Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 8-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтарч ажиллахыг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт үүрэг болгож, тус хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар
/Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцоолж, санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх;
2/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг, түүний хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
3/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
4/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахдаа энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу үнэлгээ хийх;
5/Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ энэ тогтоолын 2 дугаар хавсралтын үр дүнгийн тухайн оны зорилтыг хангахад чиглүүлэх.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” 2024 оны 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.1 дэх заалтын “Бүсийн хөгжлийн зорилго нь дэлхий дахинд монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Орхоны хөндий, Хангайн нурууны байгалийн онцлогт тулгуурлан аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлсэн "Дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс" болно.” гэснийг “Бүсийн хөгжлийн зорилго нь дэлхий дахинд монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болно.” гэж, мөн 3.2 дахь заалтын “Бүсийн хөгжлийн зорилго нь Төв Азийн орнууд болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зах зээлтэй холбогдож, Дэлхийн өв Увс нуурын сав, Монгол Алтайн нуруу-Хангайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өвд түшиглэсэн тусгай сонирхлын аялал жуулчлалаар төрөлжиж, мал аж ахуй, газар тариалангийн нөөцөд тулгуурлан эко үйлдвэрлэлийн хоршилт бүхий "Тогтвортой хөгжлийн бүс" болно.” гэснийг “Бүсийн хөгжлийн зорилго нь Төв Азийн орнууд болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зах зээлтэй холбогдож, Дэлхийн өв Увс нуурын сав, Монгол Алтайн нуруу-Хангайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өв, эрчим хүчний нөөцөд түшиглэн “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс” болно.” гэж, мөн 3.3 дахь заалтын “Бүсийн хөгжлийн зорилго нь Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан аялал жуулчлал, амралт сувилал, хүнд үйлдвэрлэлээр төрөлжсөн “Аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хөгжлийн бүс” болно.” гэснийг “Бүсийн хөгжлийн зорилго нь Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болно.” гэж, мөн 3.4 дэх заалтын “Бүсийн хөгжлийн зорилго нь олон улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдож, уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжиж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан "Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс" болно.” гэснийг “Бүсийн хөгжлийн зорилго нь олон улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдон хөдөө аж ахуй болон байгалийн нөөцөд тулгуурлан “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болно.” гэж, мөн 3.5 дахь заалтын “Бүсийн хөгжлийн зорилго нь Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлал, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжсөн "Олон улсын худалдаа, тээвэр, логистикийн таталцлын бүс" болно.” гэснийг “Бүсийн хөгжлийн зорилго нь Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болно.” гэж, мөн 3.6 дахь заалтын “Бүсийн хөгжлийн зорилго нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлал хөгжсөн "Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс" болно.” гэснийг “Бүсийн хөгжлийн зорилго нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс” болно” гэж тус тус өөрчилсүгэй.
4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ГАРЫН ҮСЭГ
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар