Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Ерөнхийлөгч
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 4-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/ үүсгэн байгуулах, намын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хяналт, санхүүжилт, хариуцлагын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Намын тухай хууль тогтоомж
2.1.Улс төрийн намын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“намын гишүүн” гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг;
3.1.2.“намын дэмжигч гишүүн” гэж намын зорилго, үзэл баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэнийг;
3.1.3.“сонгуульт гишүүн” гэж намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон болон намын бүх шатны удирдах, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон намын гишүүнийг;
3.1.4.“намын хөтөлбөр” гэж намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бодлогыг тодорхойлсон үндсэн баримт бичгийг;
3.1.5.“намын сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж намын хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг;
3.1.6.”намын санхүүгийн тайлан” гэж тайлант хугацаанд намаас энэ хуулийн дагуу гүйцэтгэсэн орлого, зарлагын тооцоо, намын хөрөнгийн баланс, тэдгээрийн тайлбарыг нэгтгэсэн цахим болон хэвлэмэл мэдээллийн цогцыг;
3.1.7.“хандив” гэж иргэн, хуулийн этгээдээс намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, биет ба биет бус хөрөнгө, үйлчилгээ, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг;
3.1.8.“төрийн санхүүжилт” гэж төрөөс намд мөнгөн хэлбэрээр олгож буй хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэгийг;
3.1.9.“төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг” гэж энэ хуульд заасан нөхцөлийг хангасан намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг;
3.1.10.“төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг” гэж төрөөс намд олгож буй мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг;
3.1.11.“төрийн санхүүжилт авах эрх үүсэх жил” гэж Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус сонгуулийн дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг;
3.1.12.“намын гишүүнээс түдгэлзэх” гэж намын гишүүний эрхгүй, намын гишүүний эсхүл дэмжигчийн хувиар намын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг;
3.1.13.“гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дах хэсэгт заасныг;
3.1.14.“намын харьяа байгууллага” гэж намын зорилго, зорилтыг биелүүлэх хүрээнд намын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг эсхүл намын үйл ажиллагааны хүрээнд үүсгэн байгуулагдсан, намтай шууд эсхүл шууд бус холбоотой сан, холбоо болон төрийн бус байгууллагыг.
4 дүгээр зүйл.Нам, түүний чиг үүрэг
4.1.Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.
4.2.Нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1.ард түмний улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх;
4.2.2.төр, ард түмний хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо харилцаа үүсгэх;
4.2.3.иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих;
4.2.4.төрийн улс төрийн алба хаах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх;
4.2.5.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох;
4.2.6.сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх.
5 дугаар зүйл.Намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх
5.1.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй.
5.2.Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг болон тухайн намыг аливаа хэлбэрээр мөшгөн хавчих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно.
5.3.Намын гишүүн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдвол уг албыг хаах хугацаанд намын гишүүнээс түдгэлзэнэ.
5.4.Иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эсхүл албадан намд элсүүлэх, эсхүл ийм зорилгоор хууль бус нөлөөлөл, шахалт үзүүлэхийг хориглоно.
5.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй.
5.6.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны бичиг баримтад тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно.
5.7.Намын гишүүн хэдийд ч намаас өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүнээс гарах тухай өргөдлийг гаргаснаар намаас гарсанд тооцно.
5.8.Төр, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй.
5.9.Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон бөгөөд хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно.
5.10.Энэ хуулийн 5.9-д зөвшөөрсөн хязгаарлалт нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.
5.11.Хуульд өөрөөр заагаагүй бол намын зүгээс төрийн байгууллага, албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
5.12.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үл болно.
5.13.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нам үүсгэн байгуулахад оролцохыг хориглоно.
6 дугаар зүйл.Намын нэр, бэлгэ тэмдэг
6.1.Нам нь оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.
6.2.Нам сонгуулийн сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд зөвхөн намын бүртгэлд бүртгүүлсэн бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэнэ.
6.3.Сонгуульд эвсэл байгуулж оролцож буй намууд сонгуулийн үйл ажиллагаанд эвслийн гэрээнд заасан нэрийг хэрэглэнэ.
6.4.Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг нь төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, сүм хийд, өөр хуулийн этгээд, бусад намын нэр, бэлгэ тэмдэгтэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.
6.5.Орон нутаг дахь салбар нэгж нь намынхаа нэрийн өмнө тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг заасан тодотголыг хэрэглэнэ.
6.6.Нам татан буугдсан, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийг шинээр байгуулагдах болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.
6.7.Намаас бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэрд “нам” гэсэн үг хэрэглэхийг хориглоно.
7 дугаар зүйл.Намын эрх, үүрэг
7.1.Нам дараах эрхийг эдэлнэ:
7.1.1.үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;
7.1.2.намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
7.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох;
7.1.4.хуульд заасны дагуу орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрийн өмчтэй байх;
7.1.5.Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох;
7.1.6.бусад намтай эвсэл байгуулах;
7.1.7.олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагуудтай хамтран ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад гишүүнээр элсэх;
7.1.8.нам хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах;
7.1.9.иргэдийн мэдээлэл авах, соён гэгээрүүлэх хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу сум, дүүргийн соёлын төв, театр, иргэний танхимыг үнэ төлбөргүй ашиглах;
7.1.10.хуульд тогтоомжид заасан журмын дагуу намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, сонгогчдод танилцуулах, сурталчлах;
7.1.11.хуульд заасан бусад.
7.2.Нам нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй.
8 дугаар зүйл.Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх
8.1.Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно.
8.2.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллагын бүрэлдэхүүнийг сонгоход болон төрийн улс төрийн албан тушаалд намаас санал болгож сонгогдох, томилогдох нэр дэвшигчийг тодруулахад дараах шаардлагыг хангана:
8.2.1.нууц санал хураалт явуулах;
8.2.2.гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах;
8.2.3.аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх.
8.3.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллагын болон намын бусад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр намын дүрэмд зааж болно.
8.4.Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах болон сонгуульд нэр дэвшигчийг санал болгоход намын гишүүдийн саналыг сонсож оролцоог хангана.
8.5.Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана.
8.6.Нам бодлого, үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
8.7.Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ.
8.8.Энэ хуулийн 8.2.3, 17.6-т заасан шаардлагыг хангаагүй намд тухайн зөрчлийг арилгах талаар сонгуулийн төв байгууллага сануулна. Ийнхүү сануулсан өдрөөс хойш 6 сарын дотор уул зөрчлийг арилгаагүй бол сонгуулийн төв байгууллага тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсооно.
9 дүгээр зүйл.Намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангах
9.1.Хуульд өөрөөр заагаагүй бол намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулна.
9.2.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангана.
9.3.Нам өөрийн бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг цахимаар явуулж болно. Ингэхдээ сонгуулийн төв байгууллагаар баталгаажсан программ хангамжийг ашиглана.
9.4.Цахим хуралдаан, санал хураалтын үр дүнд гарсан шийдвэрийг хүчинтэйд тооцно. Нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй.
9.5.Нам албан ёсоор нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ.
9.6.Нам цахим хуудастаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод байршуулж, тухай бүр шинэчилнэ:
9.6.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;
9.6.2.намын дүрэм;
9.6.3.намын хөтөлбөр;
9.6.4.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаяг;
9.6.5.намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
9.6.6.намын удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын төв байгууллагын дарга, гишүүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
9.6.7.намын утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
9.6.8.намын гишүүний тоо;
9.6.9.намын санхүүгийн тайлан;
9.6.10.намын үйл ажиллагааны товч тайлан;
9.6.11.нам аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
9.6.12.намын бүтэц, зохион байгуулалт;
9.6.13.намын үйл ажиллагааны мэдээлэл;
9.6.14.бусад мэдээлэл.
9.7.Намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу намын цахим хуудаст байршуулна. Хандивлагчдыг мэдээлэхдээ хувь хүний хуулиар хамгаалбал зохих мэдээллээс бусад мэдээллийг ил тод мэдээлнэ.
9.8.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудастаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй танилцуулж байна.
9.9.Нам энэ хуулийн 9.6.1-9.6.7-д заасан баримт бичиг, мэдээлэлд өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
9.10.Сонгуулийн төв байгууллагын цахим хуудаст намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, энэ хуулийн 9.6.1-9.6.7-д заасан намын баримт бичиг, мэдээллийг байршуулж, тухай бүр шинэчилнэ.
10 дугаар зүйл.Намын үйл ажиллагаанд хориглох зүйл
10.1.Нам дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
10.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах;
10.1.2.Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах;
10.1.3.зэвсэглэх эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, үймээн самуун дэгдээх, зорилгоо хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх;
10.1.4.хүнийг үндэс, угсаа, яс үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхах;
10.1.5.энэ хуулийн 35.6-д хориглосон этгээдээс хандив, тусламж, санхүүжилт шууд болон шууд бусаар авах;
10.1.6.сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авах;
10.1.7.намаас бусад байгууллага, хуулийн этгээдийн бүтэц, үйл ажиллагааны хүрээнд намын салбар нэгж байгуулах;
10.1.8.хуульд заасан бусад.
10.2.Шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист түүнчлэн гадаад улсын намын салбар нэгжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулахыг хориглоно.
10.3.Энэ хуулийн 10.1.7-т заасан зөрчлийг арилгах шаардлагыг сонгуулийн төв байгууллага намд үндэслэл бүхий хугацаа заан хүргүүлэх бөгөөд заасан шаардлагыг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэл сонгуульд намын нэрээ дэвшүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ
11 дүгээр зүйл.Нам үүсгэн байгуулах
11.1.Намыг зохион байгуулах Их Хурал /цаашид "үүсгэн байгуулах хурал" гэх/-аар үүсгэн байгуулна.
11.2.Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг нэг сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.
11.3.Намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна.
11.4.Намыг үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
11.4.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийн загварыг батлах;
11.4.2.намын хөтөлбөр, дүрмийг батлах;
11.4.3.төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнийг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох;
11.4.4.намын даргыг сонгох;
11.4.5.нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.
11.4.6.намыг үүсгэн байгуулах хурлаас нам үүсгэн байгуулсан тухай шийдвэр гарсан өдрийг тухайн нам үүсэн байгуулагдсан өдөрт тооцох бөгөөд энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.
11.5.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
12 дугаар зүйл.Намыг бүртгүүлэх өргөдөл
12.1.Энэ хуулийн 11.3.4-д заасан намын даргаар сонгогдсон гишүүн эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нам үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн хамт сонгуулийн төв байгууллагад бичгээр хүргүүлнэ.
12.2.Намыг бүртгүүлэх өргөдлийг сонгуулийн төв байгууллагын баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд өргөдөл гаргагч гарын үсэг зурна:
12.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
12.2.2.намын нэр;
12.2.3.намын гүйцэтгэх төв байгууллагын хаяг;
12.2.4.намын үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;
12.2.5.өргөдөл гаргагчийн талаарх мэдээлэл.
12.3.Намыг бүртгүүлэх өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана
12.3.1.нам үүсгэн байгуулах тухай шийдвэр, уг шийдвэрт хуралдаан даргалагч эсхүл тэргүүлэгчид гарын үсэг зурсан байна;
12.3.2.намын бүтэн болон товчилсон нэрийн бичвэр, намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг тайлбарын хамт;
12.3.3.намын дүрэм;
12.3.4.намын хөтөлбөр;
12.3.5.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаягийн нотлох баримт;
12.3.6.намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг/;
12.3.7.намын санхүүгийн асуудал хариуцсан ажилтны бүртгэл /овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбар/;
12.3.8.намын хөрөнгийн жагсаалт, намд өгсөн хандивын жагсаалт, намыг үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлын эх үүсвэр зэргийг тусгасан намын хөрөнгийн мэдээ;
12.3.9.нам үүсгэн байгуулах хурлын тов, байршлыг энэ хуулийн 11.2-т заасны дагуу мэдэгдэж, зарласан тухай баримт;
12.3.10.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
12.4.Энэ хуулийн 12.3.8-д заасан намын хөрөнгийн мэдээнд намыг бүртгүүлэх өргөдөл гаргахаас өмнө тухайн намын аль нэг үүсгэн байгуулагчийн нэр дээр банкны түр данс нээж намын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, гишүүний татвар, хандив, намыг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг тусгаж тайлагнана.
12.5.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийг хамт сонгуулийн төв байгууллагад хүргүүлж болно.
13 дугаар зүйл.Намыг бүртгүүлэх өргөдөл, баримт бичгийг нягтлан шалгах
13.1.Сонгуулийн төв байгууллага нь намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тухайн өргөдөл, дагалдах баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
13.2.Сонгуулийн төв байгууллага нь өргөдөл, бичиг баримтад дараах зөрчил илэрсэн тохиолдолд 30 хоногийн дотор уул зөрчлийг арилгаж, нэмэлт мэдээллийг ирүүлэх тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:
13.2.1.энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу;
13.2.2.намын дүрэм нь энэ хуулийн 15.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй;
13.2.3.гишүүдийн тоо нь энэ хуулийн 12.3.6-д заасан тоонд хүрээгүй, бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай эсхүл өөр хүн төлөөлсөн;
13.2.4.намын бүтэн нэр, товчилсон нэр, бэлгэдэл, далбаа энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй.
13.3.Сонгуулийн төв байгууллага намыг бүртгүүлэх өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгахдаа энэ хуулийн 12.3-т болон хуульд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
13.4.Сонгуулийн төв байгууллага намыг бүртгүүлэх өргөдөл, холбогдох баримтыг хүлээн авч, энэ хуулийн 13.1, 13.2-т заасан хугацаанд нягтлан шалгаж дуусгаснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх намыг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
13.5.Намын бүртгэлийн жагсаалт, бүртгэлийн хувийн хэрэг, холбогдох мэдээллийг Сонгуулийн төв байгууллага эрхлэн хариуцна.
13.6.Нам хуулийн этгээд болох хувьдаа оршин байх албан ёсны хаяг, хөрөнгө түүний өөрчлөлттэй холбоотой бүртгэлийг холбогдох шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор Сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ.
14 дүгээр зүйл.Намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах
14.1.Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 13.4-д зааснаар ирүүлсэн өргөдөл, холбогдох барим бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн тухайн намыг намын бүртгэлд бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргаж, ажлын гуч хоногийн дотор өргөдөл гаргагч, сонгуулийн төв байгууллагад бичгээр болон цахимаар хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
14.2.Улсын дээд шүүх энэ хуулийн 14.4-д зааснаас бусад тохиолдолд намыг улс төрийн намын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.
14.3.Намыг улс төрийн намын бүртгэлд бүртгэх шийдвэрийг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор сонгуулийн төв байгууллага гэрчилгээ олгоно. Сонгуулийн төв байгууллага тухайн намын зорилго, үнэт зүйл, үзэл баримтлалын товч, гүйцэтгэх төв байгууллага, албан тушаалтны мэдээлэл, намын оршин байгаа хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийн талаарх мэдээлэл багтаасан танилцуулгыг нийтэд ил тод байршуулна.
14.4.Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:
14.4.1.намын дүрэм, хөтөлбөр нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;
14.4.2.энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан үндэслэл байгаа бол;
14.4.3.гишүүдийн тоо нь энэ хуулийн 12.3.6-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн;
14.4.4.энэ хуулийн 6 дугаар зүйлийг зөрчин нэр хэрэглэсэн.
14.5.Улсын дээд шүүх тухайн намыг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг энэ хуулийн 14.1-т заасан хугацаанд гаргах бөгөөд уг шийдвэрт татгалзсан үндэслэлээ тодорхой заана. Энэхүү шийдвэрийг зохих этгээдэд албан ёсоор мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
14.6.Улсын дээд шүүх нь энэ хуулийн 14.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө өргөдөл гаргагч, сонгуулийн төв байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг мэдээлэл гаргуулан авч болно.
14.7.Энэ зүйлийн 14.1-д заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.
14.8.Энэ хуулийн 14.5-т заасан шийдвэр гаргасан тохиолдолд уул зөрчлийг арилгасан этгээд энэ хуульд заасны дагуу намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан журмыг үндэслэн дахин гаргах эрхтэй.
14.9.Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг сонгуулийн төв байгууллага хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
15 дугаар зүйл.Намын дүрэм
15.1.Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна.
15.2.Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:
15.2.1.намын үзэл баримтлал, үнэт зүйл, зорилго;
15.2.2.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;
15.2.3.намын гишүүнээр элсэх, гишүүнчлэлээс түдгэлзэх, гишүүний эрх, үүрэг, гишүүнээс хасах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл;
15.2.4.намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллага, бусад байгууллага, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ, хуралдуулах, шийдвэр гаргах журам;
15.2.5.намын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;
15.2.6.намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
15.2.7.намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох арга, журам;
15.2.8.төрийн улс төрийн албан тушаалд болон намын удирдах албан тушаалд нэр дэвшигчийг сонгох, томилох, чөлөөлөх, тэдгээрт жендэрийн тэгш байдлыг хангах журам;
15.2.9.намын хөрөнгө, орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах;
15.2.10.намын салбар болон бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах үндэслэл журам.
15.3.Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, намын даргыг томилсон шийдвэрийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлнэ.
15.4.Намын дүрэмд оруулсан энэ хуулийн 15.2.9-д зааснаас бусад нэмэлт, өөрчлөлт, намын даргыг томилсон шийдвэрийг 60 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлнэ.
15.5.Улсын дээд шүүх энэ зүйлийн 15.3-т заасны дагуу гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.
16 дугаар зүйл.Намын бүтэц, зохион байгуулалт
16.1.Нам нь намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагатай байна.
16.2.Намын бүтцийн нэгжийг намын дүрмээр зохицуулах бөгөөд энэ хуулийн 16.1-д зааснаас бусад байгууллагыг намын дүрмээр байгуулж болно.
17 дугаар зүйл.Намын удирдах байгууллага
17.1.Намын гишүүдийн эсхүл тэдгээрийн төлөөлөгчдийн хурал нь намын удирдах дээд байгууллага мөн бөгөөд түүнийг дөрвөн жил тутам нэгээс доошгүй удаа хуралдуулна.
17.2.Намын удирдах дээд байгууллага дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
17.2.1.намын дүрэм, хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
17.2.2.намын төлөөллийн төв байгууллагын болон хяналтын төв байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгох, эдгээр байгууллагын тайланг дөрвөн жил тутам нэгээс доошгүй удаа хэлэлцэх;
17.2.3.намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох;
17.2.4.намын дүрэмд заасан бусад асуудал.
17.3.Намын дүрэмд заасан тохиолдолд нам нь намын удирдах дээд байгууллагын чөлөө цагт ажиллах намын төлөөллийн төв байгууллагатай байх бөгөөд түүнийг жил тутам нэгээс доошгүй удаа хуралдуулна.
17.4.Намын дүрэмд заасны дагуу намын удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага нь намын гүйцэтгэх төв байгууллагыг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгоно. Гүйцэтгэх төв байгууллага нь гурваас доошгүй тооны гишүүнтэй байна.
17.5.Намын дүрэмд заасны дагуу намын даргыг удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтныг гүйцэтгэх төв байгууллага тус тус сонгоно.
17.6.Намын төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.
18 дугаар зүйл.Намын хяналтын байгууллага
18.1.Нам нь намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, намын дүрмээр зохицуулах дотоод маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын байгууллагатай байна.
18.2.Намын хяналтын төв байгууллагын гишүүнээр намын төлөөллийн болон гүйцэтгэх төв байгууллагын гишүүн, орон тооны ажилтныг сонгохыг хориглоно.
18.3.Намын хяналтын байгууллага хараат бусаар ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
18.4.Намын хяналтын байгууллага нь дор дурдсан маргааныг хянан шийдвэрлэж, шийдвэртээ үндэслэлээ тодорхой бичнэ:
18.4.1.намын дүрэм зөрчсөн эсэх;
18.4.2.нам болон түүний гишүүн хооронд үүссэн;
18.4.3.намын дотоод сонгуультай холбогдон үүссэн;
18.4.4.намын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан маргаан хянан шийдвэрлэх журмыг намын дүрэмд заасны дагуу батална. Энэ журам нь маргагч талаас тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, маргаан шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох зэргээр шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхийн баталгааг хангасан байна.
19 дүгээр зүйл.Намын бусад байгууллага
19.1.Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана.
19.2.Намын бодлогын судалгааны байгууллага сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах үүрэгтэй.
19.3.Энэ хуульд заасан намын бүтэц, зохион байгуулалтаас гадна нийгэм, эдийн засгийн болон бусад салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх, намын бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдалд нийцэж буй эсэхийг үнэлэх зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулах эсэхийг нам дүрмээрээ зохицуулж болно.
20 дугаар зүйл.Намын гишүүний эрх, үүрэг, баталгаа
20.1.Намын гишүүн дараах эрхтэй байна:
20.1.1.намын үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох;
20.1.2.намын бүтцийн байгууллагад сонгох, сонгогдох;
20.1.3.намын дүрэмд заасан бусад эрх.
20.2.Намын гишүүн дараах үүрэг байна:
20.2.1.намын дүрэмд заасан татвар төлөх;
20.2.2.хууль тогтоомж, намын дүрэмд захирагдах;
20.2.3.намын дүрэмд заасан бусад үүрэг.
20.3.Намын дэмжигч гишүүн нь намын дүрэмд зааснаас гадна энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 20.2.2 дах хэсэг заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
20.4.Намын гишүүнээс хасах асуудлыг тогтоосон журмын дагуу намын хяналтын байгууллага шийдвэрлэнэ
20.5.Намын дүрмийг санаатай зөрчсөн, эсхүл намын үнэт зүйл, зарчмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд намын гишүүнээс хасахыг хориглоно.
20.6.Нам, намын гишүүний бүртгэлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн хөтөлж, жил бүр шинэчилнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НАМЫГ ИДЭВХГҮЙД ТООЦОХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ
21 дүгээр зүйл.Намыг идэвхгүйд тооцох
21.1.Сонгуулийн төв байгууллага дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэр гаргана:
21.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй;
21.1.2.энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин 2 жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй;
21.1.3.намын удирдах дээд байгууллагыг эсхүл төлөөллийн төв байгууллагыг 5 жилийн хугацаанд хуралдуулаагүй.
21.2.Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүний аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана.
21.3.Энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд тухайн зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж, холбогдох нотлох баримтын хамт сонгуулийн төв байгууллагад албан ёсоор хүргүүлнэ.
21.4.Энэ хуулийн 21.3-т заасан нотлох баримтыг сонгуулийн төв байгууллага хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянан үзэж, намыг идэвхтэйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
21.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал хураалт явагдаж дуусах хүртэл намыг идэвхгүйд тооцох шийдвэрийг сонгуулийн төв байгууллага гаргахгүй.
21.6.Энэ хуулийн 21.1-д заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн талаарх маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.6, 112.2-т зааснаар шийдвэрлэнэ.
22 дугаар зүйл.Намыг татан буулгах
22.1.Намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах, түүний үйл ажиллагааг зогсоох, эсхүл Улсын дээд шүүхийн шийдвэрээр намыг тараах замаар энэ хуульд заасны дагуу намыг татан буулгана.
22.2.Сонгуулийн төв байгууллага нь энэ хуулийн 23.1 эсхүл 25.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг намыг намын бүртгэлээс хасаж гэрчилгээг нь хүчингүй болгох бөгөөд энэ тухай мэдээллийг сонгуулийн төв байгууллагын цахим хуудаст байнга байршуулж, нийтэд түгээнэ.
22.3.Татан буугдсан намын хөрөнгийг гишүүдэд хуваарилахыг хориглоно.
22.4.Энэ хуулийн 23.6-д заасныг зөрчиж өөрчлөн байгуулагдсан намын өмч, хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө байлгасан, 22.3-т заасныг зөрчин гишүүддээ хуваарилсан тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол хураан авч, улсын орлого болгоно.
22.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол татан буулгах комисс томилох зэрэг намыг татан буулгахтай  холбогдсон бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна.
23 дугаар зүйл.Намыг өөрчлөн байгуулах
23.1.Нам энэ хуульд заасны дагуу нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
23.2.Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намд шилжих бөгөөд уг нам энэ хуульд заасны дагуу шинээр бүртгүүлнэ.
23.3.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болно.
23.4.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүсгэн байгуулагдсан өдрийг тодорхойлно.
23.5.Нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ.
23.6.Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.
23.7.Намыг өөрчлөн байгуулахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.
24 дүгээр зүйл.Намын үйл ажиллагааг зогсоох
24.1.Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
24.2.Үйл ажиллагаагаа зогсоосон намын өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг сонгуулийн төв байгууллагад шилжүүлнэ.
25 дугаар зүйл.Намыг тараах
25.1.Энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан хориглолтыг зөрчсөн тохиолдолд сонгуулийн төв байгууллага намыг тараах тухай дүгнэлт гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан дүгнэлтийг сонгуулийн төв байгууллага нийт гишүүдийн дөрөвний гурвын саналаар гаргана.
25.3.Намыг тараах тухай сонгуулийн төв байгууллагын дүгнэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 25.1-д заасан үндэслэл тогтоогдвол намыг тараах тухай шийдвэр гаргаж, ажлын 10 өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
25.4.Энэ зүйлийн 25.3-т заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН САНХҮҮЖИЛТ
26 дугаар зүйл.Намын орлогын эх үүсвэр
26.1.Намын орлого нь дараах эх үүсвэртэй байна:
26.1.1.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
26.1.2.гишүүний татвар;
26.1.3.хандив;
26.1.4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
26.1.5.энэ хуулийн 36.3-т заасан бусад орлого.
26.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу олгох төрийн санхүүжилт болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгээс бүрдэнэ.
26.3.Жил бүрийн намд олгох төрийн санхүүжилтийн дор дурдсан хувийг дараах зориулалтаар зарцуулна:
26.3.1.төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сурган бэлтгэх;
26.3.2.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг олон нийтэд таниулах;
26.3.3.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх.
26.4.Энэ хуулийн 26.3.1, 26.3.2, 26.3.3-т заасан зорилтот санхүүжилт тус бүрийн гуравны нэгээс доошгүйг намын бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар зарцуулна.
26.5.Энэ хуулийн 26.3-т заасан санхүүжилтийг тухайн зорилгоос өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
26.6.Төрийн санхүүжилтийн холбогдох хувийг энэ хуулийн 26.3-т заасныг зөрчин зарцуулсан бол хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасан тооцно.
26.7.Нам нь энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр данстай байхыг хориглоно. Тус хориглолт нь энэ хуулийн 34.4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хамаарахгүй.
26.8.Нам нь энэ хуулийн 26.1-т заасан орлогыг цахим мөнгөн хэрэгсэл /крипто валют, NFT зэрэг/-ээр хүлээн авахыг хориглоно.
27 дугаар зүйл.Төрийн санхүүжилт
27.1.Улсын Их Хурлын ээлжит эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
27.2.Төрийн санхүүжилтийн хэмжээ нь энэ хуулийн 27.1, 27.8-т зааснаас хэтрэхгүй байна.
27.3.Нийт сонгогчийн 2-оос дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.
27.4.Энэ хуулийн 27.3-д заасан шаардлагыг хангаагүй намд төрийн санхүүжилт олгохыг хориглоно.
27.5.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд дараах томьёогоор төрийн санхүүжилтийг жил бүр олгоно. Н = (С1 * Т1) + (С2 * Т2)
27.6.Энэ хуулийн 27.5-д заасан томьёо дахь дараах тэмдэглэгээг доор дурдсан утгаар ойлгоно:
27.6.1.“Н” гэж нийт сонгогчийн 2-оос дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
27.6.2.“С1” гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
27.6.3.“С2” гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
27.6.4.“Т1” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
27.6.5.“Т2” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг.
27.7.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно.
27.8.Энэ хуулийн 27.6.2-т заасан саналын тоог дараах байдлаар тооцно:
27.8.1.хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулбал намын нэрсийн жагсаалтаар авсан хүчинтэй саналын хувь;
27.8.2.нэг мандаттай олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын хувь;
27.8.3.олон мандаттай олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын нийлбэрийг энэ хуулийн 27.7.2-т заасантай дүйцүүлэн гаргасан саналын хувь;
27.8.4.холимог тогтолцоогоор сонгууль явуулбал энэ хуулийн 27.8.1, 27.8.2, 27.8.3-т заасан аргачлалаар тооцсон нийлбэр саналын хувь.
27.9.Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 36.3.1-36.3.3-д заасан орлогын нийлбэрээс хоёр дахин их эсхүл түүнээс илүү байж болохгүй.
27.10.Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн нам эвсэл болж сонгуульд оролцсон тохиолдолд энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийг эвсэлд олгоно. Эвсэлд олгосон санхүүжилтийг энэ хууль болон эвслийн гэрээгээр хуваарилна.
27.11.Нам тарах, намыг идэвхгүйд тооцсон, татан буулгасан, эсхүл эвсэл тарсан бол энэ тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг сонгуулийн төв байгууллага зогсооно.
28 дугаар зүйл.Төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах
28.1.Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд төрийн санхүүжилт авах зорилгоор уул санхүүжилтийн хэмжээг тогтоолгох, санхүүжилт авах тухай хүсэлтээ нам тухайн жилийн өмнөх жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн төв байгууллагад гаргана. Энэ хуулийн 28.1-д заасан хугацаанд хүсэлт гаргаагүй бол сонгуулийн төв байгууллага энэ тухай сануулж, 30 хоногийн дотор хүсэлт гаргах боломж олгоно.
28.2.Намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан энэ хуулийн 28.1-д заасан хүсэлтийг сонгуулийн төв байгууллагаас гаргасан маягтын дагуу гаргана. Энэ маягтад намын шуудангийн хаяг, намын дансны дугаар зэрэг мэдээллийг бичихээр тусгана.
28.3.Намын төв байгууллага нь нийт намыг төлөөлж нэгдсэн хүсэлт гаргана.
28.4.Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн өмнөх онд сонгуулийн төв байгууллага төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргасан бол төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд нам шинээр хүсэлт гаргах шаардлагагүй. Төрийн санхүүжилтийн хэмжээнд нөлөөлөх өөрчлөлт гарсан бол сонгуулийн төв байгууллагад даруй мэдэгдэх бөгөөд энэ талаар цаг тухайд нь мэдэгдээгүйн үр дагаврыг нам хариуцна.
28.5.Нам энэ хуулийн 27.5-д заасны дагуу үүссэн эрхээсээ татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд тухайн намд олговол зохих төрийн санхүүжилт улсын төсөвт үлдэнэ.
29 дүгээр зүйл.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох
29.1.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан шийдвэрийн дагуу олгох санхүүжилтийг дараа жилийн 01 дүгээр сарын 01-нээс эхлэн энэ хуульд өөрөөр заагаагүй бол ээлжит болон ээлжит бус сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд жил бүр 2 удаа олгоно.
29.3.Сонгуулийн төв байгууллага нь намаас энэ хуулийн 6 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж ирүүлсэн тайланг үндэслэн энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг баримтлан төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож олгоно.
29.4.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланг нягтлан шалгах ажиллагаа явуулж буй бол уул ажиллагаа дууссаны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно.
29.5.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох үндэс суурь нь төрийн санхүүжилт авах намын эрх үүссэн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хамгийн сүүлд явагдсан Улсын Их Хурлын сонгуулиар авсан хүчинтэй саналын тоо болон энэ хуулийн 27.5-д заасан бусад үзүүлэлт байна.
29.6.Энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд хагас жилийн тайланг ирүүлээгүй бол энэ хуулийн 27.5-д заасны дагуу тухайн намын авсан хүчинтэй саналын тоо (С1)-нд суурилсан төрийн санхүүжилтийн хэсгийг олгохгүй.
29.7.Тайлангийн агуулга алдаа, зөрчилтэй эсэхээс үл хамааран тайлангаа энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан бүтэц, хэлбэрээр 38.12-т заасан аудитын тэмдэглэлийн хамт тогтоосон хугацаанд ирүүлбэл хугацаа баримталсанд тооцно.
29.8.Бусад намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээ, олголт нь тухайн нэг намын үйлдлээс шалтгаалан өөрчлөгдөхгүй.
29.9.Энэ хуулийн 27.8-д дурдсан хязгаарыг тооцон бодоход тайлант жилд авч, тайланд нийтлэгдсэн намын орлогын хэмжээг энэ хуулийн 36.3.1-37.3.3-д үндэслэнэ.
29.10.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо эхлээд нам бүрээр энэ хуулийн 29.7-д заасан хязгаарыг, дараа нь энэ хуулийн 27.1-д заасан хязгаарыг баримтална. Төрийн санхүүжилт энэ хуулийн 27.1-д заасан хязгаараас давж хэтрэх тооцоо гарсан бол уул хязгаартай тэнцүү санхүүжилтийг намуудад ногдох хувь хэмжээгээр нь олгоно.
29.11.Төрийн санхүүжилтийг хуваарилахад харгалзан үзэх тухайн намд өгсөн хүчинтэй саналын тоо нь түүнд нөхөн болон дахин сонгуулийн дүн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өөрчлөлт орсноос бусад тохиолдолд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөхгүй.
30 дугаар зүйл.Төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг
30.1.Нийт сонгогчийн 1 хувиас доошгүй санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй:
30.1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулахад төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд 1 удаа үнэ төлбөргүй ашиглах;
30.1.2.хуваарийн дагуу намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг үндэсний олон нийтийн радио, телевизээр жилд гучин минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэг авах тухай намын хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага шийдвэрлүүлнэ.
30.3.Энэ хуулийн 30.1.1-д заасан байгууллага уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах, энэ хуулийн 30.1.2-д заасны дагуу Үндэсний олон нийтийн радио, телевиз үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй.
30.4.Энэ хуулийн 30.1.2-т заасан нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд төрөөс үзүүлсэн шууд бус дэмжлэгийг дурдана.
30.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй.
31 дүгээр зүйл.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт
31.1.Намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгт шаардагдах зардлыг жил бүр сонгуулийн төв байгууллагын төсвийн багцад суулгаж, батлуулна.
31.2.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв байгууллагад олгох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарилах асуудлыг намын дүрмээр зохицуулна.
31.3.Төрийн аудитын байгууллага нь сонгуулийн төв байгууллага намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг зөв тогтоож олгосон эсэх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
32 дугаар зүйл.Гишүүний татвар
32.1.Гишүүний татварын хэмжээ, бүрдүүлэлтийг тухайн намын дүрмээр тогтооно.
32.2.Гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиас хэтрэхгүй байна.
32.3.Сонгуульт гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байна.
32.4.Гишүүний татварыг тухайн намын гишүүн зөвхөн өөрийн орлогоос төлнө
32.5.Намын гишүүн нь бусад гишүүний өмнөөс гишүүний татвар төлөхийг хориглоно.
32.6.Нам өөрийн дүрэм, журмаар намын гишүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөхөөр зохицуулж болно.
32.7.Хуульд өөрөөр заагаагүй бол намын гүйцэтгэх төв байгууллага нь гишүүний татвар төлсөн баримтыг арван жилийн хугацаанд архивлан хадгална.
32.8.Намын гишүүнээс энэ хуулийн 32.2, 32.3-т заасны дагуу төлөх татвар, намд өгөх бусад аливаа мөнгийг хандив гэж үзэх бөгөөд тэдгээрийн нийлбэр нь энэ хуулийн 33.8-д заасан хэмжээнээс илүүгүй байна. Бүх төрлийн гэнэтийн зардлыг гишүүдэд ногдуулан хуваарилах, мөнгө цуглуулах, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эд хөрөнгө намд өгөхийг хандивт тооцно.
33 дугаар зүйл.Хандив
33.1.Хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байна.
33.2.Иргэний болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн намын дансаар хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив авахыг хориглоно. Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.
33.3.Дараах зүйл нь үнэ төлбөргүйгээр эсхүл зах зээлийн дундаж ханшаас доогуур үнээр хийгдэж буй тохиолдолд мөнгөн бус хандивт хамаарна: