Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 6-Р САРЫН 4 ӨДӨР
УЛААНБААТАР
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчимд тулгуурлан хувь хүний эдийн засгийн суурь эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хувийн өмчийн эрх, гэрээний эрх чөлөө, хөдөлмөр ба хөрөнгө оруулалтын үр шимийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог хязгаарлах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх, аж ахуйн эрхлэгчийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж
2.1. Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3. Эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг батлах, тайлбарлах, хэрэглэхдээ энэ хуульд заасан эдийн засгийн эрх чөлөөний зарчим, баталгааг баримтална.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар хориглосноос бусад эдийн засгийн харилцаанд хамаарна.
3.2. Эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж нь энэ хуульд заасан эдийн засгийн эрх чөлөөний зарчимд нийцсэн байна.
4 дүгээр зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “аж ахуй эрхлэгч” гэж Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.3-т заасныг;
4.1.2. “аж ахуйн нэгж” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
4.1.3. “аж ахуйн үйл ажиллагаа” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх болон түүнтэй адилтгах үйл ажиллагааг;
4.1.4. “шударга өрсөлдөөн” гэж зах зээлд оролцогчид хуульд нийцсэн, тэгш нөхцөлд чөлөөтэй өрсөлдөх орчныг;
4.1.5. “эдийн засгийг зохицуулах” гэж Үндсэн хуулийн 5.4-т заасныг;
ХОЁРДУГААР БҮЛЭГЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
5 дугаар зүйл. Эдийн засгийн эрх чөлөө
5.1. Аж ахуй эрхлэгч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
5.1.1. хууль ёсоор олж авсан өмч хөрөнгө нь халдашгүй байх;
5.1.2. хөдөлмөр, оюуны бүтээл, хөрөнгө оруулалтын үр шим, хууль ёсны дагуу олсон орлогоо чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
5.1.3. хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг бие даан тодорхойлох;
5.1.4. хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх;
5.1.5. хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга өрсөлдөх;
5.1.6. хууль ёсны мөнгөн тэмдэгт болон бусад төлбөрийн хэрэгслийг чөлөөтэй эзэмших, ашиглах, солилцох;
5.1.7. хуулиар тогтоосон нууцад хамааралтай мэдээлэл нь халдашгүй байх;
5.1.8. ажил хэргийн нэр хүнд нь хууль бус халдлагаас ангид байх;
5.2. Эдийн засгийн эрх чөлөөг хүний бусад үндсэн эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор зөвхөн хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.
5.3. Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь дараах шаардлагыг хангасан байна:
5.3.1. Үндсэн хуулийн 5.4-т заасан зорилгод нийцсэн байх;
5.3.2. Хуулиар тогтоосон байх;
5.3.3. Хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх;
ГУРАВДУГААР БҮЛЭГЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАТАЛГАА
6 дугаар зүйл. Төрөөс эдийн засгийг зохицуулах бүрэн эрх, түүний хязгаар
6.1. Төр нь эдийн засгийг Үндсэн хууль болон энэ хуульд заасан хүрээнд зохицуулна.
6.2. Төр нь эдийн засгийг зохицуулахдаа аж ахуй эрхлэгчийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ.
6.3. Төрөөс эдийн засагт аливаа хэлбэрээр оролцохдоо аж ахуй эрхлэгчтэй үл өрсөлдөх, хуульд заагаагүй давуу эрх эдлэхгүй байх зарчмыг баримтлах бөгөөд өөрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж олон нийтийн хяналт тавих боломжийг хангана.
7 дугаар зүйл. Өмчлөх эрхийн баталгаа
7.1. Төр нь өмчийн халдашгүй байдлыг хангаж, өмчлөгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй.
7.2. Өмчлөх эрхийг хязгаарлах аливаа шийдвэр, үйл ажиллагаанд Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон энэ хуулийн 5.3-т заасныг баримтална.
7.3. Хувийн өмчийг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн дайчлан авах, хураах төрийн байгууллагын шийдвэр нь зөвхөн зах зээлийн бодит үнэлгээнд үндэслэсэн нөхөх олговор бүрэн төлөгдсөн тохиолдолд хэрэгжинэ.
7.4. Төр нь хөрөнгийн эрхийг баталгаажуулах хуульд заасан бүртгэлийн тогтолцоо болон өмчлөгчийн эрхийг нотлох хууль эрх зүйн орчноор хангах үүрэгтэй.
8 дугаар зүйл. Татвар тогтоох зарчим
8.1. Аж ахуй эрхлэгчийн ашиг, орлого, хөрөнгөд ногдуулах татварыг зөвхөн татварын хуулиар тогтооно.
8.2. Хуульд заагаагүй төлбөр, хураамж, шимтгэл ногдуулахыг хориглоно.
8.3. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн нэгдсэн бодлогыг хуулиар тодорхойлж, ашгийн бус, нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжинэ.
8.4. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд татварын аливаа хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй.
8.5. Татварын харилцааг хуулиар нарийвчлан зохицуулна.
9 дүгээр зүйл. Гэрээний эрх чөлөө
9.1. Төр нь гэрээний талуудын хүсэл зориг, гэрээний нөхцөлийг хүндэтгэнэ.
9.2. Төр нь гэрээний нөхцөлийг хүчингүй болгох, гэрээ биелэгдэх боломжийг өөрчлөх үр дагавартай, аж ахуй эрхлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах буцаан үйлчлэх хууль тогтоохыг хориглоно.
9.3. Төр нь гэрээний маргааныг шүүхийн бус эвлэрүүлэн зуучлал, арбитрын журмаар шийдвэрлэх боломжийг дэмжиж, маргааныг шуурхай, шударга, хараат бус байдлаар шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
9.4. Төр нь хүчин төгөлдөр гэрээний биелэлтийг хангахын тулд албадан гүйцэтгэх тогтолцоог бүрдүүлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор түүнийг заавал биелүүлэх баталгааг хангах үүрэгтэй.
9.5. Төр гэрээний нэг тал болсон тохиолдолд хуульд заасны дагуу уг гэрээний нөхцөлийг олон нийтэд ил тод болгож, түүний хэрэгжилт, биелэлтийг хянан үнэлэх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж, иргэд, олон нийтийн хяналт тавих боломжийг хангана.
10 дугаар зүйл. Аж ахуй эрхлэх эрх
10.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн, хуулийн этгээд хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхтэй.
10.2. Эдийн засгийн харилцааг зохицуулсан аливаа хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэр үндэслэл бүхий, тодорхой, нийтэд ойлгомжтой, ил тод байх бөгөөд төр нь эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.
10.3. Аж ахуй эрхлэхтэй холбоотой зөвшөөрлийн тогтолцоо нь хамгийн бага хязгаарлалттай байх зарчимд тулгуурлах бөгөөд зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай нөхцөлийг зөвхөн хуулиар тогтооно.
10.4. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд холбогдох зөвшөөрлийг олгосонд тооцно.
10.5. Төрөөс аж ахуй эрхлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ зөвхөн хуульд заасан баримт бичиг, түүний бүрдлийг шаардана.
10.6. Аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй хяналт, шалгалт хийх, хуульд заасан хугацааг хэтрүүлэхийг хориглоно.
10.7. Төр нь аж ахуй эрхлэгчдэд хэрэгцээт мэдээллийг үнэ төлбөргүй, цахим хэлбэрээр тогтмол хүргэж, төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцыг ил тод, нээлттэй байлгана.
10.8. Аж ахуй эрхлэгч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээг дагаж мөрдөнө.
10.9. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээтэй холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулна.
11 дүгээр зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга өрсөлдөх эрх
11.1. Аж ахуй эрхлэгчид хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
11.2. Төр нь эдийн засагт чөлөөт, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүрэгтэй.
11.3. Төрөөс хуульд зааснаас бусад үндэслэлээр зах зээлийн харилцаанд хязгаарлалт тогтоох, ялгаварлан зохицуулахыг хориглоно.
11.4. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчийн үйл ажиллагаа болон хууль бус өрсөлдөөнийг хянах, таслан зогсоох харилцааг хуулиар нарийвчлан зохицуулна.
11.5. Төрөөс үнэ тогтоох, нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг өрсөлдөөнийг саатуулах шийдвэр гаргахдаа энэ хуулийн 5.3-т заасныг баримтлах бөгөөд аливаа хязгаарлалтыг зөвхөн тодорхой, түр хугацаанд тогтооно.
11.6. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг зөвхөн нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд үүсгэн байгуулна.
11.7. Төр аж ахуй эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулах, удирдах, татан буулгахтай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулна.
11.8. Төрийн аливаа сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төсвийн болон төсвийн бус хөрөнгийн захиран зарцуулалт, худалдан авалт нь ил тод байх, үл ялгаварлах зарчимд үндэслэн аж ахуй эрхлэгчдийн эдийн засагт чөлөөтэй, шударга өрсөлдөх эрх чөлөөг хангасан байна.
11.9. Төр нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад үндэслэлгүй саад тавихгүй бөгөөд үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээтэй уялдуулан хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална.
11.10. Банкны үйл ажиллагаа эрхлэгч нь Банкны тухай хуулиар зөвшөөрснөөс өөр төрлийн үйл ажиллагааг давхар эрхлэхийг хориглоно.
12 дугаар зүйл. Мөнгө, санхүүгийн харилцаан дахь эрх чөлөө
12.1. Аж ахуй эрхлэгч нь хуульд өөрөөр заагаагүй бол мөнгө, гадаад валют, үнэт цаас болон бусад санхүүгийн хэрэгслийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
12.2. Төрөөс мөнгө, санхүүгийн харилцааг зохицуулахдаа зах зээлийн чөлөөт үйл ажиллагаа, өмчлөх эрх, гэрээний эрх чөлөөг хүндэтгэнэ.
12.3. Төрөөс мөнгө, санхүүгийн харилцаанд оролцохдоо үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн үнэ, хүү, ханш болон хөрөнгийн хөдөлгөөнд захиргааны аргаар хязгаарлалт тогтоохоос зайлсхийх бөгөөд энэ төрлийн хязгаарлалтыг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ.
12.4. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 5.3-т заасан шаардлагыг хангасан нөхцөлд мөнгө, санхүүгийн харилцаанд хязгаарлалт тогтоож болно.
12.5. Аж ахуй эрхлэгчийн үнэт цаас болон бусад санхүүгийн хэрэгслийг эзэмших, гаргах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.
13 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгчийн мэдээллийн халдашгүй байдал
13.1. Төр нь аж ахуй эрхлэгчийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах үүрэгтэй.
13.2. Эрх бүхий этгээд аж ахуй эрхлэхтэй холбоотой хувь хүний болон байгууллагын мэдээлэлтэй зөвхөн хуульд заасан үндэслэлээр танилцаж болно.
13.3. Аж ахуй эрхлэгчийн аливаа мэдээлэлд хуульд зааснаас бусад аргаар халдахыг хориглоно.
13.4. Аж ахуй эрхлэгч нь өөрийн аж ахуй эрхэлсний үр дүнд бий болгосон мэдээллийг ашиглах, хадгалах, хамгаалах эрхтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГХАРИУЦЛАГА, ШҮҮХИЙН ХАМГААЛАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ
14 дүгээр зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлага
14.1. Төрийн эдийн засгийг зохицуулах үйл ажиллагаа нь ил тод, хэмжигдэхүйц байх бөгөөд холбогдох төрийн байгууллагууд тогтмол хугацаанд олон нийтэд тайлагнах үүрэгтэй.
14.2. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, үйлдэл эс үйлдэхүйгээс аж ахуй эрхлэгчид учирсан хохирлыг төр хуульд заасны дагуу нөхөн төлнө.
14.3. Энэ хуулийг зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14.4. Хариуцлага тооцох зорилго нь аж ахуй эрхлэгчийн эдийн засгийн эрхийг сэргээж, төрийн хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэнэ.
15 дугаар зүйл. Шүүхийн хамгаалалт
15.1. Аж ахуй эрхлэгч төрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд төрийн байгууллага гомдлыг хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэх, эрхийг сэргээх, нөхөн төлбөрийг барагдуулах үүрэгтэй.
15.2. Эдийн засгийн эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн аж ахуй эрхлэгч захиргааны байгууллага болон шүүхэд холбогдох хууль, дүрэм журмын дагуу хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
15.3. Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах шийдвэрийг энэ хуулийн 5.3 болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн эсэхийг төр нотлох үүрэгтэй.
16 дугаар зүйл. Ил тод байдал, хяналт
16.1. Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн тайланг жил бүр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлнэ.
16.2. Тайланд дараах мэдээллийг заавал тусгана:
16.2.1. төрөөс эдийн засгийн зохицуулалт хийсэн хүрээ, арга хэлбэр, үр нөлөөний тоон үзүүлэлт;
16.2.2. эдийн засгийн эрх зөрчигдсөн, нөхөн төлбөр олгосон тохиолдлын тоо, хэмжээ;
16.2.3. ил тод байдал, шударга өрсөлдөөний орчны талаарх дүн шинжилгээ.
17 дугаар зүйл. Засгийн газрын эрх, үүрэг
17.1. Энэ хуулийн 16.1-т заасан тайланг Засгийн газар жил бүр Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтийн долоо хоногт танилцуулна.
17.2. Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөг сэргээх шийдвэрийн биелэлт, хохирол барагдуулсантай холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод байдлаар мэдээлж, тогтмол тайлагнана.
17.3. Төрийн өмчит компанийн талаар баримтлах бодлогыг энэ хууль болон холбогдох хуульд нийцүүлэн Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГБУСАД
18 дугаар зүйл. Бусад хууль тогтоомжийг нийцүүлэх
18.1. Бусад хууль тогтоомжид энэ хуульд зааснаас өөрөөр заасан заалт, зохицуулалтыг дараах журмаар энэ хуульд нийцүүлнэ:
18.1.1. Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу энэ хуульд нийцүүлэх ажлыг Засгийн газраас зохион байгуулна.
18.1.2. хууль санаачлагч нь шүүхийн шийдвэр болон иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг үндэслэн энэ хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулж болно.
18.2. Энэ хуульд зааснаас өөрөөр заасан нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг энэ хуульд заасантай нийцүүлэх үүргийг тухайн дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулж баталсан захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
18.3. Эдийн засгийн харилцааг зохицуулахтай холбоотой хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг хэлэлцэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 17.2.5-д заасан шаардлагыг хангуулна.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
19.1. Энэ хуулийг .... оны .... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
