Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 5-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэхэд энэ хуулийн зорилго оршино.
2 дугаар зүйлХуулийн зорилт
2.1Энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйлс, нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тодорхойлж, түүнийг хангуулах үйл ажиллагааны зохион байгуулалт, журмыг тогтоож, төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
3 дугаар зүйлТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж
3.1Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
4 дүгээр зүйлХуулийн үйлчлэх хүрээ
4.1Энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний /цаашид “төрийн албан хаагч” гэх/ албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч хамаарна.
4.2Төрийн албаны чиг үүргийн онцлогийг харгалзсан зарим тусгай зохицуулалтыг энэ хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжоор тогтоож болно.
4.3Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу төрийн тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах ёс зүйн хэм хэмжээ, гомдол гаргах, хянан шийдвэрлэх асуудлыг гэрээнд тусган зохицуулна.
5 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1“төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” гэж энэ хуульд болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ гүйцэтгэхдээ хувь хүний хандлага, зан харилцааны хувьд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг;
5.1.2“төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж төрийн албан хаагч нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан ёс зүйн нийтлэг, тусгай хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг;
5.1.3“төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага” гэж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС, ЁС ЗҮЙН НИЙТЛЭГ ХЭМ ХЭМЖЭЭ, ШААРДЛАГА
6 дугаар зүйлТөрийн албан хаагчийн эрхэмлэх үнэт зүйлс
6.1Төрийн албан хаагч нь дараах үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэнэ:
6.1.1.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол; 6.1.2.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль дээдлэх ёс; 6.1.3.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд; 6.1.4.Монголын төрт ёс, түүх, соёлын уламжлал; 6.1.5.төрөө дээдлэх ард түмний итгэл.
7 дугаар зүйлТөрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
7.1Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа доор дурдсан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:
7.1.1ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх;
7.1.2зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
7.1.3хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
7.1.4албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлийн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх;
7.1.5төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа улс төрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх;
7.1.6төрийн албаны захирах, захирагдах ёсыг биелүүлэхдээ энэ хуулиар тогтоосон зан харилцааны нийтлэг шаардлагыг мөрдөх;
7.1.7төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх.
8 дугаар зүйлТөрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага
8.1Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа доор дурдсан ёс зүйн нийтлэг шаардлагыг сахин мөрдөнө:
8.1.1энэ хуулийн 7.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
8.1.1.1төрт ёс, түүх, соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмний соёл, зан үйлийг хүндэтгэх;
8.1.1.2төрийн албаны үйл ажиллагаанд итгэл алдах, хардахад хүргэх аливаа үйлдэл, эс үйлдлээс зайлсхийх;
8.1.1.3албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй, адил тэгш, эелдэг, хүлээцтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
8.1.1.4төрийн байгууллагын үйл ажиллагааны соёл, дэг журмыг чанд сахих;
8.1.1.5гадаад улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх;
8.1.1.6албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэх, байгууллагын дотоод журам болон холбогдох бусад журамд нийцэхгүй байдлаар хувцаслах.
8.1.2энэ хуулийн 7.1.2-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
8.1.2.1төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
8.1.2.2албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохыг цээрлэх;
8.1.2.3албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх;
8.1.2.4жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх.
8.1.3энэ хуулийн 7.1.3-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
8.1.3.1өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;
8.1.3.2хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, болзошгүй зөрчлийн талаар урьдчилан сануулах, засуулах арга хэмжээ авах;
8.1.3.3албан тушаал, албаны эрх мэдлээ хувийн болон нийгмийн тодорхой бүлэг, байгууллагын явцуу ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх, хувийн зорилгоор албаны нэр ашиглахыг цээрлэх;
8.1.3.4албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх.
8.1.4энэ хуулийн 7.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
8.1.4.1өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэлдээ дүгнэлт хийж, ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай байх.
8.1.5энэ хуулийн 7.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
8.1.5.1төрийн алба хаах хугацаанд улс төрийн эвсэл, хөдөлгөөн, нам, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллагын өмнө үүрэг хүлээх, нөлөөлөлд орж болзошгүй аливаа үйлдлээс татгалзах.
8.1.6энэ хуулийн 7.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
8.1.6.1удирдах албан тушаалтан нь албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх, ёс зүйн зөрчлийг тухай бүр хянан шийдвэрлэх арга хэмжээ авах;
8.1.6.2удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах, ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх;
8.1.6.3албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;
8.1.6.4албаны үүргээ гүйцэтгэхэд нь бусдад саад учруулах, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, албаны харилцааны хэвийн уур амьсгалыг алдагдуулахгүй байх.
8.1.7энэ хуулийн 7.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
8.1.7.1төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг эсэргүүцэх, үг, үйлдэл, зан байдлаараа илэрхийлэх, бусдыг өдөөн турхирахгүй байх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЛЭХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ
9 дүгээр зүйлТөрийн албан хаагчийн ёс зүйн асуудал эрхлэх эрх бүхий этгээд
9.1Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ёс зүйн байдалд хяналт тавих чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөл, төрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.
9.2Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөлийн энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хараат бус байна.
10 дугаар зүйлТөрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх Ёс зүйн хороо, түүний бүрэн эрх
10.1Төрийн албан хаагчийн ёс зүйг сахин мөрдүүлэх, нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах, энэ хуулиар харьяалуулсан ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулна.
10.2Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, түүнд тавигдах шаардлага, томилох, ажиллах журмыг Улсын Их Хурал батална.
10.3Ёс зүйн хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:
10.3.1төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр нэгдсэн бодлого боловсруулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар эрх бүхий байгууллагад санал оруулах;
10.3.2төрийн албан хаагчийн ёс зүйг сахиулах мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
10.3.3Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг батлах;
10.3.4ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, энэ чиглэлээр төрийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
10.3.5энэ хуулиар тусгайлан харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах;
10.3.6энэ хуулийн 14.1.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;
10.3.7томилох эрх бүхий этгээдээс зөрчил гаргасан албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн эсэхэд хяналт тавих;
10.3.8төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх;
10.3.9албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл төрийн холбогдох байгууллагаас мэдээ, мэдээлэл, материал гаргаж өгөх, бусад дэмжлэг үзүүлэхийг шаардах;
10.3.10хуульд заасан бусад.
11 дүгээр зүйлТөрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээ
11.1Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сахин мөрдөх орчин нөхцөлийг бүрдүүлэх;
11.1.2хариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих;
11.1.3хариуцсан салбар, байгууллага, нэгж дотроо гарч байгаа болон үүсч болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөл, эрсдлийг тооцож, зөрчлийг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах;
11.1.4байгууллагын албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ёс зүйн зөвлөлийг байгуулах;
11.1.5Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгах ажиллагаанд шаардлагатай баримт мэдээллийг гаргаж өгөх;
11.1.6ёс зүйн зөрчил үйлдсэн албан хаагчид зөрчлийн шинж байдалд нийцүүлэн энэ хуульд заасан ёс зүйн хариуцлага хүлээлгэх;
11.1.7төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах;
11.1.8Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, холбогдох албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг Ёс зүйн хороонд тухай бүр хүргүүлэх;
11.1.9томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн дагуу зохих арга хэмжээ авч, хариу мэдэгдэх;
11.1.10хуульд заасан бусад.
11.2Эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг санаатайгаар нуун дарагдуулсан бол ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ.
11.3Албан тушаалтан Ёс зүйн хороо болон Ёс зүйн зөвлөлд дүгнэлт гаргуулахаар, эсхүл дүгнэлт гаргах үйл ажиллагаанд зааварчлах, чиглэл өгөх зэргээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
11.4Энэ хуулийн 11.3-т заасныг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
12 дугаар зүйлЁс зүйн зөвлөл
12.1Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гомдол, мэдээллийг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.
12.2Байгууллагын албан хаагчийн тооноос хамааран Зөвлөл нь 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо Зөвлөлийн даргыг санал болгон томилуулна.
12.3Байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хүнийг Зөвлөлийн гишүүнээр гурван жилийн хугацаагаар томилно.
12.4Зөвлөл энэ хуулийн 14.1.6-д заасан дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
12.5Тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүй бол Зөвлөл байгуулахгүй. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан хүлээн авч, хянан шалгах бөгөөд дүгнэлт гаргаж, томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
13 дугаар зүйлТөрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гомдол, мэдээлэл гаргах
13.1Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээд гомдол, төрийн байгууллага, ажилтан мэдээллийг энэ хуулийн 13.3-т заасан харьяаллын дагуу Ёс зүйн хороонд, эсхүл Зөвлөлд гаргаж болно.
13.2Гомдол, мэдээлэлд албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.
13.3Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хуульд заасан эрх бүхий этгээд дараах харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ:
13.3.1Зөвлөл өөрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны томилсон албан хаагчийн болон харьяалах доод шатны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлыг;
13.3.2Ёс зүйн хороо нь энэ хуулийн 13.3.1, 13.4-т зааснаас бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогддог төрийн захиргааны болон төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан болон энэ хуулийн 13.5-д заасан улс төрийн албан тушаалтны ёс зүйн асуудлыг.
13.4Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүгч, прокурор, Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчийн ёс зүйтэй холбоотой гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
13.5Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, бусад төрийн улс төрийн албан тушаалтны ёс зүйтэй холбоотой гомдлыг Ёс зүйн хороо харьяалан шийдвэрлэнэ.
13.6Ёс зүйн хорооны гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо хянан үзэж, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулна.
13.7Энэ хуулийн 13.3.2-т заасан төрийн албан тушаалтны жагсаалтыг Засгийн газар батална.
14 дүгээр зүйлГомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх
14.1Энэ хуулийн 13.3.1, 13.3.2-т заасан эрх бүхий этгээд гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ:
14.1.1гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдрийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдсон албан хаагчаас бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлбар авах, шаардлагатай бол тухайн албан хаагчийг дуудан ирүүлж, тодруулга мэдээлэл авах;
14.1.2шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах;
14.1.3шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах;
14.1.4гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох;
14.1.5цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх;
14.1.6төрийн албан хаагч ёс зүйн зөрчил үйлдсэн эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, түүнд үндэслэлийг тусгах.
14.2Дүгнэлтийг дараах этгээдэд баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа, эсхүл биечлэн гардуулснаар тэдэнд мэдэгдсэнд тооцно:
14.2.1гомдол, мэдээлэл гаргасан этгээд;
14.2.2зөрчилд холбогдсон төрийн албан хаагч;
14.2.3томилсон эрх бүхий албан тушаалтан, байгууллага.
14.3Хуульд заасан эрх бүхий этгээд гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол Ёс зүйн хорооны болон Зөвлөлийн дарга 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
14.4Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, түүнчлэн сахилгын шинжтэй зөрчил бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.
14.5Иргэний гомдол гаргахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохицуулна.
14.6Энэ хуулийн 12.5-д заасан нэгж, албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, дүгнэлт гаргах, ёс зүйн хариуцлага хүлээлгэхэд энэ хуульд заасан журмыг мөрдөнө.
14.7Зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл иргэн, хуулийн этгээд, зөрчилд холбогдсон албан хаагч түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатны байгууллагын Зөвлөлд, ийм байгууллагагүй бол Ёс зүйн хороонд гомдол гаргаж болно.
14.9Энэ хуулийн 14.8-д заасан эрх бүхий этгээд гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан үзэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
14.9.1.дүгнэлтийг хэвээр үлдээх; 14.9.2.дүгнэлтийг хүчингүй болгох; 14.9.3.гомдлыг дахин хянуулахаар буцаах.
14.10Энэ хуулийн 12.5-д заасан нэгж, албан тушаалтны гаргасан дүгнэлтийг иргэн, хуулийн этгээд, зөрчилд холбогдсон албан хаагч эс зөвшөөрвөл гомдлоо харьяалах дээд шатны байгууллагын зөвлөл, эсхүл томилох эрх бүхий албан тушаалтанд гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
15 дугаар зүйлТөрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх
15.1Хуульд өөрөөр заагаагүй бол томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдалд нийцүүлэн дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:
15.1.1хамт олноос, гомдол гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;
15.1.2өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
15.1.3нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
15.1.4төрийн албанаас халахыг сануулах;
15.1.5төрийн албанаас халахыг сануулах шийтгэл ногдуулсны дараа ёс зүйн зөрчил гаргасан, эсхүл албан тушаалын чиг үүрэгт харшлах ноцтой зөрчил гаргасан бол төрийн албанаас халах.
15.2Сонгогддог болон хуульд заасны дагуу томилогддог, бүрэн эрх нь дуусгавар болдог албан тушаалтныг ёс зүйн зөрчилтэй нь холбогдуулан огцруулах, эгүүлэн татах асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
15.3Зөвлөлийн дүгнэлт нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол холбогдох Зөвлөлийн гишүүнд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, эсхүл ажлын үр дүнг үнэлэхэд харгалзан үзэх үзүүлэлт болно.
15.4Энэ хуулийн 14.8-д заасны дагуу гомдол гаргасан бол түүнийг эцэслэн шийдвэрлэсний дараа томилох эрх бүхий этгээд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ.
15.5Төрийн албан хаагчид энэ хуульд заасны дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд заасны дагуу эрүүгийн, зөрчлийн, сахилгын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
15.6Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.
15.7Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.
16 дугаар зүйлТөрийн албан хаагч ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх
16.1Ёс зүйн хорооны болон Зөвлөлийн дүгнэлтээр тухайн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол түүнд албан ёсоор мэдэгдсэнээр хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.
16.2Төрийн албан хаагч дараах хэлбэрээр ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээж болно:
16.2.1хамт олноос, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйх;
16.2.2ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх.
16.3Эрх бүхий албан тушаалтан сайн дураар уучлалт гуйсан төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдалд нийцүүлэн энэ хуульд заасан ёс зүйн бусад хариуцлага хүлээлгэж болно.
17 дугаар зүйлГомдол гаргах
17.1Төрийн албан хаагч нь ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
18 дугаар зүйлТөрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх
18.1Хуульд өөрөөр заагаагүй бол томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг холбогдох мэдээллийн хамт тухай бүр, жилийн нэгдсэн тайланг Ёс зүйн хороонд дараа оны 1 дүгээр сард багтаан хүргүүлэх бөгөөд тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулна.
18.2Ёс зүйн хороо үйл ажиллагааныхаа тайланг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд хүргүүлнэ.
18.3Ёс зүйн хороо холбогдох байгууллагаас ирүүлсэн жилийн тайланг нэгтгэж, өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулна.
18.4Ёс зүйн хороо, Зөвлөлийн дүгнэлтийг олон нийтэд мэдээлэх журмыг Ёс зүйн хороо батална.
18.5Иргэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэсэн, хариуцлага хүлээлгэсэн мэдээллийн талаар лавлагаа авах эрхтэй.
19 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
19.1Энэ хуулийг 2022 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ЁС зүй, ҮБ, Танил, 05.26 (1).docx)