Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 12-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бооцоот морин уралдаан зохион байгуулах, оролцогч, уяач, унаачийн эрхийг хангах, бооцоот морин уралдаан зохион байгуулах хуулийн этгээдийн чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлБооцоот морин уралдааны хууль тогтоомж
2.1Бооцоот морин уралдааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“бооцоо” гэж морин тойруулгад зохион байгуулж байгаа морин уралдааны үр дүнгийн талаар дэвшүүлсэн таамаг нь таарсан тохиолдолд дүрэмд зааснаар өсгөж авах нөхцөлтэйгөөр эрсдэлээ өөрөө хариуцаж, зохион байгуулагчид сайн дураараа шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг;
3.1.2бооцоот морин уралдаан” /цаашид “бооцоот уралдаан” гэх/ гэж эрх бүхий этгээд тогтоосон дүрмийн дагуу морин тойруулгад зохион байгуулж байгаа морин уралдааныг;
3.1.3“бооцоот уралдаан зохион байгуулах” гэж бооцоот морин уралдааны үр дүнгийн талаар оролцогчдоос бооцоо цуглуулах, уралдааны үр дүнг гарсны дараа оролцогчдын хүртэх хонжворын хэмжээг тооцоолж оролцогчдод олгох зэргээр бооцоот морин уралдааны үйл ажиллагааг эрхлэхийг;
3.1.4“оролцогч” гэж бооцоот уралдааны үр дүнгийн талаар аз туршсан таамаг дэвшүүлж, учирч болох эрсдэлээ хүлээн зөвшөөрч, морин уралдаанд бооцоо тавьж оролцож байгаа хувь хүнийг;
3.1.5“зөвлөл” гэж Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан байгууллагыг;
3.1.6“Монголын морин уралдааны холбоо” гэж энэ хуулийн дагуу байгуулагдсан, сайн дурын гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;
3.1.7“морин тойруулгын цогцолбор” гэж бооцоот морин уралдаан зохион байгуулахад зориулсан зам талбай, барилга байгууламж, тотализатор, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бүхий цогцолбор байгууламжийг;
3.1.8“унаач” гэж бооцоот морин уралдаанд морийг унаж, уралдуулах хүнийг;
3.1.9"уяач” гэж бооцоот морин уралдаанд уралдуулж байгаа морины өмчлөгчийг;
3.1.10“тотализатор” гэж бооцоо цуглуулах, бооцооны дүнг гаргах, бооцоог хуваарилахад ашигладаг программ хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн иж бүрдэл бүхий тооцоолуурыг;
3.1.11“хонжвор” гэж Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн 4.1.10-т заасныг.
4 дүгээр зүйлБооцоот уралдааны үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1Бооцоот уралдааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1бооцоот уралдааныг нээлттэй, шударга, хариуцлагатай, ил тод байдлаар зохион байгуулах, оролцогчдод тэгш боломж олгох;
4.1.2бооцоот уралдаанд оролцогчид үнэнч шударгаар өрсөлдөх, ёс зүйтэй байх;
4.1.3олон нийтийг бооцоот тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх;
4.1.4нийтийн дэг журмыг хангах, бооцоот тоглоомыг гэмт хэргийг дэмжих хэрэгсэл болохоос урьдчилан сэргийлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БООЦООТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ
5 дугаар зүйлБооцоот уралдаан зохион байгуулах
5.1Бооцоот уралдааныг Засгийн газрын эрх олгосноор Монголын морин уралдааны холбоо /цаашид “Холбоо” гэх/ зохион байгуулна.
5.2Бооцоот уралдааны зориулалтаар морин тойруулгын цогцолбор байгуулах байршлыг Засгийн газар тогтооно.
5.3Бооцоот уралдааныг энэ хуулийн 6.1-д заасан шаардлагад нийцсэн морин тойруулгын цогцолборт зохион байгуулна.
5.4Энэ хуулийн 5.2-т заасны дагуу тогтоосон байршилд морин тойруулгын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд байгуулах бол чөлөөт бүсийн захирагч олгож, мөн хугацаагаар сунгана.
5.5Зөвлөл нь бооцоот уралдааны эрх авахаар ирүүлсэн баримт бичгийг үнэлж, дүгнэлтээ Засгийн газарт танилцуулна.
5.6Холбоо энэ хуулийн 7.1-д заасан дүрэм, аргачлалаас гадна дараах бичиг баримтыг Зөвлөлд хүргүүлнэ:
5.6.1Холбооны танилцуулга;
5.6.2морин тойруулгын барилга байгууламжийн төсөл болон бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх төсөл;
5.6.3Холбооны дүрэм;
5.6.4харилцагч банкны тодорхойлолт.
5.7Холбоо нь морин тойруулгын салбар байгуулах бол тухай бүр Засгийн газраас зөвшөөрөл авна.
5.8Бооцоот уралдаанд уралдах хурдан морьдын ангилал, уралдааны төрөл, хэлбэрийг Бооцоот морин тойруулгын дүрмээр тогтооно.
5.9Энэ хуулийн 5.1-д зааснаас бусад этгээд бооцоот уралдаан зохион байгуулахыг хориглоно.
5.10Холбоо бооцоот уралдаан зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа болон казино, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглоно.
5.11Бооцоот уралдааны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Бооцоот морин тойруулгын дүрмээр зохицуулна.
6 дугаар зүйлМорин тойруулгын цогцолбор
6.1Морин тойруулгын цогцолбор нь дараах шаардлагыг хангасан байна:
6.1.1бооцоот уралдааны үйл ажиллагаанд зориулсан олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг хангасан зохистой дэд бүтэц бүхий морин тойруулгын үйл ажиллагаа, аялал жуулчлал, амралт, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байх;
6.1.2бооцоот уралдааны үйл ажиллагаанд зориулсан олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий зориулалтын тоног төхөөрөмж, тотализатор, техник, хэрэгсэл, программ хангамжаар хангагдсан байх;
6.1.3морин тойруулгын ажилтан нь бооцоот уралдааны үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байх;
6.1.4оролцогчоос бооцоо хураах, бэлэн мөнгө авах, өгөх мөнгөн кассын хэсэг, бооцоот уралдаан зохион байгуулж байгаа танхим бүрт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан байх;
6.1.5Зөвлөлөөс баталсан шаардлагыг хангасан байх.
6.2Бооцоот уралдааны тотализатор нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай холбогдсон байх бөгөөд бооцоо, хонжворын мэдээлэл нь тухай бүр бүртгэгдсэн байна.
6.3Оролцогчийг бооцоот уралдаанд зээлээр оролцуулах, морин тойруулгын цогцолборт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
7 дугаар зүйлБооцоот морин уралдааны журам
7.1Бооцоот уралдааны үйл ажиллагаанд энэ хуульд зааснаас гадна дараах дүрэм, аргачлалыг дагаж, мөрдөнө:
7.1.1морин тойруулгын дүрэм;
7.1.2бооцоот морин уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлал;
7.1.3бооцоот морин уралдааны мөнгөн кассын дүрэм;
7.1.4бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэм.
7.2Энэ хуулийн 7.1-д заасан дүрэм, аргачлалыг Холбоо баталж, Зөвлөлд бүртгүүлнэ.
7.3Холбоо нь бооцоот уралдаанд оролцох унаач, уяач, морины шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Шударга бусаар өрсөлдөхийг завдсан болон шударга бусаар өрсөлдсөн бол морин тойруулгын дүрэм, бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.
7.4Холбоо нь Бооцоот морин уралдааны ёс зүйн дүрмийг зөрчсөн уяач, унаач, морин тойруулгын бусад ажилтныг ажлаас халах, уралдаанд оролцохыг хугацаагүйгээр, эсхүл тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээг авна.
7.5Бооцоот уралдаанд оролцогчийн тавьж болох бооцооны дээд хэмжээг Зөвлөл батална.
8 дугаар зүйлБооцоот уралдаанд хориглох үйл ажиллагаа
8.1Холбоонд бооцоот уралдааны үйл ажиллагаатай холбоотой дараах зүйлийг хориглоно:
8.1.1оролцогч, уяач, унаачийг хууран мэхлэх зорилгоор уралдааны үр дүнг өөрчлөх, программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хохироох;
8.1.2хожсон оролцогчийн хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналыг олгохоос зайлсхийх, татгалзах;
8.1.3морин тойруулгын дүрэм, бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог хуваарилах дүрэм, бооцоот уралдааны мөнгөн кассын дүрмийг зөрчих;
8.1.4оролцогчоор дамжуулан бооцоо тавих, оролцогчийн бооцоо тавих шийдвэр гаргахад дотоод мэдээллийг ашиглуулах, давуу тал үүсгэх боломж олгох;
8.1.5санаатайгаар, эсхүл зохион байгуулалттайгаар шударга бусаар бооцоот уралдааны үр дүнд нөлөөлөх, уралдаанд оролцож байгаа унаач, морийг түрүүлүүлэх, хожигдуулахаар урьдаас үгсэн хуйвалдах;
8.1.6нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан агуулгатай, эсхүл мөрийтэй тоглоомын донтолт үүсгэхүйц хэлбэрээр зар сурталчилгаа явуулах;
8.1.7Зөвлөлийн хориглосон бусад үйл ажиллагаа.
8.2Оролцогч, уяач, унаач, Холбоо болон бусад этгээд бооцоот уралдааны үр дүнд нөлөөлөх зорилгоор хуйвалдах, шударга бус үйлдлээр бооцоот уралдааны бусад оролцогчдын эрхийг зөрчих, хохирол учруулахыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОЛЦОГЧ, УЯАЧ, УНААЧ
9 дүгээр зүйлОролцогч
9.1Бооцоот уралдаанд оролцогч нь 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн байна.
9.2Холбоо нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу оролцогчийг таньж мэдэх үүрэгтэй байна.
10 дугаар зүйлУяач
10 .1Бооцоот уралдаанд морио уралдуулах уяач Холбооны гишүүн байна. Бооцоот уралдаанд Холбооны гишүүнчлэлтэй уяач морио уралдуулах эрхтэй байна.
10 .2Уяач өөрийн өмчлөлийн морийг бооцоот уралдаанд уралдуулахдаа морин тойруулгын дүрмийн дагуу Холбоонд бүртгүүлэх бөгөөд нэг морины бүртгэлд хоёроос дээш уяач бүртгэхгүй.
10 .3Уяач өөрийн өмчлөлийн морийг бооцоот уралдаанд уралдуулахдаа сайн дураар даатгуулж болно.
10 .4Уяач өөрийн өмчлөлийн морийг бооцоот уралдаанд уралдуулахад морин тойруулгын дүрмийг мөрдөх бөгөөд дүрмээр зохицуулаагүй харилцааг гэрээгээр тохиролцож болно.
11 дүгээр зүйлУнаач
11.1Бооцоот уралдааны унаач нь морь уралдуулах чадвар, дадлыг эзэмшүүлэх морин уралдааны боловсрол олгох коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 18 насанд хүрсэн хүн байна.
11.218 насанд хүрээгүй хүнээр бооцоот уралдаанд морь унуулахыг хориглоно.
11.3Холбоо унаачийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангана.
11.4Унаач ослын даатгалд даатгуулсан байна.
11.5Унаачийг мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага бэлтгэх бөгөөд холбогдох харилцааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
11.6Бооцоот уралдааны аюулгүй байдлын дүрмийг Зөвлөл батална.
11.7Уралдуулсан морь нь бооцоот уралдаанд түрүүлсэн болон бооцоот уралдаанд шагналт байранд орсон тохиолдолд морин уралдааны бооцооноос олсон орлогоос уяач болон унаач нарын хүртэх хувь хэмжээг бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлалын дагуу олгоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МОРИН УРАЛДААНЫ ХОЛБОО, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
12 дугаар зүйлМорин уралдааны холбоо, түүний гишүүнчлэл
12.1Монголын морин уралдааны холбоо нь үндэсний өв соёл, уламжлал, морин уралдааныг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор энэ хуулийн дагуу байгуулагдсан, сайн дурын гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.
12.2Дараах этгээд Холбооны гишүүн байж болно:
12.2.1Монгол Улсын иргэн;
12.2.2Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
12.3Гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно.
12.4Гишүүнчлэлийн эрхийг хуульд заасны дагуу бэлэглэх, өв залгамжлах зэргээр бусдад шилжүүлж болно.
12.5Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж, хандив, бооцооны орлогоос бүрдэнэ.
12.6Холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх бөгөөд санхүүгийн аудитыг жил тутамд хийлгэж, гишүүддээ болон олон нийтэд тайлагнана.
12.7Холбоо нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутам орлогоо байршуулна.
13 дугаар зүйлМорин уралдааны холбооны чиг үүрэг
13.1Холбоо дараах чиг үүрэгтэй байна:
13.1.1бооцоот уралдаан зохион байгуулах;
13.1.2морь арчлах, амраах, сэрүүцүүлэх үйлчилгээ эрхлэх;
13.1.3бооцоот морин уралдааны үйл ажиллагааг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх;
13.1.4мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх;
13.1.5мэргэжлийн унаачийн эрх олгох.
13.2Холбоо дараах үүрэгтэй:
13.2.1хууль тогтоомж болон Зөвлөлөөс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
13.2.2зохих татварыг хуульд заасан журам, хэмжээгээр төлөх;
13.2.3зориулалтын техник хэрэгсэл, сүлжээ, программ хангамж, хяналтын дууны, дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
13.2.4хууран мэхлэх, залилах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх;
13.2.5мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг мөрдөх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний болон олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэх;
13.2.6бооцоот уралдаан зохион байгуулах үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журам, аргачлалыг оролцогчид болон олон нийт танилцах боломжтой байдлаар нээлттэй байлгах, өөрчлөлт орсон тухай бүр шинэчлэх, бүртгүүлэх;
13.2.7хуульд заасан бусад.
13.3Холбоо бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгох үүрэгтэй.
14 дүгээр зүйлМорь арчлах, амраах, сэрүүцүүлэх үйл ажиллагаа
14.1Холбоо холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн морь арчлах, амраах, сэрүүцүүлэх үйлчилгээ эрхэлж болно.
14.2Үйлчилгээний журам, үнэ тариф, гэрээний нөхцөлийг Холбоо тогтооно.
14.3Үйлчилгээний улмаас учирч болох эрсдэл, хариуцлагын талаар гэрээнд тусгана.
15 дугаар зүйлМорин уралдааны холбооны дүрэм
15.1Холбооны дүрэмд дараах зүйлийг тусгана:
15.1.1зорилго, үйл ажиллагааны чиглэл;
15.1.2дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам;
15.1.3бүх гишүүдийн хуралдааны журам;
15.1.4удирдах зөвлөлийн хуралдааны журам;
15.1.5холбооны гишүүний эрх, үүрэг;
15.1.6гишүүн элсүүлэх, гишүүнчлэлээс хасах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, журам, гишүүнчлэлээс хасах үндэслэл;
15.1.7ээлжит бус хурал зарлан хуралдуулах, үндэслэл журам;
15.1.8гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ;
15.1.9бусад.
16 дугаар зүйлХолбооны удирдлага, зохион байгуулалт
16.1Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
16.2Холбооны удирдах байгууллага нь Удирдах зөвлөл байна.
16.3Холбоо нь хяналтын хороо болон холбооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах гүйцэтгэх удирдлагатай байна.
17 дугаар зүйлХолбооны Бүх гишүүдийн хурал
17.1Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хурлыг жилд нэг удаа хуралдуулах бөгөөд ээлжит бус хурал зарлан хуралдуулахтай холбогдсон харилцааг Холбооны дүрмээр зохицуулна.
17.2Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1холбооны дүрмийг батлах;
17.2.2холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох;
17.2.3ёс зүйн дүрмийг батлах;
17.2.4бооцоот морин тойруулгын дүрмийг батлах;
17.2.5бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлалыг батлах;
17.2.6бооцоот уралдааны мөнгөн кассын дүрмийг батлах;
17.2.7Холбооны Удирдах зөвлөл, Холбооны Хяналтын хороо/цаашид "Хяналтын хороо" гэх/-ийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
17.2.8Холбооны Удирдах зөвлөл, Холбооны Хяналтын хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
17.2.9Холбооны гүйцэтгэх удирдлагыг сонгох, чөлөөлөх;
17.2.10морин тойруулгын салбар байгуулах шийдвэр гаргах;
17.2.11Холбооны гишүүнчлэлийн төрөл, хураамжийн хэмжээг тогтоох;
17.2.12Холбооны жилийн төсвийн төслийг батлах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
17.2.13хууль болон холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
17.3Бүх гишүүдийн хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурал эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Холбооны Удирдах зөвлөл өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
17.4Бүх гишүүдийн хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
18 дугаар зүйлХолбооны Удирдах зөвлөл
18.1Холбооны Удирдах зөвлөл нь Бүх гишүүдийн чөлөөт цагт Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
18.2Холбооны Удирдах зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
18.3Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёроос дээш удаа дараалан сонгогдохгүй.
18.4Холбооны Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.4.1Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
18.4.2Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр, Холбооны дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
18.4.3Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
18.4.4Холбооны жилийн төсвийг боловсруулах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
18.4.5Холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гишүүдээс гаргасан санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх;
18.4.6Холбооны ажлын албаны бүтэц, орон тоо, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох;
18.4.7Холбооны санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
18.4.8Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
18.5Холбооны Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
18.6Холбооны Удирдах зөвлөл асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
18.7Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
18.8Холбооны Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.
19 дүгээр зүйлГүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг
19.1Гүйцэтгэх удирдлага дараах эрхтэй:
19.1.1Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
19.1.2Удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд Холбоог төлөөлөн гэрээ, хэлцэл хийх;
19.1.3Нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөх ажлыг зохион байгуулах;
19.1.4санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу гаргаж, эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх холбогдох байгууллагад хүргүүлэх;
19.1.5Холбооны гишүүдийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах;
19.1.6Холбооны дүрэмд заасан бусад.
19.2Гүйцэтгэх удирдлагын цалин хөлсийг удирдах зөвлөлийн хурлаас тогтооно.
20 дугаар зүйлХяналтын хороо
20.1Удирдах зөвлөлөөс Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог байгуулна.
20.2Хяналтын хорооны гишүүдийг удирдах зөвлөлөөс томилох бөгөөд бүрэлдэхүүнд гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх албан тушаалтнаас оролцуулахыг хориглоно.
20.3Шаардлагатай тохиолдолд Холбооны үйл ажиллагаанд аудит хийлгэх саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
20.4Хяналтын хороо ажлаа удирдах зөвлөлийн өмнө тайлагнана.
20.5Хяналтын хороог мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэх удирдлага хариуцна.
20.6Хяналтын хорооны үйл ажиллагааны зардал, гишүүдэд олгох урамшууллыг удирдах зөвлөлөөс тогтооно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ
21 дүгээр зүйлЗөвлөлийн бүрэн эрх
21.1Зөвлөл нь бооцоот уралдааны үйл ажиллагаатай холбоотойгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1бооцоот морин уралдааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
21.1.2оролцогч, унаач, уяачаас цаасаар болон цахимаар гомдол хүлээн авах, шийдвэрлэх, харьяаллын дагуу гомдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
21.1.3Холбооноос шаардлагатай мэдээлэл, тайлан, тайлбар гаргуулж авах;
21.1.4Холбооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, морин тойруулгын цогцолборын тоног төхөөрөмжийг шалгах, магадлагаа хийх;
21.1.5энэ хуульд заасан үүргийг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;
21.1.6Холбооны удирдлага, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах арга хэмжээ авах.
21.2Бооцоот уралдаанд оролцогчийн тавьж болох бооцооны дээд хэмжээг Зөвлөл батална.
21.3Бооцоот уралдааны мөнгөн кассын өрөөнд тавигдах шаардлагыг Зөвлөл батална.
22 дугаар зүйлБооцоот уралдааны үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт
22.1Зөвлөлийн ажлын алба бооцоот уралдаан зохион байгуулах үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, эсхүл гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
22.2Уралдаан зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бөгөөд Холбоонд хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын биелэлтийг шалгах зорилгоор гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
22.3Улсын байцаагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.3.1бооцоот морин уралдааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
22.3.2хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
22.3.3хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох, хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт цуглуулах, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг түр хураан авах;
22.3.4бооцоот уралдааны үйл ажиллагааны явцын хяналтын дуу, дүрс, бичлэгийг шалгах;
22.3.5хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД
23 дугаар зүйлБооцоот морин уралдааны хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
24.1Энэ хуулийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

цахим эх хувь
(Бооцоот морин уралдаан-цахим эх хувь.pdf)
Хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
(дагасан хуулийн төслүүд.docx)
Үзэл баримтлал
(ҮБ-Бооцоот морин уралдаан 05.24 (1).docx)
Танилцуулга
(ТАНИЛЦУУЛГА 10.25.docx)
Тандан судалгаа
(Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийн зардлын тооцооны тайлан.pdf)
Тандан судалгаа
(Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээний тайлан.pdf)