцэтгэл, дампуурлын хэрэг, эвлэрлээр шийдвэрлэгдэх хөрөнгө зэрэгт хамаарахгүй.
18.14.Санхүүгийн зохицуулах хороо болон бусад эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банкны данс болон хадгаламжид байршуулсан хувийн тэтгэврийн сангийн хөрөнгөтэй холбогдуулан энэ хуулийн дагуу кастодианы үйлчилгээ авах шаардлагагүй.
19 дүгээр зүйл.Тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх
19.1.Тэтгэврийн хөрөнгөөр зөвхөн энэ хуульд заасан нөхцөлийн дагуу, шимтгэл төлөгч, эрх залгамжлагчид, өвлөгчдийн эрх ашгийн өмнөөс хөрөнгө оруулалт хийнэ. Тэтгэврийн хөрөнгөөр оновчтой хөрөнгө оруулалт хийх нь дараах зорилготой байна:
19.1.1.тэтгэврийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангах;
19.1.2.хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх;
19.1.3.тэтгэврийн хөрөнгийн аюулгүй байдалд нийцсэн ашгийн дээд хэмжээг эрэлхийлэх;
19.1.4.хөрвөх чадварыг бүрдүүлэх.
19.2.Хувийн тэтгэврийн сан нь энэ зүйлийн 19.1-д заасан зарчим болон бусад хууль, тогтоомжид нийцсэн хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулна. Хөрөнгө оруулалтын бодлогод дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
19.2.1.энэ хуулийн нөхцөл шаардлагыг хангах арга;
19.2.2.тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж болох хөрөнгийн төрөл, тухайн хөрөнгийн ангилалд хийж болох дээд хязгаар;
19.2.3.хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах журам;
19.2.4.хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх, удирдах, хянах журмыг эрсдэлийн удирдлагын бодлогод тусгасан байх;
19.2.5.хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах аргачлал.
19.3.Монгол Улсын Засгийн газар болон гадаад улсын засгийн газраас бусад аливаа нэг этгээд болон түүний хамаарал бүхий этгээдийн нийт гаргасан үнэт цаас болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслийн 10-аас ихгүй хувьд хөрөнгө оруулалт хийнэ.
19.4.Аливаа нэг этгээд болон түүний хамаарал бүхий этгээдийн нийт гаргасан үнэт цаас болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ тэтгэврийн хөрөнгийн 1 хувиас ихгүй байна.
19.5.Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу Хувийн тэтгэврийн сан нь хөрөнгө оруулалтын бодлого болон эрсдэлийн удирдлагын бодлогыг шинээр хамрагдаж буй шимтгэл төлөгчид танилцуулна. Мөн тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэнэ.
19.6.Тэтгэврийн хөрөнгийг энэ зүйлийн 19.2-д заасан шаардлагыг хангасан гадаад улсын дараах хөрөнгүүдэд хөрөнгө оруулалт хийж болно. Үүнд:
19.6.1.гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас;
19.6.2.гадаад улсын Засгийн газраас баталгаа гаргасан хот, орон нутгийн засаг захиргааны гаргасан үнэт цаас;
19.6.3.тухайн гадаад улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллагад бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй санал болгосон, хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих эрхтэй, тухайн улсын үнэт цаасны зохицуулах байгууллагын тогтмол хяналтад байдаг аж ахуйн нэгжийн гаргасан үнэт цаас;
19.6.4.гадаад улсын холбогдох зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авсан, хамтын болон хөрөнгө оруулалтын сан.
19.6.5.Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэл.
19.7.Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоож буй байгууллага, түүний үнэлгээний ангиллуудыг Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсний дагуу тэтгэврийн хөрөнгөөр гадаад улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна .
19.8.Тэтгэврийн хөрөнгийг дотоодын зөвхөн дараах хөрөнгийн ангилалд хөрөнгө оруулалт хийнэ. Үүнд:
19.9.1.хөрөнгө байршуулах үед албадлагын болон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авагдаагүй, Төв банкнаас зөвшөөрөл авсан мөнгөн сан, банкны харилцах, банкны хадгаламж;
19.9.2.Монгол Улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас болон хэрэв Засгийн газраас баталгаа гаргасан бол орон нутгийн засаг захиргаанаас гаргасан үнэт цаас;
19.9.3.Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хэлбэрээр санал болгосон, Монгол Улсын аж ахуйн нэгжээс гаргасан үнэт цаас (хувьцаа, бонд гэх мэт), үүнд тухайн үнэт цаас нь тусгай зөвшөөрөлтэй Монгол Улсын хөрөнгийн биржид эсхүл гадаад улсын санхүүгийн зохицуулах байгууллагын хяналтад байдаг хөрөнгийн биржид арилжаалагддаг байх шаардлага тавигдана;
19.9.4.Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хөрөнгө оруулалтын сан.
19.9.5.Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэл.
19.10.Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хуульд заасан аль нэг хөрөнгийн ангилалд болон нэг хөрөнгөнд хүлээн зөвшөөрч болох дээд хязгаар, хувь, хэмжээ зэргийг тухай бүр тогтоож болно.
19.11.Тэтгэврийн хөрөнгөөр дараах хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийхийг хориглоно:
19.11.1.үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад арилжаалагддаггүй эсхүл олон нийтэд хаалттай хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгсэлд;
19.11.2.хууль тогтоомжийн дагуу бусдад шилжүүлж үл болох хөрөнгөд;
19.11.3.үүсмэл санхүүгийн хэрэгсэлд. Гэхдээ эрсдэлийг бууруулах зорилгоор хийгдсэн, борлуулагдахгүй байх ямар нэгэн нөхцөлгүй үүсмэл санхүүгийн хэрэгсэл үүнд хамаарахгүй;
19.11.4.эртний эдлэл, урлагийн бүтээл, зоос, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, тэдгээртэй адилтгах хөрөнгө зэрэг үнэлгээ нь тодорхойгүй, зохицуулалттай зах зээлд бүртгэгдээгүй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд;
19.11.5.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн сангийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид, удирдах зөвлөлийн гишүүд , тэдгээрийн хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн аливаа санхүүгийн хэрэгсэл, хөрөнгөд;
19.11.6.Санхүүгийн зохицуулах хорооноос хориглосон бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд.
20 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамтран ажиллах
20.1.Хувийн тэтгэврийн сан нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамтран ажиллаж болно.
20.2.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь тэтгэврийн хөрөнгийг энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын менежментийн гэрээ байгуулан удирдаж болно. Хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний ажилтнууд нь тэтгэврийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд болохын хувьд энэ хуульд заасан итгэмжлэгдсэн өмчлөгч болох ба Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг эдэлнэ.
20.3.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.
20.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршдоггүй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
20.4.1.Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн, тухайн гадаад улсын банк, санхүүгийн үйлчилгээ, эсхүл санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг төрийн байгууллагаасаа авсан байх;
20.4.2.албадлагын ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй, үйл ажиллагааг нь түдгэлзүүлээгүй, эсхүл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоогүй;
20.4.3.кастодиан, эсхүл Тэтгэврийн сангийн хамаарал бүхий этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эсхүл холбоотой этгээд биш байх;
20.4.4.кастодиан, түүний хамаарал бүхий этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эсхүл холбоотой этгээдэд зээл олгох, тэдгээрээс зээл авахыг хориглоно;
20.4.5.тухайн зохицуулах байгууллагын бүх шаардлагыг хангасан байх.
20.5.Хувийн тэтгэврийн сан нь нэг хөрөнгө оруулалтын менежментийн компаниар тэтгэврийн хөрөнгийн 20-иос ихгүй хувийг удирдуулна.
20.6.Хөрөнгө оруулалтын менежментийн гэрээнд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зөвхөн сонгогдсон кастодианаар дамжуулан хэрэгжүүлэхээр заана. Хувийн тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн гэрээнд дараах зүйлсийг тусгана:
20.6.1.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага;
20.6.2.тэдгээрийг хэрэгжүүлэх журам;
20.6.3.хувьцааны саналын эрхийг хэрэгжүүлэх тодорхой зааварчилгаа;
20.6.4. хөрөнгө оруулалтын менежментийн компанид төлөх хөлсийг тогтоож, түүний зардал, төлбөрийг хөрөнгө оруулалтын менежментийн дор удирдаж буй тэтгэврийн хөрөнгийн хэдэн хувиар тооцоолох аргачлал;
20.6.5.холбогдох хууль тогтоомжид заасан бусад шаардлага.
20.7.Энэ зүйлд заасны дагуу удирдах тэтгэврийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгөнд тооцогдохгүй бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компанитай холбоотой шийдвэр гүйцэтгэл, дампуурлын хэрэг, эвлэрлээр шийдвэрлэгдэх хөрөнгөнд хамаарахгүй.
20.8.Тэтгэврийн хөрөнгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орлогыг нэмэгдүүлэх, энэ зүйлд заасан журам зөрчигдсөн нөхцөлд энэ хуульд заасан шаардлагыг хангах зорилгоор Тэтгэврийн сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд дараах тохиолдлууд хамаарна:
20.8.1.хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах зах зээлийн дундаж үнэд өөрчлөлт орох;
20.8.2.гадаад валютын ханшид 15 хувиас дээш хэмжээний өөрчлөлт орох;
20.8.3.хөрөнгө оруулалт хийгдсэн этгээдийн байгууллагын бүтэц болон эдийн засгийн харилцаанд өөрчлөлт орох;
20.8.4.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн шууд хянах боломжгүй аливаа бусад нөхцөл байдал үүсэх.
20.9.Зөрчил илэрсэн өдрөөс хойш, эсхүл хөрөнгийн үнэлгээ хийж тухайн зөрчил илэрснийг тогтоосон өдрийн аль сүүлд тохиолдсон өдрөөс хойш 6 сараас багагүй хугацааны дотор энэ хуульд нийцүүлэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах арга хэмжээг авна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ, ТАЙЛАГНАЛ
21 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэл
21.1.Хувийн тэтгэврийн сан нь гэрээ байгуулж нээсэн тэтгэврийн данс бүрд тогтмол нягтлан бодох бүртгэл хөтөлнө.
21.2.Хувийн тэтгэврийн сан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох, бүртгэл хийнэ.
21.3.Санхүүгийн зохицуулах хороо нь тэтгэврийн дансны нягтлан бодох бүртгэлийн журмыг батална.
22 дугаар зүйл.Аудит
22.1.Хувийн тэтгэврийн сан нь гэрээ байгуулагдсан тэтгэврийн данс бүрийн үнэлгээ хийх өдрийг тогтоож жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэнэ.
22.2.Жилийн санхүүгийн тайланг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрсөн аудитын байгууллага аудит хийх, Монгол Улсын болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Санхүүгийн зохицуулах хорооноос тухай бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу баталсан бусад стандарт шаардлагын дагуу бэлтгэсэн байна
23 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн сангийн тайлагнал, ил тод байдал
23.1.Хувийн тэтгэврийн сан нь шимтгэл төлөгчид дараах төрлийн тайланг гаргаж өгнө. Үүнд:
23.1.1.тэтгэврийн дансны бүх гүйлгээ, дансны хуулга, нийт дүнг илтгэсэн тэтгэврийн дансны цахим нэвтрэх эрх;
23.1.2.тэтгэврийн хуримтлалын хөрөнгө оруулалтын орлогыг тооцоолж, тэтгэврийн дансанд сар тутам бүртгэх ба цахим хэлбэрээр танилцах боломжийг бүрдүүлнэ;
23.1.3.шимтгэл төлөгч бүрт хөрөнгө оруулалтын бодлогын хураангуй тойм, захиран зарцуулж байгаа тэтгэврийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын үр дүн, тэтгэврийн дансны үзүүлэлт зэргийг тусгасан жилийн тайланг ;
23.2.Хөрөнгө оруулалтад нөлөөлөх ажилтан, хөрөнгө оруулалтын менежментийн компани эсхүл кастодиан өөрчлөгдсөн тохиолдолд, мөн хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд шимтгэл төлөгчид мэдэгдэнэ.
23.3.Санхүүгийн зохицуулах хорооноос Хувийн тэтгэврийн сангийн тайлагнал, хариуцлага, ил тод байдлыг хангах, хяналтыг хэрэгжүүлэх үүднээс нэмэлт шаардлага тавьж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН ХООРОНД ШИЛЖИХ, ТЭТГЭВРИЙН ДАНС СОЛИХ
24 дүгээр зүйл. Хувийн тэтгэврийн сан хооронд шилжих, тэтгэврийн дансаа солих
24.1.Тэтгэврийн журамд энэ зүйлд заасны дагуу тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх талаар тусгана.
24.2.Энэ хуулийн дагуу шимтгэл төлөгч өөрийн хүсэлтээр 3 жилд нэг удаа Хувийн тэтгэврийн санг солих, хувийн тэтгэврийн сан хооронд шилжиж болно.
24.3.Хувийн тэтгэврийн сангийн тусгай зөвшөөрөл түдгэлзсэн, дампуурсан, татан буугдсан тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны баталсан журмын дагуу тэтгэврийн хөрөнгийг шимтгэл төлөгчийн сонгосон Хувийн тэтгэврийн сан руу шилжүүлнэ.
24.4.Хэрэв шимтгэл төлөгч нь өөрийн тэтгэврийн дансаа шилжүүлэх бол энэ талаар Хувийн тэтгэврийн санд бичгээр мэдэгдэж, шилжүүлэн авч байгаа Тэтгэврийн санд мөн хуулбарыг хүргүүлнэ.
24.5.Хувийн тэтгэврийн сан нь энэ зүйлийн 24.4-т зааснаар мэдэгдэл хүлээн авснаас хойш нэг сарын дотор тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх ажил, гүйлгээг бүрэн хийж дуусгавар болно. Тус заасан хоногийн дотор шилжүүлж буй болон шилжүүлэн авч буй Тэтгэврийн сан хооронд мөнгөн шилжүүлэг хийгдэнэ. Шилжүүлж буй Тэтгэврийн сан нь шилжүүлгийг гүйцэтгэх захиргааны зардлыг суутгана.
24.6.Шимтгэл төлөгчийн тэтгэврийн дансыг шилжүүлэхийн өмнөх ажлын сүүлийн өдөр дуусгавар болтол хуримтлагдсан нийт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлнэ.
24.7.Шилжүүлж буй хувийн тэтгэврийн сан нь шилжүүлэн авч буй этгээдэд гишүүний нэр дээр үүссэн хуримтлалын талаар мэдэгдэж, тухайн шимтгэл төлөгчтэй холбогдуулан хийсэн шилжүүлгийн талаар мэдэгдэнэ.
24.8.Хувийн тэтгэврийн сан хооронд шилжих үйл явц, тэтгэврийн хөрөнгөө шилжүүлэхийг хүссэн мэдэгдлээ шимтгэл төлөгч шилжүүлж буй этгээдэд хэрхэн мэдэгдэх үйл явцыг зохицуулсан тэтгэврийн данс шилжих журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос батална.
25 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, дуусгавар болгох
25.1.Энэ хуулийн хэрэгжилт ноцтой эсхүл олон дахин зөрчигдсөн, эсхүл Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд зөрчил илэрсэн,эсхүл шимтгэл төлөгч, эрх залгамжлагч, өвлөгчдийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь тэтгэврийн сангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл дуусгавар болгож болно.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасны дагуу түдгэлзэх, дуусгавар болгохоос ажлын гучаас доошгүй хоногийн өмнө Санхүүгийн зохицуулах хороо нь холбогдох мэдэгдлийг бичгээр хүргүүлж, хувийн тэтгэврийн санд шийдвэрийг үндэслэлийн хамтаар хүргүүлнэ. Хэрэв мэдэгдэл хүргүүлэх нь гишүүд, эрх залгамжлагчид, өвлөгчдийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн бол мэдэгдлийг хүргүүлэхгүй. Тухайн мэдэгдлийг хүргүүлэх үедээ Санхүүгийн зохицуулах хороо нь тэтгэврийн санг түдгэлзүүлэх, мөн холбогдох кастодианд мэдэгдэх замаар тэтгэврийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоож болно.
25.3.Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл хүргүүлсэн бол хувийн тэтгэврийн сан нь ажлын 20 хоногийн дотор хариу тайлбар, боломжтой бол энэ хууль, багц дүрэм зөрчсөн зөрчил эсхүл бусад асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг хүргүүлнэ.
25.4.Хэрэв Санхүүгийн зохицуулах хороо ажлын 30 хоногийн дотор хувийн тэтгэврийн сан хариу тайлбар хүлээж аваагүй эсхүл хариу тайлбар, санал болгосон төлөвлөгөө нь шаардлага хангаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй. Хувийн тэтгэврийн сан нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах эрхтэй.
25.5.Хувийн тэтгэврийн сангийн тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос түдгэлзүүлсэн нөхцөлд тухайн түдгэлзүүлсэн өдрөөс хойш аливаа шимтгэл, хуримтлал нэмж авахгүй, кастодианд тэтгэврийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох тухай мэдэгдэнэ;
25.6.Хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөл нь сангийн үйл ажиллагааг дуусгавар болгох шийдвэр гаргасан бол дараах журмыг баримтална:
25.6.1.хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болгох мэдэгдэл өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор сангийн бүх актив болон пассивыг тусгасан тайлан тэнцлийг гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, бүх гишүүдэд мэдэгдэнэ;
25.6.2.хэрэв тайлан тэнцлээр шимтгэл төлөгчийн бүх хадгалагдсан эрхийн төлбөрийг бүрэн барагдуулах хөрөнгө хангалттай байвал нэн даруй өөр хувийн тэтгэврийн санд дансаа шилжүүлэх боломжийг гишүүдэд олгоно. Хэрэв гишүүдийн бүх хадгалагдсан эрхийн төлбөрийг бүрэн барагдуулах хөрөнгө хангалтгүй бол, хувийн тэтгэврийн сан нь дуусгавар болгох саналыг тайлан тэнцлийн хамт Санхүүгийн зохицуулах хороонд батлуулахаар хүргүүлж саналыг бүх шимтгэл төлөгчдөд мэдэгдэнэ;
25.6.3.татан буулгах саналд ажил олгогчоос төлөгдөөгүй шимтгэлийг энэ хуульд заасны дагуу татан төвлөрүүлэхэд авч хэрэгжүүлсэн бүхий л арга хэмжээний дэлгэрэнгүйг тусгасан байна;
25.6.4.Санхүүгийн зохицуулах хорооноос тохиромжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд хувийн тэтгэврийн сан нь Санхүүгийн зохицуулах хорооны баталсан журмын дагуу хувийн тэтгэврийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ үйл ажиллагаа нь дуусгавар болгох явц бүрэн дуусах хүртэл эсхүл актив пассив нь бусад хувийн тэтгэврийн санд шилжих хүртэл үргэлжилнэ;
25.6.5.Санхүүгийн зохицуулах хороо нь татан буулгах саналыг хүлээн авахаас татгалзаж болох ба энэ тохиолдолд энэ хуульд зааснаар тусгай менежерийг томилон ажиллуулах шаардлагатай гэж шийдвэрлэх эрхтэй.
25.6.6.Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн хувийн тэтгэврийн сангийн удирдлага, түүний хамаарал бүхий этгээд , удирдах зөвлөлийн гишүүн , эсхүл ажилтан биш зохих хувь хүн эсхүл хуулийн этгээдийг тусгай менежерээр томилно.
25.6.7.тусгай менежерт тавигдах шаардлага, сонгон шалгаруулах, урамшуулах журам, тусгай менежерийн баримтлах дүрмийг Санхүүгийн зохицуулах хорооноос батална.
25.6.8.тусгай менежер нь шимтгэл төлөгч, эрх залгамжлагчид болон өвлөгчдийн өмнө хариуцлага хүлээсэн итгэмжлэгдсэн өмчлөгч болно.
25.7.Тусгай менежер нь Санхүүгийн зохицуулах хорооноос урьдчилан зөвшөөрөл авсны дагуу Хувийн тэтгэврийн сангийн актив пассивыг энэ хуульд заасны дагуу бүртгэгдсэн өөр хувийн тэтгэврийн санд шилжүүлж болно. Үүнийг гүйцэтгэхээс өмнө шимтгэл төлөгчид ажлын 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэл хүргүүлнэ.
25.8.Хэрэв бүх өр төлбөрийг барагдуулсны дараа хувийн тэтгэврийн санд хөрөнгө үлдсэн бол тусгай менежер болон хувийн тэтгэврийн сан нь шимтгэл төлөгчид хуваарилах төлөвлөгөө боловсруулан Санхүүгийн зохицуулах хороонд батлуулахаар хүргүүлнэ.
25.9.Энэ хууль нь тусгай менежер, хувийн тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын менежментийн компани, ажил олгогч, кастодиан, итгэмжлэгдсэн өмчлөгч, эсхүл тэдгээрийн хамаарал бүхий этгээд буюу нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эсрэг нэхэмжлэл, гомдол гаргах шимтгэл төлөгч, эрх залгамжлагч , өвлөгчийн эрхийг хязгаарлахгүй болно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ТЭТГЭВЭР ОЛГОХ
26 дугаар зүйл.Тэтгэвэр олгоход тавигдах шаардлага, олгох нөхцөл
26.1.Шимтгэл төлөгч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэврийн насанд хүрсэн эсхүл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нөхцөлд тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
26.2.Шимтгэл төлөгч нас барсан нөхцөлд тэтгэврийн хөрөнгө нь шимтгэл төлөгчийн эрх залгамжлагч, эрх залгамжлагч байхгүй бол өвлөгчид шилжинэ.
26.3.Хувийн тэтгэврийн сангаас шимтгэл төлөгч, түүний эрх залгамжлагч, эсхүл өвлөгч нь дараах хэлбэрээс сонгож тэтгэвэр авч болно. Үүнд:
26.3.1.нэг удаагийн багц тэтгэвэр;
26.3.2.хуваарьт тэтгэвэр;
26.3.3.насан туршийн буюу аннюти тэтгэвэр;
26.4.Энэ зүйлийн 26.3.1-д заасан нэг удаагийн багц тэтгэвэр нь шимтгэл төлөгчийн тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгийн 50 хувиас ихгүй байна.
26.5.Энэ зүйлийн 26.3.2-т заасан хуваарьт тэтгэврийг олгох замаар тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгийг хуваарилах аргачлалыг олгох ёстой мөнгөн дүнгээр эсхүл олгох давтамжаар тооцох талаар тэтгэврийн журамд заана.
26.6.Энэ зүйлийн 26.1, 26.2-т заасан нөхцөл бүрдсэн үед шимтгэл төлөгч, түүний эрх залгамжлагч эсхүл өвлөгч хувийн тэтгэврийн сангаас өөрийн хүсэлтээр Даатгалын тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан урт хугацааны даатгалын компанитай гэрээ байгуулж, тэтгэврийн дансад хуримтлагдсан хөрөнгөө шилжүүлснээр 26.3.3-т заасан Насан туршийн буюу аннюти тэтгэвэрт хамрагдах боломжтой болно.
27 дүгээр зүйл.Эрх залгамжлагч, өвлөгчид тэтгэвэр олгох
27.1.Шимтгэл төлөгч нь тэтгэврийн хөрөнгийг авах эрх залгамжлагчийг нэрлүүлэх боломжоор хангаж, эрх залгамжлагчаас шаардлагатай баримт бичгийг гаргуулан авсан байна. Шимтгэл төлөгч нь эрх залгамжлагчийн нэрийг хэдийд ч өөрчилж болно.
27.2.Шимтгэл төлөгч нас барсан тохиолдолд эрх залгамжлагчид, эрх залгамжлагч нь нас барсан бол эрх залгамжлагчийн өвлөгчид шимтгэл төлөгчийн тэтгэврийн дансанд хуримтлагдсан эсвэл үлдсэн хөрөнгийн тухай мэдэгдэж, эрх залгамжлагч эсхүл түүний өвлөгчид олгох эсхүл эрх залгамжлагчийн хувийн тэтгэврийн данс руу шилжүүлэхийг санал болгоно.
27.3.Хэрэв шимтгэл төлөгч нь эрх залгамжлагчийг нэрлээгүй бол шимтгэл төлөгчийн өвлөгчид түүний тэтгэврийн дансанд хуримтлагдсан эсвэл үлдсэн хөрөнгийн тухай мэдэгдэж, өвлөгчид олгох эсхүл өвлөгчийн тэтгэврийн данс руу шилжүүлэхийг санал болгоно.
27.4.Хэрвээ шимтгэл төлөгч нь эрх залгамжлагчийг нэрлээгүй бөгөөд хууль ёсны өвлөгч байхгүй бол шимтгэл төлөгчийн тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгийг Иргэний хуулийн 515, 531 дүгээр зүйлд заасны дагуу төрийн өмчлөлд шилжүүлнэ.
28 дугаар зүйл.Тэтгэвэр авахад бүрдүүлэх баримт бичиг
28.1.Дор дурдсан баримт бичгийг тэтгэвэр авахад бүрдүүлж өгнө:
28.1.1.шимтгэл төлөгч, эрх залгамжлагч, эсхүл өвлөгч нь тэтгэвэр авах эрхтэй болсон тухай өргөдөл, бичгээр гаргасан хүсэлт;
28.1.2.хувийн тэтгэврийн сангийн гаргасан маягтын дагуу хүсэлт гаргаж тэтгэврийн хэлбэрийг сонгосон байна;
28.1.3.шимтгэл төлөгч, эрх залгамжлагч, эсхүл өвлөгчийн иргэний үнэмлэх;
28.1.4.тэтгэвэр хүлээн авах банкны нэр, дансны дугаар;
28.1.5.эрх залгамжлагч нэрлэгдээгүй тохиолдолд өвлөгч, эсхүл өвлөгчдийг тогтоосон баримт бичиг;
28.1.6.шаардлагатай бол шимтгэл төлөгчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг болон нас барсныг нотлох баримт бичиг;
29 дүгээр зүйл.Өргөдөл шийдвэрлэх хугацаа, тэтгэвэр олгох
29.1.Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан бичиг баримтыг нэгтгэн өгснөөс хойш ажлын 10 хоногийн дотор хувийн тэтгэврийн сангаас тэтгэврийг тооцоолж, хэрхэн олгохыг шийдвэрлэж, тэтгэврийг шимтгэл төлөгч, эрх залгамжлагч , эсхүл өвлөгчийн заасан банкны дансаар дамжуулан олгоно.
29.2.Хувийн тэтгэврийн сангаас шимтгэл төлөгчид олгох тэтгэврийн асуудлыг шийдвэрлэхэд энэ хуульд заасны дагуу нэмэлт хугацаа шаардлагатай болсон бол шийдвэр гаргах ажлын 10 хоногийн хугацааг ажлын 30 хоног хүртэл сунгаж болно. Энэ нөхцөлд гишүүн, эрх залгамжлагч, эсхүл өвлөгчид мэдэгдэх үүрэгтэй.
29.3.Энэ зүйлд заасан хугацаанд Тэтгэврийн сан шийдвэр гаргаагүй бол шимтгэл төлөгч, эрх залгамжлагч эсхүл өвлөгч нь Хувийн тэтгэврийн сангийн дотоод гомдол шийдвэрлэх нэгжид эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй бөгөөд хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуульд заасны дагуу шүүхэд хандах эрхтэй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТЭТГЭВРИЙН САНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭГ БҮРТГЭХ
30 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн санд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулах эрх бүхий этгээд
30.1.Энэ хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах төрийн байгууллага байна.
30.2.Энэ хуульд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй Хувийн тэтгэврийн сангаас бусад хувь хүн, хуулийн этгээд хувийн тэтгэвэр олгох, амлах, сурталчлах, үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
30.3.Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
30.3.1.аж ахуйн нэгжийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дүрэм;
30.3.2.хувийн тэтгэврийн сангийн хамаарал бүхий этгээд, хувьцаа эзэмшигчдийн жагсаалт;
30.3.3.хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлийн гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд, хувьцаа эзэмшигчид болон холбогдох этгээдийн жагсаалт, тэдгээрийг хэрхэн холбогдож байгаа талаар тайлбар мэдээлэл. Тус мэдээлэл солигдох бүрт Санхүүгийн зохицуулах хороонд ажлын 5 хоногийн дотор мэдэгдэж энэ хуульд заасан бусад шаардлагыг биелүүлнэ;
30.3.4.удирдах зөвлөлийн гишүүдээс итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүрэг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн, энэ хууль тогтоомжоор заасан шаардлагыг биелүүлэхээ баталсан мэдэгдэл;
30.3.5.хувийн тэтгэврийн сангийн бизнесийн төлөвлөгөө;
30.3.6.хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлогын бичиг баримт;
30.3.7.Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, журмаар шаардсан бусад холбогдох баримт бичиг.
30.4.Санхүүгийн зохицуулах хороо нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг шаардах эрхтэй ба тухай бүр шаардах хугацааг зааж өгснөөр шийдвэрлэх хугацаа сунгагдана. Шийдвэрлэх хугацаа нь нийт ажлын 90 хоногоос хэтрэхгүй.
30.5.Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай гэж үзвэл хувийн тэтгэврийн сангийн хүсэлттэй холбоотой аливаа асуудлыг шалгах эрхтэй. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хянаж үзэн тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг үндэслэл ийн хамт өгнө.
30.6.Санхүүгийн зохицуулах хороо нь Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсэгчид багц дүрмийн шаардлага хангасан эсэхийг шалгаж, доорх нөхцөл илэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана. Үүнд: