Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 11-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлСтратегийн ач холбогдол бүхий зарим бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж
2.1Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь олон улсын хүрээнд өрнөж буй худалдааны болон тарифын зохицуулалт, бусад зөрчилдөөн бүхий асуудлуудын сөрөг нөлөөллөөс дотоодын эдийн засгийг хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол Улсын дотоод нөхцөл байдлаас үл хамаарах нөхцөл, шалтгаанаас улбаатай стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлыг зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлҮйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;
4.1.2гадаад худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх;
4.1.3шуурхай, хариуцлагатай байх;
4.1.4шударга, ил тод байх.
5 дугаар зүйлСтратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн
5.1Энэ хуулийн 3.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх;
6.1.2стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих.
7 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
7.1Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гадаад захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч тал 50, түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод бүтээгдэхүүний хомсдол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1газрын тосны бүтээгдэхүүний гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;
7.1.2гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах;
7.1.3газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;
7.1.4энэ хуулийн 7.1.3-т заасан чиг үүргийн хүрээнд импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох;
7.1.5шаардлагатай тохиолдолд Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасан арга хэмжээг яаралтай горимоор хэлэлцэж, шийдвэрлэх;
7.1.6батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг зарцуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх;
7.1.7энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д заасны дагуу нөөцөөс зарцуулсан бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
7.1.8энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгаа гаргах.
7.2Засгийн газар нь энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлөөс үл хамааран төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
7.3Энэ хуулийн 5.1-д заасан Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхойлон, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллага хангуулан ажиллах үүрэгтэй.
8 дугаар зүйлМонголбанкны бүрэн эрх
8.1Монголбанк энэ хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;
8.1.2газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах.
8.2Энэ хуулийн 8.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно.
8.3Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй.
9 дүгээр зүйлОрон нутгийн төрийн захиргааны байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ
9.1Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг дэмжих, аливаа хэлбэрээр саад учруулах нөхцөл байдал үүсгэхгүйгээр ажиллах үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
10 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дүгээр зүйлХуулийн үйлчлэх хугацаа
11.1Энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(5.Хуулийн үзэл баримтлал.pdf)