Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Цэндийн МӨНХ-ОРГИЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 3-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-ийн бүрэн эрх, үйл ажиллагааны үндсэн зарчим, зохион байгуулалт, хараат бус байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХууль тогтоомж
2.1Цэцийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.
3 дугаар зүйлЦэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим
3.1Цэц үйл ажиллагаандаа гагцхүү Үндсэн хуульд захирагдах, хууль дээдлэх, төвийг сахих, судалгаанд үндэслэх, хараат бус, ил тод байх үндсэн зарчмыг баримтална.
4 дүгээр зүйлҮндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх
4.1Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
4.2Цэц дараах маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах замаар энэ хуулийн 4.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
4.2.1хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.2ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.3Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
4.2.4Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;
4.2.5иргэний үндсэн эрхийн маргаан.
4.3Энэ хуулийн 4.2.1, 4.2.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэсэн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйлЦэцийн гишүүнд тавих болзол, шаардлага
5.1Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
5.2Дараах иргэнийг Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно:
5.2.1төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
5.2.2сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлсэн;
5.2.3санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
6 дугаар зүйлЦэцийн гишүүнийг томилох
6.1Цэц есөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх /цаашид “эрх бүхий байгууллага, албан тушаалтан” гэх/-ийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно. Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно.
6.2Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд энэ хуулийн 6.6-д заасан танилцуулга, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ.
6.3Улсын Их Хурал Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 1011 дүгээр зүйлд заасныг баримтална.
6.4Ерөнхийлөгч Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд заасныг баримтална.
6.5Улсын дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтална.
6.6Эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээс өмнө тухайн нэр дэвшигч Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан тухай танилцуулгыг таваас доошгүй ажлын өдөр цахим хуудастаа байршуулна.
6.7Энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулж томилно. Цэцийн гишүүнээр дахин томилох тохиолдолд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахгүй.
6.8Энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилохоос татгалзсан бол санал гаргасан байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор энэ зүйлд заасны дагуу өөр нэр дэвшигчийг санал болгоно.
6.9Эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангах боломжтой хүмүүсийг судлах, ярилцлага хийх, ил тод байх, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын оролцоог хангах зэрэг асуудлыг зохицуулсан журмыг энэ хуульд нийцүүлэн баталж, цахим хуудастаа байршуулна.
7 дугаар зүйлЦэцийн гишүүний бүрэн эрх эхлэх, дуусгавар болох
7.1Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж энэ хуулийн 7.2-т заасан үндэслэлээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
7.2Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
7.2.1нас барсан;
7.2.2бүрэн эрхийн хугацаа дуусаж дараагийн гишүүн томилогдсон;
7.2.3чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
7.2.4Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;
7.2.5энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан;
7.2.6гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
7.3Цэцийн гишүүнээр томилогдсоноос хойш төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
8 дугаар зүйлЦэцийн гишүүний тангараг
8.1Цэцийн гишүүн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор “Үндсэн хуулийн цэцийн гишүүн би Монгол Улсын Үндсэн хуулийг чин үнэнчээр хамгаалж, маргааныг гагцхүү Үндсэн хуульд захирагдан төвийг сахиж, хараат бус, шударгаар хянан шийдвэрлэж, Цэцийн гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая” хэмээн Цэцийн хуралдааны танхимд Үндсэн хуульд тангараг өргөнө.
8.2Цэцийн гишүүний тангараг өргөх журмыг Үндсэн хуулийн цэцийн дэг /цаашид “Дэг” гэх/-ээр зохицуулна.
9 дүгээр зүйлЦэцэд маргаан хянан шийдвэрлэх зохион байгуулалт
9.1Цэцэд маргааныг Бага, Дунд, Их суудлаар хянан шийдвэрлэнэ.
9.2Бага суудал гурван гишүүнээс, Дунд суудал зургаан гишүүнээс, Их суудал нийт гишүүнээс тус тус бүрдэнэ.
9.3Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.3-д заасан тохиолдолд Их суудлыг долоогоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй явуулж болно.
10 дугаар зүйлЦэцийн нийт гишүүний хуралдаан
10.1Цэцийн нийт гишүүнээс бүрдсэн Цэцийн нийт гишүүний хуралдаан /цаашид “Нийт гишүүний хуралдаан” гэх/ ажиллана.
10.2Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанд оролцох, саналаа өгөх үүрэгтэй. Уг хуралдааныг долоогоос доошгүй гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлаа шийдвэрлэнэ.
10.3Нийт гишүүний хуралдаан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
10.3.1Цэцийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
10.3.2Үндсэн хуулийн цэцийн дэгийг батлах;
10.3.3Цэцийн төсвийн талаар санал гаргах, төсвийн гүйцэтгэлтэй танилцах;
10.3.4Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх;
10.3.5Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоох, энэ тухай шийдвэрээ Улсын Их Хуралд хүргүүлэх;
10.3.6Цэцийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
10.3.7Цэцийн даргын саналаар ажлын албаны дарга, Цэцийн судалгааны төвийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх;
10.3.8Ажлын албаны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл сонсох, чиглэл өгөх;
10.3.9Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санал болгосон асуудал.
10.4Нийт гишүүний хуралдаанаас хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана.
10.5Нийт гишүүний хуралдааны тэмдэглэлийг хөтлөн баримтжуулж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасны дагуу хадгална.
10.6Дэгийг Цэцийн цахим хуудаст байршуулна.
10.7Нийт гишүүний хуралдаан ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хуралдааныг энэ хуульд заасан хугацаанд, эсхүл Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь, эсхүл Цэцийн даргын саналаар хуралдуулна.
10.8Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанаар хэлэлцэх асуудалтай гурваас доошгүй ажлын өдрийн өмнө урьдчилан танилцаж, хуралдаанд оролцох, санал гаргах, өгөх тэгш боломжоор хангагдана.
10.9Нийт гишүүний хуралдааны журмыг Дэгээр зохицуулна.
11 дүгээр зүйлЦэцийн дарга, түүний бүрэн эрх
11.1Цэцийн даргыг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
11.2Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол 14 хоногийн дотор даргыг сонгоно.
11.3Цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан гишүүнийг Цэцийн даргаар сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш гишүүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр гишүүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
11.4Цэцийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.4.1Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх;
11.4.2Нийт гишүүний хуралдааныг хуралдуулах, даргалах;
11.4.3төрийн бусад байгууллагатай харилцахдаа Цэцийн хараат бус байдлыг сахин хамгаалах;
11.4.4Цэцийн төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
11.4.5хуульд заасан бусад.
11.5Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
11.6Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.
11.7Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Тайлбар:Энэ зүйлд заасан “Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан” гэдгийг Цэцийн гишүүнээр томилогдсон өдрөөс эхэлж тооцох бөгөөд хэрэв Цэцийн гишүүд нэг өдөр томилогдсон бол эдгээрээс хамгийн ахмадыг нь ойлгоно. Энэ зүйлд заасан “нийт гишүүний олонх” гэж Цэцийн таваас доошгүй гишүүнийг ойлгоно.
12 дугаар зүйлЦэцийн ажлын алба
12.1Цэц нь Цэцийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, аюулгүй явуулах, ажиллах нөхцөлөөр хангах, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэшсэн ажлын албатай байна.
12.2Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг шаардлага хангасан эсэхийг нягтлан үзэх чиг үүрэг бүхий Ерөнхий бүртгэгч, мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий бүртгэгч ажиллана.
12.3Ерөнхий бүртгэгч долоогоос доошгүй жил, бүртгэгч гурваас доошгүй жил эрх зүйч мэргэжлээр ажилласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна.
12.4Цэцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий судалгааны төв, номын сан, тусгай архив болон зохион байгуулалтын бусад нэгж ажиллана.
13 дугаар зүйлЦэцийн гишүүний туслах, судлаач
13.1Цэцийн гишүүн туслахтай байна.
13.2Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий судлаачтай байна. Судлаач нь харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай эрх зүйч байна.
13.3Цэцийн гишүүний туслах, судлаачийг томилох, чөлөөлөхөд тухайн гишүүний саналыг үндэслэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦ, ТҮҮНИЙ ГИШҮҮНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ
14 дүгээр зүйлЦэцийн гишүүний хараат бус байдал
14.1Цэцийн дарга, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, эрх тэгш байна.
14.2Цэцийн дарга, гишүүн бусад гишүүнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах зэргээр хараат бус байдалд нь халдахыг хориглоно.
14.3Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохыг хориглоно.
14.4Цэцийн гишүүний амь бие, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа халдашгүй байна.
14.5Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай материал, унаа, техник, хэрэгслээр Цэцийн гишүүнийг хангана.
14.6Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, эсхүл түүнийг эгүүлэн татахыг хориглоно.
14.7Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр түүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг нь хураан авахыг хориглоно.
14.8Цэцийн гишүүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн бол цагдаагийн байгууллага таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авна.
14.9Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
14.10Цэцийн гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө Цэцийн гишүүн болон Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг аливаа хариуцлагад татахыг хориглоно.
15 дугаар зүйлНөлөөллийн мэдүүлэг
15.1Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдэл, эс үйлдэхүйг тэмдэглэн баталгаажуулах зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
15.2Нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар маргаан үүсгэсэн даруйд тухайн маргааны оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.
15.3Цэцийн гишүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бол маргааны материалд хавсаргаж, хувийг Цэцийн даргад хүргүүлнэ.
15.4Цэцийн дарга нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар зохих байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
15.5Энэ хуулийн 15.4-д заасны дагуу шилжүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн Цэцийн гишүүн болон Цэцийн даргад хариу мэдэгдэнэ.
15.6Ажлын алба энэ хуулийн 15.5-д заасны дагуу ирүүлсэн шийдвэрийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
16 дугаар зүйлЦэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа
16.1Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна.
16.2Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
16.3Цэцийн төсвийг батлахдаа гишүүний цалин хөлсний хэмжээг өмнөх жилийнхээс бууруулж болохгүй.
16.4Цэцийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.
16.5Энэ хуулийн 7.2.2-т заасан үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.
16.6Энэ хуулийн 6.5-д заасны дагуу томилогдсон Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хүн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрээгүй бол Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд энэ тохиолдолд шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авахгүй.
16.7Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоох үеийн Цэцийн гишүүний цалин хөлсний 60-аас доошгүй хувиар бодож тогтооно.
16.8Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.
16.9Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:
16.9.1Цэцийн гишүүн үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр Цэцийн гишүүний гэр бүлд олгох;
16.9.2Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;
16.9.3Цэцийн гишүүний эрүүл мэндэд хохирол учирсан нь түүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохооргүй бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.
16.10Энэ хуулийн 16.9-т заасан даатгалыг даатгалын байгууллагаас төлнө.
16.11Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг сар бүр олгоно.
16.12Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд тухайн гишүүний авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.
16.13Цэцийн гишүүний тэтгэвэртэй холбогдсон харилцаа болон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар зохицуулна.
16.14Цэцийн гишүүн буюу гишүүнээр ажиллаж байсан хүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.
17 дугаар зүйлЦэцийн хараат бус байдал
17.1Цэцийн бүрэн эрх, хараат бус байдалд хэн ч халдаж үл болно.
17.2Цэц аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус байж, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлөөр хангагдана.
17.3Цэц, түүний гишүүний хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.
17.4Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
17.5Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, хэвлэмэл хуудастай байна.
17.6Цэц өөрийн бэлгэдэл, Цэцийн гишүүн өмсгөл, энгэрийн тэмдэгтэй байх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Дэгээр зохицуулна.
17.7Цэцийн бэлгэдэл, оноосон нэртэй адил хэлбэр, агуулгатай бэлгэдэл, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
17.8Цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангасан өөрийн байртай байна.
17.9Цэцийн байрны аюулгүй байдлыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хариуцна.
17.10Цэц, түүний гишүүний болон хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хуралдааны дэг сахиулах үүргийг төрийн тусгай хамгаалалтын байгууллага гүйцэтгэх бөгөөд холбогдох журмыг Цэцийн дарга, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга хамтран батална.
18 дугаар зүйлЦэцийн төсөв, санхүүгийн баталгаа
18.1Цэц бие даасан төсөвтэй байх бөгөөд төсөв нь үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байна.
18.2Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалин хөлсний хэмжээг Нийт гишүүний хуралдааны санал болгосноор Улсын Их Хурал тогтоож, батална.
18.3Цэцийн гишүүний туслах, судлаач, Ерөнхий бүртгэгч, бүртгэгч болон ажлын албаны бусад албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
18.4Цэцийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА
19 дүгээр зүйлЦэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл
19.1Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, төвийг сахих, хараат бус, бодитой, үндэслэлтэй хандах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг чанд баримтална.
19.2Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан холбогдох үүрэг, хориглолт, хязгаарлалтыг дагаж мөрдөнө.
19.3Цэцийн гишүүнд дараах зүйлийг хориглоно:
19.3.1бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах, албан үүрэгтэйгээ холбоогүй зорилгоор ашиглах;
19.3.2Цэцээр хянан шийдвэрлэх асуудал болон хянан шийдвэрлэж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг нийтэд урьдчилан илэрхийлэх, зөвлөгөө өгөх;
19.3.3өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөнөөс бусад тохиолдолд шүүхэд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох, бусдыг төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх;
19.3.4багшлах болон судалгааны ажил гүйцэтгэхээс бусад албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;
19.3.5улс төрийн, бизнес, худалдааны, эсхүл хараат бус, төвийг сахих байдалд нь харшлах бусад үйл ажиллагаа эрхлэх, оролцох.
20 дугаар зүйлЦэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх
20.1Цэцийн дарга, гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ.
20.2Нийт гишүүний хуралдаан энэ хуулийн 20.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
20.3Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа Цэцийн дарга, гишүүн Нийт гишүүний хуралдаанд үг хэлэх эрхтэй бөгөөд санал хураалтад оролцохгүй. Уг хуралдаанд Улсын ерөнхий прокурор саналаа үндэслэлийн хамт амаар танилцуулна.
20.4Нийт гишүүний хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 20.1-д заасан саналыг үндэслэлтэй гэж үзсэн бол Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.
20.5Дараах тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааны албан тушаалын цалинг бүхэлд нь нөхөн олгоно:
20.5.1Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;
20.5.2Цэцийн гишүүнийг гэм буруугүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
20.6Нийт гишүүний хуралдааны шийдвэргүйгээр Цэцийн дарга, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно.
21 дүгээр зүйлЦэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах
21.1Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах үндэслэл болно.
21.2Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бий болсон гэж үзвэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103.4-т заасны дагуу саналаа Цэцэд хүргүүлнэ.
21.3Нийт гишүүний хуралдаан энэ хуулийн 21.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж, Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
21.4Эгүүлэн татах эсэхийг хэлэлцэж байгаа Цэцийн дарга, гишүүн Нийт гишүүний хуралдаанд үг хэлэх эрхтэй бөгөөд санал хураалтад оролцохгүй. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Улсын Их Хурлын саналын үндэслэлийг танилцуулна.
21.5Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай Цэцийн шийдвэрийг Нийт гишүүний хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана.
21.6Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай Цэцийн шийдвэр гаргасан бол ажлын таван өдрийн дотор уг шийдвэрийг Улсын Их Хурал болон тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллагад хүргүүлж нийтэд мэдээлнэ.
21.7Анх илгээсэн байгууллага Цэцийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор саналаа Улсын Их Хуралд хүргүүлнэ. Уг хугацаанд саналаа хүргүүлээгүй бол Улсын Их Хурал энэ хуулийн 21.8-д заасны дагуу шийдвэрлэхэд тусгайлсан саналгүйд тооцно.
21.8Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах эсэхийг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
21.9Цэцийн шийдвэргүйгээр Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татахыг хориглоно.
Тайлбар:Энэ зүйлд заасан “анх илгээсэн байгууллага” гэдэгт энэ хуулийн 6 дугаар зүйлийн дагуу Цэцийн тухайн гишүүнийг санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтныг ойлгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
22 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.3Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, эсхүл бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан бол энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
23 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
23.1Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Өргөн мэдүүлэх төсөл
(ЦтХ-ийн төсөл, 2024.03.03.docx)