Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2021 ОНЫ 11-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлШүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Авлигын эсрэг хууль , Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль , Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль , Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.2.1гүйцэтгэх ажил явуулах байгууллага, ажилтны Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу олж авсан мэдээлэл;
3.2.2Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“шүгэл үлээх” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх /цаашид “мэдээлэл өгөх” гэх/-ийг;
4.1.2“шүгэл үлээгч” гэж энэ хуулийн 4.1.1-д заасны дагуу шүгэл үлээсэн хүн, хуулийн этгээдийг;
4.1.3“хамгаалалтын арга хэмжээ” гэж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан болон энэ хуульд заасан арга хэмжээг;
4.1.4“хамаарал бүхий этгээд” гэж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5.3-т заасныг;
4.1.5“даруй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.7-д заасныг;
4.1.6“давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг;
4.1.7“хүнийг тодорхойлох боломжгүй болгох” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.14-т заасныг;
4.1.8“орлого” гэж шүгэл үлээсний үр дүнд улсын төсөвт оруулсан орлогыг;
4.1.9“гүйцэтгэх ажил явуулах байгууллага” гэж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллагыг.
5 дугаар зүйлШүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
5.1.2нууцлалыг хамгаалах;
5.1.3хамтран ажиллах;
5.1.4хүртээмжтэй, байнгын сүлжээг бий болгох;
5.1.5нийтийн ашиг сонирхлын төлөө оруулж байгаа шүгэл үлээгчийн хувь нэмрийг даруй үнэлэх, урамшуулах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ
6 дугаар зүйлШүгэл үлээж мэдээлэл өгөх
6.1Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, мэдээллийг монгол хэл, өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл дээр бичгээр өгнө. Бичгээр өгөх мэдээлэл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна.
6.2Энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэлд дараах зүйлийг дурдсан байна:
6.2.1нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй үйлдэл, эс үйлдэхгүйг гаргаж байгаа этгээдийн нэр, албан тушаал;
6.2.2нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн тухай тайлбар, түүнд холбогдох баримт;
6.2.3шүгэл үлээгчийн холбоо барих мэдээлэл.
6.3Шүгэл үлээгч нь мэдээллийг амаар гаргаж болох бөгөөд амаар гаргасан мэдээллийг хүлээн авсан этгээд, эсхүл эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл хөтөлж, боломжтой тохиолдолд тэмдэглэлд мэдээлэл өгсөн хүний гарын үсгийг зуруулна. Мэдээллийг амаар гаргахдаа энэ хуулийн 6.2.2-т заасан баримтыг гаргаж өгнө.
6.4Шүгэл үлээгч нь мэдээлэл өгөхдөө энэ хуулийн 6.2.3-т заасан өөрийн мэдээллийг нууцлах эсэх талаар тодорхой дурдсан байна.
6.5Шүгэл үлээгч нь энэ хуулийн 6.2.3-т заасан өөрийн мэдээллийг ил болгохгүйгээр түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж мэдээлэл өгч болно.
6.6Энэ хуулийн 6.5-д заасан тохиолдолд түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрийн эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээллийг шүгэл үлээгчийн нэрийн өмнөөс шүгэл үлээх мэдээлэлд дурдсан байна.
6.7Шүгэл үлээгч нь өөрийн мэдээллийг ил болгохгүйгээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх болсон үндэслэл, өөрийн хувийн мэдээллийг агуулсан захидлыг шүгэл үлээх мэдээлэлд хавсаргаж болох бөгөөд мэдээлэл болон захидлыг хүлээн авсан байгууллага захидлыг битүүмжлэн хадгална. Шүгэл үлээгчийн зөвшөөрөлгүйгээр захидалд дурдсан мэдээлэлтэй танилцахыг хориглоно.
7 дугаар зүйлМэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх
7.1Шүгэл үлээгч энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
7.2Энэ хуулийн 7.1-д заасан эрх бүхий байгууллагад прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамаарна.
7.3Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
7.4Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдээллийг шүгэл үлээгчээс нэмж тодруулж болно:
7.4.1энэ хуулийн 6.2.3-т заасан мэдээллийг ирүүлээгүй бол тодруулах;
7.4.2шүгэл үлээсэн мэдээлэл нь нийтийн ашиг сонирхлын төлөө гэж үзэх үндэслэл, тайлбар.
7.5Эрх бүхий байгууллагууд нь шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах, хяналт шалгалт явуулах, нууцлалыг хангах нэгжтэй байх, мөн мэдээллийг хүлээн авах өөрсдийн нэгдсэн мэдээллийн хэрэгслийг ажиллуулж болно.
8 дугаар зүйлМэдээлэлд хяналт шалгалт явуулах, явуулахгүй байх үндэслэл
8.1Эрх бүхий байгууллага нь мэдээллийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар хяналт шалгалт явуулна.
8.2Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээсэн мэдээлэлд 30 хоногийн дотор хяналт шалгалт явуулж, шалгалтын үр дүнг шүгэл үлээгчид даруй мэдэгдэх бөгөөд шүгэл үлээгч нь шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд энэ талаар гомдол гаргаж болно.
8.3Эрх бүхий байгууллага нь дараах тохиолдолд мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй:
8.3.1илт худал мэдээллээр шүгэл үлээсэн;
8.3.2өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн;
8.3.3цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн;
8.3.4шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авахаас өмнө нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу хянан шалгах ажиллагаа явуулж эхэлсэн, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.
8.4Эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 8.3-т заасан үндэслэл байгаа тохиолдолд энэ талаар шүгэл үлээгчид бичгээр мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН БАТАЛГАА
9 дүгээр зүйлШүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх
9.1Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэнтэй холбоотойгоор шүгэл үлээгч, түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн хууль бус үйлдлээс ангид байна.
9.2Шүгэл үлээгч нь хувийн мэдээллээ бусдад ил болгох зөвшөөрөл олгосон, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд шүгэл үлээгчийн талаарх мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож, нууцална.
9.3Шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг энэ хуулийн 9.2-т зааснаас бусад үндэслэлээр задруулсан гэж үзвэл шүгэл үлээгч нь хуульд заасны дагуу гомдол гаргаж болно.
9.4Шүгэл үлээгч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь шүгэл үлээгчийг хамгаалахтай холбоотой энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээ болон хуульд заасан шаардлагатай бусад арга хэмжээг авахыг Авлигатай тэмцэх газар, эсхүл шүгэл үлээсэн мэдээллийг шилжүүлж авсан байгууллагаас шаардаж болно.
9.5Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний дараа энэ хуулийн 14.1.6-д заасан хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно.
9.6Шүгэл үлээгч энэ хуулийн 9.5-д заасан зөвлөгөө авах тухай хүсэлтийг эрх бүхий байгуулагад гаргах бөгөөд хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээ авна.
9.7Шүгэл үлээгч хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авсан тухай нууцлахыг хүссэн тохиолдолд эрх бүхий байгууллага нууцлалыг хангана.
9.8Шүгэл үлээгчийн эрхээ хэрэгжүүлэх, түүнд хамгаалалтын арга хэмжээ авахад саад учруулсан аливаа хэлцэл, тохиролцоо, хөдөлмөрийн дотоод журам хүчин төгөлдөр бус байна.
9.9Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
10 дугаар зүйлШүгэл үлээгчид хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй үйлдлийг хориглох
10.1Шүгэл үлээгчид шүгэл үлээсэнтэй холбоотойгоор хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй дараах үйлдлийг хориглоно:
10.1.1шүгэл үлээсэнтэй холбогдуулан албан тушаалыг нь бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардах;
10.1.2өөрийн зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх;
10.1.3цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал, урамшуулал олгоход ялгаварлан гадуурхах;
10.1.4шүгэл үлээгчийн ажилд хууль бусаар хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын үр дүнг ил болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;
10.1.5бараа, ажил, үйлчилгээний гэрээг цуцлах, шүгэл үлээгчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх захиргааны болон эдийн засгийн бусад арга хэмжээ авах;
10.1.6шүгэл үлээгчийн ажлын байр, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй бусад үйлдэл, эс үйлдэхүй.
10.2Шүгэл үлээгч энэ хуулийн 10.1-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.
10.3Энэ хуулийн 10.1-д заасан арга хэмжээг авсан байгууллага шийдвэрийн үндэслэлээ нотолно.
10.4Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шийдвэрийн үндэслэл нь нотлогдоогүй тохиолдолд тухайн байгууллага шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдлийг зогсоож, учруулсан хохирлыг нөхөн төлж энэ талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
11 дүгээр зүйлШүгэл үлээгчийг хариуцлагад татахгүй байх
11.1Төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн бол төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүвь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.
11.2Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад этгээдийн нийтийн ашиг сонирхлын төлөө өгсөн мэдээлэл түүний ажилтай нь холбоотой байгууллагын болон хувь хүний нууцын мэдээллийг агуулсан бол шүгэл үлээгчийг бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил мэргэжлийн хүрээнд нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.
11.3Шүгэл үлээгчийн өгсөн мэдээлэл нь нийтийн ашиг сонирхолд холбогдох хуулиар хамаарахгүй болохыг тогтоосон, бусад хууль тогтоомж зөрчөөгүй бол шүгэл үлээгчийг мэдээлэл өгсөнтэй нь холбогдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан хууль зүйн хариуцлагад татах үндэслэл болохгүй.
12 дугаар зүйлХамгаалалтын арга хэмжээ авах
12.1Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэнтэй холбоотойгоор түүнд болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд халдсан, эсхүл халдаж болзошгүй тохиолдолд энэ хуулийн 7.2-т заасан байгууллагад хамгаалалтын арга хэмжээ авах талаар хүсэлт гаргаж болно.
12.2Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн талаар шүгэл үлээж мэдээлэл өгсөн шүгэл үлээгчийн хүсэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 6.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2.6-д заасны дагуу хамгаалалтын арга хэмжээг авна.
12.3Шүгэл үлээгч нь өөрийн байгууллагын үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй талаар байгууллага дотроо шүгэл үлээсэн тохиолдолд тухайн байгууллага шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах арга хэмжээг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу авна.
13 дугаар зүйлХамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзах
13.1Дараах тохиолдолд эрх бүхий байгууллага хамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзаж болно:
13.1.1хамгаалуулах хүсэлтийг шүгэл үлээгч, түүнийг төлөөлөх эрх бүий этгээдээс бусад хүн гаргасан;
13.1.2энэ хуулийн 8.3-т заасан үндэслэл бий болсон;
13.1.3өмнө нь цуцалсан хамгаалалтын арга хэмжээний талаар дахин хүсэлт гаргасан;
13.1.4хуульд заасан бусад.
14 дүгээр зүйлЭрх бүхий байгууллага шүгэл үлээгчийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ
14.1Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчийг дэмжихтэй холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
14.1.1Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчийг дэмжихтэй холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
14.1.2шүгэл үлээсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
14.1.3шүгэл үлээгч эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтын арга хэмжээ зохион байгуулах;
14.1.4шүгэл үлээгчид урамшуулал, нөхөн төлбөр олгох үндэслэлийг хянаж шийдвэрлэх;
14.1.5хуулийг сурталчлан таниулах, шүгэл үлээгчийн талаарх сургалт зохион байгуулах;
14.1.6шүгэл үлээгчид хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;
14.1.7хуульд заасан бусад.
15 дугаар зүйлДундын мэдээллийн сан бүрдүүлэх
15.1Эрх бүхий байгууллага нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан, бүртгэсэн, шилжүүлсэн, хянан шалгасан, шүгэл үлээгчид хамгаалалтын арга хэмжээ авсан, цуцалсан, хохирлыг нөхөн төлсөн, мөнгөн урамшуулал олгосон тухай мэдээллийг агуулсан дундын мэдээллийн сантай байна.
15.2Дундын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, аюулгүй байдлыг хангах журмыг Авлигатай тэмцэх газар, цагдаагийн төв байгууллагын дарга энэ хуулийн 7.2-т заасан эрх бүхий байгууллагуулын саналыг харгалзан хамтран батална.
15.3Авлигатай тэмцэх газар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, дараа оны нэгдүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд мөн хугацаанд хүргүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ
16 дугаар зүйлШүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгох
16.1Дараах тохиолдолд шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно:
16.1.1Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан;
16.1.2хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн.
16.2Эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийн ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор Мөнгөн урамшууллын зөвлөлөөр өргөдлийг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
16.3Мөнгөн урамшууллын зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар батална. Бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл байна.
16.4Мөнгөн урамшууллын зөвлөл нь энэ хуулийн 16.1-д заасан орлогод хамаарах үнийн дүнг дараах хувь, хэмжээгээр тооцон мөнгөн урамшуулал олгоно:
16.4.1тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;
16.4.2тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;
16.4.3хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;
16.4.4нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;
16.4.5хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.
16.5Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.
16.6Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд энэ хуулийн 16.4-т заасан мөнгөн урамшууллын хэмжээний 50 хувийг тооцож олгоно.
16.7Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэх асуудлыг шүгэл үлээгчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, шүгэл үлээгчид албан бичгээр мэдэгдэнэ.
16.8Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэхтэй холбогдуулан нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 16.7-д заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
16.9Энэ хуулийн 16.8-д заасан нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд холбогдох материал, тайлбар ирүүлэхийг мөнгөн урамшуулал хүссэн өргөдөл гаргагч, лавлагаа, тодорхойлолт гаргах эрх бүхий этгээд, холбогдох байгууллагаас хүсэж болно. Мөнгөн урамшуулал авахыг хүссэн өргөдөл гаргагч, лавлагаа, тодорхойлолт гаргах эрх бүхий этгээд, холбогдох байгууллага энэхүү хүсэлтийг хангах үүрэгтэй.
16.10Энэ хуульд заасны дагуу шүгэл үлээгчид мөнгөн шагнал олгоогүй тохиолдолд шүгэл үлээгч энэ талаар эрх бүхий байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.
16.11Нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй үйлдлийн талаар шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон журмыг Мөнгөн урамшууллын зөвлөл батална.
17 дугаар зүйлМөнгөн шагнал, урамшууллыг буцаан авах, хасаж тооцох
17.1Шүгэл үлээгч энэ хуульд заасантай адил үндэслэл, шалтгаанаар бусад хууль тогтоомжийн дагуу мөнгөн урамшуулал авсан тохиолдолд Мөнгөн урамшууллын зөвлөл уг авсан хэмжээгээр мөнгөн урамшууллын мөнгөн дүнгээс хасаж тооцно.
17.2Эрх бүхий байгууллага дараах тохиолдолд олгосон мөнгөн урамшууллыг буцаан авах талаар шүгэл үлээгчид мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш гурван сарын дотор шүгэл үлээгч нь мөнгөн урамшууллыг буцааж өгнө:
17.2.1мөнгөн урамшууллыг хуурамч баримт бичиг бүрдүүлж, эсхүл үндэслэлгүйгээр олж авсан;
17.2.2энэ хуулийн 16 дугаар зүйлд заасныг зөрчиж мөнгөн урамшуулал олгосон;
17.2.3мөнгөн урамшууллын дүнг буруу тооцож олгосон.
17.3Шүгэл үлээгч энэ хуулийн 17.2-т заасан хугацаанд мөнгөн урамшууллыг буцааж өгөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага энэ асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлж болно.
18 дугаар зүйлШүгэл үлээгчид нөхөн төлбөр олгох
18.1Шүгэл үлээгч, түүний хамаарал бүхий этгээдэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авахад гарах зардлыг холбогдох хуульд заасны дагуу зохицуулна.
18.2Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдэд хамгаалалтын арга хэмжээ авснаас гадна болон хамгаалалтын арга хэмжээ аваагүйн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр авах хүсэлтээ доор дурдсан үндэслэлээр гаргаж болно:
18.2.1шүгэл үлээсэнтэй холбогдуулан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого илтэд буурсан;
18.2.2тухайн гэмт хэргийн хохирогч болж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
19 дүгээр зүйлСанхүүжилт
19.1Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр үйлдсэн гэмт хэрэг, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг энэ хуульд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авах, мөнгөн урамшуулал олгоход зориулан тухайн байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
19.2Энэ хуулийн 19.1-д заасан тухайн жилийн төсвөөс мөнгөн урамшууллыг олгох боломжгүй тохиолдолд дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
20 дугаар зүйлХориглох зүйл
20.1Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээхэд саад хийх, шүгэл үлээгчийг мэдээллээ татаж авахыг хүчээр тулгахыг хориглоно.
20.2Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан мөнгөн урамшууллыг адил үндэслэлээр бусад хууль тогтоомжийн дагуу давхардуулан олгохыг хориглоно.
20.3Шүгэл үлээгч нь өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал олж авах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах зорилгоор шүгэл үлээхийг хориглоно.
20.4Дараах тохиолдолд шүгэл үлээгчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ:
20.4.1мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан;
20.4.2өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох зорилгоор шүгэл үлээсэн, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан.
21 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
22.1Энэ хуулийг 2022 оны .. дугаар сарын … өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
(Шүгэл үлээгч дагах хууль.docx)