Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 2-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь банк болон банк бус зээлдүүлэгчийн олгох зээлийн нийт бодит хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх, зээлийн зах зээлийг шударга, ил тод, тогтвортой болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХууль тогтоомж
2.1Зээлийн нийт бодит хүүг хязгаарлах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь холбогдох хууль тогтоомжийн дагуу бусдад мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа дараах этгээдэд хамаарна:
3.1.1банк;
3.1.2банк бус санхүүгийн байгууллага;
3.1.3хадгаламж зээлийн хоршоо;
3.1.4ломбард;
3.1.5бусад хууль тогтоомжийн дагуу зээл олгох эрх бүхий хуулийн этгээд, иргэн.
4 дүгээр зүйлНэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“нийт бодит хүү” гэж зээлийн хүү, бүх төрлийн шимтгэл, үйлчилгээний төлбөр, албадан даатгал болон зээлийн гэрээтэй холбоотой зайлшгүй төлөх бусад төлбөрийн нийлбэрийг жилийн хувиар илэрхийлснийг;
4.1.2“зээлийн нийт бодит хүүгийн дээд хязгаар” гэж банк болон банк бус зээлдүүлэгчийн тогтоож болох нийт бодит хүүгийн хамгийн их хэмжээг;
4.1.3“банк бус зээлдүүлэгч” гэж хууль тогтоомжийн дагуу бусдад мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард болон бусад хуулийн этгээд, хувь хүнийг;
4.1.4“мөнгө хүүлэлт” гэж энэ хуульд заасан нийт бодит хүүгийн дээд хязгаараас давсан нөхцөлөөр зээл олгож ашиг олох үйл ажиллагааг;
4.1.5“илүүдэл хүүгийн орлого” гэж нийт бодит хүүгийн хуульд заасан дээд хязгаараас давсан хэсэгт ногдох орлогыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗЭЭЛИЙН НИЙТ БОДИТ ХҮҮГИЙН ХЯЗГААР
5 дугаар зүйлНийт бодит хүүгийн дээд хязгаар
5.1Банк болон банк бус зээлдүүлэгчийн олгох зээлийн нийт бодит хүү нь зээлийн гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны бодлогын хүүгээс дор дурдсан хэмжээнээс хэтрэхгүй байна:
5.1.1тэтгэврийн зээл нь бодлогын хүүгийн + 5 хүртэлх нэгж хувь;
5.1.2цалингийн зээл нь бодлогын хүүгийн + 7 хүртэлх нэгж хувь;
5.1.3жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалттай зээл нь бодлогын хүүгийн + 8 хүртэлх нэгж хувь;
5.1.4бусад бүх төрлийн зээл нь бодлогын хүүгийн + 12 хүртэлх нэгж хувь.
5.2Монголбанк бодлогын хүүгийн өөрчлөлт, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалд үндэслэн энэ зүйлийн 5.1-д заасан нэмэгдэл хувийн дээд хязгаарыг 2 нэгж хувиар багасгах саналыг Засгийн газарт гаргаж болно.
6 дугаар зүйлНийт бодит хүүг тооцох, мэдээлэх
6.1Зээлдүүлэгч нь зээлийн гэрээ байгуулахаас өмнө зээлдэгчид дараах мэдээллийг бичгээр, ойлгомжтой байдлаар заавал мэдээлнэ:
6.1.1зээлийн нийт бодит хүү;
6.1.2зээлдэгчийн төлөх нийт дүн;
6.1.3зээлийн хугацаанд төлөгдөх хүү, шимтгэлийн нийт хэмжээ.
6.2Нийт бодит хүүг буруу, дутуу тооцсон, эсхүл санаатайгаар нуун дарагдуулсан үйлдлийг энэ хууль зөрчсөнд тооцно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7 дугаар зүйлХориглох үйл ажиллагаа
7.1Дараах үйл ажиллагааг хориглоно:
7.1.1энэ хуульд заасан нийт бодит хүүгийн дээд хязгаараас давсан нөхцөлөөр зээл олгох;
7.1.2зээлийн гэрээг нууцаар, эсхүл давхардуулан байгуулах;
7.1.3зээлийн хүү, шимтгэлийг урьдчилан авах;
7.1.4олгож буй зээлийн дүнгээс хүү, шимтгэлийг суутган олгох;
7.1.5нийт бодит хүүнд ороогүй нэрээр аливаа төлбөр, үйлчилгээний хураамж ногдуулах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
8 дугаар зүйлХяналт
8.1Энэ хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тус тус өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
9 дүгээр зүйлХариуцлага
9.1Энэ хуулийг зөрчсөн этгээдэд дараах шаталсан хариуцлага хүлээлгэнэ:
9.1.1нийт бодит хүүгийн дээд хязгаараас давсан хэсэгт ногдох илүүдэл хүүг хүчингүй болгож, зээлдэгчид буцаан олгох;
9.1.2илүүдэл хүүгийн орлогыг 5-10 дахин нэмэгдүүлж улсын орлого болгох;
9.1.3зөрчлийг давтан үйлдсэн бол зээл олгох эрхийг түр түдгэлзүүлэх;
9.1.4удаа дараа, санаатай үйлдсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
10 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
10.1Энэ хууль батлагдсан өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр мөрдөнө.
10.2Энэ хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг батална.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(uzel barimtlal.docx)