Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Цэндийн БААТАРХҮҮ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 2 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 32 дугаар зүйл:
“32 дугаар зүйлИргэдийн Нийтийн Хурал
32.1Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх байгууллага мөн.
32.2Иргэдийн Нийтийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлэх бөгөөд хурлын даргатай байна. Иргэдийг мэдээллээр хангаж, хуралдааны ирцийг бүрдүүлэх нь тухайн Иргэдийн Нийтийн Хурлын даргын үндсэн үүрэг байна. Иргэдийн Нийтийн Хурлын дарга нь тухайн баг, хорооны иргэн байна.
32.3Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хуралдаан байх бөгөөд танхимаар, цахимаар болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно.
32.4Тухайн баг, хороонд бүртгэлтэй, сонгуулийн насны иргэн нь иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон бол хуралдааны оролцогчид тооцогдоно. Оролцогчид нь хуралдааны дэгийг сахих үүрэгтэй.
32.5Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны явцад биечлэн ирсэн болон цахимаар оролцсон тухайн баг, хорооны бүртгэлтэй, сонгуулийн насны иргэн нь аливаа хязгаарлалтгүйгээр дараах эрх эдэлнэ:
32.5.1хуралдаанд оролцох;
32.5.2хэлэлцэх асуудал санаачлах;
32.5.3тайлбарлах, санал бодлоо илэрхийлэх;
32.5.4баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвших;
32.5.5баг, хорооны иргэнийг иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх;
32.5.6санал хураалтад оролцох;
32.5.7иргэдийн дэмжлэг авах;
32.6Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд цахимаар оролцогч нь санал өгөх тохиолдолд санал хураалтын хугацаанд биечлэн ирж өгөх эрхтэй байна. Цахим хуралдааны техникийн боломж бүрдсэн тохиолдолд баг, хорооны ИНХ-ын цахим хуралдаанд оролцсон иргэний ирц бүртгэл, санал хураалт болон хурлын шийдвэрийг баталгаажуулах үйл ажиллагааг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгийн зохицуулалтаар баталгаажуулснаар иргэний шийдвэр гаргах эрхийг албажуулж болно.
32.7Сонгуулийн эрх бүхий 500 хүртэл иргэнтэй баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд нийт иргэдийн 10-аас доошгүй хувь, 501-3000 сонгогчтой бол нийт сонгогчдын 5-аас доошгүй хувь, 3001-6000 сонгогчтой бол нийт сонгогчдын 3-аас доошгүй хувь оролцсон тохиолдолд, 6001-аас дээш бол ирцийг 250-аас доошгүй иргэн оролцсоноор хүчин төгөлдөрт тооцох бөгөөд үүнд тухайн баг, хорооны нийт хэсгүүдийн төлөөлөл жигд хангагдсан байна.
32.8Иргэдийн оролцоог хангах зорилгоор баг, хорооны хэсэг тус бүрээс төлөөллийг зохион байгуулж оролцуулна. Хуулийн 32.7 дахь заалтад заасан иргэдийн Нийтийн Хурлын ирц хүрээгүй тохиолдолд хуралдааныг 14 хоногийн хугацаагаар 1 удаа хойшлуулна. Энэ хугацаанд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг дахин зарлан мэдээлэх ажлыг тухайн баг, хорооны Засаг дарга болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга хамтран зохион байгуулах үүрэгтэй.
32.9Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 60 хоногт багтаан зохион байгуулах бөгөөд эрх нь дуусгавар болоогүй иргэдийн Нийтийн Хурлын дарга эхний хуралдааныг зарлан хуралдуулснаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын эрх, үүрэг дуусгавар болно.
32.10Иргэдийн Нийтийн Хурлын дарга үндэслэлгүйгээр 2 удаа хуралдааныг зарлан хуралдуулаагүй бол сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй хувийн гарын үсэгтэй санаачилгаар болон Тэргүүлэгчдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг товлон зарлана. Энэ тохиолдолд Засаг дарга 7 хоногийн дотор мэдээлэл түгээх ажлыг хариуцан зохион байгуулах бөгөөд хуралдаанаас Хурлын даргыг чөлөөлж, шинэ даргыг сонгоно. Хуралдааныг 2 удаа үндэслэлгүйгээр хуралдуулаагүй ИНХ-ын даргад тухайн хугацааны үр дүнгийн урамшууллыг олгохгүй.
32.11Иргэдийн санаачилгаар зарлагдсан хуралдааныг иргэд дундаасаа сонгосон түр дарга удирдаж, одоогийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, шинээр сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
32.12Иргэдийн Нийтийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.12.1.хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх; 32.12.2.баг, хорооны Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх; 32.12.3.засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах санал гаргах; 32.12.4.тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудал, төсөв, хөтөлбөрт санал гаргах; 32.12.5.байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах талаар иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хэлэлцэж дээд шатны байгууллагад уламжлах; 32.12.6.баг, хорооны иргэдийг шагнаж урамшуулах, дэмжлэг тусламж үзүүлэхтэй холбоотой саналыг хэлэлцэж дээд шатны байгууллагад уламжлах; 32.12.7.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах; 32.12.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
32.13Иргэдийн Нийтийн Хурал нь 5-11 гишүүн бүхий тэргүүлэгчтэй байна.
32.14Тэргүүлэгч нь хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааныг зарлах, иргэдийн Нийтийн Хурлын чөлөөт цагт зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх, мэдээлэл түгээх, шийдвэрийн биелэлтийн мэдээллийг цуглуулах үүрэгтэй. Тэргүүлэгчдийн хурлыг Хурлын дарга тэргүүлнэ.
32.15Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч гишүүн нь тухайн баг, хорооны Засаг дарга болон баг, хорооны ажлын албаны албан тушаалтан байхыг хориглоно.
32.16Иргэдийн Нийтийн Хурлын даргыг анхдугаар хуралдаанаар 4 жилийн хугацаагаар сонгох бөгөөд Хурлын дарга нь Хурлын хуралдааны чөлөөт цагт иргэдийг төлөөлөх, Хурлын шийдвэрийг баталгаажуулах, хяналт тавих бүрэн эрхийг хугацааны турш хэрэгжүүлнэ. Хурлын даргад баг, хорооны Засаг даргын албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг сум, дүүргийн төсөвт тусган сар бүр олгож болно.
32.17Хурлын дарга нь иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах, даргалах, хурлын шийдвэрийг баталгаажуулах, үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах үүрэгтэй.
32.18Иргэдийн Нийтийн Хурал нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Тэдгээрийг бэлтгэх, олгох, санхүүжүүлэхтэй холбоотой зардлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөвт тусгаж, ажлын алба нь зохион байгуулна.
32.19Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ажлын алба буюу Иргэний танхимтай байж болно. Иргэний танхим ажиллуулах нөхцлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
32.20Иргэний танхим нь хариуцсан ажилтантай байх бөгөөд ажилтныг томилох, ажиллуулах журмыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
32.21Иргэдийн Нийтийн Хурлын дарга жил бүрийн эхний сард хурлын цаглабарыг баталж, олон нийтэд нээлттэй байршуулна.
32.22Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.
32.23Иргэдийн Нийтийн Хурал Засаг даргын үйл ажиллагааны тайланг жилд хоёр удаа хэлэлцэнэ.
32.24Хуралдааны явцад энэ хуулийн 32.7-д заасны дагуу ирц хүрсэн үндэслэлээр хүрэлцэн ирсэн иргэнийг хуралд оролцох, санал өгөх эрхийг хязгаарлахыг хориглоно.
32.25Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 хувийн саналаар, Хурлын тэргүүлэгчдийн олонхийн саналаар болон Хурлын даргын санаачилгаар хуралдуулна. Иргэд саналаа гарын үсэг зурах хэлбэрээр илэрхийлнэ.
32.26Хуралдаанд оролцож санал өгсөн иргэдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
32.27Иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан шийдвэр, саналын хэрэгжилтийн талаар баг, хорооны Засаг дарга дараагийн хуралдаанд тайлагнана.
32.28Иргэдийн Нийтийн Хурлаас баг, хорооны Засаг даргыг дараах журмаар нэр дэвшүүлнэ:
32.28.1баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг иргэдийн Нийтийн Хурлаар зохион байгуулна.
32.28.2нэр дэвшүүлэх ажиллагаа нь ил тод, чөлөөтэй, эрх тэгш оролцооны зарчимд үндэслэнэ.
32.28.3иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргах эрхтэй;
32.28.4засаг даргад нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар нээлттэй хэлэлцэнэ.
32.28.5иргэдийн Нийтийн Хурал хуралдуулж Засаг даргад нэр дэвшигчдийг тодруулж тухайн өдөртөө багтаан санал хураах ажлыг зохион байгуулна.
32.28.6санал хураалтыг тухайн өдөрт багтаан 3-5 цагийн турш зохион байгуулах бөгөөд санал хураалтын эхлэх, дуусах цагийг 14 хоногийн өмнө урьдчилан нийтэд мэдээлнэ. Тухайн баг, хороонд бүртгэлтэй, сонгуулийн насны иргэн санал хураалт явагдаж буй хугацаанд ирж бүртгүүлэн дэмжлэгээ илэрхийлэх эрхтэй байна. Санал хураалтад оролцох иргэний бүртгэлийг санал авах хугацаа дуусах хүртэл нээлттэй явуулна.
32.28.7засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт нь иргэдийн Нийтийн Хурлын нэр дэвшүүлэх шийдвэрийн дотоод процедур бөгөөд Засаг даргыг шууд сонгох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
32.28.8санал хураалтаар хамгийн олон дэмжлэгтэй нэр дэвшигчийг баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэнд тооцож, нэр дэвшүүлсэн тухай иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна. Уг тогтоолыг санал хураалт явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.
32.28.9нэр дэвшүүлэх санал хураалтыг иргэдийн Нийтийн Хурлын дарга, тухайн баг, хороо харьяалагдах сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон иргэдийн төлөөлөл хамтран зохион байгуулна.
2/ 56 дугаар зүйлийн 56.4.1, 56.4.5 дэх заалт:
56.4.1.баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;
3/ 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2 дахь заалт:
“56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг энэ хуулийн 56.3-т заасан шаардлага хангасан хүнийг, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь энэ хуулийн 56.4-д заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргах;
56.4.5.тухайн баг хорооны иргэн байх;
56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын санал авсан бол, иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтаар хамгийн олон санал авсан бол Засаг даргад нэр дэвшүүлэх;”
4/ 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалт:
4.1.10.“Иргэний танхим” гэж төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд шууд оролцох, зөвлөлдөх, уулзаж ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх, иргэдийн бүтээлч санал санаачилгыг дэмжих байнгын орон зай, тогтолцоог;


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2026.06.02 үзэл баримтлал.docx)