Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 12-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, казиногийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлКазиногийн хууль тогтоомж
2.1Казиногийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
3.2Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн тоглоомын үйл ажиллагааг зайнаас зохион байгуулахыг хориглоно. Энэ хуулийн дагуу казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон нь мөрийтэй тоглоомыг зайнаас зохион байгуулах эрх олгохгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“зайнаас зохион байгуулах” гэж мэдээллийн систем, цахилгаан холбооны үйлчилгээ ашиглаж оролцогчтой биечлэн харилцахгүйгээр зохион байгуулахыг;
4.1.2“зөвлөл” гэж Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан байгууллагыг;
4.1.3“казиногийн үйл ажиллагаа” гэж ашиг олох зорилгоор казиногийн байгууламжид казиногийн тоглоом зохион байгуулах онцгой төрлийн бизнесийн үйл ажиллагааг;
4.1.4“казиногийн байгууламж” гэж казиногийн үйл ажиллагаа явуулахад зориулан тохижуулж, казиногийн тоног төхөөрөмжийг суурилуулсан казиногийн цогцолбор дахь тусгай өрөө, танхим бүхий газрыг;
4.1.5“казиногийн тоглоом” гэж казиногийн тоглоомын жагсаалтад орсон, казиногийн тоног төхөөрөмж, түүнтэй адилтгах тоног төхөөрөмжийг ашиглан тоглуулах мөрийтэй тоглоомыг;
4.1.6“казиногийн тоног төхөөрөмж” гэж автомат тоглоом, зориулалтын ширээ, хожлыг үзүүлэх, мөрийг тооцоолох тоног төхөөрөмж зэрэг мөрийтэй тоглоом тоглуулах зориулалттай, эсхүл казиногийн үйл ажиллагааг хэвийн явуулахад ашиглагдах техник, хэрэгслийг;
4.1.7“казиногийн цогцолбор” гэж энэ хуулиар тогтоосон журмын дагуу казиногийн тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эзэмшиж байгаа казиногийн байгууламж болон аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээний зориулалттай байгууламжийг;
4.1.8“мөрий” гэж аз туршсан таамаг нь таарсан тохиолдолд тоглоомын дүрмийн дагуу өсгөж авах, таамаг таараагүй тохиолдолд алдагдал хүлээх эрсдэлийг хүлээж тоглоом зохион байгуулагчид сайн дураараа шилжүүлж өгсөн мөнгө, эсхүл түүнтэй адилтгах зоос, чип, тасалбар зэргийг;
4.1.9“тоглогч” гэж азаа туршиж, учирч болох эрсдэлээ хүлээн зөвшөөрч, казинод мөрий тавин казиногийн тоглоом тоглож байгаа хувь хүнийг;
4.1.10“хонжвор” гэж мөрий тавьж аз туршсан таамаг нь таарсан тул тоглогчид казино эрхлэгчээс шилжүүлэх мөнгөн хөрөнгийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
КАЗИНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
5 дугаар зүйлКазиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
5.1Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно.
5.2Энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгосноос хойш таван жилийн дараа энэ хуулийн 5.1-д зааснаас бусад байршилд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар Засгийн газар Улсын Их Хуралд саналаа хүргүүлж болно.
5.3Энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрөл /цаашид “казиногийн тусгай зөвшөөрөл” гэх/-ийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ оролцогчдын санал болгосон үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлнэ.
5.4Энэ хуулийн 5.3-т заасан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батална.
5.5Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй этгээд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
5.6Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гагцхүү тусгай зөвшөөрөлд заасан байршилд казиногийн цогцолбор барих, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байна.
6 дугаар зүйлКазиногийн тусгай зөвшөөрлийн нөхцөл
6.1Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар казиногийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид энэ хуулийн 5.4-т заасан журмын дагуу 30 жилийн хугацаагаар олгоно.
6.2Энэ хуулийн 5.1-д заасан байршилд казиногийн цогцолборын зориулалтаар газар ашиглах эрхийг казиногийн тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил хугацаагаар тухайн байршилд газар олгох эрх бүхий этгээд олгож, сунгаж, хүчингүй болгоно.
6.3Казиногийн тусгай зөвшөөрөл бүхий этгээд /цаашид “казино эрхлэгч” гэх/-ийн казиногийн байгууламж барих, казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байх бөгөөд тус хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна.
6.4Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ.
7 дугаар зүйлКазиногийн тусгай зөвшөөрөл олгох
7.1Зөвлөл нь энэ хуулийн 5.3-т заасан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулах бөгөөд хүсэлт гаргагчаас казиногийн тусгай зөвшөөрөл авахаар ирүүлсэн баримт бичгийг үнэлж, дүгнэлтээ Засгийн газарт танилцуулна.
7.2Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж Зөвлөлд ирүүлнэ:
7.2.1тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
7.2.2улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
7.2.3хуулийн этгээдийн танилцуулга;
7.2.4хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн эрхэлж байсан болон эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний танилцуулга, хувьцаа эзэмшигчдийн нэр, хаяг;
7.2.5хуулийн этгээдийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд болон эцсийн өмчлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар, намтар, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт;
7.2.6харилцагч банкны тодорхойлолт;
7.2.7тусгай зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 6.3-т заасан шаардлагыг хангаж ажиллах талаар баталгаа;
7.2.8казиногийн цогцолбор, казиногийн байгууламжийн төсөл;
7.2.9хөрөнгө оруулагчийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх;
7.2.10хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаарх мэдээлэл;
7.2.11казиногийн дүрэм;
7.2.12казинод тоглуулах тоглоомын нэр, төрөл, тус бүрийн дүрэм;
7.2.13казиногийн мөнгөн кассын дүрэм;
7.2.14дэнчинг энэ хуулийн 5.4-т заасан журмын дагуу зохих дансанд байршуулсныг тодорхойлох баримт;
7.2.15татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
7.2.16үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө.
7.2Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 6.3-т заасан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх дэнчинг энэ хуулийн 5.4-т заасан журмын дагуу зохих дансанд байршуулна.
7.3Сонгон шалгаруулалтын ялагчаас бусад оролцогчдын дэнчинг аливаа шимтгэлгүйгээр буцаан олгоно.
7.4Хөрөнгө оруулалтыг энэ хуулийн 6.3-т заасан хугацаанд Монгол Улсад оруулаагүй бол дэнчинг буцаан олгохгүй.
7.5Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байршуулсан дэнчинг энэ хуулийн 6.3-т заасан хөрөнгө оруулалтын хэмжээнд оролцуулан тооцно.
8 дугаар зүйлКазино эрхлэгчид тавигдах шаардлага
8.1Казино эрхлэгч нь казиногийн цогцолбор, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа болон бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглоно.
8.2Казино эрхлэгч нь казиногийн бизнесийг эрхлэхэд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байна.
8.3Казино эрхлэгч нь казиногийн үйл ажиллагааг явуулахдаа шудрагаар өрсөлдөх бөгөөд давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, үйл ажиллагааг хязгаарлах, саад учруулахыг хориглоно.
8.4Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулна.
8.5Казино эрхлэгч цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна. Казиногийн мөрий, хонжворыг бүртгэх мэдээллийн систем нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан байна.
8.6Казиногийн цогцолбор нь дараах шаардлагыг хангасан байна:
8.6.1олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий казиногийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байх;
8.6.2казиногийн үйл ажиллагаанд зориулсан олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий зориулалтын казиногийн тоног төхөөрөмж, техник, хэрэгслээр хангагдсан байх;
8.6.3казиногийн ажилтан нь казиногийн үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байх;
8.6.4зохион байгуулагчийн болон уулзалт, амралтын өрөө, олон нийтийн хэсэгт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж (камер) суурилуулсан байх;
8.6.5тоглогчдоос мөрий, бэлэн мөнгө авах, хонжвор олгох мөнгөн кассын хэсэг, мөрийтэй тоглоом тоглуулж байгаа өрөө болон ширээ бүрт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан байх;
8.6.6Зөвлөлөөс баталсан шаардлагыг хангасан байх.
8.7Казиногийн тоглоом нь дараах төрөлтэй байна:
8.7.1ширээний тоглоом;
8.7.2автомат тоглоом, слот машин.
8.8Казино нь Зөвлөлийн тогтоосон стандартыг хангасан, зохих нууцлал бүхий, Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн Монгол Улсад үйлдвэрлэсэн, импортолсон мөрийнд хэрэглэх зориулалттай зоос, чип, тасалбар болон казиногийн тоглоомонд ашиглах зориулалттай хөзөр, шоог хэрэглэнэ.
8.9Казинод тоглогчийг зээлээр тоглуулах, казиногийн цогцолборт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
9 дүгээр зүйлКазиногийн тусгай зөвшөөрлийг сунгах
9.1Казино эрхлэгч тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ казиногийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас нэг жилийн өмнө Зөвлөлд гаргана.
9.2Казино эрхлэгч энэ хуулийн 6.4-т заасан үүрэг болон хуульд заасны дагуу татвар төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар казиногийн тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгана.
9.3Казиногийн тусгай зөвшөөрлийн хугацааг Засгийн газар сунгасан бол чөлөөт бүсийн захирагч казиногийн цогцолборын зориулалтаар газар ашиглах эрхийг мөн хугацаагаар сунгана.
10 дугаар зүйлКазиногийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
10.1Казино эрхлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөн бол Зөвлөл тухайн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлнэ.
10.2Казино эрхлэгч Зөвлөлийн өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Зөвлөл казиногийн тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
10.3Казино эрхлэгч нь татварын өр төлөх эцсийн хугацааг нэг, түүнээс дээш жилийн хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Зөвлөлд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл казиногийн тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
10.4Энэ хуулийн 10.2, 10.3-т заасны дагуу казиногийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
10.5Казиногийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг казино эрхлэгч тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд арилгасан бол Зөвлөл тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
10.6Казиногийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд казиногийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд үүнд Зөвлөл хяналт тавина.
11 дүгээр зүйлКазиногийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
11.1Казиногийн тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
11.1.1энэ хуулийн 11.2-т заасан ноцтой зөрчил гаргасан;
11.1.2татварыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд төлөөгүй.
11.2Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцно:
11.2.1Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид тоглуулахаар удаа дараа мэдсээр байж нэвтрүүлэх, тоглуулах;
11.2.2казиногийн тусгай зөвшөөрлийг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх;
11.2.3мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг казиногийн байгууламжаас гадна, эсхүл зайнаас зохион байгуулах;
11.2.4энэ хуулийн 13.3, 13.4-т заасан зөрчил.
11.3Зөвлөлийн дарга, гишүүн, төрийн албан хаагч, казиногийн ажилтан зэрэг Монгол Улсын иргэнийг ажил үүргийн дагуу казиногийн байгууламжид нэвтрүүлэхийг энэ хуулийн 11.2.1-д заасан ноцтой зөрчилд тооцохгүй.
11.4Казиногийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл үүссэн бол Зөвлөл энэ тухай дүгнэлт үйлдэж, Засгийн газарт хүргүүлнэ.
11.5Казиногийн тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болгосон бол казиногийн цогцолбор, казиногийн тоног төхөөрөмж болон казиногийн үйл ажиллагаатай хамааралтай бусад хөрөнгийг Засгийн газар нөхөн төлбөргүй хурааж авна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
КАЗИНО ЭРХЛЭГЧ
12 дугаар зүйлКазино эрхлэгчийн эрх, үүрэг
12.1Казино эрхлэгч дараах эрх эдэлнэ:
12.1.1хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан тохиолдолд тусгай зөвшөөрлөө сунгуулах;
12.1.2Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан эрх;
12.1.3казинод тоглогчдыг зуучлах талаар хөтөч-тайлбарлагчтай хамтран ажиллах;
12.1.4хуульд заасан бусад.
12.2Казино эрхлэгч нь дараах үүрэг хүлээнэ:
12.2.1Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх, казиногийн үйл ажиллагааг шудрагаар явуулах;
12.2.2энэ хуулийн 8.6-д заасан шаардлагыг хангахуйц казиногийн цогцолбор байгуулах;
12.2.3казиногийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлд заасан байршилд энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шудрагаар эрхлэх;
12.2.4казиногийн байгууламж доторх дуу-дүрсний бичлэгийг 30 хоногоос доошгүй хугацаанд хадгалах;
12.2.5казиногийн байгууламжид нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах;
12.2.6казиногийн байгууламж дахь мөрийтэй тоглоомын дүрэм, зааврыг тоглогчид харагдахаар байршуулах;
12.2.7хожсон тоглогчийн хонжворыг бэлэн мөнгөөр, эсхүл тоглогчтой тохиролцсоны дагуу Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслээр олгох;
12.2.8хууран мэхлэх, залилах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх;
12.2.9мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг мөрдөх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний болон олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэх;
12.2.10татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон шаардлага хангасан казиногийн мөрий, хонжворыг бүртгэх мэдээллийн систем хэрэглэж, казиногийн мөрий, хонжворын мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр мэдээлэх.
12.3Казино хонжворыг олгоход зориулсан бэлэн мөнгөний байнгын нөөцтэй байх бөгөөд тус нөөц нь казиногийн сарын дундаж орлогын 50 хувиас доошгүй байна.
12.4Казино жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн аудит хийлгэнэ.
12.5Хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас казиногийн үйл ажиллагааг долоо хоногоос дээш хугацаагаар зогсоох шаардлагатай нөхцөл байдал үүссэн бол казино эрхлэгч энэ тухай Зөвлөлд мэдэгдэнэ. Зөвлөл тус хүсэлтийг даруй Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ.
13 дугаар зүйлКазиногийн үйл ажиллагаанд хориглох зүйл
13.1Казино эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:
13.1.1Монгол Улсын иргэнийг, эсхүл 18 насанд хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулах;
13.1.2нийтэд хандсан зар сурталчилгаа явуулах;
13.1.3зээл өгч, эсхүл тоглогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулах;
13.1.4шударгаар хожсон тоглогчид хонжворыг төлөхөөс зайлсхийх, татгалзах;
13.1.5согтуурсан, мансуурсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон тоглогчийг нэвтрүүлэх, тоглуулах;
13.1.6үйл ажиллагаагаа долоо хоногоос дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зогсоох;
13.1.7тоглогчийг мэхлэх зорилгоор тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;
13.1.8Зөвлөлийн баталсан жагсаалтад заагаагүй мөрийтэй тоглоом тоглуулах;
13.1.9галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх, дамжуулах;
13.1.10хуульд заасан бусад.
13.2Казино эрхлэгч мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг казиногийн байгууламжаас гадна, эсхүл зайнаас зохион байгуулахыг хориглоно.
13.3Казино эрхлэгч болон казиногийн цогцолборын ажилтнууд тоглогчоор дамжуулан мөрий тавих, тоглогчийн мөрийний тухай шийдвэрт дотоод мэдээллийг ашиглуулах, давуу тал үүсгэх боломж олгохыг хориглоно.
13.4Казино эрхлэгч болон казиногийн цогцолборын ажилтнууд шууд болон шууд бусаар биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах, зохион байгуулах, санал болгохыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ
14 дүгээр зүйлМөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөлийн чиг үүрэг
14.1Зөвлөл нь казиногийн үйл ажиллагаатай холбоотойгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
14.1.1тусгай зөвшөөрөл хүсэгч зохих шалгуур хангасан эсэхийг хянаж, шалгуур хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж Засгийн газарт хүргүүлэх;
14.1.2тоглогчдоос цаасаар болон цахимаар гомдол хүлээн авах, шийдвэрлэх, харьяаллын дагуу гомдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
14.1.3тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардлагатай мэдээлэл, тайлан, тайлбар гаргуулж авах;
14.1.4казиногийн тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах;
14.1.5тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага болон энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;
14.1.6казиногийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Засгийн газарт хүргүүлэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх;
14.1.7хуульд заасан бусад.
14.2Казинод тоглуулж болох мөрийтэй тоглоомын нэр төрлийн жагсаалтыг Зөвлөл батална.
14.3Казиногийн мөнгөн кассын өрөөнд тавигдах шаардлага, казиногийн үйл ажиллагаа явуулах байранд тавигдах шаардлагыг Зөвлөл батална.
14.4Зөвлөлийн дарга, гишүүд болон Зөвлөлийн ажлын албаны албан хаагч болон төрийн албан хаагч хуульд заасан чиг үүргийн дагуу албан ажлын шаардлагаар казинод нэвтрэх эрхтэй хэдий ч казинод тоглохыг хориглоно.
14.5Энэ хуулийн 14.4-т заасныг зөрчиж казинод тоглосон Зөвлөлийн дарга, гишүүд болон албан хаагчийг төрийн албан хаагчийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасанд тооцож албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулна.
15 дугаар зүйлКазиногийн байгууламжид хийх хяналт шалгалт
15.1Зөвлөлийн ажлын алба казиногийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, эсхүл гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
15.2Казиногийн үйл ажиллагааны талаар хувь хүн, хуулийн этгээдээс гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бөгөөд казино эрхлэгчид хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын биелэлтийг шалгах зорилгоор гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
15.3Улсын байцаагчийн эрхтэй Зөвлөлийн албан хаагч казиногийн үйл ажиллагаатай холбоотойгоор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.3.1казиногийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
15.3.2хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
15.3.3хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох, хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт цуглуулах, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг түр хураан авах;
15.3.4хяналт шалгалтын явцад энэ хуулийн 11.1-д заасан зөрчил илэрсэн тохиолдолд казиногийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлэх талаар Зөвлөлд санал оруулах;
15.3.5казиногийн үйл ажиллагааны явцын хяналтын дуу, дүрс, бичлэгийг шалгах;
15.3.6хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
16 дугаар зүйлКазиногийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
16.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
17 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
17.1Энэ хуулийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

цахим эх хувь
(цахим эх хувь.pdf)
үзэл баримтлал
(Казино-Үзэл баримтлал.docx)
хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
(дагасан хуулийн төслүүд.docx)
танилцуулга
(Казино-ТАНИЛЦУУЛГА (4)-3.docx)
Тандан судалгаа
(Казино тандан судалгаа .pdf)
Тандан судалгаа
(тандан судалгаа.pdf)