Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 6-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын газар нутгийг төлөвлөх, газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрхээр бусдад шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах, бүртгэх, хяналт тавих, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлГазрын ерөнхий хууль тогтоомж
2.1Газрын ерөнхий хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2Дараах харилцааг энэ хуульд нийцүүлэн тухайлсан хуулиар зохицуулна:
3.2.1газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан болон байгалийн бусад баялаг, газар нутгийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцаа;
3.2.2газар зүйн нэртэй холбоотой харилцаа;
3.2.3Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх харилцаа;
3.2.4газрын үнэлгээ, татвар, төлбөртэй холбоотой харилцаа;
3.2.5кадастр эрхлэхтэй холбоотой харилцаа;
3.2.6хот байгуулалттай холбоотой харилцаа;
3.2.7нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор солих, эсхүл эргүүлэн авахтай холбоотой харилцаа.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1”газар” гэж газрын хөрс, ургамал, ой, ус, хэвлий болон хийн мандлын агаар бүхий орон зайн давхаргыг;
4.1.2“газар өмчлөх эрх” гэж газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгаж, захиран зарцуулахыг;
4.1.3“газрын узуфрукт эрх” гэж төрийн өмчийн газрын үр шимийг нь хүртэх, ашиг олох зорилгоор тодорхой нөхцөл, болзол, хугацаатайгаар өөрийн мэдэлд байлгахыг;
4.1.4“барилга байгууламж барих газрын эрх” гэж төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих зорилгоор газрыг тодорхой нөхцөл, болзол, хугацаатайгаар өөрийн мэдэлд байлгахыг;
4.1.5“дундын мэдлийн газрын эрх” гэж хоёр, түүнээс дээш өмчлөгчтэй орон сууц, барилга байгууламжийн доорх болон орчны газрыг дундаа хэсгээр ашиглахаар өөрийн мэдэлд байлгахыг;
4.1.6“сервитут тогтоох” гэж газрын эрхээ хэрэгжүүлэх, нийгмийн зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор газрын хязгаарлагдмал эрх болон өмчлөх эрхийг хязгаарлахыг;
4.1.7“газрын төлөв байдал, чанарын хяналт” гэж тухайн газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтийг анхны үзүүлэлттэй нь харьцуулсан дүгнэлтийг;
4.1.8“бэлчээр” гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн ангилалд хамааруулсан газрыг;
4.1.9“отрын нөөц бэлчээр” гэж гамшиг, аюулт үзэгдлийн үед болон нүүдэллэн оторлож ашиглах зориулалтаар эрх бүхий төрийн байгууллагаас тусгайлан тогтоож нөөцөлсөн газрыг;
4.1.10“бэлчээр ашиглагч” гэж малчин өрх, мал, амьтан бүхий этгээд болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг;
4.1.11“бэлчээрийн даац” гэж бэлчээрийн ургамлын өсөлт, хөгжилт, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр тодорхой хугацааны туршид тухайн газарт бэлчээж болох мал, амьтны тоог;
4.1.12“дамжин өнгөрөх бэлчээр” гэж мал тууварлах, нүүдэллэхэд зориулсан зурвас бэлчээрийг;
4.1.13“газрын доройтол” гэж хүний үйл ажиллагаа, байгалийн үйл явц, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн хомсдолын хавсарсан нөлөөгөөр газар элэгдэл, эвдрэлд орж, үржил шим муудан, биологийн болон эдийн засгийн бүтээмжийн чадавхи буурах, алдагдах үйл явцыг;
4.1.14“кадастр” гэж нэгж талбарт суурилсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, хил зааг, эрх, эрхийн хязгаарлалт, төлөв байдал, чанар, чадавх, үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийг бүртгэх үйл ажиллагааг.
5 дугаар зүйлТөрөөс газрын талаар баримтлах зарчим
5.1Газрын харилцаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1Монгол Улсын нутаг дэвсгэр салшгүй бүрэн бүтэн, газрын сан, түүний удирдлага нэгдмэл байх;
5.1.2газар нь төрийн хамгаалалтад байх;
5.1.3хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;
5.1.4газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн газар өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах;
5.1.5газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах;
5.1.6газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх;
5.1.7газар, байгалийн нөөц, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн сан нэгдмэл байх;
5.1.8газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх.
6 дугаар зүйлГазар зүйн нэр, хилийн цэс
6.1Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр хилийн цэс, газар зүйн нэрийн зурагтай байна.
6.2Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг зураглах, бүртгэх, хадгалах, ашиглахтай холбоотой харилцааг Засгийн газраас баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн газар зохион байгуулалт хийх журмаар зохицуулна.
6.3Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн газар зохион байгуулалтыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, баг, хорооны нутаг дэвсгэрийн хил заагийн газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус эрхэлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН НЭГДМЭЛ САН, ТҮҮНИЙ УДИРДЛАГА
7 дугаар зүйлГазрын нэгдмэл сан, түүний удирдлагын нэгдмэл байдал
7.1Монгол Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сан мөн.
7.2Газрын нэгдмэл сан нь түүний ангилал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь болон газар ашиглалтын зориулалтаас үл хамааран нэгдмэл удирдлагатай байх бөгөөд удирдлагын тогтолцоог энэ хуулиар тогтооно.
8 дугаар зүйлГазрын нэгдмэл сангийн үндсэн ангилал
8.1Газрын нэгдмэл санг газар ашиглалтын зориулалт, хэрэгцээ болон бүрхэвчээс нь хамааруулан дараах үндсэн ангилалд хуваана:
8.1.1хөдөө аж ахуйн газар;
8.1.2хот, тосгон, бусад суурины эдэлбэр газар;
8.1.3зам, шугам сүлжээний газар;
8.1.4ойн сан бүхий газар;
8.1.5усны сан бүхий газар.
9 дүгээр зүйлХөдөө аж ахуйн газар
9.1Хөдөө аж ахуйн газарт дараах газар хамаарна:
9.1.1бэлчээрийн газар;
9.1.2хадлангийн газар;
9.1.3тариалангийн газар;
9.1.4хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар;
9.1.5хад асга, элсэн манхан, ургамлын бүрхэвчгүй газар;
9.1.6атаржсан газар;
9.1.7хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар.
10 дугаар зүйлХот, тосгон, бусад суурины эдэлбэр газар
10.1Хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт дараах газар хамаарна:
10.1.1барилга байгууламжийн дэвсгэр газар;
10.1.2нийтийн болон амины орон сууцны байшин, гэр, сууцны доорх газар;
10.1.3зуслангийн газар;
10.1.4нийтийн эдэлбэр газар;
10.1.5дэд бүтцийн газар;
10.1.6аж ахуйн зориулалтай газар;
10.1.7уурхайн эдэлбэр газар;
10.1.8газар доорх байгууламж бүхий газар;
10.1.9ой бүхий газар;
10.1.10ус бүхий газар;
10.1.11цаашид тэлж хөгжих нөөц газар;
10.1.12бусад сул чөлөөтэй газар.
11 дүгээр зүйлЗам, шугам сүлжээний газар
11.1Зам, шугам сүлжээний газарт хот, тосгон, бусад суурины эдэлбэр газрын хил заагийн гаднах зам, шугам сүлжээний дараах газар хамаарна:
11.1.1агаарын, усан, төмөр зам, авто зам, тэдгээрийн сүлжээ, барилга байгууламж, хамгаалалтын бүс, зурвасын;
11.1.2цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн бэлтгэл арга хэмжээ, харилцаа холбоо, мэдээлэл, хий, газрын тосны зэрэг инженерийн шугам сүлжээ, эх үүсвэр, барилга байгууламж, түүний хамгаалалтын бүс, зурвасын
12 дугаар зүйлОйн сан бүхий газар
12.1Ойн сан бүхий газарт дараах газар хамаарна:
12.1.1ой мод бүхий газар;
12.1.2ойн цоорхой, зурвас газар;
12.1.3бут, сөөг бүхий газар;
12.1.4загтай газар;
12.1.5ой доторх модыг нь огтолсон газар;
12.1.6ой тэлэн ургахад шаардлагатай газар.
13 дугаар зүйлУсны сан бүхий газар
13.1Усны сан бүхий газарт дараах газар хамаарна:
13.1.1нуур, цөөрөм, тойром;
13.1.2мөрөн гол;
13.1.3горхи, булаг, шанд, рашаан;
13.1.4мөстөл, мөсөн гол;
13.1.5гол, горхины урсгал шургасан хуурай сайр;
13.1.6намаг;
13.1.7усан сан.
14 дүгээр зүйлГазрын нэгдмэл сангийн үндсэн ангилал тогтоох, газрыг ангилал хооронд шилжүүлэх
14.1Энэ хуулийн 8.1-д заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газар өөр хоорондоо хил заагтай, бүртгэлтэй байна.
14.2Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрын байршил, хил зааг, хэмжээг тогтоох, ангилал шилжүүлэх асуудлыг улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөгөөр Засгийн газар шийдвэрлэнэ.
14.3Газрын нэгдмэл санг эрхлэх асуудлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд газрын нэгдмэл санг эрхлэх журмыг Засгийн газар батална.
15 дугаар зүйлГазар ашиглалтын бүсчлэл
15.1Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газар нь газар ашиглалтын бүсчлэлтэй байна.
15.2Хөдөө аж ахуйн газар нь газар ашиглалтын зориулалтаасаа хамаарч дараах бүсчлэлтэй байна:
15.2.1уламжлалт мал аж ахуй эрхлэх бүс;
15.2.2эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс;
15.2.3тариалангийн бүс;
15.2.4холимог бүс;
15.2.5хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан нөөц бүс.
15.3Хот, тосгон, бусад суурины эдэлбэр газар нь газар ашиглалтын зориулалтаасаа хамаарч дараах бүсчлэлтэй байна:
15.3.1орон сууцны бүс;
15.3.2олон нийтийн бүс;
15.3.3үйлдвэрлэлийн бүс;
15.3.4амралт, аялал жуулчлалын бүс;
15.3.5хөдөө аж ахуйн бүс;
15.3.6зуслангийн бүс;
15.3.7тусгай зориулалтын бүс;
15.3.8онцгой хамгаалалтын бүс;
15.3.9холимог бүс;
15.3.10ногоон бүс
15.4Газар ашиглалтын бүсчлэлд тавигдах шаардлагыг хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт дүрэм, бусад ангиллын газарт дэглэмээр зохицуулна.
15.5Газар ашиглалтын бүсчлэлийн шалгуур үзүүлэлтийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өргөн мэдүүлснээр Засгийн газар тогтооно.
15.6Газар ашиглалтын бүсчлэл, бүсчлэлийн дүрмийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дэглэмийг Засгийн газар тогтооно.
16 дугаар зүйлТусгай хэрэгцээний газар
16.1Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Газрыг дараах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч болно:
16.1.1улсын тусгай хамгаалалттай газар;
16.1.2улсын хилийн зурвас газар;
16.1.3улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар ашиглах газар;
16.1.4гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгох газар;
16.1.5шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын газар;
16.1.6аймаг дундын отрын бэлчээр;
16.1.7хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар;
16.1.8газрын тос, уламжлалт бус газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт ашиглалтын талбай;
16.1.9чөлөөт бүсийн газар;
16.1.10нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс;
16.1.11олон улсын болон үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар;
16.1.12цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгох газар;
16.1.13аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар.
16.2Газрыг дараах зориулалтаар аймаг, нийслэл, сумын газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөг үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно:
16.2.1цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах зориулалтаар ашиглах газар;
16.2.2сум дундын отрын бэлчээр, хадлангийн талбайн зориулалтаар ашиглах газар;
16.2.3түүх, соёлын дурсгалт болон амьтан, ургамал, ой, усны нөөцийг хамгаалах газар.
16.3Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын аль ч газраас улс болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.
16.4Улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авахыг хориглоно.
16.5Орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцуулан газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр гарснаар тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс гарсанд тооцно.
16.6Энэ хуулийн 16.1.1, 16.1.2, 16.1.6, 16.1.8, 16.1.9, 16.1.10, 16.1.11-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол иргэнд өмчлүүлсэн, газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлсэн болон гэрээгээр ашиглуулж байгаа газартай давхцаж болно.
16.7Энэ хуулийн 16.6-д зааснаас бусад зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газарт иргэнд өмчлүүлсэн, газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлсэн болон гэрээгээр ашиглуулж байгаа газартай давхцалгүй байна.
16.8Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, тусгай хэрэгцээний газрыг ашиглах журмыг Засгийн газар батална.
16.9Газрыг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шалгуур үзүүлэлтийг энэ хуулийн 16.8-д заасан журмаар тогтооно.
17 дугаар зүйлГазрыг тусгай хэрэгцээнд авах
17.1Энэ хуулийн 16.1.1-16.1.4-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, байршил, хил заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
17.2Энэ хуулийн 16.1.5-16.1.13-т заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, байршил, хил заагийг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
17.3Газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэрт тухайн газарт мөрдөх дэглэм, горимыг тодорхой заана.
17.4Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад дараах шаардлагыг хангасан байна:
17.4.1улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байх;
17.4.2улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан байх.
17.5Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
17.6Энэ хуулийн 17.5-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсарган ирүүлнэ:
17.6.1энэ хуулийн 16.1.9-16.1.13-т заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл;
17.6.2энэ хуулийн 16.1.1-16.1.8-д заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээ, хил заагийг тогтоох үндэслэл, судалгаа;
17.6.3тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөж буй хүн, хуулийн этгээдэд олгох нөхөх олговор, нүүлгэн шилжүүлэлтийн зардалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн тооцоо;
17.6.4бусад холбогдох баримт бичиг.
17.7Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.6-д заасан баримт бичгийг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар дүгнэлт гаргуулахаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
17.8Энэ хуулийн 17.7-д заасан материалыг хүлээн авсан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
17.8.1улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээ, хил заагийг тодорхойлох;
17.8.2нөлөөлөлд өртөж буй хүн, хуулийн этгээдэд олгох нөхөх олговор, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой нарийвчилсан судалгааг хийж, газар болон үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан үнэлгээг гаргах;
17.8.3нөлөөлөлд өртөж буй хүн, хуулийн этгээдтэй хэлцэл хийх;
17.8.4тухайн нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах;
17.8.5газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар дүгнэлт гаргах.
17.9Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхэд холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллана.
17.10Газрыг энэ хуулийн 16.2-т заасан зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуульд заасан шаардлагыг хангасан саналыг боловсруулж өргөн мэдүүлснээр аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.
17.11Аймаг, нийслэлийн Засаг дарга газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналаа энэ хуулийн 17.6.2-17.6.4-т заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
17.12Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 17.8.1-17.8.3, 17.8.5-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж харьяалах сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсан байна.
18 дугаар зүйлТусгай хэрэгцээний газрыг ашиглах
18.1Улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
18.2Энэ хуулийн 16.1.1, 16.1.6 16.1.9-д зааснаас бусад улсын тусгай хэрэгцээний газарт газар ашиглуулах шийдвэрийг энэ хуулийн 17.5-д заасан холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргаж, газар ашиглуулах гэрээ байгуулна.
18.3Энэ хуулийн 16.1.1-д заасан улсын тусгай хэрэгцээний газарт газар ашиглуулахыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, 16.1.6-д заасан газарт газар ашиглуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарын саналыг үндэслэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, 16.1.9-д заасан газарт Чөлөөт бүсийн захирагч шийдвэрлэж, газар ашиглуулах гэрээ байгуулна.
18.4Энэ хуулийн 18.2, 18.3-т заасан шийдвэрийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд бүртгэнэ.
19 дүгээр зүйлГазрыг тусгай хэрэгцээнээс гаргах
19.1Газрыг дараах үндэслэлээр хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь тусгай хэрэгцээнээс гаргаж болно:
19.1.1тусгай хэрэгцээний газрын хил зааг, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн
19.1.2газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хэсэгчлэн болон бүхэлд нь буцаасан, хугацаа дуусгавар болсон, гэрээг цуцалсан;
19.1.3үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжсэн.
20 дугаар зүйлГазрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо
20.1Газрын нэгдмэл санг нэгдсэн төлөвлөлт, удирдлагаар хангаж, зохион байгуулах асуудлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
20.2Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлд газар /цаашид “аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэх/, дүүрэгт хэлтэс, суманд газар зохион байгуулагчтай байна.
20.3Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.
20.4Дүүргийн хэлтсийн даргыг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн Засаг даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.
20.5Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг газрын харилцааны мэргэжилтэй, мэргэжлээрээ төрийн албанд 8-аас доошгүй, түүнээс удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
20.6Дүүргийн хэлтсийн даргыг газрын харилцааны мэргэжилтэй, мэргэжлээрээ төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
20.7Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн ам болон нэгж талбарын тоог харгалзан аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх газрын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын орон тооны жишиг нормативыг Засгийн газар тогтооно.
20.8Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчийг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.
21 дүгээр зүйлГазрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
21.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан газрын талаарх зорилго, зорилтыг хэрэгжүүлэх;
21.1.2газрын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;
21.1.3газрын харилцааны хууль тогтоомжийг сурталчлах, боловсронгуй болгох санал боловсруулж, танилцуулах;
21.1.4гадаад улс, олон улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;
21.1.5Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд эрхэлсэн асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангах
21.1.6салбарын хүний нөөцийн бодлогыг эрхлэх, албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдгээрийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
21.1.7бүх шатны газрын байгууллага, газар зохион байгуулагчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;
21.1.8газар зохион байгуулалт, газрыг доройтлоос хамгаалах, газар хамгаалах, газрын доройтлыг нөхөн сэргээх үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих;
21.1.9нэгж талбарын хувийн цаасан болон цахим архив, цахим мэдээллийн санг үүсгэх, эрхлэх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
21.1.10бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон холбогдох байгууллагыг мэргэжлийн зөвлөмж, чиглэлээр хангах;
21.1.11газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийн үйл ажиллагааг эрхлэх, хөгжүүлэх, хяналт тавих, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;
21.1.12газрын төлөв байдал, чанарыг тодорхойлох, түүний өөрчлөлтийг ажиглах, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий газрын мониторингийн хяналт-шинжилгээний улсын сүлжээг байгуулж, ажиллуулах;
21.1.13газрын асуудлаар ирсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх;
21.1.14газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх;
21.1.15газар зохион байгуулалт, газрын кадастрын судалгаа, шинжилгээний ажил эрхлэх;
21.1.16улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх;
21.1.17газрын биржийн үйл ажиллагааг Засгийн газраас баталсан дүрмийн дагуу зохион байгуулах;
21.1.18аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
21.1.19газрыг хязгаарлагдмал эрхээр болон гэрээгээр газар ашиглаж буй хүн, хуулийн этгээдийн мэдээллийг цахим хуудсаар нийтэд нээлттэй мэдээлэх;
21.1.20газрын төлбөрийг ногдолын мэдээллийг татварын албанд хуульд заасны дагуу хүргүүлэх ажлыг зохион байгуулах.
22 дугаар зүйлГазрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх
22.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах;
22.1.2аймаг, нийслэл дэх газар, нэгжийн бүтэц, орон тоог батлах;
22.1.3аймаг, нийслэл дэх хэлтсийн дарга, албан хаагчид, газар зохион байгуулагчийг томилж, чөлөөлөх;
22.1.4нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах;
22.1.5газрын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх;
22.1.6газрын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
22.1.7газрын төлбөр ногдуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах;
22.1.8хууль тогтоомжид заасан бусад.
23 дугаар зүйлАймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүрэг
23.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.1.1аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөг боловсруулан аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулах, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах;
23.1.2аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулах;
23.1.3хүн, хуулийн этгээдийн газартай холбоотой гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх;
23.1.4Монгол Улсын иргэнд газрыг өмчлөх эрхээр шилжүүлэх шийдвэр гаргах;
23.1.5газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын ялагчид газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, газар ашиглуулах шийдвэр гаргах;
23.1.6газрыг Монгол Улсын иргэнд газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх шийдвэр гаргах;
23.1.7гадаадын иргэн, харьяалалгүй хүнд амины орон сууцны байшин, гэр, сууц барих зориулалтаар газар ашиглуулах шийдвэр гаргах;
23.1.8газрын хязгаарлагдмал эрх болон газар ашиглуулах гэрээг дуусгавар болгох шийдвэр гаргах;
23.1.9газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг зохих журмын дагуу хөтлөх, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх;
23.1.10орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, гаргасан газрын хэмжээ, байршил, эргэлтийн цэгүүдийн солбицлыг газар дээр нь тогтоож, холбогдох мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд бүртгэх;
23.1.11Газрын ерөнхий хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, хүн, хуулийн этгээдийн гэрээний үүргийн биелэлт, газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангах;
23.1.12нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хүн, хуулийн этгээдэд олгосон газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах ажлыг зохион байгуулах;
23.1.13хүн, хуулийн этгээдэд мод тарих, үржүүлэх, ойжуулах зориулалтаар газрыг гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах;
23.1.14газрын төлбөрийн ногдуулалтад хяналт тавьж ажиллах.
23.1.15газар өмчлөх эрх, газрын хязгаарлагдмал эрх болон гэрээгээр ашиглуулах шийдвэрийг эд хөрөнгийн эрхийн дундын мэдээллийн санд илгээнэ.
24 дүгээр зүйлГазар зохион байгуулагч, түүний чиг үүрэг
24.1Газар зохион байгуулагч дараах чиг, үүрэгтэй:
24.1.1сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулж сумын Засаг даргад танилцуулах;
24.1.2сумын газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж сумын Засаг даргад танилцуулах;
24.1.3аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрийг үндэслэн хүн, хуулийн этгээдэд газрын төлбөр ногдуулах, төлөлтөд хяналт тавих, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг баталгаажуулах, цахим болон цаасан хувийн хэрэг үүсгэж, хөтлөх, баяжилт хийх;
24.1.4газар өмчлөх эрх, газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлсэн болон гэрээгээр ашиглуулахаар шийдвэрлэсэн газрын хэмжээ, байршил, эргэлтийн цэгийн солбицлыг газар дээр нь тогтоолгож, актаар хүлээлгэн өгөх, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд оруулах;
24.1.5газрын хязгаарлагдмал эрхийг барьцаалах, бусдад ашиглуулах хүсэлт болон холбогдох баримт бичгийг хүлээн авч, газрын мэдээллийн системд бүртгэх;
24.1.6газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг зохих журмын дагуу хөтлөх, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх;
24.1.7газрын харилцааны асуудлаар хүн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх;
24.1.8газрын талаарх мэдээлэл, лавлагааг хууль тогтоомжид заасны дагуу гаргаж өгөх;
24.1.9газрын хязгаарлагдмал эрхтэй хүн, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг, гэрээгээр газар ашиглагч хүн, хуулийн этгээдийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, зөрчлийг арилгах арга хэмжээг авах;
24.1.10гэрээгээр газар ашиглагч хүн, хуулийн этгээдийн гэрээний үүргийн хэрэгжилтийг 2 жил тутамд дүгнэх;
24.1.11газрын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
24.1.12Газрын ерөнхий хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн хүн, хуулийн этгээдийн газрын хязгаарлагдмал эрхийг хүчингүй болгох саналаа холбогдох албан тушаалтанд хүргүүлэх;
24.1.13хуульд заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй, газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдийн газар ашиглах гэрээг дуусгавар болгох саналаа холбогдох албан тушаалтанд хүргүүлэх;
24.1.14газрын хязгаарлагдмал эрх болон газрыг гэрээгээр ашиглагч этгээдэд газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системээр дамжуулан газрын төлбөрийн ногдуулалтыг хуульд заасны дагуу хийх.
25 дугаар зүйлГазар зохион байгуулалт
25.1Газрын нэгдмэл сангийн удирдлагыг газар зохион байгуулалтын дараах арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:
25.1.1төлөвлөх;
25.1.2газар өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, газрыг гэрээгээр ашиглуулах;
25.1.3кадастр эрхлэх;
25.1.4газрын төлөв байдал, чанарт хяналт тавих;
25.1.5газрыг хамгаалах, нөхөн сэргээх;
25.1.6засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг эрхлэх;
25.1.7газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем эрхлэх.
26 дугаар зүйлГазар зохион байгуулалтын санхүүжилт
26.1Газар зохион байгуулалтын арга хэмжээг дараах журмаар санхүүжүүлнэ:
26.1.1улсын болон орон нутгийн төсөв, газрын биржийн орлогоос;
26.1.2хүн, хуулийн этгээд газрын хязгаарлагдмал эрхээр болон газар ашиглах гэрээгээр ашиглаж байгаа газарт хийлгэх газар зохион байгуулалтын үйл ажиллагааны зардлыг өөрийн хөрөнгөөр;
26.1.3олон улсын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар.
26.2Газар зохион байгуулалтын ажлын норм, үнэлгээг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, үйлчилгээний хөлс, хураамжийг Засгийн газар батална.
27 дугаар зүйлГазрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем
27.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем /цаашид “газрын мэдээллийн систем” гэх/-ийг эрхэлнэ.
27.2Газрын мэдээллийн систем нь дараах мэдээллийн системээс бүрдэнэ:
27.2.1эрдэс баялаг, нөөцийн мэдээллээс бусад газрын;
27.2.2газар зохион байгуулалтын төлөвлөгөөний;
27.2.3газрын биржийн;
27.2.4кадастрын;
27.2.5газрын үнэлгээ, татвар, төлбөрийн;
27.2.6газрын төлөв байдал, чанарын мониторингийн;
27.2.7хаягийн.
27.3Газрын мэдээллийн систем нь байрлалд суурилсан, Геодези, зураг зүйн тухай хуульд заасан собицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд тулгуурлан үйлдэгдсэн газрын талаарх бүх өгөгдөл, мэдээллийг цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдэл байна.
27.4Газрын мэдээллийн системийн сүлжээ эвдрэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд төрийн өмчид хамаарна.
27.5Энэ хуульд заасан төрийн байгууллагын эрх бүхий этгээд нь газрыг төлөвлөх, газар өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, газрыг гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах, газрын татвар, төлбөр ногдуулах, төлөлтөд хяналт тавих, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг баталгаажуулах, хувийн хэрэг үүсгэх, баяжилт хийх тэдгээртэй холбоотой үйл ажиллагааг газрын мэдээллийн системээр дамжуулан зохион байгуулна.
27.6Газрын мэдээллийн систем нь дундын мэдээллийн сангаар дамжуулан улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай эд хөрөнгийн эрхийн бүртгэл болон хаягийн, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулллагатай газрын үнэлгээ, татвар, төлбөрийн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай төрийн өмчид бүртгэлтэй эд хөрөнгийн бүртгэлийн асуудлаар өдөр тутам мэдээлэл солилцох үйл ажиллагааг хангаж ажиллана.
27.7Газрын мэдээллийн систем дэх мэдээлэл нь хуулиар хязгаарласнаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.
27.8Газрын мэдээллийн системийн үйл ажиллагааны журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
27.9Газрын мэдээллийн системийн хуулбар сан, түүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллага хариуцна.
27.10Газрын мэдээллийн систем нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын олон улсын стандартад нийцсэн байна.
28 дугаар зүйлГазрын мэдээллийн системд тавигдах шаардлага
28.1Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн систем дараах шаардлагыг хангасан байна:
28.1.1бүх шатны газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, олон нийтэд ил тод, нээлттэй ашиглах боломжтой байх;
28.1.2хүн, хуулийн этгээдийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран санал өгөх, хүсэлтээ гаргах боломжтой байх;
28.1.3салбар хоорондын төлөвлөлтийг уялдуулах, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх;
28.1.4газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлүүлэх, газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, газрыг гэрээгээр ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн эсэхэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн байх.
28.2Газрын биржийн мэдээллийн систем дараах шаардлагыг хангасан байна:
28.2.1газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, хүн, хуулийн этгээд орон зай, цаг хугацаанаас үл хамааран оролцох, өрсөлдөөнийг дэмжих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
28.2.2цаг хугацаа, зардал хэмнэх;
28.2.3газрын зах зээлийн үнийн мэдээллийг цуглуулах боломжтой байх;
28.2.4газар, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, зар мэдээллийн үйл ажиллагааг зохицуулах боломжтой байх.
28.3Кадастрын мэдээллийн систем дараах шаардлагыг хангасан байна:
28.3.1газар өмчлөх, хүн, хуулийн этгээдээс газрын хязгаарлагдмал эрх болон газрыг гэрээгээр ашиглах хүсэлт гаргах, хүсэлтийн явцыг хянах боломжийг бүрдүүлсэн байх;
28.3.2хүн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагааг цахимжуулах;
28.3.3газартай холбоотой лавлагаа, мэдээлэл, тодорхойлолтыг авах боломжтой байх;
28.3.4үйлчилгээ болон улсын тэмдэгтийн хураамжийг төлөх, хянах боломжтой байх;
28.3.5нэгж талбарт суурилсан байх.
28.4Газрын үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийн систем дараах шаардлагыг хангасан байна:
28.4.1нэгж талбар бүрээр газрын зах зээлийн үнэ, үнэлгээг хөтлөх, газрын төлбөр, татварыг ногдуулах, төлөх боломжийг бүрдүүлсэн байх;
28.4.2газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг нэгж талбар бүрээр нөлөөлж байгаа хүчин зүйлийг харгалзан системээс хийх боломжтой байх;
28.4.3газрын төлбөр, татвар, үйлчилгээний хураамж төлөлтөд хянах тавих боломжийг бүрдүүлсэн байх;
28.4.4газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, лавлагааг авах боломжтой байх;
28.4.5газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл, газрын төлбөр, татварын мэдээллийг харах боломжтой байх.
28.5Газрын төлөв байдал, чанарын мониторингийн мэдээллийн систем нь дараах шаардлагыг хангасан байна:
28.5.1газрын төлөв байдал, чанарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл нь ил тод, нээлттэй байх;
28.5.2газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээг ажиллуулж, газрын доройтлыг тодорхойлох боломжтой байх;
28.5.3зайнаас тандах технологийг ашиглах боломжтой байх;
28.5.4газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар зөвлөмж гаргах боломжийг бүрдүүлсэн байх.
28.6Хаягийн мэдээллийн систем нь дараах шаардлагыг хангасан байна:
28.6.1газар, үл хөдлөх эд хөрөнгөд төлөвлөлт, бүртгэлийн үе шатнаас эхлэн системээс хаяг олгох, хяналт тавих боломжтой байх;
28.6.2олон нийтэд нээлттэй, ил тод, ойлгомжтой байх;
28.6.3хүн, хуулийн этгээд болон төрийн байгууллагууд дундын мэдээллийн сангаар дамжуулан ашиглах боломжтой байх;
28.6.4хаягт суурилсан замчлах системийг ашиглах боломжийг бүрдүүлсэн байх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ
29 дүгээр зүйлГазар зохион байгуулалтын төлөвлөгөө
29.1Энэ хуулийн 25.1.1-д заасан арга хэмжээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө дараах төрөлтэй байна:
29.1.1улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;
29.1.2аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;
29.1.3сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;
29.1.4улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө;
29.1.5аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө;
29.1.6сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө;
29.1.7улсын тусгай хамгаалалттай газрын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө.
29.2Энэ хуулийн 29.1-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь тайлбар бичиг, зураг, бүдүүвч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв болон бусад холбогдох баримт бичгээс бүрдэнэ.
29.3Энэ хуулийн 29.1.7-д заасан ерөнхий төлөвлөгөөг боловсруулах журмыг газрын болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
29.4Энэ хуулийн 29.1.1-29.1.3, 29.1.7-д заасан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний ажлын даалгаврыг дараах этгээд батална:
29.4.1энэ хуулийн 29.1.1-д заасан төлөвлөгөөний ажлын даалгаврыг Ерөнхий сайд;
29.4.2энэ хуулийн 29.1.2-т заасан төлөвлөгөөний ажлын даалгаврыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран;
29.4.3энэ хуулийн 29.1.3-т заасан ерөнхий төлөвлөгөөний ажлын даалгаврыг аймгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга сумын Засаг даргатай хамтран;
29.4.4энэ хуулийн 29.1.7-д заасан ерөнхий төлөвлөгөөний ажлын даалгаврыг газрын болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран.
29.5Энэ хуулийн 29.1.1-29.1.4-т заасан төлөвлөгөөг боловсруулах аргачлалыг газрын асуудал эрхэлсэн Засгийн гишүүн, 29.1.5, 29.1.6-д заасан төлөвлөгөө боловсруулах аргачлалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тус тус батална.
29.6Бүх шатны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
29.7Энэ хуулийн 29.1.1-29.1.3, 29.1.7-д заасан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хугацаа нь дуусгавар болохоос 6 сарын өмнө шинэчлэн баталсан байна.
29.8Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдсан эсэх талаар дүгнэлт гаргана.
29.9Энэ хуулийн 29.1.2, 29.1.7-д заасан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана.
29.10Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримт бичиг болон хэрэгжилтэд дараах этгээдүүд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:
29.10.1улсын газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж хөндлөнгийн хяналтаар;
29.10.2аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;