Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 9-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх баталгаа, халдашгүй байдал, үйл ажиллагаанд хориглох зүйл, бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгчийн хууль тогтоомж
2.1Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйлМонгол Улсын Ерөнхийлөгч
3.1Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
3.2Ерөнхийлөгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлага, журмын дагуу сонгогдсон тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байна.
3.3Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдоно.
3.4Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Ерөнхийлөгчийн энэ чиг үүргийг энхийн цагт хязгаартай хэрэгжүүлэх, дайн бүхий үед бүрэн хэрэгжүүлэх ялгамжтай зохицуулалтыг хуулиар тогтооно.
3.5Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн өргөөнд байрлаж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
3.6Ерөнхийлөгч төрийн тамгыг барина.
3.7Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журам, түүнтэй холбогдсон харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлЕрөнхийлөгчийн бүрэн эрх эхлэх, дуусгавар болох, огцруулах
4.1Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдснаас хойш 30 хоногийн дотор шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгээр тогтоосон тангаргийг Улсын Их Хуралд өргөнө.
4.2Ерөнхийлөгчийн бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
4.3Ерөнхийлөгч тангараг өргөх өдөр, цагийг энэ хуулийн 4.1-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулиар тогтооно.
4.4Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
4.4.1биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;
4.4.2Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;
4.4.3нас нөгчсөн.
4.5Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
5 дугаар зүйлТангараг өргөх
5.1Шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийн Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөх ёслолыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдааны танхимд үйлдэнэ.
5.2Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулиар тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангаргийг дараах журмын дагуу өргөнө:
5.2.1Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ;
5.2.2энэ хуулийн 5.2.1-д заасны дагуу зарлан мэдэгдсэний дараа бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг тус тус дагуулан чуулганы танхимын зохих хэсэгт хүрэлцэн ирж, тусгайлан бэлтгэсэн ширээний ард зогсоно;
5.2.3бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ;
5.2.4шинэ сонгогдсон Ерөнхийлөгч индэрт гарч Монгол Улсын Үндсэн хуулийн эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурж, Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна;
5.2.5энэ хуулийн 5.2.4-т заасны дагуу тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна;
5.2.6бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг нанжвандан хадаг дээр залж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, ширээн дээрээ зална;
5.2.7Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан хүрэлцэн ирж тусгайлан бэлтгэсэн ширээний ард зогсоно;
5.2.8Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 5.2.6-д заасны дагуу гардуулан өгнө;
5.2.9тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ;
5.2.10төрийн дуулал эгшиглэж байхад хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тухайн ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно;
5.2.11төрийн дуулал эгшиглэсний дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж илгээлт гаргаж болно;
5.2.12Ерөнхийлөгч илгээлт гаргаж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэх бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна;
5.2.13бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно;
5.2.14Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.
5.3Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох боломжгүй бол Улсын Их Хурлын дарга түүнийг орлоно.
5.4Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Улсын Их Хурлаас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлганадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага, хэвлэл, мэдээллийн ажилтан, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьж болно.
5.5Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэл хангах, ёслолыг зохион байгуулах үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газар Төрийн ёслолын албатай хамтран гүйцэтгэнэ.
5.6Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг олон нийтийн радио, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд нэвтрүүлнэ.
6 дугаар зүйлЕрөнхийлөгч хавсран гүйцэтгэж болохгүй ажил, албан тушаал, гишүүнчлэл
6.1Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болохгүй.
6.2Ерөнхийлөгч сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 6.1-д заасан ажил, албан тушаал эрхэлж байсан бол Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх, эсхүл чөлөөлөгдөх шийдвэр гараагүй бол тангараг өргөснөөр тухайн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөнд тооцно.
6.3Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч улс төрийн намын гишүүн бол Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлсэн, эсхүл гишүүнчлэлээс гарсан байна.
6.4Ерөнхийлөгч ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал хаших, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гишүүн байхыг хориглоно.
7 дугаар зүйлЕрөнхийлөгчийн зарлиг, захирамж
7.1Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, эсхүл захирамж гаргана.
7.2Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан цэрэг хөдөлгөх шийдвэр гаргах, эсхүл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар иргэнийг нэр дэвшүүлэх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дэд дарга, зөвлөхийг томилж, чөлөөлөх тохиолдолд захирамж, бусад бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргана.
7.3Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний нийтлэг дүрмийг батлахаас өөрөөр хэм хэмжээ тогтоосон зарлиг гаргахгүй.
7.4Зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хуульд нийцэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, эсхүл асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн зөвлөх нотолсон байвал зохино.
7.5Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зарлигийн төсөлд Засгийн газраас санал авч, дэмжсэн тохиолдолд зарлигийг гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
7.6Энэ хуулийн 12.7-д заасан онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол тухайн зарлиг хүчингүй болсонд тооцно.
7.7Энэ хуулийн 12.7-д заасан онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй нийтэд мэдэгдэнэ.
7.8Төрийн нууцад хамаарахаас бусад Ерөнхийлөгчийн зарлигийг гаргасан өдрөөс нь хойш ажлын гурван өдрийн дотор цахимаар, хууль тогтоомжид заасан хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ.
7.9Ерөнхийлөгчийн зарлигийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон энэ хуулийн 7.8-д заасан цахим хуудас, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.
7.10Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно.
7.11Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн зарлигийг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох тогтоол гаргамагц тухайн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
8 дугаар зүйлЕрөнхийлөгчийн тамга, хэвлэмэл хуудас
8.1Ерөнхийлөгч тогтоосон журмаар үйлдсэн тамга, төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ
9 дүгээр зүйлЕрөнхийлөгчийн бүрэн эрхийн үндэс
9.1Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд энэ хууль, бусад хуульд заасан тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
9.2Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй.
9.3Ерөнхийлөгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно.
9.4Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
10 дугаар зүйлУлсын Их Хуралтай харилцах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх
10.1Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах санаачилга гаргах эрхтэй.
10.2Энэ хуулийн 10.1-д заасан санаачилгыг гаргасан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.3-т заасны дагуу ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын талаар саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
10.3Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор товлон зарлаж хуралдуулах талаар зарлиг гаргах үүрэгтэй.
10.4Ерөнхийлөгч энэ хуулийн 10.3-т заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлаж хуралдуулах зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцөнө.
10.5Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах үүрэгтэй.
10.6Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах тухай зарлиг гаргах үүрэгтэй:
10.6.1Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
10.6.2Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
10.6.3Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол.
10.7Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал гаргаж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлж болно.
10.8Ерөнхийлөгч энэ хуулийн 10.7-д заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх талаар Улсын Их Хурлын даргад албан бичгээр санал гаргаж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн үндэслэл, шалтгааныг дурдсан байна.
10.9Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан онц байдал, дайны байдал зарласан зарлиг гаргасан тохиолдолд даруй Улсын Их Хурлын даргад хүргүүлэх үүрэгтэй.
10.10Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг хангах зорилгоор илгээлт гаргаж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганд өөрийн тааллаар оролцон, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулж болно.
10.11Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд хүргүүлж, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй.
11 дүгээр зүйлЗасгийн газартай харилцах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх
11.1Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдаас зөвшилцөхөөр ирүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар долоо хоногийн дотор саналаа өгнө.
11.2Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах Ерөнхий сайдын шийдвэр гаргахаас ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө танилцах эрхтэй бөгөөд уул хугацаанд танилцаагүй бол танилцсанд тооцно.
11.3Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлж, санал авна.
11.4Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийн биелэлтийн талаарх мэдээллийг Засгийн газраас авах эрхтэй.
11.5Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшинд хийх айлчлал, олон улсын хуралд оролцохтой холбоотой гадаад арга хэмжээг Засгийн газартай зөвшилцөн зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтныг оролцуулах үүрэгтэй.
12 дугаар зүйлҮндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх
12.1Ерөнхийлөгч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
12.2Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлах, асуудал хэлэлцүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасныг баримтална.
12.3Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
12.4Ерөнхийлөгч Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай санал нэгдсэнээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
12.5Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах зарлиг гаргах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй.
12.6Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд танилцуулснаар Засгийн газар томилно.
12.7Ерөнхийлөгч бүх нийтийн, эсхүл хэсэгчилсэн цэргийн дайчилгааг Ерөнхий сайдын саналаар хууль тогтоомжид заасны дагуу зарлана.
12.8Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний нийтлэг дүрмийг Засгийн газрын санал болгосноор батална.
12.9Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагийн хувьд Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх зарлиг гаргана.
12.10Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно.
13 дугаар зүйлГадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх
13.1Ерөнхийлөгч гадаад харилцааны талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй ба гадаад улсын төрийн байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөл, хувь хүнтэй уулзалт, хэлэлцээ хийхэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулна.
13.2Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар санал, санаачилга гаргах бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
13.3Ерөнхийлөгч гадаад бодлогын байр суурийг Засгийн газартай зөвшилцөн илэрхийлж болно.
13.4Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт уламжилж батлуулна.
13.5Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээний үеэр зохих журмын дагуу баталсан үндсэн чиглэл, уулзалт, яриа хэлэлцээний сэдвийг чанд баримтална.
13.6Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөж, агреман ирснээс хойш 14 хоногийн дотор томилно. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхгүй.
13.7Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн эгүүлэн татна. Ерөнхийлөгч бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах саналыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхи дэмжээгүй тохиолдолд эгүүлэн татах зарлиг гаргахгүй.
13.8Ерөнхийлөгч Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.
14 дүгээр зүйлБүх шатны шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох Ерөнхийлөгчийн бүрэн эрх
14.1Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
14.2Ерөнхийлөгч шүүгчээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуульд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
14.3Ерөнхийлөгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.
14.4Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцсөнөөс хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар томилно.
14.5Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
15 дугаар зүйлХууль санаачлах Ерөнхийлөгчийн бүрэн эрх
15.1Ерөнхийлөгч Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг болон төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий, зөрчлийн тухай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны анхдагч хууль, шинэчилсэн найруулга, Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хуульд заасан журмын дагуу санаачлах эрхтэй.
15.2Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд боловсруулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
16 дугаар зүйлХууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих Ерөнхийлөгчийн бүрэн эрх
16.1Ерөнхийлөгч дараах үндэслэлээр Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй:
16.1.1хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан;
16.1.2хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй;
16.1.3хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөг дордуулсан гэж үзвэл.
16.2Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавихдаа энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлийг тодорхой зааж, тайлбарласан байна.
16.3Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан дараах хууль, бусад шийдвэрт хориг тавихгүй:
16.3.1Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
16.3.2Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль;
16.3.3Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
16.3.4Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
16.3.5сонгууль товлон зарлаж, санал авах хугацааг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэр.
16.3.6Улсын Их Хуралд ажлаа хариуцдаг болон Улсын Их хурлаас томилогддог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах тухай Улсын Их Хурлын шийдвэр;
16.3.7Улсын Их Хурлын бүрэн эрх, түүний дотоод зохион байгуулалтын талаар гаргасан шийдвэр.
17 дугаар зүйлМонгол Улсын харьяат болох, харьяатаас гарах,
17.1Ерөнхийлөгч Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
17.2Ерөнхийлөгч үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргасан тохиолдолд Монгол Улсад орогнох эрх олгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
18 дугаар зүйлГэмт хэрэг үйлдсэн хүнд уучлал үзүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрх
18.1Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний шүүхээс оногдуулсан ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх уучлал үзүүлэх зарлиг гаргаж болно.
18.2Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлигийг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний уучлал хүсэх тухай өргөдлийн дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт хүссэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг нь харгалзан гаргана.
18.3Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бол Улсын ерөнхий прокурорт хандаж уучлал үзүүлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж болно.
19 дүгээр зүйлМонгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй харилцах Ерөнхийлөгчийн бүрэн эрх
19.1Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналаа цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эсхүл бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш 30 хоногийн дотор холбогдох хуульд заасан журмын дагуу захирамж гарган Улсын Их Хуралд оруулна.
19.2Ерөнхийлөгч дараах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж болно:
19.2.1хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эв нэгдлийг бусниулж, эсхүл Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх;
19.2.2Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх;
20 дугаар зүйлЕрөнхийлөгчийн бусад бүрэн эрх
20.1Ерөнхийлөгч хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах эрхтэй.
20.2Ерөнхийлөгч төрийн болон албаны нууц, хуулиар хамгаалагдсан байгууллага, хүний хувийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
20.3Ерөнхийлөгч хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах үүрэгтэй.
20.4Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА, ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХОРИГЛОХ ЗҮЙЛ
21 дүгээр зүйлЕрөнхийлөгчийн бүрэн эрхийн баталгаа
21.1Ерөнхийлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтан дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
21.2Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, техник, зохион байгуулалт, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий мэргэшсэн, чадварлаг ажлын албатай байна.
21.3Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Ерөнхийлөгчийн нэр төрийг эрхэмлэж дараах баталгаагаар хангагдана:
21.3.1түүний бие, өргөө, унаа халдашгүй дархан байх;
21.3.2нийслэл хотод өргөөтэй байх бөгөөд түүний зардал, үйлчилгээг төр хариуцах;
21.3.3албан ёсны айлчлал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон төрийн ёслол, хүндэтгэлийн болон бусад арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх;
21.3.4гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдлэх;
21.3.5тусгай зориулалтын холбоо, аюулгүй байдлыг хангахаар тоноглогдсон уналгын хэрэгслээр хангагдах;
21.3.6амь нас, ордон, өргөө, холбоо, уналгын хэрэгсэл улсын хамгаалалтад байх бөгөөд эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхдийг нь шаардлагатай үед улсын хамгаалалтад авах;
21.3.7эрүүл мэндийг нь онцлон хамгаалах.
21.4Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байна.
21.5Ерөнхийлөгчийн харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.
21.6Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд албан татвараас бусад татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
21.7Ерөнхийлөгч, түүний унаа аливаа дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
21.8Эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
21.9Ерөнхийлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.
21.10Ерөнхийлөгчийн цалин хөлс, жилийн зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
21.11Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаан гарсан тохиолдолд энэ тухай Улсын Их Хуралд мэдэгдэнэ.
21.12Энэ хуулийн 21.3.2-т заасан Ерөнхийлөгчийн өргөө байрлах газар нь газар ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө.
22 дугаар зүйлЕрөнхийлөгчид хориглох үйл ажиллагаа
22.1Ерөнхийлөгчид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
22.1.1Монголын ард түмний эв нэгдлийг бусниулах үйлдэл, эс үйлдэл, шийдвэр гаргах;
22.1.2бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
22.1.3Ерөнхийлөгчийн нэр төр, бүрэн эрхийг улс төр, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, аливаа улс төрийн намын үйл ажиллагаа болон түүний дотоод асуудалд оролцох;
22.1.4Ерөнхийлөгчийн нэр төр, эрх мэдлийг ашиглан давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
22.1.5Ерөнхийлөгчийн нэр төр, эрх мэдлийг ашиглан хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;
22.1.6гадаад, дотоодын ашгийн төлөө хуулийн этгээд болон бусад байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;
22.1.7Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх;
22.1.8аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах;
22.1.9бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох;
22.1.10бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах;
22.1.11улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, улс төрийн нам байгуулах, үйл ажиллагааг нь санхүүжүүлэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
23 дугаар зүйлЕрөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх
23.1Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
23.2Дараах тохиолдолд Ерөнхийлөгчийг түр эзгүй гэж үзнэ:
23.2.1эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон талаарх эмнэлгийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
23.2.2өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;
23.2.3түр эзгүй гэж Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үзсэн.
23.3Энэ хуулийн 23.2.1, 23.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
23.4Энэ хуулийн 23.2.2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.
23.5Энэ хуулийн 23.4-т заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.
23.6Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурна.
23.7Ерөнхийлөгч ажилдаа эргэж орсон тухай Улсын Их Хуралд мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн түр эзгүй байдал дуусгавар болно.
23.8Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
23.9Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа энэ хуулийн 10.7-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй.
24 дүгээр зүйлЕрөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт
24.1Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн насан туршдаа Ерөнхийлөчийн нэр төрийг хамгаалж, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн байр суурийг эрхэмлэж явна.
24.2Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс хойш 6 жил өнгөрсний дараа Ерөнхийлөгч байсан иргэн өөрийн өмнө харьялагдаж байсан улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээж болох бөгөөд энэ нь бэлгэдлийн шинжтэй байна.
24.3Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын Үндсэн хуульд үнэнч байх үүргээс чөлөөлөгдөхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эв нэгдэл, Монгол Улсын Үндсэн хууль, ардчилал, иргэний эрх, эрх чөлөөг хөхүүлэн дэмжихээс бусад зорилгоор улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах, улс төрийн нам байгуулах, Монгол Улсын дотоодод аливаа сонгуульд нэр дэвшихийг хориглоно.
24.4Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад байнга оршин суух, амьдрах бол Улсын Их Хурлаас зөвшөөрөл авна.
24.5Ерөнхийлөгч байсан иргэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал хаших болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал хаших, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
24.4Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
25 дугаар зүйлЕрөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар
25.1Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээний цалин насан туршдаа авна.
25.2Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
25.3Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 25.1-д заасан цалин олгохыг зогсооно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ
26 дугаар зүйлЕрөнхийлөгчийн ажлын алба, чиг үүрэг
26.1Ерөнхийлөгчийн ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ мөн.
26.2Ерөнхийлөгч Тамгын газрын дүрэм, бүтцийг зардлынхаа төсөвт багтаан баталж тогтооно. Тамгын газрын дүрэм нь Ерөнхийлөгчийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд уялдсан байна.
26.3Ерөнхийлөгч Тамгын газрын дарга, дэд дарга, зөвлөхөө томилж, чөлөөлнө.
26.4Зөвлөх нь Ерөнхийлөгчид захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана.
26.5Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан нь Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл болж болно.
26.6Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж болно.
26.7Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаачаар судалгаа хийлгэж болно.
26.8Тамгын газар Ерөнхийлөгчийн хуулиар олгосон тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ талаарх мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
26.9Тамгын газрын ерөнхий менежер нь Тамгын газрын орон тоо, цалингийн санг Ерөнхийлөгчийн зардлын төсөвт багтаан тогтооно.
27 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 9 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Е. Үзэл баримтлал 0915.docx)