Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 4-Р САРЫН 30 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлНийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж
2.1Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нийгмийн сүлжээнд насны хязгаартай хэрэглэгчийн оролцоог зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
3.2Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүүхдийн талаарх мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түгээхтэй холбогдсон харилцаанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, энэ хууль нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“насны хязгаартай хэрэглэгч” гэж 16 нас хүрээгүй Монгол Улсын иргэнийг;
4.1.2“насны хязгаартай нийгмийн сүлжээ” гэж энэ хуулийн 5.1-т заасныг;
4.1.3“насны хязгаартай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч” гэж энэ хуулийн 4.1.2-т заасан “насны хязгаартай нийгмийн сүлжээ” эрхлэгч хүн, хуулийн этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАСНЫ ХЯЗГААРТАЙ НИЙГМИЙН СҮЛЖЭЭ, ТҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ
5 дугаар зүйлНасны хязгаартай нийгмийн сүлжээ, түүний үйлчилгээ эрхлэгчийн үүрэг
5.1Дараах нөхцөлийг хангасан нийгмийн сүлжээг насны хязгаартай нийгмийн сүлжээнд хамруулна.
5.1.1үйлчилгээний үндсэн зорилго нь хоёр ба түүнээс олон хэрэглэгч хоорондоо цахим орчинд нийгмийн харилцаа үүсгэдэг,
5.1.2үйлчилгээ нь хэрэглэгчдэд зарим эсвэл бүх хэрэглэгчидтэй холбоо тогтоох буюу харилцах боломжийг бий болгодог,
5.1.3Үйлчилгээ нь хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл, видео болон бусад төрлийн контент байрлуулах боломжийг олгодог,
5.1.4хуульд заасан бусад нөхцөлүүд.
Тайлбар: Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид цахим бизнесийн харилцаа орохгүй
5.2Насны хязгаартай нийгмийн сүлжээнд 16 нас хүрээгүй хүүхдэд бүртгэл үүсгэхийг хориглоно.
5.3Насны хязгаартай нийгмийн сүлжээ эрхлэгч 16 нас хүрээгүй хүүхдэд бүртгэл үүсгэхээс сэргийлэх болон хүүхдийн мэдээллийг хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй:
5.3.1хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологи ашиглах;
5.3.2хэрэглэгчийн нас баталгаажуулахад иргэний үнэмлэх эсхүл бусад баримт ашиглах сонголттой байх;
5.3.3хэрэглэгчийн нас баталгаажуулах зорилгоор ашигласан, цуглуулсан мэдээ, мэдээллийг нэн даруй устгах бөгөөд аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжуулах, худалдахыг хориглоно;
5.4Насны хязгаартай нийгмийн сүлжээ эрхлэгч нь хэрэглэгчийг танин мэдэх зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллаж болно.
6 дугаар зүйлБусад этгээд хүүхдийн аюулгүй байдлыг хангах
6.1Аливаа этгээд насны хязгаартай нийгмийн сүлжээнд 16 нас хүрээгүй хүүхдэд бүртгэл үүсгэх боломжоор хангах, эсхүл өөрийн бүртгэлтэй хаягийг ашиглуулахыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НАСНЫ ХЯЗГААРТАЙ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
7 дүгээр зүйлЦахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
7.1Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийг энэ хуульд заасан үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах;
7.1.3энэ хуулийн 4.1.2.-т заасан “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-ний жагсаалтыг батлах;
7.1.4нийгмийн сүлжээний жагсаалтыг батлахаас өмнө харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ хуулийн 5.1.-д заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт авсан байна.
7.1.5хуульд заасан бусад.
8 дүгээр зүйлХарилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг
8.1Харилцаа холбооны зохицуулах хороо нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.2энэ хуулийн 5.1.-д заасан этгээдийн жагсаалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахад дэмжлэг үзүүлэх;
8.1.3нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих;
8.1.4хуульд заасны дагуу ирүүлсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх;
8.1.5Энэ хуулийг зөрчсөн тухай ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн энэ хуульд заасан арга хэмжээ аваагүй нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;
8.1.6нийгмийн сүлжээ дэх хүүхдийн эрхийг зөрчлийн нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийх, цахим орчинд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах;
8.1.7хүүхдийг дарамталсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон, дээрэлхсэн зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээ ашиглан илгээх, бусдад түгээх асуудлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах;
8.1.8хуульд заасан бусад
8.2Энэ хуулийг зөрчсөн Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулахаас өмнө мэдэгдэл хүргүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
9 дугаар зүйлГомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх
9.1Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна.
9.2Энэ зүйлд заасан гомдол, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн утас, цахим шуудан ажиллуулж болно.
9.3Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн гомдол, мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ.
9.4Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчсөн, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан тухайн мэдээллийг газар дээр нь шалгах, үнэлэх явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул шууд учирсан, эсхүл уг нөхцөл бүрдсэн бол яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
9.5Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийг холбогдох хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
10 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
11.1Энэ хуулийг 2027 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Нийгмийн сүлжээ Үзэл баримтлал.docx)