Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХууль тогтоомж
2.1Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Статистикийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Даатгалтай холбоотой нийтлэг харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.2Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулийн 3.1-д зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.3Тариалангийн индексжүүлсэн даатгалд тариаланч иргэн, хуулийн этгээд даатгуулж болно.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёо
4.1Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“алдагдлаас хамгаалах сан” гэж тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй санхүүгийн алдагдлыг шингээх, даатгагчийн төлбөрийн чадвар болон даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүрдүүлсэн нөөц санг;
4.1.2“босго үзүүлэлт” гэж даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор тогтоосон, индексийн утгын өөрчлөлтөөс хамааран нөхөн төлбөрийг хувь тэнцүүлсэн эсхүл шаталсан байдлаар олгох түвшнийг;
4.1.3“давхар даатгалын компани” гэж энэ хуулийн дагуу тариалангийн индексжүүлсэн даатгалын давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.4“даатгалын нэгж” гэж даатгагч, даатгуулагч нар харилцан тохирч гэрээнд заасан индексжүүлсэн даатгалд хамруулах таримлын төрөл, талбайн хэмжээ, байршил, тариалангийн бүс дэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, талбар, даатгалын хугацаагаар тодорхойлогдох, даатгалын үнэлгээ тогтоох суурь нэгжийг;
4.1.5“даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн төлбөрийг;
4.1.6“даатгалын тохиолдол” гэж тариалангийн индексийн үзүүлэлт нь энэ хууль болон даатгалын гэрээнд заасан босго нөхцөлийг хангасан байдлыг;
4.1.7“даатгалын үнэлгээ” гэж даатгуулагчийн сонгосон даатгалын нэгжид ногдох бөгөөд даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох суурь үзүүлэлт болох мөнгөн дүнг;”
4.1.8даатгалын хамрах хугацаа” гэж даатгалд хамрагдах тухайн төрлийн таримлын тариалалтаас ургац хураалт хүртэлх хугацаа болон Засгийн газраас тогтоосон бусад хугацааг;
4.1.9“индекс” гэж хур тунадас, температур, хөрсний чийг, гангийн индекс, тариалангийн бүс дэх ургацын сумын дундаж индекс зэрэг тариалангийн эрсдэлийг төлөөлөх статистик үзүүлэлтийг;
4.1.10“нөхөн төлбөрийн хүснэгт” гэж индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг тооцох зорилгоор индексийн босго, өөрчлөлтийн түвшин бүрд харгалзах нөхөн төлбөрийн хувь, хэмжээ, дээд хязгаар, шаталсан болон хэсэгчлэн олгох нөхцөлийг урьдчилан тогтоосон хүснэгтэн илэрхийллийг;
4.1.11“суурь зөрүү” гэж индексийн үзүүлэлт болон даатгуулагчид бодитоор учирсан хохирол хооронд бүрэн нийцэл үүсэхгүй байх эрсдэлийг;
4.1.12“тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа” гэж даатгуулагчид учирсан бодит хохирлоор бус, даатгалын хамрах хугацаанд тухайн нэгжид тооцогдох индексийн үзүүлэлт босго хэмжээнээс давсан тохиолдолд нөхөн төлбөр олгох даатгалын үйл ажиллагааг;
4.1.13“хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт” гэж индексийн мэдээлэл, холбогдох өгөгдлийг цуглуулах, хэмжих, түүнд үндэслэн тооцоолол хийж тайлагнах, итгэмжлэгдсэн хараат бус хянан баталгаажуулагчийн дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр даатгуулагч болон олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааны цогцыг;
4.1.14“хамтын эрсдэлийн сан” гэж энэ хуулийн дагуу бүрдүүлэх эрсдэлийн дунд түвшний сан, эрсдэлийн дээд түвшний сан болон алдагдлаас хамгаалах сангийн нийлбэр зохион байгуулалтыг;
4.1.15“эрсдэлийн дунд түвшний сан” гэж индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийн дагуу дунд түвшний эрсдэл үүссэн тохиолдолд олгох нөхөн төлбөрийг санхүүжүүлэх зориулалттай, даатгагчийн бүрдүүлэх нөөц хөрөнгө, эсхүл даатгагчдын хамтран бүрдүүлэх санг;
4.1.16“эрсдэлийн дээд түвшний сан” гэж индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийн дагуу их хэмжээний, системийн шинжтэй эрсдэл үүссэн тохиолдолд олгох нөхөн төлбөрийг санхүүжүүлэх зориулалттай, давхар даатгалын компани болон/эсхүл төрийн оролцоотойгоор бүрдүүлэх санг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ЗАРЧИМ, БҮТЭЭГДЭХҮҮН, НЭГЖ
5 дугаар зүйлҮйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1Тариалангийн индексжүүлсэн даатгал дараах зарчимд тулгуурлана:
5.1.1сайн дурын, тэгш хүртээмжтэй байх;
5.1.2индекс тооцох, нөхөн төлбөр олгох аргачлал нь шинжлэх ухааны үндэслэлтэй, ил тод байх;
5.1.3эрсдэлийг хуваарилах давхар хамгаалалттай байх;
5.1.4суурь зөрүүний талаар даатгуулагчид урьдчилан мэдээлэх;
5.1.5өгөгдлийн чанар, баталгаажуулалт, хараат бус хяналтыг хангах;
5.1.6даатгуулагч, даатгагчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангах, маргаан шийдвэрлэх тодорхой журамтай байх.
6 дугаар зүйлДаатгалын хэлбэр, нэгж
6.1Тариалангийн индексжүүлсэн даатгал нь дараах хэлбэртэй байна:
6.1.1хур тунадас/гангийн индексэд суурилсан;
6.1.2температур/халууны индексэд суурилсан;
6.1.3хөрсний чийг, таримал ургамлын өсөлт, саатлыг зайнаас тандах индексэд суурилсан;
6.1.4сумын дундаж болон тариалангийн талбайн ургацын индексэд суурилсан;
6.1.5хоёр ба түүнээс дээш индексийн үзүүлэлтэд суурилсан даатгалын бүтээгдэхүүн.
6.2Даатгалын хамрах нэгжийг дараах байдлаар тогтооно:
6.2.1таримлын төрөл: даатгалын гэрээнд заасан таримлын төрөл;
6.2.2талбайн байршил: газарзүйн мэдээллийн системд суурилан тариалангийн талбайн торон нэгж, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж;
6.2.3даатгалын хугацаа: даатгалын гэрээнд заасан тариалалтаас хураалт хүртэлх хугацаа.
6.3Даатгуулагч нь даатгалд хамруулах талбайн эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, эсхүл хууль ёсны ашиглалтын нотолгоог бүрдүүлнэ.
6.4Даатгалд хамрагдах талбайг газар зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэж, индексийн тооцоонд ашиглана.
6.5Даатгуулах нэгжийн бүртгэл, кодчилол, баталгаажуулалтын журмыг Засгийн газар батална.
6.6Даатгалын нэгжийн ангилал, индексийн тохирлыг гурван жил тутам шинэчлэн тогтооно.
6.7Энэ хуулийн 6.1-д заасан индексэд хамаарах боломжгүй мөндөр, хяруу, үер, цасан болон шороон шуурга, өвчин, хортон шавж, мэрэгчид зэрэг богино хугацаанд, бага талбайг хамарсан байгалийн гамшгийн эрсдэлийг Даатгалын тухай хуулиар зохицуулна.
7 дугаар зүйлДаатгалд хамруулах таримал, үнэлгээ
7.1Индексжүүлсэн даатгалд хамруулах таримлын нэр төрлийг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож даатгалын гэрээнд тусгана.
7.2тариалангийн бүсийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дагуу сум эсхүл талбайг бүсчилж, тухайн нэгжид тохирох индексийг таримлын нэр төрлөөр сонгон хэрэглэнэ.
7.3даатгалын үнэлгээг тухайн таримлын нэгж талбайд ногдох түүхэн дундаж ургац, даатгалын гэрээ байгуулах үеийн зах зээлийн дундаж үнэ болон даатгалын хамрах хувийг харгалзан тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИНДЕКСИЙН МЭДЭЭЛЭЛ, БОСГО ҮЗҮҮЛЭЛТ
8 дугаар зүйлИндексийн мэдээллийн эх үүсвэр, нийтэд мэдээлэх
8.1Индексийн тооцоонд ашиглах мэдээллийн эх үүсвэр нь дараах шаардлагыг хангана:
8.1.1албан ёсны, тогтмол, шалгагдахуйц байх;
8.1.2аргачлал нь нийтэд нээлттэй байх;
8.1.3тухайн нэгжид төлөөлөхүйц нягтрал, чанартай байх.
8.2Индексийн тооцоонд дараах эх үүсвэрийг ашиглана:
8.2.1цаг уурын албан ёсны ажиглалтын мэдээлэл;
8.2.2даатгуулагчийн өөрийн талбайдаа байршуулсан мэдрэгч төхөөрөмжийн мэдээлэл;
8.2.3үндэсний статистикийн байгууллагын ургацын мэдээлэл;
8.2.4зайнаас тандан судлал, хиймэл дагуулын өгөгдөл;
8.2.5баталгаажсан бусад агро-мэдээллийн систем.
8.3Индексийн албан ёсны мэдээллийг статистик, цаг уур, газар тариалангийн мэдээллийн нэгдсэн тогтолцоогоор дамжуулан нийтэд мэдээлнэ.
8.4Индексийн мэдээлэл цуглуулах, индекс тооцох, тайлагнах, нийтэд мэдээлэх болон хөндлөнгийн баталгаажуулалтыг хэмжилт–тайлагнал–баталгаажуулалтын тогтолцоонд үндэслэн зохион байгуулна. Индексийн мэдээллийг нийтэд мэдээлэх давтамж, хэлбэр, баталгаажуулалтын журмыг Засгийн газар батална.
8.5Индекс тооцох аргачлал, мэдээллийг баталгаажуулах, алдаа засах журмыг холбогдох төрийн байгууллага хамтран батална.
9 дүгээр зүйлБосго үзүүлэлтийг тогтоох
9.1Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах босго үзүүлэлтийг Засгийн газар тариалангийн бүс дэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, таримал ургамлын төрөл бүрээр дараах байдлаар тогтооно:
9.1.1даатгуулагчийн өөрийн эрсдэл хүлээх нэгдүгээр босго;
9.1.2даатгагч буюу хамтын сангийн эрсдэл хүлээх хоёрдугаар босго;
9.1.3давхар даатгалын компани болон төрийн хамгаалалтын дээд түвшний босго.
9.2Босго үзүүлэлтийг тогтоохдоо талбайн түүхэн өгөгдөл, уур амьсгалын эрсдэлийн зураглал, ургацын хэлбэлзэл, даатгалын хамрагдалт, хураамж/нөхөн төлбөрийн гүйцэтгэл зэргийг харгалзан үзнэ.
9.3Босго үзүүлэлтийг жил тутам шинэчлэн тогтооно.
10 дугаар зүйлЭрсдэлийн түвшин, нөхөн төлбөрийн шатлал
10.1Босго үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн түвшнийг бага, дунд, дээд гэж ангилна.
10.2Нөхөн төлбөрийг индексийн үзүүлэлтийн өөрчлөлтөөс хамааран дараах зарчмаар тооцож олгоно:
10.2.1индексийн үзүүлэлт даатгалын тохиолдол гэж тооцох босгыг хангаж, түүнээс давсан хэмжээнээс хамааран нөхөн төлбөрийн хэмжээ шаталсан байдлаар нэмэгдэх;
10.2.2индексийн үзүүлэлт эрсдэлийн дунд түвшний босго хэмжээнд хүрсэн тохиолдолд нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгох;
10.2.3индексийн үзүүлэлт эрсдэлийн дунд түвшний босго хэмжээнээс нэмэгдсэн тохиолдолд нөхөн төлбөрийг хэсэгчлэн болон шаталсан байдлаар олгох;
10.2.4нөхөн төлбөрийн нийт хэмжээ тухайн даатгалын нэгжид тогтоосон даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй дээд хязгаартай байх.
10.3Индексийн үзүүлэлтийн өөрчлөлтөөс үүдэн бодит хохиролтой бүрэн нийцэхгүй байх эрсдэлийг бууруулах зорилгоор нөхөн төлбөрийг индексийн өөрчлөлтийн түвшинтэй уялдуулан шаталсан загвараар тооцно.
10.4Нөхөн төлбөрийн хүснэгт нь даатгалын гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд индексийн босго, өөрчлөлтийн түвшин бүрд харгалзах нөхөн төлбөрийн хувь, төлбөрийн дээд хязгаар болон хэсэгчлэн, шаталсан байдлаар олгох нөхцөлийг агуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ХУРААМЖ, ГЭРЭЭ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ
11 дүгээр зүйлДаатгалын хураамж
11.1Даатгалын хураамж нь эрсдэлийн түвшин, индексийн хэлбэлзэл, нөхөн төлбөрийн бүтэц, даатгалын дүнтэй уялдсан актуар тооцоонд үндэслэнэ.
11.2Хураамж тогтоох, хэлэлцэх, баталгаажуулах зохицуулалтыг Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан холбогдох журмыг үндэслэн батална.
11.3Даатгагчид бүтээгдэхүүний нөхцөл, хураамжийн гол үзүүлэлтийг нийтэд ил тод мэдээлнэ.
12 дугаар зүйлДаатгалын гэрээ
12.1Даатгалын гэрээнд Иргэний хууль, Даатгалын тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана:
12.1.1даатгуулах таримлын төрөл, тариалангийн талбай, хугацаа, даатгалын хамрах нэгж;
12.1.2индексийн төрөл, мэдээллийн эх үүсвэр, тооцооллын тайлбар;
12.1.3босго үзүүлэлт болон индексийн өөрчлөлтөөс хамааран нөхөн төлбөр тооцох хүснэгт;
12.1.4даатгалын дүн, даатгуулагчийн өөрийн хариуцах эрсдэлийн хэмжээ;
12.1.5тухайн төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн нэгжийн дундаж үнийн дүнгээс тооцох нөхөн төлбөрийн хувь;
12.1.6нөхөн төлбөр олгох хугацаа, шилжүүлэх дансны мэдээлэл;
12.1.7тариалангаа таван жил дараалан тогтмол даатгуулсан ч эрсдэлтэй нөхцөл гараагүй тул нөхөн төлбөр аваагүй даатгуулагчид үзүүлэх даатгалын хураамжийн хөнгөлөлтийн нөхцөл;
12.1.8даатгуулагчид өгөх суурь зөрүүгийн талаарх тайлбар, мэдээлэл;
12.1.9даатгуулагчийн зүгээс талбайдаа мэдрэгч төхөөрөмж байршуулах нөхцөл.
13 дугаар зүйлСуурь зөрүү болон мэдээллийн үүрэг
13.1Даатгагч суурь зөрүү үүсэх нөхцөл, түүний эрсдэлийг бууруулах үүднээс даатгалын нэгжийг нарийсгах, олон индекс ашиглах, хэсэгчлэн төлөх нөхцөл, аргыг харилцан тохиролцож гэрээнд тусган даатгуулагчид тайлбарлана.
13.2Бодит хохирол гарсан боловч индексийн үзүүлэлт даатгалын тохиолдол гэж тооцогдох босгыг хангаагүй, эсхүл индексийн шалгуур хангагдсан ч бодит хохирлын хэмжээ бага байх нөхцөлийг даатгагч даатгуулагчид урьдчилан тайлбарлана.
14 дүгээр зүйлНөхөн төлбөр олгох
14.1Тухайн эрсдэлийн индексийн албан ёсны мэдээлэл нийтэд зарлагдсан өдрөөс хойш гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоно.
14.2Нөхөн төлбөрийг тухайн эрсдэлийн газар дээрх бодит хохирлыг үл харгалзан зөвхөн индексийн албан ёсны мэдээлэлд үндэслэн олгоно.
14.3Индексийн талаар маргаан гарсан нөхцөлд хяналт, шалгалт явуулж болно.
15 дугаар зүйлДаатгуулагчийн эрхийг хамгаалах
15.1Даатгагч нь даатгуулагчид дараах мэдээллийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр урьдчилан хүргэнэ:
15.1.1. индексийн утга, тооцооллын аргачлал; 15.1.2. болзошгүй суурь зөрүүгийн эрсдэл; 15.1.3. нөхөн төлбөр олгогдох болон олгогдохгүй нөхцөл.
15.2Даатгагч нь даатгалын бүтээгдэхүүний үндсэн нөхцөл, эрсдэл, нөхөн төлбөрийн зарчим зэрэг суурь мэдээллийг товч, ойлгомжтой хэлбэрээр нэгтгэн харуулсан даатгалын бүтээгдэхүүний товч танилцуулгыг даатгуулагчид заавал хүргүүлнэ.
15.3Даатгуулагчид шаардлагатай санхүүгийн боловсрол олгох сургалтыг холбогдох төрийн байгууллага, даатгагч хамтран зохион байгуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭРСДЭЛИЙН ХУВААРИЛАЛТ, ДАВХАР ДААТГАЛ, САНГУУД
16 дугаар зүйлЭрсдэлийн хуваарилалт
16.1Эрсдэлийг дараах байдлаар хуваарилна:
16.1.1доод түвшний эрсдэл – даатгуулагч өөрийн хөрөнгөөр хариуцах;
16.1.2дунд түвшний эрсдэл – даатгагчийн эрсдэлийн дунд түвшний сангаас;
16.1.3дээд түвшний эрсдэл – эрсдэлийн дээд түвшний сан болон давхар даатгалаар.
17 дугаар зүйлХамтын эрсдэлийн сан
17.1Хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна.
17.2Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулах журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.
17.3Хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо жил бүр тогтооно.
18 дугаар зүйлДавхар даатгалын компани, олон улсын давхар даатгал
18.1Тариалангийн индексжүүлсэн даатгалын дээд түвшний эрсдэлийг удирдах, олон улсын давхар даатгагчид даатгуулах шийдвэр гаргах, давхар даатгалын компанийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Даатгалын тухай хуулийн 14, 46-48 дугаар зүйлд, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 18-24 дүгээр зүйлд зааснаар зохицуулна.
19 дүгээр зүйлДавхар даатгалын компанийн сан
19.1Давхар даатгалын компанийн сангийн төрөл, зориулалтыг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 25-27 дугаар зүйлд заасан зохицуулалтыг мөрдөнө. Давхар даатгалын компани тариалангийн индексжүүлсэн даатгалын чиглэлээр дараах бие даасан сантай байна:
19.1.1. дунд түвшний эрсдэлээс хамгаалах сан; 19.1.2. дээд түвшний эрсдэлээс хамгаалах сан; 19.1.3. алдагдлаас хамгаалах сан.
19.2Эдгээр санг бүрдүүлэх, байршуулах, зарцуулах журмыг Санхүүгийн зохицуулах хороо төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
20 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөл
20.1Давхар даатгалын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд санхүү, газар тариалан, статистик, онцгой байдал, цаг уурын өгөгдлийн байгууллага, даатгагч, даатгуулагчийн төлөөллийг оруулна.
20.2Төлөөлөн удирдах зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.2.1бүтээгдэхүүний актуар тооцоолол, техникийн судалгаанд зөвлөмж гаргах;
20.2.2сангуудын хөрөнгийг удирдах, захиран зарцуулах шийдвэр гаргах;
20.2.3гэрээний загварыг батлах;
20.2.4шаардлагатай тохиолдолд даатгагчид хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд тавих.
21 дүгээр зүйлНууцлал, мэдээллийн хамгаалалт
21.1Албан үүргийнхээ дагуу олж мэдсэн нууцын зэрэглэлтэй баримт, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
22 дугаар зүйлТайлан, аудит, нийтэд мэдээлэх
22.1Давхар даатгалын компанийн санхүүгийн тайланд аудит хийлгэнэ.
22.2Жилийн тайлан, аудитын дүгнэлтийг нийтэд мэдээлнэ.
22.3Олон улсын сайн туршлагад нийцүүлэн тодорхой хугацаанд олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар давтан аудит хийлгэж болно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ДЭМЖЛЭГ, ОРОЛЦОО
23 дугаар зүйлТөрийн дэмжлэг, татаас
23.1Төрөөс тариалангийн индексжүүлсэн даатгалын хураамжийн тодорхой хувийг татаас хэлбэрээр санхүүжүүлж болно.
23.2Татаасны хувь, хамрах хүрээ, зорилтот бүлгийг Засгийн газар батална.
23.3Татаасыг хэрэгжүүлэхдээ хүртээмж, шударга байдал, төсвийн сахилга бат, ил тод тайлагналын зарчмыг баримтална.
23.4Индексжүүлсэн даатгалд хамрагдсан тариаланчдыг төрөөс олгох дэмжлэг, урамшуулалд нэн тэргүүнд хамруулна.
24 дүгээр зүйлӨгөгдөл, дэд бүтцийн дэмжлэг
24.1Индексжүүлсэн даатгалын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор индекс тооцоход ашиглагдах цаг уурын ажиглалтын сүлжээ, зайнаас тандан судлалын мэдээлэл, ургацын статистикийн чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээг төрөөс дэмжинэ.
24.2Тариалангийн индексжүүлсэн даатгалд шаардлагатай хэмжилт–тайлагнал–баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХАРИУЦЛАГА
25 дугаар зүйлХяналт тавих
25.1Энэ хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг Санхүүгийн зохицуулах хороо, холбогдох шатны Засаг дарга, давхар даатгалын компанийн удирдлага эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
26 дугаар зүйлГомдол, маргаан шийдвэрлэх
26.1Энэ хуулиар зохицуулаагүй даатгалын гэрээ, үйлчилгээ, гомдол, маргаан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг Даатгалын тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
26.2Индексийн мэдээлэл, тооцооллын маргаанд хараат бус эксперт/аудитын дүгнэлт гаргуулах боломжийг журамд тусгана.
27 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
28 дугаар зүйлШилжилтийн үе шатны зохицуулалт
28.1Энэ хуулийн хэрэгжилтийг хангахдаа дараах үе шат, зарчмыг баримтална:
28.1.1туршилтын аймаг, суманд хэрэгжүүлэх;
28.1.2эхний ээлжид эрсдэлийн үнэлгээ, өгөгдлийн бэлэн байдал хангагдсан таримал, индексийн төрлөөр хэрэгжүүлж, улмаар таримлын нэр төрөл болон индексийн төрлийг үе шаттайгаар өргөжүүлэх;
28.1.3санхүүгийн татаасыг аажмаар бууруулж, зах зээлийн механизмд шилжих.
28.2Туршилтын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлттэй байх;
28.3Туршилтын хугацааны хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг энэ хуулийн 28.2 дахь хэсэгт заасан шалгуураар үнэлж, үнэлгээний дүнд үндэслэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.
29 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
29.1Энэ хууль ___ оны ___ дугаар сарын ___-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2_ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 2026.03.16.docx)