Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 9 ӨДӨР
УЛААНБААТАР

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.8 дах хэсэг:
"4.8.Нэгдсэн хуралдааны танхимын зохион байгуулалт нь Улсын Их Хурал хуралдаж, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих болон ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүд нийт иргэн, улсын ашиг сонирхлын өмнөөс үг хэлэх, нам, эвслийн бүлэг байр сууриа илэрхийлэх, олонхи, цөөнх мэтгэлцэхэд зориулагдсан байна."
2/21 дүгээр зүйлийн 21.25-21.29 дэх хэсэг:
"21.25.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх, асуултад хариулах, тайлбар өгөх албан тушаалтан өөрийн танилцуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх, танилцуулах болон Улсын Их Хуралд худал мэдээлэл ирүүлэхийг хориглоно.
21.26.Энэ хуулийн 21.25-д заасан холбогдох албан тушаалтан худал мэдээлэл өгсөн, танилцуулсан гэж үзвэл гишүүн хуралдаан даргалагчид санал гаргаснаар Тамгын газар, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн мэдээллийн үнэн зөв, бодит эсэх асуудлыг ажлын 5 өдрийн дотор хянаж, дүгнэлт гаргана.
21.27.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх албан тушаалтан болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон этгээд хариуцсан ажил үүргийн хувьд мэдэх ёстой, мэдэх боломжтой мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэт өгөх тухай сануулж, баталгаажуулах хуудаст гарын үсэг зуруулах ажлыг Тамгын газар зохион байгуулна.
21.28.Улсын Их Хуралд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг нуун дарагдуулсан улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг тухайн нам, эвслийн бүлэг, эсхүл 10-аас доошгүй гишүүн гарын үсэг зурсан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.11-д зааснаар холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
21.29.Байнгын хороо энэ хуулийн 22.3.6-д заасны дагуу санал боловсрлуулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
21.30.Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг нуун дарагдуулсан нийтийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 32.7-д заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 21 дүгээр зүйлийн 21.24 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг:
"3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.
3.2.Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль тогтоох эрх мэдлийг өөрт дангаар хадгалж, төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэн, түүний үндсийг тодорхойлж, хууль тогтоох, төсөв батлах, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй."
2/21 дүгээр зүйлийн 21.24 дэх хэсэг:
"21.24.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох албан тушаалтан болон бусад этгээд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй. Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо, Хяналт шалгалтын түр хорооны сонсголд оролцож байгаа этгээд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ."
3 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийн дугаарыг “4.9” гэж, 21 дүгээр зүйлийн 21.25 дахь хэсгийн дугаарыг "21.31" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.25 дахь хэсгийн ", санаатайгаар худал мэдээлэл өгсөн" гэснийг хассугай.
5 дугаар зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(2_Парламентын_цаг_УИХ_ын_ТХНӨ_ТӨСӨЛ_Last_06_04.docx)