Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Аюушийн АРИУНЗАЯА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР

СТАТИСТИКИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ хэрэгжүүлэх, үндэсний статистикийн тогтолцоо, тэдгээрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, статистикийн байгууллагын бүрэн эрх, бие даасан байдал, мэдээллийн хараат бус байдлын баталгааг хангуулах, мэдээлэгч, хэрэглэгч, мэдээлэл цуглуулах ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлСтатистикийн хууль тогтоомж
2.1Статистикийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Хүн ам, орон сууцны тооллогын тухай , Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай , Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай , Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1"статистик мэдээлэл" гэж үйл ажиллагааны болон статистикийн дунд хугацааны төлөвлөгөө, аргачлалаар цуглуулж, боловсруулсан албан ёсны статистик болон захиргааны мэдээллийг;
3.1.2“албан ёсны статистик мэдээлэл” гэж энэ хуулийн 7.3 дахь хэсэгт заасан журмаар батлагдсан аргачлал, үзүүлэлт, үйл ажиллагааны болон статистикийн дунд хугацааны төлөвлөгөөний дагуу статистикийн мэргэжлийн арга зүйгээр боловсруулагдаж, баталгаажуулсан мэдээллийг;
3.1.3“захиргааны мэдээлэл" гэж төрийн болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж энэ хуулийн 7.3 дахь хэсэгт заасан журмаар батлагдсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр цуглуулсан өгөгдлийн бүрдлийг;
3.1.4“албан бус статистик мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээдээс зорилго, аргачлалаа өөрөө тодорхойлж цуглуулсан, хувиргасан, боловсруулсан, нийтэлсэн ажиллагаа, мэдээллийг;
3.1.5"статистикийн үйл ажиллагаа" гэж:
3.1.5.астатистик мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох;
3.1.5.бстатистик мэдээлэл гаргаж өгөх, цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах арга зүйг тогтоох;
3.1.5.вэнэ хуулийн 3.1.5.б-д заасан арга зүйг хэрэгжүүлэх;
3.1.5.гстатистик мэдээллийн чанар, бодит байдал, аюулгүй байдал, мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцлалыг хангуулах;
3.1.5.дстатистик мэдээлэл, тооллого, судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулах хэрэглэгчдэд тархаах, нийтлэх, мэдээллийн сан байгуулах, хадгалах үйл ажиллагааг;
3.1.6статистик мэдээлэгч" гэж энэ хуулийн 15.1-т заасан үзүүлэлтийг боловсруулахад шаардлагатай статистик өгөгдлийг гаргаж өгөх үүрэг бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүн, үйл ажиллагаа явуулж байгаа болон тус улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
3.1.7"статистик мэдээллийг хэрэглэгч" гэж статистикийн мэдээллийг хүлээн авч буй хүн, хуулийн этгээдийг;
3.1.8”статистикийн байгууллага” гэж энэ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, албан ёсны статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, тархаах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.4-д заасан мэдээллийн санд статистикийн зорилгоор хандах, ашиглах, нэгтгэх болон тэдгээрт холбогдох арга зүй, ангилал, аргачлал, журам зэргийг статистикийн шинжлэх ухааны нийтээр хүлээн зөвшөөрсөн шалгуурт нийцүүлэн тогтоох үүрэг бүхий төрийн байгууллага, түүний харьяа бүтцийн нэгжийг;
3.1.9“статистик өгөгдөл“ гэж статистикийн зорилгоор цуглуулсан тоон болон тэмдэгтүүдийг агуулсан өгөгдлийг;
3.1.10“статистик мэдээллийн эх үүсвэр” гэж статистикийн үр дүнг гаргах зорилгоор энэ хуулийн 3.1.6-д заасан этгээд, 3.1.15 болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.4-д заасан мэдээллийн сан, бусад эх үүсвэрээс цуглуулах өгөгдөл, багц мэдээллийг;
3.1.11“статистикийн үзүүлэлт” гэж судлагдаж байгаа юмс үзэгдлийн цаг хугацаа, орон зай, бусад шинж чанарыг илэрхийлэх өгөгдлийн бүрэлдэхүүн хэсгийг;
3.1.12“статистикийн ажиглалт” гэж шинжлэх ухааны арга барилаар анхдагч мэдээлэл олж, цуглуулах үйл ажиллагааг;
3.1.13“статистикийн тооллого” гэж судалгааны эх олонлогийг бүхэлд нь хамруулсан статистик ажиглалтыг;
3.1.14“статистикийн түүвэр судалгаа” гэж судалгааны эх олонлогийн тодорхой хэсгийг судалж, түүгээрээ эх олонлогийн шинж чанарыг тодорхойлох хэсэгчилсэн ажиглалтыг;
3.1.15“статистик мэдээллийн сан” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.4 д заасны дагуу статистикийн зорилгоор үүсгэсэн мэдээллийн санг;
3.1.16“мэдээлэл цуглуулагч” гэж энэ хуулийн 3.1.13, 3.1.14-д заасан статистик өгөгдлийг цуглуулах хүнийг;
4 дүгээр зүйлХуулийн үйлчлэх хүрээ
4.1Энэ хууль нь статистикийн үйл ажиллагааг эрхлэх, албан ёсны статистик болон захиргааны мэдээлэл боловсруулах, түгээх, энэ зорилгоор статистик мэдээлэл цуглуулах, түүнийг гаргаж өгөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хамаарна.
4.2Энэ хуульд статистикийн зорилгоор мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй хүн, хуулийн этгээдээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Байгууллагын нууцын тухай хуульд заасан зөвшөөрөл авах харилцаа хамаарахгүй.
4.3Хүн, хуулийн этгээдээс албан ёсны статистик мэдээллийг нэмэх, хасах, өөрчлөх, хувиргах, жишин харьцуулах зэргээр анхдагч агуулгаас өөрөөр албан бус статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах, нийтлэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
5 дүгээр зүйлСтатистикийн үйл ажиллагааны зарчим
5.1Статистикийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.
5.1.1Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх;
5.1.2Албан ёсны статистик мэдээллийн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай байх, мэргэжлийн стандарт, ёс зүйд үндэслэх;
5.1.3Статистикийн үйл ажиллагаа ил тод байх;
5.1.4Статистик мэдээллийг буруу ташаа ашиглах, тайлбарлах тохиолдолд залруулдаг байх;
5.1.5Статистик мэдээллийн чанар, хамрах хугацаа, өртөг, мэдээлэгчийн ачааллыг харгалзан статистик мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох;
5.1.6Мэдээлэгчийн нууцлалыг хангах, зөвхөн статистикийн зорилгоор ашиглах;
5.1.7Статистик мэдээлэл нь хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх;
5.1.8Статистикийн үндэсний зохицуулалтыг хангах;
5.1.9Статистикийн олон улсын стандарт, ангилал, аргачлалтай нийцсэн байх;
5.1.10Статистикийн олон талт хамтын ажиллагааг дэмжих;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ТОГТОЛЦОО
6 дугаар зүйлҮндэсний статистикийн тогтолцоо
6.1Үндэсний статистикийн тогтолцоо нь статистик мэдээллийг эрхлэн гаргадаг статистикийн байгууллага, Монголбанк, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа нэгжүүдээс бүрдэнэ.
6.2Статистикийн байгууллага нь статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар улсын хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэлийн статистикийн газраас бүрдэнэ.
6.3Сум, дүүрэгт статистикийн хэлтэс, алба байгуулан ажиллуулж болно. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ.
6.4Үндэсний статистикийн хорооны дэргэд албан ёсны статистикийн олон улсын болон үндэсний зохицуулалтын уялдааг хангах, хөгжлийг дэмжих, энэ хуулийн 7.3-д заасан шийдвэрийг боловсруулах, санал өгөх үндсэн чиг үүрэг бүхий Арга зүйн зөвлөл ажиллана. Арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний статистикийн хорооны дарга батална.
6.5Үндэсний статистикийн тогтолцоог Үндэсний статистикийн хороо тэргүүлж, нэгдмэл төвлөрсөн удирдлагаар хангана.
6.6Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн болон сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан нь төрийн захиргааны албан тушаалтан байна.
6.7Статистикийн алба байгуулагдаагүй засаг захиргааны нэгжид энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид урамшуулал олгох бөгөөд түүнийг Үндэсний статистикийн хорооны дарга тогтооно.
6.8Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл статистикийн газар, сум, дүүргийн статистикийн хэлтэс, албаны үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
7 дугаар зүйлҮндэсний статистикийн хороо, түүний бүрэн эрх
7.1Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийн үйл ажиллагаа, мэдээлэлтэй холбогдуулан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.албан ёсны статистикийн үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг хангах; 7.1.2.албан ёсны статистикийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; 7.1.3.албан ёсны статистикийн үйл ажиллагааны санхүү, эдийн засгийн баталгааг хангах; 7.1.4.хэрэглэгчийг мэдээллээр хангах, статистикийн мэдээллийг тархаах;
7.2Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийн хараат бус, бие даасан байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.2.1статистикийн байгууллагын хараат бус байдлыг хангах тогтолцоо, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;
7.2.2албан ёсны статистикийн үйл ажиллагаа, мэдээллийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, санал өгөх, хууль санаачлагчид уламжлах;
7.2.3өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох стандарт, дүрэм, журам батлах, мөрдүүлэх;
7.2.4статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи, статистик мэдээллийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх;
7.2.5статистик мэдээллийн санг хөтлөх, ашиглах болон энэ хуулийн 16.2-т заасан журмын хэрэгжилтийг мэдээлэл хариуцагчтай хамтран хангуулах, энэ талаар хамтарсан заавар батлах, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих;
7.2.6Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомж, Засгийн газраас баталсан журмын дагуу гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар байгууллага хоорондын гэрээ байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
7.2.7энэ хуулийн 7.8.1, 7.8.5-т заасан мэдээллийг тархаах, хэрэглэгчид хүргэх зөвлөгөө-мэдээллийн товыг тогтоох;
7.3Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.3.1энэ хуулийн 15.1-д заасан албан ёсны статистикийн үндсэн үзүүлэлтэд үндэслэн жил бүрийн статистик мэдээллийн дэд, дэлгэрэнгүй үзүүлэлт, судалгаа, тооллого явуулах, үйл ажиллагааны болон статистикийн дунд хугацааны төлөвлөгөө, тайланг боловсруулах;
7.3.2албан ёсны статистик мэдээллийг цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тархаах үлгэрчилсэн зааврыг энэ хуульд нийцүүлж олон улсын ангилал, аргачлал, стандартад нийцүүлэн батлах, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих;
7.3.3Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.3, 27.4 дүгээр зүйлд заасан мэдээллийн сан, өгөгдөлд статистикийн зорилгоор хандах, ашиглах, нэгтгэх, мэдээлэл татах;
7.3.4энэ хуулийн 7.3.1, 14.1-д заасан болон статистикийн тооллого, судалгаанд холбогдох аргачлал, маягт, маягтыг нөхөх заавар, загвар тооцооллыг олон улсын ангилал, аргачлал, стандартын жишигт нийцүүлэн батлах, мөрдүүлэх;
7.3.5захиргааны мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт, чанар, бодит байдалд үнэлэлт өгөх;
7.3.6хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны холбогдолтой асуудлаар улсын тооллого, нэг удаагийн бүртгэл, тодорхой сэдвээр судалгаа явуулах талаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мэдээлэгчид удирдамж, чиглэл өгч, биелэлтэд нь хяналт тавих;
7.3.7албан ёсны статистик мэдээллийг статистикийн мэдээллэгч болон мэдээлэл гаргаж өгөх үүрэг бүхий холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас энэ хуулиар тогтоосон хугацаанд гаргуулан авах;
7.3.8бусад төрийн байгууллагын хүсэлт, хэрэгцээ, захиалгыг харгалзан энэ хуулийн 7.3.1-д заасан шийдвэрийг гаргах, албан ёсны статистик мэдээллийг хүргүүлэх;
7.3.9улсын хэмжээнд явуулах статистикийн тооллого, судалгааны ажилд мэргэшлийн ажилтан, мэдээлэл цуглуулагчийг оролцуулах;
7.3.10статистикийн талаар гадаад улс, олон улсын статистикийн болон төрөлжсөн бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, тэдгээртэй Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах, тэдгээрт тус улсын хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны холбогдолтой статистик мэдээллийг гаргаж өгөх;
7.3.11албан ёсны статистик мэдээлэлд залруулга тайлбар, мэдэгдэл хийх, эсхүл энэ талаар чиглэл болгох;
7.3.12улсын хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны статистик мэдээллийг холбогдох байгууллагатай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 2-оос доошгүй сарын өмнө Улсын Их Хуралд мэдээлэх;
7.3.13улсын хүн ам саяар нэмэгдэх бүрд сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх;
7.4Хэрэглэгчийг бодитой, баталгаатай, эргэлзээгүй, хоёрдмол утгагүй албан ёсны статистик мэдээллээр хангахад уг мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох, цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, тархаах болон энэ талаар шийдвэр гаргах ажиллагаанд статистикийн шинжлэх ухааны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, шалгуур, мэргэжлийн ёс зүйг чанд баримтална.
7.5Үндэсний статистикийн хороо нь статистикийн зорилгоор өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын хариуцаж буй мэдээллийн санг ашиглаж болно.
7.6Үндэсний статистикийн хороо нь үндэсний статистикийн зохицуулалт, албан ёсны статистикийн үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх боловсронгуй болгох үүргийг хүлээнэ.
7.7Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийг эрхлэх санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.7.1Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн саналыг Төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, хүргүүлэх;
7.7.2Үндэсний статистикийн хорооны эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх.
7.8Үндэсний статистикийн хороо хэрэглэгчийг мэдээллээр хангах, статистик мэдээллийг тархаах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.8.1албан ёсны статистик мэдээллийг тогтоосон хуваарийн дагуу эрхлэн гаргах, нийтлэх, эмхэтгэн хэвлэх, цахим хуудаст тогтмол байршуулах, түүний бүртгэл, лавламж хөтлөх ажлыг зохион байгуулах;
7.8.2албан ёсны статистик мэдээллийн үйлчилгээг зохион байгуулах;
7.8.3Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тооллого, судалгаа, захиргааны мэдээллийн анхдагч өгөгдлийг хувь хүн, хуулийн этгээдийн энэхүү хуулийн 29 дүгээр зүйлд заасан нууцлалыг хангасан хэлбэрээр цахим хуудаст байршуулах;
7.8.4статистикийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах;
7.8.5статистикийн тухай хууль тогтоомж, энэ хуулийн 7.8.6-д заасан мэдээлэл болон мэдээлэгчийн эрх зүйн байдлыг тайлбарлан таниулах, зөвлөгөө-мэдээлэл хүргэх ажлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хугацаанд жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах;
7.8.6Албан ёсны статистик мэдээллийн эх үүсвэр, арга зүй, үйл ажиллагааны талаар хэрэглэгч танилцах, энэ талаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх үүргийг статистикийн байгууллага хүлээнэ;
7.8.7Албан ёсны статистик мэдээллийг тархаах, түүнд хийсэн залруулга тайлбар, мэдэгдлийг түгээх үүргийг олон нийтийн эрх зүйн байдал бүхий хэвлэл мэдээллийн байгууллага хүлээх бөгөөд арилжааны хэвлэл мэдээллийн байгууллага дэмжлэг үзүүлнэ;
7.9Засгийн газрын гишүүн, төрийн бусад албан газрын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан шийдвэр нь статистикийн хууль тогтоомжтой нийцээгүй бол энэ тухай тэдгээрийн харьяа дээд шатны байгууллагад мэдэгдэж хүчингүй болгуулах арга хэмжээ авах;
7.10Үндэсний статистикийн хороо үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.
8 дугаар зүйлҮндэсний статистикийн зөвлөл
8.1Үндэсний статистикийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь үндэсний статистикийн тогтолцоог нэгдмэл төвлөрсөн удирдлага, албан ёсны статистикийн үйл ажиллагаа, мэргэжил арга зүй, санхүү эдийн засгийн хараат бус бие даасан байдлыг хангахад туслах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
8.2Зөвлөл нь Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга, орон тооны бус 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Үндэсний статистикийн хорооны дарга тэргүүлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүний 2 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар, Үндэсний статистикийн хороо, Монголбанкаас тус бүр 1 гишүүнийг нэр дэвшүүлж, санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.
8.3Зөвлөлийн дарга, гишүүдийг томилоход түүний эдийн засаг, статистик, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.
8.4Зөвлөлийн гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүн сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно.
8.5Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдааны шийдвэр нь зөвлөмж байна.
8.6Зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулах бөгөөд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хурлыг хүчинтэйд тооцно. Санал хураалтыг илээр явуулж, хуралдаанд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ.
8.7Зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоох бөгөөд хуралдааны тов, түүгээр хэлэлцэх асуудлыг зөвлөлийн даргын тушаалаар батална.
8.8Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Зөвлөлийн даргын санаачилгаар, эсхүл гурав, түүнээс дээш гишүүдийн шаардсанаар зарлан хуралдуулна.
8.9Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
8.9.1Зөвлөл нь энэ хуулийн 32.4-д заасан, түүнчлэн үндэсний статистикийн зохицуулалт, системд үзүүлж буй хууль тогтоомж, хэм хэмжээний актын нөлөөллийг жил бүр тооцож, зөвлөмжийг холбогдох бусад төрийн байгууллагад хүргүүлэх;
8.9.2албан ёсны статистикийн үйл ажиллагааны чанарын үнэлгээ, чанарын дотоод хяналтын тайланд дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгөх;
8.9.3энэ хуулийн 15.1-д заасан албан ёсны статистикийн үндсэн үзүүлэлтэд үндэслэн жил бүрийн статистик мэдээллийн дэд, дэлгэрэнгүй үзүүлэлт, судалгаа, тооллого, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал гаргах;
8.9.4статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах тогтолцоо, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;
8.9.5Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны жилийн тайлан, төсөв болон хөрөнгө оруулалтын төсвийн саналыг хэлэлцэж, зөвлөмж өгөх;
8.9.6статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт мэдээллийн технологи, техник, тоног төхөөрөмжөөр статистик мэдээллийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, нэгдсэн зөвлөмжөөр хангах;
8.9.7судалгаа шинжилгээ, хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилтийг дэмжих зорилгоор, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.3, 27.4-т заасан мэдээллийн санд хандах, ашиглах, өгөгдлийг нэгтгэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, өгөгдлийн засаглалыг дэмжих, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан санг үүсгэх, чанарыг сайжруулах асуудлаар зөвлөмж гаргах;
8.9.8Статистикийн үйл ажиллагааны эдийн засаг, санхүү, төсөв, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах асуудлаар зөвлөмж гаргах;
8.9.9Зөвлөл нь Үндэсний статистикийн хороо энэ хуулийн 7.10-д заасны дагуу Улсын Их Хуралд тайлан хүргүүлэх үед өөрийн үйл ажиллагааны тайланг хамтад нь хүргүүлнэ.
9 дүгээр зүйлҮндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга
9.1Үндэсний статистикийн хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.
9.2Үндэсний статистикийн хорооны дэд даргыг Үндэсний статистикийн хорооны даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
9.3Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.
9.4Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга нь сахилгын шийтгэлгүй, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, ял шийтгэгдэж байгаагүй Монгол Улсын иргэн байна.
9.5Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.
9.6Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргын бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн дарга, дэд дарга сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно. Хорооны дарга, дэд дарга, энэ хуульд заасан журмын дагуу нөхөн сонгож, томилох бөгөөд тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа энэ хуулийн 9.1, 9.2-т заасантай ижил байна.
9.7Хорооны дарга, дэд дарга, түүнчлэн зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
9.7.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон; 9.7.2.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; 9.7.3.гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; 9.7.4.өөрөө хүсэлт гаргасан.
9.8Үндэсний статистикийн хорооны даргын түр эзгүйд түүний албан үүргийг дэд дарга гүйцэтгэнэ.
10 дугаар зүйлҮндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа
10.1Үндэсний статистикийн хорооны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
10.1.1албан ёсны статистикийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх;
10.1.2Үндэсний статистикийн хорооны тамгын газар, дотоод аудитын нэгж, аймаг, нийслэлийн статистикийн газар, сум, дүүргийн статистикийн хэлтэс, албаны даргыг тус тус томилж, чөлөөлөх;
10.1.3Үндэсний статистикийн хорооны Арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг батлах;
10.1.4Үндэсний статистикийн хорооны зөвлөл, Арга зүйн зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох, урамшууллын хэмжээг тогтоох;
10.1.5Үндэсний статистикийн хороог тэргүүлж, дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
10.1.6өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;
10.1.7Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд Үндэсний статистикийн хорооны байр суурийг илэрхийлэх, төсвийн болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх, санал гаргах;
10.1.8хуульд заасан бусад бүрэн эрх;
10.2Үндэсний статистикийн хорооны дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
10.3Үндэсний статистикийн хорооны дарга нь статистикийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна.
10.4Статистикийн байгууллагын хэмжээнд дагаж мөрдүүлэх албан ёсны статистик мэдээлэгчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах, хамгаалах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, журмын хэрэгжилттэй холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, мэдээлэл гаргах;
10.5Үндэсний статистикийн хорооны дэд даргын хариуцах ажлын чиг үүргийг батлах (шинэчлэл хөгжил, бодлого, дэд бүтэц, арга зүй гэх мэт), хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг зохицуулна.
11 дүгээр зүйлҮндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын бүрэн эрх
11.1Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
11.1.1.Үндэсний статистикийн хорооны даргатай зөвшилцөн ажилтныг томилох, чөлөөлөх; 11.1.2.батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах, тайлагнах; 11.1.3.Үндэсний статистикийн зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах; 11.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
11.2Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
12 дугаар зүйлАймаг, нийслэлийн статистикийн газар, түүний чиг үүрэг
12.1Аймаг, нийслэлд статистикийн газар ажиллана. Аймаг, нийслэлийн статистикийн газар үйл ажиллагаагаа Үндэсний статистикийн хорооны даргад тайлагнах бөгөөд бүтэц, орон тооны дээд хязгаарыг албан ёсны статистикийн үйл ажиллагаа, тооллого, судалгааны ажлын ачааллыг харгалзан Үндэсний статистикийн хорооны дарга тогтооно.
12.2Аймаг, нийслэлийн статистикийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1.энэ хуулийн 7.2, 7.3, 7.7, 7.8 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 12.2.2.энэ хуульд заасан албан ёсны статистик мэдээллийг цуглуулах, дамжуулах, боловсруулах; 12.2.3.тооллого, судалгааны ажилд оролцох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
12.3Аймаг, нийслэлийн статистикийн газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Үндэсний статистикийн хорооны дарга тогтооно.
12.4Аймаг, нийслэлийн статистикийн газрын дарга нь Төсвийн шууд захирагч байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.4.1.Аймаг, нийслэлийн статистикийн газрыг өдөр тутмын удирдлагаар хангах; 12.4.2.Аймаг, нийслэлийн болон харьяа хэлтэс, нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; 12.4.3.Үндэсний статистикийн хорооны даргатай зөвшилцөн хэлтэс, албаны ажилтныг томилж, чөлөөлөх; 12.4.4.батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
12.5Аймаг, нийслэлийн статистикийн газрын дарга ажлаа Үндэсний статистикийн хорооны даргын өмнө хариуцан тайлагнана.
12.6Аймаг, нийслэлийн статистикийн газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
13 дугаар зүйлСум, дүүргийн статистикийн хэлтэс, алба
13.1Үндэсний статистикийн хорооны даргын шийдвэрээр сум, дүүрэгт статистикийн хэлтэс, эсхүл тусгайлсан алба байгуулан ажиллуулж болох бөгөөд тэдгээр нь аймаг, нийслэлийн статистикийн газарт харьяалагдаж, үйл ажиллагаагаа тайлагнана. Үндэсний статистикийн хорооны даргын шийдвэрт хэлтэс, алба нь тухайн аймаг, нийслэлийн засаг захиргааны тодорхой нэгжийн нутаг дэвсгэрийг хариуцан ажиллах, эсхүл аймаг, нийслэлийн статистикийн газрын чиг үүргийн тодорхой хэсгийг тусгайлан эрхлэх эсэхийг тодорхой заасан байна.
13.2Статистикийн хэлтэс, алба нь энэ хуулийн 12.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, оролцоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР, ТӨРӨЛ, АНГИЛАЛ, АРГА ЗҮЙ, ШААРДЛАГА
14 дүгээр зүйлСтатистикийн мэдээллийн хэлбэр
14.1Статистик мэдээлэл нь албан ёсны статистик болон захиргааны мэдээлэл гэсэн хэлбэртэй байна.
14.2Албан ёсны статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны болон энэхүү хуулийн 6.1-д заасан үндэсний статистикийн тогтолцооны байгууллага Үндэсний статистикийн хорооны зөвшөөрсний дагуу эрхлэн гаргана. Захиргааны мэдээллийг бусад төрийн байгууллага энэ хуулийн 7.3.5, 15.1.6-д заасан шийдвэрийг баримтлан эрхлэн гаргана. Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагууд нь албан ёсны статистик мэдээллийг эрхлэн гаргахдаа энэ хуулийн 7.1.1, 7.1.4, 7.2.3-7.2.5, 7.3.1, 7.3.3, 7.3.11, 7.4, 7.8.1-7.8.7, 10.4, 15.1, 17 дугаар зүйл, 18 дугаар зүйл, 19.1, 20.3, 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 26.1, 27.2, 27.3, 29.1 дэх хэсгийг баримтлана.
14.3Үндэсний статистикийн хороо энэ хуулийн 7.3.1, 7.3.2-д заасан журам, шаардлагыг хангуулж бусад төрийн байгууллагаас гаргах албан ёсны статистик мэдээллийн үндсэн үзүүлэлт, дэд үзүүлэлтийг тогтоож болно.
15 дугаар зүйлАлбан ёсны статистик мэдээллийн үзүүлэлт
15.1Албан ёсны статистик мэдээлэлд дараах салбарын үзүүлэлт хамаарна:
15.1.1.хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт; 15.1.2.эдийн засгийн статистикийн үзүүлэлт; 15.1.3.байгаль орчны статистикийн үзүүлэлт; 15.1.4.засаглалын статистикийн үзүүлэлт; 15.1.5.салбар дундын шинжтэй статистикийн үзүүлэлт; 15.1.6.Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бусад.
15.2Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.
16 дугаар зүйлСтатистикийн мэдээллийн нэгдсэн сан
16.1Статистик мэдээллийн нэгдсэн санг Үндэсний статистикийн хороо үүсгэж, эрхлэн хөтөлнө.
16.2Төрийн байгууллага, албан тушаалтан статистик мэдээллийн нэгдсэн санд оруулах албан ёсны бодитой, чанартай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хугацаанд шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэ хуулийн 7.3.3-д заасан мэдээллийн санд хандах, ашиглах өгөгдлийг татан авах журмыг Засгийн газар тогтооно.
16.3Энэ зүйлийн 16.1-д заасан санг эрхлэх, хөтлөхөд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон үзүүлэлт, ангиллаар үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллээ статистикийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
17 дугаар зүйлМэдээллийн нууцлалыг хамгаалах
17.1Статистик мэдээллийн зорилгоор цуглуулсан, дамжуулсан, нэгтгэсэн, боловсруулсан мэдээлэлд агуулагдах мэдээлэгч, хүн, хуулийн этгээдийн нууцлалыг чандлан хадгалах үүргийг мэдээлэл хариуцагч хүлээнэ. Энэ хэсэгт заасан статистикийн үйл ажиллагааг эрхлэн явуулагчид, хариуцагчид, оролцогчдоос мэдээллийн нууцлалыг хадгалах, задруулахгүй байх талаар урьдчилан танилцуулж, хууль тогтоомжид заасан баталгаа гаргуулсан байна.
17.2.Статистик мэдээллийн зорилгоор цуглуулсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.10-4.1.12, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1, 5.1.2, 13.1, 13.2, 14.1, Байгууллагын нууцын тухай хуулийн 4.1, 4.2-т заасан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүргийг мэдээлэл хариуцагч хүлээнэ.
17.3Статистик мэдээллийг тархаах, нийтэд ил болгох хүртэл статистикийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон статистик мэдээлэл, түүний агуулгыг нууцална.
17.4Мэдээлэгчид мэдээллийн нууцлалыг хамгаалах арга, журмын талаар урьдчилан танилцуулсан байвал зохино. Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний зөвшөөрөлгүй, түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг бусдад шилжүүлэх, дамжуулах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж нийтлэх, ил болгох, түүнчлэн бусад хэлбэрээр өөрчлөлт оруулах, бодит бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, өөр зорилгоор дахин ашиглах, задруулахыг хориглоно.
17.5Хуульд өөрөөр заасан, эсхүл мэдээллийн эзэн бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд энэ хуулийн 17.2 дахь хэсэгт заасан мэдээллийг гаргуулан болон шилжүүлэн авах, авахыг завдах, шаардах зэрэг хууль бус үүрэг, даалгавар, чиглэл өгөх, шийдвэр гаргахыг хориглоно. Энэ хэсэгт заасан хууль бус үүрэг, даалгавар, чиглэл, шийдвэрийг мэдээлэл хариуцагч биелүүлэхгүй байх эрхтэй бөгөөд энэ нь түүнд сахилгын болон бусад шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
17.6Хуульд өөрөөр заасан үндэслэлээр энэ хуулийн 17.2 дахь хэсэгт заасан мэдээллийг захирамжлалын шинжтэй шийдвэр болон зохион байгуулалтын эрх зүйн баримтад тулгуурлан шилжүүлэн авсан хуулийн этгээд, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мэдээлэгчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан нууц задарсан тохиолдолд түүнээс үүсэх үр дагаврыг мэдээллийг шилжүүлэн авсан этгээд бүрэн хариуцна.
18 дугаар зүйлМэдээллийн аюулгүй байдлыг хангах
18.1Статистикийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.2, 18.6, Кибер аюулгүй байдлын тухай 17.1-д заасан журмаар хангуулна.
18.2Мэдээлэгчид мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах арга, журмын талаар урьдчилан танилцуулсан байвал зохино.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА
19 дүгээр зүйлСтатистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа
19.1Энэ хуулийн 6.1-д заасан Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагын ажилтан нь статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс мэргэжил, үйл ажиллагаа, төсвийн хувьд хараат бус байна. Статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлыг энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.
19.2Албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүнд холбогдох шийдвэрийг энэ хуульд зааснаас өөр байгууллага эрхлэхийг хориглоно.
19.3Статистикийн байгууллага нь хэрэглэгчид өгөөжтэй, мэдээлэгчид ачаалал, зардал бага арга, хэлбэрийг сонгож мэдээллийн эх үүсвэрээ өөрөө тодорхойлно. Хөндлөнгөөс мэдээллийн эх үүсвэрийг нэрлэн заах, тулгах, сонгон хэрэглэхийг шаардахыг хориглоно.
20 дугаар зүйлСтатистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, нийтэд түгээх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох
20.1Статистикийн үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
20.2Энэ хуульд заасан журмын дагуу цуглуулж, боловсруулж буй мэдээллийг урьдчилан авах, түүний үзүүлэлтийг нэмэх, хасах, арга зүй, аргачлал, агуулга, статистикийн тоон мэдээллийг зориуд өөрчлөх, өөрчлүүлэхээр нөлөөлөхийг хориглоно.
20.3Статистикийн байгууллагын ажилтан нь энэ хуульд заасан журмын дагуу олж авсан хүний болон төр, байгууллага, хуулийн этгээдийн хуулиар тогтоосон нууцлалыг чандлан хангуулах, тархаагдаагүй, нийтэд ил болоогүй статистикийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
21 дүгээр зүйлАшиг сонирхлын зөрчлийн зохицуулалт
21.1Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагын ажилтан статистикийн үйл ажиллагаа, статистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, нэгтгэх, тархаах, түүнчлэн энэ хуульд заасан бусад ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр бол энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.
21.2Статистик мэдээлэл, түүний тоон болон бусад агуулгыг урьдаас нотлох, эсхүл батлах замаар статистик мэдээлэл боловсруулахыг хориглоно.
22 дугаар зүйлСтатистикийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
22.1Статистикийн байгууллагын төсөв нь энэ хуулийн 7.3.1-д заасан жил бүрийн статистик мэдээллийн дэд, дэлгэрэнгүй үзүүлэлт, судалгаа, тооллого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна. Үндэсний статистикийн хорооноос хүргүүлсэн тухайн жилийн статистикийн судалгаа, тооллогын төсвийн саналыг үндэслэлгүйгээр бууруулахыг хориглоно.
22.2Статистикийн байгууллагын ажилтны албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдэл, улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Үндэсний статистикийн хорооны өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
23 дугаар зүйлСтатистикийн улсын байцаагч
23.1Статистикийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Үндэсний статистикийн хорооны шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, мэдээлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий улсын байцаагч ажиллана. Үндэсний статистикийн хороонд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, аймаг, нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
23.2Үндэсний статистикийн хорооны дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд түүний шийдвэрээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
23.3Статистикийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж мөн хуулийн 7.7-д заасан баталгаагаар хангагдахаас гадна дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.3.1статистикийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, статистикийн тухай хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах;
23.3.2судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
23.3.3хийсэн хяналт шалгалтын бодит байдлыг бүрэн хариуцах;
23.3.4зөрчилд шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах;
23.3.5шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлын талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж арилгуулах;
23.3.6өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн мэдээ, тайлан нь дутуу, алдаатай бол холбогдох этгээдээс тайлбар гаргуулан авах, анхан шатны бүртгэлтэй тулгаж, магадлах.
23.3.7хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
23.4Статистикийн улсын байцаагчийн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн үүрэг, тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
23.5Статистикийн улсын байцаагч нь түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн шаардах хуудас, акт, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
23.6Албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд үнэмлэх, тэмдэг ашиглахыг хориглоно.
24 дүгээр зүйлСтатистикийн үйл ажиллагаанд хориглох зүйл
24.1Статистикийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
24.1.1албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдлыг зориудаар бий болгох;
24.1.2албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцыг задруулах;
24.1.3албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник хэрэгслийг өөр зориулалтаар ашиглах;
24.1.4Албан ёсны статистик мэдээллийг албан ёсоор мэдээлээгүй байхад статистик мэдээлэл, судалгааны дүн, тооцооллын задгай, боловсруулалтын шатанд байгаа мэдээллийг шаардах, тархаах;
24.1.5статистикийн мэдээллийг улс төрийн зорилго, агуулгаар боловсруулах, тархаах, улс төрийн сонгуульд тодорхой нэр дэвшигчийг дэмжих, эсхүл дэмжихгүй байх зорилгоор статистикийн үйл ажиллагааг эрхлэх, мэдээлэл тархаах;
ТАВДУГААР БҮЛЭГ
СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ
25 дугаар зүйлСтатистикийн мэдээллийн чанарын хяналтын тогтолцоо
25.1Статистикийн мэдээллийг боловсруулахад энэ хуулийн 7.1.2, 7.3-д тодорхойлогдсон арга зүй, аргачлал, ангилал болон дүрэм, журам, заавар зэрэгт нийцүүлсэн, албан ёсны статистик мэдээлэл чанартай, эргэлзээгүй илэрхийлэгдсэн эсэхэд чанарын хяналт тавих, энэ талаар зөвлөмж гаргах үндсэн чиг үүрэг бүхий Үндэсний статистикийн хорооны үндсэн бүтцийн нэгж ажиллах бөгөөд үйл ажиллагааны журмыг Үндэсний статистикийн хорооны дарга баталж, нэгж нь түүнд ажлаа тайлагнаж, Үндэсний статистикийн зөвлөлд танилцуулна.
25.2Чанарын хяналтыг Үндэсний статистикийн хорооноос батлагдсан удирдамжийн хүрээнд жилд нэг 1 удаа, нэгжийн санаачилгаар тухай бүр хэрэгжүүлнэ. Энэ хуулийн 7.3.1-д заасан үйл ажиллагааны тайланг Үндэсний статистикийн хороо баталгаажуулахаас өмнө чанарын хяналтын тайлан, санал, дүгнэлтийг урьдчилан танилцуулсан байна.
26 дугаар зүйлСтатистикийн мэдээллийн чанарын дотоод хяналтын үр дагавар
26.1Статистик мэдээллийн чанарын хяналтыг хэрэгжүүлэхдээ албан ёсны статистик мэдээлэл тархаагдахаас өмнө хийж, зөвлөмж гаргасан байвал зохино. Нийтэд тархаагдсан албан ёсны статистик мэдээлэл нь энэ хуулийн 7.3-д заасанд нийцээгүй тухай зөвлөмжийг Үндэсний статистикийн хорооны даргад нэн даруй танилцуулна.
26.2Залруулгын үр дагаврыг энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭГЧ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ
27 дугаар зүйлСтатистикийн мэдээлэгч, түүний эрх, үүрэг
27.1Энэ хуулийн 7.3.1, 15.1-д заасан үзүүлэлт, тооллого, судалгаанд хамрагдах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тодорхой эрх өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа, түүнчлэн үйл ажиллагаа эрхлэгч, суралцагч, хөдөлмөр эрхлэгч хүн, хуулийн этгээд нь статистикийн зорилгоор цуглуулах өөрт байгаа мэдээллийг Үндэсний статистикийн тогтолцооны байгууллага, түүний ажилтанд гаргаж өгөх үүрэгтэй. Үндэсний статистикийн тогтолцооны байгууллага, түүний ажилтан уг мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр статистикийн бус зорилгоор бусдад дамжуулахгүй, шилжүүлэхгүй, задруулахгүй байх үүргийг тус тус хүлээнэ.
27.2Мэдээлэгчээс цуглуулах болон цуглуулсан мэдээллийг статистикийн ямар үзүүлэлт, тооллого, судалгаанд шаардагдах, түүнчлэн төрийн байгууллагаас гаргах шийдвэрийн үндэслэл болохыг урьдчилан танилцуулсан байна.
27.3Мэдээлэгчийн өгөх мэдээллийн агуулгыг зориуд нэрлэн заах, өөр агуулга санал болгох, гуйвуулах, засварлах, бусад байдлаар нөлөөлөхийг хориглоно.
27.4Мэдээлэгч дараах эрхтэй:
27.4.1.статистикийн аль үзүүлэлт, тооллого, судалгаанд хамрагдаж буйг мэдэх, танилцах; 27.4.2.мэдээлэгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл авах; 27.4.3.статистикийн зорилгоор өгсөн мэдээллийн нууцлал, хамгаалалтын талаар мэдээлэл авах, түүнийг хангуулж байгаатай танилцах; 27.4.4.энэ хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Үндэсний статистикийн хороонд гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох; Тайлбар: Гомдлыг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. Гомдлын агуулга, түүний шийдвэрлэлтийн байдлыг жил бүр нэгтгэж, сургалтад ашиглана. 27.4.5.мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг боловсронгуй болгох талаар статистикийн байгууллагад санал оруулах; 27.4.6.хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй үзүүлэлт, аргачлалаар статистик мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах; 27.4.7.өөрийн эмзэг мэдээллийг задруулахгүй байхыг шаардах; 27.4.8.Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгааны нэгдсэн дүнтэй танилцах.
27.5Мэдээлэгч дараах үүрэгтэй:
27.5.1.статистик мэдээлэл, судалгаа гаргахад шаардагдах анхдагч бүртгэл хөтлөх; 27.5.2.статистик мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд бодитой, бүрэн гаргаж өгөх, хүргүүлэх; 27.5.3.улсын тооллогод хамрагдах; 27.5.4.албан ёсны статистик мэдээллийг өөрийн зардлаар хүргэх; 27.5.5.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.3, 27.4-т заасны дагуу мэдээллийн санг эрхэлж, хариуцагч нар нь уг санд статистикийн байгууллагаас саадгүй хандах, ашиглах, мэдээлэл татахад дэмжлэг үзүүлэх.
27.6Мэдээлэгч энэ хуулийн 27.5-д заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд төрөөс үзүүлэх бусад үйлчилгээг энэ хуульд заасан үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд түр түдгэлзүүлэх, төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
28 дугаар зүйлСтатистик мэдээлэл хэрэглэгчийн эрх, үүрэг
28.1Албан ёсны статистик мэдээллийг хүлээн авсан, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд статистикийн мэдээллийн хэрэглэгч байна.
28.2Хэрэглэгч дараах эрхтэй:
28.2.1.энэ хуульд заасан журмаар статистик мэдээллийг ашиглах; 28.2.2.статистик мэдээллийн хэрэгцээ, арга зүй, ангилал, үзүүлэлт, тооллого, судалгааны талаар санал, хүсэлт гаргах; 28.2.3.Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагын, үйл ажиллагааны, түүнчлэн статистик мэдээллийн арга зүй, аргачлал болон түүнийг цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тархаах талаарх мэдээлэлтэй танилцах; 28.2.4.статистикийн үйл ажиллагааны талаар өргөдөл, гомдол, санал, хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх.
28.3Хэрэглэгч дараах үүрэгтэй:
28.3.1.энэ хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөх; 28.3.2.статистик мэдээллийг ашиглаж нийтэд түгээх, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, тайлан, тайлбар, танилцуулга зэрэгт ашиглахдаа мэдээлэл хариуцагчийн талаар дурдах; 28.3.3.албан ёсны статистикийн байгууллагаас баталсан болон зөвшөөрснөөс бусад үзүүлэлтийг гаргуулахыг шаардахгүй байх;
28.4Хэрэглэгч энэ хуулийн 28.3.1-д заасныг зөрчиж статистик мэдээллийг дамжуулах, нийтлэх, түгээх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцна.
29 дугаар зүйлМэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцын хамгаалалт
29.1Статистикийн зорилгоор мэдээлэл өгч буй мэдээлэгчийн хууль тогтоомжоор тогтоосон нууцыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон энэ хуулиар хамгаална.
30 дугаар зүйлСтатистикийн үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн Засаг даргын оролцоо
30.1Статистикийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг дарга дараах үүргийг хүлээнэ:
30.1.1.тухайн орон нутгийн нэгжид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа статистикийн газар, нэгжийг нутгийн захиргааны төв байранд байрлуулж, ажиллах нөхцөлөөр хангах; 30.1.2.статистикийн тооллого, судалгаанд техник, зохион байгуулалт, ажиллах хүч, мэдээллийн туслалцааг үзүүлэх; 30.1.3.тооллого, судалгааны ажлыг зохион байгуулах, оролцох, энэ талаар харьяалах доод шатны Засаг дарга, албан тушаалтанд үүрэг, чиглэл, даалгавар өгөх; 30.1.4.статистикийн зорилгоор энэ хуульд заасан журмаар Үндэсний статистикийн хорооноос өгөгдсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх, түүний биелэлтийг танилцуулах;
30.2Нийслэлийн Засаг дарга энэ хуульд зааснаас өөр үүрэг, даалгавар, чиглэл өгөх, ажил, аянд Нийслэлийн статистикийн газрын дарга, ажилтныг дайчлахыг хориглоно.
31 дүгээр зүйлСтатистикийн үйл ажиллагааны талаар сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын оролцоо
31.1Статистикийн үйл ажиллагааны талаар аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь энэ хуулийн 30.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
31.1.1.энэ хуулийн 7.3.1, 15.1-д заасан албан ёсны статистикийн үзүүлэлт, тооллого, судалгааны мэдээллийг бодитой, бүрэн гүйцэт цуглуулах; 31.1.2.энэ хуулийн 7.3.1-д заасан тооллого, судалгааны санг байнга шинэчлэх; 31.1.3.статистик мэдээлэл гаргахад шаардлагатай захиргааны бүртгэлийг хөтлөх; 31.1.4.статистикийн нэгжийг нутгийн захиргааны төв байранд байрлуулж, ажиллах нөхцлөөр хангах.
31.2Аймаг, сум, дүүргийн Засаг дарга энэ хуульд зааснаас өөр үүрэг, даалгавар, чиглэл өгөх, ажил, аянд статистикийн хэлтсийн дарга, ажилтныг дайчлахыг хориглоно.
32 дугаар зүйлСтатистикийн үйл ажиллагааны талаар төрийн байгууллага,төрийн өмчит хуулийн этгээдийн оролцоо
32.1Төрийн захиргааны төв, түүнчлэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд захиргааны мэдээллийн үйл ажиллагааг эрхэлнэ. Төрийн захиргааны төв байгууллага нь бүтэцдээ салбарын статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, энэ талаарх мэдээллээр Үндэсний статистикийн хороог хангах үүрэг бүхий нэгжтэй байна.
32.2Статистикийн үйл ажиллагааны талаар төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 30.1.2, 30.1.3, 30.1.4-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
32.2.1.Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хугацаанд албан ёсны болон захиргааны мэдээллийг цуглуулж, боловсруулж, статистикийн байгууллагад шилжүүлэх; 32.2.2.захиргааны мэдээллийг цуглуулж, боловсруулж, шилжүүлэхэд энэ хуульд заасан журмыг баримтлах; 32.2.3.энэ хуулийн 7.3.1, 15.1-д заасан мэдээллийг гаргаж өгөх, цуглуулахад оролцох, мэдээлэл, судалгаа, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх; 32.2.4.өөрийн цуглуулж, боловсруулж, шилжүүлсэн мэдээллийн бодит байдал, иж бүрдэл, хуулиар тогтоосон хүн, хуулийн этгээдийн нууцлалыг хамгаалах, хангуулах; 32.2.5.өөрийн чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд захиргааны мэдээллийг эрхлэх; 32.2.6.Статистикийн үйл ажиллагааг эрхэлсэн талаарх чанарыг хангаж ажилласан тайлан болон холбогдох мэдээллийг журмын дагуу ирүүлэх; 32.2.7.өөрийн эрхэлж, хариуцаж байгаа мэдээллийн санд статистикийн байгууллага, ажилтнаас зөвхөн статистикийн зорилгоор саадгүй хандах, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл татахад дэмжлэг үзүүлэх;
32.3Энэ хуулийн 14.3-д заасан албан ёсны статистик мэдээллийн үзүүлэлт, Үндэсний статистикийн хорооноос тогтоосон дэд үзүүлэлтийг үндэслэн бусад төрийн байгууллага холбогдох статистик мэдээллийг энэ хуульд заасан журмын дагуу гаргаж, Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.
32.4Албан ёсны статистик мэдээллийн нийтлэг, тусгайлсан хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэгчийг мэдээллээр хангах зорилгоор үндэсний статистикийн зохицуулалт, системийг статистикийн хоёр болон олон талт хамтын ажиллагаанд түшиглэн боловсронгуй болгоход бусад төрийн байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
33 дугаар зүйлАлбан ёсны статистикийн үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх.
33.1Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрх эдэлнэ:
33.1.1.энэ хуулийн 7.3-д заасан тооллого, судалгааг явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авах; 33.1.2.Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагуудын статистикийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах; 33.1.3.Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээг албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд тусгах, санал гаргах; 33.1.4.албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадал, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх арга хэмжээ авах,
ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД
34 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
34.1Энэ хуулийн 29.1-д заасныг зөрчиж статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь статистикийн ажилтныг төрийн албанаас болон ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болно.
34.2Энэ зүйлийн 1-т заасны дагуу буруутай, үүргээ биелүүлээгүй тухайн этгээдийг төрийн албанаас болон ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.
34.3Энэ хуулийн 16.3-т заасан үүргээ биелүүлээгүй нь тухайн үйлчилгээ үзүүлэгчийн тухайн төрлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйлчилгээнд нь хязгаарлалт тогтоох үндэслэл болно. Энэ хэсэгт зааснаар үйлчилгээг нь түдгэлзүүлсэн, хязгаарласнаас үүсэх үр дагаврыг үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
34.4Энэ хуулийн 34.1-34.3-т зааснаас бусад байдлаар Статистикийн тухай хуулийн хориглосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
35 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
35.1Энэ хуулийг 20... оны .... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(1_Статистик_хуулийн_үзэл_баримтлал_last_edited.docx)