Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Тогтмолын МӨНХСАЙХАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхийг хангах хүрээнд эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим, түүнчлэн эрүүл мэндийн тогтолцооны бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хүний нөөц, инновац, технологи, цахимжилт, салбар дундын хамтын ажиллагаа болон хяналтын харилцааг нэгдмэл хэлбэрээр зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЭрүүл мэндийн хууль тогтоомж
2.1Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1"эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;
3.1.2"эрүүл мэндийг хамгаалах" гэж өвчин эмгэг, түүний эрсдэлт хүчин зүйлсээс хүн амыг хамгаалах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг;
3.1.3"эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн болон эм зүйн тусламж үйлчилгээг;,
3.1.4"эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
3.1.5"эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг;
3.1.6"эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг;
3.1.7"олон улсын хөл хориот өвчин" гэж Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг;
3.1.8"идэвхэжсэн голомтыг цомхотгох" гэж мал, амьтнаас хүнд халдварлах байгалийн голомтот халдварт өвчний байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;
3.1.9"эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.10"сувилах" гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.11"эх барих" гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.12"эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;
3.1.13"эм зүйн тусламж үйлчилгээ” гэж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох, импортлох, ханган нийлүүлэх, худалдах, хадгалах, түгээх, олгох, эм барих, эмийн зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эдгээрт хяналт, зохицуулалт хийх цогц үйл ажиллагааг;
3.1.14“эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10.б-д заасныг;
3.1.15“эмнэлгийн хэрэгсэл” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;
3.1.16"эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл" гэж эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг;
3.1.17"донор" гэж Донорын тухай хуулийн 3.1.2-3.1.4-т заасныг;
3.1.18"эрүүл мэндийг дэмжих" гэж хүн амын эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, тэднийг дэмжсэн орчин бүрдүүлэх, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг хянах, сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг.
3.1.19"эмнэлгийн бусад мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй бусад мэргэжилтнийг;
3.1.20"сэргээн засах" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг;
3.1.21"үндсэн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн их эмчийн анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
3.1.22"төрөлжсөн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
3.1.23"эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ" гэж хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөөс өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон үндсэн мэргэшлийн зарим нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэн, гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор харьяалах нутаг дэвсгэрт байгаа хүн бүрд нь нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх үйл ажиллагааг;
3.1.24"эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг;
3.1.25нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасныг.
3.1.26“эрүүл мэндийн мэдээлэл” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.15-т заасныг;
3.1.27“цахим эрүүл мэнд” гэж орчин үеийн цахим технологид суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх, бүх нийтээр ашиглах боломжийг бүрдүүлж буй үйл ажиллагааг;
3.1.28“нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох цогц үйл ажиллагааг;
3.1.29“гүйцэтгэлд суурилан санхүүжүүлэх” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн санхүүжилтийн хэмжээ, олголтыг тогтоох санхүүжилтийн тогтолцоог;
3.1.30“эрүүл мэндийн инновац” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн шинэ мэдлэг, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга зүй, зохион байгуулалтын шийдлийг;
3.1.31“эрүүл мэндийн технологийн үнэлгээ” гэж эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний арга, үйлчилгээний үр нөлөө, аюулгүй байдал, зардал-үр ашгийн харьцаа болон нийгэм, эдийн засгийн нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр иж бүрэн үнэлэх үйл ажиллагааг;
3.1.32“хүн амын хэрэгцээний үнэлгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлийн бүтэц, эрсдэлт хүчин зүйл, хүн ам зүйн онцлогт үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, эрэлтийг тодорхойлох судалгаа, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг;
3.1.33“теле-эрүүл мэнд” гэж мэдээлэл, харилцаа холбооны технологид тулгуурлан зайнаас эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх болон удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх цогц үйлчилгээ, тогтолцоог;
3.1.34“теле-анагаах ухаан” гэж эрүүл мэндийн мэргэжилтэн нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан өвчтөнд зайнаас оношлох, зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх, хяналт тавих эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлбэрийг;
3.1.35“нэг худалдан авагчийн зарчим” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг нэг санд төвлөрүүлэн цуглуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчидтэй нэгдсэн нөхцөл, стандартаар гэрээ байгуулан санхүүжилт олгохыг;
3.1.36“стратегийн худалдан авалт” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, чанар, үр дүн, зардал-үр ашгийн харьцааг урьдчилан үнэлж, хүн амын эрүүл мэндийн байдал болон тэргүүлэх чиглэл, төсвийн хэмжээнд тулгуурлан ямар тусламж, үйлчилгээг, ямар байгууллагаар, ямар нөхцөлөөр, ямар үнээр, хэдий хэмжээгээр санхүүжүүлэхийг шийдвэрлэн, худалдан авах үйл ажиллагааг.
4 дүгээр зүйлЭрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим
4.1Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:
4.1.1хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, хамгаалалтад авах;
4.1.2хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх;
4.1.3өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандах;
4.1.4Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах;
4.1.5нийгмийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх.
4.2Энэ хуулийн 4.1-д заасан бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчим баримтална:
4.2.1хүний нэр төр, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүмүүнлэг, энэрэнгүй ёсыг баримтлах;
4.2.2шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, эмнэл зүйн удирдамж, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;
4.2.3эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;
4.2.4эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО
5 дугаар зүйлЭрүүл мэндийн тогтолцооны нэгдмэл байдал
5.1Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд чиглэсэн нэгдмэл систем байна.
5.2Эрүүл мэндийн тогтолцоо нь дараах харилцан уялдаатай бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ:
5.2.1эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалт;
5.2.2нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн болон эм зүйн тусламж, үйлчилгээ;
5.2.3эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалт;
5.2.4эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологи;
5.2.5эрүүл мэндийн цахимжилт, мэдээллийн тогтолцоо;
5.2.6санхүүжилт, эрүүл мэндийн даатгал.
5.3Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ.
5.4Эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд нь салангид бус, харилцан уялдаа, залгамж чанартайгаар төлөвлөгдөж, хэрэгжиж, үнэлэгдэнэ.
6 дугаар зүйлЭрүүл мэндийн тогтолцоог хангах төрийн үүрэг
6 .1Төр нь эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн тогтвортой, тасралтгүй, үр нөлөөтэй ажиллагааг хангах үүрэгтэй.
6 .2Төрөөс эрүүл мэндийн тогтолцооны аливаа бүрэлдэхүүн хэсгийг орхигдуулах, зохицуулалтгүй үлдээх, түүнчлэн санхүүжилт, хүний нөөц, чадавхын системийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6 .3Эрүүл мэндийн тогтолцооны тэнцвэр алдагдсан, эсхүл нийгмийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүссэн тохиолдолд төрөөс уг тэнцвэрийг сэргээх бодлого, арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйлЭрүүл мэндийн тогтолцоонд суурилсан бодлого, төлөвлөлт
7.1Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө нь энэ хуулийн 5.2-т заасан эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоонд суурилсан байна.
7.2Эрүүл мэндийн тогтолцооны аль нэг бүрэлдэхүүн хэсгийг дангаар нь өөрчлөх бодлого, шийдвэр нь бусад бүрэлдэхүүнд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлсэн байна.
7.3Эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны нотолгоо, мэдээлэл, үнэлгээнд тулгуурлана.
8 дугаар зүйлЭрүүл мэндийн тогтолцооны тэсвэртэй, тогтвортой байдал
8.1Эрүүл мэндийн тогтолцоо нь халдварт өвчин, гамшиг, онцгой нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн хямралын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах тэсвэртэй, тогтвортой байна.
8.2Төрөөс эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдал, эрсдэлийн үнэлгээ, сэргэх чадавхыг тогтмол хангах бодлого хэрэгжүүлнэ.
8.3Эрүүл мэндийн тогтолцооны тэсвэртэй байдлыг хангахтай холбогдсон арга хэмжээг салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.
9 дүгээр зүйлЭрүүл мэндийн тогтолцооны тэгш, хүртээмжтэй байдал
9.1Эрүүл мэндийн тогтолцоо нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийгэм, эдийн засгийн байдал, оршин суугаа газар, нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон бусад ялгаатай нөхцөл байдлаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг хангана.
9.2Эрүүл мэндийн тогтолцооны зохион байгуулалт, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж нь эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн байна.
10 дугаар зүйлЭрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ, сайжруулалт
10.1Эрүүл мэндийн тогтолцооны үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр нөлөөг тогтмол үнэлж, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
10.2Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ нь чанар, хүртээмж, үр ашиг, тэгш байдлын шалгуурт тулгуурлана.
10.3Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээний дүнг бодлого боловсруулах, санхүүжилт, зохицуулалтын шийдвэр гаргахад заавал харгалзан үзнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйлЭрүүл мэндийн удирдлагын тогтолцоо
11.1Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнаас бүрдэнэ.
11.2Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоонд дараах байгууллага, нэгж хамаарна:
11.2.1Монгол Улсын Их Хурал;
11.2.2Монгол Улсын Засгийн газар;
11.2.3эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
11.2.4нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.5эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.6эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.7эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.8нутгийн өөрөө удирдах байгууллага;
11.2.9бүх шатны Засаг дарга;
11.2.10аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар;
11.2.11эрүүл мэндийн байгууллагын удирдлага.
11.3Удирдлага нь ил тод, нотолгоонд суурилсан, хариуцлагатай, иргэн төвтэй байна.
12 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын бүрэн эрх
12.1Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох;
12.1.2эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих;
12.1.3онцгой нөхцөл байдал, гамшиг, тахлын үед хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалахтай холбогдох эрх зүйн зохицуулалтыг шуурхай батлах;
12.1.4эрүүл мэндийн асуудлаар олон улсын гэрээнд нэгдэх, соёрхон батлах, цуцлах асуудлыг шийдвэрлэх;
12.1.5хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
13 дугаар зүйлМонгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
13.1Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
13.1.2эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
13.1.3эрүүл мэндийн талаар батлагдсан бодлого, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
13.1.4эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх;
13.1.5зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах;
13.1.6хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйлЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
14.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
14.1.2хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах, хянах, үнэлэх, эрэлт хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;
14.1.3хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
14.1.4эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн мэргэжлийн чиглэл, индекс, анагаах ухааны боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоо, сургалтын түшиц эмнэлгээр хангах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх;
14.1.5аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах;
14.1.6эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцооны бодлогыг тодорхойлох, мэдээллээр хангах;
14.1.7магадалгааны нэгдсэн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авах, хэвийн, найдвартай үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
14.1.8эрүүл мэндийн статистик мэдээллийг нэгтгэн гаргах, мэдээлэх;
14.1.9төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн болон тусгай эмнэлэг, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажилладаг бусад төрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
14.1.10эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, судалгаа хийх;
14.1.11иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах;
14.1.12эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
14.1.13эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;
14.1.14эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
14.1.15эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх.
14.2Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт, шинжилгээ хийх хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг мэдээлэх;
14.2.2илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах;
14.2.3хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд захиргааны хариуцлага ногдуулах.
14.3Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 14.3-т заасан бүрэн эрхээ энэ хуульд заасан төрийн захиргааны байгууллагад шилжүүлж болно.
15 дугаар зүйлЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
15.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцох;
15.1.2эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх;
15.1.3эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;
15.1.4эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг тодорхойлох, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
15.1.5эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бодлогыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох;
15.1.6хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын байршил, бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, шатлал, эмнэлгийн болон сувиллын орны дээд хязгаарыг тогтоох;
15.1.7эрүүл мэндийн салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
15.1.8хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
15.1.9аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн даргад тавигдах мэргэжлийн шаардлагыг тогтоох;
15.1.10аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг энэ хуулиар тогтоосон шаардлага болон Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасны дагуу чөлөөлөх;
15.1.11эрүүл мэндийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын бүтэц, орон тоог тухайн нутаг дэвсгэр дэх хүн амын тоо, төвөөс алслагдсан байдлыг үндэслэн батлах;
15.1.12эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг батлах;
15.1.13төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах үйл ажиллагааг зохицуулах журам, тусламж, үйлчилгээний чиглэл, хамрах хүрээг батлах;
15.1.14хүний амь насанд аюултай, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг ховор тохиолдох өвчин, эмгэгийг тодорхойлох аргачлалыг батлах;
15.1.15эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих албаны дүрмийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
15.1.16хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15.2Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулж болно.
15.3Энэ хуулийн 15.2-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.4Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан үзүүлэх журам, жагсаалтыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
16 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
16.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
16.1.2харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх;
16.1.3харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;
16.1.4харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
16.1.5орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх жил бүрийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийн тайланг хүлээж авч дүгнэлт өгөх;
16.1.6хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
17 дугаар зүйлБүх шатны Засаг даргын бүрэн эрх
17.1Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
17.1.2харьяалах нутаг дэвсгэртээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
17.1.3эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;
17.1.4байгалийн онц аюултай үзэгдэл болон олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;
17.1.5эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
17.1.6харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
17.1.7харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох;
17.1.8тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх;
17.1.9хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
17.2Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
17.2.2харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;
17.2.3эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;
17.2.4харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх;
17.2.5хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
17.3Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.
18 дугаар зүйлАймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх
18.1Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
18.1.2эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хязгаарт багтаан зохицуулах;
18.1.3харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;
18.1.4харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагад өгөх.
18.2Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО
19 дүгээр зүйлүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл
19.1Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна:
19.1.1нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
19.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
19.1.3эм зүйн тусламж, үйлчилгээ.
19.2Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, эмнэлгийн тусламж, эм зүйн тусламж, үйлчилгээний харилцан уялдаа, залгамж чанарт тулгуурлана.
Нэгдүгээр дэд бүлэг
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
20 дугаар зүйлНийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
20.1Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоонд тулгуурлан хангах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд орон тооны бус Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана.
20.2Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.2.1нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэж, баримтлах бодлогыг тодорхойлох;
20.2.2холбогдох яам, агентлаг болон бусад байгууллагын нийгмийн эрүүл мэндтэй хамааралтай үйл ажиллагааны уялдааг хангах;
20.2.3нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, хөтөлбөрт салбар дундын байр суурь, саналыг тусгах;
20.2.4Засгийн газрын богино болон дунд хугацааны хөтөлбөр, арга хэмжээнд тусгагдсан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зорилтот шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хяналт тавих, үнэлгээ өгөх.
20.3Зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байх бөгөөд орлогч дарга нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нарийн бичгийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга байна. Зөвлөлийн гишүүд нь дараах төлөөллөөс бүрдэнэ:
20.3.1эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, санхүү, хууль зүй, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд;
20.3.2нийслэлийн засаг дарга;
20.3.3хангайн, баруун, хойд, төвийн, зүүн, говийн бүс тус бүрээс нэг аймгийн засаг дарга.
20.4Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдаанаас гарсан тогтоолын хэрэгжилтийг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцна.
20.5Зөвлөл нь цахимаар эсхүл танхимаар жилд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуралдааны товыг мэдэгдэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах зэрэг шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг хариуцна.
20.6Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга даргалах бөгөөд хуралдааны дэгийг хуралдаанд оролцогчдын олонхын саналаар тогтооно.
20.7Хуралдаанаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар тухайн бүс нутгийн нийгмийн эрүүл мэндийн төвшний талаар танилцуулга хийх бөгөөд хуралдаанд ашигласан танилцуулга болон холбогдох бусад мэдээллийг олон нийтэд ил тод тайлагнана.
21 дүгээр зүйлНийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
21.1Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, зохион байгуулалтыг нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
21.2Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан Улсын онцгой комиссын гишүүн болон эрүүл мэндийн дэд сайдын чиг үүргийг хавсран гүйцэтгэнэ.
21.3Орон нутгийн хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, зохион байгуулалтыг аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагаар дамжуулан хангуулна.
21.4Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна.
21.5Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдох бусад харилцааг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон бусад холбогдох хуулиар зохицуулна.
22 дугаар зүйлНийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
22.1Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:
22.1.1нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний бодлогод нийцүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд үнэлгээ өгөх;
22.1.2халдварт болон халдварт бус өвчний тандалт, хяналтын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, олон нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах;
22.1.3дархлаажуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх;
22.1.4нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын стандарт тогтоох, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;
22.1.5нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, судалгааны нэгдсэн тогтолцоог хөтлөх, эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байдлын үндэсний илтгэлийг жил бүр гаргах;
22.1.6хүрээлэн буй орчин, хүнс, усны эрүүл ахуйн шаардлагын биелэлтэд хяналт тавих, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох;
22.1.7олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрэм, журмын үүргийг хэрэгжүүлэх, Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах;
22.1.8хуульд заасан бусад.
Хоёрдугаар дэд бүлэг
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ
23 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээ
23.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь шаталсан зохион байгуулалттай байх бөгөөд дараах түвшнээс бүрдэнэ:
23.1.1.анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ; 23.1.2.хоёрдогч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ; 23.1.3.гуравдагч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ.
23.2Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллага нь суурь байгууллага байна.
23.3Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
23.4Энэ хуульд өөрөөр заагаагүй бол эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбогдох харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
24 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
24.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, зохион байгуулалт, зохицуулалтыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
24.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шаталсан тогтолцооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, анхан, хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээний уялдаа холбоог хангана.
24.3Орон нутгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, зохион байгуулалтыг аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хангуулна.
24.4Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.
24.5Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбогдох бусад харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон бусад холбогдох хуулиар зохицуулна.
25 дугаар зүйлЭрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
25.1Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний сүлжээ, хүчин чадал, үйлчилгээний төрөл, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох судалгааг 3 жил тутам гаргах;
25.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний шаталсан тогтолцооны зохион байгуулалт, төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
25.1.3эрүүл мэндийн технологийн үнэлгээг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
25.1.4эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад олгох тусгай зөвшөөрлийг 25.1.1-д заасан хэрэгцээ, шаардлагын судалгаанд үндэслэн шийдвэрлэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах;
25.1.5эмнэлгийн байгууллагаас бүрдүүлэх мэдээллийг нэгтгэн боловсруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
25.1.6эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх нэгжийг мэргэжил, арга зүйгээр хангах;
25.1.7иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
25.1.8хуульд заасан бусад.
Гуравдугаар дэд бүлэг
Эм зүйн тусламж, үйлчилгээ
26 дугаар зүйлЭм зүйн тусламж, үйлчилгээ
26.1Эм зүйн тусламж, үйлчилгээ нь хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой, хүртээмжтэй хангах, нөөц бүрдүүлэх, тэдгээрийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд оршино.
26.2Эм зүйн тусламж, үйлчилгээнд дараах үйл ажиллагаа хамаарна:
26.2.1эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох;
26.2.2эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх;
26.2.3эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах;
26.2.4эм, эмнэлгийн хэрэгслийн төрийн хяналт, зохицуулалт хийх;
26.2.5эмнэлзүйн эм зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
26.2.6эмийн үнийг зохицуулах;
26.2.7эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой, хүртээмжтэй хангах;
26.2.8эмийн зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх.
26.3Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хяналт зохицуулалтыг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
26.4Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зарим чиг үүргээ төрийн бус байгууллагаар ашиг сонирхлоос ангид, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
26.5Энэ хуульд өөрөөр заагаагүй бол эм зүйн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвх, хангамж, хүртээмж, үнийн зохицуулалттай холбогдох харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО
27 дугаар зүйлЭрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо
27.1Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сайжруулахад чиглэх бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс иргэнийг хамгаалан, салбарын үр ашиг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангана.
27.2Эрүүл мэндийн санхүүжилт нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм зүйн тусламж, үйлчилгээний санхүүжилт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд хоорондоо нягт уялдаатай байна.
27.3Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хуваарилах, зарцуулахад ил тод, хариуцлагатай, үр ашигт суурилсан зарчмыг баримтална.
27.4Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь ялгаварлан гадуурхалтгүй байх зарчимд үндэслэх бөгөөд насны бүлэг, нийгмийн байдал, газарзүйн байршлаас үл хамааран бүх иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүгийн хүртээмжийг тэгш хангана.
28 дугаар зүйлЭрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр
28 .1Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
28.1.1.улсын төсөв; 28.1.2.эрүүл мэндийн даатгал; 28.1.3.орон нутгийн төсөв; 28.1.4.эрүүл мэндийг дэмжих сан; 28.1.5.олон улсын байгууллага болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, тусламж; 28.1.6.эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны орлого; 28.1.7.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
28 .2Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийн хуваарилалтыг тодорхойлох тухайн жилийн тэргүүлэх чиглэлийг Засгийн газар тогтоох бөгөөд нийт хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, өвчлөлийн дарамт, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах тэргүүлэх зорилтыг харгалзана.
29 дугаар зүйлСанхүүжилтийн хэмжээг тооцох аргачлал
29.1Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэмжээ тухайн жилийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувь байна.
Тайлбар: - “Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэмжээ” гэдэгт Төсвийн тухай хуульд заасан Эрүүл мэндийн сайдын багцад хамаарах нийт зарлага болон эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн төсвийн нийт хэмжээг ойлгоно. /Энэ заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
29.2Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтэд хамаарах бүрэлдэхүүн хэсгийн санхүүжилтийн хувь, хэмжээг дараах байдлаар тооцно:
29.2.1даатгуулагч, ажил олгогч хамтран сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар сар бүр;
29.2.2иргэн өөрөө бүрэн хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4-өөс доошгүй хувиар сар бүр;
29.2.3эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцан төлөх иргэдийн жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тодорхойлох бөгөөд тухайн иргэний төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6-аас доошгүй хувиар сар бүр;
29.2.4анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хэмжээг тооцохдоо тухайн жил Монгол Улсад оршин суугаа нийт хүн амын тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4-өөс доошгүй хувиар, улсын төсвөөс сар бүр;
29.2.5эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн хэмжээг тооцохдоо чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, бүх төрлийн согтууруулах ундаа, бүх төрлийн тамхины онцгой албан татвар болон эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувиар жил бүр;
29.2.6нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг орон нутагт хангахад шаардлагатай санхүүжилтийн хэмжээг тооцохдоо тухайн жилийн орон нутгийн нийт төсвийн 1-ээс доошгүй хувиар жил бүр;
29.2.7эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт болон бодлого, удирдлага, нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны байгууллагын үйл ажиллагааны зардлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу жил бүр.
29.3Засгийн газар нь энэ хуулийн 29.2.1-29.2.4-т заасныг баримтлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, татварын болон эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, салбарын нийт санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан санхүүжилтийн хувь, хэмжээг жил бүрийн 12 сард багтааж тогтооно.
29.4Энэ хуулийн 29.3-т заасан хувь, хэмжээ нь тухайн жилийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувийг эзлэхгүй тохиолдолд энэ хуулийн 28.1.1-т заасан эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
29.5Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь энэ хуулийн 29.2.6-т заасан төсвийг зарцуулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулан хэрэгжилтийг хангана.
29.6Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төлбөрийн жишиг хэмжээг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
29.7Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр бүрийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэх, хянах, тайлагнах тогтолцоог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжилтийг хангана.
Тайлбар: - Энэ заалтын зорилго нь энэ хуулийн 29.1-т заасан эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэмжээ тухайн жилийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувьд хүрч буй эсэхийг тогтооход оршино.
30 дугаар зүйлНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
30.1Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь улсын төсөв болон орон нутгийн төсөв байна.
30.2Эрх бүхий байгууллагаас баталсан арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан төлбөрийн аргуудыг ашиглана.
30.3Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн лаборатори, нийгэм, сэтгэц-зан үйл, орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, шим судлалаас бусад төрлийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ иргэнээс төлбөр авахыг хориглоно.
30.4Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах байдлаар санхүүжүүлнэ:
30.4.1ураг, нярай, хорт хавдар, цэргийн алба хаагч болон сургуульд суурилсан оношилгоо, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн зардлыг улсын төсвөөс;
30.4.2эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 29.2.5-т зааснаар;
30.4.3нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдал хангах, хариу арга хэмжээ авахтай холбогдсон тусламж, үйлчилгээний зардлыг энэ хуулийн 28.1.4, 28.1.6-т зааснаар;
30.4.4нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны байгууллагын үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 28.1.1-т зааснаар;
30.4.5Үндэсний хэмжээний нийгмийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, үнэлгээ хийх үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 28.1.4, 29.2.5-д зааснаар;
30.5Энэ хуулийн 30.4-т заасан эх үүсвэрээс гадна бусад хуулиар зөвшөөрсөн нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
31 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
31.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь энэ хуулийн 28.1.1, 28.1.2, 28.1.6-т заасан эх үүсвэр байна.
31.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг худалдан авагчийн зарчимд үндэслэн эрүүл мэндийн даатгалын байгууллага стратегийн худалдан авалтыг хэрэгжүүлнэ.
31.3Энэ хуулийн 31.2-т заасан байгууллага иргэдэд хэрэгцээтэй үед нь тэгш хүртээмжтэй, чанартай, тохирсон тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, сангийн тэнцлийг хангах, үргүй зардлыг бууруулах, тусламж, үйлчилгээний үр дүн, гүйцэтгэлийг сайжруулах зорилгод нийцсэн санхүүгийн удирдлага, төлбөрийн зохистой арга, хөшүүргийг хэрэглэнэ.
31.4Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн арга, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
31.5Монгол Улсын иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хувиасаа төлөх төлбөр нь санхүүгийн дарамт бага үзүүлэх, иргэдийг санхүүгийн дарамтаас хамгаалах зорилгоор улсын төсвийн санхүүжилт нь бусад санхүүжилтийн эх үүсвэрийн нийт хэмжээнээс илүү байна.
31.6Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдах эрхтэй бөгөөд анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ иргэнээс төлбөр авахыг хориглоно.
31.7Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 29.2.4-т зааснаар санхүүжүүлнэ.
31.8Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлд суурилан санхүүжүүлж болох ба уг харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна;
31.9Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хооронд өвчтөн илгээх, эргэн мэдээлэх, хянах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
31.10Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх хоёрдогч болон гуравдагч шатны эмнэлгийн дараах тусламж, үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана:
31.10.1.жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээ; 31.10.2.эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж; 31.10.3.халдварт өвчний оношилгоо, эмчилгээ; 31.10.4.гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ; 31.10.5.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ; 31.10.6.бие махбодын ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ; 31.10.7.сүрьеэгийн тусламж, үйлчилгээ; 31.10.8.сэтгэцийн эмгэгийн тусламж, үйлчилгээ.
31.11Хоёрдогч болон гуравдагч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг дараах байдлаар санхүүжүүлнэ:
31.11.1хоёрдогч болон гуравдагч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь энэ хуулийн 28.1.2, 28.1.6-т заасан эх үүсвэр байна;
31.11.2энэ хуулийн 28.1.2-т заасан эх үүсвэрээс хоёрдогч болон гуравдагч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхдээ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ижил нөхцөлөөр сонгон шалгаруулж, худалдан авалтыг зохион байгуулна;
31.11.3энэ хуулийн 31.9-д заасан шатлал хооронд шилжүүлэх тусламж, үйлчилгээний зохицуулалтыг иргэн өөрөө алгассан тохиолдолд түүнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэмэлт хамтын төлбөр төлнө;
31.11.4амбулаториор эмчлэх боломжтой өвчин, эмгэгийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд иргэн нэмэлт хамтын төлбөр төлөх бөгөөд уг нөхцөлийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
31.12Эрүүл мэндийн инновацад суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 28.1.1-т заасан эх үүсвэрээр санхүүжүүлэх ба уг харилцааг зохицуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
31.13Эрүүл мэндийн технологийн үнэлгээний санхүүжилтийг энэ хуулийн 28.1.4-д заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
31.14Энэ хуулийн 31.10-т заасан тусламж, үйлчилгээний санхүүжилтийг энэхүү хуулийн 29.2.3-т заасан аргачлалд заасны дагуу санхүүжүүлнэ.
32 дугаар зүйлЭм зүйн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
32.1Эм зүйн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр боломжийн үнээр, хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
32.2Эм зүйн тусламж, үйлчилгээг дараах эх үүсвэр эсхүл аргачлалаар санхүүжүүлнэ:
32.2.1зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний хяналтын дагуу хэрэглэх эмийн үнийн хөнгөлөлтийн зардлыг энэ хуулийн 28.1.2-т зааснаар;
32.2.2Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу заавал хийх дархлаажуулалтад хамаарах урьдчилан сэргийлэх тарилга хийх, эм, бэлдмэл, зүү, тариур бэлтгэх, хадгалах, ханган нийлүүлэх зардлыг энэ хуулийн 28.1.1-т зааснаар;
32.2.3сүрьеэ, дархлалын олдмол хомсдол, дархлал хомсдолын вирус, гепатит вирусийн эмчилгээний эмийг худалдан авах, хадгалах, ханган нийлүүлэх зардлыг энэ хуулийн 28.1.1-т зааснаар;
32.2.4жирэмсэн эмэгтэй, хүүхдэд зориулсан зарим амин дэм, бичил тэжээлийн бэлдмэл болон эмнэлгийн орчинд мэс ажилбараар суулгах жирэмснээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн нөөц бүрдүүлэх, хадгалах, ханган нийлүүлэх зардлыг энэ хуулийн 29.2.4-т зааснаар;
32.2.5эд, эрхтэн шилжүүлэн суулгасны дараах татгалзлын урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд зайлшгүй шаардлагатай дархлаа дарангуйлах эмийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд зардлыг энэ хуулийн 28.1.1-т зааснаар;
32.2.6энэ хуулийн 31.10.8-д заасан сэтгэцийн эмгэгийн урт хугацааны эмчилгээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн зардлыг энэ хуулийн 28.1.1-т зааснаар;
32.2.7эмийн чанар, найрлагад хийх хяналт, тандалтын лабораторийн урвалж, оношлуур, хэрэгслийн зардлыг энэ хуулийн 28.1.1-т зааснаар.
32.3Улсын төсвөөс санхүүжүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэг байгууллагаар дамжуулан төвлөрсөн байдлаар зохион байгуулах бөгөөд нэгдсэн худалдан авалтыг хэрэгжүүлэх байгууллага, түүний бүрэн эрх, худалдан авалтын журам, ил тод байдлыг хангах харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын тухай хуулиар зохицуулна.
32.4Нэгдсэн худалдан авалтад оролцох эм, эмнэлгийн хэрэгслийн сонгон шалгаруулалтад чанар, аюулгүй байдал, үр нөлөө нь баталгаажсан ерөнхий нэршлийн эмийг патентлагдсан эмтэй тэгш нөхцөлөөр оролцуулна.
32.5Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх эмийн үнийн хөнгөлөлтийн жагсаалтад ерөнхий нэршлийн буюу олон эх үүсвэртэй эмийг нэн тэргүүнд бүртгэх бөгөөд хөнгөлөх журам, давуу эрхийн нөхцөлийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
32.6Эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн жагсаалтад бүртгэх, улсын төсвөөс хариуцан олгох жагсаалтад оруулах болон нэгдсэн худалдан авалтад оруулах шийдвэрийг эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэн гаргах ба уг харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын тухай хуулиар зохицуулна.
32.7Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийлгэхгүйгээр эм, эмнэлгийн хэрэгслийг санхүүжилтийн жагсаалтад түр оруулж болно. Ийнхүү түр оруулсан эм, эмнэлгийн хэрэгсэлд ноцтой байдал дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор эрүүл мэндийн технологийн үнэлгээг заавал хийлгэнэ.
32.8Эмийг зах зээлд гарсны дараах тандалт, судалгааг энэ хуулийн 28.1.4-д заасан эх үүсвэрээс гаргах бөгөөд судалгааны дүнд үндэслэн зохицуулалтын арга хэмжээг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага авна.
32.9Антибиотикийн зохистой хэрэглээг хангах зорилгоор эрүүл мэндийн байгууллага нь антибиотикийн хэрэглээний хяналтын тогтолцоо нэвтрүүлэх үүрэгтэй бөгөөд уг тогтолцоог нэвтрүүлсэн байх нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах нөхцөл болно.
32.10Эрүүл мэндийн байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг өрсөлдөөнт, ил тод, нээлттэй байх зарчмаар зохион байгуулах бөгөөд нарийвчилсан журмыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.
33 дугаар зүйлЭрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт болон удирдлагын санхүүжилтийн зохицуулалт
33.1Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын санхүүжилт нь энэ хуулийн 28.1.1, 28.1.3, 28.1.5-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх бөгөөд дараах зарчмыг баримтална:
33.1.1хөрөнгө оруулалт нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөтэй уялдсан байна;
33.1.2бүх төрлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын шинэ барилга байгууламж, тоног төхөөрөмжид хийх хөрөнгө оруулалтын шийдвэрийг эрүүл мэндийн технологийн үнэлгээний дүгнэлт болон хүн амын хэрэгцээний үнэлгээнд үндэслэн гаргана;
33.1.3хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо хот, хөдөөгийн тэнцвэрт байдал болон нийгмийн эмзэг бүлгийн хүртээмжийг тэргүүн ээлжид харгалзана;
33.1.4хөрөнгө оруулалтын дараах үйл ажиллагааны зардлыг урьдчилан тооцож, санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан байна.
33.2Эрүүл мэндийн салбарын бодлого болон удирдлагын тогтолцооны байгууллагын үйл ажиллагааны дараах зардлыг энэ хуулийн 28.1.1-т заасан эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
33.2.1эрүүл мэндийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны зардал;
33.2.2эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, цахим дэд бүтцийн хөгжүүлэлт болон үйл ажиллагааны зардал;
33.2.3эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, чанарын хяналт, тусгай зөвшөөрөл, зохицуулалтын үйл ажиллагааны зардал;
33.2.4олон улсын байгууллага болон гадаад орнуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны зардал;
33.2.5энэ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах болон улсын төсвөөс санхүүжүүлэх мэргэжил дээшлүүлэлт, давтан сургалтын зардал;
33.2.6эмнэлгийн болон эм зүйн тусламж, үйлчилгээний салбарын судалгаа, шинжилгээ, инновацын зардал.
33.3Судалгаа, эрдэм шинжилгээний санхүүжилтийг олгох, зарцуулах, үр дүнг үнэлэх журмыг эрүүл мэндийн болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
33.4Санхүүжилт авсан судалгааны үр дүн нь нийтэд нээлттэй байх бөгөөд эрүүл мэндийн бодлого, шийдвэр гаргалтад ашиглагдана.
34 дугаар зүйлЭрүүл мэндийн санхүүжилтийн үр ашиг, ил тод байдал
34.1Эрүүл мэндийн санхүүжилтийг төлөвлөх, хуваарилах, зарцуулахад үр ашиг, ил тод байдал, хариуцлагын зарчмыг баримтална.
34.2Эрүүл мэндийн санхүүжилтийн үр ашгийг санхүүжилтийн зардал болон хүн амын эрүүл мэндийн байдалд гарсан үр дүнгийн үзүүлэлтээр хэмжих ба эрүүл мэндийн байгууллага, орон нутаг, үндэсний түвшинд үнэлнэ.
34.3Эрүүл мэндийн санхүүжилттэй холбоотой мэдээллийг нэгдсэн цахим тогтолцоогоор нийтэд нээлттэй байлгах бөгөөд санхүүжилтийн зарцуулалтын талаарх иргэний гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариуцлага тооцох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО
35 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн удирдлага
35.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийг зохистой байлгах нэгдсэн төлөвлөгөөг 4 жилээр боловсруулж, хэрэгжүүлнэ.
35.2Эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн нэгдсэн төлөвлөгөөнд дараах агуулгыг заавал тусгана:
35.2.1.эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн бодлогын зорилго, зорилт; 35.2.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний онцлог, өөрчлөлттэй уялдуулсан хүний нөөцийн эрэлт хэрэгцээний төсөөлөл; 35.2.3.эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх бодлого; 35.2.4.эрүүл мэндийн ажилтны ур чадвар, чанарыг дээшлүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх болон давтан сургалт, дадлага; 35.2.5.хөдөлмөрийн нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээ; 35.2.6.эрүүл мэндийн ажилтны дутагдалтай эсхүл ачаалалтай нутаг дэвсгэрт хүний нөөцийг бэлтгэх, хуваарилах төлөвлөгөө; 35.2.7.эрүүл мэндийн ажилтныг урт хугацаанд тогтвортой ажиллуулах арга хэмжээ; 35.2.8.шаардлагатай гэж үзсэн бусад.
35.3Энэ хуулийн 35.2-т заасан нэгдсэн төлөвлөгөөг аймаг, нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллагатай жил бүр хамтран баталж, хэрэгжүүлнэ.
35.4Аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан энэ хуулийн 39.3-т заасан төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.
35.5Энэ хуулийн 35.4-т заасан тайланг хүлээн авсан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хэрэгжилтийг үнэлж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
35.6Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 4 жил тутам эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн талаар дараах судалгааг гүйцэтгэж, байгууллагын цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлнэ:
35.6.1.эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх болон хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж буй байдал; 35.6.2.зөвшөөрөлтэй эрүүл мэндийн ажилтны тоо, бүртгэл, мэргэшүүлэх болон давтан сургалтад хамрагдсан байдал; 35.6.3.аймаг, нийслэл, сум, дүүрэг болон эрүүл мэндийн байгууллага тус бүрийн эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн нөхцөл байдал; 35.6.4.эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг эсхүл хэт ачаалалтай нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн хуваарилалтын нөхцөл байдал; 35.6.5.эрүүл мэндийн ажилтны ажлын нөхцөл, цалин хөлс, ачаалал, нийгмийн баталгааны хэрэгжилт, ажлаас чөлөөлөгдөх эсхүл шилжиж буй шалтгаан, ажилтны сэтгэл ханамж зэрэг хөдөлмөрийн нөхцөл байдлын шинжилгээ; 35.6.6.шаардлагатай гэж үзсэн бусад судалгаа.
35.7Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 35.6-д заасан судалгааны үр дүнг үндэслэн энэ хуулийн 35.1-д заасан нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн батална.
36 дугаар зүйлХүний нөөцийг тэнцвэртэй хуваарилах, тогтвортой ажиллуулах дэмжлэг
36.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн ажилтны дутагдалтай, үйлчилгээ дутмаг, эсхүл хэт ачаалалтай шатлал, нутаг дэвсгэрт хүний нөөцийг татах, тогтвортой ажиллуулах зорилгоор санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг, урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлж болно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО, ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
37 дугаар зүйлЦахим эрүүл мэндийн зорилго
37.1Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сайжруулах үйл ажиллагааны үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн мэдээллийн систем, теле-эрүүл мэнд, теле-анагаах ухаан, хиймэл оюун ухаан болон бусад цахим эрүүл мэндийн технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, ашиглах, түүнд суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүн бүрд хүртээмжтэй хүргэх эрх зүйн болон зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлнэ.
38 дугаар зүйлЦахим эрүүл мэндийг дэмжих төлөвлөгөө
38.1Цахим эрүүл мэндийн үндэсний тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, олон улсын сайн туршлага, инновацыг нэвтрүүлэх, цахим эрүүл мэндийг улсын хэмжээнд тасралтгүй хөгжүүлэх, хэрэгжүүлэх чиглэл, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан эрүүл мэндийн болон цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
38.2Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 38.1-д заасан жилийн төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлийн тайланг дараа жилийн 1 дүгээр сард багтаан олон нийтэд нээлттэй эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсанд байршуулна.
39 дүгээр зүйлЦахим эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх
39.1Цахим эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн олон улсын сайн туршлага, орчин үеийн технологид суурилан хөгжүүлсэн цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, ашиглахыг дэмжих бодлогыг нэн тэргүүнд баримтална.
39.2Цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний программ хангамж болон бусад мэдээллийн технологийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг тогтоох, нийцлийн үнэлгээ хийх, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг бүртгэх, мэдээлэх журмыг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
39.3Техникийн шаардлага хангасан, ашиглалтад зөвшөөрөгдсөн цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт болон түүнийг хөгжүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд мэдээлж, тогтмол шинэчилнэ.
39.4Эрүүл мэндийн байгууллага нь хуулийн этгээд, хувь хүнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд энэ хуулийн 39.3-т заасан жагсаалтад багтсан цахим эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ашиглана.
39.5Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь хуулийн этгээдийн хөгжүүлсэн цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг энэ хуулийн 39.2-т заасан техникийн шаардлагад нийцсэн эсэхэд үнэлгээ хийж, дүгнэлт гарган Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
40 дүгээр зүйлЭрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан
40.1Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан нь төрөлжсөн мэдээллийн санд хамаарах бөгөөд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, хувь хүний мэдээлэл авах эрхийг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, боловсруулах, ашиглах, солилцоход хэрэглэгдэнэ.
40.2Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн мэдээлэл цуглуулах бусад хуулийн этгээдийн мэдээллээс бүрдэнэ.
40.3Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газар батална.
41 дүгээр зүйлЭрүүл мэндийн мэдээллийг цуглуулах
41.1Хуульд өөрөөр заагаагүй бол эрүүл мэндийн байгууллага нь хувь хүний хувийн мэдээллийг зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулна.
41.2Эрүүл мэндийн байгууллага нь дараах тохиолдолд хувь хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулна:
41.2.1амь насанд аюултай нөхцөл байдалд түүний хувийн байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлага үүссэн;
41.2.2эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлэх нөхцөлд өвчтөний хууль ёсны төлөөлөгч, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийг тодорхойлох шаардлага үүссэн.
42 дугаар зүйлЭрүүл мэндийн статистик мэдээлэл боловсруулах, нийтлэх
42.1Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн тухайн жилийн хүн амын эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг боловсруулж, жил бүр олон нийтэд ил тод мэдээлэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсанд нийтэлнэ.
42.2Эрүүл мэндийн үзүүлэлтийн статистикийн мэдээллийг гаргахтай холбоотойгоор Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх мэдээллийн ангилал, жагсаалтыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
42.3Эрүүл мэндийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэх, эрүүл мэндийн статистик мэдээллийг цуглуулах, эрүүл мэндийн бодлого тодорхойлох зорилгоор эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагын албан хаагчид мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгосон дараах мэдээлэлтэй танилцах эрхтэй:
42.3.1.халдварт болон бусад өвчний нөхцөл байдлын талаарх мэдээлэл; 42.3.2.эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл; 42.3.3.хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний мэдээлэл; 42.3.4.амбулаторийн болон өдрийн эмчилгээний мэдээлэл; 42.3.5.оношны мэдээлэл; 42.3.6.эмийн мэдээлэл; 42.3.7.өвчтөний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох үзүүлэлтүүд; 42.3.8.хийсэн мэс ажилбар, шинжилгээ, эмчилгээний үйл явц.
42.4Энэ хуулийн 42.3-т заасан мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгосон мэдээллийг таньж тодорхойлох боломжтой болгохыг хориглоно.
43 дугаар зүйлЭрүүл мэндийн мэдээллийг дамжуулах
43.1Эрүүл мэндийн мэдээлэл цуглуулж буй байгууллага нь дараах мэдээллийг Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд тогтмол хүргүүлэх үүрэгтэй:
43.1.1.энэ хуулийн 42.3-т заасан мэдээлэл; 43.1.2.эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн мэдээлэл; 43.1.3.хувь хүнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээлэл.
43.2Шүүх шинжилгээний байгууллага нь хувь хүний нас баралтын шалтгааны мэдээллийг тогтмол дамжуулах үүрэгтэй.
43.3Эрүүл мэндийн байгууллага нь шүүгчийн захирамж, прокурорын тогтоолыг үндэслэн хувь хүнд хамаарах эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах үүрэгтэй.
44 дүгээр зүйлЭрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрх
44.1Эрүүл мэндийн мэдээллийг эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны системээр дамжуулан солилцох бөгөөд уг систем нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системийн бүрэлдэхүүн хэсэг байна.
44.2Хувь хүн нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем эсхүл эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд цахимаар нэвтэрч, өөрийн эрүүл мэндийн бүртгэлийн мэдээлэлтэй танилцах эрхтэй.
44.3Эрүүл мэндийн байгууллага нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд өөрт хамаарах мэдээллийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санд хандаж, гаргуулан авах эрхтэй.
44.4Хувь хүн нь өөрийн хувийн халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад өөрийн хувийн мэдээлэлд нэвтрэхэд хязгаарлах тогтоох хүсэлтийг гаргаж, нэвтрэх эрхэд хязгаарлалт тогтоохыг шаардах эрхтэй.
44.5Шүүх эмнэлгийн шинжээч нь гэмтлийн зэрэг, нас барсан шалтгааныг тодорхойлох зорилгоор эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санд хандаж, хувь хүний хувийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ТАЛААРХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРОЛЦОО
45 дугаар зүйлИргэний эрх, үүрэг
45.1Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:
45.1.1эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах;
45.1.2өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх;
45.1.3өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг өөрөө болон төлөөллөөрөө дамжуулан эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;
45.1.4халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмч, эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ, оношилгоо, шинжилгээний талаар хангалттай мэдээлэл авсны үндсэн дээр өөрийн шийдвэрийг гаргах;
45.1.5хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах;
45.1.6эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах;
45.1.7хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах.
45.2Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
45.2.1эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
45.2.2хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох;
45.2.3халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх;
45.2.4хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;
45.2.5хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх;
45.2.6халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох;
45.2.7эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах, эсхүл бичгийг цахим хэлбэрээр авах;
45.2.8эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодод нь халдахгүй байх;
45.2.9эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх;
45.2.10хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдах.
46 дугаар зүйлЭрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
46.1Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ:
46.1.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, эрүүл мэндийн байгууллага, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;
46.1.2өөрийн байгууллагын ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах;
46.1.3хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах арга хэмжээ авч, аливаа өвчин, ялангуяа хордлого, халдвар, осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагаас баталсан эрүүл ахуйн стандарт, хэм хэмжээ, журмыг чанд сахин биелүүлэх;
46.1.4хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага уг нөлөөллөөс сэргийлэн хамгаалах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, технологийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа зарцуулах;
46.1.5хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул учруулах халдварт өвчин, хордлого, осол, гэмтэл гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан ажил, үйлчилгээ явуулах;
46.1.6өөрийн байгууллагын ажилтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;
46.1.7иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлчлүүлэгч, түүний гэр бүл, асран хамгаалагчийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчний онош, дүгнэлт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнээс шаардах, олон нийтэд мэдээлэхийг хориглоно.
47 дугаар зүйлЭрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд төрийн бус байгууллагын оролцоо
47.1Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бус байгууллага дараах үйл ажиллагаа явуулж болно:
47.1.1эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
47.1.2эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хамт олон, иргэнийг оролцуулах, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах.
47.2Эрүүл мэндийн салбарын зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам, төрийн бус байгууллагад тавих нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
48 дугаар зүйлСалбар дундын хамтын ажиллагаа
48.1Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг бууруулах үйл ажиллагааг салбар дундын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
48.2Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шаардлагатай тохиолдолд хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх асуудлаар бусад салбарын төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, санал хүргүүлэх, хамтарсан арга хэмжээ, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулна.
48.3Бусад төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тавьсан санал, зөвлөмжийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, шаардлагатай мэдээллээр хангах, хамтарсан арга хэмжээнд оролцох үүрэгтэй.
48.4Энэ хуулийн холбогдох хэсэгт заасан төрийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтээр шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тайлан, тоон мэдээлэл, лавлагааг тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
48.5Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хамтран хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөв, санхүүжилтийн асуудлыг холбогдох төрийн байгууллага хамтран төлөвлөж, шийдвэрлэнэ.
48.6Энэ хуулийн 48.5-д заасан арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг тухайн салбарын Засгийн газрын гишүүн эсхүл Төсвийн тухай хуульд заасан бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсөвт тусгаж батлуулна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
49 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
49.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
50.150.1.Энэ хуулийг 2028 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2_Эрүүл_мэндийн_тухай_хуулийн_үзэл_баримтлал.pdf)