Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/31 дүгээр зүйл:
“31 дүгээр зүйл.Нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоо
31.1.Тухайн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч тухайн нэгжийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэхүү эрхээ тухайн асуудлаар өргөдөл /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ гаргах замаар хэрэгжүүлэх ба нийтийн өргөдлийг цахим системээр гаргаж, хүлээн авч болно.
31.2.Нийтийн өргөдлийг энэ хуулийн 32.8 дахь хэсэгт заасан Иргэдийн нийтийн Хурлын болон 35 дугаар зүйлд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд гаргана.
31.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах үндэслэлээр нийтийн өргөдлийг хүлээн авахгүй:
31.3.1.энэ хуулийн 31.2 дахь хэсэгт заасан асуудлын хүрээнд хамаарахгүй;
31.3.2.улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд харшилсан;
31.3.3.бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалсан;
31.3.4.өргөдөлд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;
31.3.5.хувийн асуудлаар гаргасан.
31.4.Нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулах ба уг өргөдлийг нийслэл, тухайн дүүрэг, хороонд байнга оршин суугаа, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн 3 хувь ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн, тухайн аймаг, сум, багт байнга оршин суугаа, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн 5 хувь ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол нутгийн өөрөө удирдах байгууллага хэлэлцэх үүрэгтэй.
31.5.Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3-т заасан тоон гарын үсгээр баталгаажсан байна.
31.6.Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах үлгэрчилсэн журмыг Засгийн газар батална.
31.7.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэрийн талаар хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(1.MUZZNtUtH_huuliin_tusul_26.docx)