Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Одонгийн ЦОГТГЭРЭЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 11-Р САРЫН 28 ӨДӨР
УЛААНБААТАР

"Тусгаар тогтнол Үндэсний баялгийн сангийн тухай" анхдагч хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилго нь эрдэс баялгийн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн урт хугацааны тогтвортой хөгжлийг тэтгэсэн эдийн засгийн бүтцийг бий болгох, үр өгөөжийг нь одоо ба ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх зорилго бүхий Тусгаар тогтнол Үндэсний баялгийн сан /цаашид “Баялгийн сан” гэнэ/-г байгуулах, хөрөнгө төвлөрүүлэх, Баялгийн сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлҮндэсний баялгийн cангийн тухай хууль тогтоомж
2.1Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Татварын хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Хуульд өөрөөр заагаагүй бол Баялгийн сантай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.2Баялгийн сангийн үйл ажиллагаа, хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, энэ хуулиар зохицуулагдаагүй бусад харилцааг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжуудаар зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"Үндэсний баялгийн сан корпораци" /цаашид "Корпораци" гэх/ гэж Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг мандатаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг;
4.1.2"хөрөнгө оруулалтын хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.6 ба 4.1.8-д заасныг болон энэ хуулиар хориглоогүй хөрөнгө оруулж болох бусад хэлбэрийг;
4.1.3"Баялгийн сангийн хөрөнгө" гэж Баялгийн сангийн эзэмшил, өмчлөлд байгаа эдийн болон эдийн бус бүх хөрөнгийг;
4.1.4Баялгийн сангийн хөрөнгийн удирдлага" гэж Баялгийн сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах, хадгалах, тэдгээрийг арилжаалах, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд ногдох хүү болон ногдол ашгийг хүлээн авах, хөрөнгө оруулалтын хэрэгслийн өмлөгчийн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.5“Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын мандат” /цаашид “мандат” гэх/ гэж энэ хуульд заасан шаардлагын дагуу Улсын Их Хурлаас баталсан Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх олгосон бодлогын баримт бичгийг;
4.1.6"хөрөнгө оруулалтын стратеги" гэж мандатын хэрэгжилтийг хангах зорилгоор удирдах зөвлөлөөс баталсан Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд баримтлах стратегийн баримт бичгийг;
4.1.7"Баялгийн сангийн хөрөнгө оруулалтын орлого" гэж Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үр дүнд бий болсон хүү, ногдол ашиг, түрээсийн орлого, хөрөнгө оруулсан хэрэгслийг борлуулсны ашиг зэрэг Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг;
4.1.8"хөрөнгө оруулалтын менежментийн компани" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.33-т заасан этгээдийг;
4.1.9"санхүүгийн үүсмэл хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.7-д заасныг;
4.1.10“Бүрэлдэхүүн сан” гэж Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Хүртээмжтэй хөгжлийн санг;
5 дугаар зүйлБаялгийн сангийн хөрөнгийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1Баялгийн сангийн сангийн үйл ажиллагаанд дараах нийтлэг зарчмыг баримтална:
5.1.1хараат бус, бие даасан байх;
5.1.2ил тод, хариуцлагатай байх;
5.1.3үр ашигтай, тогтвортой байх;
5.1.4төсөв, мөнгөний бодлоготой уялдаатай байх;
5.1.5цогц бодлого, нэгдмэл, зохистой удирдлагатай байх;
5.1.6байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх;
5.1.7улс төрийн нөлөөллөөс хараат бус байх;
5 дугаар зүйлБаялгийн сангийн төрөл
6.1Баялгийн сан нь газрын хэвлийн баялгаас үүдэлтэй орлогыг урт хугацаанд тогтвортой үр ашигтай удирдах, хөрөнгө оруулалтын өгөөжийг өнөө ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилго бүхий дараах бүрэлдэхүүн сангуудтай байна:
6.1.1Төсвийн тогтворжуулалтын сан;
6.1.2Ирээдүйн өв сан;
6.1.3Хүртээмжтэй хөгжлийн сан;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАЯЛГИЙН САНГИЙН ЭХ ҮҮСВЭР, ТӨРӨЛ, ЗАРЦУУЛАЛТ,
7 дугаар зүйлБаялгийн сангийн эх үүсвэр
7.1Баялгийн сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
7.1.1татвар ногдуулж, төлүүлэхэд ашиглагдсан гол нэрийн төрлийн эрдэс баялгийн тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байсны улмаас нэмэгдэж орсон төсвийн орлого;
7.1.2стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны болон сангийн эзэмших давуу эрхийн хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;
7.1.3ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг;
7.1.4газрын тос, байгалийн хийн салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн нөөц ашигласны төлбөр болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төрд ногдох хэсэг;
7.2Баялгийн санг бүрдүүлэх эх үүсвэрийг татан төвлөрүүлэх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
8 дугаар зүйлБаялгийн сангийн бүрэлдэхүүн сангуудын эх үүсвэр
8.1Төсвийн тогтворжуулалтын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
8.1.1татвар ногдуулж, төлүүлэхэд ашиглагдсан гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байсны улмаас нэмэгдэж орсон төсвийн орлого;
8.1.2төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;
8.1.3Засгийн газрын нөөц сангийн болон эрсдэлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл;
8.1.4Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагааны цэвэр орлого;
8.1.5Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн тогтворжуулалтын санд хуваарилахаар тогтоосон бусад орлого.
8.2Ирээдүйн өв сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
8.2.1ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчит үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг (Хүртээмжтэй хөгжлийн сан эзэмших давуу эрхийн хувьцааны ногдол ашгийн дараах);
8.2.2ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 70 хувь;
8.2.3Баялгийн сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогоос энэ хуульд заасны дагуу Тэтгэврийн нөөц сан эсвэл төсөвт шилжүүлсний дараа Баялгийн сангийн үлдэх хэсэг;
8.2.4Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, шинээр хууль батлах замаар татвар бий болгох, татварын хувь, хэмжээг өөрчилсөн тохиолдолд эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс улсын төсөвт орох нэмэлт орлогын 50 хувь;
8.2.5газрын тос, байгалийн хийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлсөн нөөц ашигласны төлбөр болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төрд ногдох орлого;
8.2.6эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хувьчлах буюу төрд ногдох эзэмшлийн тодорхой хувийг худалдан борлуулснаас орох орлогын 50%;
8.3Хүртээмжтэй хөгжлийн санд дараах орлогыг төвлөрүүлнэ:
8.3.1ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад эзэмших Баялгийн сангийн давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг;
8.3.2Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хувьчлах буюу төрд ногдох эзэмшлийн тодорхой хувийг худалдан борлуулснаас орох орлогын 50%;
8.4Сангийн яам Баялгийн сангийн бүрэлдэхүүн санд ногдох орлогыг төсөвт төвлөрсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор шилжүүлнэ.
9 дүгээр зүйлБаялгийн сангийн хөрөнгө зарцуулах, хувь хүртээх
9.1Баялгийн сангаас зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, хэмжээгээр хөрөнгө зарцуулж болно.
9.2Тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс доор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно.
9.2.1урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан Дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувиар нэмэгдэж, буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
9.2.2төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
9.2.3гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тухайн жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас давсан хэсгийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэх;
9.3Ирээдүйн өв сангаас дор дурдсан үндэслэлээр хөрөнгө зарцуулж болно.
9.3.12050 он хүртэл хугацаанд Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогыг Тэтгэврийн нөөц санд бүрдүүлж дахин хөрөнгө оруулах замаар Тэтгэврийн даатгалын сан дахь шимтгэл төлөгч иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэх
9.3.22050 оноос эхлэн Баялгийн сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлэх;
9.4Хүртээмжтэй хөгжлийн сангаас дор дурдсан үндэслэлээр хөрөнгө зарцуулж болно.
9.4.1Тус сангийн орлогын 50 хувийг жил бүр Монгол Улсын, иргэний харьяаллын зөрчилгүй иргэн бүрд үндэсний баялгийн үр өгөөжийг олгож, өрхийн санхүүгийн чадавхыг дэмжихэд зарцуулах;
9.5Баялгийн сан, бүрэлдэхүүн сангууд бүхэлдээ нэг менежменттэй байх бөгөөд Баялгийн сангийн үйл ажиллагааны зардлыг нийт сангуудаас тэнцүү хувь хэмжээгээр хувааж санхүүжүүлэх;
9.6Баялгийн санд төвлөрүүлэх эх үүсвэр, зарцуулалтын хэмжээг тооцох аргачлал болон уг санд эх үүсвэр төвлөрүүлэх, түүнээс зарцуулалт хийх журмыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
9.7Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд үндэсний баялгийн үр өгөөжийг хүртэх эрх дуусгавар болно.
9.8Иргэн энэ хуульд заасан үр өгөөжийг тухайн жилдээ багтаан аваагүй бол дараагийн жилд нэмэгдүүлэн олгох бөгөөд энэ тохиолдолд хүү тооцохгүй, тухайн жилд ногдох үндсэн өгөөжийг хүртэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАЯЛГИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА
10 дугаар зүйлБаялгийн сангийн хөрөнгийн удирдлага
10.1Баялгийн сангийн үйл ажиллагааны удирдлагыг Корпораци хэрэгжүүлнэ.
10.2Корпораци энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно
11 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын мандат
11.1Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг зөвхөн мандатад заасны дагуу хэрэгжүүлнэ.
11.2Мандатыг Монгол Улсын Санхүүгийн Тогтвортой Байдлын зөвлөл боловсруулан санал болгож Улсын Их Хурлын тогтоолоор батална.
11.3Мандатад дараах зүйлсийг тусгана:
11.3.1бүрэлдэхүүн сан тус бүрийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны дунд, урт хугацааны зорилго;
11.3.2хөрөнгө оруулалтын төрөл, хугацаа;
11.3.3хөрөнгө оруулалтын зорилтод нийцүүлэн хүлээж болох эрсдэлийн дээд хязгаар;
11.3.4ашиглаж болох, мөн хориглох хөрөнгө оруулалтын хэрэгслүүд;
11.3.5хариуцлагатай хөрөнгө оруулалтад баримтлах байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) шалгуурууд;
11.3.6Баялгийн сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг тооцох аргачлал;
11.3.7хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, хяналт, үнэлгээний үйл ажиллагааны процедур, хэм хэмжээ;
11.3.8тайлагнал, хариуцан тайлагнах болон ил тод байдлын стандарт;
11.4Мандатаар нэгж хөрөнгө оруулах хэрэгсэл, хуулийн этгээд, эдийн засгийн үйл ажиллагааг нэр зааж хөрөнгө оруулалт хийхэд шууд болон шууд бусаар зааварчилгаа өгөхийг хориглоно.
11.5Мандат зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай бүрд Удирдах зөвлөл хууль, журамд заагдсан арга хэмжээ авах буюу Улсын Их Хуралд нэн даруй мэдээлнэ.
11.6Мандатын хэрэгжилтийг сангийн үйл ажиллагааны тайлангийн хамт жил бүр Улсын Их Хуралд танилцуулна.
12 дугаар зүйлХөрөнгө оруулалтын стратеги
12.1Бүрэлдэхүүн сан тус бүрийн хөрөнгө оруулалтын стратегийг Удирдах зөвлөлөөс баталж Гүйцэтгэх удирдлага, Хөрөнгө оруулалтын менежментийн компани хэрэгжүүлнэ.
12.2Хөрөнгө оруулалтын стратегид дараах зүйлсийг тусгана:
12.2.1эрсдэлийн хүлээн зөвшөөрөгдөх дээд түвшин;
12.2.2өгөөжийн зорилтот түвшин;
12.2.3хөрвөх чадварын шалгуур үзүүлэлт;
12.2.4хөрөнгө оруулалтын хэрэгсэл тус бүрд байршуулах хөрөнгийн хувь хэмжээний дээд хязгаар;
12.2.5хөрөнгө оруулалтын сонголт хийх шалгуур, үнэт цаасны зэрэглэл, зээлжих чадавхын шаардлага;
12.2.6хөрөнгө оруулах газар зүйн байршил, эдийн засгийн салбарууд болон тэдгээрт тавигдах хязгаарлалт;
12.2.7хөрөнгө оруулах зах зээл, валютын төрөл;
12.2.8хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг үнэлэхэд ашиглах олон улсын жишиг (бэнчмарк) индекс эсвэл индикатор;
12.2.9Удирдах зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
12.3Стратегийн хэрэгжилтэд Удирдах зөвлөл түүний дэргэдэх Аудитын хороогоор дамжуулан байнгын хяналт тавьж ажиллана.
13 дугаар зүйлБаялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага
13.1Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана:
13.1.1Зээл авах болон санхүүгийн хөшүүрэг оролцсон аливаа төрлийн гэрээ, хэлцэл хийхгүй байх;
13.1.2Баялгийн сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад аливаа хэлбэрээр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, хэлцэл байгуулахгүй байх;
13.1.3Санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах;
13.1.4Баялгийн сангийн хөрөнгийг дор дурдсанаас бусад тохиолдолд зөвхөн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан гадаад улсын нутаг дэвсгэрт нээлттэй зах зээлд арилжаалагдаж байгаа хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах;
13.1.5Зөвхөн Хүртээмжтэй хөгжлийн сангаас Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулж төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор дотоодын зах зээлд хөрөнгө оруулж болох бөгөөд уг хөрөнгө оруулалтын хэмжээ нь иргэдэд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг хуваарилсны дараах тус сангийн удирдаж буй нийт хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй байх;
13.1.6Баялгийн сангаас энэ хуулийн 13.1.5 дахь заалтад дурдсан дотоод хөрөнгө оруулалт хийх тохиолдолд зөвхөн Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасанд хөрөнгө оруулах;
13.1.7Баялгийн сангаас энэ хуулийн 13.1.5 дахь заалтад дурдсан дотоодын хөрөнгө оруулалт хийхдээ уул уурхайн салбарын үнэт цаасанд хөрөнгө оруулахыг хориглох;
13.1.8Нэгж санхүүгийн хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн хувь, хэмжээг хөрөнгө оруулж байгаа этгээдийн хяналтын багцын хувь, хэмжээнд хүргэхгүй байх;
13.1.9Татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Монгол Улсад шууд орох, Монгол Улсын төлбөрийн тэнцлийн орох урсгалд бүртгэгдэх хөрөнгө оруулах хэрэгсэл болон бусад Монгол Улсад бүртгэлтэй хөрөнгө оруулах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх;
13.2Баялгийн сангийн хөрөнгийг энэхүү хуульд заасан бүрэлдэхүүн сангийн зориулалтаас өөрөөр зарцуулахыг хориглоно.
13.3Баялгийн сангийн хөрөнгөөс дараах хэлбэрээр хөрөнгө оруулахыг хориглоно:
13.3.1цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд;
13.3.2эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй үнэт цаасанд;
13.3.3Нэгдсэн Үндэсний байгууллагад хоригтой орны Засгийн газар болон компанийн хувьцаа, бонд, санхүүгийн хэрэгсэлд;
13.3.4дайн, зэвсэгт мөргөлдөөн бүхий бүс нутаг, түүний Засгийн газар болон компанийн хувьцаа, бондод;
13.3.5Мандатад заасан хөрөнгө оруулалтын хүрээ, төрөлд заагаагүй бусад үнэт цаас, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд;
13.3.6авто зам, төмөр зам, нисэх буудал болон хот байгуулалтын тухай хуулийн 3.1.10-т заасан инженерийн дэд бүтцэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөд;
14 дүгээр зүйлБаялгийн сангийн хөрөнгө оруулалтын менежмент
14.1Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хориос доошгүй жилийн туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хувийн Хөрөнгө оруулалтын менежментийн компани эсвэл хэд хэдэн компаниудыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, гүйцэтгүүлнэ.
14.2Баялгийн сангийн үйл ажиллагааны нөөц чадавхыг бүрдүүлэх шилжилтийн хугацаанд (3 хүртэл жил) Сангийн хөрөнгийг Олон улсын хөгжлийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг гүйцэтгүүлж болно.
14.3Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн гүйцэтгэлийг Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл жил бүр дүгнэж, шаардлагатай тохиолдолд солих буюу дахин сонгон шалгаруулж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КОРПОРАЦИ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
15 дугаар зүйлКорпораци
15.1Баялгийн сангийн удирдлага, үйл ажиллагааг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпораци хэрэгжүүлнэ.
15.2Корпорацийг үүсгэн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.
15.3Корпораци үйл ажиллагаандаа болон хөрөнгө оруулах шийдвэрийг мандат, хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд гаргахдаа бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, бие даасан, олон нийтэд ил тод, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашигт хөтлөгдөхгүй байх үндсэн зарчмыг баримтална.
15.4Корпораци Монголбанкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байна.
15.5Корпорацийн Монголбанк дахь төгрөг болон гадаад валютын дансны хооронд хийх гүйлгээг Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ханшаар Монголбанк гүйцэтгэнэ.
15.6Корпораци хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, дотоод хяналтын асуудал хариуцсан дотоод бүтцийн нэгжтэй байна.
15.7Хороодын даргыг хороодын гишүүдийн олонхын саналаар хоёр жилийн хугацаагаар сонгоно.
15.8Хороод нь Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах, мэдээлэл боловсруулах, урьдчилсан дүгнэлт, зөвлөмж гаргаж Удирдах зөвлөлд танилцуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
15.9Корпорацийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
15.10Корпорацийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:
15.10.1корпорацийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ, Корпорацийн үйл ажиллагааны чиглэл;
15.10.2корпорацийн хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
15.10.3Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
15.10.4Корпорацийн дүрэмд тусгахаар хуульд заасан бусад зүйл.
15.11Корпорацийн дүрэмд хууль тогтоомжтой зөрчилдөөгүй бусад зүйлийг тусгаж болно.
16 дугаар зүйлКорпорацийн гүйцэтгэх удирдлага
16.1Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг /цаашид "гүйцэтгэх удирдлага" гэх/ хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлнэ.
16.2Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлэх шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
16.3Гүйцэтгэх удирдлага нь Корпорацийн дүрэм болон удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
16.4Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг заавал тусгасан байна.
16.5Гүйцэтгэх удирдлага нь Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Корпорацийг төлөөлөх зэргээр Корпорацийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
16.6Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийн дүрэм болон Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг Удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.
16.7Энэ хуулийн 16.6-д заасан баг Удирдах зөвлөлийн өмнө гэрээ болон Корпорацийн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын хариуцлага хүлээнэ.
16.8Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 16.5-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна.
16.9Энэ хуулийн 16.8-д заасан багийн ахлагчийг Удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч Корпорацийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.
16.10Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.
16.11Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд Корпорацийн гүйцэтгэх захирал байна.
16.12Гүйцэтгэх удирдлагын үндсэн эрх, үүргийг энэ хууль, Корпорацийн дүрэм болон Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр нарийвчлан тодорхойлно.
16.13Гүйцэтгэх удирдлага дараах шаардлагыг хангасан байна:
16.13.1эдийн засаг, санхүү, үнэт цаасны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;
16.13.2зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;
16.13.3хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Корпорацийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
16.13.4ял шийтгэлгүй байх;
16.13.5санхүү, хөрөнгө оруулах үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
16.13.6Удирдах зөвлөлийн үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад.
16.14Гүйцэтгэх удирдлагаар дараах этгээдийг томилохыг хориглоно:
16.14.1төрийн албаны улс төрийн албан тушаалтан;
16.14.2улс төрийн намын гишүүн;
16.14.3Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа этгээд;
16.15Гүйцэтгэх удирдлага бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.
16.16Гүйцэтгэх удирдлага Баялгийн сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалт, гүйлгээ болон бусад шаардлагатай үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий кастодианы байгууллагаар гүйцэтгүүлнэ.
16.17Гүйцэтгэх удирдлага Удирдах зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Баялгийн сангийн хөрөнгийг гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлж болно.
16.18Хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон Корпорацийн хооронд байгуулах гэрээг Удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэх удирдлага байгуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
БАЯЛГИЙН САНГИЙН ЗАСАГЛАЛ
17дугаар зүйлБАЯЛГИЙН САНГИЙН ЗАСАГЛАЛ
17.1Баялгийн сан нь Монгол Улсын нийт ард түмний өмч байх бөгөөд Засгийн газраар дамжуулж энэхүү өмчлөх эрхээ жил бүр ногдол ашиг хүртэх хэлбэрээр хэрэгжүүлнэ.
17.2Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийн Корпораци хэрэгжүүлнэ.
18 дугаар зүйлБаялгийн сангийн талаар Улсын Их Хурлын бүрэн эрх
18.1Улсын Их Хурал Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1Баялгийн сангийн удирдах зөвлөлийг томилох, ажиллах журмыг батлах;
18.1.2Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын мандат (цаашид “мандат” гэх)-ыг батлах, хэрэгжилтийг хяналт тавих;
18.1.3Баялгийн сангийн төсвийг хэлэлцэж батлах;
18.1.4Баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, батлах;
18.1.5Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих;
18.1.6Баялгийн санг байгуулах, татан буулгах, сангийн хөрөнгийг улсын төсөвт эргэн төвлөрүүлэх шийдвэрийг гагцхүү Улсын Их Хурал гаргана.
19 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
19.1Монгол Улсын Засгийн газар Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1Баялгийн сан болон түүний бүрэлдэхүүн санд энэхүү хуулийн дагуу газрын хэвлийн баялгийн орлогыг хуульд заасан хугацаанд төвлөрүүлэх;
19.1.2Баялгийн сангийн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж, Улсын Их Хуралд танилцуулах;
19.1.3Баялгийн сангийн жилийн төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
19.1.4Баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнах;
20 дугаар зүйлТөв банк /Монголбанк/-ны бүрэн эрх
20.1Монгол Улсын Төв банк /Монголбанк/ Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын мандатын төслийг боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэх;
20.1.2Баялгийн сангийн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж, Улсын Их Хуралд танилцуулах;
21 дүгээр зүйлБаялгийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох
21.1Энэ хуулийн 15.1-д заасан хуулийн этгээд удирдах зөвлөлтэй байх бөгөөд Корпорацийн эрх барих дээд байгууллага байна.
21.2Удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүнийг, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хараат бус олон нийтийн төлөөлөл 5 хүний нэрийг тус тус дэвшүүлж, Улсын Их Хурал томилно.
21.3Хараат бус гишүүдийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр иргэний нийгмийн байгууллага, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын мэргэжилтнүүдээс 5 жилийн хугацаатайгаар сонгоно.
21.4Удирдах зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нууц санал хураалтаар гишүүдийн олонхын саналаар 5 жилийн хугацаатайгаар сонгоно.
22 дугаар зүйлУдирдах зөвлөлийн чиг үүрэг
22.1Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.1.1Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын мандат (хөрөнгө оруулалтын бодлого)-ыг хэрэгжилтийг хангуулах;
22.1.2Баялгийн сангийн хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулж, батлах, хэрэгжилтийг хангуулах;
22.1.3хуулийн дагуу сангуудаас улсын төсөвт хөрөнгө шилжүүлэх зөвшөөрлийг олгох;
22.1.4Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг зохистой, эрсдэл багатай байлгах зорилгоор хууль болон Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын мандат, стратегийн хүрээнд нарийвчилсан бодлого, эрсдэлийн хязгаарлалт, журмуудыг боловсруулж, мөрдүүлэх;
22.1.5Баялгийн сангийн үйл ажиллагаа болон Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын гүйцэтгэл, үр дүн болон тайлагналд хяналт тавих;
22.1.6Баялгийн сангийн санхүү болон үйл ажиллагаанд хяналт тавих хөндлөнгийн аудиторыг сонгох;
22.1.7Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн компанийг сонгон шалгаруулах, өөрчлөх, гэрээг дуусгавар болгох.
22.2Удирдах зөвлөл улирал бүр нэгээс доошгүй удаа хуралдана.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БАЯЛГИЙН САНГИЙН ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ
23 дугаар зүйлНягтлан бодох бүртгэл
23.1Хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрийн хөрөнгө болон Баялгийн сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг тусгаарлан бүртгэнэ.
24 дүгээр зүйлБаялгийн сангийн тайлан
24.1Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, бүтэн жилээр гаргана.
24.2Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланд дараах зүйлийг тусгана:
24.2.1Корпорацийн санхүүгийн тайлан;
24.2.2Баялгийн сангийн санхүүгийн тайлан;
24.2.3Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тайлан;
24.2.4Хөрөнгө оруулалтын мандат, стратегийн хэрэгжилт;
24.2.5Удирдах зөвлөлөөс тогтоосон нарийвчилсан бодлого, зохицуулалт, журмуудын хэрэгжилт;
24.2.6Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн;
24.2.7Хөрөнгө оруулалтын менежментийн компани тус бүрийн Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн;
24.2.8Баялгийн сангийн хөрөнгийг байршуулсан хөрөнгө оруулалтын төрөл, ангилал, хөрөнгө оруулалтын задаргаа, тус бүрийн бодит болон хэрэгжээгүй өгөөж, алдагдал;
24.3Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд дараах зүйлийг тусгана:
24.3.1энэ хуулийн 29.2-т заасан улирлын тайланд тусгасан зүйлс;
24.3.2Баялгийн сангийн эрсдэлийн удирдлагын тайлан;
24.3.3аудитын дүгнэлт.
24.4Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор Удирдах зөвлөлд хүргүүлнэ.
24.5Удирдах зөвлөл Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхий аудитор хүргүүлж олон нийтэд мэдээлнэ.
24.6Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж аудит хийлгэсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор Удирдах зөвлөлд хүргүүлнэ.
24.7Удирдах зөвлөл Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор дүгнэлт гаргаж, аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулна.
25 дугаар зүйлХөндлөнгийн аудит
25.1Баялгийн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар доор дурдсан тохиолдолд аудит хийлгэнэ:
25.1.1Жил бүр нэгээс доошгүй удаа;
25.1.2Удирдах зөвлөл мандатын хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн тохиолдолд.
25.1.3Удирдах зөвлөл аудитын байгууллагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулна.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
26 дугаар зүйлХариуцлага хүлээлгэх үндэслэл
26.1Баялгийн сангийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан хариуцлага оногдуулсан нь түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
27 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27 .1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27 .2Баялгийн сангийн тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
28 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
28.1Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

цахим эх хувь
(цахим эх хувь.pdf)
Хуулийн төсөл
(Анхдагч хуулийн төсөл.docx)
Дагасан хуулийн төслүүд
(дагасан хуулийн төслүүд .docx)
тандан судалгаа
(хэлэлцүүлгийн санал.docx)
Хуулийн төслийн үзэл баримтлал
(үзэл баримтлал.docx)
Хуулийн төслийн танилцуулга
(Танилцуулга.docx)
Хуулийн төслийн тандан судлагаа
(Тандан судалгаа.docx)