Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл

1 дүгээр зүйлЭнэ хуулийн зорилго нь Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслийн жагсаалтад тусгагдсан, импортыг орлох, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх боломжтой, нийслэл Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал болох хүрээлэн буй орчны бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах энэ хуульд заасан гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
Тайлбар: “Гадаад зээллэг” гэдэгт Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.2, 4.1.15-д тус тус заасан гадаад зээл, үнэт цаас зэрэг хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг ойлгоно.
2 дугаар зүйлЭнэ хуулиар гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан төслийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах ба энд зааснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
3 дугаар зүйлЭнэ хуулийн үйлчлэлд гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй доор дурдсан төсөл хамаарна:
3.1Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл
3.2Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл;
3.3Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл.
4 дүгээр зүйлТухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлага болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан нийт төслийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалтын зардал, түүний зардлын өсөлтөөр нэмэгдэж болох бөгөөд ийнхүү нэмэгдсэн дүн нь дээрх хязгаарт үл хамаарна.
5 дугаар зүйлЭнэ хуулийн 3 дугаар зүйлд заасан нийт төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нэмэгдсэнээр тухайн жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтэрч болно.
6 дугаар зүйлТухайн жилийн төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан нийт төслийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.
7 дугаар зүйлТөсвийн тухай хуулийн 57.3 дахь хэсэгт заасан урьд оны үлдэгдлээс санхүүжих зардал, энэ хуулийн 3.3-т заасан төслийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалтын зардал нэмэгдсэн нөхцөлд Төсвийн тухай хуулийн 57.2 дахь хэсэг хамаарахгүй.
8 дугаар зүйлЗасгийн газар нь энэ хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн хамтаар хагас жил тутам Улсын Их Хуралд хүргүүлнэ.
9 дүгээр зүйлЭнэ хуулийн 3 дугаар зүйлд заасан төслийн хэрэгжилт, санхүүжилт, төслийн ашиглалттай холбоотой мэдээллийг холбогдох журмын дагуу олон нийтэд тогтмол, ил тод мэдээлнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(1.Үзэл баримтлал.pdf)