Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрөөс баримтлах зарчмыг тогтоох, төрийн оролцоог багасгаж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЭдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж
2.1Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актын хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан эдийн засгийн эрх чөлөөг хангах хэм хэмжээг дордуулахыг хориглоно.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Иргэн, аж ахуйн нэгж Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд баталгаатай эдлэх эдийн засгийн эрхийг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
3.2Төрийн байгууллага, албан тушаалтнаас аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны акт, хэм хэмжээ батлах, хэрэгжүүлэхэд энэ хуулийг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйлНэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“эдийн засгийн эрх чөлөө” гэж иргэн, аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдах эрх чөлөөг;
4.1.2“аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч” гэж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжийг;
4.1.3“аж ахуйн нэгж” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
5 дугаар зүйлЭдийн засгийн эрх чөлөөг хангах зарчим
5.1Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад дараах зарчмыг баримтална:
5.1.1хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх;
5.1.2өмчийн халдашгүй байдлын зарчим;
5.1.3аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн зарчим;
5.1.4шударга өрсөлдөөний зарчим;
5.1.5оролцоог хангах зарчим: аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай, тогтвортой орчныг бий болгох зорилгоор төрийн бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн саналыг сонсох, оролцоог хангана;
5.1.6хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээлэл ил тод, хүртээмжтэй байх зарчим.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
6 дугаар зүйлЭдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого
6.1Эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөний баталгааг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцохгүй, хохирол, саад учруулахгүй байхад чиглэнэ.
6.2Төрийн бодлого, хууль тогтоомж, захиргааны шийдвэр нь тодорхой, хоёрдмол утгагүй, нийтэд ойлгомжтой байна.
6.3Аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, шаардлагатай тохиолдолд олон нийтийн хэлэлцүүлгийг нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
6.4Төрийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем, албаны цахим шуудан, нийтийн мэдээллийн системийг ашиглан, эсхүл нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр шуурхай үзүүлнэ.
6.5Төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбарчлах, гомдол шийдвэрлэлтийн талаар олон нийтэд нээлттэй үйл ажиллагааг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.
6.6Төрийн хяналт, шалгалтыг биечлэн хийх шаардлагатайгаас бусад тохиолдолд цахим хэлбэрээр хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
6.7Төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хяналт, шалгалт хийхгүй байх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн татгалзах эрхийг хүндэтгэнэ.
6.8Төрийн байгууллага хуулиар хязгаарлаж, хориглосноос бусад мэдээллийг зохих журмын дагуу нээлттэй өгөгдөл болгон олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулж, тогтмол шинэчилнэ.
6.9Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хүсэлт, гомдол, өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөх, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр харах боломжийг бүрдүүлнэ.
6.10Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын гэрээнд орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг хангах талаар тусгаж, үр дүнг үнэлж дүгнэнэ.
7 дугаар зүйлТөрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа
7.1Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаас бусад тохиолдолд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахыг хориглоно.
7.2Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй хяналт, шалгалт хийх, хяналт шалгалтыг удаашруулахыг хориглоно.
7.3Зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт батлахыг хориглоно.
7.4Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахыг хориглоно.
7.5Хувийн өмчийг хууль бусаар шууд болон шууд бус хэлбэрээр хураан авахыг хориглоно. Зөвхөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, үл ялгаварлаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу, нөхөх олговортойгоор хураан авч болно.
7.6Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг доромжлох, гүтгэх, бие махбодод халдах, эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараахыг хориглоно.
8 дугаар зүйлЭдийн засгийн бодлогын зөвлөл
8.1Төр болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хооронд байнгын ажиллагаатай зөвлөлдөх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Эдийн засгийн бодлогын зөвлөл ажиллана.
8.2Эдийн засгийн бодлогын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахална.
8.3Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батлах ба Зөвлөлийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувьд хараат бус хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.
8.4Зөвлөлийн ажиллах журам, хараат бус гишүүнд тавигдах шаардлага, нээлттэй сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
8.5Эдийн засгийн бодлогын зөвлөл дараах эрх, үүрэгтэй байна:
8.5.1хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг боловсруулахад ашиг сонирхол нь хөндөгдөх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж болон мэргэжлийн холбоодын саналыг хүлээн авах, холбогдох төрийн байгууллагад саналыг хүргүүлэх, саналыг шийдвэрт тусгасан эсэх талаар эргэн мэдээлэх зэрэг шийдвэр гаргалтад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн оролцоог хангах;
8.5.2аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах чиглэлээр судалгаа хийх, төрийн байгууллагын уялдаа холбоо, зохицуулалтыг сайжруулах талаар зөвлөмж гаргах;
8.5.3аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор төрийн хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын мэдээллийг нэгтгэн боловсруулж Засгийн газарт танилцуулах;
8.5.4энэ хуулийн 8.5.2-т заасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллага эргэн мэдэгдээгүй тохиолдолд Улсын Их Хуралд тайлагнана.
8.6Энэ хуулийн 8.5.2-т заасан зөвлөмжийн хэрэгжилтийг тухайн байгууллага Зөвлөлд эргэн мэдэгдэх үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
9 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
9.1Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
(1.ЭЗЭЧтХ_20251217.docx)