Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвжавын САЙНЗОРИГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 2-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

ШҮҮХИЙН БУС ЖУРМААР ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэглэгчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлШүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж
2.1Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3 .1Энэ хуулиар шүүхийн бус журмаар гэрээний харилцаанаас үүсэх өр барагдуулах үйл ажиллагаа /цаашид “өр барагдуулах үйл ажиллагаа” гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.
3 .2Зээлдүүлэгч хуулийн этгээдийн дотоод бүтцийн өр барагдуулах чиг үүрэг бүхий нэгжийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор явуулж байгаа өр барагдуулах үйл ажиллагаанд энэ хууль үйлчлэхгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4 .1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4 .1.1“шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаа” гэж шүүхээс өмнөх шатан дахь өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн өр цуглуулах үйл ажиллагаа болон өрийн тохиролцоо хийх, түүнчлэн өр төлбөртэй холбогдох мэдээллийг цуглуулахыг;
4 .1.2“бүртгэх байгууллага” гэж Санхүүгийн зохицуулах хороог;
4 .1.3“зээлдүүлэгч” гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг;
4 .1.4“өр төлбөртэй этгээд” гэж зээлдэгч буюу хууль, гэрээгээр хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭЛ, ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
5 дугаар зүйлӨр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд
5.1Өр барагдуулах үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд болох компани эрхэлнэ.
5.2Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “өр барагдуулах үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
5.3Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй аливаа этгээд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх, эсхүл нэрэндээ “өр барагдуулах үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээ, эсхүл тэдгээртэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
5.4Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хариуцлага хүлээж байсан этгээд шууд болон шууд бусаар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нийт хувьцааны арав, түүнээс дээш хувийн хувьцааг эзэмших, эсхүл удирдлагыг хэрэгжүүлэхийг хориглоно.
6 дугаар зүйлӨр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх үндэслэл
6.1Шүүхээс өмнөх шатан дахь өр барагдуулах, өр төлбөртэй холбогдсон мэдээллийг цуглуулах, өрийн тохиролцоо хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх өр барагдуулах үйл ажиллагааг зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эрх бүхий хуулийн этгээд эрхэлнэ.
6.2Өр барагдуулах үйл ажиллагааг өр төлбөртэй этгээд болон зээлдүүлэгчийн хооронд байгуулсан гэрээгээр өр төлбөрийг нэхэмжлэх үндэслэл бүрдсэн өр төлбөрт үндэслэн явуулна.
6.3Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд болон зээлдүүлэгчийн хооронд байгуулах гэрээг бичгээр хийх бөгөөд дараах нөхцөлийг тусгана:
6.3.1.талуудын эрх, үүрэг; 6.3.2.талуудын хариуцлага; 6.3.3.өр төлбөртэй этгээдийн мэдээлэл; 6.3.4.өр төлбөрийн хэмжээ; 6.3.5.өрийн бүтэц /үндсэн төлбөр, хүү, торгууль гэх мэт/; 6.3.6.батлан даагчтай бол батлан даагчийн мэдээлэл; 6.3.7.барьцаатай бол барьцааны талаарх мэдээлэл; 6.3.8.үйлчилгээний төлбөрийн хэмжээ; 6.3.9.гэрээний хугацаа; 6.3.10.зээлийн төлөлт болон өр төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд мэдэгдэх журам, нөхцөл; 6.3.11.гэрээний гүйцэтгэлийн талаар мэдээлэх журам; 6.3.12.гэрээг дуусгавар болгох журам, нөхцөл; 6.3.13.гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох нөхцөл, журам; 6.3.14.зээлийг гурвалсан гэрээгээр олгосон бол гуравдагч этгээдүүдийн өр төлбөрийн талаарх зохицуулалт; 6.3.15.өр барагдуулахтай холбоотой хуулиар хориглоогүй талуудын тохиролцсон бусад нөхцөл.
6.4Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч гэрээний бүртгэлийг бичгээр болон цахимаар хийж, гэрээнд холбогдох баримт бичгийг хавсаргана.
6.5Энэ хуульд заасны дагуу өр барагдуулах зорилгоор зээлдүүлэгчээс өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид гаргаж өгсөн мэдээллийг харилцагчийн нууц задруулсан гэж үзэхгүй.
7 дугаар зүйлӨр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх журам, хэлбэр
7.1Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргийн хүрээнд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өр төлбөртэй этгээд болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээдтэй дараах хэлбэрээр харилцана:
7.1.1.утсаар; 7.1.2.биечлэн уулзалт; 7.1.3.иргэн бол оршин суух хаягаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн хаягаар; 7.1.4.мессеж, дуут мессежээр; 7.1.5.цахимаар; 7.1.6.албан мэдэгдэл, бичгэн хэлбэрээр.
7.2Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгч, эсхүл гуравдагч этгээдтэй харилцахдаа дараах журмыг баримтална:
7.2.1ажлын өдөр 08.00 цагаас 21.00 цаг хүртэлх хугацаанд харилцах;
7.2.2өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн санаачилгаар долоо хоногт гурваас дээшгүй удаа болон ажлын нэг өдөрт нэгээс дээшгүй удаа биечлэн уулзах;
7.2.3өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн санаачилгаар ажлын өдөр 08.00 цагаас 21.00 цаг хүртэлх хугацаанд гурваас дээшгүй удаа утсаар холбогдох;
7.2.4өр төлбөртэй этгээдийн хүсэлтээр өр төлбөртэй холбогдох баримт бичиг, мэдээллээр хангах;
7.2.5талуудаас хүлээн авсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах.
7.3Өр төлбөртэй этгээдийн зүгээс өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч харилцахад энэ хуулийн 7.2.1-7.2.3-т заасан хязгаарлалт үйлчлэхгүй.
7.4Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгч, гуравдагч этгээдтэй харилцахдаа дараах хууль бус үйлдэл үзүүлэхийг хориглоно:
7.4.1.нэр хүндэд нь халдах; 7.4.2.амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө болон бусад асуудлаар заналхийлэх байдлаар эрх, эрх чөлөөг нь зөрчсөн үйлдэл гаргах; 7.4.3.зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг албадах, сүрдүүлэх, хуурамч бичиг баримт үйлдэх; 7.4.4.зээлдүүлэгчээс хүлээн авсан мэдээллээс бизнесийн болон хуульд заасан бусад нууцад хамааруулсан мэдээллийг ил болгох; 7.4.5.хамааралгүй этгээдэд болон олон нийтэд өр төлбөрийн талаар мэдээлэх.
8 дугаар зүйлӨрийн тохиролцоо хийх
8.1Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийг өөрчлөх зорилгоор өр төлбөртэй этгээд нь өр барагдуулах үйлчилгээ үзүүлэгчээс мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор бичгээр хүсэлт гаргана.
8.2Энэ хуулийн 8.1-д заасан хүсэлтэд зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх болсон шалтгааныг нотлох нөхцөл байдал, орлого, зарлагын хэмжээ, оршин суух буюу байгаа газрын хаяг, боловсрол, өмч хөрөнгө, зээлдүүлэгчийн шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл болон өр төлбөрийг төлөхөд түүний өмч, хөрөнгө хүрэлцэхгүй байгаа эсэх талаарх нөхцөлийг тодорхойлсон баримтыг хавсаргана.
8.3Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 8.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор уг хүсэлтийг зээлдүүлэгчид хүргүүлнэ.
8.4Энэ хуулийн 8.3-т заасан хүсэлтийг зээлдүүлэгч хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор санал болгосон өөрчлөлтийг судлан үзэж, өр барагдуулах үйлчилгээ үзүүлэгч дараах асуудлыг мэдэгдлийн аль нэгийг бичгээр хүргүүлнэ:
8.4.1өр төлбөртэй этгээдийн санал болгосон нөхцөлөөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг зөвшөөрсөн тохиролцоо;
8.4.2өөрийн зүгээс өөрчлөх санал, нөхцөл;
8.4.3өр төлбөртэй этгээдийн санал болгосон нөхцөлөөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхөөс татгалзсан тухай мэдэгдэл, түүний шалтгаан.
8.5Аливаа хэлбэрийн зээл олгосны нөхөн төлбөр болон үндсэн зээл төлөлтийн хугацаа хожимдуулсны торгууль, алдангийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид шилжүүлснээс хойш хугацаанд тооцож өр төлбөртэй этгээдээс нэхэхийг хориглоно.
8.6Өрийн тохиролцоо хийхтэй холбоотой зээлдүүлэгч, эсхүл өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн үйлдэлд өр төлбөртэй этгээд бүртгэх байгууллагад гомдол гаргах эрхтэй.
8.7Өр барагдуулах үйл ажиллагааны үед зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагааг зогсооно.
9 дүгээр зүйлӨр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл
9.1Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр дараах баримт бичгийг хүргүүлнэ:
9.1.1.өргөдөл; 9.1.2.үүсгэн байгуулагч болон энэ хуулийн 13.1-д заасан эрх бүхий албан тушаалтны мэдээлэл; 9.1.3.өр төлбөртэй этгээдтэй харилцах ажилтны мэдээлэл; 9.1.4.салбар байгуулах тохиолдолд салбарын мэдээлэл.
9.2Энэ хуулийн 9.1-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг бичгээр, эсхүл цахимаар бүртгэх байгууллагад гаргана.
9.3Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.1-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, өргөдөл гаргагчийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид “бүртгэл” гэх/-д бүртгэнэ.
9.4Бүртгэлд бүртгүүлсэн өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
9.5Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.3-т заасан хугацааг ажлын 5 өдрөөр нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
9.6Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэх байгууллага энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш баримт бичгийн бүрдлийг ажлын 10 өдрийн дотор хангаж бүртгэх байгууллагад ирүүлж болно. Энэ хугацаанд өргөдөл гаргагч дутуу баримт бичгийг ирүүлээгүй бол бүртгэх байгууллага тухайн өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзана.
9.7Бүртгэх байгууллага өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсан бол энэ талаарх үндэслэлийн хамт өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
9.8Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.3-т заасан бүртгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн цахим санд оруулах бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
9.9Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.3-т заасан бүртгэлтэй холбоотой, хувь хүн, байгууллагын нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд цахимаар, нээлттэй байршуулна.
10 дугаар зүйлБүртгэхээс татгалзах үндэслэл
10.1Дараах тохиолдолд өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзана:
10.1.1энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг худал мэдээлэх;
10.1.2энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан ажилтанд тавигдах шаардлагыг хангаагүй;
10.1.3дангаараа болон бусадтай хамтран шууд болон шууд бусаар өргөдөл гаргагчийн хувьцааны арав болон түүнээс дээш хувийг эзэмшихээр болсон этгээд нь энэ хуулийн 5.4-т заасан шаардлагыг хангаагүй.
10.2Энэ хуулийн 10.1-д заасан үндэслэлээр өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Өргөдөл гаргагч бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дахин бүртгүүлж болно.
10.3Энэ хуулийн 10.2-т заасны дагуу дахин бүртгүүлэхээр хандаагүй бол үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн хуулийн этгээдийг татан буулгах үүрэгтэй.
11 дүгээр зүйлБүртгэлээс хасах
11.1Дараах тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэлээс хасна:
11.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг үргэлжилсэн 6 сарын хугацаанд гурваас дээш удаа хийсэн; 11.1.2.үргэлжилсэн нэг жилийн хугацаанд гурваас дээш удаа бүртгэх байгууллагын шаардсан мэдээллийг ирүүлээгүй, эсхүл худал мэдээлсэн; 11.1.3.үргэлжилсэн 12 сарын турш үйл ажиллагаа явуулаагүй; 11.1.4.шүүхийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон; 11.1.5.өөрийн санаачилгаар үйл ажиллагаагаа зогсоосон.
11.2Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүртгэлээс хассан бол бүртгэлээс хассанаас хойш долоон өдрийн дотор энэ тухай өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид бичгээр мэдэгдэнэ.
11.3Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүртгэлээс хассан тухай шийдвэрт өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч шүүхэд гомдол гаргаж болно.
11.4Бүртгэлээс хассан шийдвэрт энэ хуулийн 11.3-т заасны дагуу гомдол гаргах нь уг шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
11.5Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүртгэлээс хассан шийдвэр гарснаас хойш өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч нь шинээр гэрээ байгуулах, эсхүл гэрээгээ бусад өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид шилжүүлэхийг хориглоно.
11.6Бүртгэлээс хассан шийдвэрийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч сайн дураар үйл ажиллагаагаа зогсоож, энэ тухай бүх гэрээ байгуулсан зээлдүүлэгчид мэдэгдэн гэрээний дагуу цуглуулсан мэдээлэл, баримт бичгийг шилжүүлж, байгуулсан гэрээ бүрийг дуусгавар болгоно.
11.7Энэ хуулийн 11.6-д заасны дагуу өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч гэрээг дуусгавар болгосноос үүссэн хохирлыг зээлдэгчид нөхөн төлөх үүрэгтэй.
11.8Энэ хуулийн 11.6-д заасны дагуу сайн дураар үйл ажиллагаагаа зогсоогоогүй бол тухайн өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг хуульд заасны дагуу албадан татан буулгана.
12 дугаар зүйлӨр барагдуулах үйл ажиллагааны нууц
12.1Өр барагдуулах үйл ажиллагааны нууцад өр төлбөртэй этгээд, зээлдүүлэгч, зээлийн гэрээний дагуу үүрэг бүхий гуравдагч этгээд, өр төлбөрийн мэдээлэл, өр барагдуулах гэрээний нөхцөл, өр барагдуулах үйл ажиллагааны явцад цуглуулсан бусад мэдээлэл хамаарна.
12.2Өр төлбөртэй этгээд, гуравдагч этгээдийн бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн үндсэн дээр тэдгээртэй холбоотой өр барагдуулах үйл ажиллагааны нууцыг ил болгож болно.
12.3Энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хүргүүлснийг өр барагдуулах үйл ажиллагааны нууцыг задруулсан гэж үзэхгүй.
13 дугаар зүйлӨр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эрх бүхий албан тушаалтан болон ажилтанд тавих шаардлага
13.1Гүйцэтгэх удирдлагын баг, эсхүл гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөлийн дарга, эсхүл хяналтын зөвлөлийн гишүүн, ерөнхий нягтлан бодогч нь өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эрх бүхий албан тушаалтан байна.
13.2Дараах этгээд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эрх бүхий албан тушаалтан байж болохгүй:
13.2.1нэгээс дээш жилийн санхүү, даатгал, хууль, эсхүл нягтлан бодох бүртгэлийн чиглэлээрх ажлын туршлагагүй;
13.2.2өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэлээс хассанаас хойш нэгээс илүүгүй жилийн өмнө тухайн компанийн удирдах албан тушаалтан, эсхүл арав буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байгаагүй;
13.2.3энэ хуулийн 13.3.1-13.3.5-д заасан этгээд.
13.3Дараах этгээд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн ажилтан байж болохгүй:
13.3.1.гадаад улсын иргэний харьяалалтай, эсхүл харьяалалгүй хүн; 13.3.2.Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хариуцлага хүлээж байсан; 13.3.3.согтууруулах болон мансууруулах бодисоос хамааралтай; 13.3.4.төрийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсанаас хойш гурван жил өнгөрөөгүй; 13.3.5.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчээс халагдсан.
13.4Энэ хуулийн 13.3-т заасан шаардлагыг хангахгүй өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн ажилтан нь өр төлбөртэй этгээд, зээлдүүлэгч, гуравдагч этгээдтэй аливаа хэлбэрээр харилцахыг хориглоно.
14 дүгээр зүйлБаримт бичиг хадгалах
14.1Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн хадгалбал зохих баримт бичгийн жагсаалт, хадгалах нөхцөлийг бүртгэх байгууллага тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨР ТӨЛБӨРТЭЙ ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
15 дугаар зүйлӨр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг
15.1Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч дараах үүрэгтэй:
15.1.1зээлдүүлэгчид өр төлбөртэй этгээдтэй харилцаа хамааралтай эсэх, харилцаа хамааралтай бол түүний үндэслэл, гэрээний үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй бусад нөхцөл байдал болон хувийн ашиг сонирхол болон зээлдүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй бусад нөхцөл, өр төлбөртэй этгээд үүргээ биелүүлэхгүй байхад шууд болон шууд бусаар нөлөөлөх ашиг сонирхлын талаар мэдээлэх;
15.1.2бүртгэх байгууллага болон Монголбанкны шаардсанаар үйл ажилаагаатай холбогдох мэдээллийг гаргаж өгөх;
15.1.3үйл ажиллагааны нууц хадгалах;
15.1.4сард нэгээс илүүгүй удаа үнэ төлбөргүйгээр өр төлбөртэй этгээдийн хүсэлтээр өр төлбөрийн талаарх задаргаа бүхий мэдээллийг зээлдэгчээр баталгаажуулж, өр төлбөртэй этгээд хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор хүргүүлэх;
15.1.5байршил, эсхүл нэрээ сольсон тохиолдолд бүртгэх байгууллагад гурван өдрийн дотор мэдэгдэх;
15.1.6зээлдүүлэгч, өр төлбөртэй этгээд, гуравдагч этгээдээс хүлээн авсан мэдээлэл, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн зээлийн гэрээн дэх хувийн мэдээллийг хамгаалах;
15.1.7зээлдэгчийн зээлийн мэдээллийг агуулсан цахим сантай байх;
15.1.8гэрээнд заагаагүй төлбөрийг өр төлбөртэй этгээдээс шаардахгүй байх;
15.1.9хуульд заасан хязгаарлалт, шаардлагыг дагаж мөрдөх;
15.1.10өр төлбөртэй этгээдтэй харилцахдаа дуу, дүрсний бичлэг хийх, өр барагдуулах үйл ажиллагааг баталгаажуулан үлдээх програм хангамжтай байх;
15.1.11зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий байгууллагатай мэдээлэл нийлүүлэх талаарх гэрээ байгуулах;
15.1.12эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн, эсхүл бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн бол өөрчлөлт орсноос хойш ажлын 5 өдрийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэх;
15.1.13өр төлбөртэй этгээдтэй харилцах бүрд дуу, дүрсний бичлэг хийн баталгаажуулж, өр төлбөрийг бүрэн төлж дуусан хүртэлх хугацаанд хадгалах;
15.1.14өр төлбөртэй этгээдтэй харилцах бүрд дуу, дүрсний бичлэг хийн баталгаажуулж, өр төлбөрийг бүрэн төлж дуусан хүртэлх хугацаанд хадгалах;
15.1.15компанийн хувьцааны арав болон түүнээс дээш хувийг дангаараа болон хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэх байгууллагад тухай бүр хүргүүлэх;
15.1.16өр барагдуулах үйл ажиллагаа, эрх үүргийг таниулах агуулга бүхий сургалтыг зохион байгуулж, ажилтанг хамруулах.
16 дугаар зүйлӨр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгчийн эрх, үүрэг
16.1Өр төлбөртэй этгээд, эсхүл түүний төлөөлөгч дараах эрхтэй:
16.1.1өр төлбөрийн талаарх мэдээллийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчээс гаргуулж авах;
16.1.2бүртгэх байгууллагад өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн талаар гомдол гаргах;
16.1.3өрийн тохиролцоо хийж, зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлүүлэхээр хүсэлт гаргах;
16.1.4хуульд заасан бусад.
16.2Өр төлбөртэй этгээд, эсхүл түүний төлөөлөгч дараах үүрэгтэй:
16.2.1хаяг, овог, нэр, холбоо барих мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэх;
16.2.2өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн шаардсанаар орлого, зарлагын түвшин, хаяг, өмч, хөрөнгө, хүлээгдэж байгаа орлогын талаарх үнэн зөв мэдээллийг гаргаж өгөх;
16.2.3энэ хуульд заасны дагуу өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчтэй өрийн тохиролцоо хийхэд хамтран ажиллах;
16.2.4зээлдүүлэгчийн зүгээс санал болгосон зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийг авч үзэх, өөрт тохирохуйц нөхцөлийн талаар ажлын 15 өдрийн дотор зээлдүүлэгч, болон өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэх;
16.2.5харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
17 дугаар зүйлБүртгэх байгууллагын бүрэн эрх
17.1Бүртгэх байгууллага дараах бүрэн эрхтэй байна:
17.1.1.өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх; 17.1.2.өр барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих; 17.1.3.өр төлбөртэй этгээдийн өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эсрэг гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх; 17.1.4.хуульд заасан бусад.
17.2Бүртгэх байгууллага энэ хуульд заасан үндэслэлээр сануулах, тухайн зөрчлийг засах хугацаатай арга хэмжээ авахыг үүрэг болгох, эсхүл ажилтанг халах чиглэл өгөх арга хэмжээг авч, энэ тухай өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
17.3Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 17.2-т заасан арга хэмжээг хугацаанд нь авч, тайлагнах үүрэгтэй.
17.4Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 17.2-т заасан арга хэмжээг хугацаанд нь аваагүй бол бүртгэх байгууллага дараах арга хэмжээг авна:
17.4.1.бүртгэлээс хасах; 17.4.2.Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах.
17.5Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч бүртгэх байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
18 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
19.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(үзэл баримтлал_4.docx)