Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Чинбатын УНДРАМ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 11-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

НОМЫН САНГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын номын сангийн тогтолцоо, төрөл, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн сан хөмрөг, хүний нөөц, санхүүжилт, уншигчийн эрх, үүрэг, цахим болон дижитал үйлчилгээ, номын сангийн үйл ажиллагааны хөгжлийг зохицуулах замаар иргэн бүрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, соёлын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах боломжийг хангах, нийгмийн соён гэгээрэл болон тогтвортой хөгжлийг дэмжихэд оршино.
2 дугаар зүйл. Номын сангийн тухай хууль тогтоомж
2.1. Номын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай, Зохиогчийн эрхийн тухай, Оюуны өмчийн тухай, Архивын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим харилцааны тухай, Боловсролын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл
3.1. Энэ хууль нь өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт номын сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, нэгж, тэдгээрийн ажилтан, уншигчдад үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “номын сан” гэж мэдлэг, мэдээлэл, боловсрол, соёлын биет өв бүхий сан хөмрөгийг бүрдүүлэх, зохион байгуулах, хадгалах, хамгаалах, ашиглуулах, түгээх, иргэний унших, суралцах, бүтээлч чадварыг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага, нэгжийг;
4.1.2. “цахим номын сан” гэж зохиогчийн эрхийн зөрчилгүй цахим сан хөмрөгийг бүрдүүлж, боловсруулж, зохион байгуулан цахим сүлжээгээр зайнаас уншигчдад хайх, ашиглуулах үйлчилгээ бүхий тоон хаягтай номын санг;
4.1.3. “номын сангийн үйл ажиллагаа” гэж сан хөмрөгийн бүрдүүлэлт хийх, хадгалах, хамгаалах, зохион байгуулах, түгээх, хүний хөгжлийг дэмжих, насан туршийн боловсрол олгоход чиглэсэн цогц үйл ажиллагааг;
4.1.4. “цахим номын сангийн үйл ажиллагаа” гэж цахим сан хөмрөг бүрдүүлэх, дижитал хэлбэрт шилжүүлэх, хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг хангах болон цахим сүлжээгээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.5. “цахим номын сангийн үйлчилгээ” гэж уншигчдад цахим сүлжээгээр дамжуулан зайнаас ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг тусгай тоон хаягаар дамжуулан уншуулах үйлчилгээг;
4.1.6. “сан хөмрөг” гэж уншигчийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор бүрдүүлэн авч, бүртгэх, зохион байгуулах, хадгалж, ашиглуулж байгаа хэвлэмэл болон цахим ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, аудио, дүрс болон бусад хадгаламжийг;
4.1.7. “цахим сан хөмрөг” гэж цахим ном, хэвлэлийн бүтээгдэхүүний эх хувилбар, үүсэл, өөрчлөлтийн түүх, нотолгоо, бүрэн бүтэн байдал буюу үндэсний цахим өвийн урт хугацааны хадгалалтыг хариуцах тогтолцоог;
4.1.8. “номын сангийн ажилтан” гэж ажлын байранд тохирох мэргэжлийн боловсрол, ур чадвар, мэргэшил эзэмшсэн, номын сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн болон дэмжлэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх хүний нөөцийг;
4.1.9. “судлаач номын санч” гэж судалгааны арга зүй, мэдээлэл хайлт, өгөгдөл, ишлэл зүй, эрдэм шинжилгээний хэвлэн нийтлэлтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнийг;
4.1.10. “сэдвийн номын санч” гэж тодорхой шинжлэх ухаан, мэргэжлийн салбарын мэдлэгийг номын сангийн мэргэжилтэй хослуулан мэдээллийн эх сурвалжийг бүрдүүлэх, ашиглах, сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих чиг үүрэгтэй мэргэжилтнийг;
4.1.11. “номын сангийн грант” гэж номын сангийн үйл ажиллагаа, төсөл, судалгаа, хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд зориулан олгож байгаа буцаан төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг;
4.1.12. “уншигч” гэж номын сангийн үйлчилгээг хүртэгч иргэн, хуулийн этгээдийг;
4.1.13. “тусгай хэрэгцээт уншигч” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн болон номын санд биечлэн ирж үйлчлүүлэх боломж хязгаарлагдсан бусад иргэнийг;
4.1.14. “нийтийн номын сан” гэж тухайн нутаг дэвсгэрийн нийт хүн амд нээлттэй, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, хэл, хөдөлмөрийн чадвар, эдийн засгийн байдал харгалзахгүйгээр үйлчилдэг, нийтийн хэрэгцээнд зориулсан номын санг;
4.1.15. “хүүхдийн болон ерөнхий боловсролын сургуулийн номын сан” гэж хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, сонирхол болон сургалтын хөтөлбөрт нийцсэн ном, хэвлэл, мэдээллийн нөөцийг бүрдүүлж, хүүхдийн унших соёл, мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэх, бие даан суралцах, танин мэдэх үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг номын санг;
4.1.16. “академик номын сан” гэж их, дээд сургууль болон судалгааны байгууллагын сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг мэдээлэл, ном зүй, мэдлэгийн нөөцөөр хангадаг номын санг;
4.1.17. “тусгай номын сан” гэж тусгай хэрэгцээт бүлгийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг номын санг;
4.1.18. “байгууллагын дэргэдэх номын сан” гэж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн дэргэд тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор мэдлэг, мэдээлэл, ном хэвлэлээр хангадаг номын санг;
4.1.19. “бусад номын сан” гэж номын сангийн тухай хуульд тусгайлан заагаагүй бусад номын санг;
4.1.20. "унших соёл" гэж унших үйл ажиллагааг мэдлэг, мэдээлэл олж авах, сэтгэн бодох, бүтээлчээр хөгжих, насан туршдаа суралцах хэрэгцээ, дадал, хэвшил болгон төлөвшүүлэх үйл явцыг.
5 дугаар зүйл. Номын сангийн үйл ажиллагааны үндсэн зарчим
5.1. Номын сангийн үйл ажиллагаанд дараах үндсэн зарчим баримтална:
5.1.1. үндэсний язгуур эрх ашиг болон нийтийн эрх ашигт нийцэх;
5.1.2. нэгдмэл, харилцан уялдаатай, хамтын ажиллагаанд тулгуурлах;
5.1.3. төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах;
5.1.4. оюуны өмчийн эрхийг хүндэтгэх;
5.1.5. ил тод, нээлттэй байх;
5.1.6. тэгш, хүртээмжтэй ба ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.7. мэргэжлийн бие даасан, хараат бус байдлыг хангах;
5.1.8. үзэл бодлын олон ургальч байдал, уншигчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах;
5.1.9. насан туршийн суралцахуй, унших соёлыг дэмжих;
5.1.10. мэдээллийн болон дижитал бичиг үсгийн боловсролыг хөгжүүлэх;
5.1.11. судалгаа, шинжилгээ, инновац, дэвшилтэт технологид тулгуурлах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
6 дугаар зүйл. Номын сангийн тогтолцоо, үйл ажиллагаа эрхлэх этгээд
6.1. Монгол Улсын номын сангийн тогтолцоо нь харилцан уялдаа бүхий Үндэсний номын сан, нийтийн номын сан, хүүхдийн болон ерөнхий боловсролын сургуулийн номын сан, академик номын сан, тусгай номын сан, байгууллагын дэргэдэх номын сан, бусад номын сангаас бүрдэнэ.
6.2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага, иргэн хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн номын сангийн үйл ажиллагаа эрхэлж болно.
6.3. Төрийн болон орон нутгийн өмчийн номын санг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна.
6.4. Төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн үндсэн үйлчилгээ, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, хүний нөөцийн тогтвортой ажиллагааг хангах санхүүжилтийг үүсгэн байгуулагч хариуцна.
6.5. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийтийн номын санг татан буулгах, хувьчлахгүй байх зарчмыг баримтална. Нэгтгэх, өөрчлөн байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд иргэдэд номын сангийн үйлчилгээг тасралтгүй, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.
7 дугаар зүйл. Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрх, үүрэг
7.1. Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах эрхтэй байна:
7.1.1. ном, хэвлэл, мэдээллийн эх сурвалжийг хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх, бүртгэх, каталогжуулах, хадгалах, хамгаалах;
7.1.2. сан хөмрөгийг уншигчдад ашиглуулах, түгээх, сурталчлах;
7.1.3. боловсрол, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулах;
7.1.4. дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдах, хамтын ажиллагаа хөгжүүлэх;
7.1.5. ажилтныг сургах, хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах;
7.1.6. ном солилцоо, ном хүргэлт болон номын сан хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
7.1.7. хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт үйлчилгээ үзүүлэх, орлого олох.
7.2. Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах үүрэгтэй:
7.2.1. стандартын шаардлага хангасан орчинд уншигчдад үйлчилгээ үзүүлэх;
7.2.2. уншигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх;
7.2.3. сан хөмрөгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах;
7.2.4. сан хөмрөгийн ашиглалт, эргэлтэд судалгаа хийж, бүрдүүлэлтийн чанарыг сайжруулах;
7.2.5. Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах ном, судар, гар бичмэлийг сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, хадгалах, хамгаалах;
7.2.6. номын сангийн үйл ажиллагаа, мэдээллийн боловсруулалт, хайлт, түгээлтийг автоматжуулах, цахим мэдээллийн санг хөгжүүлэх;
7.2.7. уншигчдад цахим сүлжээгээр зайнаас үйлчилгээ үзүүлэх;
7.2.8. материаллаг бааз, хүний нөөц, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах;
7.2.9. уншигчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний нууцлалыг хамгаалах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН ТӨРӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
8 дугаар зүйл. Номын сангийн төрөл
8.1. Номын сан нь дараах төрөлтэй байна:
8.1.1. Үндэсний номын сан;
8.1.2. нийтийн номын сан;
8.1.3. хүүхдийн болон ерөнхий боловсролын сургуулийн номын сан;
8.1.4. академик номын сан;
8.1.5. тусгай номын сан;
8.1.6. байгууллагын дэргэдэх номын сан;
8.1.7. бусад номын сан.
8.2. Номын сан нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ цахим болон танхимын үйлчилгээг хослуулан явуулж болно.
9 дүгээр зүйл. Үндэсний номын сан
9.1. Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, чиг үүрэг, зохион байгуулалт, сан хөмрөг, санхүүжилттэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
9.2. Үндэсний номын сан нь Монгол Улсын үндэсний ой санамж, баримтат өвийг хадгалах, хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, номын сангийн салбарын хөгжилд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна.
10 дугаар зүйл. Нийтийн номын сан
10.1. Нийтийн номын сан нь тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нас, боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, хэрэгцээ, сонирхолд нийцсэн сан хөмрөг бүрдүүлж, нийтэд нээлттэй үйлчилгээ үзүүлнэ.
10.2. Нийтийн номын сан нь иргэдийн насан туршийн суралцахуй, мэдлэг, мэдээлэл авах, унших соёл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх орчин байна.
10.3. Нийтийн номын сан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
10.3.1. иргэдийн унших дадал, унших соёлыг төлөвшүүлэх;
10.3.2. ном, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
10.3.3. орон нутгийн түүх, соёл, өв уламжлалыг сурталчлах;
10.3.4. мэдээллийн болон дижитал бичиг үсгийн боловсрол олгох;
10.3.5. бүх насны иргэдэд зориулсан сургалт, хөтөлбөр, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах;
10.3.6. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах.
10.4. Нийтийн номын санг мэргэжил, арга зүйгээр Үндэсний номын сан болон холбогдох мэргэжлийн байгууллага хангана.
11 дүгээр зүйл. Хүүхдийн болон сургуулийн номын сан
11.1. Хүүхдийн болон сургуулийн номын сан нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, сонирхол, хэрэгцээ, сургалтын хөтөлбөрт нийцсэн ном, хэвлэл, мэдээллийн нөөц бүрдүүлнэ.
11.2. Хүүхдийн болон сургуулийн номын сан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
11.2.1. хүүхдэд бага наснаас нь унших дадал, соёлыг төлөвшүүлэх;
11.2.2. хүүхэд, эцэг эх, багшийн хамтарсан уншлагын хөтөлбөр хэрэгжүүлэх;
11.2.3. хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох, ойлгох, дүгнэх чадварыг хөгжүүлэх;
11.2.4. хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон сан хөмрөг бүрдүүлэх;
11.2.5. бие даан суралцах, судлах, мэдээлэл хайх, боловсруулах чадварыг хөгжүүлэх;
11.2.6. хүүхдийн зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчтэй хамтран ажиллах
11.2.7. хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх;
11.2.8. алслагдсан бүсийн хүүхдэд номын сангийн үйлчилгээг хүргэх.
11.3. Хүүхдийн болон сургуулийн номын санг мэргэжил, арга зүйгээр Хүүхдийн төв номын сан болон холбогдох мэргэжлийн байгууллага хангана.
11.4. Хүүхдийн номын сан нь сургуулийн номын сангаас тусдаа бие даасан байгууллага байж болно.
12 дугаар зүйл. Академик номын сан
12.1. Академик номын сан нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт, судалгаа, инновац, шинжлэх ухааны үйл ажиллагааг ном, хэвлэл, мэдээлэл, цахим нөөцөөр хангана.
12.2. их сургуулийн номын сан нь уншигчдыг ном, мэдээллээр хангахаас гадна их сургуулийн судалгааны дэд бүтэц байна.
12.3. Академик номын сан дараах чиг үүрэгтэй:
12.3.1. сургалт, судалгааны хэрэгцээнд нийцсэн мэдлэг, мэдээллийн нөөц бүрдүүлэх;
12.3.2. эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны үр дүнг хадгалах, түгээх;
12.3.3. судалгааны мэдээллийн сан, цахим нөөцийг хөгжүүлэх;
12.3.4. судлаач, багш, суралцагчдад ном зүй, мэдээлэл хайлт, ишлэл зүйн зөвлөгөө өгөх;
12.3.5. судалгааны ёс зүй, хэвлэн нийтлэлийн мэдлэгийг дэмжих;
12.3.6. нээлттэй шинжлэх ухаан, нээлттэй мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
12.3.7. судалгааны бүтээлийн олон улсын индексжүүлэлт, эшлэлийн мэдээллийн зөвлөгөө өгөх;
12.3.8. их сургуулийн институцийн репозитор хөгжүүлэх;
12.3.9. уншигчдын сургалт, судалгаанд дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх.
12.4. Академик номын сан нь сургалт, судалгааны бодлогод мэргэжлийн дэмжлэг үзүүлэх судлаач номын санч, сэдвийн номын санчтай байж болно.
12.5. Академик номын сан нь мэдээллийн болон дижитал бичиг үсгийн сургалт зохион байгуулна.
12.6. Нэгдсэн каталог, ном зүйн мэдээлэл солилцоо, номын сан хоорондын ном солилцоо, хамтын ашиглалтын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.
13 дугаар зүйл. Тусгай номын сан
13.1. Тусгай номын сан нь тодорхой бүлгийн иргэдийн хэрэгцээ, онцлог, эсхүл тодорхой салбар, чиглэлийн мэдээллийн хэрэгцээнд нийцүүлэн төрөлжсөн ном, хэвлэл, мэдээллийн нөөц бүрдүүлж, хадгалж, хамгаалан тусгайлсан үйлчилгээ үзүүлнэ.
13.2. Тусгай номын санд хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан, газрын зураг, нот зэрэг бүтээлээр төрөлжсөн, хорих байгууллага, цэргийн анги, асрамжийн газрын дэргэдэх болон бусад тусгай зориулалтын номын сан хамаарна.
13.3. Тусгай номын сан уншигчдын онцлог хэрэгцээнд нийцсэн хүртээмжтэй үйлчилгээ, тохирсон орчин, туслах технологиор хангана.
14 дүгээр зүйл. Байгууллагын дэргэдэх номын сан
14.1. Байгууллагын дэргэдэх номын сан нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн дэргэд байгуулагдаж, тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдыг мэргэжлийн болон бусад чиглэлийн ном, хэвлэл, мэдээллийн эх сурвалжаар хангах, тэдний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй суралцах үйл ажиллагааг дэмжинэ.
14.2. Байгууллагын дэргэдэх номын сан нь үйл ажиллагааныхаа чиглэл, онцлогт нийцүүлэн хэвлэмэл болон цахим сан хөмрөгийг бүрдүүлж, хадгалан хамгаалж, зохион байгуулан, уншигчдад түгээж, ашиглуулна.
15 дугаар зүйл. Бусад номын сан
15.1. Өрхийн, хувь хүний болон энэ хуульд тусгайлан заагаагүй бусад хэлбэрийн номын санг бусад номын санд хамааруулна.
15.2. Бусад номын сан нь өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн сайн дурын үндсэн дээр номын сангийн үйлчилгээ үзүүлж болно.
16 дугаар зүйл. Номын сангийн үйлчилгээний хэлбэр
16.1. Номын сангийн үйлчилгээ нь үндсэн болон нэмэлт үйлчилгээнээс бүрдэнэ.
16.2. Үндсэн үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
16.2.1. уншлагын танхимын үйлчилгээ;
16.2.2. цахим номын сангийн үйлчилгээ;
16.2.3. гэрээр ном олгох үйлчилгээ;
16.2.4. зөөврийн болон хөдөлгөөнт номын сангийн үйлчилгээ;
16.2.5. ном зүйн болон лавлагааны үйлчилгээ;
16.2.6. тусгай хэрэгцээт уншигчдад зориулсан үйлчилгээ;
16.2.7. соён гэгээрүүлэх, боловсролын сургалт, хөтөлбөр;
16.2.8. номын сан хоорондын ном солилцоо;
16.2.9. ном хүргэлтийн үйлчилгээ.
16.3. Номын сангийн нэмэлт үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
16.3.1. төрөлжсөн салбарын ном зүйн үйлчилгээ;
16.3.2. үндсэн үйлчилгээнд саад учруулахгүй нөхцөлөөр танхим, талбай ашиглуулах;
16.3.3. сургалт, мэргэжлийн зөвлөгөө зохион байгуулах;
16.3.4. цахим номын санг тусгай гэрээний нөхцөлтэй ашиглуулах үйлчилгээ;
16.3.5. хэвлэх, хувилах үйлчилгээ;
16.3.6. бусад нэмэлт үйлчилгээ.
16.4. Нэмэлт үйлчилгээг төлбөртэй үзүүлж болно.
16.5. Үйлчилгээний төлбөрийн хэмжээг холбогдох хууль тогтоомж, номын сангийн дүрэм, журамд нийцүүлэн тогтооно.
16.6. Номын сангийн төлбөрт үйлчилгээний орлогыг хууль тогтоомжийн дагуу тухайн номын сангийн үйл ажиллагааг сайжруулахад зарцуулна.
17 дугаар зүйл. Сан хөмрөгийн бүрдүүлэлт
17.1. Номын сангийн сан хөмрөг нь хэвлэмэл болон цахим ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, аудио, дүрс болон бусад мэдээллийн эх сурвалжаас бүрдэнэ.
17.2. Сан хөмрөгийг заавал авах хувь, худалдан авалт, ном солилцоо, хандив тусламж, өв залгамжлал болон бусад хууль ёсны эх үүсвэрээр бүрдүүлнэ.
17.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт хэвлэн нийтэлсэн, үйлдвэрлэсэн болон нийтэд түгээсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүний заавал авах хувийг хуульд заасан байгууллагад тогтоосон хугацаа, журмын дагуу үнэ төлбөргүй хүлээлгэн өгнө.
17.4. Энэ хуулийн 17.3-т заасан заавал авах хувийн төрөл, тоо хэмжээ, хүлээн авах байгууллага, хугацаа, хүргүүлэх журмын талаар Үндэсний номын сангийн тухай хуулиар тусгайлан зохицуулна.
17.5. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг номын сан нь сан хөмрөгийн бүрдүүлэлтийг уншигчийн эрэлт, хэрэгцээ, сан хөмрөгийн судалгаа, мэргэжлийн сонголт, төсвийн боломжид үндэслэн хэрэгжүүлнэ.
17.6. Номын сан нь үндэсний хэл, соёл, түүх, шинжлэх ухаан, боловсролын эх сурвалжийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.
17.7. Үндэсний хэл, соёл, түүхийг гуйвуулсан, улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлсэн бүтээл эсэхийг хэрхэн хянахыг номын сан дүрэм, журамдаа тусгаж мөрдөнө.
17.8. Үндэсний хэл, соёл, түүхийг гуйвуулсан, улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлсэн, бүтээл худалдан авах болон хандиваар авахыг хориглоно.
17.9. Сан хөмрөг бүрдүүлэхдээ үзэл бодлын олон ургальч байдал, мэдээллийн хүртээмж, мэргэжлийн бие даасан байдлыг хангаж ажиллана.
17.10. Сан хөмрөг бүрдүүлэх, хасах, нөхөн бүрдүүлэх асуудлыг номын санд холбогдох стандарт, хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэнэ.
17.11. Номын сан нь энэ хуулийн 17.8-д зааснаас бусад номыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу сонгож авна.
18 дугаар зүйл. Сан хөмрөгийн бүртгэл, тооллого, хадгалалт, хамгаалалт
18.1. Номын сан сан хөмрөгийн бүртгэл, тооллогыг холбогдох стандарт журмын дагуу хийнэ.
18.2. Сан хөмрөгийг зориулалтын, стандартын шаардлага хангасан байранд хадгална.
18.3. Түүх соёлын дурсгалт болон хосгүй үнэт, ховор, үнэт, гар бичмэл бүтээлийг дижитал хэлбэрт шилжүүлж, хамгаалалтын хувь бэлтгэн эх хувиас нь тусад нь хадгална.
18.4. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, хадгалалт, хамгаалалтын тусгай нөхцөл бүрдүүлнэ.
18.5. Сан хөмрөгийг гал түймэр, ус чийг, температурын өөрчлөлт, байгалийн гамшиг, гэмт халдлага болон бусад эрсдлээс хамгаална.
18.6. Номын сангийн сан хөмрөгийг гамшиг, аюулын үед нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж бэлэн байдлыг хангана.
18.7. Номын сан сан хөмрөгөө даатгуулж болно.
19 дүгээр зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээлийг ашиглуулах
19.1. Хосгүй үнэт, ховор, үнэт, ганц хувь бүтээл, гар бичмэлийг хадгалалт, хамгаалалтын шаардлагад нийцүүлэн цахим болон хуулбар хэлбэрээр ашиглуулна.
19.2. Эх хувийг ашиглуулах шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, журмыг баримтална.
19.3. Эх хувийг ашиглуулахдаа хадгалалт, хамгаалалтын нөхцөл, судалгааны зорилго, ашиглах хугацаа, аюулгүй байдлыг харгалзана.
20 дугаар зүйл. Сан хөмрөгийг сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх
20.1. Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэмтэж муудсан, устаж үрэгдэх эрсдэлтэй бүтээлийг сэргээн засварлах, хамгаалах, нөхөн бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
20.2. Номын сан нь нөхөн бүрдүүлэх шаардлагатай бүтээлийн жагсаалтыг гаргаж, санхүүжилтийн саналыг боловсруулж, төсвийн төсөлд тусгуулах арга хэмжээ авна.
20.3. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага номын сангийн саналыг үндэслэн сэргээн засварлах шаардлагатай бүтээлийн жагсаалт, санхүүжилтийн саналыг боловсруулж, төсвийн төсөлд тусгуулах арга хэмжээ авна.
20.4. Түүх, соёлын дурсгалт бүтээлийг сэргээн засварлахдаа мэргэжлийн байгууллага, мэргэшсэн сэргээн засварлагчийг оролцуулна.
20.5. Судалгаа, хамгаалалтын шаардлагыг хангаагүй болон судлаачид судлаагүй, судалгааны эргэлтэд ороогүй ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг гадаадын байгууллага, иргэнд сэргээн засварлуулахаар шилжүүлэхийг хориглоно.
21 дүгээр зүйл. Номын сангийн зөвлөл, холбоо, хамтын ажиллагаа
21.1. Номын сангийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор орон тооны бус номын сангийн зөвлөл байгуулж болно.
21.2. Номын сангийн зөвлөлд соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүүхэд, залуучууд, олон нийтийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулж болно.
21.3. Номын сангууд сан хөмрөгийн солилцоо, нэгдсэн каталог, мэдээллийн үйлчилгээ, мэргэжлийн сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөрийн чиглэлээр хамтран ажиллаж болно.
21.4. Номын сангийн үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор номын санчдын холбоо, нийгэмлэгийг сайн дурын үндсэн дээр байгуулж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦАХИМ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
22 дугаар зүйл. Цахим номын сангийн үйл ажиллагаа, сан хөмрөг
22.1. Цахим номын сан нь цахим хэлбэрээр анх бүтээгдсэн болон цахим хэлбэрт шилжүүлсэн ном, хэвлэл, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны өгөгдөл болон бусад мэдээллийн нөөцийг бүрдүүлэх, бүртгэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, уншигчдад хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
22.2. Цахим номын сангийн үйл ажиллагаанд мэдээллийн хүртээмж, харилцан ажиллагаа, нэгдсэн каталог, мета өгөгдлийн стандарт, мэдээллийн аюулгүй байдал болон цахим сан хөмрөгийн урт хугацааны найдвартай хадгалалтын зарчмыг баримтална.
22.3. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг дижитал хэлбэрт шилжүүлэх, цахим орчинд байршуулах, ашиглуулахдаа зохиогчийн эрхийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтална.
22.4. Цахим сан хөмрөгийн бүрэн бүтэн, үнэн зөв, найдвартай байдлыг хангах, урт хугацаанд хадгалах, хамгаалах арга хэмжээг номын сан зохион байгуулна.
22.5. Цахим сан хөмрөгийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
22.5.1. цахим хэлбэрээр анх бүтээгдсэн бүтээл болон цахим хэлбэрт шилжүүлсэн бүтээлийг бүрдүүлэх, хадгалах;
22.5.2. цахим сан хөмрөгийн урт хугацааны хадгалалтын тогтолцоог бүрдүүлэх;
22.5.3. цахим сан хөмрөгийг нөөц хувьтай байлгах, газар зүйн хувьд тусдаа байршилд хадгалах;
22.5.4. цахим судалгааны бүтээл, өгөгдлийг хадгалах, ашиглуулах цахим репозитор хөгжүүлэх;
22.5.5. нэгдсэн каталог, мета өгөгдлийн стандарт болон мэдээлэл солилцох нөхцөлийг хангах;
22.5.6. цахим бүтээлийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв байдлыг тогтмол шалгах, баталгаажуулах;
22.5.7. кибер халдлага, техникийн гэмтэл, гамшиг болон мэдээлэл алдагдсан тохиолдолд мэдээллийг сэргээх, үйл ажиллагааг хэвийн болгох төлөвлөгөөтэй байх;
22.5.8. цахим бүтээлийн файл формат, хадгалалтын технологийн өөрчлөлтийг хянах, шаардлагатай тохиолдолд мэдээллийг шинэ технологид шилжүүлэх.
23 дугаар зүйл. Цахим номын сангийн үйлчилгээ ба мэдээллийн аюулгүй байдал
23.1. Цахим үйлчилгээг цахим сүлжээ, тусгай тоон хаяг, хөдөлгөөнт төхөөрөмж болон бусад технологиор (гар утас, таблет, компьютер, киндл гэх мэт) дамжуулан үзүүлнэ.
23.2. Цахим үйлчилгээг зохиогчийн эрх, гэрээний нөхцөлд нийцүүлэн нээлттэй болон хязгаарлагдмал эрхтэйгээр хүргэж болно.
23.3. Цахим номын сангийн уншигчийн мэдээллийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг хангахад төрөөс бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
23.4. Уншигчийн хувийн мэдээлэл, нэвтрэх эрх, ашиглалтын мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.
23.5. Зохиогчийн эрх, цахим орчны ёс зүй, мэдээллийн аюулгүй байдлын талаар уншигчдад сургалт, зөвлөгөө өгнө.
24 дүгээр зүйл. Дижитал бичиг үсгийн боловсролыг хөгжүүлэх
24.1. Номын сан нь уншигчдын мэдээллийн болон дижитал бичиг үсгийн боловсролыг хөгжүүлэх дараах сургалт, үйлчилгээг зохион байгуулна:
24.1.1. мэдээллийн бичиг үсэг: мэдээлэл хайх, үнэлэх, хуурамч мэдээллийг ялгах, эх сурвалжийг шинжлэх;
24.1.2. цахим харилцааны соёл: цахим шуудан, чат, нийгмийн сүлжээнд зөв, хариуцлагатай, ёс зүйтэй харилцах;
24.1.3. техник, технологи ашиглах чадвар: компьютер, гар утас, аппликейшн, программ ашиглах;
24.1.4. мэдээллийн аюулгүй байдал: нууц үг, хувийн мэдээллийг хамгаалах, цахим залилангаас сэргийлэх;
24.1.5. дижитал бүтээлч чадвар: цахим контент бүтээх, мэдээлэл боловсруулах, технологийг бүтээлчээр ашиглах;
24.1.6. хиймэл оюун ухаан болон шинэ технологийг зөв, хариуцлагатай ашиглах мэдлэг.
ТАВДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД
25 дугаар зүйл. Номын сангийн ажилтны эрх, үүрэг
25.1. Номын сангийн ажилтан дараах үүрэгтэй:
25.1.1. уншигчдад тэгш, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх;
25.1.2. ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих;
25.1.3. сан хөмрөгийг бүртгэх, ангилах, каталогжуулах, хадгалах;
25.1.4. уншигчдад лавлагаа, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
25.1.5. зохиогчийн эрх болон холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
25.1.6. уншигчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний нууцлалыг хамгаалах.
25.2. Номын сангийн ажилтан дараах эрхтэй:
25.2.1. эрүүл, аюулгүй орчинд ажиллах;
25.2.2. хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал авах;
25.2.3. мэргэжил дээшлүүлэх, суралцах, судалгаа хийх;
25.2.4. мэргэжлийн болон судалгааны ажилд байгууллагаас дэмжлэг авах;
25.2.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлөөр хангагдах;
25.2.6. байгууллагын бодлого, төлөвлөлтөд санал өгөх.
25.3. Судлаач номын санч нь судалгааны арга зүй, мэдээлэл хайлт, өгөгдөл, ишлэл зүй, эрдэм шинжилгээний хэвлэн нийтлэл, бүтээлийн нөлөөллийн үзүүлэлт, индексийг шинжлэх, судалгааны ёс зүйн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгнө.
25.4. Сэдвийн номын санч нь өөрийн мэргэшсэн салбарын мэдээллийн эх сурвалжийг бүрдүүлэх, лавлагаа өгөх, сургалт судалгааны бодлогод мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
26 дугаар зүйл. Номын сангийн ажилтны нийгмийн баталгаа
26.1. Номын сангийн ажилтны хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааг хөдөлмөрийн болон төрийн албаны холбогдох хууль тогтоомжийн дагуу хангана.
26.2. Хөдөө, орон нутаг, алслагдсан бүсэд ажиллаж байгаа номын сангийн ажилтанд хууль тогтоомжид заасан нэмэгдэл, дэмжлэг, урамшуулал олгоно.
26.3. Төрийн болон орон нутгийн өмчийн номын санд мэргэжлээрээ тасралтгүй ажилласан ажилтанд таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тогтвортой ажилласны нэг удаагийн урамшуулал олгоно.
26.4. Энэ хуулийн 26.3-т заасан тогтвортой ажилласны урамшууллыг ажилласан таван жилийн хугацааг бүрэн хангасан тохиолдолд олгоно.
26.5. Энэ хуулийн 26.3-т заасан ажилласан хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн нийтийн номын сан, их, дээд, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн номын сан, төрийн өмчийн бусад номын санд мэргэжлээрээ ажилласанг хамруулан тооцно.
26.6. Тогтвортой ажилласны урамшууллыг тооцох үндсэн цалинг урамшуулал авах эрх үүссэн өдрийн үндсэн цалингаар тодорхойлно.
26.7. Номын сангийн ажилтан төрийн болон орон нутгийн өмчийн нэг номын сангаас нөгөө номын санд шилжин ажилласан тохиолдолд ажилласан хугацааг тасралтгүй ажилласан нөхцөлд нэгтгэн тооцно.
26.8. Төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхөд холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, урамшуулал олгоно.
26.9. Төрөөс номын сангийн салбарт хүний нөөц бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадамжийн сургалт зохион байгуулахад бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
26.10. Энэ зүйлд заасан нийгмийн баталгааг бусад хуульд заасан ажилтны нийгмийн баталгаанаас дордуулан хэрэгжүүлэхийг хориглоно.
27 дугаар зүйл. Уншигчийн эрх, үүрэг
27.1. Уншигч дараах эрхтэй:
27.1.1. үзэл бодлын олон талт эх сурвалжаас мэдээлэл авах;
27.1.2. хэл, нас, хөгжлийн онцлогт тохирсон үйлчилгээ авах;
27.1.3. цахим мэдээллийн үйлчилгээг хүртэх;
27.1.4. стандартын шаардлага хангасан, аюулгүй, хүртээмжтэй орчинд үйлчлүүлэх;
27.1.5. ном, хэвлэл, мэдээллийн эх сурвалжийг хууль, журмын дагуу ашиглах;
27.1.6. санал, хүсэлт, гомдол гаргах;
27.1.7. номын сангийн соёл, боловсролын үйл ажиллагаанд оролцох;
27.1.8. ганцаарчилсан болон бүлгээр суралцах орчин, боломжоор хангагдах;
27.1.9. хувийн мэдээлэл, уншсан ном, ашигласан мэдээллийн нууцлалаа хамгаалуулах.
27.2. Харааны бэрхшээлтэй уншигч брайль үсэг, сонсдог номоор үйлчлүүлэх болон хүртээмжтэй бусад хэлбэрийн үйлчилгээг авах эрхтэй.
27.3. Сонсголын бэрхшээлтэй уншигч дохионы хэлээр болон хүртээмжтэй бусад хэлбэрийн үйлчилгээг авах эрхтэй.
27.4. Биеэр ирэх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээр болон цахимаар үйлчилгээ авах эрхтэй.
27.5. Цэргийн анги, хорих байгууллага, асрамжийн газрын иргэд зөөврийн номын сангийн болон бусад тохирсон үйлчилгээ авах эрхтэй.
27.6. Уншигч дараах үүрэгтэй:
27.6.1. номын сангийн дотоод дүрэм, журам, үйлчилгээний нөхцөлийг сахих;
27.6.2. ном, хэвлэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг гамтай ашиглах;
27.6.3. ном, хэвлэлийг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох журмын дагуу хохирлыг нөхөн төлөх;
27.6.4. бусад уншигчийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
28 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
28.1. Засгийн газар номын сангийн салбарт дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1. номын сангийн салбарын үндэсний бодлого, хөгжлийн чиглэлийг тодорхойлох;
28.1.2. гадаадын номын санд хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх, соёлд холбогдох ном, гар бичмэл, түүний хуулбарыг Монгол Улсад авчрах арга хэмжээ зохион байгуулах;
28.1.3. монгол судлалын чиглэлээр гадаадад хэвлэгдсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
28.1.4. номын сангийн барилга байгууламж, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
28.1.5. хүүхдийн ном хэвлэл, уран бүтээл, унших соёлыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах;
28.1.6. номын сангийн сан хөмрөгийг гамшиг, аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг батлах;
28.1.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
29 дүгээр зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
29.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1. номын сангийн салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
29.1.2. номын сангийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, стандартын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
29.1.3. номын сангийн барилга байгууламж, орчин, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын стандартын хэрэгжилтийг хангах;
29.1.4. номын сангийн салбарын хүний нөөцийн бодлого, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
29.1.5. төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөрийг дэмжих;
29.1.6. номын сан судлал, захиалгат судалгаа, инновац, соёлын боловсролын арга хэмжээг дэмжих;
29.1.7. улсын хэмжээний статистик мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээ зохион байгуулах;
29.1.8. статистик мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үзүүлэлтийн тодорхойлолт, тооцоолол, мэдээлэл цуглуулах давтамж, аргачлалыг боловсруулах;
29.1.9. улсын хэмжээнд мэдээлэл нэгтгэх, дүн шинжилгээ хийх, харьцуулах, тайлагнах цахим систем ажиллуулах;
29.1.10. мэргэжлийн холбоод, судалгааны байгууллага, их, дээд сургуультай хамтран ажиллах;
29.1.11. номын сангийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
30 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх
30.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1. нутаг дэвсгэрийн номын сангийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг батлах;
30.1.2. номын сангийн барилга байгууламж, орчин, сан хөмрөгийн бүрдүүлэлт, хүний нөөцийн нийгмийн баталгаа, цахим мэдээллийн сан, програм хангамж, техник тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх;
30.1.3. номын сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих.
30.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.2.1. харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд номын сангийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх;
30.2.2. номын сангийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
30.2.3. номын сангийн хүний нөөц, барилга байгууламж, материаллаг баазыг сайжруулах;
30.2.4. хүүхэд, залуучуудын унших соёлыг хөгжүүлэх арга хэмжээ зохион байгуулах;
30.2.5. номын сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг үнэлэх.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
НОМЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТ, ДЭМЖЛЭГ
31 дүгээр зүйл. Төрөөс номын сангийн үйл ажиллагааг дэмжих бодлого, зарчим
31.1. Төрөөс номын сангийн үйл ажиллагааг дараах чиглэлээр дэмжинэ:
31.1.1. баримтат өв, хосгүй үнэт, ховор, үнэт өв бүтээлийг хадгалж байгаа номын сангийн сан хөмрөгийг төрийн онцгой анхаарал, ивээлд байлгах;
31.1.2. эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлалыг судлах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
31.1.3. нийгмийн бүх гишүүнд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлөөр хангах;
31.1.4. нээлттэй, хүртээмжтэй сан хөмрөг, таатай орчин бүрдүүлэх;
31.1.5. цахим номын сан, мэдээллийн нэгдсэн сан, дижитал технологийг хөгжүүлэх;
31.1.6. зохиогчийн эрх эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн цахим сан хөмрөг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
31.1.7. иргэдийн унших соёл, мэдлэг, боловсрол, бүтээлч хөгжлийг дэмжих;
31.1.8. хүүхэд, залуучуудын унших дадлыг төлөвшүүлэхэд онцгой анхаарах;
31.1.9. төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
31.1.10. номын сангийн салбарын инновац, судалгаа, технологийн хөгжлийг дэмжих;
31.1.11. академик номын сангуудын судалгааны өгөгдөл боловсруулах, институцийн репозитор хөгжүүлэх, нээлттэй шинжлэх ухааны үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
31.1.12. цахим сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, урт хугацааны аюулгүй байдалд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
32 дугаар зүйл. Унших соёлыг хөгжүүлэх үндэсний бодлого
32.1. Төрөөс иргэдийн унших дадал, соёлыг төлөвшүүлэх, номын хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын унших чадвар, ойлгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
32.2. Үндэсний хөтөлбөр нь бүх насны иргэдийг хамарсан, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан, урт хугацааны бодлого байна.
32.3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн байгууллага, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага, номын сан, хэвлэн нийтлэгч, зохиолч, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог хангана.
32.4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг тогтмол үнэлж, олон нийтэд мэдээлнэ.
33 дугаар зүйл. Номын сангийн санхүүжилт
33.1. Номын сангийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
33.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
33.1.2. гадаад, дотоодын байгууллага, иргэний хандив, тусламж;
33.1.3. төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
33.1.4. өөрийн үйл ажиллагааны орлого;
33.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
33.2. Төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн үйл ажиллагаа, орчны стандарт, сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын зардлыг тухайн шатны төсвөөс санхүүжүүлнэ.
33.3. Жил бүр номын сангийн сан хөмрөгийг баяжуулах төсвийг өмнөх оны санхүүжилтээс бууруулахгүй байна.
33.4. Цахим мэдээллийн сангийн лицензийн зардлыг төр хариуцна.
33.5. Сервер, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдлын зардлыг төр санхүүжүүлнэ.
33.6. Орон нутгийн номын сангийн жилийн төсвийг өмнөх оны төсвөөс бууруулахгүй байх зарчим баримтална.
33.7. Ажилтны нийгмийн баталгааны урамшууллыг улсын төсвөөс болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу санхүүжүүлнэ.
33.8. Тусгай хэрэгцээт уншигчдад зориулсан үйлчилгээ, хүртээмжтэй орчин, туслах технологийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
33.9. Номын сангийн нэмэлт үйлчилгээний орлогыг тухайн номын сангийн материаллаг баазыг бэхжүүлэх, сан хөмрөгийг арвижуулах, ажилтны нийгмийн баталгааг хангах болон үйл ажиллагааг хөгжүүлэхэд зарцуулна.
33.10. Номын сангийн үйл ажиллагаанд зориулсан грант, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг ил тод, зориулалтын дагуу зарцуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД
34 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
34.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
34.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
35 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
35.1. Энэ хуулийг 202... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(11.09. Хууль НСТХ эцсийн.docx)