Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Отгоны САРАНЧУЛУУН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 11-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР

СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь хүн амьдрах таатай нөхцөл, саадгүй орчныг бүрдүүлэх, нийтийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд оршино.
2 дугаар зүйл. Саадгүй байдал, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль тогтоомж
2.1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “биет орчны мэдээллийн хүртээмж” гэж барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, зам, тээврийн хэрэгсэл болон бусад биет орчинд байршуулсан мэдээлэл, чиглүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, анхааруулах дохиог хүн бүр харах, сонсох, хүрэлцэх болон бусад тохиромжтой хэлбэрээр хүлээн авах, ойлгох, ашиглаж, орчинд чиглэлээ олох, мэдээлэл авах, аюулгүй зорчихыг;
4.1.2. “дижитал хүртээмж” гэж хүний үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, сайжруулахад хэрэглэх аливаа мэдээлэл, харилцаа холбооны технологи, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж болон холбогдох үйлчилгээ нь вэб агуулгын хүртээмжийн удирдамжийн шаардлагыг (WCAG) хангахыг;
4.1.3. “дуугүй хөтөч” гэж аливаа объект, барилга байгууламж, авто зам, замын чиглэлийн талаарх мэдээллийг шууд тайлбаргүйгээр техник хэрэгсэл, тэмдэг тэмдэглэгээний тусламжтайгаар хүргэх цогц үйл ажиллагааг;
4.1.4. "зохих тохируулга" гэж үйлчилгээ авахад тулгарч буй саадыг арилгах зорилгоор тухайн орчинд шаардлагатай тохируулга хийх болон өөрчилж засварлахыг;
4.1.5. "саадгүй орчин" гэдэг нь бусдын туслалцаагүйгээр үйлчилгээ авах, зорчих нөхцөлөөр хангагдсан нийтийн тээвэр, барилга байгууламж, үйлчилгээний орчинг;
4.1.6. "туслах технологи" гэж хувь хүний хэрэгцээг үнэлж, тохирох туслах хэрэгслийг жор бичих, үйлдвэрлэх, угсрах, худалдан авах, тохируулах, тааруулах, сургалтад хамруулах, зааварчилгаа өгөх, засвар үйлчилгээ хийх, хэрэгцээг дахин үнэлэх цогц үйл ажиллагааг;
4.1.7. “туслах хэрэгсэл” гэж биеийн гадна хэсэгт болон хүний биед суулгаж хэрэглэж хэвийн өдөр тутмын амьдралдаа оролцоход нь туслах, чадвараа ахиулахад тухайн хүнд нь тохируулж онцгойлон үйлдвэрлэдэг эсвэл нийтэд зориулсан бүтээгдэхүүн (хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж)-ийг;
4.1.8. “үйлчилгээ үзүүлэгч" гэж төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг;
4.1.9. “харилцааны хүртээмж” гэж хүн бүр, түүний дотор сонсгол, хараа, хэл яриа, танин мэдэхүйн онцлогтой хүмүүс бусадтай мэдээлэл солилцох, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, харилцаанд тэгш оролцох боломж бүрдүүлэхийг хэлнэ. Үүнд дохионы хэл, бичгэн харилцаа, хадмал тайлбар, нэмэлт болон орлуулах харилцаа буюу зураг, тэмдэг, харилцааны самбар, төхөөрөмж ашиглах, ойлгомжтой, энгийн хэллэгээр ярих, дүрст дуудлага, дуугүй хөтөч ашиглах зэрэг аргууд хамаарна.
4.1.10. “хувилбарт арга” гэж энгийн ойлгомжтой хэллэгээр ярих, дохио зангаагаар хариулах боломжтой хэлбэрээр харилцах, дохионы хэл, бичгийг ярианд, яриаг бичигт хөрвүүлэх технологи ашиглах, харилцааны самбар, тэмдэг тэмдэглэгээ, дүрс ашиглах, дүрст дуудлага, хөтөч ашиглахыг;
4.1.11. "хүртээмжтэй үйлчилгээ" гэж мэдээлэл, харилцаа, нийтийн үйлчилгээг бие даан, аюулгүй, ойлгомжтой, ялгаварлалгүйгээр авах нөхцөлийг бүрдүүлэхийг;
4.1.12. “хүртээмжийн үнэлгээ” гэж орчин (биет болон дижитал), үйлчилгээ, барилга, байгууламж, нийтийн тээврийг стандартчилсан тест, арга хэрэглэж, хүртээмжийн стандартад нийцэж буй эсэхийг хэмжихийг;
5 дугаар зүйл. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний зарчим
5.1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1. тэгш,хүртээмжтэй байх;
5.1.2. оролцоог хангах;
5.1.3. түгээмэл загварт суурилах;
5.1.4. бие даасан байдлыг дэмжих.
6 дугаар зүйл. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандарт
6.1. Төрийн бүх шатны байгууллага хүнийг бие даан нийгмийн харилцаанд оролцоход саадгүй, хүртээмжтэй, түгээмэл загварт суурилсан орчин, нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шаардагдах төсвийг тухайн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
6.2. Стандарт, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний үндэсний стандартыг дараах чиглэлээр баталж, мөрдүүлнэ. Үүнд:
6.2.1. барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийн;
6.2.2. авто зам, төмөр зам, агаарын зам, замын байгууламж, нийтийн тээврийн;
6.2.3. мэдээллийн технологи, харилцаа холбооны;
6.2.4. үйлчилгээний.
6.3. Саадгүй орчныг бүрдүүлэхтэй холбоотой стандартыг боловсруулах, өөрчлөн шинэчлэхэд энэ хуулиар эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн оролцоог хангана.
6.4. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасан стандартын төслийг боловсруулах, шинэчлэхэд Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан техникийн хороонд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан бүлгийн төлөөлөл, мөн төрийн бус байгууллага, холбоодын төлөөллийг оролцуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СААДГҮЙ ОРЧИН
7 дугаар зүйл. Саадгүй орчныг бүрдүүлэх
7.1. Саадгүй орчныг бүрдүүлэхэд барилга, байгууламж, нийтийн орон зай, нийтийн тээврийг хүн бүр бие даан, аюулгүй ашиглах, хүртээмжтэй байдлаар загварчилж, учрах саадыг арилгана.
7.2. Саадгүй орчныг бүрдүүлэхдээ зохих тохируулгыг хийж, шаардлагатай арга хэлбэр, хэрэгсэл, туслах хэрэгсэлийг ашиглана.
7.3. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед болон гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажиллагааны үед хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, хүүхэд болон хөдөлгөөний хязгаарлалттай хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх, хоргодох байр, аврах гарц, дохиолол, мэдээллийн системийг саадгүй орчны шаардлагад нийцүүлэн төлөвлөж, хэрэгжүүлнэ.
8 дугаар зүйл. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийн саадгүй орчин
8.1. Төрөөс барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжид саадгүй нэвтрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлнэ.
8.2. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламж нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг хангах ба шинээр баригдах болон хуучин барилга, байгууламжийг шинэчлэн засварлахдаа түгээмэл загварыг зарчмыг баримтлана.
8.3. Нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийг үндсэн барилга байгууламжтай нэгэн зэрэг төлөвлөж, зураг төсөл боловсруулж, барьж, ашиглалтад хүлээн авч, ашиглалтад оруулан нэгдсэн байдлаар төлөвлөн хэрэгжүүлнэ.
8.4. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжид хүртээмжийн тэмдэг, тэмдэглэгээ, дуугүй хөтчийг байршуулна.
9 дүгээр зүйл. Авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам, замын байгууламжийн саадгүй орчин
9.1. Авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам, замын байгууламж нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг хангах ба хотын төв зам, томоохон худалдааны бүс, орон сууцны хороололд хүртээмжтэй орчныг төлөвлөж, барьж байгуулах, эсхүл шаардлагатай шинэчлэл, зохих тохируулгыг хийнэ.
9.2. Шинээр ашиглалтад оруулж буй нийтийн тээврийн хэрэгсэл нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг хангасан байна.
9.3. Зорчигчийг саадгүй зорчиход мэдээллээр дэмжих зорилгоор дуугүй хөтөч, том үсэг, ойлгомжтой дүрс бүхий мэдээлэл, брайл болон тактил тэмдэг, аман тайлбар, туслах ажилтны дэмжлэгийг стандартын шаардлагад нийцүүлнэ.
9.4. Нийтийн тээврийн уян хатан зохицуулалттай үйлчилгээг бий болгох, урьдчилан захиалгат, дуудлагад суурилсан тээврийн үйлчилгээ үзүүлэх, улмаар зорчих явцад шаардлагатай тусламжийг үзүүлэх, асран хамгаалагчтай хамт зорчих дэмжлэгийг бүрдүүлнэ.
10 дугаар зүйл. Барилга байгууламж, авто зам, замын байгууламжийн ашиглалт, хамгаалалт
10.1. Барилга байгууламжийн өмчлөгч, эсхүл удирдлага хариуцагч нь учрах саадыг арилгаж, засварлах, солих бөгөөд хүртээмжийн тэмдэг, тэмдэглэгээг хийнэ.
10.2. Барилга байгууламжид олон нийтэд урьдчилан мэдээлж, чиглүүлэх болон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, дуугүй хөтчийг байршуулах арга хэмжээ авна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ
11 дүгээр зүйл. Мэдээллийн технологи, харилцаа холбооны хүртээмж
11.1. Үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний мэдээлэл, харилцаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны онцлог хэрэгцээнд нийцсэн, тэгш, хүртээмжтэй байна.
11.2. Төрийн болон хувийн хэвшлийн мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээнд олон улсын стандартын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн дижитал хүртээмж, харилцааны хүртээмж, биет орчин дахь мэдээллийн хүртээмжийн удирдамж, стандарт, баримт бичгийг үндэсний стандартаар нутагшуулж, дагаж мөрдөнө.
11.3. Хэвлэл, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн байгууллага нь хүний мэдээлэл авах эрхийг хангах, техник, технологийн хэрэгсэл, бусадтай харилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.
11.4. Төрийн байгууллагын шийдвэр, албан бичиг, ном, сурах бичиг болон олон нийтэд зориулан хэвлэн гаргаж буй ном, сонин, сэтгүүлийг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэж, мэдээлэл авах эрхийг хангана.
11.5. Өргөн нэвтрүүлгийн телевиз, интернэтийн телевизийн үйлчилгээ эрхлэгч нь мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон гамшгийн үеийн мэдээллийг дохионы хэлмэрч, хадмал бичвэр, дуун тайлбар бүхий харилцааны хүртээмжийн хэлбэрээр үзэгчийн сонголттойгоор хүргэнэ.
11.6. Энэ зүйлд заасан арга хэмжээний зардлыг тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байгууллагын тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ
12 дугаар зүйл. Үйлчилгээний хүртээмж
12.1. Төрийн байгууллага нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд болон хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхэд дараах үүрэгтэй:
12.1.1. саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэх;
12.1.2. ажилтнуудаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжлийн бэрхшээлийн онцлог хэрэгцээ, хүртээмж, зохих тохируулгын талаарх сургалтанд тогтмол хамруулах;
12.1.3. хэрэглэгчийн санал, гомдлыг хүртээмжтэй хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх;
12.1.4. үйлчилгээний онцлогт нийцсэн туслах технологи, зохих тохируулга, хувилбарт аргыг ашиглах;
12.1.5. хүн туслах хэрэгсэлтэйгээ тухайн байгууллагад нэвтрэх, шаардлагатай тохиолдолд тухайн хүний асран хамгаалагч, хувийн туслах, хөтөч, хөтөч нохойн хамт болон байнга хэрэглэдэг, овор ихтэй, туслах хэрэгсэлээ ашиглаж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
12.1.6. хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, асран хамгаалагчид дараалалгүйгээр үйлчлүүлэхэд зориулагдсан тусгай хэсэг ажиллуулах;
12.1.7. хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, асран хамгаалагчид дараалалгүйгээр үйлчлүүлэх тусгай касс, цонхыг ажиллуулж, налуу зам, намсгасан тавцан, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулсан дохио, бичгэн харилцаа болон тод тэмдэглэгээг стандартын дагуу хангах;
12.1.8. нийтийн тээвэр, буудал, терминалын хүлээлгийн орчныг биеийн онцлог бүхий иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөж, тэргэнцэртэй иргэн чөлөөтэй байрших боломжтой зайг хангах, нуруу түшлэгтэй, гарын тулгууртай суудлаар тоноглох, мөн чимээ шуугиан, хүний хөдөлгөөний ачаалал багатай хүлээлгийн хэсгийг стандартын шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх.
12.2. Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн өмчит болон олон нийтийн байгууллага, холбоо, иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудыг саадгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар олгох сургалтад хамруулахыг дэмжинэ.
12.3. Төрийн болон нийтийн үйлчилгээнд хуульд заасны дагуу иргэдэд үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарна.
12.4. Төрийн үйлчилгээний байгууллагын барилга, байгууламжийн иргэдтэй харилцах, үйлчилгээ үзүүлэх хэсэгт саадгүй зорчих орчныг бүрдүүлж, нэвтрэх тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангаж, ойлгомжтой тэмдэг, чиглүүлэг байршуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ.
12.5. Төрийн үйлчилгээ нь дижитал хэлбэрийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулан газар дээр нь зөвлөх, бичгээр болон гараар гүйцэтгэх уламжлалт үйлчилгээний хэлбэрийг хадгална.
12.6. Үйлчилгээ үзүүлэх бүх хэлбэрийн хуулийн этгээд нь үйлчилгээний хүртээмжийн стандартыг өөрийн үйлчилгээнд нэвтрүүлж ажиллана.
13 дугаар зүйл. Хууль зүйн үйлчилгээний хүртээмж
13.1. Шүүхийн болон прокурорын байгууллага, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй хуулийн этгээд, нотариат нь энэ хуульд заасны дагуу үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн саадгүй орчныг бүрдүүлж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхдээ хувилбарт аргыг ашиглана.
14 дүгээр зүйл. Яаралтай тусламжийн үйлчилгээний хүртээмж
14.1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.3-т заасан яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь дуудлага, мэдээллийг хүлээн авч, тусламжийг шуурхай хүргэхэд энэ хуульд заасны дагуу үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хувилбарт аргыг нэвтрүүлнэ.
14.2. Яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд цагдаа, эрүүл мэндийн байгууллага, хүүхдийн тусламж, онцгой байдлын албаны тусгай дугаарт зурвас илгээх, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЗОХИХ ТОХИРУУЛГА, ТУСЛАХ ХЭРЭГСЭЛ
15 дугаар зүйл. Зохих тохируулга
15.1. Төрийн бүх шатны байгууллага, хуулийн этгээд нь зохих тохируулгыг тухайн хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээ, зохион байгуулалтын болон биет орчинд хийнэ.
15.2. Төрийн бүх шатны байгууллага, хуулийн этгээд нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүний бие даан амьдрах, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг хангах зорилгоор тухайн хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээ, зохион байгуулалт, биет орчинд зохих тохируулгыг хийж, шаардлагатай тохиолдолд туслах технологи, туслах хэрэгсэл ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
15.3. Зохих тохируулгыг хийхэд тухайн хүний хүсэлт, шаардлагыг харгалзан үзнэ.
15.4. Зохих тохируулгыг хийсэн төрийн бүх шатны байгууллагад хүртээмжийн гэрчилгээ олгох шалгуур үзүүлэлтэд харгалзан үзнэ.
16 дугаар зүйл. Туслах технологи, туслах хэрэгсэл
16.1. Туслах технологи нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүний таатай амьдрах, саадгүй орчныг бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэнэ.
16.2. Туслах технологийн үйлчилгээг төрийн болон аж ахуйн нэгж, мэргэшсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээд эрхэлнэ.
16.3. Төрөөс олгох “Нэн шаардлагатай туслах хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг худалдан авалтын тогтолцоо, түгээлтийн тогтолцооны хамт олон улсын жишигт нийцүүлэн Ахмад настны тухай хуулийн 8.1.1, 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар батална.
16.4. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дэргэдээ Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасны дагуу сэргээн засах, туслах технологийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийг байгуулах ба уг салбар зөвлөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулна.
16.5. Энэ зүйлийн 16.4-д заасан салбар зөвлөл нь төрөөс олгох “Нэн шаардлагатай туслах хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг жил бүр шинэчлэн гаргаж, Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
16.6. Төрөөс олгох “Туслах технологийн үйлчилгээ үзүүлэх журам”, “Нэн шаардлагатай туслах хэрэгслийг олгох журам”-ыг тухайн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах ба хэрэглэгчдэд ээлтэй хэлбэрээр зохион байгуулж, хэрэгслээ сонгох тогтолцоог нэвтрүүлнэ.
16.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрөөс олгох “Нэн шаардлагатай туслах хэрэгсэл”-ийг худалдан авах, түгээх тогтолцоог хэрэгжүүлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ЧИГ ҮҮРЭГ
17 дугаар зүйл. Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх
17.1. Саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1. саадгүй орчинд амьдрах, хүртээмжтэй үйлчилгээ авах эрхийг хангах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
17.1.2. саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэхэд шаардагдах төсөв батлах;
17.1.3. саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэх талаарх хуулийн хэрэгжилтийн төлөв байдлын тайланг хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгөх.
17.1.4. хуульд заасан бусад.
17.2. Засгийн газар саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1. энэ хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
17.2.2. саадгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган батлуулах;
17.2.3. амьдрах орон байр, түүний дотор гэр хорооллын сууц, амины болон нийтийн зориулалттай орон сууцны хүртээмжийг хангах арга хэмжээг төрийн бодлого, төсөв, худалдан авалт, хяналтын тогтолцоонд үе шаттайгаар тусган хэрэгжүүлэх;
17.2.4. хүртээмжтэй орон байр, нийтийн зориулалттай барилга, дэд бүтцийн бодлого, зорилт, хэрэгжилтийн шалгуурыг тогтоох.
18 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх
18.1. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд саадгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсөвт тусган батлах;
18.1.2. энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг даргын тайланг хэлэлцэж, хэрэгжилтийг сайжруулах талаар чиглэл өгөх;
18.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь саадгүй орчин бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.2.1. тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилд саадгүй орчинг бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах төсвийг тусган батлуулах, хэрэгжилтийг хангах;
18.2.2. орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрт саадгүй орчин бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх арга хэмжээг тусгах, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
18.2.3. нутаг дэвсгэрийн бүх хэвшлийн байгууллагын саадгүй орчин бүрдүүлсэн, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлсэн байдалд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
18.2.4. энэ хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах, төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
18.2.5. саадгүй орчин бүрдүүлэх, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх талаар гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах.
19 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
19.1. Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
19.1.1. төрийн болон олон нийтийн үйлчилгээний цахим хуудас, холбогдох цахим хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай аргачлал, зөвлөмжийг боловсруулж түгээх;
19.1.2. харааны бэрхшээлтэй хүнд зориулсан бичвэрийг дуу авиа руу хөрвүүлэн хувиргах дэлгэц уншигч бүхий программ хангамжийг хөгжүүлэх;
19.1.3. үе мөчний тайралттай, саажилттай хүнд зориулж дуу хоолой, хөдөлгөөн мэдрэгчээр ухаалаг төхөөрөмжийг ашиглах боломжийг бүрдүүлэх;
19.1.4. дохионы хэлийг монгол ярианы хэл рүү, монгол ярианы хэлийг дохионы хэл рүү хөрвүүлдэг технологи, программ хангамжийг хөгжүүлэх;
19.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан туслах технологийг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилтыг (инновац)-ийг нутагшуулж, хямд үнээр ашиглах боломжийг бүрдүүлэх;
19.1.6. орон сууцанд зохих тохируулга, туслах технологи, хүртээмжийн тоноглолыг нэвтрүүлэхтэй холбоотой жишиг загвар, техникийн шаардлага, аргачлал, зөвлөмжийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
19.1.7. лавлах машин, банкны карт уншигч зэрэг үйлчилгээний тоног төхөөрөмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй ашиглах боломжийг бүрдүүлэх.
19.2. Энэ зүйлд заасан арга хэмжээг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
20 дугаар зүйл. Холбоо, төрийн бус байгууллагын чиг үүрэг
20.1. Саадгүй байдал, хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, төрийн бус байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.1.1. саадгүй, хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, харилцах арга зүйн сургалт, явуулах;
20.1.2. энэ хууль тогтоомжийг сурталчлах, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах, сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
20.1.3. энэ хуульд заасан үнэлгээг магадлан итгэмжлэлийн үндсэн дээр гүйцэтгэх, судалгаа, шинжилгээ, үнэлгээ зөвлөмж боловсруулах;
20.1.4. шинэ техник, технологи, программ хангамжийг зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дэмжих;
20.1.5. саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар холбогдох байгууллагад зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа үзүүлэх;
20.1.7. улсын хэмжээнд саадгүй орчин, хүртээмжтэй орчны үзлэгийг барилга, зам, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран 5 жилд тутам зохион байгуулах
21 дүгээр зүйл. Хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
21.1. Хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага нь саадгүй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1. байгууллагын гадаад, дотоод орчин, үйлчилгээний саадгүй, хүртээмжтэй байдлын талаар үйлчлүүлэгчээс санал, хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, эргэн мэдээлэх;
21.1.2. байгууллагын гадаад, дотоод орчин, үйлчилгээний саадгүй, хүртээмжтэй байдлын талаар үйлчлүүлэгчээс санал, хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, эргэн мэдээлэх;
21.1.3. саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар холбогдох төрийн эсхүл хүртээмжийн чиглэлээр мэргэшсэн байгууллагатай хамтран ажиллах;
21.1.4. байгууллагын хэмжээнд саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ, ХАРИУЦЛАГА
22 дугаар зүйл. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний үнэлгээ
22.1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний үнэлгээний аргачлал, шалгуур үзүүлэлтийг стандарт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтийг хангана.
22.2. Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга нь саадгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан олон нийтэд ил тод мэдээлнэ.
22.3. Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан үнэлгээг хараат бус байдлыг хангасан, хүртээмжийн чиглэлээр мэргэшсэн, Итгэмжлэлийн байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болно.
22.4. Үнэлгээ гүйцэтгэсэн этгээд нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хэрэгжилтийн талаар дүгнэлт, зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлэх ба тухайн байгууллага нь тэдгээрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
22.5. Хүртээмжийн үнэлгээ, сургалтыг Итгэмжлэлийн байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хуулийн этгээд гүйцэтгэнэ.
22.6. Итгэмжлэлийн байгууллага нь хүртээмжийн үнэлгээний үр дүн, тайланг ил тод байршуулж, “Хүртээмжтэй байгууллага”-ын гэрчилгээ, тэмдэгийг олгох үйл ажиллагааг жил бүр зохион байгуулна.
22.7. Үйлчилгээ үзүүлэгч нь хүртээмжийн үнэлгээг 2 жил тутам хийлгэх үүрэгтэй.
23 дугаар зүйл. Хяналт, хариуцлага
23.1. Энэ хуулийн хэрэгжилтэд төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий улсын байцаагч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүний төлөөлөл оролцсон олон талт, оролцоонд суурилсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлнэ.
23.2. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ, мэдээллийн хүртээмж, мөн туслах технологи, туслах хэрэгсэлд энэ хууль болон бусад холбогдох хууль, стандарт, норм, шаардлагыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хууль тогтоомжид заасан чиглэл тус бүрээр холбогдох эрх бүхий улсын байцаагч хяналт тавина.
23.3. Эрх бүхий улсын байцаагчийн зөвлөмж, шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага оногдуулна.
23.4. Сум, дүүрэг болон түүнээс дээш шатны засаг захиргааны нэгжийн холбогдох байгууллага нь саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хэрэгжилтэд хөндлөнгийн хараат бус байгууллагаар үнэлгээ хийлгэж, үнэлгээний дүнг олон нийтэд ил тод мэдээлнэ.
23.5. Байгууллага, иргэн нь саадгүй орчныг бүрдүүлэх ажлыг сайжруулах, боловсронгуй болгох талаар эрх бүхий байгууллагад санал, зөвлөмж гаргах, мөн энэ хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.
23.6. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний талаар гаргасан гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
23.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны асуудал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь холбогдох чиглэлээр мэргэшсэн, дадлага, туршлагатай иргэдийг оролцуулан саадгүй орчин, мэдээллийн болон амьдрах орон байрны хүртээмж бүрдүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж болно.
23.8. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь амьдрах орон байрны хүртээмж, саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж болно.
24 дүгээр зүйл. Хүртээмжийн үнэлгээг итгэмжлэх
24.1. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан Итгэмжлэлийн байгууллага нь төрийн байгууллага, хуулийн этгээд нь үйлчилгээний хүртээмжийн шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоож итгэмжлэл олгоно.
24.1.1
24.2. Итгэмжлэлийн байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага нь хүртээмжийн үйлчилгээний хүртээмжийг үнэлж, хүртээмжийн чадавхийн гэрчилгээ олгож болно.
25 дугаар зүйл. Хариуцлага
25.1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний талаар гаргасан гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.
25.2. Хууль тогтоомж зөрчсөн хариуцлага ногдуулах үндэслэлтэй бол Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
25.3. Энэ хуулийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд нь иргэний хариуцлага хүлээх бөгөөд гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
26 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
26.1. Төрийн бүх шатны байгууллага нь энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө баригдаж ашиглалтад орсон үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн барилга, байгууламжид саадгүй орчны үнэлгээ, төрийн үйлчилгээнд хүртээмжийн үнэлгээ хийлгэнэ.
26.2. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан, ашиглалтад оруулсан барилга байгууламж эсхүл хуучин барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламж, авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам, замын байгууламжид саадгүй орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
26.3. Энэ хууль үйлчилж эхлэхээс өмнө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа үндэсний стандартад тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцсан чиглэлээр үзлэг хийж, хэрэгжилтийг үнэлэн энэ хуульд заасан саадгүй орчин, хүртээмжийн стандартыг болон холбогдох стандартыг шинэчлэн батлуулж, мөрдүүлнэ.
26.4. Төрийн бүх шатны байгууллага нь саадгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
27 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
27.1. Энэ хууль 2028 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(4_Саадгүй_орчин_дагах_хуулиуд_10_07.docx)