Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 5-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлИргэний нисэхийн тухай хууль тогтоомж
2.1Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна:
3.1.1Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа;
3.1.2Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа, эсхүл агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа;
3.1.3Гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын бүртгэлтэй, эсхүл Монгол Улсын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн үйл ажиллагаа.
3.1.4Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгээс бусад нислэгийн хөдөлгөөнийг удирдахтай холбоотой харилцаа.
4 дүгээр зүйлИргэний нисэхийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1Иргэний нисэхийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1аюулгүй;
4.1.2үр ашигтай;
4.1.3хүртээмжтэй.
5 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1“агаарын зай” гэж агаарын хөлөг хөөрөлт, буулт гүйцэтгэхэд шаардлагатай орон зайг багтаасан, нислэгийн нам өндрөөс хяналттай агаарын зайн дээд хязгаар хүртэлх нислэг үйлдэх зайг;
5.1.2“агаарын навигацийн үйлчилгээ” гэж агаарын зайд үйлдэж байгаа нислэгийн бүх үе шатанд үзүүлэх нислэгийн хөдөлгөөний менежмент, холбоо, навигаци, ажиглалт, нисэхийн мэдээлэл, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах, тэдгээрийг багтаасан цогц үйл ажиллагаа;
5.1.3“агаарын навигацийн байгууламж” гэж агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж байгаа барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг;
5.1.4“агаарын тээвэрлэгч” гэж иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг;
5.1.5“агаарын хөлөг” гэж агаар газрын гадаргуутай харилцан үйлчилснээс өөр, агаарын урсгалын харилцан үйлчлэлээр агаар мандалд хөөрөн нисэх чадвартай төхөөрөмжийг;
5.1.6“аюулгүй байдлын зөвлөмж” гэж шинжлэн шалгах ажиллагааны үр дүнд, эсхүл аюулгүй байдлын талаар гаргасан судалгаа болон бусад эх үүсвэрийг үндэслэн агаарын хөлгийг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичгийг;
5.1.7“аюулгүйн үзлэг” гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсрэх бодис, эсхүл бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс болон бодисыг илрүүлэхэд чиглэсэн техникийн болон бусад арга хэрэгслээр хийх үзлэгийг;
5.1.8“аэродром” гэж агаарын хөлгийн хөөрөлт, буулт болон гадаргуу дээрх хөдөлгөөнд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ашиглахад зориулсан газар, усан дээр тогтоосон талбай болон түүн дээрх барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг;
5.1.9“зөрчил” гэж агаарын хөлгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болох, ослоос бусад эрсдэл бүхий тохиолдлыг;
5.1.10“иргэний нисэхийн дүрэм” гэж Олон улсын иргэний нисэхийн тухай “Чикагогийн конвенц” /цаашид “Конвенц” гэх/, түүний Хавсралтад заасан стандартын суурь түвшинг хангах зорилгоор энэ хуульд нийцүүлэн гаргасан нисэхийн аюулгүй байдлыг зохицуулах баримт бичгийг;
5.1.11“нислэг” гэж агаарын хөлөг зогсоолоос хөдлөхөөс эхлэн хөөрөх, нисэх, газарт бууж, хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх үйл явцыг;
5.1.12“нислэгийн аюулгүй байдал” гэж нислэгийн үйл ажиллагаа болон түүнд хамаарах бусад үйл ажиллагааг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх нөхцөл байдал болон чадварыг;
5.1.13“нислэгт тэнцэх чадвар” гэж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг нислэгийн аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа төлөв байдлыг;
5.1.14“нисэхийн аюулгүй байдал” гэж агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбоотой, эсхүл түүнд шууд дэмжлэг үзүүлдэг нисэхийн үйл ажиллагаанд хамаарах эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хадгалах ба удирдах нисэхийн байгууллага, эсхүл тогтолцооны төлөв байдлыг;
5.1.15“нисэхийн аюулгүйн хамгаалалт” гэж хүний болон материаллаг нөөцийг хослуулах замаар хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах цогц үйл ажиллагааг;
5.1.16“нисэхийн мэргэшсэн ажилтан” гэж иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ эзэмшигчийг;
5.1.17"нисэхийн мэдээллийн эмхтгэл" гэж тухайн улсаас, эсхүл тухайн улсын зөвшөөрөлтэйгээр эрхлэн гаргадаг, нисэхийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай, тогтмол шинж чанартай мэдээллийг агуулсан хэвлэлийг.
5.1.18“осол” гэж Чикагогийн конвенцын Хавсралт 13-т заасныг;
5.1.19“шинжлэн шалгах” гэж агаарын хөлгийг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, осол, зөрчилд нөлөөлсөн хүчин зүйл бүрийг тогтоож, дүгнэлт, аюулгүй байдлын зөвлөмж гаргах үйл ажиллагааг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6.1Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.1иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
6.1.2иргэний нисэхийн тухай олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3хуульд заасан бусад.
7 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
7.1Засгийн газар иргэний нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, иргэний нисэхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
7.1.2хууль тогтоомжид заасны дагуу агаарын харилцааны тухай олон улсын гэрээ байгуулах;
7.1.3олон улсын гэрээ, хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй байдлын, нисэхийн аюулгүйн хамгаалалтын болон агаарын тээврийг хялбаршуулах журмыг батлах;
7.1.4олон улсын нисэх буудал байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэх;
7.1.5иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг томилох, чөлөөлөх;
7.1.6хуульд заасан бусад.
8 дугаар зүйлИргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
8.1.2иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах;
8.1.3иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах;
8.1.4иргэний нисэхийн дүрмийг батлах;
8.1.5иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих;
8.1.6олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;
8.1.7Монгол Улсын агаарын хилээр агаарын хөлөг нэвтрэн орох, гарах цэгийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох;
8.1.8агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны дүрмийг батлах;
8.1.9иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны бүтцийг батлах;
8.1.10агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга бөгөөд ерөнхий шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;
8.1.11шаардлагатай гэж үзвэл гадаад улсын агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэх, эсхүл тухайн байгууллагад хэсэгчлэн, эсхүл бүрэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
8.1.12агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;
8.1.13иргэний нисэхийн хяналтын Улсын ерөнхий байцаагч, хяналтын байцаагчийн эрх олгох;
8.1.14хуульд заасан бусад.
9 дүгээр зүйлИргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг
9.1Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.
9.2Төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.2.1Конвенц, түүний Хавсралтад нийцүүлэн иргэний нисэхийн дүрэм боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
9.2.2хэлэлцэн тохирогч улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох;
9.2.3иргэний нисэхийн дүрэм болон Конвенцын Хавсралтад заасан стандарт, журмын зөрүүтэй байдлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдээлэх;
9.2.4иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалттай холбоотой өгөгдөл, мэдээлэл цуглуулах, бэлтгэх, солилцох, түгээх, хадгалалт хамгаалалтыг хариуцаж, уг асуудлаар бусад этгээдтэй хамтран ажиллах;
9.2.5иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, иргэний нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл олгох;
9.3төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүгийн чадавхитай байна.
10 дугаар зүйлТөрийн захиргааны байгууллагын дарга, түүний бүрэн эрх
10.1Төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд иргэний нисэхийн хяналтын Улсын ерөнхий байцаагч /цаашид “Дарга” гэх/ иргэний нисэхийн мэргэжлийн дээд боловсролтой, тухайн салбарт 15-аас доошгүй жил ажилласан, иргэний нисэхийн хяналтын байцаагчид тавих шаардлагыг хангасан, Монгол Улсын иргэн байна.
10.2Дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.2.1иргэний нисэхийн аюулгүй байдлыг хариуцах;
10.2.2иргэний нисэхийн хяналтын байцаагчийг томилох, чөлөөлөх;
10.2.3иргэний нисэхийн дүрмийн тайлбар, хүсэлт гаргах маягт, бүртгэлийн дэвтэр, техник, технологийн баримт бичгийг батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах;
10.2.4аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн агаарын хөлгийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
10.2.5нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц иргэний нисэхийн дүрмээр зохицуулагдаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой хугацаатай шийдвэр гаргаж, мэдээлэх;
10.2.6нислэгт тэнцэх чадвараа алдсан агаарын хөлгийн нислэгийг зогсоох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
10.2.7хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тохиолдолд нислэгийг зогсоох арга хэмжээг авах;
10.2.8хууль болон албадан хэрэгжүүлэх дүрмийн дагуу хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авах;
10.2.9аюулгүйн үзлэг, хамгаалалт шаардлагатай нисэх буудал болон агаарын навигацийн байгууламжийн жагсаалтыг батлах;
10.2.10энэ хуульд заасны дагуу иргэний нисэхийн дүрмийн шаардлагаас чөлөөлөх;
10.2.11хуульд заасан бусад.
11 дүгээр зүйлЭрх шилжүүлэх
11.1Дарга иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын үзлэг шалгалт хийх эрхээ иргэний нисэхийн хяналтын байцаагч болон иргэний нисэхийн мэргэшсэн ажилтанд гэрээгээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлж болно.
11.2Дарга эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
11.3Эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗОХИЦУУЛАЛТ
12 дугаар зүйлИргэний нисэхийн дүрмийн зохицуулалт
12.1Дараах үйл ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн Иргэний нисэхийн дүрмээр зохицуулна.
12.1.1Иргэний нисэхийн дүрмийн нэр томьёоны тайлбар;
12.1.2осол, зөрчлийг мэдээлэх болон албадан хэрэгжүүлэх, дүрэмд заасан шаардлагаас чөлөөлөх;
12.1.3агаарын хөлөг, бүтээгдэхүүн, эд анги, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын удирдамж болон техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.4иргэний нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт;
12.1.5агаарын зайг тогтоох, ангилах болон агаарын зайн зохицуулалт;
12.1.6нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм;
12.1.7аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны нийтлэг зохицуулалт;
12.1.8хүнгүй агаарын хөлөг, аргамжаат шүхэр болон хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт;
12.1.9агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр;
12.1.10агаарын хөлгөөр аюултай барааг тээвэрлэх болон зохицуулалттай агаарын ачааны байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.11том, дунд, жижиг оврын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт;
12.1.12нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх, агаараас ажил гүйцэтгэх болон чөлөөт нисэхийн үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт;
12.1.13аэродром байгуулах болон аэродромын үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт;
12.1.14нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.15нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.16агаарын хөлөг зохион бүтээх, үйлдвэрлэх, техник үйлчилгээ хийх байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.17шүхэр, хэт хөнгөн агаарын хөлөг болон нисэх клубийн гэрчилгээжүүлэлт;
12.1.18агаарын навигацийн техник үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах, нисэхийн цаг уурын болон нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.19иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт;
12.1.20олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах бусад дүрэм.
12.2Иргэний нисэхийн дүрэмд Конвенцын Хавсралтад нийцүүлэн шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулна.
12.3Дүрмээр хориглоогүй бөгөөд дараах нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд хүсэлт гаргагчийг иргэний нисэхийн дүрэмд заасан шаардлагаас чөлөөлж болно:
12.3.1хүлээн зөвшөөрч болохуйц өөр хэлбэрээр дүрмийн шаардлагыг хангасан, эсхүл санал болгосон арга хэмжээ нь дүрмийн тухайн заалтыг хэрэгжүүлэхээс илүү үр дүнтэй бай;
12.3.2нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй болох нь тогтоогдсон.
12.4Иргэний нисэхийн дүрэмд заасан шаардлагаас чөлөөлсөн тухай шийдвэрийг нийтэд мэдээлнэ.
12.5Дүрэмд заасан шаардлагаас чөлөөлөхдөө энэ хуулийн 12.1.2-т заасан дүрмийг баримтална.
12.6Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэний нисэхийн дүрмийн дагуу олгоно.
13 дугаар зүйлИргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт
13.1Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтад хамаарах дараах харилцааг энэ хуулийн 12.1.19-д заасан дүрмээр зохицуулна:
13.1.1олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;
13.1.2иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг тогтоох;
13.1.3зорчигч, тээш, ачаа тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл;
13.1.4агаарын тээвэрлэгчийн даатгал;
13.1.5иргэний нисэхийн статистикийн мэдээлэл цуглуулах, түгээх;
13.1.6иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийн тооцоо хийх;
13.1.7агаарын навигаци, нисэх буудал болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалт, аюулгүй байдлыг хангах санхүүгийн чадавхид үнэлгээ хийх аргачлал;
13.1.8хуульд заасан бусад.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНД ХАМААРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
14 дүгээр зүйлАгаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэл
14.1Төрийн захиргааны байгууллага Монгол Улсад бүртгэх агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэлийг хөтөлнө.
14.2Хүн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эсхүл эзэмшилд байгаа, бусад улсад бүртгэлгүй агаарын хөлгийг иргэний нисэхийн дүрмийн дагуу Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгүүлнэ.
14.3Бүртгэлгүй агаарын хөлгөөр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхийг хориглоно.
14.4Энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийг зөрчсөн тохиолдолд агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно.
14.5Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ тухайн агаарын хөлгийн үндэсний харьяаллыг гэрчлэх бөгөөд агаарын хөлгийн өмчлөлийг нотлохгүй.
15 дугаар зүйлАгаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар
15.1Төрийн захиргааны байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн маягийн гэрчилгээтэй агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглана.
15.2Маягийн гэрчилгээний шаардлага болон үзлэг, шалгалтаар нислэгийн аюулгүй байдлыг хангасан агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно.
15.3Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд түүний хүчинтэй хугацаа, агаарын хөлгийн зориулалт, нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай ангилал, хязгаарлалт болон бусад мэдээллийг тусгана.
15.4Энэ хуулийн 15.1-д заасан “маягийн гэрчилгээ” гэж тухайн агаарын хөлгийн хийц нислэгт тэнцэх чадварын холбогдох шаардлагад нийцэж байгааг Хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий байгууллагаас тодорхойлж олгосон баримт бичгийг ойлгоно.
15.5Маягийн гэрчилгээгүй агаарын хөлөгт арилжааны нислэгийн зөвшөөрөл олгохгүй.
16 дугаар зүйлНислэгийн үйл ажиллагааны төрөл
16.1Нислэгийн үйл ажиллагаа нь арилжааны агаарын тээвэр, агаараас гүйцэтгэх ажил, ерөнхий зориулалтын нислэг гэсэн төрөлтэй байна.
16.1.1арилжааны агаарын тээврийн төрөлд зорчигч, ачаа, шууданг төлбөртэй тээвэрлэх, эсхүл эдийн засгийн үр шим хүртэх зорилгоор гүйцэтгэх нислэг хамаарна.
16.1.2Агаараас гүйцэтгэх ажил гэдэгт агаарын хөлгөөр хөдөө аж ахуй ажил гүйцэтгэх, зураг авах, судалгаа, ажиглалт, эргүүл хийх, эрэн хайх, авран туслах, зар сурталчилгаа хийх болон нислэгээр гүйцэтгэх бусад ажил, үйлчилгээ хамаарна.
16.1.3арилжааны агаарын тээвэр болон агаараас гүйцэтгэх ажлаас бусад төрлийн нислэг ерөнхий зориулалтын нислэгт хамаарна.
17 дугаар зүйлАгаарын тээвэрлэгчийн гэрчилгээ
17.1Төрийн захиргааны байгууллага нь энэ хууль болон иргэний нисэхийн холбогдох дүрэмд заасан шаардлага хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно.
17.2Томилогдсон гадаадын агаарын тээвэрлэгч энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг хангасан бол түүнд гадаадын агаарын тээвэрлэгчийн Монгол Улсын гэрчилгээ олгож болно.
17.3Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.
18 дугаар зүйлАгаарын тээвэрлэгчийн үүрэг
18.1Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа агаарын тээвэрлэгч дараах үүрэгтэй:
18.1.1нислэгийн үйл ажиллагааг гэрчилгээ болон түүнд заасан эрх, хязгаарлалтын хүрээнд гүйцэтгэх;
18.1.2агаарын хөлөг үйлдвэрлэгчийн нислэгийн үйл ажиллагааны болон нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан заавар, журам боловсруулж, мөрдөх;
18.1.3нийтийн ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлэх.
19 дүгээр зүйлАгаарын хөлгийн дарга, түүний бүрэн эрх
19.1Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай үнэмлэх, гэрчилгээ бүхий нисгэгчийг агаарын хөлгийн даргаар томилно.
19.2Агаарын хөлгийн дарга нислэгийн аюулгүй байдлыг хангах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нисгэх багийн гишүүд болон зорчигчид шаардлага тавьж, биелэлтийг хангуулах бөгөөд нислэгтэй холбоотой эцсийн шийдвэрийг гаргана.
19.3Агаарын хөлгийн дарга дараах онцгой нөхцөлд иргэний нисэхийн дүрэмд зааснаас өөр шийдвэр гаргах эрхтэй:
19.3.1хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул тулгарсан;
19.3.2өөрөөр шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг зохицуулах шаардлагатай болсон.
19.4Агаарын хөлгийн дарга Нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан тохиолдолд агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний удирдагчийн өгснөөс өөр шийдвэр гаргаж болно.
19.5Агаарын хөлгийн дарга хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор эмнэлгийн болон бусад яаралтай тусламж хүргэх нислэгийг энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийг зөрчин гүйцэтгэж болно.
19.6Гадаад улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга албадан саатуулагдах нөхцөл байдалд орсон тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.
20 дугаар зүйлЕрөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа
20.1Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа нь чөлөөт нисэх, нисэх клуб болон хувийн нисэхийн үйл ажиллагаанаас бүрдэнэ.
20.2Чөлөөт нисэхэд шүхэр, агаарын бөмбөлөг, хүнгүй, хэт хөнгөн, хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагаа хамаарна.
20.3Чөлөөт нисэх, нисэх клуб, хувийн нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч хариуцна.
20.4Нисэх клуб болон хувийн нисэхийн үйл ажиллагааг зардал хуваах хэлбэрээр гүйцэтгэж болно.
20.5Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд иргэний нисэхийн дүрмээс гадуур хязгаарлалт тогтоохыг хориглоно.
21дүгээр зүйлНислэгийн үеийн дэг журам
21.1Зорчигч нь багийн гишүүдээс өгсөн зааварчилгааг нислэгийн туршид дагаж мөрдөх үүрэгтэй.
21.2Багийн гишүүн нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гаргасан, гаргахыг завдсан зорчигчийг аюулгүй болгох арга хэмжээ авна.
21.3Нислэгийн дэг журам зөрчсөн зорчигчид авах арга хэмжээний журмыг иргэний нисэхийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
21.4Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц дэг журам зөрчсөн, зөрчиж байсан зорчигчийг тээвэрлэхээс татгалзаж болно.
22 дугаар зүйлНислэгийн үйл ажиллагаанд хориглох зүйл
22.1Нислэгийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
22.1.1нислэгт тэнцэх чадварын шаардлага хангаагүй агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглах;
22.1.2нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ нь хүчингүй болсон, эсхүл гэрчилгээний эрх, хязгаарлалтыг зөрчсөн үйл ажиллагаа эрхлэх;
22.1.3агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгүй, эсхүл энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийг зөрчиж нислэгийн үйл ажиллагаа эрхлэх;
22.1.4агаарын хөлөгт гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй эд анги ашиглах;
22.1.5гэрчилгээнд заасан эрх, хязгаарлалтыг зөрчиж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх;
22.1.6агаарын хөлөгтэй холбоотой ажил, үйлчилгээнд нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээгүй этгээдийг ажиллуулах, гэрчилгээнд заасан эрхээс хэтэрсэн ажил үүрэг гүйцэтгүүлэх;
22.1.7нисгэх багийн гишүүдээс бусад этгээд агаарын хөлгийн даргын зөвшөөрөлгүйгээр нисгэх багийн бүхээгт нэвтрэх;
22.1.8бүрэн бус бүрэлдэхүүнтэй нисгэх баг нислэг үйлдэх.
23 дугаар зүйлЗөрчил гаргасан агаарын хөлөг
23.1Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийн орох, гарах цэгээр нэвтрэн өнгөрөх журмыг зөрчих, эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан агаарын хөлөг гэж үзнэ.
23.2Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага энэ хуулийн 23.1-д заасан агаарын хөлгийн талаар Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагад мэдэгдэж, агаарын хөлгийн нисгэх багт зөрчлөө нэн даруй зогсоох, заасан газарт хөлгийг буулгах шаардлага тавина.
23.3Агаарын хөлгийг абадан саатуулахад зэвсэг хэрэглэхийг хориглоно.
24 дүгээр зүйлАюул тулгарсан агаарын хөлөг
24.1Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэнэ.
24.2Улсын онцгой комисс аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг Чикагогийн конвенцын 25 дугаар зүйлийн дагуу тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл бүртгэгч улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
24.3Хүн, хуулийн этгээд нь аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эмнэлгийн болон бусад зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлэх үүрэгтэй.
25 дугаар зүйлАгаарын тээврийн даатгал
25.1Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, шуудан, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах хариуцлагын даатгалд даатгуулсан байна.
25.2Агаарын тээвэрлэгч албан үүргээ гүйцэтгэж байгаа багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулна.
25.3Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөг гуравдагч этгээдэд учрах хохирлыг хариуцах баталгаа бүхий даатгалд даатгуулсан байна.
25.4Энэ хуулийн 25.1, 25.2, 25.3-т заасан даатгалын эрсдэл, нөхцөл, үнэлгээ, хураамжийн хэмжээг тогтоох, даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журмыг Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
26 дугаар зүйлАгаарын навигацийн үйлчилгээний байгууллага
26.1Монгол Улсын агаарын зайн агаарын навигацийн үйлчилгээг иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд /цаашид “агаарын навигацийн үйлчилгээний байгууллага” гэх/ үзүүлнэ.
26.2Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь нислэгийн хөдөлгөөнийг аюулгүй, үр ашигтай удирдан, зохион байгуулахад чиглэсэн нислэгийн хөдөлгөөний удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
26.3Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 26.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадамж бүхий хүний нөөцтэй байна.
27 дугаар зүйлНислэгийн хөдөлгөөний зохицуулалт
27.1Агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын хилийн орох, гарах цэгээр нэвтэрч, нислэг үйлдэнэ.
27.2Агаарын зайн ангилал, бүтэц, зохион байгуулалт, агаарын хөлгийн хоорондын аюулгүйн зайчлал нь Конвенцын Хавсралтын стандарт, журмын шаардлагад нийцсэн байна.
27.3Нислэгийн хөдөлгөөний хяналттай агаарын зай нь нислэгийн аюулгүй байдал, Конвенцын Хавсралтын стандарт, журмын шаардлагад нийцсэн агаарын навигацийн байгууламжаар тоноглогдсон байна.
28 дугаар зүйлАгаарын навигацийн үйл ажиллагааны санхүүжилт
28.1Агаарын навигацийн үйл ажиллагааг агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогоор санхүүжүүлнэ.
28.2Агаарын навигацийн үйлчилгээний орлогоос жил бүрийн төсвийн тухай хуульд заасан дүнгээр, хуульд заасан хугацаанд улсын төсөвт төвлөрүүлнэ.
28.3Агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого нь агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, тасралтгүй үзүүлэх, Конвенцын Хавсралтын стандартын суурь түвшнийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
АЭРОДРОМ, НИСЭХ БУУДАЛ
29 дүгээр зүйлАэродром
29.1Монгол Улсын иргэн, хуулийн этгээд иргэний нисэхийн дүрмийн дагуу аэродром байгуулна.
29.2Агаарын тээврийн үйл ажиллагаанд тогтмол ашиглах аэродромд иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгоно.
29.3Нийтэд үйлчлэх аэродром нь нислэгийн аюулгүй байдлыг зайлшгүй хангах шаардлагатайгаас бусад тохиолдолд агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.
29.4Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродромыг Конвенцын Хавсралтын стандартын суурь түвшинд нийцсэн, үйл ажиллагаанд нь тохирсон төхөөрөмжөөр тоноглох үүрэгтэй.
30 дугаар зүйлНисэх буудал
30.1Нисэх буудал гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолборыг ойлгоно.
30.2Нисэх буудал нь олон улсын болон орон нутгийн нислэгт аэродром, нисэхийн хангамж, газрын үйлчилгээ болон бусад нисэхийн ба нисэхийн бус үйлчилгээ үзүүлж болно.
30.3Аэродромын гэрчилгээ эзэмшигч нь нисэх буудлыг хөгжүүлэх төлөвлөгөөг тухайн хот, аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн төлөвлөнө.
31 дүгээр зүйлАэродромын аюулгүйн бүс
31.1Аэродромын аюулгүйн бүсийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
31.2Аэродромын аюулгүйн бүсэд эрхлэх нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ болон барилга байгууламжийн хязгаарлалтыг аэродромын техник технологийн баримт бичигт зааснаар зохицуулна.
32 дугаар зүйлДохио, тэмдэг
32.1Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродром болон түүний орчимд агаарын хөлөг хөөрөх, буух, явгалах үед агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан аэродромын тэмдэг, тэмдэгт, тэмдэглэгээ, гэрэл дохионы системийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулж, ашиглана.
32.2Аэродромын аюулгүйн бүс дэх барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай саадын дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгтийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулна.
32.3Аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгттэй ижил төстэй зүйл байрлуулахыг хориглоно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ
33 дугаар зүйлНисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ
33.1Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь аюулгүйн үзлэг, шалгалт болон нисэх буудал, агаарын навигацийн байгууламжийн харуул хамгаалалтын үйлчилгээнээс бүрдэнэ.
33.2Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэнэ.
33.3Нисэхийн аюулгүйн хамгаалалтын байгууллага нь аюулгүйн хамгаалалттай холбоотой хууль, дүрмийг зөрчсөн этгээдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх зорилгоор түр саатуулах эрхтэй.
33.4Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь үзлэг, шалгалтаар илэрсэн зөвшөөрөгдөөгүй эд зүйлсийг хураан авах, эсхүл саатуулна.
34 дүгээр зүйлАюулгүйн үзлэг, шалгалт
34.1Нисэхийн аюулгүйн хамгаалалтын байгууллага нь дараах үзлэг, шалгалтыг хийнэ:
34.1.1аюулгүйн хамгаалалт шаардлагатай нисэх буудал, аэродромд нисгэх багийн гишүүн, зорчигч, нэвтрэн орох бусад этгээд, тээш, ачаа, шуудан, нислэгийн хоол хүнс болон хангамжийн эд зүйлд;
34.1.2аюулгүйн өндөржүүлсэн хамгаалалттай бүсэд болон түүнд нэвтрэхээс өмнө хүн, тэдгээрийн авч яваа эд зүйл, тээврийн хэрэгсэлд.
34.2Аюулгүйн үзлэг, шалгалт хийлгэхээс татгалзсан этгээдийг нисэхийн аюулгүйн хамгаалалттай бүсэд нэвтрүүлэхийг хориглоно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ
35 дугаар зүйлИргэний нисэхийн хяналт
35.1Иргэний нисэхийн хяналт нь нислэгийн аюулгүй байдлын болон иргэний нисэхийн үйлчилгээнд тавих хяналтаас бүрдэнэ.
35.1.1Нислэгийн аюулгүй байдлын хяналт дараах чиглэлтэй байна:
35.1.1.1нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээжүүлэлт;
35.1.1.2нислэгийн үйл ажиллагааны стандарт;
35.1.1.3нислэгт тэнцэх чадвар.
35.1.2Иргэний нисэхийн үйлчилгээний хяналт дараах чиглэлтэй байна:
35.1.2.1агаарын навигацийн үйлчилгээ;
35.1.2.2нисэх буудал, аэродромын үйлчилгээ;
35.1.2.3аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ.
36 дугаар зүйлИргэний нисэхийн хяналтын байцаагч
36.1Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан хяналтыг иргэний нисэхийн хяналтын байцаагч /цаашид “байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ.
36.2Байцаагч нь тухайн хяналтын чиглэлээр 7-оос доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын зохих мэдлэг, ур чадвартай байна.
36.3Байцаагч өөрийн гаргасан шаардлага, нотолгоо, шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
37 дугаар зүйлБайцаагчийн бүрэн эрх
37.1Байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхтэй:
37.1.1үзлэг шалгалт хийх зорилгоор иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой обьект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;
37.1.2иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн хувийг шаардан гаргуулах;
37.1.3шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийг саатуулах;
37.1.4шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдийн иргэний нисэхийн баримт бичгийг түр хураах;
37.1.5хуульд заасан бусад.
38 дугаар зүйлхуульд заасан бусад.
38.1Байцаагчийн цалингийн хэмжээг иргэний нисэхийн салбарын адилтгах бусад албан тушаалын цалингаас багагүйгээр тогтооно.
38.2Байцаагч нь түүний эрхийг тодорхой заасан үнэмлэхтэй байна.
38.3Байцаагч нь дүрэмт хувцас болон үзлэг шалгалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр хангагдсан байна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ
39 дүгээр зүйлАгаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа
39.1Агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч, агаарын хөлгийн дарга, нисгэх багийн гишүүн, аэродром болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтан нь агаарын хөлгийн осол, зөрчлийн талаарх анхан шатны мэдээллийг нэн даруй, боломжит хэлбэрээр өгөх, дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох дүрэмд заасны дагуу өгөх үүрэгтэй.
39.2Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчлийн мэдээллийг хүлээн авмагц шинжлэн шалгах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ.
39.3Агаарын хөлөг эзэмшигч болон холбогдох бусад этгээд осол, зөрчилд өртсөн агаарын хөлөгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэж дуусах хүртэл хадгалж, хамгаална.
39.4Иргэн, нутгийн захиргааны байгууллага, онцгой байдлын алба, цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр агаарын хөлгийн осол, зөрчил гарсан үед шинжлэн шалгах байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.
40 дүгээр зүйлАгаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны зарчим
40.1Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ба аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгогүй байна.
40.2Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь хараат бус, бие даасан байна.
40.3Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл шинжлэн шалгах ажиллагааг агаарын хөлөг бүртгэгч улс, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгогч улс, агаарын хөлөг үйлдвэрлэгч улс, бүс нутгийн нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад хэсэгчлэн болон бүрэн шилжүүлж болно.
41 дүгээр зүйлАгаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага
41.1Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан агаарын хөлгийн осол, зөрчлийг Конвенцын Хавсралт 13-ын дагуу шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага гүйцэтгэнэ.
41.2Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг тус улсын нутаг дэвсгэрийн гадна осол, ноцтой зөрчилд өртсөн үед шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээний дагуу гүйцэтгэх ба Монгол Улсын нэрийн өмнөөс агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага оролцож болно.
41.3Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчилтэй холбоотой мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргана.
41.4Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд аюулгүй байдлын зөвлөмж гаргаж болно.
41.5Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгагчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгоор захиргааны болон иргэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд гэрчээр оролцуулахыг хориглоно.
41.6Энэ хуульд заасан шинжлэн шалгах ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан үйл ажиллагаанд хамаарахгүй.
41.7Шинжлэн шалгах багийг осол, зөрчил гарсан газарт ажиллахад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, холбооны болон тээврийн хэрэгслээр хангасан байна.
42 дугаар зүйлЕрөнхий шинжлэн шалгагч, түүний бүрэн эрх
42.1Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагыг Ерөнхий шинжлэн шалгагч удирдана.
42.2Ерөнхий шинжлэн шалгагч нь шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн, холбогдох хууль, иргэний нисэхийн дүрэм, заавар, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар зохих мэдлэгтэй, Монгол Улсын иргэн байна.
42.3Ерөнхий шинжлэн шалгагч шинжлэн шалгагчийг 6 жилийн хугацаагаар томилно.
42.4Ерөнхий шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
42.4.1агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын ажилтан, шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;
42.4.2агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах багийн ахлагч болон гишүүдийг томилох;
42.4.3агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулах;
42.4.4ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
42.4.5шинжлэн шалгах ажиллагааны тайланг батлах;
42.4.6агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
42.4.7шинжлэн шалгах ажиллагаанд мөрдөх дотоод үйл ажиллагааны заавар, журмыг батлах.
43 дугаар зүйлШинжлэн шалгагч, түүний бүрэн эрх
43.1Шинжлэн шалгагч нь агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхтэй нисгэгч, агаарын навигацийн болон агаарын хөлгийн инженер, эсхүл шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн нисэхийн бусад мэргэжилтэй байна.
43.2Шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
43.2.1албан үүргээ гүйцэтгэхдээ агаарын хөлгийн осол, зөрчилтэй холбоотой барилга байгууламжид ямар ч үед саадгүй нэвтрэх, холбогдох нотлох баримтыг гаргуулах;
43.2.2шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээ, судалгаа, тодорхойлолт болон бусад нотлох баримтыг холбогдох хүн, хуулийн этгээдээс шаардан авах;
43.2.3ерөнхий шинжлэн шалгагчаас олгосон бусад эрх.
44 дүгээр зүйлШинжлэн шалгах багийн ахлагч, түүний бүрэн эрх
44.1Шинжлэн шалгах багийн ахлагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
44.1.1агаарын хөлгийн осол, зөрчил болсон газарт ямар ч үед саадгүй нэвтрэх, шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай ослын үлдэгдэл, бүх төрлийн эд зүйлст хяналтаа тогтоох;
44.1.2нислэгийн бичлэгийн төхөөрөмж, тухайн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой агаарын навигацийн үйлчилгээний бичлэг, бусад нотлох баримтыг өөрийн хяналтад авах;
44.1.3шинжлэн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтыг хамгаалах, агаарын хөлөг, түүний үлдэгдэл байгаа бүсэд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, эд зүйл үрэгдэж гэмтэх, алдагдахаас хамгаалах боломжит бүх арга хэмжээг авах;
44.1.4ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;
44.1.5шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай ажиглагч, оролцогчийг томилох;
44.1.6шинжлэн шалгах ажиллагааны явцыг ерөнхий шинжлэн шалгагчид танилцуулах, ослын боломжит шалтгаан, нөлөөлсөн байж болох хүчин зүйлд тулгуурлан аюулгүй байдлын зөвлөмж гаргах ажиллагааг зохион байгуулах;
44.1.7ослын газрын хамгаалалтыг буулгах, цаашид шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагагүй болсон агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг, эд зүйлсийг хадгалалтаас чөлөөлөх;
44.1.8шинжлэн шалгах ажиллагааны тайлан гаргах;
44.1.9хуульд заасан бусад.
45 дугаар зүйлШинжлэн шалгах ажиллагааны тайлан
45.1Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба тайланг гаргахаас өмнө шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай байгууллага, хамтран оролцсон улс болон эрх бүхий байгууллагад тайлангийн төслийг хүргүүлж, саналыг нь авсан байна.
45.2Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба тайланг боломжит богино хугацаанд гаргаж, ерөнхий шинжлэн шалгагчид хүргүүлж батлуулах бөгөөд баталсан тайланг нийтэд нээлттэй мэдээлнэ.
45.3Агаарын хөлгийн осол, зөрчлийн шинжлэн шалгах ажиллагааны тайлан болон аюулгүй байдлын зөвлөмжийг аливаа этгээдийн гэм бурууг тогтоох болон хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд нотлох баримтаар ашиглахгүй.
46 дугаар зүйлАюулгүй байдлын зөвлөмж
46.1Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд аюулгүй байдлын зөвлөмж гаргаж болно.
46.2Аюулгүй байдлын зөвлөмжийг агаарын хөлөг үйлдвэрлэгч, төрийн захиргааны байгууллага, агаарын тээвэрлэгч болон бусад холбогдох байгууллагад, шаардлагатай бол Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хүргүүлнэ.
46.3Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн 90 хоногийн дотор эргэж мэдэгдэх бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй бол үндэслэл бүхий тайлбарыг гаргаж хүргүүлнэ.
46.4Энэ хуулийн 46.3-т заасан этгээд аюулгүй байдлын зөвлөмжийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бодит үндэслэл байгаа бол тайлбарыг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад нэн даруй хүргүүлнэ.
46.5Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзвэл хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 90 хоногийн дотор эргэж мэдэгдэх үүрэгтэй.
47 дугаар зүйлШинжлэн шалгах ажиллагааг сэргээх
47.1Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны эцсийн тайлан гарсны дараа тайлангийн дүгнэлтийг өөрчилж болох баримт, нөхцөл байдал шинээр илэрсэн бол агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага шинжлэн шалгах ажиллагааг сэргээнэ.
АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
48 дугаар зүйлҮйл ажиллагааны санхүүжилт
48.1Иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь олон улсын гэрээний хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн чадавхитай байна.
49 дүгээр зүйлИргэний нисэхэд ашиглах хэл
49.1Иргэний нисэхэд ашиглах техник, технологийн баримт бичгийг монгол, англи хэл дээр хэрэглэж болно.
49.2Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг англи хэл дээр үзүүлж болно.
50 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
50.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай болон холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд үйлдлийн шинж чанараас хамааран Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
51 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
51.1Энэ хуулийг 20... оны .... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(цахим эх хувь.pdf)
Хуулийн төсөл
(1.INT huuliin tusul 04.27.docx)
Үзэл баримтлала
(Uzel barimtlal new_INTHuuli.pdf)
Танилцуулга
(2.Taniltsuulga.docx)
Үнэлгээний тайлан
(3.Heregjiltin ur dagavrin unelgeeni tailan.docx)
Зардлын тооцоо
(4.Zardliin tootsoo.docx)
Үр нөлөөг үнэлэх тайлан
(6.Tuslin ur nuluug uneleh tailan.docx)
Олон нийтийн хэлэлцүүлэг
(Иргэний нисэхийн тухай хуулийн хэлэлцүүлэг ИНЕГ.docx)