Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 3-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох болон даван туулах, хүлэмжийн хийн тэнцлийг хангахад чиглэсэн байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, карбон зах зээлийг бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бүртгэл, мэдээллийн сан, тайлагналын нэгдсэн тогтолцоог бий болгоход оршино.
2 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж
2.1. Уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль болон холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох болон даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх замаар тэнцлийг хангах, хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, карбон зах зээл болон ногоон санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтийн талаар төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага болон бусад оролцогч талуудын уялдаа, оролцоог хангахтай холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2. Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
4.1.1. “уур амьсгалын өөрчлөлт” гэж байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгалын төлөв байдалд урт хугацаанд гарч буй өөрчлөлтийг;
4.1.2. “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг;
4.1.3. “дасан зохицох” гэж байгаль орчин, нийгэм, эдийн засагт бодитой учирсан, эсхүл ирээдүйд тохиолдож болзошгүй уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн өртөх эмзэг байдлыг бууруулах, даван туулахад чиглэсэн чадавхыг бэхжүүлэх тогтвортой үйл ажиллагааг;
4.1.4. ”даван туулах” гэж уур амьсгалын өөрчлөлт, аюултай үзэгдэл, тогтворгүй өөрчлөлт тулгарахад нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтолцоо үндсэн чиг үүргээ хадгалан хариу үйлдэл үзүүлэх, дасан өөрчлөгдөх, сэргээн зохион байгуулагдах чадавхыг;
4.1.5. “уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл” гэж уур амьсгалын аюултай үзэгдэл, эмзэг байдал, өртөмтгий байдлын харилцан нөлөөллөөс үүсэх сөрөг үр дагаврын магадлал, хэмжээг;
4.1.6. “уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, үр дагавар” гэж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэнд, нийгмийн тогтолцоо, эдийн засгийн үйл ажиллагаа, экосистемд үзүүлэх сөрөг өөрчлөлт, хохирлыг;
4.1.7. “гарз хохирол” гэж уур амьсгалын өөрчлөлтийн зайлшгүй болон даван туулах боломжгүй нөлөөллөөс үүдэн бий болж буй эдийн засгийн болон эдийн засгийн бус хохирол, алдагдлыг хэлнэ.
4.1.8. “урьдчилан мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо” гэж уур амьсгалын болон байгалийн аюултай үзэгдлийн талаарх мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх, олон нийт болон холбогдох байгууллага, албан тушаалтанд цаг тухайд нь хүргэх зохион байгуулалттай тогтолцоог;
4.1.9. “хүлэмжийн хий” гэж агаар мандалд хуримтлагдаж дулааныг тогтоон барих замаар уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрсхүчлийн хий, метан, азотын дутуу исэл болон бусад хийг;
4.1.10. “хүлэмжийн хийн ялгарал” гэж хүлэмжийн хий агаар мандалд ялгарч гарахыг;
4.1.11. “хүлэмжийн хийн тооллого” гэж холбогдох хууль тогтоомж, журам, аргачлалын дагуу улсын, салбарын, бүс нутгийн болон байгууллагын түвшинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд ялгаруулж эсвэл агаар мандлаас шингээн авч буй хүлэмжийн хийнүүдийг тооцооны аргаар тооцоолох үйл ажиллагааг;
4.1.12. “хүлэмжийн хийн шингээлт” гэж ой, ургамлын бүрхэвч, хөрс, ус болон бусад экосистем хүлэмжийн хийг хэрэглэх биологийн үйл явцыг;
4.1.13. “хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” гэж хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх, ялгарлын үүсвэр болон хэмжээг багасгах, агаар мандлаас зайлуулах, агуулах, шингээх замаар агаар мандал дахь хүлэмжийн хийн нийт хэмжээг бууруулах үйл ажиллагааг;
4.1.14. “хүлэмжийн хийн тэнцэл” гэж хүлэмжийн хийн ялгарал, түүнийг бууруулах, шингээх арга хэмжээний үр дүнгийн тэнцвэрийг хангахыг;
4.1.15. “дүйцүүлэх” гэж хүн, хуулийн этгээд өөрийн хүлээсэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, зохион байгуулах замаар сааруулалтын үр дүнг тооцуулахыг;
4.1.16. “сааруулалтын үр дүн” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан буюу шингээсэн, хэмжигдэхүйц, баталгаажсан үр дүнг;
4.1.17. “олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн” Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйл болон холбогдох олон улсын шийдвэр, журамд нийцүүлэн улс хооронд шилжүүлэн ашиглах боломжтой, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд оролцогч талууд үндэсний тооцоололд харгалзах тохируулга хийхээр хүлээн зөвшөөрсөн сааруулалтын үр дүнг ойлгоно.
4.1.18. “хүлэмжийн хийн ялгарлын тэнцлийг хангах” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, зайлшгүй үлдэх ялгарлыг хүлэмжийн хийн шингээлт болон дүйцүүлэх арга хэмжээгээр тооцуулж хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд хүргэхийг;
4.1.19. “карбон зах зээл” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дүйцүүлэх, шингээлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцаа, зохицуулалтыг хамарсан зах зээлийн тогтолцоог;
4.1.20. “сайн дурын карбон зах зээл” гэж хууль тогтоомжоор биелүүлэх шаардлагаас ангид, иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаанд оролцох зорилгоор ашигладаг карбон зах зээлийг;
4.1.21. “хоёр талт карбон зах зээл” гэж олон улсын гэрээнд заасны дагуу улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сааруулалтын үр дүнг шилжүүлэн тооцох замаар хэрэгжих карбон зах зээлийг;
4.1.22. “олон талт карбон зах зээл” гэж олон улсын гэрээнд заасан механизмаар олон талын оролцоотойгоор хэрэгжих карбон зах зээлийг;
4.1.23. “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” гэж Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилгоор олон улсын гэрээний дагуу тодорхойлж, хэрэгжүүлэхээр хүлээсэн зорилт, арга хэмжээний багцыг;
4.1.24. “Үндэсний карбон зах зээл” гэж үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанаас үүссэн карбон кредитийг дотоодын бүртгэл, арилжаа, дүйцүүлэлт, шилжилт, урамшуулалтын тогтолцоогоор дамжуулан ашиглах зах зээлийн механизмыг;
4.1.25. “ногоон санхүүжилт” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, даван туулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтыг;
4.1.26. “ногоон таксономи” гэж эрх бүхий байгууллагаас баталсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилгод нийцсэн бөгөөд байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй эдийн засгийн үйл ажиллагааг ангилж, ногоон санхүүжилт, уур амьсгалын хөрөнгө оруулалтад хамааруулах шалгуур, ангиллыг;
4.1.27. “Үндэсний зохицуулагч байгууллага” гэж карбон кредитийг бүртгэх, хянан баталгаажуулах, арилжих, шилжүүлэх, тохируулга хийх, тайлагнах, хүлэмжийн хийн тооллого хийх, мэдээллийн сан үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх бүхий байгууллагыг,
4.1.28. “Парисын Хэлэлцээр” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд батлагдсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, бага ялгарлын хөгжлийг дэмжих зорилготой олон улсын гэрээг;
4.1.29. “Үндэсний платформ” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулж тэг ялгаралд хүрэхэд чиглэсэн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг уялдуулах зорилгоор төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, олон улсын түнш, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны тогтолцоог;
4.1.30. “Үндэсний зохицуулагч байгууллага” гэж карбон кредитийг бүртгэх, хянан баталгаажуулах, арилжих, шилжүүлэх, тохируулга хийх, тайлагнах, хүлэмжийн хийн тооллого хийх, мэдээллийн сан үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх бүхий байгууллагыг,
4.1.31. “харгалзах тохируулга” гэж Парисын Хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд олон улсад шилжүүлсэн сааруулалтын үр дүнг олон улсын аргачлалын дагуу хүлэмжийн хийн үндэсний тооллогын дүнд тохиргоо хийн нэмж тооцохыг;
4.1.32. “карбон кредит” гэж хүлэмжийн хийн ялгарлыг 1 тонн CO₂-тэй тэнцэх хэмжээгээр бууруулсан, шингээсэн эсвэл дүйцүүлснийг баталгаажуулсан үр дүнг;
5 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5 .1. Энэ хуулиар зохицуулах харилцаанд дараах зарчмыг баримтална:
5 .1.1. ил тод, нээлттэй байх;
5 .1.2. талуудын оролцоог хангах (уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүлгийг хүртээмжтэй байдлыг нэн тэргүүнд авч үзэх);
5 .1.3. шинжлэх ухаанд үндэслэх;
5 .1.4. менежментийн нэгдсэн бодлоготой байх;
5 .1.5. олон улсын хэм хэмжээг баримтлах;
5 .1.6. байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах;
5 .1.7. уламжлалд суурилсан инноваци, дэвшилтэт технологийг ашиглах
5 .2. Энэ хуулийн 5.1-д заасан зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:
5 .2.1. “ил тод, нээлттэй байх” гэж хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулснаас бусад тохиолдолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах, дасан зохицох, хүлэмжийн хийн тэнцвэрийг хангах үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байхыг;
5 .2.2. "талуудын оролцоог хангах" гэж холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэд, сонирхлын бүлгийн оролцоог хангахыг;
5 .2.3. .“шинжлэх ухаанд үндэслэх” гэж нийгэм, эдийн засаг, байгаль газарзүйн нөхцөл, уламжлалт мэдлэг, инновац, дэвшилтэт технологи, судалгаанд үндэслэхийг;
5 .2.4. .“менежментийн нэгдсэн бодлоготой байх” гэж агаар, ой, усны нөөц, хөрс, газар ашиглалт, биологийн олон янз байдал зэрэг байгалийн нөөцийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд болон бусад үйл ажиллагаанд нэгдсэн бодлого баримтлахыг;
5 .2.5. “олон улсын хэм хэмжээг баримтлах” гэж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын суурь конвенц болон бусад олон улсын гэрээ, хэлэлцээр, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, удирдамж, зөвлөмж, хэм хэмжээг харгалзахыг;
5 .2.6. “байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах” гэж экосистемийн бүрэлдэхүүн хэсэг, үйл явцын экологийн тэнцвэртэй, тогтвортой, эрүүл төлөв байдлыг хадгалахыг;
5 .2.7. .“уламжлалд суурилсан инноваци, дэвшилтэт технологийг ашиглах” гэж тухайн газар нутгийн газарзүйн онцлог, байгаль, нийгмийн нөхцөл байдлыг харгалзан, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий иргэдийн хэрэгцээнд нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, уламжлалт мэдлэгийг ашиглахын зэрэгцээ инноваци, дэвшилтэт технологийг ашиглах.
ХОЁРДУГААР БҮЛЭГУУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1. Улсын Их Хурал уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомжийг батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих;
6.1.2. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтод хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, түүнийг даван туулах асуудлыг тусган батлах;
6.1.3. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн төсөлд энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусган батлах, хяналт тавих;
6.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг батлах, шинэчлэх,
7.1.2. уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн салбар хоорондын уялдааг хангах;
7.1.3. карбон зах зээлийн хүрээнд хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах,
7.1.4. ногоон санхүүжилт, түүний хөшүүрэг, хэрэгслийг энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;
7.1.5. ногоон санхүүжилтийн олон улсын гэрээ, хэлэлцээрийг байгуулах;
7.1.6. ногоон таксономийг батлах;
7.1.7. Үндэсний зохицуулагч байгууллагыг байгуулж, дүрмийг батлах;
7.1.8. олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнд зөвшөөрөл олгох, шилжүүлэх, харгалзах тохируулга хийх, бүртгэл, хяналт, тайлагналын журмыг батлах;
7.1.9. уур амьсгалын өөрчлөлтийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд сааруулалтын үр дүнд үндэсний зөвшөөрөл олгох журмыг батлах;
7.1.10. Үндэсний платформын үйл ажиллагааны журмыг батлах;
7.1.11. хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын журмыг батлах;
7.1.12. уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүжилт болон орлогын урсгалын бүртгэл, тайлагнал, ил тод байдлын журмыг батлах;
7.1.13. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны чиг үүрэг
8.1. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар салбар дундын удирдлага, зохицуулалтыг хангах.
8.2. Уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүйн орчин, санхүүжилт, бодлогын шийдвэрт санал, зөвлөмж өгөх.
8.3. Үндэсний гүйцэтгэл, хүлэмжийн хийн үндэсний тайлан болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын өмнө үүрэг хүлээсэн тайлан, илтгэлийг хэлэлцэн баталгаажуулах.
9 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
9.1. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. ногоон санхүүжилт болон карбон зах зээлийн хөгжлүүлэх хүрээнд олон талын оролцоог хангасан урамшуулал, дэмжлэгийн хөшүүрэг бүхий эдийн засгийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх;
9.1.2. Үндэсний карбон зах зээлийн бодлогыг тодорхойлох;
9.1.3. бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн шийдлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих;
9.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
9.2. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1. уур амьсгалын өөрчлөлтийн суурь судалгаа, эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг хийх;
9.2.2. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, төлөвлөгөө боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
9.2.3. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн карбон зах зээлийн бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх;
9.2.4. Үндэсний зохицуулагч байгууллагыг томилж, удирдлагаар хангах;
9.2.5. уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх журмыг батлах;
9.2.6. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг тооцох, тайлагнах, баталгаажуулах журам батлах;
9.2.7. карбон кредитийг худалдах, арилжих, дүйцүүлэх, шилжүүлэх зөвшөөрөл олгох, бүртгэх, хянах журам батлах;
9.2.8. олон улсын гэрээгээр үүрэг хүлээсэн тайланг хянах;
9.2.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
9.3. Бусад төрийн захиргааны төв байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.3.1. энэ хуулийн 6.1.1, 7.1.1-д заасныг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
9.3.2. хүлэмжийн хийн тооллоготой холбогдох мэдээллийг мэдээллийн санд оруулах, тайлагнах;
9.3.3. тухайн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг тооцох аргачлалыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох;
9.3.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх
10.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлан сум, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, гүйцэтгэлд хяналт тавина.
11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
11.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг энэ хуулийн 13.1-д заасан байгууллагаар хийлгэнэ.
11.2. Энэ хуулийн 6.1.1, 7.1.1, 11.1-д заасантай уялдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган тайлагнана.
12 дугаар зүйл. Үндэсний зохицуулагч байгууллагын эрх, үүрэг
12.1. Үндэсний зохицуулагч байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа төрийн захиргааны байгууллага байх ба дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
12.1.1. хүлэмжийн хийн үндэсний тооллого хийх, өгөгдөл, мэдээллийг боловсруулах, хадгалах, шинэчлэх;
12.1.2. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн биелэлттэй холбоотой өгөгдөл, мэдээг цуглуулах, бүртгэлжүүлэх;
12.1.3. энэ хуулийн 17.1, 20.1, 20.2-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний бүртгэл хийх, бүртгэл мэдээллийг олон улсын бүртгэлийн системтэй уялдуулах;
12.1.4. Үндэсний зорилтын гүйцэтгэл, хүлэмжийн хийн үндэсний тайлан болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын өмнө үүрэг хүлээсэн тайлан, илтгэлийг боловсруулах, хэлэлцүүлэх, тайлагнах, хүргүүлэх.
ГУРАВДУГААР БҮЛЭГУУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ
13 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ
13.1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээг жил тутам, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн чиг хандлагын үнэлгээг таван жил тутам зохион байгуулж, холбогдох байгууллагын мэдээлэл, судалгаанд үндэслэн нэгтгэн боловсруулж, тайлагнана.
13.2. Энэ хуулийн 14.1-д заасан үнэлгээний үр дүнд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх бодит болон болзошгүй сөрөг нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийг нийгэм, эдийн засгийн салбар, бүс нутаг тус бүрээр холбогдох төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран шинжлэх ухаанд суурилсан дасан зохицох арга хэмжээг тодорхойлно.
13.3. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ нь үндэсний, салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, түүнчлэн Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд ашиглах суурь мэдээлэл байна.
13.4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүнг Үндэсний платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
13.5. Нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, түүнчлэн гарз хохирлын үнэлгээг шалгуур үзүүлэлт болон хамрах хүрээг эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
14 дүгээр зүйл. Хүлэмжийн хийн үндэсний тооллого
14.1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь салбар хоорондын уялдаа холбоог хангах нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх, түүнчлэн тооллогын тайланд хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулна.
14.2. Хүлэмжийн хийн үндэсний тооллогын дүн, тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, удирдамжид нийцүүлэн тогтоосон хугацаанд Үндэсний зохицуулагч байгууллага боловсруулна.
14.3. Хүлэмжийн хийн үндэсний тооллогын чанар, үнэн зөв байдлыг хангах зорилгоор шаардлагатай өгөгдөл, мэдээллийг тогтмол цуглуулах, баталгаажуулах, үндэсний нөхцөл, онцлогт тохирсон ялгарал болон шингээлтийн коэффициентийг тодорхойлох, шинэчлэх судалгааг салбар тус бүрээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран зохион байгуулна.
14.4. Хөгжлийн бодлого, төлөвлөлт болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн үндэсний түвшний хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөллийг боловсруулж, тогтмол хугацаанд шинэчилнэ.
14.5. Хүлэмжийн хийн ялгарлын тооллогын үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор дотоод хяналт, чанарын баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, олон улсын техникийн шинжилгээнд хамруулна.
14.6. Хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэтийн төсөөллийг боловсруулах аргачлал, түүнд хяналт, чанарын баталгаажуулалт хийх аргачлал, журмыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
14.7. Хүлэмжийн хийн үндэсний тооллогыг хийхэд шаардагдах өгөгдөл, тоон мэдээлэл, баримт бүхий мэдээллийн санг бүрдүүлнэ.
14.8. Холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллага, бусад байгууллага нь хүлэмжийн хийн үндэсний тооллого хийхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийг гаргаж өгнө.
14.9. Хүлэмжийн хийн үндэсний тооллого нь улсын болон салбарын түвшинд хийгдэж, уур амьсгалын бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн суурь мэдээлэл байна.
14.10. Хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайланг хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн ил тод байдлын тайлангийн хамтаар Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд хүргүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
15 дугаар зүйл. Хүлэмжийн хийн тооллогод харгалзах тохиргоог хийх
15.1. Хоёр талт болон олон талт хэлэлцээрийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг шилжүүлж, харгалзах тохиргоог хийхдээ дараах зарчмыг баримтална:
15.1.1. Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг чухалчлах;
15.1.2. олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлд үндэслэсэн байх;
15.1.3. олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн хэмжээ, зорилго, хүрээг талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрээр зохицуулах;
15.1.4. олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн шилжүүлэг нь Монгол Улсын үндэсний карбон бүртгэлийн системд бүртгэгдэх, давхар тооцохгүй байх;
15.1.5. Монгол Улс хүлэмжийн хийн үндэсний тооллогод харгалзах тохируулгыг холбогдох олон улсын дүрэм, удирдамжийн дагуу хийнэ.
15.2. Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад сааруулалтын үр дүн, карбон кредитэд харгалзах тохируулга хийх эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно.
16 дугаар зүйл. Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ
16 .1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад хуулийн этгээд нь бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу хийж болно.
16 .2. Энэ хуулийн 16.1-д заасан үнэлгээнд хамрагдаагүй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон түүнд дасан зохицоход чиглэсэн төсөл, хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, төрөөс батлан даалт гаргах, санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэхгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГУУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХ
17 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлт
17.1. Энэ хуулийн 13.1-д заасан үнэлгээний үр дүнд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний дасан зохицох төлөвлөгөөг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран Үндэсний тодорхойлсон хувь нэмэртэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлнэ.
17.2. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хүрээнд улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар зохион байгуулна.
17.3. Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний зорилго, зорилтыг Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлнэ.
17.4. Нийгэм, эдийн засгийн хувьд уур амьсгалын нөхцөлөөс хараат, өртөмтгий, эмзэг, ирээдүйд учирч болзошгүй байгалийн гамшигт үзэгдэлд өртөх эрсдэл өндөртэй байгаа салбар, оролцогч талууд болон иргэдийн дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгоно.
17.5. Улсын төсөв, орон нутгийн төсөвт уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцох аргачлалыг нэвтрүүлж, 18.4-д заасан салбар, оролцогч талууд болон иргэдийн дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлнэ.
17.6. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг олон улсын төсөл, хандив тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт, тухайн жилийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
18 дугаар зүйл. Дасан зохицох арга хэмжээний үнэлгээ, тайлан
18.1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээтэй холбоотой өгөгдөл, мэдээллийн бүрэн байдлыг хангана.
18.2. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилтэд оролцогч талуудаас гүйцэтгэлтэй холбоотой тайлан, мэдээллийг цуглуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил тутамд үнэлж, тайланг боловсруулж Засгийн газарт танилцуулан баталгаажуулж, үндэсний болон олон улсын түвшинд тайлагнана.
18.3. Үндэсний дасан зохицох төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийн мэдээллийг Үндэсний платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГУУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ, ШИНГЭЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
19 дүгээр зүйл. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх бодлого, төлөвлөлт
19.1. Засгийн газар энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүлэмжийн хийн үндэсний тооллого, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөлөлд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр үндэсний түвшний урт болон дунд хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөө батлах бөгөөд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийг таван жил тутам шинэчлэн тодорхойлж батална.
19.2. Энэ хуулийн 20.1-д заасан бодлого, стратеги, төлөвлөгөөнд хүлэмжийн хийг ялгаруулагч болон шингээгч салбар тус бүрээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээ, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.
19.3. Салбарын болон бусад төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 11, 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээг салбарын болон нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж хэрэгжүүлнэ.
19.4. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг харгалзан үзнэ.
19.5. хувийн хэвшлийн байгууллага өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцох, бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжинэ.
19.6. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгууллага, төслийн түвшний хүлэмжийн хийн ялгарлын тооцоо, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалттай холбоотой арга зүй, заавар, журмыг баталж, хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
19.7. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, арга хэмжээний хэрэгжилтийн өгөгдөл, үзүүлэлтийг нэгтгэн боловсруулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулна.
19.8. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах урт болон дунд хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд институцын болон боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг тусгана.
19.9. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр инновац, шинэ технологи, туршилтын төслийг дэмжих бодлогын орчныг бүрдүүлнэ.
20 дугаар зүйл. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын үр дүнг тооцох ба тайлагнах
20.1. Үндэсний зохицуулагч байгууллага нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүлэмжийн хийн үндэсний тооллого, холбогдох баталгаажсан өгөгдөл, үзүүлэлтэд үндэслэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үр дүнг тооцож, нэгтгэн дүгнэнэ.
20.2. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу тооцож, ил тод байдлын тайланг боловсруулна.
20.3. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийн ил тод байдлын тайланг Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
20.4. Хуульд заасан журмын дагуу холбогдох зөвшөөрөл олгогдсон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төсөл, хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг талуудын тохиролцсоны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн үр дүнд оруулан тооцно.
20.5. Энэ хуулийн 21.3-т зааснаас бусад карбон кредит болон баталгаажаагүй, олон улсад шилжүүлэн тооцохоор зөвшөөрөл олгогдоогүй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаанаас үүссэн сааруулалтын үр дүнг тооцож, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн үр дүнд оруулан тооцно.
20.6. Үндэсний зохицуулагч байгууллага нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийн ил тод байдлын тайланг Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд олон улсын техникийн шинжилгээ, ил тод байдлын шалгалтад хамруулна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГНОГООН САНХҮҮЖИЛТ
21 дүгээр зүйл. Ногоон санхүүжилт
21.1. Ногоон санхүүжилт нь энэ хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, даван туулах, гарз хохирлыг арилгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглагдана.
21.2. Ногоон санхүүжилтийн бодлого, санхүүгийн хөшүүрэг нь Монгол Улсын Үндэсний зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, төсөв, мөнгөний бодлого болон санхүүгийн салбарын зохицуулалттай уялдсан байна.
21.3. Ногоон санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
21.3.1. улсын болон орон нутгийн төсөв;
21.3.2. олон улсын уур амьсгалын сан, хөгжлийн сан, хөтөлбөр;
21.3.3. гадаадын зээл, буцалтгүй тусламж, хандив;
21.3.4. дотоод, гадаадын хуулийн этгээд, хувь хүний санхүүжилт;
21.3.5. төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилт;
21.3.6. байгаль орчин, уур амьсгалын сан;
21.3.7. хууль тогтоомжид нийцсэн бусад эх үүсвэр.
21.4. Ногоон санхүүжилтийг дараах санхүүгийн хэрэгсэл, хөшүүргээр дамжуулан олгож болно:
21.4.1. буцалтгүй тусламж;
21.4.2. зорилтот бонд, зээл;
21.4.3. төр, хувийн хэвшлийн болон олон улсын эх үүсвэртэй холимог санхүүжилт;
21.4.4. даатгал;
21.4.5. батлан даалт;
21.4.6. татвар;
21.4.7. карбон санхүүжилт;
21.4.8. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт;
21.4.9. хууль тогтоомжид нийцсэн бусад санхүүгийн хэрэгсэл болон хөшүүрэг.
21.5. Улсын, орон нутгийн төсвөөс хөнгөлөлттэй зээлийг олгож буй үйл ажиллагаанд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шаардлагыг нэмж тусгана.
21.6. Уур амьсгалын хөрөнгө оруулалтад үзүүлэх урамшуулал, дэмжлэг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эрсдэлийг бууруулах, урт хугацааны тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
21.7. Ногоон санхүүжилт, түүнтэй холбоотой урамшуулал, дэмжлэгийг олгохдоо ногоон санхүүжилтийн шалгуур, таксономи, хэмжилт, хяналт, тайлагнал, баталгаажуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үндэслэнэ.
22 дугаар зүйл. Ногоон санхүүжилтийн шалгуур, нийцэл
22.1. Ногоон санхүүжилтэд хамрагдах төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономид нийцсэн байна.
22.2. Ногоон санхүүжилт нь байгаль орчин, нийгэмд ноцтой хор хөнөөл учруулахгүй байх, давхар тооцоолол үүсгэхгүй байх шаардлагыг хангана.
22.3. Ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулахад энэ хуульд заасан хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо, холбогдох аргачлалыг баримтална.
22.4. Карбон зах зээлийн хүрээнд үүсэх карбон кредит, дүйцүүлсэн нэгж, тэдгээрээс үүсэх орлогын тооцоо, шилжүүлэг, ашиглалт нь энэ хуулийн карбон зах зээлийн зохицуулалтаар зохицуулагдах бөгөөд ногоон санхүүжилтийн үр дүнг давхар тооцохгүй.
23 дугаар зүйл. Ногоон санхүүжилтийн ил тод байдал, хяналт
23.1. Ногоон санхүүжилт олгох шийдвэр, санхүүжилтийн эх үүсвэр, зориулалт, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл нь ил тод, нээлттэй, олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр мэдээлнэ.
23.2. Ногоон санхүүжилтийн үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, эрсдэл болон гарз хохирлыг бууруулахад оруулж буй бодит хувь нэмрээр хэмжиж, энэ хуульд заасан хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын дагуу үнэлнэ.
23.3. Санхүүжилтийн үр дүнг баталгаажуулах үйл ажиллагааг стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн хараат бус мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
23.4. Ногоон санхүүжилтээс үүссэн баталгаажсан үр дүнг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн тайланд тусган тооцож, тайлагнана.
23.5. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ногоон санхүүжилтийн баталгаажсан үр дүн, холбогдох тайлан, мэдээллийг үндэсний болон олон улсын түвшинд тогтоосон журмын дагуу тайлагнаж, Үндэсний платформоор дамжуулан нээлттэй мэдээлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГКАРБОН ЗАХ ЗЭЭЛ
24 дүгээр зүйл. Карбон зах зээл ба түүний хэрэгжилт, зөвшөөрөл
24.1. Карбон зах зээл нь дараах хэлбэртэй байна:
24.1.1. олон талт;
24.1.2. хоёр талт;
24.1.3. үндэсний;
24.1.4. дүйцүүлэх;
24.1.5. сайн дурын карбон зах зээл.
24.2. Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуу хэрэгжих олон талт, хоёр талт зохицуулалтын механизм, түүнчлэн сайн дурын карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих карбон төсөл, хөтөлбөрийн үр дүнд дараах төрлийн карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг гаргах, ашиглах боломжтой байна:
24.2.1. олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн;
24.2.2. карбон кредит;
24.2.3. дүйцүүлэх карбон кредит;
24.2.4. сайн дурын карбон кредит.
24.3. Олон улсад шилжүүлэх, арилжаалах зорилго бүхий олон талт, хоёр талт болон сайн дурын карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрийг төлөвлөх шатанд энэ хууль болон холбогдох журмын дагуу баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий байгууллагаас карбон төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл авна.
24.4. Карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг төсөл хэрэгжүүлэгч талууд хооронд хуваарилах, ашиглах асуудлыг хоёр талт хэлэлцээр болон төслийн гэрээгээр зохицуулна.
24.5. Карбон төсөлд олгох зөвшөөрөлд дараах асуудлыг тусгана:
24.5.1. үүсэх карбон кредит, сааруулалтын үр дүнгээс Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт тооцох болон эс тооцох хэмжээ;
24.5.2. хүлэмжийн хийн үндэсний тооллогод харгалзах тохируулга хийх шаардлага;
24.5.3. давхар тооцооллоос зайлсхийхэд шаардлагатай суурь мэдээлэл.
24.6. Карбон зах зээлийн үйл ажиллагаанд дараах үндсэн зарчмыг баримтална:
24.6.1. бодит, хэмжигдэхүйц, нэмэлт, баталгаажсан үр дүнд суурилах;
24.6.2. давхар тооцоолол үүсгэхгүй байх;
24.6.3. сааруулалтын үр дүн нь урт хугацаанд хадгалагдах;
24.6.4. байгаль орчин, нийгэм, эдийн засагт ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;
24.6.5. сонирхогч талуудын оролцоог хангах, үр шимийг шударгаар хуваарилах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
24.7. Засгийн газар карбон төсөлд тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, карбон кредит, сааруулалтын үр дүнг бүртгэх, шилжүүлэх, ашиглах, түүнчлэн карбон зах зээлийн хэрэгжилтийн журмыг батална.
25 дугаар зүйл. Карбон кредитийн өмчлөл, шилжүүлэлт ба ашиглалт
25.1. Баталгаажсан карбон кредит нь олон улсын болон үндэсний бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсч, санхүүгийн хэрэгсэл болно.
25.2. Улсын, орон нутгийн төсвийн санхүүжилтээр шууд санхүүжээгүй төслөөс үүссэн карбон кредитийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, төслийг хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөл болон бусад сонирхогч талуудын хооронд байгуулсан гэрээгээр тогтоох бөгөөд тухайн гэрээнд талуудын оролцоо, эрх, үүрэг, үр ашгийн хуваарилалт тусгагдсан байна.
25.3. Улсын, орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслөөс үүсэх карбон кредитийн өмчлөл, ашиглалт, шилжүүлэлтийн ерөнхий нөхцөлийг Засгийн газар тогтооно.
25.4. Карбон кредитийн өмчлөл, шилжүүлэлтийн мэдээллийн үндэсний бүртгэлд бүртгэж, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийн тайланд тусгаж тайлагнана.
25.5. Карбон кредитийг шилжүүлэх, арилжаалахтай холбоотой харилцааг холбогдох журмаар зохицуулна.
26 дугаар зүйл. Газартай холбоотой карбон кредитийн зохицуулалт
26.1. Газрын ашиглалттай холбоотой сааруулалтын үйл ажиллагаанаас үүсэх карбон кредитийн өмчлөл, ашиглалт нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлахгүй байна.
26.2. Газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон төслийг хэрэгжүүлэгч этгээдийн хооронд карбон кредиттэй холбоотой эрх, үүргийг гэрээгээр зохицуулна.
26.3. Улсын болон орон нутгийн өмчийн газарт хэрэгжүүлсэн төслөөс үүсэх карбон кредитийн өмчлөл, ашиглалт, шилжүүлэлтийг энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн төслийн оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
27 дугаар зүйл. Хяналт, хэмжилт, баталгаажуулалт, тайлагнал
27.1. Карбон кредит үүсгэх үйл ажиллагаанд хяналт, хэмжилт, баталгаажуулалт, тайлагналын тогтолцоог хэрэгжүүлнэ.
27.2. Карбон кредитийн баталгаажуулалт нь урьдчилсан баталгаажуулалт болон үр дүнгийн баталгаажуулалтаас бүрдэх бөгөөд хөндлөнгийн итгэмжлэгдсэн этгээд гүйцэтгэнэ.
27.3. Баталгаажуулалтын журам, шалгуур, итгэмжлэлийн шаардлагыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
НАЙМДУГААР БҮЛЭГМЭДЭЭЛЛИЙН САН, ИЛ ТОД БАЙДАЛ
28 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ
28.1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформыг хөгжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангана.
28.2. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хүлэмжийн хийн үндэсний тооллого, бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, төсөл, хөтөлбөр, тэдгээрийн үр дүнтэй холбоотой мэдээллийг Үндэсний платформоор дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
28.3. Үндэсний платформ нь судалгаа, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах үндэсний түвшний суурь мэдээллийн эх сурвалж байхаас гадна салбар хоорондын бодлогын уялдааг хангана.
28.4. Үндэсний платформыг тасралтгүй хөгжүүлж, сайжруулан төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага, олон улсын түншүүдийг холбох, хөрөнгө оруулалтыг дэмжих, мэдлэг, мэдээлэл, чадавхыг бэхжүүлэх нээлттэй хамтын ажиллагааны тогтолцоо болгож ашиглана.
29 дүгээр зүйл. Хяналт, шинжилгээ-үнэлгээ, ил тод байдал
29.1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, алдагдал, гарз хохирлыг бууруулах, технологи дамжуулах, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, түүнчлэн ногоон санхүүжилтийн үр дүнг үнэлэх хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалыг боловсруулж, батална.
29.2. Энэ хуулийн хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээ, ногоон санхүүжилтийн хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүр хийж, хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагаар баталгаажуулан Засгийн газарт танилцуулна.
29.3. Монгол Улс олон улсын гэрээ болон тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу дараах тайлан, мэдээллийг тогтоосон хугацаанд ил тод байдлыг ханган тайлагнана:
29.3.1. хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайлан;
29.3.2. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайлан;
29.3.3. уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын үндэсний тайлан, илтгэл;
29.3.4. карбон кредитийн талаарх жил тутмын шинэчилсэн мэдээлэл бүхий тайлан.
29.4. Үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг тасралтгүй хянаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ болон үр дүнгийн тайланг боловсруулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
29.5. Салбарын байгууллага, аж ахуйн нэгж нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл, нөлөөлөл, ялгарал болон дасан зохицох, сааруулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон улсын сайн дурын тайлагналын стандартын дагуу ил тод байдлаар тайлагнах боломжтой.
29.6. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайлан, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын үндэсний тайлан, Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний тайлан зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, бодлого, хэрэгжилтийн тайланг Үндэсний платформоор дамжуулан олон нийт, оролцогч талуудад нээлттэй мэдээлнэ.
30 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбоны бүртгэл
30.1. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, дасан зохицох болон сааруулах арга хэмжээний талаарх мэдээллийг төвлөрүүлэн бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх мэдээллийн сантай байна.
30.2. Энэ хуулийн 31.1-д заасан мэдээллийн санд салбарын, орон нутгийн, мэргэжлийн, эрдэм шинжилгээний болон хувийн хэвшлийн байгууллага холбогдох өгөгдөл, мэдээллийг тогтоосон журмын дагуу хүргүүлж, үнэн зөв, бүрэн байдлыг хариуцна.
30.3. Хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээллийн системийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, тасралтгүй хөгжүүлэн ажиллуулна.
30.4. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үндэсний карбон бүртгэлийн системийг бий болгож, тасралтгүй сайжруулан ажиллуулна.
30.5. Үндэсний карбон бүртгэлийн систем нь дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд:
30.5.1. төслийн үндсэн мэдээлэл;
30.5.2. төслийн урьдчилсан болон үр дүнгийн баталгаажуулалтын тайлан;
30.5.3. үүссэн карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн хэмжээ;
30.5.4. карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг олон улсад болон бусад талд шилжүүлсэн талаарх мэдээлэл;
30.5.5. холбогдох бусад шаардлагатай мэдээлэл.
30.6. Үндэсний карбон бүртгэлийн систем нь хүлэмжийн хийн үндэсний тооллогын систем болон олон улсын холбогдох карбон бүртгэлийн системтэй уялдсан байна.
30.7. Карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг шилжүүлсэн талаарх бүртгэлийн мэдээлэлд үндэслэн хүлэмжийн хийн үндэсний тооллогод харгалзах тохируулгыг холбогдох олон улсын зохицуулалтын дагуу хийнэ.
30.8. Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, хүлэмжийн хийн үндэсний тооллогын систем болон карбон бүртгэлийн системийн нээлттэй мэдээлэл нь Үндэсний платформын бүрэлдэхүүн хэсэг байж, олон нийтэд нээлттэй байна.
30.9. Мэдээллийн сан, бүртгэлийн систем дэх өгөгдөл, мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн ил тод, хүртээмжтэй байлгах бөгөөд үндэсний аюулгүй байдал, нууцлалтай холбоотой мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГБУСАД
31 дүгээр зүйл. Хориглох үйл ажиллагаа
31.1. Үндэсний зорилтыг хангах тохируулгатай карбон кредитийг энэ хуулийн 12.1-д заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр худалдах, арилжих, бусад байдлаар шилжүүлэхийг хориглоно.
32 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
32.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.2. Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
33.1. Энэ хууль нь 20… оны … сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
