Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 7-Р САРЫН 30 ӨДӨР
УЛААНБААТАР

САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь санхүүгийн хоршооны эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлСанхүүгийн хоршооны тухай хууль тогтоомж
2.1Санхүүгийн хоршооны тухай хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Санхүүгийн хоршооноос бусад хоршоо энэ хуулийг дагаж мөрдөхгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“Санхүүгийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
4.1.2“Хувь хөрөнгө” гэж санхүүгийн хоршооны гишүүн /цаашид “гишүүн” гэх/-ий оруулах мөнгөн хөрөнгийг;
Тайлбар: Энэ хуульд заасан ашгийн төлөө бус гэж үйл ажиллагааны үр дүнд бий болсон цэвэр орлогыг санхүүгийн хоршооны эрсдэл даах чадварыг сайжруулах, гишүүдийн эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангахад зарцуулахыг ойлгоно.
4.1.3“Нэгдмэл сонирхолтой этгээд” гэж санхүүгийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүн, эсхүл ажил олгогч, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээд, тухайн хуулийн этгээдийн гуравны нэгээс дээш хувийн хувьцааг эзэмшигчийг;
4.1.4“Санхүүгийн хоршооны өөрийн хөрөнгө” гэж санхүүгийн хоршооны нийт хөрөнгөөс өр төлбөрийг хассан зөрүүг;
4.1.5“Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт” гэж Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-оос тогтоосон санхүүгийн бүлэг харьцаа үзүүлэлтийг;
4.1.6“Нөөцийн сан” гэж ирээдүйд учирч болзошгүй алдагдлыг нөхөх зорилгоор цэвэр орлогоос хуримтлуулсан нөөцийг;
4.1.7“Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар” гэж бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг анхны шаардлагаар буцаан олгох чадварыг үнэлсэн харьцаа үзүүлэлтийг;
4.1.8“Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв” гэж санхүүгийн хоршоодод санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээ, үйл ажиллагаа нь хүндрэлд орсон тохиолдолд тогтворжуулах туслалцаа үзүүлэх зорилготой өөрийгөө зохицуулах дундын санхүүгийн байгууллагыг;
4.1.9“Тогтворжуулалтын сан” гэж санхүүгийн хоршооны үйл ажиллагааг хүндрэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүгийн хоршоодоос төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн санг;
4.1.10“Хадгаламжийн даатгалын корпораци” гэж энэ хуульд заасан санхүүгийн хоршоон дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 19.1-д заасан хуулийн этгээдийг;
4.1.11“Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо” гэж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22.1-д заасан Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдах дээд байгууллагыг;
4.1.12“Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа” гэж энэ хуульд заасны дагуу санхүүгийн хоршооноос хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорацид даатгуулах, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагааг;
4.1.13“Хадгаламжийн даатгалын сан” гэж энэ хуулийн 61.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн, энэ хуулийн 62.1-д заасан зориулалтаар зарцуулах хөрөнгийг;
4.1.14“Хамтарсан данс” гэж санхүүгийн хоршоон дахь хамтран захиран зарцуулах эрхтэй хоёр буюу түүнээс дээш этгээдийн эзэмшлийн нэг дансыг.
5 дугаар зүйлСанхүүгийн хоршооны үйл ажиллагааны зарчим
5.1Санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1гишүүн сайн дурын үндсэн дээр элсэх;
5.1.2ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх;
5.1.3гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх;
5.1.4хараат бус, бие даасан байх;
5.1.5гишүүн, ажилтныг сургалт, мэдээллээр хангах;
5.1.6нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг анхаарах;
5.1.7ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.8санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
5.1.9бусад санхүүгийн хоршоотой хамтран ажиллахыг эрэлхийлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
6 дугаар зүйлСанхүүгийн хоршооны эрхлэх үйл ажиллагаа
6.1Санхүүгийн хоршоо Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ.
6.2Санхүүгийн хоршоо Хорооноос олгосон зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдийнхээ хэрэгцээнд зориулан дараах үйл ажиллагаа эрхэлж болно:
6.2.1Зөвшөөрлийн тухай хуулийн 2.14-д заасан даатгалын зуучлагчийн;
6.2.2Зөвшөөрлийн тухай хуулийн 2.24-д заасан санхүүгийн түрээсийн;
6.2.3Зөвшөөрлийн тухай хуулийн 2.11-д заасан факторингийн үйл ажиллагаа.
6.3Санхүүгийн хоршоо Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж болно. Энэ тохиолдолд Монголбанк Хорооны саналыг урьдчилан авна.
6.4Санхүүгийн хоршоо энэ хуулийн 6.1, 6.2, 6.3-т зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
7 дугаар зүйлХадгаламжийн үйл ажиллагаа
7.1Санхүүгийн хоршоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу гишүүнд данс нээж,  хадгаламжийн үйлчилгээ үзүүлнэ.
7.2Хадгаламжийн төрөл, хугацаа болон хадгаламжийн хүүгийн хэмжээг бүх гишүүдийн хурлаас баталсан хадгаламжийн бодлогод нийцүүлэн тэргүүлэгчдийн зөвлөл тогтооно.
7.3Гишүүний хадгаламжийг барьцаалж зээл олгож болно.
7.4Санхүүгийн хоршоо гишүүдийн хадгаламжийг албан журмын даатгалд хамруулна.
7.5Гишүүн санхүүгийн хоршоонд төлөх өр төлбөр, үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй бол түүний хадгалуулсан хөрөнгөөс барьцаа болгож, үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр гүйлгээ хийхийг хязгаарлана.
7.6Санхүүгийн хоршооны гишүүн бүр хуримтлалын данстай байна.
8 дугаар зүйлЗээлийн үйл ажиллагаа
8.1Санхүүгийн хоршоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу гишүүнд зээлийн данс нээж, зээл олгоно.
8.2Зээлийн төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг бүх гишүүдийн хурлаас баталсан зээлийн бодлогод нийцүүлэн тэргүүлэгчдийн зөвлөл тогтооно. Зээлийн хүүг тогтоохдоо зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад аж ахуйн нэгжийн зээлийн хүүтэй харьцуулж, гишүүддээ ашигтай байх зарчмыг баримтална.
8.3Санхүүгийн хоршоо нь олгосон зээл болон хүүгийн эргэн төлөлт, хугацаа, барьцаа, батлан даалт зэргийг харгалзан зээлийг ангилж, зээлийн чанарт тогтмол хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлж зээлийн эрсдэлийн санг байгуулж ажиллана.
8.4Санхүүгийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүддээ олгох зээл барьцаа, батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэнэ.
9 дүгээр зүйлСанхүүгийн хоршооны үйл ажиллагаанд хориглох зүйл
9.1Санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно:
9.1.1гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах, үйлчилгээ үзүүлэх;
9.1.2хувь хөрөнгө барьцаалж гишүүнд зээл олгох;
9.1.3банк, санхүүгийн байгууллага, Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвөөс бусад этгээдээс зээл, зээлтэй адилтгах нөхцөлөөр аливаа хөрөнгө татан төвлөрүүлэх;
9.1.4бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуй, ногоон, тогтвортой санхүүжилтийг дэмжихэд чиглэснээс бусад төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх;
9.1.5санхүүгийн тайланд тусгагдаагүй хөрөнгийн эх үүсвэрийг үйл ажиллагаанд ашиглах;
9.1.6зээлийн барьцааны зүйлийг зээл төлүүлэхээс бусад зорилгоор ашиглах, захиран зарцуулах;
9.1.7Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвөөс бусад хуулийн этгээдэд хувь нийлүүлэх;
9.1.8ирээдүйн орлогын талаар таамаглал дэвшүүлсэн, эсхүл орлого, хонжвор амласан зар сурталчилгааг мэдээллийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийх;
9.1.9төлбөрт таавар, бооцоот тоглоом, хонжворт сугалаа зохион байгуулах;
9.1.10өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл түгээх;
9.1.11бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд гишүүн болон гишүүн бус этгээдэд хандив өгөх;
9.1.12тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл олгох шийдвэр гаргахад тухайн албан тушаалтан оролцох;
9.1.13санхүүгийн хоршооны төлөөлөгч, төлөөлөгчийн газар ажиллуулах;
9.1.14гишүүнээс хувь хөрөнгө, элсэлтийн хураамжаас бусад татвар, шимтгэл авах;
9.1.15тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд тухайн өдрөөс өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг хангах, уг өдрөөс өмнө татан төвлөрүүлсэн хадгаламжийг эргэн төлөхөөс бусад үйл ажиллагаа эрхлэх.
10 дугаар зүйлСанхүүгийн үйлчилгээний мэдээлэл хүргэх
10.1Санхүүгийн хоршоо оноосон нэр, эрх бүхий байгууллагаас эрхлэхийг зөвшөөрсөн ажил, үйлчилгээний талаарх мэдээллийг үйл ажиллагаа эрхлэн явуулах байранд харагдахуйц байдлаар байрлуулна.
10.2Санхүүгийн хоршоо санхүүгийн ажил, үйлчилгээний шаардлага, үйлчилгээний төлбөр, үргэлжлэх хугацаа болон үүсэж болзошгүй үр дагаврын талаарх мэдээллийг гишүүнд гэрээ байгуулахын өмнө бүрэн өгөх үүрэгтэй.
11 дүгээр зүйлСанхүүгийн хоршооны хөрөнгө
11.1Санхүүгийн хоршооны хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1гишүүний хувь хөрөнгө;
11.1.2гишүүний хадгаламж;
11.1.3банк, санхүүгийн байгууллага, Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвөөс авсан зээл;
11.1.4төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор авсан санхүүжилт;
11.1.5хандив, тусламж;
11.1.6дүрэмд заасан бусад.
11.2Сумын насанд хүрсэн хүн амын 50-аас дээш хувийг гишүүнээр элсүүлсэн санхүүгийн хоршоонд орон нутаг хөгжүүлэх зориулалттай сан, ашигт малтмал ашиглах, хайгуул олборлолт хийх аж ахуйн нэгжийн хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж, тухайн сумыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
11.3Энэ хуулийн 11.2-т зааснаас бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвөөр дамжуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ
12 дугаар зүйлСанхүүгийн хоршооны зохицуулах байгууллага
12.1Санхүүгийн хоршооны үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг Хороо хэрэгжүүлнэ.
12.2Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.2.1санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
12.2.2санхүүгийн хоршооны нэгдсэн бүртгэл хөтлөх;
12.2.3санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт батлах;
12.2.4санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах хуульд заасан болон Хорооноос тавьсан шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
12.2.5хууль тогтоомжид заасан бусад бүрэх эрх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
13 дугаар зүйлХадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах
13.1Санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргагч нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, өргөдлөө Хороонд гаргана. Үүнд:
13.1.1хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх шийдвэр, хурлын тэмдэглэл;
13.1.2санхүүгийн хоршооны дүрэм;
13.1.3тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны ажиллах журам, түүнийг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;
13.1.4хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлого, журам, түүнийг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;
13.1.5гишүүдийн хувь хөрөнгийг банкин дахь хоршооны дансанд байршуулсныг нотлох дансны хуулга;
13.1.6бүх гишүүдийн хурлаар баталсан гурваас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;
13.1.7тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн анкет;
13.1.8санхүүгийн эхлэлтийн тайлан тэнцэл;
13.1.9тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны дарга болон гишүүн, гүйцэтгэх захирлын мэргэжил, мэргэшил, ур чадварыг тодорхойлох баримт бичиг, шаардлагатай тохиолдолд орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох тодорхойлолт;
13.1.10гүйцэтгэх захирлыг томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
13.1.11Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1.11-д заасны дагуу хяналт тавих ажилтныг томилсон гүйцэтгэх захирлын тушаал, холбогдох бусад баримт бичиг;
13.1.12бүх гишүүдийн хурлаар баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.4-т заасан дотоод хяналтын хөтөлбөр;
13.1.13хувь хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого болохыг нотлох баримт, тайлбар тодруулга;
13.1.14үйл ажиллагаа явуулах ажлын байр, шуудан болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээлэл;
13.1.15үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах, дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын дүгнэлт.
14 дүгээр зүйлХадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
14.1Хороо энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна.
14.2Хороо өргөдөл гаргагчийн санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх бэлэн байдалтай газар дээр нь шалгаж, танилцаж болно.
14.3Хороо дараах үндэслэлээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:
14.3.1тусгай зөвшөөрөл хүсэхэд ирүүлсэн баримт бичиг хууль тогтоомжид заасан болон Хорооноос тогтоосон шаардлага хангаагүй, эсхүл хуурамчаар үйлдсэн;
14.3.2үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гарал үүсэл хууль тогтоомж, Хорооноос баталсан шаардлагыг хангаагүй;
14.3.3санхүүгийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, тэдгээрийн гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан хуульд заасан шаардлага, Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдэд тавигдах шалгуурыг хангаагүй;
14.3.4үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө бодитой бус, хэрэгжих боломжгүй, үйл ажиллагаанаас учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгаагүй;
14.3.5тусгай зөвшөөрөл олгох нь нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй.
14.4Санхүүгийн хоршоо тусгай зөвшөөрөл авснаас хойш энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагааг хэвийн явуулсан тохиолдолд Хороо болон Монголбанк энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож болно.
14.5Санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
14.6Хороо хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагатай мэдээлэл тогтмол солилцоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ГИШҮҮН
15 дугаар зүйлСанхүүгийн хоршооны гишүүн
15.1Санхүүгийн хоршоо 20-оос доошгүй гишүүнтэй байна.
15.2Санхүүгийн хоршооны гишүүнчлэлийн хамрах хүрээ дор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан байна:
15.2.1нэг байгууллагад ажилладаг;
15.2.2мэргэжил нэгтэй;
15.2.3нэг сум, дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг;
15.2.4нэг холбоо, эсхүл хоршоонд гишүүнчлэлтэй;
15.2.5нэг сум, дүүрэгт амьдардаг.
15.3Энэ хууль, санхүүгийн хоршооны дүрмээр тогтоосон шаардлагыг хангасан, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гишүүнээр элсэж болно.
15.4Гишүүний энэ хуулийн 4.1.3-т заасан нэгдмэл сонирхолтой этгээд санхүүгийн хоршоонд гишүүнээр элсэж болно. Энэ тохиолдолд нэгдмэл сонирхолтой этгээд болохоо санхүүгийн хоршоонд урьдчилан мэдэгдэнэ.
15.5Гишүүнээр элсэх хуулийн этгээд энэ хуулийн 15.2-т заасан нөхцөлийн аль нэгийг хангасан байна. Нийт гишүүний 10-аас дээшгүй хувь хуулийн этгээд байж болох бөгөөд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гишүүн байхыг хориглоно.
15.6Энэ хуулийн 15.2-15.4-т зааснаас гадна тавигдах бусад шаардлагыг санхүүгийн хоршооны дүрмээр тогтоож болно.
15.7Гишүүдийн тоо энэ хуулийн 15.1-д заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлыг ажлын 30 өдрийн дотор хуралдуулж, татан буулгах эсэх асуудлыг хэлэлцүүлнэ.
15.8Гишүүний эрх хувь хөрөнгө оруулснаар үүснэ.
15.9Санхүүгийн хоршооны дүрмээр зөвшөөрөөгүй бол гишүүн өөр санхүүгийн хоршооны гишүүн байхыг хориглоно.
16 дугаар зүйлГишүүний эрх, үүрэг
16.1Гишүүн дор дурдсан эрх эдэлнэ:
16.1.1бүх гишүүдийн хуралд саналын нэг эрхтэй оролцох;
16.1.2бүх гишүүдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах санал гаргах;
16.1.3тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүнээр сонгогдох;
16.1.4хадгаламж, зээл болон бусад үйлчилгээ, үйл ажиллагаанд хамрагдах;
16.1.5бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны талаар Хороонд гомдол гаргах;
16.1.6гишүүнээс гарах;
16.1.7энэ хууль, санхүүгийн хоршооны дүрмээр тогтоосон хувь хөрөнгө оруулах, ногдох хувь авах;
16.1.8санхүүгийн хоршоо татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгөөс авах;
16.1.9оруулсан хувь хөрөнгийг хууль, журмын дагуу бусдад шилжүүлэх, өв залгамжлуулах;
16.1.10тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, тайлантай танилцах;
16.1.11санхүүгийн хоршооны дүрмээр тогтоосон бусад.
16.2Гишүүн дор дурдсан үүрэг хүлээнэ:
16.2.1санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд оролцох, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, жил, улирлын санхүүгийн тайлан, нууцад хамаарахаас бусад мэдээлэлтэй тогтмол танилцах;
16.2.2гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
16.2.3гишүүний бүртгэлд орсон өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэх;
16.2.4хуримтлал үүсгэх;
16.2.5бүх гишүүдийн хурлын шийдвэр, тэмдэглэлтэй танилцах;
16.2.6энэ хуулийн 15.2-т заасан шаардлагыг хангахгүй болсон гишүүн энэ тухай санхүүгийн хоршоонд мэдэгдэх.
17 дугаар зүйлГишүүний бүртгэл
17.1Тэргүүлэгчдийн зөвлөл гишүүдийн бүртгэлийг хөтөлж, үнэн зөвийг хариуцна.
17.2Санхүүгийн хоршоо гишүүдийн бүртгэлийг энэ хуулийн 48.4-т заасан хугацаанд Хороонд ирүүлнэ.
17.3Энэ хуулийн 17.1-д заасан бүртгэлд туссан мэдээлэлтэй танилцах гишүүний хүсэлтэд тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирал тухайн гишүүнтэй холбоотой мэдээлэл, холбогдох баримтыг гаргаж өгөх, танилцах боломжоор хангах үүрэгтэй.
18 дугаар зүйлГишүүнээр элсэх
18.1Гишүүнээр элсэх журмыг санхүүгийн хоршооны дүрмээр тогтооно.
18.2Санхүүгийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх этгээдийн өргөдлийг тэргүүлэгчдийн зөвлөлийн ээлжит хурлаар шийдвэрлэнэ.
19 дүгээр зүйлГишүүнийг хасах
19.1Дор дурдсан тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөл гишүүнийг хасна:
19.1.1гишүүн санхүүгийн хоршооноос гарах хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн;
19.1.2гишүүний эрх, үүрэг, хувь хөрөнгөө тухайн санхүүгийн хоршооны бусад гишүүнд шилжүүлсэн;
19.1.3идэвхгүй гишүүнд тооцогдсоноос хойш энэ хуулийн 49.7-д заасан хугацаанд гишүүнээр үлдэх тухай хүсэлт гаргаагүй;
19.1.4гишүүн санхүүгийн хоршооны дүрэм болон бусад журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санаатай зөрчсөн;
19.1.5энэ хуулийн 16.2.5-д заасан үүргийг биелүүлээгүй.
19.2Энэ хуулийн 19.1-д заасан асуудлыг хэлэлцэхэд тухайн гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд оролцох боломжийг олгоно.
20 дугаар зүйлГишүүний эрх дуусгавар болох
20.1Дор дурдсан тохиолдолд гишүүний эрх дуусгавар болно:
20.1.1энэ хуулийн 19.1-д заасны дагуу тэргүүлэгчдийн зөвлөл гишүүнээс хасах шийдвэр гаргасан;
20.1.2санхүүгийн хоршоо татан буугдсан;
20.1.3гишүүн эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;
20.1.4гишүүн нас барсан буюу нас барсанд тооцогдсон;
20.1.5гишүүн хуулийн этгээд татан буугдсан.
21 дүгээр зүйлГишүүний эрх дуусгавар болсон этгээдтэй тооцоо хийх
21.1Гишүүний эрх дуусгавар болсон этгээдтэй хийх тухайн жилд ногдох хувиас бусад өр төлбөрийн тооцоог тухайн гишүүний эрх дуусгавар болсон өдрөөс хойш  ажлын 20 өдрийн дотор хийнэ.
21.2Энэ хуулийн 21.1-д заасан ногдох хувийг тухайн жилийн орлогыг хуваарилж, гишүүнд ногдох хувийг тодорхойлсны дараа Иргэний хуульд заасны дагуу холбогдох этгээдэд шилжүүлнэ.
21.3Энэ хуулийн 21.2-т заасан хөрөнгийг хүлээн авах этгээд байхгүй бол уг хөрөнгийг идэвхгүй гишүүний хөрөнгийн адил санхүүгийн тайлан, мэдээнд тусгана.
21.4Гишүүний эрх дуусгавар болсон этгээдтэй хийх тооцоотой холбогдох гомдлыг шүүхэд гаргана.
22 дугаар зүйлГишүүний хүлээх хариуцлага
22.1Санхүүгийн хоршооны үйл ажиллагааны улмаас үүссэн үүргийг эхний ээлжид гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бусад хөрөнгөөр, уг хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөр гүйцэтгэнэ.
22.2Энэ хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас санхүүгийн хоршоонд хохирол учруулсан гишүүн нь иргэн бол хувийн хөрөнгөөр, хуулийн этгээд бол өөрийн хөрөнгөөр барагдуулна.
22.3Энэ хуулийн 22.2-т заасан зөрчлийн улмаас санхүүгийн хоршооны гишүүнээс хассан нь тухайн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
22.4Санхүүгийн хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс олсон орлого, эд хөрөнгийг бусдын өмчлөлд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдвол тэр хэмжээгээр тухайн эд хөрөнгөөс төлбөр гаргуулна.
22.5Санхүүгийн хоршооны бусдын өмнө хүлээх хариуцлагыг гишүүн өөрийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр хариуцах ба хувийн хөрөнгөөр хариуцахгүй.
22.6Гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг санхүүгийн хоршоо хариуцахгүй.
22.7Санхүүгийн хоршоо бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй, төр санхүүгийн хоршооны бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ДҮРЭМ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА, ДОТООД ХЯНАЛТ
23 дугаар зүйлСанхүүгийн хоршооны дүрэм
23.1Санхүүгийн хоршооны дүрэм үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг бөгөөд дор дурдсан зүйлийг тусгана.
23.1.1оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
23.1.2эрхлэх үйл ажиллагааны төрөл;
23.1.3гишүүнээр элсэх, хасах, идэвхтэй болон идэвхгүй гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
23.1.4гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд, доод хэмжээ;
23.1.5гишүүний хувь хөрөнгийг бусдад шилжүүлэх;
23.1.6гишүүний хуримтлал үүсгэх давтамж, доод хэмжээ;
23.1.7бүх гишүүдийн хурлын эрх хэмжээ, хурал хуралдуулах, санал хураах журам;
23.1.8тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн, нөөц гишүүнийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах журам;
23.1.9тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хугацаа, хариуцлага;
23.1.10үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлд тайлагнах, хэлэлцүүлэх журам;
23.1.11жилийн цэвэр орлогыг хуваарилах, алдагдал нөхөх, нөөцийн сан бүрдүүлэх, зарцуулах асуудал;
23.1.12нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ, хугацаа хэтэрсэн зээлтэй гишүүнд хүлээлгэх хариуцлага;
23.1.13данс нээх, хаах, дансны мэдээлэлтэй танилцах;
23.1.14ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдлийн талаарх зохицуулалт;
23.1.15санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
23.1.16үйл ажиллагааны тайлан, мэдээ, шийдвэрийг гишүүд, холбогдох этгээдэд хүргэх;
23.1.17нууцад хамаарах мэдээлэл.
23.2Санхүүгийн хоршооны дүрэмд энэ хуулийн 23.1-д зааснаас бусад асуудлыг энэ хуулийн 5.1-д заасан зарчим, хуулийн бусад хэм хэмжээтэй зөрчилдөхгүй байхаар тусгаж болно.
23.3Санхүүгийн хоршооны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор Хороонд хүргүүлнэ.
23.4Санхүүгийн хоршооны дүрмийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт Хороо болон улсын бүртгэлийн байгууллага бүртгэснээр хүчин төгөлдөр болно.
24 дүгээр зүйлСанхүүгийн хоршооны нэр
24.1Санхүүгийн хоршооны оноосон нэрийн ард “Санхүүгийн хоршоо” гэсэн дэлгэрэнгүй, эсхүл “СХ” гэсэн товчилсон тэмдэглэгээг хэрэглэнэ.
24.2Санхүүгийн хоршооны оноосон нэр бусад санхүүгийн хоршоо, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхцахгүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй, үүсгэн байгуулагчийн нэр, нэрийн хэсэг, танихуйц нэршил ашиглахгүй, эсхүл өөр хуулийн этгээдийн төрөл, зохион байгуулалтыг илэрхийлсэн нэр, тэмдэглэгээ хэрэглэхгүй.
24.3Санхүүгийн хоршооноос бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэртэй хамт энэ хуулийн 24.1-д заасан тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
24.4Санхүүгийн хоршооны оноосон нэрийг өөрчлөх тохиолдолд Хороонд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ.
24.5Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон санхүүгийн хоршооны нэрийг дахин ашиглахыг хориглоно.
24.6Санхүүгийн хоршооны оноосон нэр энэ хуулийн 25.2-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Хороо өөрчлөхийг шаардана.
25 дугаар зүйлСанхүүгийн хоршооны оршин байгаа газар, харилцах хаяг, дугаар
25.1Санхүүгийн хоршоо өөрийн гишүүн, төрийн байгууллага, бусад хуулийн этгээд, иргэнтэй албан ёсоор харилцах оршин байгаа газар, шуудан болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, Хорооноос тогтоосон бусад мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 10 өдрийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр Хороонд мэдэгдэнэ.
25.2Энэ хуулийн 25.1-д заасан өөрчлөлтийг энэ зүйлд заасны дагуу мэдэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг санхүүгийн хоршоо хариуцна.
26 дугаар зүйлСанхүүгийн хоршооны зохион байгуулалт
26.1Санхүүгийн хоршооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурал байна.
26.2Санхүүгийн хоршоо тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирал, ажилтантай байна.
26.3Санхүүгийн хоршооны дүрэмд энэ зүйлд зааснаас бусад зохион байгуулалтын бүтэцтэй байхаар тусгаж болно.
27 дугаар зүйлБүх гишүүдийн хурал
27.1Бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.
27.2Бүх гишүүдийн хурлыг биечлэн, цахим болон Хорооноос тогтоосон бусад хэлбэрээр зохион байгуулж болно.
28 дугаар зүйлБүх гишүүдийн ээлжит хурал
28.1Бүх гишүүдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хуралдуулна. Хурлаар аудитлагдсан жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцүүлнэ.
28.2Бүх гишүүдийн ээлжит хурал хуралдуулах хугацааг энэ хуулийн 28.1-д нийцүүлэн санхүүгийн хоршооны дүрмээр тогтоож болно.
28.3Бүх гишүүдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл гаргана.
28.4Бүх гишүүдийн ээлжит хурал хуралдуулах зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас ажлын 20-оос доошгүй өдрийн өмнө гишүүдэд хүргэнэ.
29 дүгээр зүйлБүх гишүүдийн ээлжит бус хурал
29.1Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.
29.2Энэ хуулийн 29.1-д заасан шийдвэрт бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулах үндэслэлийг тодорхой заана.
29.3Бүх гишүүдийн ээлжит бус хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал болохоос  ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө гишүүдэд хүргэнэ.
29.4Дараах тохиолдолд бүх гишүүдийн ээлжит бус хурлыг заавал зарлан хуралдуулна:
29.4.1өөрчлөн байгуулах, татан буулгах;
29.4.2санхүү, төлбөрийн чадваргүй болсон, өөрийн хөрөнгөгүй болсон;
29.4.3нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь санал гаргасан;
29.4.4бүх гишүүдийн хурал хуралдуулах талаар Хорооны, эсхүл шүүхийн шийдвэр гарсан.
29.5Энэ хуулийн 29.4.3-т заасан саналыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд санал гаргасан гишүүдийн овог, нэр, бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төслийг тусгана.
29.6Энэ хуулийн 29.4-т заасан тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлыг ажлын 30 өдрийн дотор зарлан хуралдуулна.
30 дугаар зүйлБүх гишүүдийн хурлын бүрэн эрх
30.1Бүх гишүүдийн хурал дор дурдсан бүрэн эрхтэй байна:
30.1.1дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
30.1.2бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн жилийн үйл ажиллагааны төсөв батлах;
30.1.3үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, батлах;
30.1.4тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах;
30.1.5хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлого батлах;
30.1.6тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, үйл ажиллагааны бусад дотоод журмыг батлах;
30.1.7тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны талаар гишүүнээс гаргасан гомдол, саналыг хэлэлцэх;
30.1.8гишүүний оруулах хувь хөрөнгийн хэмжээг тогтоох, өөрчлөх;
30.1.9тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны үйл ажиллагааны зардлын хязгаар, сонгуульт гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоох;
30.1.10санхүүгийн хоршоог хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөө батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
30.1.11энэ хуулийн 6.2, 6.3-д заасан зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх шийдвэр гаргах;
30.1.12жилийн цэвэр орлого хуваарилах, алдагдал нөхөх талаар шийдвэр гаргах;
30.1.13нөөц сангийн хөрөнгийн хэмжээг Хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй байхаар тогтоох, алдагдлыг нөхөх талаар шийдвэр гаргах;
30.1.14тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
30.1.15өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;
30.1.16энэ хууль, дүрэмд заасан бусад.
31 дүгээр зүйлБүх гишүүдийн хурлын ирц, хурлын шийдвэр
31.1Санхүүгийн хоршоо 100 болон түүнээс доош гишүүнтэй бол нийт гишүүний 50-аас доошгүй хувь, 101-ээс 1000 гишүүнтэй бол нийт гишүүний 20-оос доошгүй хувь, 1001 болон түүнээс дээш гишүүнтэй бол нийт гишүүний 15-аас доошгүй хувь оролцсоноор бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр болно.
31.2Тэргүүлэгчдийн зөвлөл энэ хуулийн 28.1-д заасан хугацаанд бүх гишүүдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд бүх гишүүдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болно.
31.3Бүрэн эрх дуусгавар болсон өдрөөс хойш тэргүүлэгчдийн зөвлөлийн байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
31.4Тэргүүлэгчдийн зөвлөлийн бүх гишүүдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг Хороо нийтэд мэдээлнэ.
31.5Бүх гишүүдийн хурлын ирц энэ хуулийн 31.1-д заасан хувьд хүрээгүй бол тухайн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн хойшлуулж, дахин хуралдах өдрийг тэргүүлэгчдийн зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчилж үл болно.
31.6Санхүүгийн хоршоо 100 болон түүнээс доош гишүүнтэй бол нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь, 101-ээс 1000 гишүүнтэй бол нийт гишүүдийн 15-аас доошгүй хувь, 1001 болон түүнээс дээш гишүүнтэй бол нийт гишүүдийн 10-аас доошгүй хувь оролцсоноор энэ хуулийн 31.5-д заасны дагуу хойшлогдсон бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр болно.
31.7Энэ хуулийн 31.5-д заасны дагуу хойшлогдсон бүх гишүүдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас 7-оос доошгүй ажлын өдрийн өмнө бүх гишүүдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ.
31.8Энэ хуулийн 31.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзсэн бүх гишүүдийн хуралд ирүүлсэн саналыг хойшлогдсон хурлын ирц, санал хураалтын дүнд оруулан тооцно.
31.9Хойшлогдсон бүх гишүүдийн хурал энэ хуулийн 31.7-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол хурал шинээр зарлах бөгөөд ирцийг энэ хуулийн 31.1-д зааснаар тооцно.
31.10Оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр саналын нэг эрхтэй байна.
31.11Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана. Бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх ба шийдвэрт тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, эсхүл хурлыг удирдсан гишүүн гарын үсэг зурж баталгаажуулна.
31.12Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүнийг нууц санал хураалтын үндсэн дээр сонгох ба бусад асуудлыг дүрэмд заасан санал хураах журмын дагуу шийдвэрлэнэ.
31.13Гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүх гишүүдийн хуралд оролцох боломжгүй бол саналаа бичгээр ирүүлж болно.
31.14Гишүүн бусад этгээдийг итгэмжлэлийн дагуу өөрийн нэрийн өмнөөс бүх гишүүдийн хуралд оролцуулж, санал өгч болно.
32 дугаар зүйлБүх гишүүдийн хурлын дэг, хурлын тэмдэглэл
32.1Бүх гишүүдийн хурлыг тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, даргын эзгүйд түүний томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн удирдана. Хяналтын зөвлөлийн шийдвэрээр хуралдуулж буй бүх гишүүдийн хурлыг хяналтын зөвлөлийн дарга, түүний эзгүйд хяналтын зөвлөлийн даргын томилсон хяналтын зөвлөлийн гишүүн удирдана.
32.2Саналын эрхтэй гишүүн бүрд бүх гишүүдийн хурлын зарыг албан ёсоор хүргэх ба зарыг хэрхэн хүргэсэн талаар хуралд оролцож буй гишүүдэд танилцуулна.
32.3Бүх гишүүдийн хурлаас хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссыг сонгоно.
32.4Бүх гишүүдийн хурлын үйл ажиллагааг хурлын тэмдэглэлээр баталгаажуулж, дараах мэдээллийг тусгана:
32.4.1бүх гишүүдийн хурал болсон он, сар, өдөр, газар, хугацаа;
32.4.2бүх гишүүдийн хурлын ирц;
32.4.3энэ хуулийн 32.3-т заасан гишүүдийн овог, нэр, сонгосон саналын хувь;
32.4.4бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн асуудал;
32.4.5бүх гишүүдийн хурлын санал хураалтын арга, хэлбэр;
32.4.6хурлаар хэлэлцсэн асуудалд өгсөн зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоог асуудал тус бүрээр.
32.5Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссын нэг гишүүн болон энэ хуулийн 32.1-д заасны дагуу хурал удирдсан гишүүн гарын үсэг зурж баталгаажуулна.
33 дугаар зүйлТэргүүлэгчдийн зөвлөл
33.1Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт санхүүгийн хоршооны үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл удирдаж, үйл ажиллагааг бүх гишүүдийн хуралд тайлагнана.
33.2Бүх гишүүдийн хурлаас тэргүүлэгчдийн зөвлөлийг гурваас доошгүй сондгой тооны гишүүнтэй сонгоно.
33.3Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр дор дурдсан шаардлагыг хангасан гишүүнийг сонгоно:
33.3.1зээл, батлан даалт, гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй;
33.3.2ял шийтгэлгүй;
33.3.3эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
33.3.4хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэлтэй холбогдох торгууль, бусдад учруулсан хохирлыг төлсөн;
33.3.5сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн үйлчилгээ эрхэлж байгаад дампуурсан, эсхүл зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргаснаас бусад тохиолдлоор зөвшөөрлийг хүчингүй болгосон хуулийн этгээдийн төлөөлөн удирдах, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлээгүй;
33.3.6тухайн сонгуульт ажлыг хашихыг бусад хууль тогтоомжоор хязгаарлаагүй;
33.3.7Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн сургалтад хамрагдсан.
33.4Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдээс олонхийн санал авсан гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөлийн даргаар сонгоно.
33.5Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь банк, санхүү, эдийн засаг, эрх зүйн мэргэжилтэй байна.
33.6Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан байхыг хориглоно.
33.7Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурав хүртэл жил байх бөгөөд дараалан хоёроос дээш удаа сонгохгүй. Дараагийн тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг сонгох хүртэл хугацаанд өмнөх гишүүний бүрэн эрх хадгалагдана.
33.8Тэргүүлэгчдийн зөвлөлийг нөөц гишүүнтэй сонгоно.
34 дүгээр зүйлТэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр
34.1Тэргүүлэгчдийн зөвлөл сард нэгээс доошгүй удаа хуралдана. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлыг тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, даргын эзгүйд түүний томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн удирдана.
34.2Тэргүүлэгчдийн зөвлөлийн  шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана. Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байх ба тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, эсхүл хурал удирдсан гишүүн гарын үсэг зурж баталгаажуулна.
34.3Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын үйл ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд тэмдэглэлд хуралд оролцсон гишүүн бүр гарын үсэг зурж, тэмдэглэлийн үнэн зөвийг тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, эсхүл хурлыг удирдсан гишүүн хариуцна. Тэргүүлэгчдийн зөвлөлийн аль нэг гишүүн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар гаргана.
34.4Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр санал өгч болно. Энэ тохиолдолд гишүүнийг хуралд оролцсонд тооцно.
34.5Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд гурван удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, эсхүл санхүүгийн хоршоонд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, энэ хууль, санхүүгийн хоршооны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гишүүний эрхийг тэргүүлэгчдийн зөвлөл түдгэлзүүлнэ.
34.6Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд саналын эрх эдлэхгүй ба гишүүнийг нөхөн сонгох хүртэл нөөц гишүүн ажиллана.
34.7Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй.
34.8Тэргүүлэгчдийн зөвлөл болон гишүүний бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг санхүүгийн хоршооны дүрмээр нарийвчлан тогтооно.
34.9Тэргүүлэгчдийн зөвлөл санхүүгийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй.
35 дугаар зүйлТэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэн эрх
35.1Тэргүүлэгчдийн зөвлөл дараах бүрэн эрхтэй байна:
35.1.1санхүүгийн хоршоог хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж бүх гишүүдийн хурлаар батлуулах, биелэлтэд хяналт тавих;
35.1.2хууль, санхүүгийн хоршооны дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах;
35.1.3үйл ажиллагаанд мөрдөх зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
35.1.4хадгаламж, зээлийн үйл ажиллагааны журам батлах, хүү тогтоох;
35.1.5нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, жилийн санхүүгийн тайланг хяналтын зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
35.1.6жилийн цэвэр орлогоос алдагдлыг нөхөх, нөөцийн сан бүрдүүлэх, гишүүний хувь хөрөнгөд ногдох хувь хэмжээний талаар санал боловсруулж бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
35.1.7жил, улирлын санхүүгийн тайлан болон урьдчилсан тооцоогоор үүсэж болзошгүй алдагдлыг нөөцийн сангаас нөхөх боломжгүй, эсхүл санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон бол Хороонд мэдэгдэж, бүх гишүүдийн хурлаар нэн даруй хэлэлцүүлэх;
35.1.8бүх гишүүдийн хурлаас баталсан жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
35.1.9сүүлийн улирлын санхүүгийн тайлангийн нийт активын 10 хувиас дээш хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх;
35.1.10тогтворжуулалтын сангаас санхүүгийн туслалцаа авах тухай шийдвэр гаргах;
35.1.11бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
35.1.12гишүүн элсүүлэх, идэвхгүй гишүүнд тооцох, хасах;
35.1.13энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан этгээдтэй зохих журмын дагуу тооцоо хийх;
35.1.14гишүүний бүртгэлийг хөтлөх, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийж, гишүүдийн тоо хуулиар тогтоосон доод хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд энэ талаар Хороонд мэдэгдэж, зохих арга хэмжээг авах;
35.1.15зээлийн хороо байгуулах, гишүүдийг томилох, үйл ажиллагаанд хяналт тавих;
35.1.16гүйцэтгэх захирлыг томилох, гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;
35.1.17зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны талаар гишүүдээс гаргасан гомдол, саналыг хэлэлцэх;
35.1.18хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд зээл олгох зөвшөөрөл олгох, зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
35.1.19төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв, банк, санхүүгийн байгууллага, эсхүл төсөл, хөтөлбөрийн хүрээнд богино хугацаатай хөрөнгийн эх үүсвэрийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй авах шийдвэр гаргах;
35.1.20хууль, дүрэмд заасан бусад.
36 дугаар зүйлХяналтын зөвлөл
36.1Хяналтын зөвлөл санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлж, бүх гишүүдийн хуралд ажлаа тайлагнана.
36.2Бүх гишүүдийн хурлаас хяналтын зөвлөлийг гурваас доошгүй сондгой тооны гишүүнтэй сонгоно.
36.3Хяналтын зөвлөлийн гишүүнд энэ хуулийн 33.3, 33.5-д заасан шаардлага нэгэн адил хамаарна.
36.4Хяналтын зөвлөлийн гишүүдээс олонхийн санал авсан гишүүнийг хяналтын зөвлөлийн даргаар сонгоно.
36.5Хяналтын зөвлөлийн гишүүн тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан байхыг хориглоно.
36.6Хяналтын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурав хүртэл жил байх бөгөөд дараалан хоёроос дээш удаа сонгохгүй. Дараагийн хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох хүртэл хугацаанд өмнөх гишүүний бүрэн эрх хадгалагдана.
36.7Хяналтын зөвлөлийг нөөц гишүүнтэй сонгоно.
37 дугаар зүйлХяналтын зөвлөлийн шийдвэр
37.1Хяналтын зөвлөл улиралд хоёроос доошгүй удаа хуралдана. Хяналтын зөвлөлийн хурал гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Хяналтын зөвлөлийн хурлыг хяналтын зөвлөлийн дарга, даргын эзгүйд түүний томилсон хяналтын зөвлөлийн гишүүн удирдана.
37.2Тэргүүлэгчдийн, эсхүл хяналтын зөвлөлийн гишүүдийн олонх хяналтын зөвлөлийг хуралдуулах тухай санал гаргасан, эсхүл хяналтын зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хяналтын зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.
37.3Хяналтын зөвлөлийн  шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана. Хяналтын зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байх ба хяналтын зөвлөлийн дарга, эсхүл хурал удирдсан гишүүн гарын үсэг зурж баталгаажуулна.
37.4Хяналтын зөвлөлийн хурлын үйл ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд тэмдэглэлд хуралд оролцсон гишүүн бүр гарын үсэг зурж, тэмдэглэлийн үнэн зөвийг хяналтын зөвлөлийн дарга, эсхүл хурал удирдсан гишүүн хариуцна. Хяналтын зөвлөлийн аль нэг гишүүн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай бичгээр тайлбар гаргана.
37.5Хяналтын зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр санал өгч болно. Энэ тохиолдолд гишүүнийг хуралд оролцсонд тооцно.
37.6Хяналтын зөвлөлийн хуралд гурван удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, эсхүл санхүүгийн хоршоонд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, хууль, санхүүгийн хоршооны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гишүүний эрхийг хяналтын зөвлөл түдгэлзүүлнэ.
37.7Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хяналтын зөвлөлийн гишүүн хяналтын зөвлөлийн хуралд саналын эрх эдлэхгүй ба гишүүнийг нөхөн сонгох хүртэл нөөц гишүүн ажиллана.
37.8Хяналтын зөвлөлийн гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй.
37.9Хяналтын зөвлөл болон гишүүний бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг санхүүгийн хоршооны дүрмээр нарийвчлан тогтооно.
38 дугаар зүйлХяналтын зөвлөлийн бүрэн эрх
38.1Хяналтын зөвлөл дараах бүрэн эрхтэй:
38.1.1тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа хууль, журам, санхүүгийн хоршооны дүрэмд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, Хороо, бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
38.1.2санхүүгийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай баримт бичиг, тайлан, мэдээлэлтэй танилцах;
38.1.3санхүүгийн хоршооны бодлогын хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргаж бүх гишүүдийн хуралд танилцуулах;
38.1.4жилийн санхүүгийн тайлангийн цэвэр орлого хуваарилалт, алдагдлыг нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
38.1.5гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд танилцуулах, тэргүүлэгчдийн зөвлөл хуралдах боломжгүй бол гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг тэргүүлэгчдийн зөвлөл хуралдах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх;
38.1.6шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
38.1.7тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа хууль бус, санхүүгийн хоршоо, гишүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол уг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, залруулга хийхийг шаардах;
38.1.8хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, санхүүгийн хоршооны дүрэм, журмыг зөрчсөн тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд сануулга өгөх, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зохих хариуцлага тооцуулах санал хүргүүлэх;
38.1.9тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон ажилтанд зээл олгох ажиллагаанд хяналт тавих;
38.1.10хяналтын зөвлөл, эрх бүхий бусад байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон ажилтан биелүүлээгүйгээс санхүүгийн хоршоо, гишүүдэд хохирол учруулсан бол уг асуудлаар санхүүгийн хоршооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах;
38.1.11тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны хуралд саналын эрхгүй оролцох;
38.1.12жилийн санхүүгийн тайланг баталгаажуулах аудитын байгууллагыг сонгох;
38.1.13хуульд заасан тохиолдолд санхүүгийн тайланг хянах;
38.1.14шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шинжээчийг ажиллуулах;
38.1.15Хяналтын зөвлөл санхүүгийн хоршооны дотоод ил тод байдал, энэ хууль болон санхүүгийн хоршооны дүрмийн хэрэгжилт, санхүүгийн болон бусад эрхлэх үйл ажиллагаа, санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа талаарх дүгнэлтийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
38.1.16санхүүгийн хоршооны дүрмээр тогтоосон бусад.
39 дүгээр зүйлЗээлийн хороо
39.1Санхүүгийн хоршоо зээлийн хороотой байна. Зээлийн хороо үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана.
39.2Тэргүүлэгчдийн зөвлөл зээлийн хороог гурваас доошгүй сондгой тооны гишүүнтэй байгуулна.
39.3Зээлийн хорооны гишүүнд энэ хуулийн 33.3, 33.5-д заасан шаардлага нэгэн адил хамаарна.
39.4Зээлийн хорооны гишүүдээс олонхийн санал авсан гишүүнийг зээлийн хорооны даргаар сонгоно.
39.5Зээлийн хорооны гишүүн тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.
40 дүгээр зүйлЗээлийн хорооны шийдвэр
40.1Зээлийн хорооны хуралдах хугацааг санхүүгийн хоршооны дүрэмд нарийвчлан заана.  Зээлийн хорооны хуралд гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
40.2Зээлийн хороо шийдвэрээ хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах ба тухайн шийдвэрт дэмжсэн санал өгсөн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
40.3Зээлийн хорооны гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.
40.4Зээлийн хороо болон гишүүний бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг санхүүгийн хоршооны дүрмээр нарийвчлан тогтооно.
41 дугаар зүйлЗээлийн хорооны бүрэн эрх
41.1Зээлийн хороо дараах бүрэн эрхтэй:
41.1.1санхүүгийн хоршооны дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд зээл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, хянах, олгох эсэх асуудлыг шийдвэрлэх;
41.1.2зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих;
41.1.3шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулах болон бусад асуудлаар тэргүүлэгчдийн зөвлөлд санал хүргүүлэх;
41.1.4хууль болон санхүүгийн хоршооны дүрмээр тогтоосон бусад.
42 дугаар зүйлГүйцэтгэх захирал
42.1Гүйцэтгэх захирал санхүүгийн хоршооны дүрэм болон тэргүүлэгчдийн зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
42.2Гүйцэтгэх захиралд энэ хуулийн 33.3, 33.5-д заасан шаардлага нэгэн адил хамаарна.
42.3Хууль болон санхүүгийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх захирал өөр аж ахуйн нэгжид давхар ажиллаж болно.
42.4Санхүүгийн хоршооны гүйцэтгэх захирал бусад санхүүгийн хоршоонд давхар ажиллахыг хориглоно.
42.5Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлаар ажиллахыг хориглоно.
42.6Санхүүгийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх захирал тухайн санхүүгийн хоршооны гишүүн биш байж болно.
42.7Гүйцэтгэх захирал тэргүүлэгчдийн зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, тэргүүлэгчдийн зөвлөлд ажлаа тайлагнана.
42.8Гүйцэтгэх захиралтай тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гэрээ байгуулж, гэрээнд эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин, урамшуулал болон харилцан тохиролцсон бусад зүйлийг тусгана.
43 дугаар зүйлГүйцэтгэх захирлын бүрэн эрх
43.1Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхтэй:
43.1.1тэргүүлэгчдийн зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, санхүүгийн хоршооны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах;
43.1.2бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
43.1.3санхүүгийн хоршооны дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд зээл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, хянах, олгох эсэх асуудлыг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах;
43.1.4ажилтныг томилох, гэрээ байгуулах болон хэрэгжилтэд хяналт тавих, ажлаас чөлөөлөх, халах;
43.1.5сүүлийн улирлын санхүүгийн тайлангаар баталгаажсан нийт активын 10 хувиас доош хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах;
43.1.6энэ хуулийн 35.1.7-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд энэ талаар тэргүүлэгчдийн зөвлөл болон Хороонд нэн даруй мэдэгдэж, цаашид авах арга хэмжээний талаар санал гаргах;
43.1.7ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийн нууцлалыг хадгалах;
43.1.8хууль, санхүүгийн хоршооны дүрэм болон гэрээнд заасан бусад.
44 дугаар зүйлУрамшуулал, зардлыг нөхөн олгох
44.1Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүнд цалин олгохгүй бөгөөд урамшуулал, сонгуульт үүрэгтэй холбогдон гарсан зардлыг нөхөн олгож болно.
44.2Энэ хуулийн 44.1-д заасан урамшуулал, зардлын мэдээлэл ил тод байна. Урамшуулал болон зардлын мэдээллийг гишүүн бүрээр бүх гишүүдийн ээлжит хуралд танилцуулна.
45 дугаар зүйлТэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх үүрэг
45.1Бүх гишүүдийн хурал, эсхүл эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр хууль бус, санхүүгийн хоршоо болон гишүүдэд хохирол учруулж болзошгүй талаар тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан мэдсэн бол уг асуудлын талаар шийдвэр, хурлын тэмдэглэл болон бусад боломжит баримт бичигт тусгаж баримтжуулан ажлын таван өдрийн дотор томилсон этгээдэд болон Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
45.2Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан санхүүгийн хоршооны мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
46 дугаар зүйлТэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хүлээх хариуцлага
46.1Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан санхүүгийн хоршооны хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан, эсхүл түүний буруутай үйл ажиллагааны улмаас санхүүгийн хоршоонд хохирол учруулсан бол буруутай этгээд хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ.
46.2Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан санхүүгийн хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс олсон орлого, эд хөрөнгийг бусдын өмчлөлд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдвол тэр хэмжээгээр тухайн эд хөрөнгөөс төлбөр гаргуулна.
46.3Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан нь бүх гишүүдийн хурлын шийдвэр, тус бүрийн дээд шатны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр санхүүгийн хоршоо болон гишүүдэд хохирол учруулж болзошгүйг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан боловч уг шийдвэрийг хэрэгжүүлснээс үүссэн хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
46.4Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан хууль бус, санхүүгийн хоршоо болон гишүүдэд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн шийдвэрийг эс зөвшөөрсөн, тухайн шийдвэр гарахад оролцоогүй, эсхүл эсрэг санал өгсөн нь баримтаар нотлогдвол учирсан хохирлыг хариуцахгүй.
47 дугаар зүйлАшиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл
47.1Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан санхүүгийн хоршоонд эрхэлж буй албан тушаалаас хамааран үйлчилгээ авахад давуу байдал эдлэхгүй.
47.2Санхүүгийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан, гишүүн өөрт, эсхүл тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдэд ашигтай буюу илт давуу байдал тогтоох зорилгоор хийсэн, санхүүгийн хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй илэрвэл тухайн этгээд тэргүүлэгчдийн зөвлөлд бичгээр мэдэгдэж, уг асуудлаар шийдвэр гаргах, гэрээ, хэлцэл байгуулахаас татгалзах үүрэгтэй.
47.3Энэ хуулийн 47.2-т заасныг зөрчиж хийсэн ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр, гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
47.4Энэ хуулийн 47.2-т заасан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас санхүүгийн хоршоонд учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хариуцна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ГИШҮҮНИЙ ХУВЬ ХӨРӨНГӨ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН, АУДИТ, ТАТВАР
48 дугаар зүйлГишүүний оруулах хувь хөрөнгө, жилийн цэвэр орлогоос хувь хүртэх
48.1Санхүүгийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нийт гишүүний оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй байна.
48.2Санхүүгийн хоршооны тайлант жилийн цэвэр орлогоос нөөцийн санг бүрдүүлсний дараа гишүүнд ногдох хувийг хуваарилж болно.
48.3Ногдох хувь олгох эсэхийг жил бүр бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
48.4Тэргүүлэгчдийн зөвлөл хувь хөрөнгийн бүртгэлийг хөтөлж, хагас, бүтэн жилээр Хороонд ирүүлнэ.
49 дүгээр зүйлСанхүүгийн хоршооны идэвхгүй гишүүн
49.1Дараах үндэслэлээр идэвхгүй гишүүнд тооцно:
49.1.1гишүүн дараалсан 12 сарын хугацаанд санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд оролцоогүй;
49.1.2гишүүний хадгаламжийн гэрээний хугацаа дуусаж, хугацаагүй хадгаламжид шилжүүлснээс хойш 12 сарын хугацаа өнгөрсөн;
49.1.3хуримтлал үүсгэх үүргээ биелүүлээгүй.
49.2Тэргүүлэгчдийн зөвлөл идэвхгүй гишүүнээр тооцох тухай шийдвэр гаргахаас өмнө тухайн гишүүнд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
49.3Энэ хуулийн 49.2-т заасан мэдэгдлийг хүлээн авах боломжтой байсан, эсхүл хүлээн авсан боловч ажлын 10 өдрийн дотор хариу тайлбар ирүүлээгүй гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөл идэвхгүй гишүүнд тооцно.
49.4Идэвхгүй гишүүний оруулсан хувь хөрөнгө, хадгаламжийн үлдэгдэл, тухайн жилийн цэвэр орлогоос хүртэх ногдох хувь, хүүгийн төлбөр зэргийн мэдээллийг санхүүгийн тайлан, мэдээнд тусгана.
49.5Идэвхгүй гишүүнтэй хийх төлбөр тооцоог энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
49.6Энэ хуулийн 49.3-т заасны дагуу идэвхгүй гишүүнд тооцох тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш тухайн гишүүний хувь хөрөнгөд ногдох хувь хуваарилахгүй.
49.7Идэвхгүй гишүүнд тооцсоноос хойш 6 сарын дараа гишүүнийг хасах шийдвэр гаргана.
50 дугаар зүйлСанхүүгийн тайлан
50.1Санхүүгийн хоршоо санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө.
50.2Санхүүгийн тайлангийн үзүүлэлт, дансны жагсаалт, маягт нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хорооны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журам, зааварт нийцсэн байна.
50.3Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хороо хамтран санхүүгийн хоршооны активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах, нягтлан бодох бүртгэлийн журам батална.
50.4Санхүүгийн хоршоо нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11.1-д заасан хугацаагаар хадгална.
50.5Санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.
50.6Санхүүгийн хоршоо зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан, санхүүгийн тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
50.7Санхүүгийн тайлан дахь үзүүлэлт, тоон мэдээлэл буруу, алдаатай, холбогдох журмыг зөрчсөн эсэхэд Хороо хяналт тавьж зөрчлийг арилгах, залруулга хийхийг санхүүгийн хоршооноос шаардаж, биелэлтэд хяналт тавина.
50.8Хороо санхүүгийн хоршооны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт баримтыг шаардах эрхтэй.
51 дүгээр зүйлСанхүүгийн тайланг баталгаажуулах
51.1Санхүүгийн хоршооны санхүүгийн тайланг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Хорооны хүлээн зөвшөөрсөн олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулна.
51.2Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараах баримт бичгийн хамт дараа оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ:
51.2.1аудитын дүгнэлт;
51.2.2санхүүгийн жилийн үйл ажиллагааны тайлан, холбогдох тодруулга, тайлбар;
51.2.3холбогдох бусад баримт бичиг.
51.3Энэ хуулийн 51.2-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд санхүүгийн тайланг ирүүлээгүйд тооцно.
51.4Аудитын байгууллага санхүүгийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлд  баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт бичгийн талаарх дүгнэлтийг танилцуулна.
51.5Аудитын байгууллага дараах дүгнэлт гаргавал Хороонд ажлын 3 өдрийн дотор холбогдох мэдээллийг хүргүүлнэ:
51.5.1төлбөрийн чадваргүй буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй;
51.5.2санхүүгийн хоршооны ажилтан санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.
51.6Санхүүгийн хоршооны санхүүгийн тайланг тусгай зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн хугацаанд энэ хуулийн 51.1-д заасан аудитын байгууллагаар баталгаажуулахгүй байж болох бөгөөд энэ тохиолдолд санхүүгийн тайланг хяналтын зөвлөл хянана. Хянасан санхүүгийн тайланг холбогдох баримт бичгийн хамт энэ хуулийн 51.2-т заасан хугацаанд Хороонд ирүүлнэ.
52 дугаар зүйлТатвар
52.1Санхүүгийн хоршоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.
НАЙМДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООДЫН НЭГДСЭН ТӨВ
53 дугаар зүйлСанхүүгийн хоршоодын нэгдсэн төв
53.1Монгол Улс санхүүгийн хоршоодын нэгдсэн нэг төвтэй, “Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв” оноосон нэртэй байна.
53.2Санхүүгийн хоршоо Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвд гишүүн болох үүрэгтэй.
53.3Хороо нийт санхүүгийн хоршоодын 50-аас дээш хувийг гишүүнээр элсүүлж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн санхүүгийн хоршоог Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвөөр бүртгэнэ.
53.4Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн дүрэм үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг байна.
53.5Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх алба гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байна. Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд бүсийн төлөөллийг тэнцвэртэй оруулна. Бүх гишүүдийн хурлаас зөвшөөрсөн тохиолдолд салбар, хороо байгуулж болно.
53.6Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн дүрэм, бүтэц, үйл ажиллагааны журам, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хороо батламжилж, үйл ажиллагаанд хяналт тавина. Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн бүтэц, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүнд тавих шаардлага санхүүгийн хоршоотой ижил байна.
53.7Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, хөрөнгийг Хорооноос жилд нэгээс доошгүй удаа шалгана.
54 дүгээр зүйлСанхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн чиг үүрэг
54.1Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
54.1.1санхүүгийн хоршооны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг үнэлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, таслан зогсоох, хохирлыг багасгах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд зөрчлийн талаарх мэдээллийг Хороонд хүргүүлэх;
54.1.2санхүүгийн хоршооны хүний нөөцийг бэлтгэх асуудлаар нэгдсэн бодлого боловсруулах, сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
54.1.3санхүүгийн хоршоонд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх;
54.1.4санхүүгийн хоршооны салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх;
54.1.5санхүүгийн хоршоонд тогтворжуулалтын туслалцаа үзүүлэх;
54.1.6Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн хөрөнгийг Хорооноос тогтоосон шаардлагад нийцүүлэн удирдах;
54.1.7санхүүгийн хоршооны үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт оролцох, хэрэгжүүлэх;
54.1.8санхүүгийн хоршооны салбарын хэмжээнд мэдээлэл технологийн нэгдсэн дэд бүтэц бий болгох, аюулгүй байдлыг хангах;
54.1.9санхүүгийн хүндрэлээс гаргах урьдчилсан төлөвлөгөө амжилтгүй болсон санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
54.1.10дүрэмд заасан бусад.
54.2Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв нь үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх дараах сантай байна:
54.2.1санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий мэдээллийн нэгдсэн сан;
54.2.2тогтворжуулалтын сан.
54.3Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
54.3.1санхүүгийн хоршооны оруулах хувь хөрөнгө;
54.3.2хандив, тусламж;
54.3.3зээл;
54.3.4төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор олгосон санхүүжилт;
54.3.5санхүүгийн хоршооны байршуулсан хадгаламж;
54.3.6тогтворжуулалтын сангийн хөрөнгө;
54.3.7хуулиар зөвшөөрсөн, дүрэмд заасан бусад эх үүсвэр.
55 дугаар зүйлТогтворжуулалтын сан
55.1Тогтворжуулалтын сангаас санхүүгийн хоршоонд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Тогтворжуулалтын сангийн туслалцаа зээл хэлбэртэй байна.
55.2Тогтворжуулалтын сан дараах хөрөнгөөс бүрдэнэ:
55.2.1санхүүгийн хоршооноос төвлөрүүлэх хураамж;
55.2.2тогтворжуулалтын сангийн сул хөрөнгийг удирдаж, хөрөнгө оруулалтаас бий болсон орлого;
55.2.3тогтворжуулалтын сангаас туслалцаа үзүүлж, санхүүгийн хоршоонд олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн орлого, өр төлбөрт авсан хөрөнгө;
55.2.4хандив, тусламж;
55.2.5дүрэмд заасан бусад.
55.3Тогтворжуулалтын санд санхүүгийн хоршооноос төвлөрүүлэх хураамжийн хувь хэмжээ, төлөх хугацаа, сангийн данс байршуулах, санхүүжилт төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам, сангийн хөрөнгийн доод хэмжээг Хороо тогтооно. Санхүүгийн хоршооноос тогтворжуулалтын санд төлсөн хураамжийг буцаан олгохгүй.
55.4Тогтворжуулалтын сангийн хөрөнгө энэ хуулийн 55.3-т заасан доод хэмжээнд хүрээгүй бол санхүүгийн хоршоонд санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хориглоно.
55.5Тогтворжуулалтын сангийн үйл ажиллагаа, тайланд Хороо хяналт тавина. Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв тогтворжуулалтын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Хороонд хүргүүлнэ.
56 дугаар зүйлТогтворжуулалтын сангаас санхүүгийн туслалцаа үзүүлэх
56.1Санхүүгийн хоршоодын нэгдсэн төв санхүүгийн туслалцаа хүссэн санхүүгийн хоршооны хүсэлтийг хүлээн авч дараах хяналтыг хэрэгжүүлнэ:
56.1.1санхүүгийн хоршооны эрсдэлийн түвшин, төлбөрийн чадварыг үнэлж, тодорхойлох;
56.1.2санхүүгийн хоршооны зээл, хадгаламжийн багц болон удирдлага, үйл ажиллагааг үнэлж, дүгнэлт өгөх.
56.2Тогтворжуулалтын сан дараах нөхцөл бүрдсэн санхүүгийн хоршоонд санхүүгийн туслалцаа үзүүлнэ:
56.2.1санхүүгийн хоршоо санхүүгийн хүндрэлд орсон;
56.2.2санхүүгийн хоршоог санхүүгийн хүндрэлээс гаргах урьдчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой;
56.2.3шимтгэлээ бүрэн төлсөн.
56.3Тогтворжуулалтын сан дараах тохиолдолд санхүүгийн хоршоонд санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзана:
56.3.1санхүүгийн туслалцаа үзүүлсэн ч санхүүгийн хоршооны санхүү, төлбөрийн чадвар сэргэх боломжгүй гэж дүгнэсэн;
56.3.2шимтгэлээ бүрэн төлөөгүй.
56.4Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвөөс санхүүгийн хоршоонд үзүүлэх нэг удаагийн санхүүгийн туслалцаа хоёр жил хүртэл хугацаатай байна.
56.5Тогтворжуулалтын сан санхүүгийн хоршоог санхүүгийн хүндрэлээс гаргах төлөвлөгөөний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулж ажиллана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХАДГАЛАМЖ ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО
57 дугаар зүйлХадгаламжийн даатгал
57.1Санхүүгийн хоршооны хадгаламж эзэмшигч гишүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд санхүүгийн хоршоо хадгаламж эзэмшигч гишүүний мөнгөн хадгаламжийг даатгуулна.
57.2Хороо тусгай зөвшөөрөл олгосон санхүүгийн хоршооны мэдээллийг тухай бүр Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлнэ.
57.3Даатгалын нөхөн төлбөрийг олгож дууссан тохиолдолд санхүүгийн хоршооны хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбогдох харилцаа дуусгавар болно.
58 дугаар зүйлДаатгалын тохиолдол
58.1Xорооноос санхүүгийн хоршоог санхүүгийн ноцтой хүндрэлд орсон, хадгаламж буцаан төлөх чадваргүй болсон гэж үзэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гарсныг даатгалын тохиолдол гэж үзнэ.
58.2Энэ хуулийн 58.1-д заасан шийдвэр гарсан өдрийг даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцно.
58.3Санхүүгийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох Хорооны шийдвэр гарсан, эсхүл хүндрэлд орсон санхүүгийн хоршоонд тогтворжуулалтын үйлчилгээг үзүүлэх боломжгүй тухай мэдэгдэл авсан даруйд Хороо энэ талаар Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.
58.4Даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигч гишүүдэд Хадгаламжийн даатгалын корпорациас хууль тогтоомжоор тогтоосон нөхөн төлбөр шаардах эрх үүснэ.
59 дүгээр зүйлДаатгалд үл хамаарах нөхцөл
59.1Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:
59.1.1даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд санхүүгийн хоршооны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;
59.1.2Хорооны шалгалтын тайлангаар санхүүгийн хоршооны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, санхүүгийн хоршооны үйлчилгээ авахдаа давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч гишүүн:
59.1.2а.гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигч гишүүдээс онцгой нөхцөлтэй, илт бага хүүтэй зээл авсан;
59.1.2б.даатгалын тохиолдол бий болох үед Хорооны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан.
59.2Даатгалын тохиолдол бий болоход энэ хуулийн 59.1-д заасан гишүүдэд даатгалын нөхөн төлбөр төлөхгүй.
59.3Даатгалын тохиолдол бий болоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу битүүмжилсэн болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 12.1-д заасны дагуу гүйлгээг түдгэлзүүлсэн дансны хадгаламж эзэмшигчид зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
60 дугаар зүйлДаатгалын нөхөн төлбөрийн хэмжээ
60.1Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци санхүүгийн хоршооны хадгаламж эзэмшигчийн 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.
61 дүгээр зүйлДаатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
61.1Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч гишүүн бүрийн санхүүгийн хоршоонд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигч гишүүнээс санхүүгийн хоршоонд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хасаж тодорхойлно.
61.2Хадгаламж эзэмшигч гишүүн даатгалын тохиолдол бий болсон санхүүгийн хоршоонд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд тооцож нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно.
61.3Хамтарсан данс эзэмшигч гишүүдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ энэ хуулийн 60.1-д заасан хэмжээнээс илүүгүй байна.
61.4Хамтарсан данс дахь эзэмшлийн хувь тэнцүү биш гэдгийг баримтаар нотолсноос бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигч гишүүдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
61.5Насанд хүрээгүй хамтарсан данс эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй.
62 дугаар зүйлХадгаламжийн даатгалын сан, түүний эх үүсвэр
62.1Хадгаламжийн даатгалын сангийн удирдлагыг Хадгаламжийн даатгалын корпораци хэрэгжүүлнэ.
62.2Хадгаламжийн даатгалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
62.2.1улсын төсвөөс хадгаламжийн даатгалын санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;
62.2.2санхүүгийн хоршооны төлсөн хадгаламжийн даатгалын хураамж;
62.2.3хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого;
62.2.4даатгалын тохиолдол бий болсон санхүүгийн хоршооны актив хөрөнгийг борлуулсны орлого;
62.2.5Засгийн газраас олгосон зээл, тусламж болон бусад санхүүжилт;
62.2.6банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл;
62.2.7хуульд заасан бусад эх үүсвэр.
63 дугаар зүйлХадгаламжийн даатгалын сангийн актив хөрөнгийн зарцуулалт
63.1Хадгаламжийн даатгалын сангийн актив хөрөнгийг дор дурдсанаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно:
63.1.1хадгаламж эзэмшигч гишүүдэд даатгалын нөхөн төлбөр төлөх;
63.1.2Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх;
63.1.3Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөх;
63.1.4хадгаламжийн даатгалын санд төвлөрсөн хураамжийг үр ашигтай удирдах, нэмэгдүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалт хийх.
64 дүгээр зүйлХадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө оруулалт
64.1Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламжийн даатгалын сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно:
64.1.1Засгийн газраас гаргасан болон батлан даасан үнэт цаас;
64.1.2Монголбанкны үнэт цаас;
64.1.3зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас A-аас доошгүй үнэлгээ авсан гадаад улсын Засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас;
64.1.4олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Төв банкинд нээсэн хадгаламж;
64.1.5хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
64.1.6Хорооноос тогтоосон бусад.
64.2Хадгаламжийн даатгалын корпорацийн хөрөнгө оруулалтын журам, заавар болон хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.
65 дугаар зүйлХадгаламжийн даатгалын хураамж, түүнийг төлөх
65.1Санхүүгийн хоршоо хадгаламжийн даатгалын хураамжийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан журмын дагуу Хадгаламжийн даатгалын корпорацид төлнө.
65.2Энэ хуулийн 65.1-д заасан хураамж улирлын хураамж, онцгой хураамжаас бүрдэнэ.
65.3Улирлын хураамж өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 66.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.
65.4Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны дотор дараа жилийн улирлын хураамжийн хувийг 0.125 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтооно.
65.5Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө санхүүгийн хоршоодын нийт хадгаламжийн дүнгийн 10 хувьд хүрвэл Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо улирлын хураамжийг тооцох болон хуримтлуулахыг түр зогсоож болно.
65.6Даатгалын нөхөн төлбөрийг төлөхөд хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд онцгой хураамжийг төлөх шийдвэрийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо гаргаж болно.
65.7Онцгой хураамжийн хувийг нийт хадгаламжаас жилийн 0.5 хувиас хэтрэхгүй байхаар тооцно.
65.8Онцгой хураамжийг өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн хадгаламжийн дундаж дүнг онцгой хураамжийн хувиар үржүүлэн тооцно.
65.9Санхүүгийн хоршоо хураамжийн төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци Хороонд энэ тухай мэдэгдэнэ.
65.10Санхүүгийн хоршооны даатгалын хураамж төлөх үүрэг даатгалын тохиолдол бий болсон улирлын эцсийн өдрөөр дуусгавар болно.
65.11Энэ хуулийн 65.1-д заасны дагуу санхүүгийн хоршооноос төлсөн хураамжийг буцааж олгохгүй.
66 дугаар зүйлУлирлын хураамжийн хувь
66.1Хадгаламжийн даатгалын корпораци улирлын хураамжийн хувийг тухайн санхүүгийн хоршооны эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтоосон аргачлалын дагуу тооцно.
66.2Хадгаламжийн даатгалын корпораци санхүүгийн хоршооны эрсдэлийн түвшинг үнэлэхдээ Хорооны мэдээлэлд үндэслэнэ.
66.3Хороо энэ хуулийн 66.2-т заасан мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацид гаргаж өгөх бөгөөд Хадгаламжийн даатгалын корпораци мэдээллийн нууцлалыг хадгална.
66.4Энэ хуулийн 66.1-д заасан аргачлалыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах бөгөөд санхүүгийн хоршооны эрсдэлийн түвшинг тооцохдоо Хорооны санхүүгийн хоршоонд хийсэн хяналт шалгалтын үнэлгээ, хадгаламжийн хүүг харгалзан үзэж болно.
67 дугаар зүйлХадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох
67.1Хорооноос даатгалын тохиолдол бий болсон тухай мэдэгдлийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлснээс хойш ажлын таван өдөрт багтаан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо хадгаламж эзэмшигч гишүүнд даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргана.
67.2Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хуулийн 67.1-д заасан шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор мэдээлж, мэдээллийн хувийг Хороонд хүргүүлнэ.
67.3Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш даатгалын нөхөн төлбөрийг энэ хуулийн 68.1-д заасан банкаар дамжуулан ажлын 10 өдрийн дотор олгож эхэлнэ.
67.4Даатгалын нөхөн төлбөр олгох журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.
67.5Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олголтын явцын талаар хадгаламж эзэмшигч гишүүдэд мэдээлэх үүрэгтэй.
67.6Энэ хуулийн 67.5-д заасан мэдээллийн агуулга, түүнийг түгээх журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.
68 дугаар зүйлДаатгалын нөхөн төлбөр олгох банк
68.1Даатгалын нөхөн төлбөрийг банкаар дамжуулан олгоно.
68.2Энэ хуулийн 68.1-д заасан даатгалын нөхөн төлбөр олгох банкийг даатгалын тохиолдол бий болсон тухай бүр Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо Монголбанктай зөвшилцөн сонгон шалгаруулна.
68.3Даатгалын нөхөн төлбөр олгох банкинд тавих шаардлага, сонгон шалгаруулах журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.
68.4Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 68.1-д заасан банктай гэрээ байгуулна.
69 дүгээр зүйлХадгаламж эзэмшигч гишүүний эрх
69.1Хадгаламж эзэмшигч гишүүн даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй.
69.2Хадгаламжийн гэрээг гуравдагч этгээдийг төлөөлөн байгуулсан бол даатгалын нөхөн төлбөр авах эрхийг уг гуравдагч этгээд эдэлнэ.
69.3Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авахад өвлөгч өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд даатгалын нөхөн төлбөр авна.
69.4Хадгаламж эзэмшигч гишүүний даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ хуулийн 58.4-т заасан шаардах эрх үүссэнээс хойш гурван жил байна.
70 дугаар зүйлШаардах эрх
70.1Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламж эзэмшигч гишүүнд даатгалын нөхөн төлбөр олгосон хэмжээгээр хадгаламж эзэмшигч гишүүний шаардах эрх Хадгаламжийн даатгалын корпорацид шилжинэ.
70.2Хадгаламжийн даатгалын корпораци энэ хуулийн 60.1-д заасны дагуу олгосон даатгалын нөхөн төлбөрийг тухайн санхүүгийн хоршооны хөрөнгө, буруутай этгээдээс хуульд заасны дагуу нэхэмжилнэ.
70.3Хадгаламж эзэмшигч гишүүний Хадгаламжийн даатгалын корпорациас шаардах эрх энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан хадгаламж болон хадгаламж эзэмшигч, 61 дүгээр зүйлд заасан нөхөн төлөх хэмжээнээс илүү гарсан хадгаламжид хамаарахгүй.
71 дүгээр зүйлХадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа
71.1Хадгаламжийн даатгалын корпораци дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
71.1.1даатгалын хураамжийг төвлөрүүлэх;
71.1.2даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигч гишүүдэд даатгалын нөхөн төлбөр төлөх;
71.1.3Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу удирдах;
71.1.4Хадгаламжийн даатгалын сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор санхүүгийн хоршооны эрсдэлийг үнэлж, хянах.
72 дугаар зүйлХадгаламжийн даатгалын корпорацийн бүрэн эрх
72.1Хадгаламжийн даатгалын корпораци дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
72.1.1хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламжийн болон хадгаламж эзэмшигч гишүүдийн талаарх сар, улирлын тайлан, бусад мэдээллийг санхүүгийн хоршооноос авах;
72.1.2санхүүгийн хоршооны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт, санхүүгийн үзүүлэлт, бусад мэдээллийг санхүүгийн хоршооноос авах;
72.1.3хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой, эсхүл даатгалын тохиолдлын магадлалыг үнэлэхэд шаардлагатай гэж үзвэл санхүүгийн хоршоонд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Хороонд хүргүүлэх;
72.1.4хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол Монголбанк, Засгийн газраас зээл, санхүүгийн дэмжлэг авч болно;
72.1.5санхүүгийн хоршооны хадгаламжийн даатгалд хамаарах асуудлаар журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
72.1.6санхүүгийн хоршоонд хяналт шалгалт хийх;
72.1.7энэ хуульд заасан мэдээллийг солилцоход шаардагдах програм хангамжийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг тогтмол шалгах.
73 дугаар зүйлХадгаламжийн даатгалын корпорацийн хяналт
73.1Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 251.1-д заасан Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч дараах бүрэн эрхтэй:
73.1.1энэ хуулийн 73.1-д заасан тайлан, мэдээ, мэдээллийг санхүүгийн хоршооноос гаргуулан авах;
73.1.2хадгаламжийн даатгалын хураамж төлөлтөд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;
73.1.3даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагаанд хяналт тавих;
73.1.4хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах.
74 дүгээр зүйлДотоод мэдээллийн нууцыг хадгалах
74.1Хуульд зааснаас бусад тохиолдолд Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн ажилтан, хянан шалгагч болон Хадгаламжийн даатгалын корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, санхүүгийн хоршоо, түүний гишүүн болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээ, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
74.2Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн ажилтан болон Хадгаламжийн даатгалын корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээдийн энэ хуулийн 74.1-д заасны дагуу хүлээсэн үүрэг тэдгээрийн Хадгаламжийн даатгалын корпорацитай холбогдсон үүрэгт ажил дуусгавар болсноос хойш хүчин төгөлдөр байна.
75 дугаар зүйлТайлан, мэдээ, мэдээллээр хангах талаарх санхүүгийн хоршооны үүрэг
75.1Хадгаламжийн даатгалын корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг санхүүгийн хоршоо тогтоосон хэлбэр, хугацаанд Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлнэ.
75.2Хадгаламжийн даатгалын корпорацийн хүсэлтээр санхүүгийн хоршоо Хадгаламжийн даатгалын корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.
75.3Санхүүгийн хоршооны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмыг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.
75.4Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлсэн санхүүгийн тайлан, мэдээ, мэдээллийн үнэн зөвийг санхүүгийн хоршоо хариуцна.
75.5Санхүүгийн хоршоо хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний талаарх мэдээллээр Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны баталсан журмын дагуу хадгаламж эзэмшигч гишүүнийг хангах үүрэгтэй.
75.6Энэ хуулийн 75.5-д заасан мэдээллийг санхүүгийн хоршоо зар сурталчилгааны зорилгоор болон санхүүгийн хоршооны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигч гишүүдийн итгэлд сөргөөр нөлөөлөх байдлаар ашиглахыг хориглоно.
АРАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ
76 дугаар зүйлСанхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах
76.1Санхүүгийн хоршоог нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болно.
76.2Санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах шийдвэрийг бүх гишүүдийн хурлаар, бүх гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
76.3Энэ хуулийн 76.2-т заасны дагуу өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд дор дурдсан баримт бичгийг ажлын таван өдрийн дотор Хороонд ирүүлнэ:
76.3.1өргөдөл;
76.3.2өөрчлөн байгуулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр;
76.3.3өөрчлөн байгуулах болсон үндэслэл, шаардлага, өөрчлөн байгуулах хэлбэр, нөхцөл, өөрчлөн байгуулахад авах арга хэмжээний төлөвлөгөө, хугацаа, үе шат, өөрчлөн байгуулагдаж татан буулгасан санхүүгийн хоршооны гишүүдэд ногдох хөрөнгийн тооцоо, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл;
76.3.4өөрчлөн байгуулагдсанаас үүсэх санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулагдсаны дараах санхүүгийн хоршооны эхлэлтийн тайлан тэнцэл, шаардлагатай бусад мэдээлэл.
76.4Хороо энэ хуулийн 76.3-т заасан холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор тухайн санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах асуудлыг хууль, дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлэнэ.
76.5Хороо энэ хуулийн 76.4-т заасны дагуу дэмжсэн шийдвэр гаргасан тохиолдолд санхүүгийн хоршоо өөрчлөн байгуулах ажиллагааг эхлүүлнэ.
76.6Хороо шаардлагатай гэж үзвэл санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах ажиллагааны явцад хяналт хэрэгжүүлж, арга зүйн зөвлөгөө өгч болно.
76.7Санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, эсхүл тухайн санхүүгийн хоршооны гишүүд, авлагатай иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Хороо шийдвэрлэхээс татгалзана.
76.8Хороо энэ хуулийн 76.7-д заасан үндэслэлээр зөвшөөрөхөөс татгалзсан бол санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчингүй болсонд тооцогдоно.
77 дугаар зүйлСанхүүгийн хоршоог татан буулгах
77.1Санхүүгийн хоршоог татан буулгаж болно.
77.2Татан буулгах тухай шийдвэр гаргахад гишүүдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа санхүүгийн хоршоонд үлдэх эд хөрөнгийг гишүүдэд хуваарилах журам, татан буулгах төлөвлөгөө, татан буулгах хугацааг бүх гишүүдийн хуралд танилцуулж, бүх гишүүдийн  олонхийн саналаар шийдвэрлэнэ.
77.3Татан буулгахтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хууль тогтоомжоор зохицуулна.
77.4Энэ хуулийн 77.2-т заасны дагуу татан буулгахаар шийдвэрлэсэн тохиолдолд дор дурдсан баримт бичгийг Хороонд ирүүлнэ:
77.4.1өргөдөл;
77.4.2татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр;
77.4.3татан буулгах комисс томилсон тухай шийдвэр;
77.4.4санхүүгийн хоршооны мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн дансны хуулга, хадгаламж эзэмшигч гишүүдийн бүртгэл, хувь хөрөнгийн жагсаалт, зээлдэгч гишүүдийн бүртгэл, бусад өр төлбөрийн бүртгэлтэй холбоотой баримт бичиг, орлого болон хөрөнгө хуваарилах, өр төлбөрийг барагдуулах төлөвлөгөө, түүнтэй холбоотой баримт бичиг;
77.4.5аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан.
77.5Хороо энэ хуулийн 77.4-т заасан холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор тухайн санхүүгийн хоршоог татан буулгах асуудлыг хянаж, шийдвэрлэнэ.
77.6Санхүүгийн хоршоог татан буулгахад гишүүдийн эрх ашиг, мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн тохиолдолд татан буулгах шийдвэрийг зөвшөөрнө.
77.7Санхүүгийн хоршоог татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, эсхүл тухайн санхүүгийн хоршооны гишүүд, авлагатай иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Хороо шийдвэрлэхээс татгалзана.
77.8Хороо энэ хуулийн 77.6-д заасны дагуу дэмжсэн шийдвэр гаргасан тохиолдолд татан буулгах ажиллагаа эхэлж, татан буулгах комисс ажиллана. Татан буулгах комисс харьяа татварын байгууллагад мэдэгдэж, хуулийн этгээдийн бүртгэлийг улсын бүртгэлээс хасуулна.
77.9Хороо энэ хуулийн 77.7-д заасан шийдвэр гаргасан бол санхүүгийн хоршоог татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчингүй болсонд тооцогдоно.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
78 дугаар зүйлСанхүүгийн хоршооны үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт
78.1Санхүүгийн хоршоо хууль тогтоомж, Хорооноос баталсан дүрэм, журмыг биелүүлж байгаа эсэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхэд Хороо хяналт шалгалт хийнэ.
78.2Санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд зайны хяналт, газар дээрх шалгалт хийх зааврыг Хороо батална.
78.3Санхүүгийн хоршоо, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтан, холбогдох этгээд  санхүүгийн тайлан, анхан шатны баримт, бүртгэл, тэдгээрийг нотлох баримт, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, үйл ажиллагаанд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, програм хангамж, тэдгээрийн байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хорооны хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангана.
78.4Хороо, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээлэл байхгүй бол санхүүгийн хоршоо, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтан, холбогдох этгээд энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
78.5Санхүүгийн хоршоо хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Хороо энэ хуулийн 12.2-т заасан бүрэн эрхээс аль тохирохыг хэрэгжүүлнэ.
79 дүгээр зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
79.1Хороо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
79.1.1энэ хуулийн 9.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан;
79.1.2хууль тогтоомж, дүрэм, журамд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл хангахгүй болсон;
79.1.3хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулахаар Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелэлтийг хангалтгүй гэж үзсэн;
79.1.4зайны болон газар дээрх хяналт шалгалтын дүгнэлтээр эрсдэлийн түвшин өндөр үнэлгээ авсан;
79.1.5хяналт шалгалтад саад учруулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийсэн;
79.1.6ирүүлбэл зохих санхүүгийн тайлан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан мэдээг тогтоосон хугацаанд Хороонд ирүүлээгүй, эсхүл алдаатай, зөрүүтэй, худал, хуурамч, дутуу, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн;
79.1.7зохицуулалтын үйлчилгээний хөлс, тогтворжуулалтын сангийн хураамж, хадгаламжийн даатгалын сангийн хураамж төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;
79.1.8Санхүүгийн хоршоодын нэгдсэн төвд гишүүнээр элсэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гишүүний үүргээ биелүүлээгүй;
79.1.9тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын хугацаанд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлээгүй;
79.1.10хууль тогтоомжид заасан бусад.
79.2Санхүүгийн хоршоо зөрчил дутагдлыг арилгаж, хэвийн үйл ажиллагааг хангасан гэж үзвэл түдгэлзүүлсэн хугацааны дотор сэргээх хүсэлтийг Хороонд гаргана.
79.3Энэ хуулийн 79.1-д заасан үндэслэл, шаардлага арилсан тохиолдолд санхүүгийн хоршооны хүсэлтийг үндэслэн Хороо тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
80 дугаар зүйлТусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
80.1Хороо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
80.1.1хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн хоршоо төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн нь хяналт шалгалтаар дараах байдлаар тогтоогдсон:
80.1.1а.санхүүгийн хоршоо хадгаламж эзэмшигч гишүүн, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гаргаж өгөх боломжгүй болсон;
80.1.1б.зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
80.1.2санхүүгийн хоршоо Хорооноос өгсөн үүрэг даалгавар, арга хэмжээг хэрэгжүүлээгүй, шаардлагыг биелүүлээгүй нь санхүүгийн хоршооны үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг алдагдуулахад хүргэх ноцтой нөхцөл байдал үүсгэсэн.
80.2Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор санхүүгийн хоршоонд олгосон бусад зөвшөөрөл хүчингүй болно.
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
81 дүгээр зүйлУрьдчилан сэргийлэх арга хэмжээ
81.1Санхүүгийн хоршоо энэ хууль, Хорооноос тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Хорооноос дараах арга хэмжээг авна:
81.1.1зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх;
81.1.2санхүүгийн хоршооны хууль бус, эсхүл гишүүдийн эрх ашигт илт сөргөөр нөлөөлөх шийдвэрийг цуцлах, холбогдох залруулга хийхийг шаардах;
81.1.3үйл ажиллагааг сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах;
81.1.4санхүүгийн хоршооны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох;
81.1.5санхүүгийн хоршооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулах арга хэмжээ авахыг даалгах;
81.1.6тодорхой үйл ажиллагаа явуулах, хэлцэл гүйлгээ хийхэд Хорооноос урьдчилан зөвшөөрөл авахаар тогтоох;
81.1.7хөрөнгө худалдан авах, салбар байгуулахыг хориглох;
81.1.8үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
81.1.9хөрөнгө худалдах, салбарыг татан буулгахыг шаардах;
81.1.10санхүүгийн хоршооны гүйцэтгэх захирлыг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд хүргүүлэх;
81.1.11тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, чөлөөлөх саналыг бүх гишүүдийн хуралд хүргүүлэх;
81.1.12нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах;
81.1.13Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.
81.2Хороо энэ зүйлд заасан арга хэмжээг авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээ авах зарчмыг баримтална.
81.3Энэ зүйлд заасан арга хэмжээг авсан нь энэ хууль, бусад хууль тогтоомжоор Хорооноос арга хэмжээ авах, хариуцлага ногдуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
81.4Хороо энэ зүйлд заасны дагуу санхүүгийн хоршоонд авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.
82 дгаар зүйлСанхүүгийн хоршооны нөхцөлт удирдлага
82.1Энэ хуулийн 81 дүгээр зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд санхүүгийн хоршоо тогтворжуулалтын сангаас дэмжлэг авч болно.
82.2Энэ хуулийн 81 дүгээр зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ санхүүгийн хоршооны үйл ажиллагааг сайжруулахад хангалтгүй гэж Хороо үзсэн, эсхүл хяналт шалгалтаар санхүүгийн хоршооны төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн санхүүгийн хоршооны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай холбогдуулан нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг нэг жил хүртэл хугацаагаар томилж болно.
82.3Санхүүгийн хоршооны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг тухайн санхүүгийн хоршоо хариуцна.
83 дугаар зүйлСанхүүгийн хоршооны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх шийдвэр
83.1Санхүүгийн хоршооны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх тухай Хорооны шийдвэрт дараах зүйлийг тусгана:
83.1.1санхүүгийн хоршооны нэр, оршин байгаа газрын хаяг;
83.1.2санхүүгийн хоршооны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх болсон үндэслэл;
83.1.3санхүүгийн хоршооны нөхцөлт удирдлага хэрэгжүүлж эхлэх болон үргэлжлэх хугацаа;
83.1.4санхүүгийн хоршооны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтын жагсаалт;
83.1.5бүрэн эрхт төлөөлөгчийн овог, нэр.
83.2Хороо санхүүгийн хоршоонд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авсан тухай шийдвэрийг нийтэд мэдээлж болно.
84 дүгээр зүйлБүрэн эрхт төлөөлөгч томилох
84.1Хороо өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг санхүүгийн хоршооны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж болно.
84.2Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг Хороо батална.
84.3Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Хороо тогтооно.
84.4Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан Хорооны дүрэм, журам, удирдамжийг баримтална.
84.5Хороо бүрэн эрхт төлөөлөгчийг өөрчлөх эрхтэй.
85 дугаар зүйлСанхүүгийн хоршооны нөхцөлт удирдлагын үед авах арга хэмжээ, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүрэг
85.1Хороо санхүүгийн хоршооны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
85.1.1тухайн санхүүгийн хоршооны удирдлагын эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх;
85.1.2санхүүгийн хоршооны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж баталгаажуулах, сайжруулах арга хэмжээ авах.
85.2Бүрэн эрхт төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй:
85.2.1тухайн санхүүгийн хоршооны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах;
85.2.2шаардлагатай гэж үзвэл санхүүгийн хоршооны нөхцөлт удирдлага тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүрэн, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэх;
85.2.3тухайн санхүүгийн хоршооноос гишүүнтэй хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь санхүүгийн хоршооны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, санхүүгийн хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах, дуусгавар болгох;
85.2.4санхүүгийн хоршооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;
85.2.5санхүүгийн хоршооны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах;
85.2.6санхүүгийн хоршооноос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөлт оруулах, шаардлагатай ажилтныг түр хугацаагаар авч ажиллуулах;
85.2.7санхүүгийн хоршооны өөрийн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх.
85.3Нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн санхүүгийн хоршооны гүйцэтгэх захирал ажлын тайлан, орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу бүрэн эрхт төлөөлөгчид гаргаж өгнө.
85.4Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн санхүүгийн хоршооны нэрийн өмнөөс болон тухайн санхүүгийн хоршооны зардлаар хийх аливаа ажил үйлчилгээтэй холбогдох гэрээ, гүйлгээ зэрэг нь хүчин төгөлдөр бус байна.
85.5Санхүүгийн хоршооны хэвийн үйл ажиллагаа хангагдсан нөхцөлд Хороо нөхцөлт удирдлагыг цуцалж, тухайн санхүүгийн хоршоонд тогтоосон хязгаарлалтыг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.
85.6Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд санхүүгийн хоршооны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
85.7Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн санхүүгийн хоршоо, түүний гишүүн болон сонгуульт гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, ажилтан бусад албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
86 дугаар зүйлӨөрчлөн байгуулах арга хэмжээ авах эрх, зарчим
86.1Хороо дараах нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон санхүүгийн хоршоог нэгтгэх замаар өөрчлөн байгуулах шийдвэр гаргаж болно:
86.1.1санхүүгийн хоршоо хадгаламж эзэмшигч, гишүүн, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон;
86.1.2зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон;
86.1.3санхүүгийн хоршооны пассив активаасаа хэтэрсэн, эсхүл хэтрэх нь хяналт шалгалтаар тогтоогдсон;
86.1.4өөрчлөн байгуулах арга хэмжээ авах нь нийтийн буюу гишүүдийн ашиг сонирхлыг хангахад зайлшгүй шаардлагатай.
86.2Хороо санхүүгийн хоршоог нэгтгэх шийдвэрийг гаргаж, энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шуурхай, үр нөлөөтэй байх, гарах зардлыг багасгах, хадгаламж эзэмшигч, гишүүдийн эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтална.
87 дугаар зүйлСанхүүгийн хоршоог албадан татан буулгах
87.1Хороо дараах тохиолдолд санхүүгийн хоршоог албадан татан буулгах шийдвэр гаргаж, татан буулгах комисс томилж болно:
87.1.1энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
87.1.2санхүүгийн хоршоог өөрчлөн байгуулах боломжгүй буюу хүлээн авах тохиромжтой санхүүгийн хоршоо байхгүй.
87.2Хороо энэ хуулийн 87.1-д заасан шийдвэр гаргахад санхүүгийн хоршооны бүх гишүүдийн хурлыг хуралдуулахгүй бөгөөд үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй.
87.3Хорооноос бусад этгээд санхүүгийн хоршоог албадан татан буулгах буюу дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх эрх эдлэхгүй.
87.4Татан буулгах комисс нь санхүүгийн хоршоо, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон санхүүгийн хоршооны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд санхүүгийн хоршооны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.
87.5Хороо татан буулгах комиссын гишүүнээр шаардлага хангасан өөрийн ажилтан, эсхүл бусад этгээдийг томилно.
87.6Татан буулгах комиссын гишүүдийн цалин хөлсийг Хороо тогтооно.
87.7Татан буулгах комисс нь санхүүгийн хоршоог татан буулгах хугацаа, санхүүгийн хоршоо хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй тухай болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан татан буулгах тухай шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.
87.8Татан буулгах комисс нь дараах бүрэн эрхтэй:
86.8.1эд хөрөнгийг захиран зарцуулах;
86.8.2санхүүгийн хоршоог төлөөлөх, удирдах;
86.8.3санхүүгийн хоршооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах, цуцлах;
86.8.4санхүүгийн хоршооны өр төлбөрийг барагдуулах, хязгаарлах, шилжүүлэх, зогсоох;
86.8.5санхүүгийн хоршооноос байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах;
86.8.6санхүүгийн хоршооны хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах;
86.8.7санхүүгийн хоршооны хадгаламж эзэмшигчид өгөх төлбөрөөс тухайн хадгаламж эзэмшигчээс авах зээлийн төлбөрийг суутгах;
86.8.8татан буулгах арга хэмжээний хүрээнд тухайн санхүүгийн хоршоотой холбогдох зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;
86.8.9шаардлагатай ажилтан авах, чөлөөлөх;
86.8.10санхүүгийн хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох.
87.9Татан буулгах ажиллагааны явцад зээлдэгч гишүүдийн зээл, зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг зээлийн мэдээллийн санд хүргүүлж, татан буулгах ажиллагааг дуусгавар болсон гэж үзвэл зээлийн мэдээллийн сантай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг хүргүүлнэ.
87.10Гишүүн, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтан, хөндлөнгийн аудиторын үйл ажиллагаанд эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн бол татан буулгах комисс энэ тухай Хороонд нэн даруй мэдэгдэж, тухайн асуудлыг шалгуулж, шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлнэ.
87.11Санхүүгийн хоршоог татан буулгах ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг татан буулгах комисс Хороонд хүргүүлж, тогтоосон хугацаанд тайланг тогтмол ирүүлнэ.
87.12Татан буулгах комисс санхүүгийн хоршооны хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.
87.13Санхүүгийн хоршооноос хийгдсэн төлбөр, шилжүүлэг зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд авч үзсэн байх шинжтэй бол татан буулгах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь тухайн санхүүгийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал санхүүгийн хоршоог татан буулгах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг хүчингүйд тооцно.
88 дугаар зүйлСанхүүгийн хоршоог татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл
88.1Санхүүгийн хоршоог татан буулгах комисс томилогдсон бол санхүүгийн хоршоог албадан татан буулгах арга хэмжээ дараах нөхцөлийн дагуу хэрэгжинэ:
88.1.1санхүүгийн хоршоог албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд санхүүгийн хоршооны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй;
88.1.2санхүүгийн хоршоонд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ;
88.1.3татан буулгах комиссоос бусад этгээд санхүүгийн хоршооны хөрөнгөөс үл маргах журмаар аливаа шаардлагыг хангуулах эрхгүй;
88.1.4санхүүгийн хоршооны татан буулгах үйл ажиллагаа хэрэгжих хугацаанд урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу тухайн санхүүгийн хоршооны зээлийн барьцаалсан эд хөрөнгө болон актив хөрөнгийг борлуулснаас орох орлогоос үл маргах журмаар төлбөр гүйцэтгэхийг хориглоно.
88.2Санхүүгийн хоршоог албадан татан буулгахад хүндрэл учруулж болзошгүй, зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй, эсхүл санхүүгийн хоршооны үйл ажиллагааг зохицуулахад болон гишүүн, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахад сөрөг нөлөөтэй, санхүүгийн хоршооны гүйцэтгээгүй үүргээс татан буулгах комисс татгалзах эрхтэй.
89 дүгаар зүйлМэдэгдэл болон нэхэмжлэл хүргүүлэх
89.1Татан буулгах комисс нь томилогдсон өдрөөс хойш 2 сарын дотор санхүүгийн хоршооны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж, олон нийтэд мэдээлнэ. Санхүүгийн хоршооноос үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 2 сар байхаар тогтооно.
89.2Татан буулгах комисс нь хадгаламж эзэмшигч болон зээлдэгч гишүүдэд нэхэмжлэлээ бүрэн нотлох боломжийг олгож, бүрдүүлэх баримт бичгийг ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлнэ.
89.3Энэ хуулийн 89.1-д заасан нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 3 сар дотор татан буулгах комисс дараах шийдвэрийг гаргана:
89.3.1нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах;
89.3.2санхүүгийн хоршооноос үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох;
89.3.3санхүүгийн хоршоог албадан татан буулгах үүднээс татан буулгах комиссын гишүүдийн цалин хөлс, зээлдүүлэгчийн нэрс, баталгаажсан нэхэмжлэл бүрийн үнийн дүн болон төлөх төлбөрийн нийт дүнг тусгасан татан буулгах арга хэмжээний төлөвлөгөө батлах;
89.3.4нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэх.
89.4Нэхэмжлэл ирүүлэх мэдэгдэл гарсан өдрөөс хойш 6 сарын дотор татан буулгах комисст хүргүүлээгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
90 дүгээр зүйлХүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл
90.1Татан буулгах комисс томилогдсоноос хойш нэг жилийн хугацаанд багтаан дараах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандаж болно:
90.1.1татан буулгах комисс томилогдохоос өмнөх нэг жилийн хугацаанд санхүүгийн хоршоонд илт хохиролтой байгуулсан хэлцэл;
90.1.2татан буулгах комисс томилогдохоос өмнөх зургаан сарын дотор санхүүгийн хоршооноос авлагатай этгээдийн шаардлагыг хангасан аливаа хэлцэл нь тухайн этгээдийн хувьд татан буулгах ажиллагаанаас олж авах байсан хөрөнгийг ихэсгэсэн хэлцэл;
90.1.3татан буулгах комисс томилогдохоос өмнөх нэг жилийн хугацаанд санхүүгийн хоршооноос холбогдох этгээдтэй хийсэн, санхүүгийн хоршооны төлбөрийн чадвар алдагдахад нөлөөлсөн хэлцэл.
91 дүгээр зүйлНэхэмжлэлийн шаардлага хангах дараалал
91.1Татан буугдаж байгаа санхүүгийн хоршоонд холбогдох шаардлагыг дараах дарааллаар хангана:
91.1.1бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн санхүүгийн хоршооноос гаргуулж байсан төлбөр;
91.1.2санхүүгийн хоршооны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;
91.1.3татан буулгах комиссын үйл ажиллагааны зардал;
91.1.4гишүүн иргэний энэ хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад мөнгөн хадгаламжийн төлбөр;
91.1.5гишүүн хуулийн этгээдийн энэ хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад мөнгөн хадгаламжийн төлбөр;
91.1.6энэ хуульд заасны дагуу даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;
91.1.7зээлдүүлэгчид өгөх баталгаажсан зээл, өр төлбөр;
91.1.8Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;
91.1.9хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;
91.1.10Хорооны шаардах эрх бүхий төлбөр;
91.1.11даатгагдаагүй хадгаламжийн төлбөр.
91.2Татан буугдаж байгаа санхүүгийн хоршоонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа дараагийн төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.
91.3Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангана.
92 дугаар зүйлТатан буулгах үйл ажиллагааг дуусгавар болгох, тайлагнах
92.1Санхүүгийн хоршооны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа татан буулгах комисс нь санхүүгийн хоршоог татан буулгах ажиллагааны тайланг Хороонд хүргүүлнэ.
92.2Хороо татан буулгах комиссын тайланг хэлэлцэн баталж, санхүүгийн хоршооны татан буулгах арга хэмжээг дуусгавар болсон гэж үзсэнээр татан буулгах комисс энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж санхүүгийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
92.3Энэ хуулийн 92.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлснээр санхүүгийн хоршооны татан буулгах комиссын санхүүгийн хоршоог татан буулгах үйл ажиллагаатай холбоотой үүрэг дуусгавар болно.
93 дугаар зүйлЭрх зүйн хамгаалалт
93.1Санхүүгийн хоршоонд албадлагын арга хэмжээ авах тухай Хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
93.2Гомдол гаргасан нь Хороо, энэ хуульд заасан бусад эрх бүхий этгээдийн шийдвэр, үйл ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
93.3Санхүүгийн хоршоонд албадлагын арга хэмжээ авсан Хороо, бүрэн эрхт төлөөлөгч, татан буулгах комиссын шийдвэр хууль бус, түүний улмаас гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд уг шийдвэр, түүнд үндэслэн гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэнэ.
АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
94 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
94.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
94 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
94.1Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(1. Tandan sudalgaa.docx)