Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ /Анхдагч хууль/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, төрөөс бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх дарамтыг багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчны тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлБизнесийн эрх чөлөөний хууль тогтоомж
2.1Бизнесийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлБизнесийн эрх чөлөөг хангах талаар баримтлах зарчим
3.1Төр бизнесийн эрх чөлөөг хангах талаар дараах зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө:
3.1.1хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.2бизнесийн үйл ажиллагаанд хийх төрийн зохицуулалт нь хуульд үндэслэсэн, зайлшгүй, шударга өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх;
3.1.3бизнесийн үйл ажиллагаанд хийх төрийн зохицуулалтын тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах;
3.1.4бизнес эрхлэгчийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, байршил, хэмжээ, салбар, хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй хандах;
3.1.5төрийн үйлчилгээ цахим, ил тод, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, бизнес эрхлэгчээс мэдээллийг нэг удаа авах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.1.6бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээнд суурилсан, давхардалгүй, ил тод, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
3.1.7иргэн, хуулийн этгээдийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг төр эрхлэхгүй байх;
3.1.8хуульд зааснаас бусад тохиолдолд үнэ тогтоох үйл ажиллагаанд төр аливаа хэлбэрээр оролцохгүй байх;
3.1.9хууль тогтоомж хооронд давхардал, зөрчил үүссэн тохиолдолд бизнес эрхлэгчид илүү таатай нөхцөл олгосон зохицуулалтыг баримтлах;
3.1.10төрийн аливаа сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төсвийн болон төсвийн бус хөрөнгийн захиран зарцуулалтын хэмжээ, хамрах хүрээ, арга хэлбэр нь бизнес эрхлэгчийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн байх;
3.1.11бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны шийдвэрийн үр дагаварт жил тутам шинжилгээ хийж шаардлагагүй, давхардсан, үр ашиггүй зохицуулалтыг багасгах.
3.2Төрийн байгууллага, албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд хийх төрийн зохицуулалтыг боловсруулахдаа бизнес эрхлэгчид үзүүлэх ачаалал, шударга өрсөлдөөний хязгаарлалт, хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог хангана.
3.3Төрийн байгууллага, албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа төрийн зохицуулалтын үндэслэл, зорилго, үр нөлөөний талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлж ажиллана.
3.4Бизнес эрхлэгчийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, зардлыг нэмэгдүүлэх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын дагаж мөрдөж эхлэх хугацаа батлагдсанаас хойш 12-оос доошгүй сарын хугацаатай байна.
4 дүгээр зүйлТөрийн бодлого, үйл ажиллагаанд хориглох зүйл
4.1Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг хамгаалахаас бусад тохиолдолд бизнесийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, норм, стандартын баримт бичиг батлан гаргахыг хориглоно.
4.2Бизнес эрхлэгчийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээлэл гаргах, түгээхийг хориглоно.
4.3Бизнес эрхлэгчийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахыг хориглоно.
4.4Хуульд зааснаас бусад тохиолдолд зарим бизнес эрхлэгчид давуу эрх олгосон захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам батлах, үйл ажиллагаа явуулах, эс үйлдэхүйг хориглоно.
4.5Бизнесийн үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх, оролцох, үндэслэлгүй хяналт шалгалт хийх, өмч хөрөнгийг нь хууль бусаар хураан авах, дайчлахыг хориглоно.
4.6Бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй хяналт шалгалт хийх захиргааны шийдвэр гаргах, дүрэм, журам батлахыг хориглоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
5 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
5.1Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
5.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(01.БЭЧтХ төсөл_260604.docx)