Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 5-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /Анхдагч хуулийн төсөл/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжихэд оршино.
2 дугаар зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж
2.1Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах бодлого, зарчим, чиг үүргийг тодорхойлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“гарааны компани” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.8-д заасныг;
4.1.2“дэвшилтэт технологи” гэж шинжлэх ухааны судалгаа, мэдлэгт суурилсан мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх технологийг;
4.1.3“мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан тоон өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг;
4.1.4“мэдээллийн технологийн үйлдвэрлэл” гэж мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгох, хөгжүүлэх, түгээх, үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.5“мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” гэж мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг цахим хэлбэрээр бүртгэсний үндсэн дээр энэ хуульд заасан дэмжлэг үзүүлэх зорилготой албан ёсны хаяг, байршил бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийг;
4.1.6“хуулийн этгээд” гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэгдсэн хуулийн этгээдийг;
4.1.7“сэндбокс орчин” гэж мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, сайжруулах, бодит орчинд турших боломж олгох зорилго бүхий орчныг;
5 дугаар зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах зарчим
5.1Төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхэд дараах зарчмыг баримтлан ажиллана:
5.1.1төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;
5.1.2төр мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзаж, худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх;
5.1.3мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь олон нийтэд ил тод, нээлттэй, шударга байх;
5.1.4мэдээллийн технологийн үйлдвэрлэлд хүн, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох.
5.1.5мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ НИЙТЛЭГ ҮҮРЭГ
6 дугаар зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газрын бүрэн эрх
6.1Засгийн газар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхтэй байна:
6.1.1энэ хуулийн 14.3.1, 14.3.2, 14.3.4, 14.3.5-д заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэлд олгох грант, урамшуулал олгох, зээлийн батлан даалт гаргахад тавигдах шаардлага, грант, урамшуулал олгох, зээлийн батлан даалт гаргах, тэдгээрийг олгох, гаргахаас татгалзах нөхцөл, журмыг тогтоох;
6.1.2мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулах;
6.1.3мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тодорхойлох;
6.1.4энэ хуулийн 4.1.7-д заасан дэвшилтэт технологийн жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
6.1.5бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг батлах;
6.1.6хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксыг байгуулах, түүний журмыг батлах;
6.1.7хөгжлийн тэргүүлэх болон дэвшилтэт технологийн жагсаалтад багтсан чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгэх.
7 дугаар зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэг
7.1Төрийн болон нутгийн өөрөөр удирдах байгууллага нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
7.1.1мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаарх бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;
7.1.2мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;
7.1.3мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;
7.1.4хуульд заасан бусад.
7.2Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлан таниулахад шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлж болно.
7.3Төрийн захиргааны төв байгууллага нь бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээнд нийцүүлэн салбарын онцлог бүхий сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулж, батлахад цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг авна.
7.4Төсвийн байгууллага нь программ хангамжийг хүн, хуулийн этгээдээс худалдан авахдаа программ хангамжийн эх кодыг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд, эсхүл гүйцэтгэгч эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, харилцан тохиролцоно.
7.5Төсвийн байгууллага нь өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.
8 дугаар зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
8.1Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах чиг үүргийг авч хэрэгжүүлнэ:
8.1.1мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар нийтээр дагаж мөрдөх стандарт, дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
8.1.2тухайн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, стандарт, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоог оролцуулах, хамтран ажиллах, санал, зөвлөмж, дүгнэлтийг авах;
8.1.3мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар оролцогч талуудын түншлэл, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
8.1.4бүх нийтийн цахим ур чадварын түвшинг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
8.1.5мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
8.1.6мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын судалгаа шинжилгээ хийх, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;
8.1.7үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад таниулахад дэмжлэг үзүүлэх;
8.1.8мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
9 дүгээр зүйлМэдээлэл, технологийн үндэсний паркийн чиг үүрэг
9.1Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1дэвшилтэт технологийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
9.1.2гарааны компанийг бойжуулах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гарааны компаниудын үйл ажиллагааг уялдуулах;
9.1.3мэдээллийн технологийн тэмцээн, уралдаан зохион байгуулах, хүний нөөц бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах;
9.1.4мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалт татах;
9.1.5үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, гадаад аутсорсингийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
9.1.6мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн, хуулийн этгээдээс худалдан авахад шаардлагатай нэг цонхны бүртгэлийн системийг хариуцан ажиллуулах;
9.1.7мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдэд зориулан инкубатор, хамтын оффис ажиллуулах, инкубаторт элсэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлох;
9.1.8мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэх;
9.1.9мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд хуулийн этгээдийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр бүртгэлээс хасах;
9.1.10мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
9.1.11гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ангилал, төрөл, зориулалт, зохиогчийн эрх болон бусад нэмэлт мэдээллийн хамт бүртгэх.
10 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэл
10.1Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлах, хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
10.2Төрийн байгууллага нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлтэй холбоотой дараах зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно:
10.2.1төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхэд ашиглах дэвшилтэт технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, түүний засвар, арчлалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах;
10.2.2энэ хуулийн 8.1.5-д заасан бүх нийтийн цахим ур чадварын түвшинг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
10.2.3энэ хуулийн 8.1.6-д заасан мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг тогтмол хийх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ВИРТУАЛ БҮС
11 дүгээр зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс
11.1Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс (цаашид “виртуал бүс” гэх)-тэй байна.
11.2Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, виртуал бүсийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.
11.3Зөвлөлийн дарга нь цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь эдийн засаг, санхүү, төсвийн болон мэдээллийн технологиийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
11.4Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд Зөвлөлийн шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.
11.5Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.5.1мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн батлах;
11.5.2виртуал бүсийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах;
11.5.3Ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавих, чиглэл өгөх.
11.6Зөвлөлийн бүрэлдэхүүн, Зөвлөлийн болон виртуал бүсийн ажиллах журмыг Засгийн газар тогтооно.
11.7Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.
12 дугаар зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, бүртгэлээс хасах
12.1Ажлын алба нь мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээд (цаашид “хуулийн этгээд” гэх)-ээс цахим хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор хянаж, дараах шаардлагыг хангасан тохиолдолд виртуал бүсэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.6-д заасан Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр бүртгэж, хариу мэдэгдэнэ:
12.1.1хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл;
12.1.2Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан эсэх тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
12.1.3эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.
12.2Ажлын алба нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр гэрээ байгуулна. Гэрээний загварыг Зөвлөл батална.
12.3Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэр, эцсийн өмчлөгчийн мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.
12.4.Ажлын алба нь бүртгэлтэй хуулийн этгээдийг дараах үндэслэлээр бүртгэлээс хасна:
12.4.1виртуал бүсэд бүртгүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлээгүй;
12.4.2мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс бусад төрлийн үйл ажиллагааг виртуал бүсээр дамжуулан эрхэлсэн;
12.4.3гэрээ, дүрэмд заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;
12.4.4Иргэний хуулийн 32.1-д заасны дагуу татан буулгасан.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ВИРТУАЛ БҮСЭД БҮРТГҮҮЛСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
13 дугаар зүйлТатварын болон татварын бус дэмжлэг
13.1Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээд нь санхүүгийн болон татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, Ажлын албанд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
13.2Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын дэмжлэгийг холбогдох хуульд заасны дагуу үзүүлнэ.
13.3Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх дараах татварын бус дэмжлэг үзүүлнэ:
13.3.1мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
13.3.2экспортод чиглэсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн грант олгох;
13.3.3виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
13.3.4хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;
13.3.5дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
13.3.6Батлан даалтын сангийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргах;
13.3.8экспортонд гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх 1 удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны бизнест олгох;
13.3.9мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх;
13.3.10мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;
13.3.11мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх.
13.4Энэ хуулийн 13.3-т заасан улсын төсвөөс санхүүжүүлэх татварын бус дэмжлэгийн хувь, хэмжээг цахим хөгжил, харилцаа холбооны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
14 дүгээр зүйлМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих дэмжлэгийн эх үүсвэр
14.1Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
14.1.1мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
14.1.2гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
14.1.3энэ хуулийн 7.4-т заасны дагуу төсвийн байгууллагын өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад ашиглуулснаас олсон орлого;
14.1.4Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.5, 5.3.10, 5.3.20-д заасан Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн 5-аас доошгүй хувь.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
15 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15 .1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 .2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
(Үзэл баримтлал.pdf)